Сонгуулийн ерөнхий хороо хуралдав
Сонгуулийн Ерөнхий Хорооны ээлжит хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын цаг хугацааны хуваарийг хэлэлцэн гишүүд санал нэгтэй дэмжлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт заасны дагуу иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг сонгууль товлон зарласан өдрөөсбуюу 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн санал хураалт дуустал улсын хэмжээгээр түр зогсооно.
Сонгогчдын нэрийн жагсаалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газар улсын хэмжээнд нэгтгэн гаргаж, өөрийн www.burtgel.mn цахим хуудсанд байршуулсан байгаа тул уг цахим хуудсанд хандан сонгогч өөрийн талаарх мэдээллийнхээ үнэн зөв эсэхийг нягтлах боломжтой юм.
Хэрвээ Та сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн байвал өөрийн харъяалагдах сум, дүүргийнхээ бүртгэлийн албанд хандан залруулга хийлгэнэ. Сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой гомдлыг 2013 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө хүлээн авч шийдвэрлэхээр хуульд заасан тул энэ хугацаанаас өмнө асуудлаа шийдвэрлүүлэх шаардлагатайг анхаарна уу.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын цаг хугацааны хуваарийг энд дарж татаж авна уу.