МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 12 сарын 24 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ

   /Шинэчилсэн найруулга/

 

НЭГДҮГЭЭР БYЛЭГ

 

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

 

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж явуулах үндсэн зарчим, журмыг тодорхойлж, түүнтэй холбогдсон харилцааг зохицуулах, Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад оршино.

 

2 дугаар зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль тогтоомж

 

2.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.

 

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

 

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“18, 50 нас хүрсэн” гэж тухайн иргэний төрсөн он, сар, өдрөөс тоолоход сонгуулийн санал авах өдөр буюу түүнээс өмнө тухайн насанд хүрсэн байхыг;

3.1.2.“нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг;

3.1.3.“итгэмжлэгдсэн ажилтан” гэж улсын бүртгэлийн байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байгаа төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийг;

3.1.4.“итгэмжилсэн хүн” гэж сонгогч өөрөө тухайлан сонгож, санал өгөхөд нь унших, бичих хэлбэрээр туслалцаа үзүүлэх чадвартай, насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэнийг;

3.1.5.“Монгол Улсын уугуул иргэн” гэж Монгол Улсын харьяат эцэг, эхээс төрж, түүнээс хойш тус улсын харьяат хэвээр байгаа иргэнийг;

3.1.6.“Монгол Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн нам” гэж тухайн нам, эвслээс нэр дэвшиж сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн бүхий нам, эвслийг;

3.1.7.“сонгогч” гэж сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг;

3.1.8.“сонгуулийн эрх бүхий иргэн” гэж 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол Улсын иргэнийг;

3.1.9.“сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан” гэж анхан шатны санал хураалт явагдах өдрөөс өмнөх хуанлийн таван жилийн хугацаанд тасралтгүй зургаан сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй байхыг;

3.1.10.“сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг;

3.1.11.“эвсэл” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хамтран оролцож байгаа Улсын Их Хуралд суудал бүхий намыг;

3.1.12.“цахим хуудас” гэж бүх төрлийн контентыг интернэтийн домэйн нэр ашиглан хэрэглэгчид хүргэдэг программ хангамжийг;

3.1.13.“ял эдэлж байгаа” гэж Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан үндсэн болон нэмэгдэл ял, тэнсэх, албадлагын арга хэмжээг эдэлж дуусаагүй байхыг.

 

4 дүгээр зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль

 

4.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль /цаашид “Ерөнхийлөгчийн сонгууль” гэх/ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлд заасны дагуу Монголын ард түмэн төрийн тэргүүнээ сонгох үндсэн арга мөн.

4.2.Ерөнхийлөгчийн сонгууль нь ээлжит, ээлжит бус, дахин сонгууль гэсэн төрөлтэй байх бөгөөд анхан болон хоёр дахь шаттай байна:

4.2.1.“ээлжит сонгууль” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан жил тутам явагдах сонгуулийг;

4.2.2.“ээлжит бус сонгууль” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин долдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч /цаашид “Ерөнхийлөгч” гэх/ огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн тохиолдолд явагдах сонгуулийг;

4.2.3.“дахин сонгууль” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хоёр дахь санал хураалтаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь ч санал өгсөн нийт сонгогчийн олонхын санал аваагүй тохиолдолд явагдах сонгуулийг.

4.3.“Ерөнхийлөгчийн сонгуулийн анхан шат” гэж сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийг хэлнэ.

4.4.“Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шат” гэж сонгуульд оролцож саналаа өгсөн сонгогчдын олонхын санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж Монгол Улсын Их Хурал түүний бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн тухай хууль гаргахыг хэлнэ.

4.5.Санал хураалт нь хоёр дахь, дахин, нэмэлт гэсэн төрөлтэй байна:

4.5.1.“хоёр дахь санал хураалт” гэж нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал аваагүй тохиолдолд хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг оролцуулан явуулах санал хураалтыг;

4.5.2.“дахин санал хураалт” гэж энэ хуулийн 76 дугаар зүйлд заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд явагдах санал хураалтыг;

4.5.3.“нэмэлт санал хураалт” гэж энэ хуулийн 78 дугаар зүйлд заасан санал хураалтыг.

 

5 дугаар зүйл.Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрх

 

5.1.Сонгуульд сонгуулийн эрх бүхий иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр оролцох эрхтэй.

5.2.Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, эсхүл хорих ял эдэлж байгаа иргэн сонгуульд оролцох эрх эдлэхгүй.

5.3.Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар /цаашид “Дипломат төлөөлөгчийн газар” гэх/ байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй.

5.4.50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.

5.5.Монгол Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн нам дангаараа, эсхүл хамтран Ерөнхийлөгчид нэг хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй.

5.6.Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно.

5.7.Сонгогч саналаа нууцаар гаргах ба хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж, саналаа гаргах боломжоор хангагдсан байна.

 

6 дугаар зүйл.Сонгуулийн зарчим

 

6.1.Сонгуулийн зарчим нь Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад үндэслэнэ.

6.2.Сонгууль нь бүх нийтийн байх бөгөөд түүнд сонгогч бүр оролцох эрхтэй.

6.3.Сонгогч сонгуульд шууд сонгох эрхийнхээ үндсэн дээр ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож, саналаа нууцаар гаргана.

6.4.Сонгууль зохион байгуулах төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, түүний албан тушаалтан, нэр дэвшигч, нам, эвсэл болон бусад байгууллага, түүний албан тушаалтан сонгууль зохион байгуулах, түүнд оролцохдоо дараах зарчмыг баримтална:

6.4.1.хууль дээдлэх;

6.4.2.ил тод, тэгш байдлыг хангах;

6.4.3.шударга ёсыг сахих.

6.5.Сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны ил тод байдлыг хангах зарчим нь сонгогч саналаа нууцаар гаргахад хамаарахгүй.

 

7 дугаар зүйл.Сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулах

 

7.1.Сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулахтай холбогдсон харилцааг Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулиар зохицуулна.

 

8 дугаар зүйл.Сонгууль товлон зарлах

 

8.1.Монгол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно.

8.2.Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн 06 дугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр байна.

8.3.Гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдөр /цаашид “гадаадад санал авах өдөр” гэх/-ийг энэ хуулийн 8.2-т заасан ээлжит сонгуулийн санал авах өдрийг үндэслэн гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах төв комиссын саналыг харгалзан сонгуулийн төв байгууллага /цаашид “Сонгуулийн ерөнхий хороо” гэх/ тогтоох бөгөөд санал авах өдөр нь хоёр хүртэл өдөр байж болно.

8.4.Ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна.

8.5.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол Монгол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг хойшлуулж болно.

8.6.Сонгууль товлон зарласны дараа энэ хуулийн 8.5-д заасан онцгой нөхцөл бий болсон тохиолдолд Монгол Улсын Их Хурал ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зогсооно.

8.7.Энэ хуулийн 8.5, 8.6-д заасан онцгой нөхцөл арилсны дараа Монгол Улсын Их Хурал ажлын долоон өдөрт багтаан санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө ээлжит сонгуулийг товлон зарлана.

8.8.Монгол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг товлон зарлаагүй бол энэ хуулийн 8.7-д заасан ажлын долоон өдрийн дараагийн өдрийг ээлжит сонгууль товлон зарласан өдөрт тооцож, Сонгуулийн ерөнхий хороо ээлжит сонгуулийг зохион байгуулна.

8.9.Монгол Улсын Их Хурал ээлжит бус сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө тухайн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш ажлын 20 өдрийн дотор Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин долдугаар зүйлийн 2 дахь хэсэг болон энэ хуульд нийцүүлэн товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно.

8.10.Дахин сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө энэ хуулийн 77.3-т заасан үндэслэлээр Сонгуулийн ерөнхий хороо шийдвэр гаргаснаас хойш 30 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн Улсын Их Хурал товлон зарлана.

8.11.Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг Сонгуулийн ерөнхий хороо батална.

 

9 дүгээр зүйл.Сонгуулийн үйл ажиллагааны эдийн засгийн баталгаа

 

9.1.Сонгууль зохион байгуулахтай холбогдсон дараах зардлыг Сонгуулийн ерөнхий хорооны төсөвт тусгаж, улсын төсвөөс санхүүжүүлнэ:

9.1.1.сонгуулийн байгууллагын үйл ажиллагааны зардал;

9.1.2.нэр дэвшигч, түүний сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ерөнхий менежер, менежер, ухуулагч болон сонгуулийн ажиглагчийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн таних тэмдэг, саналын хуудас, сонгуулийн дүн, мэдээний маягт, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо болон хэсгийн хороо, төв комисс, салбар комиссын албан бичгийн хэвлэмэл хуудас, сонгуулийн болон хэсгийн хороо, салбар комисст хүргүүлэх үнэмлэх, батламж хэвлүүлэх, төрийн далбаа, тэмдэг хийлгэх, бэлтгэх, хүргэх зардал;

9.1.3.санал авах, тоолох, дүн гаргах ажиллагаанд хэрэглэх техник, тоног төхөөрөмж, тэдгээрийн сэлбэг хэрэгсэл, программ хангамж, сонгогч санал өгснийг тэмдэглэх хэрэгсэл, санал тэмдэглэх хэрэгсэл худалдан авах, түрээслэх, ашиглах, хамгаалах, хадгалах, засвар үйлчилгээ хийх, тээвэрлэх, даатгал, лицензийн төлбөр, санал хураалтын дүнгийн мэдээ дамжуулах зардал;

9.1.4.саналын нууцлалыг хангах зориулалт бүхий хавтас, брайль хавтас, дугтуй, саналын хуудасны уут, лац болон тэдгээрийг худалдан авах, тээвэрлэх болон энэ хуулийн 16.6.5-д заасан олон улсын буухиа шуудангийн зардал;

9.1.5.саналын хайрцаг хийх, хүргэх, сонгуулийн хэсгийн хороодын ажиллах болон санал авах байр бэлтгэх зардал;

9.1.6.сонгуулийн хууль тогтоомж болон сонгууль зохион байгуулахтай холбогдсон эрх зүйн акт, гарын авлага, сургалт, сурталчилгааны материал боловсруулах, хэвлэх, хүргэх, архивын баримт үүсгэх, устгах зардал;

9.1.7.сонгуулийн хууль тогтоомжийг сурталчлах болон сонгууль зохион байгуулах, түүний бэлтгэл ажлын явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах арга хэмжээний зардал;

9.1.8.байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын ажилтанд гэрчилгээ олгох сургалтын зардал;

9.1.9.сонгууль зохион байгуулахтай холбогдсон сургалтын зардал;

9.1.10.сонгуулийн байгууллагын ажилтан, мэдээллийн технологийн багийн болон ажлын хэсгийн гишүүн, даамал, нөөц даамлын ажилласан хугацааны мөнгөн урамшуулал, хоолны зардал;

9.1.11.сонгуулийн хороодын бичиг хэрэг, шуудан, холбоо, унаа, албан томилолтын зардал;

9.1.12.онцгой нөхцөл байдал үүссэн үед гарч болзошгүй зардал;

9.1.13.дахин болон хоёр дахь санал хураалт явуулах зардал;

9.1.14.гадаад улсад байгаа иргэдийн санал авахтай холбогдон гарах зардал;

9.1.15.энэ хуулийн 41, 42, 43.7, 43.8-д заасан сонгуулийн сурталчилгаанд хяналт тавих, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахтай холбогдон гарах зардал;

9.1.16.сонгууль зохион байгуулахтай холбогдон гарах бусад зардал.

9.2.Сонгууль зохион байгуулахтай холбогдсон дараах зардлыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тухайн жилийн төсөвт тусган баталж, улсын төсвөөс санхүүжүүлнэ:

9.2.1.сонгогчийг бүртгэх, тэднийг таньж оруулах техник хэрэгсэл, сэлбэг, программ хангамж худалдан авах, түрээслэх, ашиглах, хадгалах, хамгаалах, засвар үйлчилгээг хийх, тээвэрлэх, даатгал хийлгэх зардал, лицензийн төлбөр;

9.2.2.сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, түүнийг цахим хуудсанд байршуулах, хэвлэх, хүргэх, мэдээлэл, сурталчилгаа явуулах, түүнтэй холбогдон гарах бусад зардал;

9.2.3.улсын бүртгэлийн байгууллагын ажилтан, итгэмжлэгдсэн болон гэрээт ажилтны мөнгөн урамшуулал, хоол, холбоо, унаа, томилолтын зардал;

9.2.4.улсын бүртгэлийн байгууллагын ажилтан, итгэмжлэгдсэн болон гэрээт ажилтны сургалт зохион байгуулах, түүнтэй холбогдон гарах бусад зардал;

9.2.5.сонгогчийг бүртгэх техник хэрэгслийн аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын ажилтны томилолт, унааны зардал, техник тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах үүрэг бүхий мэдээллийн технологийн шуурхай багийн мөнгөн урамшуулал, хоолны зардал;

9.2.6.онцгой нөхцөл байдал үүссэн үед гарч болзошгүй зардал;

9.2.7.сонгуулийг зохион байгуулахтай холбогдон гарах бусад зардал.

9.3.Сонгууль зохион байгуулахтай холбогдсон дараах зардлыг цагдаагийн байгууллагын тухайн жилийн төсөвт тусган баталж, улсын төсвөөс санхүүжүүлнэ:

9.3.1.саналын хуудас хэвлүүлэх, хадгалах, хамгаалах, хүргүүлэх үеийн хамгаалалт, санал авах байр болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, дүн дамжуулах үеийн хамгаалалт, шатахуун, техник хэрэгслийн зардал;

9.3.2.цагдаагийн алба хаагчийн томилолт, унаа, мөнгөн урамшуулал, хоолны зардал.

9.4.Төрийн аудитын байгууллага, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага, тагнуулын байгууллага, төрийн тусгай хамгаалалтын асуудал эрхэлсэн байгууллага, шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь сонгуулийн үйл ажиллагаатай холбогдон гарах улсын төсвөөс санхүүжих зардлаа тухайн жилийн төсөвтөө тусган батлуулсан байна.

9.5.Сонгууль зохион байгуулахтай холбоотой нэмэлт зардал шаардлагатай тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн Төсвийн тухай хуульд нийцүүлэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална.

9.6.Ээлжит бус болон дахин сонгууль зохион байгуулахтай холбогдон гарах энэ хуулийн 9.1, 9.2, 9.3, 9.4-т заасан байгууллагын зардлыг тухай бүр Улсын Их Хурал баталж, улсын төсвөөс санхүүжүүлнэ.

9.7.Улсын Их Хурлаас баталсан ээлжит бус болон дахин сонгууль зохион байгуулахтай холбогдон гарах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

9.8.Энэ хуулийн 9.1, 9.2, 9.3, 9.4, 9.5. 9.6, 9.7-д заасан зардлын төлөвлөлт, зарцуулалт, гүйцэтгэлд төрийн аудитын дээд байгууллага Төсвийн тухай хуульд заасны дагуу хяналт тавьж, аудит хийж, дүгнэлт гаргана.

9.9.Сонгуулийн ерөнхий хороо болон аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо батлагдсан төсвийн хэмжээнд сонгуулийг зохион байгуулах, сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдэл, сонгогчийн бүртгэлийн техник хэрэгсэл болон программ хангамж худалдан авахтай холбогдуулан хувь хүн, хуулийн этгээдтэй сонгон шалгаруулалтгүйгээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулах ба уг үйл ажиллагаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зохицуулалтад хамаарахгүй.

 


ХОЁРДУГААР БҮЛЭГ
СОНГУУЛИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

 

10 дугаар зүйл.Сонгуулийн нутаг дэвсгэрийн хуваарь

 

10.1.Ерөнхийлөгчийн сонгуулийн нутаг дэвсгэр нь Монгол Улсын нутаг дэвсгэр байна.

10.2.Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Улсын нутаг дэвсгэр нэг тойрог болно.

10.3.Сонгогчийн саналыг авах, тоолох зорилгоор сонгуулийн нутаг дэвсгэр нь хэсэгт хуваагдана.

 

11 дүгээр зүйл.Сонгуулийн хэсэг байгуулах

 

11.1.Сонгогчдын санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид сонгуулийн хэсгийг ээлжит сонгуулийн жилийн 3 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө байгуулж, хэсгийн нутаг дэвсгэрийг зарлана.

11.2.Сонгуулийн хэсэг байгуулахдаа улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг харгалзан иргэний улсын бүртгэлийн мэдээллийн цахим сан дахь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй сонгуулийн эрх бүхий иргэний тоог үндэслэнэ.

11.3.Хэсэг нь суманд 2000-аас дээшгүй, аймаг, нийслэлд 3000-аас дээшгүй сонгогчтой байх бөгөөд нэг хэсэгт байх сонгогчийн тоо 200-аас доошгүй байна.

11.4.Сонгогчдын тооноос хамааран баг, хороог хувааж сонгуулийн хэсэг байгуулж болох бөгөөд хороог бусад хороотой нэгтгэн хэсэг байгуулахыг хориглоно.

11.5.Энэ хуулийн 11.1-д заасны дагуу байгуулагдсан хэсгийн сонгогчдыг онцгой нөхцөл байдлын улмаас зохион байгуулалттайгаар тухайн хэсгээс тусгаарлах, хэсгийг нэгтгэх, шинээр байгуулах, сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрийг өөрчлөх асуудлыг санал авах өдрөөс 35-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрлөөр шийдвэрлэж болно.

11.6.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид сонгуулийн хэсгийг байгуулсан өдрөөс хойш гурав хоногийн дотор энэ хуулийн 11.1-д заасан мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэст хүргүүлнэ.

11.7.Улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэс энэ хуулийн 11.6-д заасан мэдээллийг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нэгтгэн тав хоногийн дотор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

11.8.Энэ хуулийн 11.6-д заасан мэдээллийг үндэслэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгуулийн хэсгийн дугаарыг улсын хэмжээнд давхардахгүй байхаар тогтооно.

11.9.Ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш санал авах ажиллагаа дуустал засаг захиргаа, нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжийн бүтэц, нэр, дугаарт өөрчлөлт оруулахыг хориглоно.

11.10.Ээлжит сонгуулиар байгуулагдсан сонгуулийн хэсгийг энэ хуульд зааснаас бусад тохиолдолд дараагийн ээлжит сонгууль хүртэл өөрчлөхгүй.

 


ГУРАВДУГААР БҮЛЭГ
СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

 

12 дугаар зүйл.Сонгуулийн байгууллага

 

12.1.Сонгуулийг улсын хэмжээнд Сонгуулийн ерөнхий хороо удирдан зохион байгуулж, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо, хэсгийн хороо, гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах төв болон салбар комиссыг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллана.

12.2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо, төв комисс, салбар комисс болон хэсгийн хороо нь байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллага /цаашид “сонгуулийн хороо” гэх/ бөгөөд хэсгийн хороо нь сум, дүүргийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд хамаарна.

12.3.Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодын даргаар тухайн шатны Засаг даргын тамгын газрын дарга, эсхүл тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилно. Сонгуулийн хороонд сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийг нээлттэй бүртгэсний үндсэн дээр томилон ажиллуулна.

12.4.Сонгуулийн хороонд ажиллах ажилтны сургалт зохион байгуулах, гэрчилгээ олгох журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална.

12.5.Сургалтад хамрагдаж, гэрчилгээ аваагүй төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийг байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад томилохыг хориглоно.

12.6.Сонгуулийн хороодын үйл ажиллагаа тэдгээрийг байгуулсан этгээд нь татан буулгах тухай шийдвэр гаргаснаар дуусгавар болно.

12.7.Сонгуулийн хороо шатлан захирагдах зарчмаар ажиллах ба дээд шатны сонгуулийн хорооны бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэрийг доод шатны сонгуулийн хороо биелүүлэх үүрэгтэй.

12.8.Дээд шатны сонгуулийн хороо нь доод шатны сонгуулийн хорооны хуульд нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй.

12.9.Дээд шатны сонгуулийн хорооноос бүрэн эрхийнхээ хүрээнд өгсөн үүргийг биелүүлээгүй нь тухайн доод шатны сонгуулийн хороо, түүний бүрэлдэхүүнийг өөрчлөх үндэслэл болно.

12.10.Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн нь нэр дэвшигчийн талаар байр сууриа илэрхийлэх, сурталчилгаа явуулах, энэ зорилгоор сонгогчоос сонгох эрхээ эдлэхэд болон санал авах, тоолох, дүн дамжуулах ажиллагаанд саад учруулах, бусдыг төлөөлж санал өгөх, гарын үсэг хуурамчаар үйлдэх, зохион байгуулах, бусад хэлбэрээр дэмжих зэрэг хууль бус аливаа үйлдэл хийхийг хориглоно.

12.11.Сонгуулийн ерөнхий хорооноос санал хураалтын дүнгийн талаар албан ёсны мэдээлэл гаргаагүй байхад аливаа этгээд санал хураалтын дүнгийн талаар мэдэгдэл хийхийг хориглоно.

12.12.Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн нь Монгол Улсын Их Хурлаас баталсан Сонгуулийн хорооны гишүүний ёс зүйн дүрмийг баримтлан ажиллана.

12.13.Сонгуулийн хорооноос сонгууль зохион байгуулах, сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгахад төрийн албан хаагч, нэр дэвшигч, нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн ерөнхий менежер, менежер, шадар туслагч, ухуулагч болон бусад этгээд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, шахалт үзүүлэх, саад учруулахыг хориглоно.

12.14.Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, аж ахуйн нэгж, бусад байгууллага нь сонгууль зохион байгуулахад энэ хууль болон холбогдох бусад хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд оролцож, сонгуулийн зохих шатны байгууллагаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, тэдгээрийн ажилд туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

12.15.Сонгуулийн хорооны ажиллах байр, санал авах байрыг төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд үнэ төлбөргүй гаргаж өгнө.

12.16.Сонгуулийн хороог аюулгүй байдлыг хангасан ажиллах байр, тээвэр, холбооны болон бусад шаардлагатай хэрэгслээр хангах асуудлыг тухайн шатны Засаг дарга хариуцна.

12.17.Сонгуулийн хороод тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

12.18.Энэ хуулийн 12.10-т заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасах бөгөөд энэ нь түүнийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болно.

 

13 дугаар зүйл.Сонгуулийн ерөнхий хорооны бүрэн эрх

 

13.1.Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж явуулахдаа энэ хууль болон Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

 

14 дүгээр зүйл.Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны эрх

 

14.1.Сонгуулийн ерөнхий хороо санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө энэ хуулийн 12.3-т заасны дагуу аймаг, нийслэлийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга болон тав, эсхүл долоон гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, нийтэд мэдээлнэ. Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд тухайн шатны цагдаагийн болон улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн байгууллагын төлөөлөл орсон байна.

14.2.Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд дараах эрхийг хэрэгжүүлнэ:

14.2.1.сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, түүнийг зохион байгуулах арга хэмжээг авах;

14.2.2.сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;

14.2.3.сум, дүүргийн сонгуулийн хороодын үйл ажиллагааг зохион байгуулалт, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах;

14.2.4.сонгууль зохион байгуулахтай холбогдсон асуудлаар тухайн нутаг дэвсгэр дэх зохих шатны төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, тэдгээрийн удирдах албан тушаалтны мэдээллийг сонсож, шаардлагатай арга хэмжээг авах;

14.2.5.Сонгуулийн ерөнхий хорооноос хуваарилсан төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах, зохих журмын дагуу харьяалах сонгуулийн хороодод хуваарилах, зарцуулалтад нь хяналт тавих;

14.2.6.саналын хуудас болон сонгуульд ашиглах техник хэрэгслийг хүргүүлэх, хадгалах үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих;

14.2.7.харьяалах сонгуулийн хороодын шийдвэрийн талаарх өргөдөл, гомдлыг бүрэн эрхийнхээ хүрээнд хянан шийдвэрлэх, бичгээр хариуг өгөх, доод шатны сонгуулийн хорооны хуульд нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгох;

14.2.8.санал хураалтын дүн, холбогдох баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу нэгтгэж, хүргүүлэх;

14.2.9.санал хураалтыг хуульд заасны дагуу зохион байгуулах;

14.2.10.сонгууль зохион байгуулахтай холбогдуулан дээд шатны сонгуулийн хорооноос хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд өгсөн үүргийг биелүүлэх;

14.2.11.хуульд заасан бусад эрх.

 

15 дугаар зүйл.Сум, дүүргийн сонгуулийн хорооны эрх

 

15.1.Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө энэ хуулийн 12.3-т заасны дагуу сум, дүүргийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга болон гурав, эсхүл таван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ.

15.2.Сум, дүүргийн сонгуулийн хороо харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд энэ хуулийн 14.2.1, 14.2.2, 14.2.4, 14.2.9-д зааснаас гадна дараах эрхийг хэрэгжүүлнэ:

15.2.1.харьяалах хэсгийн хорооны үйл ажиллагааг зохион байгуулалт, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах;

15.2.2.аймаг, нийслэлийн сонгуулийн хорооноос хуваарилсан төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах, харьяалах хэсгийн хорооны хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах зардлыг гаргах, зарцуулалтад хяналт тавих;

15.2.3.өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэж, бичгээр хариуг өгөх;

15.2.4.харьяалах хэсгийн хороодоос ирүүлсэн санал хураалтын дүнг нэгтгэж, харьяалагдах аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд хүргэх;

15.2.5.дээд шатны сонгуулийн хорооноос хуульд заасны дагуу өгсөн үүргийг биелүүлэх;

15.2.6.сонгуулийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу гаргаж, харьяалагдах аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд хүлээлгэн өгөх;

15.2.7.саналын хуудас болон сонгуульд ашиглах техник хэрэгслийг хүргүүлэх, хадгалах үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих;

15.2.8.хуульд заасан бусад эрх.

 

16 дугаар зүйл.Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах

төв болон салбар комиссын эрх

 

16.1.Сонгуулийн ерөнхий хороо, гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг харгалзан гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий төв комиссыг гадаадад санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга болон тав, эсхүл долоон гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна.

16.2.Төв комисс нь салбар комиссыг гадаадад санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө дарга болон хоёр, эсхүл дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулна.

16.3.Төв комиссыг ажиллах байр, нөхцөл, боломжоор хангах үүргийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, салбар комиссыг ажиллах байр, нөхцөл, боломжоор хангах үүргийг тухайн улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар хүлээнэ.

16.4.Төв комисс нь Сонгуулийн ерөнхий хорооны шууд удирдлагын доор сонгуулийн санал авах ажиллагааг зохион байгуулна.

16.5.Салбар комисс нь төв комиссын шууд удирдлагын доор гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулна.

16.6.Төв комисс дараах эрхийг хэрэгжүүлнэ:

16.6.1.гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг төлөвлөх, түүнийг зохион байгуулах арга хэмжээг авах;

16.6.2.эрх хэмжээнийхээ хүрээнд сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, сахин биелүүлэх явдлыг хангах;

16.6.3.сонгууль зохион байгуулахтай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос хуульд заасны дагуу өгсөн үүргийг биелүүлэх;

16.6.4.салбар комиссын үйл ажиллагааг зохион байгуулалт, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах;

16.6.5.Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн саналын хуудас, сонгууль зохион байгуулах болон санал авахтай холбоотой бусад баримт бичгийг олон улсын буухиа шуудангаар салбар комисст хүргүүлэх;

16.6.6.шаардлагатай тохиолдолд салбар комисст сургалт зохион байгуулах, төлөөлөгч томилон ажиллуулах;

16.6.7.Сонгуулийн ерөнхий хорооноос хуваарилсан төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах, салбар комисст хуваарилах, зарцуулалтад нь хяналт тавих, холбогдох журмын дагуу тайлагнах;

16.6.8.өөрийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэж, бичгээр хариуг өгөх;

16.6.9.санал авах ажлыг зохион байгуулсан тухай тайлан, сонгуулийн бусад баримт бичиг, саналын хуудсыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх;

16.6.10.хуульд заасан бусад эрх.

16.7.Салбар комисс дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

16.7.1.салбар комиссын буюу санал авах байрын хаяг, ажиллах цагийн хуваарь, санал авах өдөр, цагийг сонгогчдод мэдээлэх;

16.7.2.өөрийн байрладаг улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийг бүртгэж, сонгогчдын бүртгэлийг гарган төв комисст хүргүүлэх;

16.7.3.санал авах байр, саналын хайрцаг, санал бэлтгэх бүхээг, санал авахад шаардлагатай бусад зүйлийг бэлтгэж, сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах;

16.7.4.санал хураалт дууссаны дараа битүүмжилсэн дугтуйтай саналын хуудас, санал авахад зарцуулагдаагүй үлдсэн, хураагдсан, хүчингүй саналын хуудас, санал хураалтын тухай салбар комиссын хуралдааны тэмдэглэл, сонгуулийн бусад баримт бичгийг төв комисст олон улсын буухиа шуудангаар нэн даруй хүргүүлэх;

16.7.5.өөрийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, бичгээр хариуг өгөх;

16.7.6.дээд шатны сонгуулийн байгууллагаас хуульд заасны дагуу өгсөн үүргийг биелүүлэх;

16.7.7.хуульд заасан бусад чиг үүрэг.

 

17 дугаар зүйл.Хэсгийн хорооны чиг үүрэг

 

17.1.Сум, дүүргийн сонгуулийн хороо санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө энэ хуулийн 12.3-т заасны дагуу хэсгийн хороог дарга болон зургаа, эсхүл найман гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтэд мэдээлнэ.

17.2.Хэсгийн хороо дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

17.2.1.хэсгийн хорооны хаяг, ажиллах цагийн хуваарь, санал авах өдөр, цагийг сонгогчдод мэдээлэх;

17.2.2.санал авах байр, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг, сонгогчийн бүртгэлийн болон санал авах, тоолох, дүн гаргах, дамжуулах төхөөрөмж /цаашид “санал тоолох төхөөрөмж” гэх/ зэрэг санал авахад шаардлагатай бусад зүйлийг бэлтгэж, сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах;

17.2.3.санал хураалтын дүн танилцуулах, нэн даруй дамжуулах;

17.2.4.сонгуулийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу гаргаж, сум, дүүргийн сонгуулийн хороонд хүлээлгэн өгөх;

17.2.5.дээд шатны сонгуулийн хорооноос хуульд заасны дагуу өгсөн үүргийг биелүүлэх;

17.2.6.хуульд заасан бусад чиг үүрэг.

17.3.Хэсгийн хорооны дарга хэсгийн хорооны чиг үүрэгт хамаарах ажлыг удирдан зохион байгуулж, хууль зүйн хариуцлагыг хүлээнэ.

17.4.Хэсгийн хороо санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэхгүй.

 

18 дугаар зүйл.Сонгуулийн хорооны ажлын зохион байгуулалт

 

18.1.Сонгуулийн хороо энэ хуульд заасан эрхэд хамаарах асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж, хуралдаанд оролцсон бүрэлдэхүүний олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана.

18.2.Хуралдаанд сонгуулийн хорооны бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй нь оролцсон бол тухайн сонгуулийн хорооны хуралдааныг хүчинтэйд тооцно.

18.3.Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сонгуулийн хорооны үйл ажиллагаанд оролцохгүй байх, хуралдаанд ирэхгүй байх, таслах, хуралдааныг орхих, хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзахыг хориглоно.

18.4.Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн нь хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орхисон тохиолдолд түүнийг хуралдаанд оролцож, тухайн асуудлаар татгалзсан санал гаргасанд тооцно.

18.5.Сонгуулийн хорооны тогтоолд тухайн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.

18.6.Тогтоолд тухайн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргын аль нэг гарын үсэг зураагүй нь уг тогтоолыг хүчингүй, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй.

18.7.Сонгуулийн хороо санал авах өдрөөс бусад өдөр ажлын цагаар ажиллах бөгөөд шаардлагатай тохиолдолд ажлын бус өдөр болон илүү цагаар ажиллаж болно.

18.8.Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нь хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарийг долоо хоног бүрээр гаргаж, тухайн сонгуулийн хорооны мэдээллийн самбарт ил тавина.  

18.9.Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас сонгуулийн хорооны үйл ажиллагаа болон хуралдаанд оролцох боломжгүй болсон бол энэ тухайгаа бичгээр болон бусад хэлбэрээр урьдчилан мэдэгдэх үүрэгтэй.

18.10.Энэ хуулийн 18.3, 18.9-д заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасах асуудлыг тухайн сонгуулийн хороог байгуулсан дээд шатны сонгуулийн хороо гурав хоногийн дотор шийдвэрлэж, нэн даруй нөхөн томилно.

18.11.Сонгуулийн хороо нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан хуралдааны дэг, тэмдэглэл хөтлөх журмыг баримтлах ба сонгуулийн хорооны дарга нь гишүүдийн ажил үүргийн хуваарийг тогтооно.

18.12.Сонгуулийн хорооны хуралдаанд нэр дэвшигчийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, ажиглагчийг байлцуулж болно. Хуралдааныг ажиглах, дуу болон дүрс бичлэг хийх боломжоор хангах асуудлыг хуралдааны дэгээр зохицуулна.

18.13.Сонгуулийн хорооны хуралдааныг ажиглаж байгаа этгээд нь тухайн сонгуулийн хорооны бүрэн эрхийн асуудалд хөндлөнгөөс оролцох, даргалагчийн зөвшөөрөлгүйгээр үг хэлэх зэргээр хуралдааны хэвийн үйл ажиллагаанд саад учруулахыг хориглоно. Хуралдааны хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан этгээдийг хуралдаанаас нэн даруй гаргана.

18.14.Сонгуулийн хорооны хуралдааны шийдвэрийг нийтэд нэн даруй, ил тод мэдээлнэ.

18.15.Сонгуулийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу бүртгэнэ.

18.16.Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны болон төв комисын дарга дотоод ажлын асуудлаар захирамж гаргана.

18.17.Сонгуулийн хорооны ажилтныг энэ хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаанд үндсэн ажлаас нь чөлөөлөх, халах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно.

18.18.Төрийн албан хаагчийг сонгуулийн хороонд ажиллах хугацаанд харьяалах байгууллага нь цалинтай чөлөө олгоно.

18.19.Хуульд өөрөөр заагаагүй бол доод шатны сонгуулийн хорооны шийдвэр, сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаар дээд шатны сонгуулийн хороонд гомдол гаргаж болох бөгөөд зохих шатны сонгуулийн хороо гомдлыг хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор хянан шийдвэрлэж, гомдол гаргагчид бичгээр хариуг өгнө.

18.20.Сонгуулийн хороо сонгууль зохион байгуулахтай холбогдсон, түүнчлэн хууль зөрчсөн тухай асуудлыг шалгуулах, эсхүл зөрчлийг таслан зогсоох асуудлаар сонгуулийн хууль тогтоомжоор үүрэг хүлээсэн аливаа байгууллага, албан тушаалтанд хууль ёсны шаардлага тавих эрхтэй.

18.21.Энэ хуулийн 18.20-д заасан шаардлагыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан ажлын гурван өдрийн дотор бичгээр хариуг өгнө.

18.22.Сонгуулийн хорооноос бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэрийг тухайн нутаг дэвсгэр дэх бүх байгууллага, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй.

 


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ

 

19 дүгээр зүйл.Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, хүргүүлэх

 

19.1.Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн үйлдэх бөгөөд түүнийг нягтлан шалгах, давхардлыг арилгах сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй сонгуулийн эрх бүхий иргэнийг бүртгэх, эдгээртэй холбоотой гомдлыг шийдвэрлэх ажлыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангана.

19.2.Сонгогчдын нэрийн жагсаалтад тухайн сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэл бүхий сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг гэсэн дарааллаар бичнэ.

19.3.Улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэс нь тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн сонгуулийн хэсэг байгуулсан нутаг дэвсгэрийн мэдээллийг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дахь тухайн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэл бүхий сонгогчийн бүртгэлтэй тулган шалгаж улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

19.4.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороогоор болон сонгуулийн хэсэг бүрээр нь нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг ээлжит сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, сонгууль дуустал өөрийн цахим хуудсанд байрлуулна.

19.5.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчийг энэ хуулийн 19.4-т заасан цахим хуудсанд байрлуулсан сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн мэдээлэлтэй танилцах боломжоор хангана.

19.6.Доор дурдсан байгууллага дараах иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, төрсөн он, сар, өдөр, хүйс болон бусад шаардлагатай мэдээллийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ээлжит сонгуулийн жилийн 5 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлнэ:

19.6.1.Улсын дээд шүүх эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон сонгуулийн насны иргэдийн мэдээллийг;

19.6.2.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хорих ял эдэлж байгаа болон эрүүгийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан, захиргааны журмаар албадан эмчлүүлж байгаа сонгуулийн насны иргэдийн мэдээллийг;

19.6.3.хил хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага 60 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар гадаад улсад зорчсон иргэдийн мэдээллийг;

19.6.4.хил хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух хаягийн бүртгэлгүй боловч санал авах өдөр харьяа тусгай анги, салбарт нь алба хааж байгаа алба хаагч болон ажилтны мэдээллийг;

19.6.5.батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух хаягийн бүртгэлгүй боловч санал авах өдөр зэвсэгт хүчний цэргийн анги, нэгтгэлд нь алба хааж байгаа алба хаагч болон ажилтны мэдээллийг;

19.6.6.цагдаагийн төв байгууллага тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух хаягийн бүртгэлгүй боловч тухайн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч, дотоодын цэргийн анги, нэгтгэлд нь алба хааж байгаа алба хаагч болон ажилтны мэдээллийг;

19.6.7.гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тухайн жилд Монгол Улсын харьяат болсон, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон, харьяатаас гарсан иргэдийн мэдээллийг.

19.7.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.6.1, 19.6.2, 19.6.3-т заасны дагуу ирүүлсэн мэдээллийг үндэслэн тухайн сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтаас хасалгүйгээр “Тайлбар” хэсэгт “Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийх бөгөөд нэмэлт тэмдэглэгээ хийгдсэн тухайн сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоонд оруулан тооцохгүй.

19.8.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.6.4, 19.6.5, 19.6.6-д заасны дагуу ирүүлсэн мэдээллийг үндэслэн тухайн нутаг дэвсгэрийн хамаарч байгаа сонгуулийн хэсэгт саналаа өгөх сонгогчдын нэрийн жагсаалтад тухайн сонгогчийг нэмж бүртгэн байнга оршин суугаа газрынх нь хаягийн дагуу бүртгэгдсэн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасна.

19.9.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.4-т заасны дагуу цахим хуудсанд байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалтад дараах өөрчлөлтийг тусган уг жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр үйлдэж, цаасан хэлбэрээр үйлдсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтсээр дамжуулан хэсгийн хороонд хүргүүлнэ:

19.9.1.сонгогчоос энэ хуулийн 19.4-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн талаар гаргасан гомдлын дагуу оруулсан өөрчлөлт;

19.9.2.энэ хуулийн 25.1-д заасан хугацаанаас өмнө хийгдсэн сонгогчийн байнга оршин суугаа газрын хаягийн өөрчлөлт;

19.9.3.сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хүйс, регистрийн дугаар зэрэг иргэний бүртгэлтэй холбоотой өөрчлөлт;

19.9.4.нас барсан иргэний улсын бүртгэлтэй холбоотой өөрчлөлт;

19.9.5.энэ хуулийн 19.6-д заасан иргэдийн мэдээлэлтэй холбоотой өөрчлөлт.

19.10.Хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээн авсан өдрөөс эхлэн өөрийн ажиллах байранд, өөрийн ажиллах байргүй бол сум, хорооны Засаг даргын тамгын газрын байранд итгэмжлэгдсэн ажилтныг ажиллуулж, сонгогчдод өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн мэдээлэлтэй чөлөөтэй танилцах боломж олгоно.

19.11.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.9-д заасан хугацаанд хүргүүлсэн сонгогчдын нэрийн жагсаалтад энэ хуулийн 19.9.1, 19.9.3, 19.9.4 дэх заалт, 20, 23, 24 дүгээр зүйлд заасан үндэслэлээр оруулсан өөрчлөлтийг тусгаж сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтсээр дамжуулан хэсгийн хороонд хүргүүлнэ.

19.12.Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгасан байвал зохино.

19.13.Сонгогчдын нэрийн жагсаалт зөвхөн нэг нэрийн жагсаалтаас бүрдэх бөгөөд энэ хуульд заасныг зөрчин сонгогчдын нэрийн жагсаалт шинээр үйлдэх, түүнд өөрчлөлт оруулахыг хориглоно.

19.14.Сонгогчдын нэрийн жагсаалт цаасан болон цахим хэлбэртэй байх бөгөөд сонгогчийг сонгуулийн зөвхөн нэг хэсэгт бүртгэнэ.

19.15.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу сонгогчдын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий энэ хуулийн 19.11-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуулийн хэсэг тус бүрээр санал авах өдрөөс хоёроос доошгүй хоногийн өмнө цахим хэлбэрээр нэг удаа олгоно.

19.16.Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ хууль болон холбогдох хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд хувилж олшруулах, тараахыг хориглоно.

19.17.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, нягтлан шалгах, давхардал, зөрчлийг арилгах, танилцуулах журам болон маягт, загварыг Сонгуулийн ерөнхий хороотой хамтран батална.

19.18.Энэ хуулийн 19.1-д заасан үйл ажиллагааг зохион байгуулахад төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, холбогдох бусад байгууллага энэ хууль болон холбогдох бусад хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд оролцож, улсын бүртгэлийн байгууллагаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

19.19.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан үйл ажиллагааны талаарх мэдээллийг энэ хуулийн 19.4, 19.9, 20.10, 23.2-т заасан хугацаанд Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.

19.20.Энэ хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн нам, эвсэл, төрийн бус байгууллагын төлөөлөл сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, давхардлыг арилгах, нягтлан шалгах, хүргүүлэх үйл ажиллагаатай танилцаж болно.

 

20 дугаар зүйл.Гадаад улсад байгаа сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах

 

20.1.Гадаад улсад байгаа иргэн гадаадад санал авах өдрөөс 40 хоногийн өмнөөс эхлэн 20 хоногийн хугацаанд өөрийн байгаа улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт биечлэн ирж, эсхүл шуудан буюу цахим шуудан, факсаар сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлнэ.

20.2.Гадаад улсад байгаа иргэн сонгуульд оролцохоор бүртгүүлэхдээ Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтыг бөглөж, үндэсний гадаад паспортын хуулбарын хамт Салбар комисст хүргүүлнэ.

20.3.Гадаад улсад байгаа иргэн сонгуульд оролцохоор бүртгүүлэх маягт нь дараах мэдээллийг агуулсан байна:

20.3.1.өөрийн нэр, эцэг /эх/-ийн нэр;

20.3.2.төрсөн он, сар, өдөр, нас, хүйс;

20.3.3.үндэсний гадаад паспортын болон регистрийн дугаар;

20.3.4.Монгол Улсын хилээр хамгийн сүүлд гарсан он, сар, өдөр;

20.3.5.хамгийн сүүлд эх орондоо оршин сууж байсан газрын хаяг;

20.3.6.одоо оршин сууж байгаа газрын хаяг.

20.4.Салбар комисс гадаад улсад байгаа иргэнийг бүртгэхдээ улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас Сонгуулийн ерөнхий хороотой хамтран баталсан маягтын дагуу гадаад улсад байгаа сонгогчдын нэрийн жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр гаргана.

20.5.Салбар комисс гадаад улсад байгаа иргэдийг бүртгэх ажиллагаа дууссан өдрөөс хойш хоёр хоногийн дотор гадаад улсад байгаа сонгогчдын нэрийн жагсаалтыг Төв комисст хүргүүлнэ.

20.6.Төв комисс нийт салбар комиссоос ирүүлсэн гадаад улсад байгаа сонгогчдын нэрийн жагсаалтыг хоёр хоногийн дотор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

20.7.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гадаад улсад саналаа өгөхөөр бүртгүүлсэн сонгогчдын нэрийг Монгол Улсад бүртгэгдсэн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасалт хийж, энэ тухайгаа тухайн сонгогчийн бүртгэлтэй хэсгийн хорооны дэргэд ажиллаж байгаа улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд мэдэгдэж хасалт хийлгэнэ.

20.8.Гадаад улсад санал өгөхөөр бүртгүүлсэн сонгогчийн нэрийг энэ хуульд заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтаас түр хассан бол дахин хасалт хийхгүй.

20.9.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гадаад улсад байгаа сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн нягтлан шалгаж, зөрчилтэй сонгогчийн нэрийг хасна.

20.10.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нягтлан шалгасан гадаад улсад байгаа сонгогчдын нэрийн жагсаалтыг Төв комисст цахим хэлбэрээр буцаан илгээнэ. Төв комисс сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хэлбэрээр салбар комисст даруй хүргүүлэх бөгөөд уг жагсаалтыг салбар комисс гадаад улсад санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө өөрийн байранд ил тавих, цахим хуудсанд байршуулан сонгогчдод өөрт холбогдох мэдээлэлтэй чөлөөтэй танилцах бололцоогоор хангана.

 

21 дүгээр зүйл.Ээлжит бус, дахин сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх,

танилцуулах, хүргүүлэх

 

21.1.Сонгогчдын санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг харгалзан иргэний улсын бүртгэлийн мэдээллийн цахим сан дахь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй сонгогчийн тоог үндэслэн сонгуулийн хэсгийг ээлжит бус, дахин сонгууль товлон зарласнаас хойш 15 хоногийн дотор байгуулж, хэсгийн нутаг дэвсгэрийг зарлана.

21.2.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтыг ээлжит бус, дахин сонгууль товлон зарласнаас хойш 50 хоногийн дараагаас эхлэн сонгууль дуустал өөрийн цахим хуудсанд байршуулна.

21.3.Энэ хуулийн 19.6-д заасан байгууллага холбогдох мэдээллийг санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлнэ.

21.4.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 21.3-т заасны дагуу хүргүүлсэн мэдээллийг хүлээн авсан өдрөөс хойш нэг хоногийн дотор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

21.5.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 21.2-т заасны дагуу цахим хуудсанд байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалтад энэ хуулийн 19.9-д заасан өөрчлөлтийг тусгана.

21.6.Энэ хуулийн 21.5-д заасны дагуу өөрчлөлтийг тусгасан сонгогчдын нэрийн жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр үйлдэж, цаасан хэлбэрээр үйлдсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтсээр дамжуулан хэсгийн хороонд хүргүүлнэ.

21.7.Ээлжит бус, дахин сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэхэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 19, 20 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

 

22 дугаар зүйл.Итгэмжлэгдсэн ажилтан

 

22.1.Итгэмжлэгдсэн ажилтан улсын бүртгэлийн байгууллагын сургалтад хамрагдсан, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагч байна.

22.2.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь  итгэмжлэгдсэн ажилтны ажиллах орон тооны хязгаарыг батална.

22.3.Итгэмжлэгдсэн ажилтныг тагнуулын байгууллагын саналыг үндэслэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын орон нутаг дахь газар, хэлтсийн дарга энэ хуулийн 22.2-т заасан хязгаарт багтаан томилно.

22.4.Итгэмжлэгдсэн ажилтан холбогдох хууль тогтоомжийн дагуу нууцын баталгаа гаргаж, сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ хуулийн 19.9-д заасны дагуу хэсгийн хороонд хүргүүлсэн өдрөөс эхлэн ажиллана.

22.5.Итгэмжлэгдсэн ажилтан энэ хуульд заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтын цаасан болон цахим хувилбартай танилцах, өөрчлөлт оруулах, сонгогчийн бүртгэлийг тулган шалгах, санал авах өдөр сонгогчдыг бүртгэх, таньж оруулах, техник хэрэгсэл, программ хангамжийг хариуцан ажиллана.

 

23 дугаар зүйл.Сонгогчдын нэрийн жагсаалттай холбогдсон гомдлыг шийдвэрлэх журам

 

23.1.Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн мэдээлэлтэй танилцах эрхтэй бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн асуудлаар өөрийн болон өөрийн гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо итгэмжлэгдсэн ажилтан, эсхүл улсын бүртгэлийн холбогдох байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр гаргана.

23.2.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн энэ хуулийн 23.1-д заасны дагуу гомдол гаргасан иргэний мэдээллийн талаар болон иргэний улсын бүртгэлтэй холбоотой өөрчлөлтийн талаар лавлагаа гаргах ба сонгогчийн мэдээлэлтэй холбогдсон өөрчлөлтийг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө сонгогчдын нэрийн жагсаалтад оруулна.

23.3.Энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулахыг хориглоно.

23.4.Итгэмжлэгдсэн ажилтан сонгогчдын нэрийн жагсаалтад “Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн иргэний сонгогчдын нэрийн жагсаалтад нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн шалтгаан нь арилсан тохиолдолд тухайн сонгогчийн өөрийнх нь хүсэлт, үндэсний гадаад паспорт, холбогдох нотлох баримтыг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалт дахь зохих тэмдэглэгээг хүчингүй болгож, тухайн сонгогчийн бүртгэлийг сэргээн, энэ тухай тэмдэглэл үйлдэн хэсгийн хороонд мэдэгдэнэ.

23.5.Ажиглагч сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах талаар энэ хуульд заасан хугацаа дууссанаас хойш сонгогчдын нэрийн жагсаалт болон түүнд оруулсан өөрчлөлттэй танилцах эрхтэй.

23.6.Ажиглагч энэ хуулийн 23.5-д заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалттай танилцахдаа зураг авах, бичлэг хийх зэргээр сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж, олшруулахыг хориглоно.

23.7.Энэ хуулийн 23.5-д заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтыг танилцуулах үйл ажиллагааг итгэмжлэгдсэн ажилтан болон хэсгийн хорооны дарга хамтран зохион байгуулж, хяналт тавина.

 

24 дүгээр зүйл.Сонгогч шилжих

 

24.1.Сонгогч шилжих бол энэ тухай хүсэлтээ холбогдох баримтын хамт санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө харьяа хэсгийн хороонд ажиллах иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, эсхүл улсын бүртгэлийн холбогдох байгууллагад биечлэн гаргана.

24.2.Сонгуулийн байгууллагын ажилтан, итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн технологийн багийн гишүүн, даамал, санал авах байр болон сонгуулийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчийн сонгогчийн шилжилтийг хийх, бүртгэхдээ тухайн байгууллагынх нь албан бичиг, хүсэлтэд үндэслэн санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шийдвэрлэнэ.

24.3.Нэр дэвшигч болон энэ хуулийн 32.5-д заасан ерөнхий менежер, менежер, шадар туслагч сонгуулийн нэг хэсгээс нөгөө хэсэгт шилжих бол санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжилтийг хийлгэж болно.

24.4.Сонгогч санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжилтийг бүртгүүлнэ.

24.5.Сонгогч шилжсэн бол сонгогчдын нэрийн жагсаалт дахь тухайн сонгогчийн нэрийн ард “Шилжив” гэсэн тэмдэглэгээг хийнэ.

 

25 дугаар зүйл.Иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сэргээх

 

25.1.Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, энэ хуулийн 72.2-т заасны дагуу сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс сэргээнэ.

25.2.Энэ хуулийн 25.1-д заасан иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сэргээх тухай шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга гаргана.

25.3.Иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сэргээх зохицуулалт нь ээлжит, ээлжит бус, дахин сонгуульд нэгэн адил хамаарна.

 


ТАВДУГААР БҮЛЭГ
ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШҮҮЛЭХ, НЭР ДЭВШИГЧИЙГ БҮРТГЭХ

 

26 дугаар зүйл.Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нийтлэг журам

 

26.1.Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 40 хоногийн өмнө эхлүүлж, гурав хоногийн хугацаанд дуусгана.

26.2.Нэр дэвшигч хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

26.2.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх;

26.2.2.татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх;

26.2.3.сэтгэцийн эмгэггүй байх.

26.3.Нэр дэвшигч дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна:

26.3.1.төрийн жинхэнэ албан хаагч;

26.3.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан;    

26.3.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал;

26.3.4.Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн.

26.4.Нэг намын гишүүнийг өөр намаас, намууд хамтарсан тохиолдолд тухайн эвслээс өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно.

26.5.Эрүүгийн гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно.

26.6.Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.

 

27 дугаар зүйл.Нам, эвслээс нэр дэвшүүлэх

 

27.1.Намаас нэр дэвшүүлэх асуудлыг тухайн намын төлөөллийн төв байгууллага хуралдаанаараа хэлэлцэж, нууцаар санал хурааж, олонхын саналаар шийдвэрлэнэ.

27.2.Намууд хамтарч сонгуульд нэр дэвшүүлэх тухай асуудлыг нам тус бүр төлөөллийн төв байгууллагынхаа хуралдаанаар шийдвэрлэнэ.

27.3.Хамтарч нэр дэвшүүлэх тухай нам тус бүрийн төлөөллийн төв байгууллагын хуралдаанаас гарах шийдвэрт тухайн намын дарга гарын үсэг зурснаар уг асуудлыг шийдвэрлэсэнд тооцох бөгөөд намууд хамтын ажиллагааны гэрээ байгуулж дараах зүйлийг тусгана:

27.3.1.талуудын нийтлэг болон харилцан хүлээх эрх, үүрэг;

27.3.2.хамтарсан намын сонгуулийн үйл ажиллагааг удирдах бүрэлдэхүүнд орсон иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, ажил, албан тушаал;

27.3.3.хамтарсан намыг төлөөлөх албан тушаалтны эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;

27.3.4.харилцан тохиролцсон бусад асуудал.

27.4.Намууд хамтарч эвсэл байгуулан сонгуульд нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн бол тухайн намууд дангаараа болон бусад намтай хамтран Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй.

27.5.Нам, эвсэл нэр дэвшүүлэх асуудлаар энэ хуульд нийцүүлэн өөрсдийн дотоодод мөрдөх журмыг тогтоон мөрдүүлнэ.

 

28 дугаар зүйл.Нэр дэвшигчийг бүртгэх

 

28.1.Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгоно.

28.2.Нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь нэр дэвшүүлэх ажиллагааны талаар хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ:

28.2.1.нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэр;

28.2.2.нэр дэвшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөл;

28.2.3.нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүлээн авсан тухай Авлигатай тэмцэх газрын тодорхойлолт;

28.2.4.энэ хуулийн 26.3-т заасан албан тушаалтан бол ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн тухай шийдвэрийн хуулбар;

28.2.5.энэ хуулийн 26.2.1-д заасан нэр дэвшигчид тавих шаардлагыг хангасан эсэх талаарх Улсын дээд шүүхийн лавлагаа;

28.2.6.энэ хуулийн 26.2.2-т заасан нэр дэвшигчид тавих шаардлагыг хангасан эсэх талаарх Татварын ерөнхий газрын тодорхойлолт;

28.2.7.нэр дэвшигчийн намтар;

28.2.8.нэр дэвшигчийн иргэний үнэмлэхийн хуулбар;

28.2.9.төрсний гэрчилгээ /хэрэв төрсний гэрчилгээ байхгүй бол Монгол Улсын уугуул иргэн болохыг нотолсон архивын лавлагаа/;

28.2.10.сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан тухай хил хамгаалах байгууллагын тодорхойлолт;

28.2.11.нэр дэвшигчийн эцэг, эхийг Монгол Улсын харьяат болохыг нотлох иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг;

28.2.12.энэ хуульд заасны дагуу төрийн аудитын дээд байгууллагаар хянуулсан сонгуулийн мөрийн хөтөлбөр, аудитын дүгнэлт;

28.2.13.нэр дэвшигчийн эрүүл мэндийн талаарх эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ажлын хэсгийн дүгнэлт;

28.2.14.нэр дэвшүүлсэн нам, эвслийн дүрэм, гэрээ;

28.2.15.энэ хуулийн 26.5, 26.6-д заасан шаардлага хангаж байгаа эсэх талаарх Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа.

28.3.Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн бүртгэлтэй холбоотой баримт бичгийн маягт, загварыг батална. 

28.4.Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авахдаа бүрэн гүйцэд эсэхийг нягтлан шалгах ба хэрэв баримт бичгийн бүрдэл дутуу бол энэ хуульд заасан хугацаанд багтаан нөхөн ирүүлж болно.

28.5.Сонгуулийн ерөнхий хороо шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг эрх бүхий этгээдээс гаргуулан авч болно.

28.6.Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссанаас хойш гурав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана.

28.7.Нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарсан бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 16 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ.

28.8.Нэр дэвшигчээр бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш нэр дэвшигчээс татгалзахыг хориглоно.

28.9.Нэр дэвшигчийн эрх нь үнэмлэх авснаар эхэлж, санал хураалтын албан ёсны дүн гарснаар дуусгавар болно.

28.10.Авлигатай тэмцэх газар нэр дэвшигчээр бүртгэгдсэн нийт нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг өөрийн байгууллагын цахим хуудсанд санал авах өдрөөс 16 хоногийн өмнө нээлттэйгээр байршуулна.

 

29 дүгээр зүйл.Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах

 

29.1.Зөвхөн дараах тохиолдолд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзана:

29.1.1.энэ хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй;

29.1.2.энэ хуульд заасан нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаагүй;

29.1.3.өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн;

29.1.4.энэ хуульд заасан нэр дэвшигчээр бүртгүүлэхэд шаардагдах баримт бичиг дутуу;

29.1.5.энэ хуульд заасны дагуу бүрдүүлсэн баримт бичиг хуурамч болохыг нь шүүх тогтоосон;

29.1.6.энэ хуулийн 43.1-д заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон;

29.1.7.ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүнд, эсхүл сонгуульд оролцогч улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдсан илт худал мэдээлэл тараасан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон.

29.2.Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэх тухай хүсэлтээ шаардагдах баримт бичгийн хамт Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж болно.

29.3.Сонгуулийн ерөнхий хороо дахин бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг хүлээн авч, энэ хуулийн 28.7-д заасан хугацаанаас өмнө бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

 

30 дугаар зүйл.Нөхөн нэр дэвшүүлэх

 

30.1.Дараах тохиолдолд санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлж болно:

30.1.1.нэр дэвшигч нас барсан;

30.1.2.нэр дэвшигч шүүхээр ял шийтгүүлсэн.

30.2.Сонгуулийн ерөнхий хороо нөхөн нэр дэвшүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг хүлээн авч, энэ хуулийн 28.7-д заасан хугацаанаас өмнө бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

 

31 дүгээр зүйл.Нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаа

 

31.1.Нэр дэвшигч өөрт шаардлагатай мэдээлэл лавлагааг холбогдох байгууллагаас зохих журмын дагуу гаргуулан авч болно.

31.2.Нэр дэвшигчийг энэ хуульд заасны дагуу нийтэд мэдээлсэн өдрөөс эхлэн төрийн хамгаалалтад авна.

31.3.Гэмт хэрэг үйлдэж байх үед нь, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилсанаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх дараах ажиллагаа явуулахыг хориглоно:

31.3.1.эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, цагдан хорих;

31.3.2.орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл болон биед нь үзлэг, нэгжлэг хийх.

31.4.Нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэх, ийм агуулга бүхий хэвлэмэл материалыг нийтэд тараах, эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараахыг хориглоно.

 


ЗУРГАДУГААР БҮЛЭГ
СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР, СУРТАЛЧИЛГАА

 

32 дугаар зүйл.Сонгууль эрхэлсэн байгууллага

 

32.1.Нэр дэвшигчээс сонгогчидтой уулзах, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сурталчлах зэрэг сонгуулийн сурталчилгааны ажлыг нэр дэвшигчийн сонгууль эрхэлсэн байгууллага эрхлэн явуулна.

32.2.Сонгууль эрхэлсэн байгууллагыг дараах этгээд удирдан энэ хуульд заасан үйл ажиллагааг зохион байгуулна:

32.2.1.аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд тухайн шатны намын дарга, эсхүл нэр дэвшигчийн итгэмжлэл олгосон менежер;

32.2.2.улсын хэмжээнд нэр дэвшигч, эсхүл түүний итгэмжлэл олгосон ерөнхий менежер.

32.3.Нэр дэвшигчийн сонгууль эрхэлсэн байгууллагын бүрэлдэхүүнд намын дарга, эсхүл түүний итгэмжлэл олгосон албан тушаалтан, ажилтан болон нэр дэвшигч, түүний ерөнхий менежер, менежер, шадар туслагч, ухуулагч хамаарна.

32.4.Нэр дэвшигчийн сонгууль эрхэлсэн байгууллага нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах 200 хүртэл, нийслэлд 100 хүртэл, аймаг, дүүрэгт 50 хүртэл, сум, хороонд 20 хүртэл ажилтантай байж болно.

32.5.Нэр дэвшигч өөрийн итгэмжлэл олгосон нэг ерөнхий менежер, аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрд нэг менежер, баг, хороо тус бүрд нэг шадар туслагч, 200 сонгогч тутамд нэг ухуулагчтай байж болно. Хэрэв тухайн аймаг, дүүргийн сонгогчийн тоог 200-д хуваасны үлдэгдэл нь 200-аас доош, 100-аас дээш бол тэдгээр сонгогчийг хариуцсан нэг ухуулагч ажиллаж болно.

32.6.Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах нэр дэвшигчийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны үнэмлэхийг Сонгуулийн ерөнхий хороо, аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах ажилтны үнэмлэхийг аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, сум, дүүрэг, хорооны хэмжээнд үйл ажиллагаа явуулах ажилтны үнэмлэхийг сум, дүүргийн сонгуулийн хороо тус тус олгоно.

32.7.Нэр дэвшигчийн ерөнхий менежерийн үнэмлэхийг Сонгуулийн ерөнхий хороо, менежер, шадар туслагч, ухуулагчийн үнэмлэхийг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо тус тус олгоно.

32.8.Нэр дэвшигчийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн ерөнхий менежер, менежер, шадар туслагч, ухуулагчийн үнэмлэх авах хүсэлтийг тухайн нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш холбогдох сонгуулийн хороо хүлээн авч, Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу олгоно.

 

33 дугаар зүйл.Сонгуулийн мөрийн хөтөлбөр

 

33.1.Нэр дэвшигч Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд үзэл баримтлалаа тодорхойлсон сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байна.

33.2.Сонгуулийн мөрийн хөтөлбөрт дараах зүйлийг тусгахыг хориглоно:

33.2.1.мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох;

33.2.2.уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлого, түүнчлэн улс, орон нутгийн төсвөөс иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх;

33.2.3.зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх;

33.2.4.иргэдэд үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх;

33.2.5.ажлын байранд зуучлах, ажилд оруулах;

33.2.6.Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамааралгүй асуудал;

33.2.7.улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон асуудал.

33.3.Нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөрийн агуулгад нийцсэн уриатай байж болно.

33.4.Нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн урт, дунд хугацааны баримт бичигт нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар төрийн аудитын дээд байгууллагаар хянуулж дүгнэлт гаргуулсан байна.

33.5.Нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад санал авах өдрөөс 37-оос доошгүй хоногийн өмнө хүргүүлнэ. Уг хугацааг хоцроосон мөрийн хөтөлбөрт төрийн аудитын дээд байгууллага дүгнэлт гаргахгүй.

33.6.Төрийн аудитын дээд байгууллага нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг санал авах өдрөөс 34-өөс доошгүй хоногийн өмнө гаргах бөгөөд нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлагад нийцээгүй тохиолдолд нэг удаа засах боломж олгосны үндсэн дээр дүгнэлтээ эцэслэн гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.

33.7.Төрийн аудитын дээд байгууллага нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр болон түүнд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 16 хоногийн өмнөөс эхлэн өөрийн байгууллагын цахим хуудсанд нээлттэйгээр байршуулна.

 

34 дүгээр зүйл.Сонгуулийн сурталчилгаа

 

34.1.Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно.

34.2.Сонгуулийн сурталчилгааг дараах арга, хэлбэрээр явуулна:

34.2.1.сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах;

34.2.2.нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах;

34.2.3.хуульд өөрөөр заагаагүй бол намын далбааг гудамж, талбайд байрлуулах, таних тэмдэг, уриа ашиглах;

34.2.4.сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх;

34.2.5.ухуулах байр ажиллуулах;

34.2.6.радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах;

34.2.7.цахим орчин ашиглах;

34.2.8.өдөр тутмын болон бусад сонин сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийтлүүлэх.

34.3.Сонгуулийн сурталчилгааны уулзалт, хандивын талаар сонгогчдод зар, урилга явуулсныг сурталчилгааны хэвлэмэл материалд оруулан тооцохгүй. Зар, урилга нь А5 хэмжээнээс илүүгүй байна.

34.4.Сонгуулийн сурталчилгааны аливаа материалын баруун доод хэсэгт сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн нэрийг тодорхой харагдахуйц байдлаар товчлохгүй бичих бөгөөд энэ нь телевизийн нэвтрүүлгийн нийт хугацаанд хамаарна. Радиогийн нэвтрүүлгийн тухайд эхлэл, төгсгөлд нам, эвсэл, нэр дэвшигчийн нэрийг дурдана.

34.5.Сонгуулийн сурталчилгаа явуулсан хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгаа дууссанаас хойш 10 хоногийн дотор сурталчилгаа явуулсан талаарх тайланг нийтэд мэдээлнэ.

34.6.Энэ хуулийн 34.1-д заасныг зөрчсөн радио, телевизийн байгууллагын олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээгээр дамжих эрхийг Харилцаа холбооны зохицуулах хороо зөрчил гарсан өдрөөс эхлэн гурван сар хүртэл хугацаагаар хязгаарлана.

 

35 дугаар зүйл.Сонгуулийн сурталчилгаанд тээврийн хэрэгсэл ашиглах

 

35.1.Нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааны зорилгоор улсын хэмжээнд 100 хүртэл, аймаг, дүүргийн хэмжээнд 150 хүртэл тээврийн хэрэгсэл ашиглаж болно. Тээврийн хэрэгслийн таних тэмдгийн загварыг Сонгуулийн ерөнхий хороо батална.

35.2.Сонгуулийн сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгслийн улсын дугаарыг аймаг, дүүргийн сонгуулийн хороонд бүртгүүлэн таних тэмдгийг авч, ил харагдахуйц байрлуулна.

35.3.Сонгуулийн ерөнхий хорооноос батлагдсан таних тэмдэггүй автомашин, автобус, мопед, мотоцикль болон бусад тээврийн хэрэгслийг сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг хориглоно.

35.4.Сонгуулийн сурталчилгаанд ашиглаж байгаа тээврийн хэрэгсэлд сонгуулийн сурталчилгааны ухуулах хуудас, зурагт самбар, дэлгэц, уриа, намын далбаа, чанга яригч байрлуулж болно.

 

36 дугаар зүйл.Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материал хэвлүүлэх, тараах, хүргэх

 

36.1.Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг дараах хэлбэр, хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр сонгогчдод тараах эрхтэй:

36.1.1.гурван хэвлэлийн хуудас сонин;

36.1.2.гурван хэвлэлийн хуудас сэтгүүл;

36.1.3.нэг хэвлэлийн хуудас ухуулах хуудас.

36.2.Ухуулах хуудсыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт байрлуулах байршлыг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тогтоож, нийтэд мэдээлнэ.

36.3.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн 36.2-т заасан байршил тогтоохдоо аливаа нам, нэр дэвшигчийн нэр заахыг хориглоно.

36.4.Ухуулах хуудсыг сонгогчдод тараахаас гадна энэ хуулийн 36.2-т заасны дагуу тогтоосон байршил дахь нийтийн эзэмшлийн хашаа, хайс, гэрлийн шонд үнэ төлбөргүй байрлуулж болно.

36.5.Ухуулах хуудас нь нэг хэвлэлийн хуудас хүртэлх хэмжээнээс илүүгүй байна.

36.6.“Нэг хэвлэлийн хуудас” гэж А4 бичгийн цаасны найман нүүрийг ойлгоно.

36.7.Төрийн улс төрийн албан тушаалтан сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох ба үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй.

36.8.Сурталчилгааны хэвлэмэл материалыг шуудангаар хүргүүлж болно.

36.9.Сонгуулийн сурталчилгааны хугацаанд гудамж, талбайд байрлуулсан нэр дэвшигчийн ухуулах хуудсыг гэмтээх, устгахыг хориглоно.

36.10.Өдөр тутмын болон бусад сонин, сэтгүүлд нийтлүүлэх сонгуулийн сурталчилгааны материал энэ хуулийн 36.1.1, 36.1.2-т заасан хэмжээнд хамаарна.

36.11.Энэ хуулийн 34.2.8-д заасан сонин, сэтгүүл нь сүүлийн 12 сарын турш тогтмол гарсан байх бөгөөд түүнд нийтлүүлэх сурталчилгааны төлбөр нь ээлжит сонгуулийн өмнөх жил нь сонгуульгүй жил байсан бол тухайн жилийн дунджаар, хэрэв сонгуультай жил байсан бол сүүлийн ээлжит сонгуулийн санал авах өдөр дууссанаас хойш тухайн жилийн ээлжит сонгуулийн санал авах өдрийг хүртэлх хугацаанд баримталсан зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийн үнийн дунджаас хэтрэхгүй байна.

 

37 дугаар зүйл.Сонгуулийн сурталчилгаанд зурагт самбар, дэлгэц ашиглах

 

37.1.Сонгуулийн сурталчилгаанд зурагт самбар, дэлгэц ашиглаж болох ба зурагт самбар, дэлгэц нь нэг хэсэгт 10-аас илүүгүй байна.

37.2.Зурагт самбар, дэлгэц нь хоёр хэвлэлийн хуудаснаас илүүгүй хэмжээтэй, хөдөлгөөнт хэлбэртэй байж болох бөгөөд хэлбэр, загварт хязгаарлалт тавихгүй. Хөдөлгөөнт самбарыг энэ хуульд заасан сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд ашиглана.

37.3.Зурагт самбар, дэлгэцийг зөвхөн нийтийн эзэмшлийн газар буюу гудамж, талбайд сурталчилгааны хугацаанд түр хугацаагаар үнэ төлбөргүйгээр байрлуулах бөгөөд зурагт самбар байрлуулах гудамж, талбай, олон нийтийн газрын байршлыг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тогтоож, нийтэд мэдээлнэ.

37.4.Бизнесийн зорилгоор байнга ашиглагддаг сурталчилгааны самбар, дэлгэц, түүний орон зайг сонгуулийн сурталчилгаанд ашиглахгүй.

37.5.Нэр дэвшигчийн сонгууль эрхэлсэн байгууллага, нэр дэвшигчийн ухуулах байр байрлаж байгаагаас бусад байшин, барилга байгууламжид сонгуулийн сурталчилгааны самбар, дэлгэц байрлуулахгүй.

37.6.Сонгуулийн сурталчилгааны хугацаанд гудамж талбайд байрлуулсан сонгуулийн сурталчилгааны зурагт самбар, дэлгэцийг гэмтээх, устгахыг хориглоно.

37.7.Зурагт самбар, дэлгэц байрлуулахдаа замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио, хөдөлгөөн зохицуулах бусад хэрэгслийг халхлах, бусдын эд хөрөнгө, явган зорчигчдод аюул учруулж болзошгүй байдлаар байрлуулах, замын хөдөлгөөнд саад учруулахыг хориглоно.

 

38 дугаар зүйл.Намын далбааг сонгуулийн сурталчилгаанд ашиглах

 

38.1.Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд намын далбаа, уриа, таних тэмдгийг сурталчилгааны явцад ашиглах эрхтэй.

38.2.Намын далбаа, уриа, таних тэмдгийг нэр дэвшигчийн ухуулах байр, сурталчилгааны самбар, дэлгэц, ухуулах хуудас, сонгуулийн сурталчилгаанд ашиглах зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгсэл, сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээдийн хэрэглэж байгаа хувцас дээр байрлуулж болох бөгөөд бусад газарт байрлуулахыг хориглоно.

 

39 дүгээр зүйл.Сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх

 

39.1.Сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглааныг сонгуулийн сурталчилгааны хугацаанд багтаан хийнэ.

39.2.Сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглаан зохион байгуулахад нь тухайн шатны Засаг дарга дэмжлэг үзүүлж, нэр дэвшигчдэд тэгш хандах үүрэгтэй.

39.3.Дараах байгууллага, хуулийн этгээд нь сонгуулийн уулзалт, хурал, цуглаан хийхэд нь зориулж өөрийн эзэмшиж байгаа соёлын төв, биеийн тамирын болон хурлын заал, бусад байр, танхимыг үнэ төлбөргүйгээр ашиглуулах үүрэгтэй:

39.3.1.төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага;

39.3.2.төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд;

39.3.3.төрийн болон орон нутгийн өмчийн 51 хувь ба түүнээс дээш оролцоотой хуулийн этгээд.

39.4.Энэ хуульд заасны дагуу санал авах байр болгон бэлтгэсэн, эсхүл сонгуулийн хороод тухайн байр, танхимд үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд энэ хуулийн 39.3 дахь хэсэг хамаарахгүй.

39.5.Энэ хуулийн 39.3-т шүүх, прокурор, тагнуул, цагдаа, онцгой байдлын болон эмнэлгийн байгууллага хамаарахгүй.

 

40 дүгээр зүйл.Ухуулах байр ажиллуулах

 

40.1.Нэр дэвшигч сонгуулийн хэсэг бүрд хоёроос илүүгүй ухуулах байр ажиллуулж болно.

40.2.Ухуулах байрыг дараах зорилгоор ажиллуулна:

40.2.1.сонгуулийн мөрийн хөтөлбөрийг тайлбарлах, танилцуулах;

40.2.2.сонгуулийн сурталчилгааны материалыг сонгогчдод тараах;

40.2.3.уулзалт, хурал зохион байгуулах.

40.3.Ухуулах байрын хаяг нь энэ хуульд заасан сонгуулийн сурталчилгааны зурагт самбар, дэлгэцэд хамаарахгүй бөгөөд түүнийг байрлуулахдаа замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио, хөдөлгөөн зохицуулах бусад хэрэгслийг халхлах, бусдын эд хөрөнгө, явган зорчигчид аюул учруулж болзошгүй байдлаар байрлуулах, замын хөдөлгөөнд саад учруулахыг хориглоно.

 

41 дүгээр зүйл.Сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз ашиглах

 

41.1.Сонгуулийн сурталчилгаатай холбогдсон нэвтрүүлэг /цаашид “сурталчилгааны нэвтрүүлэг” гэх/-ийг радио, телевизээр нэвтрүүлж болно.

41.2.Олон нийтийн радио, телевиз нь сурталчилгааны нэвтрүүлгийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос тогтоосон хуваарь, цагийн дагуу зөвхөн төлбөргүйгээр нэвтрүүлнэ.

41.3.Олон нийтийн радио, телевиз нь нэр дэвшигчдэд сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цаг олгох саналаа Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлэхдээ намаас нэр дэвшигчдэд намын Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллыг, эвслийн тухайд эвсэлд нэгдэн орсон намын Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллыг баримтлан ижил нөхцөл, тэнцүү хугацаа ногдохоор тооцно.

41.4.Харилцаа холбооны зохицуулах хороо олон нийтийн радио, телевизээс ирүүлсэн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн талаарх саналыг хянан үзсэний үндсэн дээр сонгуулийн сурталчилгаа эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө батална.

41.5.Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевиз нь сурталчилгааны нэвтрүүлгийг гэрээний үндсэн дээр нэвтрүүлнэ.

41.6.Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн нийт хугацаа нь хоногт нэг цаг /60 минут/-аас илүүгүй байна.

41.7.Сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хоногт гарах нийт хугацаа /60 минут/-ны хорин таваас илүүгүй хувь /15 минут/ нь нэг нам, эвслээс нэр дэвшигчид ногдоно.

41.8.Сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн төлбөр нь ээлжит сонгуулийн өмнөх жил нь сонгуульгүй жил байсан бол тухайн жилийн дунджаар, хэрэв сонгуультай жил байсан бол сүүлийн ээлжит сонгуулийн санал авах өдөр дууссанаас хойш тухайн жилийн ээлжит сонгуулийн санал авах өдрийг хүртэлх хугацаанд баримталсан зар сурталчилгаа, нэвтрүүлгийн төлбөрийн дундаж хэмжээнээс хэтрэхгүй байна.

41.9.Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевиз нь сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх бол энэ тухай мэдэгдлийг дараах баримт бичиг, мэдээллийн хамт Харилцаа холбооны зохицуулах хороонд санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө хүргүүлж, бүртгүүлнэ:

41.9.1.сурталчилгааны нэвтрүүлэг явуулахаар төлөвлөсөн цагийн хуваарь;

41.9.2.энэ хуулийн 41.8-д заасан хугацаанд хийсэн хоёроос доошгүй зар сурталчилгаа нэвтрүүлэх гэрээ;

41.9.3.энэ хуулийн 41.8-д нийцсэн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх үнийн санал.

41.10.Энэ хуулийн 41.9-д заасны дагуу бүртгүүлсэн радио, телевиз сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрхтэй бөгөөд бүртгүүлээгүй радио, телевизээр сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэхийг хориглоно.

41.11.Радио, телевизийн тусгай зөвшөөрөл эзэмшигч болон түүний компанийн нэгдэл нь хэд хэдэн радио, телевизийн тусгай зөвшөөрөл эзэмшдэг бол тэдгээрийн зөвхөн нэг радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлнэ.

41.12.Сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх радио, телевиз нь сонгуульд оролцогч бүх нам, эвсэл, нэр дэвшигчид тэгш хандах үүрэгтэй.

41.13.Радио, телевиз нь мэдээллийн хөтөлбөрөөрөө нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх сонгуулийн үйл явцын мэдээллийг хүргэхдээ бодит, тэнцвэртэй, нэг талыг барихгүй, хараат бус байх зарчмыг баримтална. 

41.14.Радио, телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар гарсан мэдээ нь сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хугацаанд хамаарахгүй боловч нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээг хоногт таван минутаас хэтрүүлэхийг хориглоно.

41.15.Радио, телевиз нь сонгогчдын боловсролд зориулсан мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг, хөтөлбөр бэлтгэж түгээх үүрэгтэй.

41.16.Радио, телевизийн редакцад бэлтгэгдээгүй, сонгуульд оролцогч нам, эвсэл, нэр дэвшигчийн зүгээс бэлтгэн нийлүүлсэн мэдээ, нэвтрүүлгийг тухайн нам, эвслийн нэр дэвшигчийн сурталчилгааны нэвтрүүлэгт хамааруулна.

41.17.Улс төрийн мэтгэлцээний талаарх нэвтрүүлэг, хөтөлбөр сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэгт хамаарахгүй боловч уг нэвтрүүлэг, хөтөлбөрт нийт нэр дэвшигч оролцсон байна.

41.18.Сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг бусад нам, эвсэл, нэр дэвшигчид шилжүүлэхийг хориглоно.

41.19.Хэвлэл мэдээллийн байгууллага, түүний ажилтан, албан тушаалтан сонгуулийн үйл ажиллагааны талаар бодит мэдээллийг түгээх үүрэгтэй.

41.20.Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журмыг Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн энэ хуульд нийцүүлэн Сонгуулийн ерөнхий хороо батална.

41.21.Харилцаа холбооны зохицуулах хороо олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн баталсан хуваарь, цаг болон сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх эрх олгосон радио, телевизийн жагсаалтыг сонгуульд оролцож байгаа нам, эвсэлд хүргүүлж, өөрийн байгууллагын цахим хуудсанд байршуулан нийтэд мэдээлнэ.

41.22.Радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаанд Харилцаа холбооны зохицуулах хороо хяналт тавьж ажиллана.

41.23.Харилцаа холбооны зохицуулах хороо энэ хуульд заасан зөрчил гаргуулахгүй байх, гарсан зөрчлийг зогсоох арга хэмжээг цагдаагийн болон сонгуулийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж болно.

41.24.Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх талаар энэ хуулийн 41.20-д заасан журам зөрчсөн бол эхний удаад сануулах арга хэмжээг авах, эсхүл радио, телевизийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрхийг санал авах өдрийг дуусах хүртэл цуцлах тухай шийдвэр гаргана.

41.25.Энэ хуулийн 41.10-т заасныг зөрчсөн телевиз, радиогийн үйлчилгээ эрхлэгчийн зөвшөөрлийг Харилцаа холбооны зохицуулах хороо хүчингүй болгоно.

41.26.Энэ хуулийн 41.1-д заасан сонгуулийн сурталчилгаа зогсоох хугацаанаас өмнөх 48 цагт энэ хуулийн 41.6, 41.7, 43.8-д заасныг зөрчсөн бол телевиз, радиогийн үйлчилгээ эрхлэгчийн зөвшөөрлийг Харилцаа холбооны зохицуулах хороо хүчингүй болгоно.

41.27.Нам, эвсэл, нэр дэвшигчийн бэлтгэсэн сонгуулийн сурталчилгаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдээлэл авах эрхийг хангах зорилгоор хадмал тайлбар, эсхүл дохионы хэлний орчуулгатай байна.

41.28.Радио, телевизийн мэдээллийн хөтөлбөр, сургалтын болон хүүхдэд зориулсан нэвтрүүлэг дундуур сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглоно.

 

42 дугаар зүйл.Сонгуулийн сурталчилгаанд цахим орчин ашиглах

 

42.1.Сонгуулийн сурталчилгаанд дараах хэлбэрийн цахим хуудас ашиглаж болно:

42.1.1.нэр дэвшигчийн болон нам, эвслийн өөрийн тус бүр нэг цахим хуудас;

42.1.2.цахим орчин дахь олон нийтийн сүлжээний нэг цахим хуудас;

42.1.3.бусад цахим хуудас.

42.2.Нэр дэвшигч энэ хуулийн 42.1.1, 42.1.2-т заасан цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах тохиолдолд цахим хуудсыг нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлнэ.

42.3.Энэ хуулийн 42.1.1, 42.1.3-т заасан цахим хуудас ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулахдаа сэтгэгдэл бичигдэхгүй тохиргоотойгоор нийтэлнэ.

42.4.Энэ хуулийн 42.2, 42.5-д заасны дагуу бүртгүүлээгүй цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах, бусдын нэр болон хуурамч хаяг ашиглахыг тус тус хориглоно.

42.5.Энэ хуулийн 42.1.3-т заасан цахим хуудсаар сонгуулийн сурталчилгаа явуулах тохиолдолд Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлэх бөгөөд нам, эвслийн нэр, далбаа, таних тэмдэг, нэр дэвшигчийн нэр, сонгуулийн уриа болон энэ хуулийн 42.1.1, 42.1.2-т заасан цахим хуудасны хаяг зэргийг сурталчилж болно.

42.6.Сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны материалыг цахим хэлбэрээр буюу цахим шуудангаар сонгогчдод хүргүүлж болно.

42.7.Энэ хуулийн 31.4, 42.4-т заасныг зөрчсөн талаарх гомдлын дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн дараах арга хэмжээг нэн даруй авна:

42.7.1.энэ хуулийн 42.1.1, 42.1.3-т заасан цахим хуудасны Монгол Улсаас хандах хандалтыг сонгуулийн дүн гарч дуусах хүртэлх хугацаагаар хаах;

42.7.2.энэ хуулийн 42.1.2-т заасан тухайн цахим хуудсыг хаах, эсхүл түр хязгаарлах.

42.8.Үүрэн холбооны болон интернэтийн үйлчилгээ эрхлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу зөрчил гаргасан цахим хуудас болон тухайн мэдээ, мэдээллийг өөрийн сүлжээнд хаах үүрэг хүлээнэ.

42.9.Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмыг цагдаагийн төв байгууллага болон Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо баталж, мөрдүүлнэ.

42.10.Нам, эвсэл болон нэр дэвшигч нь энэ хуулийн 42.1.1, 42.1.2-т заасан цахим хуудсаа энэ хуулийн 34.1-д заасан сонгуулийн сурталчилгаа дуусах хугацаанд хаана.

42.11.Харилцаа холбооны зохицуулах хороо нь Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг үндэслэн цахим орчин дахь олон нийтийн сүлжээний хандалтыг хязгаарлах, тархалтыг бууруулах технологийн арга хэмжээг сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс санал авах өдрийн дараах өдөр хүртэл авч болно.

42.12.Энэ хуулийн 42.1.3-т заасан цахим хуудас ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах төлбөр нь ээлжит сонгуулийн өмнөх жил нь сонгуульгүй жил байсан бол тухайн жилийн дунджаар, хэрэв сонгуультай жил байсан бол сүүлийн ээлжит сонгуулийн санал авах өдөр дууссанаас хойш тухайн жилийн ээлжит сонгуулийн санал авах өдрийг хүртэлх хугацаанд баримталсан зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийн төлбөрийн дундаж хэмжээнээс хэтрэхгүй байна.

 

43 дугаар зүйл.Хууль бус сурталчилгааг хориглох

 

43.1.Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, ээлжит бус, дахин сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

43.1.1.мөнгө, эд зүйл, эд хөрөнгө тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх;

43.1.2.хурал, цуглаан, биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолтын үеэр сонгогчдын саналыг татах зорилго, агуулгатай сурталчилгаа явуулах;

43.1.3.хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх;

43.1.4.сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах;

43.1.5.ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх;

43.1.6.хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах;

43.1.7.сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах;

43.1.8.хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессэж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэх.

43.2.Сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч болон түүний ерөнхий менежер, менежер, шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно.

43.3.Төрийн улс төрийн албан хаагч сонгуулийн сурталчилгаанд оролцож болно.

43.4.Сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

43.4.1.энэ хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх;

43.4.2.зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийх;

43.4.3.сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах;

43.4.4.энэ хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тээврийн хэрэгсэл, бусад өмч хөрөнгийг аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд ашиглах;

43.4.5.оройн 22.00 цагаас дараа өдрийн 08.00 цаг хүртэлх хугацаанд чанга яригч ашиглах;

43.4.6.олон нийтийг хамарсан аливаа шашны зан үйл ашиглах, түүнийг зохион байгуулах, оролцох, ивээн тэтгэх, шашны холбогдолтой эд зүйл тараах.

43.5.Сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан иргэдийн шүтэх, эс шүтэх эрх чөлөө, төр, сүм хийдийн харилцаа, шашны талаарх бодлого, үзэл баримтлалыг сонгогчдод тайлбарлан таниулах үйл ажиллагааг шашны зан үйл ашигласан гэж үзэхгүй.

43.6.Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ, мэдээллийг дагнан гаргах, эсхүл гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно.

43.7.Хоёр дахь болон дахин санал хураалт дуусах хүртэлх хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглоно.

43.8.Нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал авах ажиллагаа дуустал сонгуулийн сурталчилгааны бус радио, телевизийн нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагад орохыг хориглоно. Түүнчлэн сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хийгдсэн нэр дэвшигч оролцсон аливаа нэвтрүүлэг, хөтөлбөр, дуу, дүрс бичлэг, ярилцлагыг радио, телевизээр нэвтрүүлэх, нийтлэхийг хориглоно.

43.9.Улс төрийн намаас зөвхөн гишүүдийнхээ хүрээнд зохион байгуулсан сургалт, уулзалтыг сонгогчдын саналыг татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамааруулахгүй.

43.10.Сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээдэд хариуцлага хүлээлгэх зорилгоор тэдгээрийн нэрийн өмнөөс аливаа этгээд санаатайгаар хууль бус сурталчилгаа хийхийг хориглоно.

43.11.Харилцаа холбооны зохицуулах хороо энэ хуулийн 43.8-д заасан үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах бөгөөд энэ хуулийн 43.7, 43.8-д заасныг зөрчсөн тохиолдолд радио, телевизийн байгууллагын олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээгээр дамжих эрхийг зөрчил гарсан өдрөөс эхлэн гурван сар хүртэл хугацаагаар хязгаарлана.

43.12.Шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 41.13, 43.1.8, 43.6-д хяналт тавьж ажиллана.

43.13.Шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хэвлэл мэдээллийн байгууллагад эхний удаа сануулах арга хэмжээг авч болно.

43.14.Энэ хуулийн 43.12-т заасны дагуу зөрчлийг шалгах хугацаанд шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага санал хураалтын дүн гарах хүртэлх хугацаанд олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээгээр дамжих эрхийг хязгаарлах тухай дүгнэлтийг зөвшөөрөл олгосон байгууллагад нь хүргүүлэх арга хэмжээг авч болно.

43.15.Харилцаа холбооны зохицуулах хороо энэ хуулийн 43.14-т заасан дүгнэлтийг үндэслэн тухайн телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээгээр дамжих эрхийг дүгнэлтэд дурдсан хугацаагаар хязгаарлах арга хэмжээг авна.

 


ДОЛДУГААР БҮЛЭГ
СОНГУУЛИЙН ЗАРДАЛ

 

44 дүгээр зүйл.Сонгуулийн зардал

 

44.1.Нэр дэвшүүлсэн нам, эвсэл, түүнчлэн нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сонгогчдод сурталчлах, тайлбарлан таниулах зорилгоор сонгуулийн зардал гаргана.

44.2.Сонгуулийн зардал нь дараах хөрөнгөөс бүрдэнэ:

44.2.1.хандив;

44.2.2.намын өөрийн хөрөнгө;

44.2.3.нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө.

44.3.Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг зохих журмын дагуу нээлгэсэн энэ хуулийн 46.1-д заасан сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна.

44.4.Энэ хуулийн 46.1-д заасан данснаас өөр дансанд сонгуулийн зардал цуглуулах, зарцуулахыг хориглоно.

 

45 дугаар зүйл.Сонгуулийн зардлын дээд хэмжээ

 

45.1.Төрийн аудитын дээд байгууллага нам, эвслээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг ээлжит сонгуулийн жилийн 3 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө энэ хуулийн 45.2-т заасан аргачлалын дагуу тогтоож, нийтэд мэдээлнэ.

45.2.Төрийн аудитын дээд байгууллага зардлын дээд хэмжээг тогтоохдоо нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, өрхийн болон сонгогчийн тоо, энэ хуульд заасан бусад шаардлагыг харгалзах бөгөөд аргачлалыг Сонгуулийн ерөнхий хороотой хамтран батална.

45.3.Энэ хуулийн 45.1-д заасны дагуу тогтоосон зардлын дээд хэмжээг дараагийн ээлжит сонгууль хүртэл мөрдөнө. Ээлжит бус сонгуулиар өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл ээлжит бус сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн тогтоож, нийтэд мэдээлнэ.

 

46 дугаар зүйл.Сонгуулийн зардлын данс

 

46.1.Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл нь улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна.

46.2.Нам нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт салбартай бол тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт сонгуулийн зардлын данс нээлгэж болох бөгөөд уг дансанд хандив авахыг хориглоно. Эвслийн тухайд аймаг, нийслэл сум, дүүрэгт давхардсан данстай байж болохгүй.

46.3.Нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн нам, эвсэл нь сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ.

46.4.Нам, эвсэл нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 13-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй.

46.5.Сонгуулийн зардлын дансанд хуримтлагдах хөрөнгийн хэмжээнд тусгайлан хязгаар тогтоохгүй боловч тухайн сонгуулийн сурталчилгааны хугацаанд сонгуулийн зардлын данснаас зарцуулах зардлын хэмжээ нь энэ хуульд заасны дагуу тогтоосон сонгуулийн зардлын дээд хэмжээнээс хэтрэхгүй.  

46.6.Энэ хуульд тусгайлан зааснаас бусад хугацаанд сонгуулийн зардлын дансаа битүүмжлүүлэх бөгөөд зөвхөн орлого оруулахыг зөвшөөрнө.

46.7.Сонгуулийн зардлын дансны зарлагын битүүмжлэлийг энэ хуульд заасан хугацаагаар нээж өгөх хүсэлтийг нэр дэвшигчийг бүртгэсэн тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийн хамт банканд хүргүүлснээр тухайн банк сонгуулийн зардлын дансны битүүмжлэлийг нээнэ.

 

47 дугаар зүйл.Сонгуулийн зардлын данснаас зарлага гаргах

 

47.1.Нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн өдрөөс эхэлж, сонгуулийн зардлын тайлан гаргах өдрийг дуусах хүртэлх хугацаанд энэ хуулийн 32.1-д заасан байгууллагын үйл ажиллагаа болон энэ хуулийн 34.2-т заасан арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах зориулалтаар сонгуулийн зардлын данснаас дансанд шилжүүлэх хэлбэрээр зарлага гаргаж болно.

47.2.Намууд хамтарч сонгуульд оролцож байгаа бол сонгуулийн зардлын дансанд сонгуулийн зардал шилжүүлэхээс бусад зориулалтаар сонгуулийн зардлын данснаас бие даан зарлага гаргахыг хориглоно.

 

48 дугаар зүйл.Сонгуулийн хандив

 

48.1.Сонгуулийн хандив /цаашид “хандив” гэх/ нь мөнгөн, мөнгөн бус хэлбэртэй байна.

48.2.Хандивлагч энэ хуульд заасан шаардлага хангасан, Монгол Улсын иргэн байна.

48.3.Энэ хуулиар хориглоогүй, түүнчлэн тухайн хуулийн этгээдийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээд хандивлагч байж болно.

 

49 дүгээр зүйл.Мөнгөн хандив

 

49.1.Мөнгөн хандив нь иргэний хувьд гурван сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд арван таван сая төгрөг хүртэл байна.

49.2.Иргэн, хуулийн этгээд нь нам, эвсэлд жилд нэг удаа энэ хуулийн 46.1-д заасан дансанд хандив өгч болно.

49.3.Эвсэлд нэгдсэн намд сонгуульд зориулж хандив өгсөн бол тухайн намын нэгдэн орсон эвсэлд давхардуулан хандив өгөхийг хориглоно.

49.4.Хандив өгч байгаа иргэн, хуулийн этгээд нь нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаан шилжүүлнэ.

49.5.Буцах хаяг нь тодорхойгүй хандивыг холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын орлогод буюу төрийн санд шилжүүлнэ.

49.6.Хуулийн этгээд мөнгөн хандив өгсөн бол уг хандивыг санхүү, татварын тайландаа тусгана.

49.7.Бэлэн мөнгөөр хандив өгөх, авахыг хориглоно.

 

50 дугаар зүйл.Мөнгөн бус хандив

 

50.1.Мөнгөн бус хандивт дараах зүйл хамаарна:

50.1.1.үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг ашиглуулах, эзэмшүүлэх;

50.1.2.үйлчилгээ үзүүлэх.

50.2.Мөнгөн бус хандивыг сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс дуусах хүртэл хугацаанд зөвхөн нэр дэвшигчид өгнө.

50.3.Мөнгөн бус хандив өгч байгаа тохиолдолд хандивлагч нь нэр дэвшигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй хандивын гэрээг бичгээр байгуулж гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулна.

50.4.Мөнгөн бус хандивын үнэлгээг зах зээлийн дундаж ханшийг үндэслэн хандивын гэрээгээр тогтоох бөгөөд уг үнэлгээ нь иргэн болон хуулийн этгээдээс өгөх хандивын дээд хэмжээнээс хэтрэхгүй байна.

 

51 дүгээр зүйл.Хандив өгөх, хүлээн авахыг хориглох

 

51.1.Дараах этгээд хандив өгөхийг хориглоно:

51.1.1.гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага;

51.1.2.гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн;

51.1.3.18 нас хүрээгүй хүн;

51.1.4.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд;

51.1.5.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон албан татварын өр төлбөртэй, дампуурсан хуулийн этгээд;

51.1.6.үйлдвэрчний эвлэл, шашны байгууллага;

51.1.7.байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээд.

51.2.Хандив өгөхийг хориглосон этгээд болон эрх зүйн байдал нь тодорхойгүй этгээд сонгуулийн хандив өгсөн бол хандив хүлээн авах эрх бүхий этгээд буцаан шилжүүлнэ.

51.3.Хандивлагч хандив өгөх бол энэ хуулийн 51.1-д заасан шаардлага хангаж байгаа эсэхээ хандив хүлээн авагчид нотлох бөгөөд энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үүсэх хариуцлагыг хандивлагч өөрөө хүлээнэ.

51.4.Энэ хуулийн 51.2-т заасныг зөрчиж хүлээн авсан хандивыг улсын орлогод буюу төрийн санд шилжүүлнэ.

51.5.Нам өөрийн өмчлөлийн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг нам, эвслийн болон нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд ашиглуулж болох бөгөөд энэ нь хандивт тооцогдохгүй.

51.6.Нам, нэр дэвшигч нь сонгуулийн үйл ажиллагаанд холбогдуулан зээл авахыг хориглоно.

51.7.Нэр дэвшигч болон нам, эвслийн сонгуулийн зардлын данс хооронд шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хандивт тооцохгүй.

 

52 дугаар зүйл.Сонгуулийн зардлын тайлан

 

52.1.Сонгуулийн зардлын тайланд энэ хуулийн 46.1-д заасан дансны орлого, зарлагын мэдээллийг бүрэн тусгах бөгөөд энэ хуулийн 46.2-т заасан дансны зардлын тайланг нэгтгэнэ.

52.2.Сонгуулийн зардлын тайлан нь мөнгөн ба мөнгөн бус хөрөнгийн санхүүгийн тайлан байна.

52.3.Нам, эвсэл нь санал авах өдрөөс хойш 45 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.

52.4.Зардлын тайланг дараах үзүүлэлтээр гаргана:

52.4.1.сонгуулийн зардлын дансанд орсон орлогын нийт хэмжээг энэ хуулийн 44.2-т заасан хөрөнгийн эх үүсвэр болон гүйлгээ тус бүрээр;

52.4.2.хандивлагч иргэн, хуулийн этгээдийн энэ хуулийн 49.4-т заасан мэдээлэл болон хандивын хэмжээ, хэлбэр;

52.4.3.зарлагын ангилал, гүйцэтгэл, гэрээний хамт;

52.4.4.үлдэгдлийн хэмжээ, байршил;

52.4.5.сонгуулийн зардлын данснаас зарлага гаргаж эхлэхийн өмнөх мөнгөн хөрөнгийн хэмжээ.

52.5.Сонгуулийн зардлын данс байршуулсан банкны захирал, эсхүл салбарын эрхлэгч нь уг дансны бүх гүйлгээний хуулгыг гаргаж, санал авах өдрөөс хойш 30 хоногийн дотор төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.

 

53 дугаар зүйл.Сонгуулийн зардлын тайлангийн хяналт ба нээлттэй, ил тод байдал

 

53.1.Төрийн аудитын дээд байгууллага зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлэх бөгөөд нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд мэдээлнэ.

53.2.Төрийн аудитын дээд байгууллага сонгуулийн зардлын тайлангийн талаар дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

53.2.1.нам, эвсэл, нэр дэвшигчийн авсан хандив, санхүүжилт болон зарцуулалтад дангаараа болон төрийн бусад байгууллагатай хамтран хяналт тавих;

53.2.2.нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгуулийн санхүүжилттэй холбоотой мэдээлэл авах;

53.2.3.сонгуулийн санхүүжилт, түүний зарцуулалтад гарсан зөрчлийн талаар баримт бичиг үйлдэх, бүрдүүлэх, холбогдох байгууллагад хүргүүлэх;

53.2.4.төрийн болон бусад байгууллага, албан тушаалтан, иргэдээс сонгуулийн санхүүжилттэй холбоотой баримт бичгийг гаргуулан авах;

53.2.5.зардлын тайлан гаргах, хүлээн авах, нийтэд мэдээлэх, танилцуулахтай холбоотой журам, маягт батлах.

53.3.Төрийн аудитын дээд байгууллага энэ хуулийн 53.2-т заасан бүрэн эрхийн дагуу мэдээлэл, баримт шаардсан тохиолдолд холбогдох иргэн, хуулийн этгээд мэдээлэл, баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.

53.4.Энэ хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй намыг дараагийн сонгуульд бүртгэхгүй.

 


НАЙМДУГААР БҮЛЭГ
САНАЛ АВАХ, СОНГУУЛИЙН ДҮН ГАРГАХ

 

54 дүгээр зүйл.Саналын хуудас

 

54.1.Саналын хуудас сонгогчоос саналаа илэрхийлэх, сонгуулийн дүн гаргах үндсэн баримт бичиг бөгөөд дараах шаардлагыг хангасан байна:

54.1.1.агуулга, бичилт, хэлбэрийн хувьд сонгогчоос саналаа илэрхийлэхэд хялбар, ойлгомжтой;

54.1.2.сонгогч саналаа тэмдэглэх тухай заавар агуулсан.

54.2.Саналын хуудсанд нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэрийг жижиг үсгээр, өөрийнх нь нэрийг том үсгээр бичих ба нэр дэвшүүлсэн нам, эвслийн нэрийг бичнэ.

54.3.Саналын хуудас нэр дэвшигчийн зурагтай байна.

54.4.Нэр дэвшигчдийн нэрийг саналын хуудсанд бичихдээ нэр дэвшүүлсэн намуудын Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллыг, намууд хамтарч нэр дэвшүүлсэн бол Улсын дээд шүүхэд эхэлж бүртгүүлсэн намын дарааллыг баримтална.

54.5.Саналын хуудас нь тусгай нууцлалтай байх бөгөөд аймаг, дүүргийн хэмжээнд нэгдсэн дугаартай байна.

 

55 дугаар зүйл.Саналын хуудсыг хэвлүүлэх, хүргүүлэх, хамгаалах, хадгалах

 

55.1.Сонгуулийн ерөнхий хороо улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн сонгогчийн тоонд үндэслэн саналын хуудасны тоо, загварыг энэ хуульд заасан шаардлагад нийцүүлэн баталж, үнэт цаас хэвлэх тусгай зөвшөөрөлтэй, тагнуулын байгууллагаас олгосон аюулгүй байдлын гэрчилгээ бүхий хуулийн этгээдээр баталж, хэвлүүлнэ.

55.2.Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлэх ажлыг удирдан зохион байгуулна.

55.3.Саналын хуудас хэвлүүлэх, хүргүүлэх, хадгалах үйл ажиллагааны хамгаалалтыг цагдаагийн байгууллага, төрийн тусгай хамгаалалтын асуудал эрхэлсэн байгууллага хариуцах бөгөөд тагнуулын байгууллага хяналт тавьж ажиллана.

55.4.Саналын хуудас нь санал авах өдөр хүртэл, санал авч эхэлснээс хойш санал тоолж дуусах хүртэл, санал авах ажиллагаа дууссанаас хойш холбогдох журмын дагуу аймаг, нийслэлийн архивт хүлээлгэн өгөх хүртэл цагдаагийн байгууллагын хамгаалалт, тагнуулын байгууллагын хяналтад байна.

55.5.Санал хураалт дууссаны дараа саналын хуудсанд агуулагдсан мэдээллийн үнэн зөв, аюулгүй байдлыг хангах зорилгоор саналын хуудсыг битүүмжлэх бөгөөд битүүмжлэлийг задлахгүйгээр сонгуулийн бусад баримт бичгийн хамт аймаг, нийслэлийн архивт хадгална.

55.6.Архивт хадгалсан саналын хуудасны битүүмжлэлийг гагцхүү шүүхийн шийдвэрийн дагуу Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөл, хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан нээж болно.

55.7.Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журмыг баталж, мөрдүүлнэ.

 

56 дугаар зүйл.Санал авах байр, хугацаа

 

56.1.Сонгогчийн саналыг Улаанбаатарын цагаар санал авах өдрийн 07:00 цагаас 22:00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна.

56.2.Тухайн сонгуулийн хэсгийн харьяалагдах сум, дүүргийн Засаг дарга Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан зааврын дагуу санал авахад шаардлагатай дараах зүйлийг санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө бэлэн болгох үүрэгтэй:

56.2.1.санал авах байр;

56.2.2.сонгогч саналаа нууцаар өгөхөд шаардагдах бүхээг;

56.2.3.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогч саналаа нууцаар өгөхөд шаардагдах бүхээг;

56.2.4.суурин болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг;

56.2.5.сонгогчийн бүртгэлийн мэдээллийг ажиглагчид үзүүлэх дэлгэц;

56.2.6.хууль тогтоомжид заасан бусад зүйл.

56.3.Харааны бэрхшээлтэй сонгогч саналаа өгөхөд зориулсан саналын хуудсыг унших, саналаа тэмдэглэх тусгай зориулалтын брайль үсэг бүхий хавтас санал авах байр бүрд байна.

56.4.Санал авах байранд сонгогчдоос саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэх боломжийг хангасан, хэсэг дэх сонгогчийн тооноос хамааран хоёроос доошгүй тооны санал бэлтгэх бүхээг байх бөгөөд санал авах байр бүрд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нэгээс доошгүй санал бэлтгэх бүхээгийг тусгайлан тоноглож бэлтгэсэн байна.

56.5.Санал авах байр нь тэргэнцэртэй сонгогч орох боломжоор хангагдсан байна.

56.6.Нэг барилга байгууламж, цогцолборт хэд хэдэн санал авах байр байрлаж болно.

56.7.Сонгуулийн хэсгийн хороо санал авах байрын дугаар, нэр, хаяг, байршил, орчин тойрны зураглалыг санал авах өдөр хүртэлх 14 хоногийн турш нийтэд зарлан мэдээлнэ.

56.8.Санал авах байрын байршлыг нийтийн эмх замбараагүй байдал, үер ус, гал түймэр зэрэг давагдашгүй хүчин зүйлийн улмаас Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрлөөр өөрчилж болох бөгөөд энэ тухай сонгогчдод нэн даруй мэдээлнэ.

56.9.Санал авах ажиллагааг зохион байгуулах, санал авах байр бэлтгэх заавар, түүнчлэн саналын хайрцаг, санал бэлтгэх бүхээгийн хэмжээ, загварыг Сонгуулийн ерөнхий хороо батална.

56.10.Санал авах байранд санал тоолох төхөөрөмж, сонгогчийн бүртгэлийн техник хэрэгсэл болон саналын хуудас хүлээн авснаас хойш тухайн санал авах байрыг цагдаагийн хамгаалалтад авна.

56.11.Санал авах байрын хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах зорилгоор санал авах байруудад хяналтын камер байрлуулна. Төв суурин газраас алслагдсан баг дахь санал авах байранд хяналтын камер байрлуулж болно.

56.12.Энэ хуулийн 56.11-д заасан хяналтын камерыг сонгогч саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэхэд саад учруулахгүйгээр байрлуулж, сонгогчийг бүртгэх болон санал өгөх орчинд явагдаж байгаа үйл ажиллагааг баримтжуулна.

56.13.Санал авах байранд байрлуулах хяналтын камерт тавигдах шаардлага, түүнийг байрлуулах, ашиглах болон бичлэгийг хадгалах, хамгаалах, устгах журмыг цагдаагийн төв байгууллага Сонгуулийн ерөнхий хороотой хамтран батална.

 

57 дугаар зүйл.Гадаад улсад байгаа иргэдийн санал авах газар, хугацаа

 

57.1.Гадаад улсад байгаа сонгогчийн саналыг Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон санал авах өдөр, тухайн улсын орон нутгийн цагаар 07:00 цагаас 22:00 цаг хүртэлх хугацаанд салбар комиссын тогтоосон санал авах байранд авна.

57.2.Салбар комисс нь санал авах өдөр, цаг, байрыг санал авах өдөр хүртэлх хугацаанд гадаад улсад байгаа сонгогчдод зарлан мэдээлнэ.

57.3.Сонгогчоос саналаа нууцаар өгөхөд шаардагдах санал бэлтгэх бүхээг бүхий байр, саналын хайрцгийг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө энэ хуулийн 56.2-т заасны дагуу тухайн улсад байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн хариуцаж, бэлтгэнэ.

57.4.Санал авах байранд сонгогчоос саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэх боломжийг хангасан, хүрэлцэхүйц тооны санал бэлтгэх бүхээг бэлтгэсэн байна.

57.5.Гадаад улсад байгаа сонгогчийн саналыг Сонгуулийн ерөнхий хорооноос хүргүүлсэн саналын хуудсаар авна.

57.6.Сонгуулийн ерөнхий хороо нь саналын хуудсыг уутны хамт битүүмжлэн, төв комиссоор дамжуулан гадаад улсад байгаа сонгогчдын санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө салбар комисст хүргүүлнэ.

57.7.Салбар комисс нь саналын хуудсыг бүрэлдэхүүнээрээ хүлээн авч, энэ тухай тэмдэглэл үйлдэж гарын үсэг зурна.

57.8.Салбар комисс нь саналын хуудсыг гал ус, гэнэтийн аюулд өртөхөөс урьдчилан сэргийлсэн байранд лацдаж битүүмжлэн хадгална.

 

58 дугаар зүйл.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаа

 

58.1.Өөрийн байнга оршин суугаа аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа дараах сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар түүний хүсэлт, эмнэлгийн магадалгаа, эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн санал авах өдрийн өмнөх өдрийн 09:00-20:00 цагийн хооронд авна:

58.1.1.эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч;

58.1.2.Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч;

58.1.3.зөрчлийн улмаас баривчлагдсан сонгогч;

58.1.4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогч;

58.1.5.зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэргийн анги, салбарт алба хааж байгаа энэ хуулийн 19.6.4, 19.6.5, 19.6.6-д заасны дагуу мэдээллийг нь хүргүүлсэн сонгогч.

58.2.Эрүүл мэндийн байдлын улмаас зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогч нь өөрийн эрүүл мэндийн талаарх эмчийн магадалгааг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн хамт санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө дараах байдлаар хүргүүлнэ:

58.2.1.эмнэлэг, сувилалд хэвтэн эмчлүүлж байгаа сонгогч тухайн байгууллагын захиргаанд;

58.2.2.бусад тохиолдолд өөрийн харьяа хэсгийн хороонд.

58.3.Энэ хуулийн 58.1.1-д заасан сонгогч нь асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй бол тухайн сонгогчийн харьяалагдах баг, хорооны Засаг дарга түүний хүсэлт, мэдээллийг холбогдох хэсгийн хороонд хүргүүлэх үүрэгтэй.

58.4.Энэ хуулийн 58.1-д заасан сонгогч нь зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ тухайн байгууллагын удирдлагад өгөх бөгөөд байгууллагын удирдлага нь уг хүсэлтийг тодорхойлолтын хамт санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө өөрийн байгууллагын нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдах сум, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлнэ.

58.5.Сум, дүүргийн сонгуулийн хороо энэ хуулийн 58.4-т заасны дагуу ирүүлсэн хүсэлт, тодорхойлолтыг санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө тухайн сонгогчийн харьяалагдах хэсгийн хороонд хүргүүлнэ.

58.6.Хэсгийн хороо болон түүний дэргэд ажиллах итгэмжлэгдсэн ажилтан зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн хүсэлт, магадалгаа, тодорхойлолтыг хүлээн авч, дараах ажиллагааг хийнэ:

58.6.1.тухайн хэсгийн сонгогч мөн эсэхийг итгэмжлэгдсэн ажилтны оролцоотойгоор нягтлан шалгах;

58.6.2.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн нэрсийг гаргаж, хэсгийн хорооны дарга зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах хуваарь, чиглэлийг батлах.

58.7.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн саналыг тухайн хэсгийн хорооны хоёроос доошгүй гишүүн хэсгийн хорооны даргын баталсан хуваарь, чиглэлийн дагуу оршин байгаа газарт нь очиж авна.

58.8.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтад ороогүй сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авахыг хориглоно.

58.9.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн иргэний үнэмлэхийг нь шалгасны үндсэн дээр саналын хуудас олгоно.

58.10.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авч байгаа газар дараах этгээд байхыг зөвшөөрнө:

58.10.1.санал авч байгаа газар нь иргэний орон байр бол тухайн иргэний гэр бүлийн гишүүн;

58.10.2.тухайн газар нь эмнэлэг болон түүнтэй адилтгах байгууллага бол хүнд өвчтөн;

58.10.3.ажиглагч;

58.10.4.хамгаалалтад ажиллаж байгаа цагдаагийн албан хаагч.

58.11.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаанд нэр дэвшигчдийн төлөөлөл бүхий хоёроос доошгүй ажиглагчийг оролцуулж болно.

58.12.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааны аюулгүй байдлыг цагдаагийн байгууллага хариуцан ажиллах бөгөөд энэ хуулийн 58.1.3, 58.1.4-т заасан сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах ажиллагааны аюулгүй байдлыг тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд хамтран хэрэгжүүлнэ.

58.13.Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах журмыг Сонгуулийн ерөнхий хороо баталж, мөрдүүлнэ.

 

59 дүгээр зүйл.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх

 

59.1.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогч нь санал бэлтгэх зөөврийн бүхээгт саналаа нууцаар тэмдэглэж, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцагт хийнэ.

59.2.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг санал авах өдөр, сонгогчийн санал авах ажиллагаа эхлэх хүртэл задлахыг хориглоно.

59.3.Энэ зүйлд өөрөөр заагаагүй бол энэ хуульд заасан сонгогч саналаа өгөх журмыг баримтална.

 

60 дугаар зүйл.Санал авах байранд санал авах ажиллагаа

 

60.1.Хэсгийн хорооны бүрэлдэхүүн санал авах байранд санал авах ажиллагаа эхлэхээс өмнө ажиглагчдыг байлцуулан доор дурдсан дарааллын дагуу хэсгийн хорооны дарга мэдээлэл хийж, бэлтгэл ажлыг гүйцэтгэн тэмдэглэл хөтлүүлнэ:

60.1.1.тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчийн тоо, үүнээс зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн сонгогчийн тоог мэдээлэх;

60.1.2.саналын хуудасны нэгдсэн дугаарыг мэдээлэх;

60.1.3.хүлээн авсан, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахад зарцуулсан, үүнээс зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахад сонгогч саналаа буруу тэмдэглэсэн үндэслэлээр буцааж хураагдсан, түүнчлэн алдагдаж үрэгдсэн, устгагдсан, үлдсэн саналын хуудасны тоог мэдээлэх;

60.1.4.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаас бусад санал авах бүх хайрцгийг нээж харуулах, санал тоолох төхөөрөмжийг битүүмжлэх, лацдах, санал авах ажиллагаанд бэлэн болгох.

60.2.Хэсгийн хорооны дарга санал авах ажиллагааны бэлтгэл ажлыг удирдан зохион байгуулах бөгөөд уг ажиллагаанд тухайн хэсгийн сонгогчдын төлөөллийг байлцуулж болно.

60.3.Санал авах ажиллагаа 07:00 цагт эхэлнэ.

60.4.Санал авах ажиллагаа эхэлмэгц зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн сонгогчийн регистрийн дугаараар бүртгэл хийж, сонгогчийн бүртгэлийн хуудсыг итгэмжлэгдсэн ажилтнаар гаргуулан авах бөгөөд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийн битүүмжлэлийг нээж, саналаа өгсөн сонгогчийн саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийнэ.

60.5.Сонгогч өөрийн байнга оршин суугаа газрынхаа харьяа хэсэгт санал өгөх бөгөөд сонгогчийн саналыг энэ хуулийн 60.4-т заасан ажиллагааг хийж дууссаны дараа авч эхэлнэ.

60.6.Санал авах байранд ажиллаж байгаа итгэмжлэгдсэн ажилтан санал өгөхөөр ирсэн сонгогчийн гарын хурууны хээг тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтын цахим сантай тулган таниулж, энэ хуулийн 62.5-д заасан тэмдэглэгээ хийсэн эсэхийг нягтлан шалгасны үндсэн дээр зөрчилгүй бол сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно.

60.7.Сонгогчийн бүртгэлийн төхөөрөмж ажиллахгүй, эсхүл ажиллах боломжгүй болсон бол тухайн сонгогчийн иргэний үнэмлэхийн мэдээллийг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган шалгаж, тэмдэглэл үйлдэх бөгөөд уг тэмдэглэлийг үндэслэн тухайн сонгогчид саналын хуудас олгоно. Энэ тохиолдолд иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан сонгогчийн тухайн цаг үеийн гэрэл зургийг авч, овог, нэр, регистрийн дугаар болон бүртгэлийн хуудас олгосон цаг, минутыг тэмдэглэсэн цаасан архив үүсгэж хадгална.

60.8.Гарын хурууны хээгээр нь сонгогчийг таних боломжгүй бол сонгогчийн иргэний үнэмлэхийн мэдээллийг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган шалгаж сонгогчийн бүртгэлийн хуудас олгох бөгөөд энэ хуулийн 60.7-д заасны дагуу цахим болон цаасан архив үүсгэж хадгална.

60.9.Сонгогч шилжих журмын дагуу шилжин ирсэн сонгогчийн шилжих хуудсыг давхар шалгаж, сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно.

60.10.Хэсгийн хорооны гишүүн сонгогчийн бүртгэлийн хуудсыг авч саналын хуудас олгоно. Бүртгэлийн хуудсыг сонгуулийн бичиг баримтад хавсаргана.

60.11.Хэсгийн хорооны дэргэд ажиллах итгэмжлэгдсэн ажилтан энэ хуулийн 60.7, 60.8, 60.9-д заасны дагуу тэмдэглэл үйлдсэн буюу бүртгэлийн хуудас олгосон сонгогчдын жагсаалтыг тусад нь гаргаж, тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалттай тулгаж, тэмдэглэл үйлдэнэ.

60.12.Саналын хуудас авсан сонгогчоор сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зуруулна.

60.13.Санал авах ажиллагаанд хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг байлцуулж болно.

60.14.Санал авах байранд нэр дэвшигч болон зөвшөөрөлгүй бусад этгээд байхыг хориглох бөгөөд энэ нь тэдгээр этгээд саналаа өгөхөд хамаарахгүй.

60.15.Санал авах өдрийн 22:00 цагт сонгогчийн бүртгэл зогсох бөгөөд бүртгэлийн хуудсаа авсан сонгогчийн саналыг нь өгүүлнэ.

 

61 дүгээр зүйл.Гадаад улсад байгаа сонгогч санал өгөх

 

61.1.Салбар комиссын бүрэлдэхүүн энэ хуулийн 8.3-т заасан гадаадад санал авах өдөр тухайн улсын орон нутгийн цагаар 07:00 цагт ажиглагч, эсхүл сонгогчийн төлөөллийг байлцуулан саналын хайрцгийг нээж харуулан, шалган битүүмжилж, лацадсаны дараа салбар комиссын дарга дараах мэдээллийг хийж тэмдэглэл хөтлүүлнэ:

61.1.1.сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчийн тоо;

61.1.2.хүлээн авсан, алдагдаж үрэгдсэн, устгагдсан, үлдсэн саналын хуудасны тоо;

61.1.3.саналын хуудасны нэгдсэн дугаар.

61.2.Салбар комисс энэ хуулийн 61.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний дараа санал авах ажиллагааг эхлүүлэх бөгөөд ингэхдээ сонгогчийн иргэний үнэмлэх, эсхүл үндэсний гадаад паспортыг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган үзэж, сонгогч бүрд саналын хуудсыг дугтуйн хамт олгоно.

61.3.Саналын хуудас авсан сонгогчоор сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зуруулна.

61.4.Гадаад улсад байгаа иргэдийн санал авах бусад ажиллагаанд санал авах байранд санал авах журмыг баримтална.

61.5.Салбар комисс санал авах ажиллагааны тухай тэмдэглэл хөтөлж бүх бүрэлдэхүүн гарын үсэг зурж, тэмдэг дарах бөгөөд тэмдэглэлд дараах мэдээллийг заавал тусгана:

61.5.1.сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн тоо;

61.5.2.саналын хуудас авсан сонгогчийн тоо;

61.5.3.саналын хуудас дахин авсан сонгогчийн тоо;

61.5.4.ажиглагчийн нэрс;

61.5.5.санал авах өдрийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл.

 

62 дугаар зүйл.Сонгогч саналаа өгөх

 

62.1.Сонгогч санал авах байранд иргэний үнэмлэхтэй ирж, саналаа биечлэн өгнө.

62.2.Сонгогч саналын хуудсанд бичигдсэн зааврын дагуу тэмдэглэгээ хийж саналаа өгнө.

62.3.Сонгогч санал бэлтгэх бүхээгт саналаа нууцаар тэмдэглэнэ. Хэсгийн хорооны дарга, гишүүд болон холбогдох бусад этгээд сонгогчийн саналын нууцлалыг алдагдуулахыг хориглоно.

62.4.Сонгогч саналаа тэмдэглэсний дараа саналын нууцлалыг хангах зориулалт бүхий хавтас хэрэглэж саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийнэ.

62.5.Сонгогч саналаа тэмдэглэсэн саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийсний дараа тухайн сонгогч саналаа өгснийг илэрхийлэх тэмдэглэгээг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан зааврын дагуу хийнэ.

62.6.Сонгогч санал тэмдэглэхдээ алдаа гаргаж буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийхээс өмнө энэ тухай хэсгийн хороонд мэдэгдэж, алдаатай саналын хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч, саналаа өгч болно.

62.7.Санал тоолох төхөөрөмж саналын хуудсыг таньж уншаагүй бол сонгогч энэ тухай хэсгийн хороонд мэдэгдэж, уг саналын хуудсыг хураалгаж, дахин саналын хуудас авч, саналаа өгч болно.

62.8.Хэсгийн хороо хураалгасан саналын хуудасны зүүн доод өнцгийг хайчлан, тэмдэглэл хөтлөн хадгална.

62.9.Эрүүл мэндийн байдал, хөгжлийн бэрхшээл болон боловсролын түвшнээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн сонгуулийн эрх бүхий иргэний туслалцаатайгаар саналаа өгч болно.

62.10.Энэ хуулийн 62.9-д заасан итгэмжилсэн хүн нь хоёроос дээш сонгогчид туслалцаа үзүүлэхийг хориглоно. Сонгуулийн байгууллагын ажилтан, нэр дэвшигч, ажиглагч, улс төрийн албан тушаалтан нь итгэмжилсэн хүн байж болохгүй.

62.11.Хэсгийн хороо нь санал авах ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж, сонгогчийн саналаа нууцаар өгөх эрх зөрчигдсөн тохиолдолд түүнийг таслан зогсоох арга хэмжээг авна.

62.12.Сонгуулийн ерөнхий хороо сонгогчдыг сонгуульд идэвхтэй оролцуулах талаар шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

62.13.Сонгогчид дараах зүйлийг хориглоно:

62.13.1.тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх, эсхүл өөр хүний бичиг баримт, хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох;

62.13.2.тухайн хэсгийн хорооноос олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах, эсхүл санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарах;

62.13.3.саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх, шууд дамжуулах зэрэг үйлдэл гаргах;

62.13.4.саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах, зориулалтын бус үзгээр санал тэмдэглэх;

62.13.5.аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах.

62.14.Сонгогч саналын хуудсанд саналаа тэмдэглэх үед тухайн сонгогчийн дэргэд өөр хүн байхыг хориглоно. Энэ нь энэ хуулийн 64.9-д заасан итгэмжилсэн хүнд хамаарахгүй.

62.15.Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй.

62.16.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 62.5-д заасан зааврыг батлахдаа хөгжлийн бэрхшээлтэй сонгогч саналаа өгснийг илэрхийлэх тэмдэглэгээг тусгасан байна.

 

63 дугаар зүйл.Сонгууль ажиглах

 

63.1.Нэр дэвшигч нэг санал авах байранд гурав хүртэл, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн төрийн бус байгууллага нэг санал авах байранд хоёр хүртэл сонгуулийн ажиглагч /цаашид “ажиглагч” гэх/-ийг томилж ажиллуулах эрхтэй бөгөөд энэ эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно.

63.2.Ажиглагч нь 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байна.

63.3.Нэр дэвшигч болон төрийн албан хаагч ажиглагч байхыг хориглоно.

63.4.Нэр дэвшигчийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн ерөнхий менежер, менежер, шадар туслагч, ухуулагч нь ажиглагчаар томилогдсон бол сонгуулийн хорооны ажиллах байр болон санал авах байранд сонгуулийн сурталчилгаа, түүнтэй холбоотой аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

63.5.Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн гадаадын болон олон улсын байгууллага, гадаад улсын иргэн сонгуулийг ажиглаж болно.

63.6.Сонгууль ажиглах журам, түүнд холбогдох маягт, загварыг Сонгуулийн ерөнхий хороо батална.

63.7.Ажиглагч томилох эрх бүхий этгээд ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу бичгээр гаргаж, санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд хүргүүлнэ.

63.8.Хэсгийн хороо хүсэлтийг хүлээн авч нягтлан шалгаж, санал авах өдрөөс хоёроос доошгүй хоногийн өмнө ажиглагчийн үнэмлэх олгоно.

63.9.Ажиглагчийг бүртгэх хугацаа өнгөрсөн бол хэсгийн хороо ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх тухай хүсэлтийг хүлээн авахгүй.

63.10.Ажиглагч хуульд заагаагүй эрх эдлүүлэхийг шаардах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, худал мэдээлэл нийтэд тараах зэрэг хууль бус арга хэрэглэж хэсгийн хорооны ажилд хөндлөнгөөс оролцвол хэсгийн хорооны дарга ажиглагчийн бүртгэлийг хүчингүй болгож, санал авах байраас гаргана.

63.11.Ажиглагч бүртгэлээс хасагдсан бол ажиглагч томилсон этгээд түүний оронд өөр хүнийг томилох эрхгүй.

63.12.Санал авах байрын багтаамжаас хамаарч бүх ажиглагч санал авах байранд нэгэн зэрэг ажиглалт хийх боломжгүй бол хэсгийн хороо ажиглагчдыг ээлжээр ажиглалт хийх боломжоор хангах бөгөөд санал авах байранд нэр дэвшигч бүрийн нэг ажиглагч байна.

63.13.Төрийн хэргийг удирдахад иргэдийг оролцуулах зорилт бүхий дүрэмтэй, улс төрийн намын дэргэд үйл ажиллагаа явуулдаггүй, хараат бус төрийн бус байгууллага нь сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, хөндлөнгийн хяналт хийх эрхтэй.

63.14.Энэ хуулийн 63.13-т заасан үйл ажиллагааг зохицуулах журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална.

 

64 дүгээр зүйл.Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг ажиглах

 

64.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг ажиглахтай холбогдсон харилцаанд сонгууль ажиглах ерөнхий журмыг баримтална.

64.2.Ажиглагч томилох эрх бүхий этгээд гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагаанд хоёр хүртэл ажиглагчийг томилон ажиллуулж болно.

64.3.Ажиглагч томилох эрх бүхий этгээд гадаад улсад байгаа сонгогчдоос санал авах ажиллагаанд ажиглагч томилох бол энэ тухай хүсэлтээ төв комисст хүргүүлнэ.

64.4.Төв комисс нь гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг ажиглахаар томилогдсон ажиглагчийн мэдээллийг холбогдох салбар комисст хүргүүлэх бөгөөд ажиглагч нь гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдрөөс ажлын гурваас доошгүй хоногийн өмнө салбар комисст бүртгүүлж, ажиглагчийн үнэмлэх авна.

64.5.Сонгогчийг санал өгсний дараа санал авах байранд өгсөн саналынх нь талаар асуухыг хориглоно.

 

65 дугаар зүйл.Ажиглагчийн эрх

 

65.1.Ажиглагч санал авах, тоолох, дүн гаргах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхийг зөвхөн хөндлөнгөөс ажиглана.

65.2.Ажиглагч дараах эрх эдэлнэ:

65.2.1.саналын хуудасны битүүмжлэгдсэн байдал болон зарцуулалтын тайлантай танилцах;

65.2.2.санал авах, дүн гаргах, хяналтын тооллогын үйл ажиллагааг бүрэн ажиглах;

65.2.3.санал бэлтгэх бүхээг, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг, санал тоолох төхөөрөмж, саналын хайрцаг болон санал авах байр хууль тогтоомжийн дагуу бэлтгэгдсэн эсэхтэй танилцах;

65.2.4.санал авах, дүн гаргах, хяналтын тооллого хийх явцад зөрчил гарсан гэж үзвэл хэсгийн хороонд мэдэгдэж тайлбар авах, баримтжуулах;

65.2.5.сонгогчийн саналаа нууцаар гаргах эрхийг хөндөхгүйгээр дуу болон дүрс бичлэгийн хэрэгсэл ашиглан сонгуулийн үйл явцыг баримтжуулах;

65.2.6.хэсгийн хорооны гишүүдээс холбогдох мэдээлэл авах;

65.2.7.ажиглалтын тайланг бодит тоо, баримтад тулгуурлан гаргах;

65.2.8.санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас авах;

65.2.9.цахим хэлбэрээр хуулбарласан саналын хуудасны зурган мэдээллийг авах;

65.2.10.энэ хуулийн 60.11-д заасан жагсаалт болон тэмдэглэлтэй танилцах, уг жагсаалтыг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган, шалгах.

65.3.Ажиглагчийн эрх нь ажиглагчийн үнэмлэх авснаар эхэлж, энэ хуульд заасны дагуу дүн гарснаар дуусгавар болно.

 

66 дугаар зүйл.Санал авах өдөр санал тоолох төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах

 

66.1.Сонгуулийн санал авах өдөр санал тоолох төхөөрөмжийн хэвийн ажиллагааг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв /цаашид “Мэдээллийн технологийн төв” гэх/, ажлын хэсэг, мэдээллийн технологийн баг, даамлууд хариуцан ажиллана.

66.2.Мэдээллийн технологийн багийн гишүүн, даамал нь төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагч байх бөгөөд Мэдээллийн технологийн төвийн сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байна.

66.3.Сургалт явуулах, гэрчилгээ олгох тухай журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална.

66.4.Санал авах байранд санал тоолох төхөөрөмжийг хариуцан ажиллаж байгаа даамал нь гэмтэл, саатал гарсан тохиолдолд дараах арга хэмжээг авна:

66.4.1.мэдээллийн технологийн багт шуурхай мэдэгдэх ба гэмтэл, саатлыг арилгах, боломжгүй тохиолдолд мэдээллийн технологийн багаас туслалцаа авах, санал тоолох нөөц төхөөрөмжид санал авах, тоолох ажиллагааг шилжүүлэх арга хэмжээг нэн даруй авах;

66.4.2.санал тоолох хоёр дахь болон нөөц төхөөрөмж байхгүй тохиолдолд хэсгийн хорооны зөвшөөрлөөр саналын хайрцгийн нөөц тасалгааны лацыг хөндөж саналын хуудсыг хийлгэх;

66.4.3.санал тоолох төхөөрөмж хэвийн ажиллагаанд шилжсэний дараа саналын хайрцгийн нөөц тасалгаан дахь саналын хуудсыг холбогдох журамд заасны дагуу төхөөрөмжид уншуулах.

66.5.Даамал нь сонгогчийн саналаа нууцаар гаргах эрхийг аливаа хэлбэрээр зөрчихийг хориглоно.

 

67 дугаар зүйл.Санал авах өдөр хориглох үйл ажиллагаа

 

67.1.Санал авах өдөр дараах үйл ажиллагааг хориглох бөгөөд аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллана:

67.1.1.согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах;

67.1.2.соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээг зохион байгуулах;

67.1.3.гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллах.

 

68 дугаар зүйл.Санал хураалтын дүн гаргах, дамжуулах

 

68.1.Мэдээллийн технологийн даамал санал авах ажиллагаа дуусмагц дараах ажиллагааг гүйцэтгэнэ:

68.1.1.санал тоолох төхөөрөмжөөс дүнгийн хуудсыг шаардлагатай тоогоор хэвлэж, хэсгийн хороонд өгөх;

68.1.2.санал хураалтын дүнг энэ хуулийн 68.5-д заасан хэсгийн хорооны ажиллагаанаас хамаарахгүйгээр Сонгуулийн ерөнхий хороонд нэн даруй дамжуулах.

68.2.Санал авах ажиллагааны хуулиар тогтоосон цаг дуусаагүй байхад санал тоолох төхөөрөмжөөс дүнгийн хуудсыг хэвлэж гаргахыг хориглоно.

68.3.Санал хураалтын дүнг дамжуулахгүй байх, саатуулах, зогсоохыг хориглоно.

68.4.Санал хураалтын дүнг дамжуулах үеийн хамгаалалтыг тухайн санал авах байрын хамгаалалтад ажиллаж байгаа цагдаагийн ажилтан хариуцна. 

68.5.Хэсгийн хороо дараах ажиллагааг гүйцэтгэнэ:

68.5.1.хэсгийн хороо санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудсыг ажиглагч нарт өгч, дүнг танилцуулсан тухай тэмдэглэлд тусгах;

68.5.2.санал авах байранд болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгсөн сонгогчийн тоо нь санал авахад олгосон саналын хуудасны тоо, буруу тэмдэглэл хийснээс болон санал тоолох төхөөрөмж саналын хуудсыг таньж уншаагүйгээс буцааж хураагдсан саналын хуудасны тоо нь саналаа өгсөн нийт сонгогчийн тоотой тохирч байгаа эсэхийг тулган шалгаж, тооцоог эцэслэн гаргах;

68.5.3.санал авахад зарцуулсан болон зарцуулагдаагүй үлдсэн саналын хуудасны нийлбэр нь тухайн хэсгийн хорооны хүлээн авсан нийт саналын хуудасны тооноос зөрвөл шалтгааныг тогтоох бөгөөд шаардлагатай гэж үзвэл саналын хуудсыг нэн даруй дахин тоолж, тэмдэглэл үйлдэнэ. Тэмдэглэлд хэсгийн хорооны дарга, гишүүд гарын үсэг зурах;

68.5.4.санал авахад зарцуулагдаагүй үлдсэн саналын хуудасны баруун доод өнцгийг нь хайчлан, энэ тухай тэмдэглэлд тусган боож, битүүмжлэх.

68.6.Санал тоолох төхөөрөмжөөс гарсан санал хураалтын дүнгийн хуудсанд хэсгийн хорооны дарга гарын үсэг зурж, тэмдэг дарсан байна.

68.7.Энэ хуулийн 68.5.3-т заасны дагуу саналын хуудсыг дахин тоолоход саналыг тоолохгүй.

68.8.Хэсгийн хороо дүн дамжуулах, танилцуулах ажиллагааг ил тод нээлттэй явуулна. Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг байлцуулж болно.

68.9.Санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүн нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна.

68.10.Санал хураалтын дүнгийн хуудас дараах мэдээллийг агуулна:

68.10.1.санал тоолох төхөөрөмжид уншигдсан нийт саналын хуудасны тоо;

68.10.2.нэр дэвшигч бүрийн авсан саналын тоо;

68.10.3.санал огт тэмдэглээгүй саналын хуудасны тоо.

68.11.Санал тоолох төхөөрөмжид уншигдсан нийт саналын хуудас нь хүчинтэй саналын хуудас байна.

68.12.Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудсанд тооцно.

68.13.Санал хураалтын дүнг санал тоолох төхөөрөмжөөр гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн бол тухайн хэсгийн санал хураалтын дүнг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу гаргана.

68.14.Санал авах байранд ажилласан ажиглагчийн хүсэлтийг үндэслэн  саналын хуудасны зурган мэдээллийг өгөх бөгөөд уг ажлыг хэсгийн хороо, мэдээллийн технологийн даамал болон итгэмжлэгдсэн ажилтан хариуцна.

68.15.Санал авах ажиллагаа дууссаны дараа бүх хэсэгт хяналтын тооллого хийнэ. Хяналтын тооллогыг энэ хуулийн 68.5.2, 68.16, 68.17, 68.18, 68.19, 68.20-д заасны дагуу хийнэ.

68.16.Хэсгийн хороо хяналтын тооллогыг хийхдээ санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудас бүрийн нэгдсэн дугаарыг шалгаж, гар аргаар нэг бүрчлэн тоолно.

68.17.Хяналтын тооллого хийх ажиллагаанд ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг ажиглагчаар оролцуулж болно.

68.18.Санал тоолж эхэлсэн бол завсарлахыг хориглоно.

68.19.Хяналтын тооллого хийх журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална.

68.20.Хяналтын тооллогын үйл ажиллагааг бүхэлд нь хяналтын камерт буулгана.

 

69 дүгээр зүйл.Гадаад улсад байгаа иргэдээс авсан саналыг тоолох

 

69.1.Гадаад улсад байгаа иргэдийн санал тоолох ажиллагааг Сонгуулийн ерөнхий хороо гүйцэтгэнэ.

69.2.Сонгуулийн ерөнхий хороо санал тоолох ажиллагааг өөрийн байранд санал авах өдрийн 22:00 цагт эхэлж, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг байлцуулан ил тод, нээлттэй явуулна.

69.3.Сонгуулийн ерөнхий хороо дараах ажиллагааг гүйцэтгэсний дараа саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж саналыг тоолон санал хураалтын дүнг гаргаж нэн даруй мэдээлнэ:

69.3.1.төв комиссоос ирүүлсэн саналын хуудас бүхий битүүмжилсэн дугтуйн нийт тоо нь санал авахад олгосон саналын хуудасны тоотой тохирч байгаа эсэхийг тулган шалгаж, эцсийн тооцоо гаргах;

69.3.2.санал авахад зарцуулаагүй үлдсэн болон буруу тэмдэглэл хийснээс хураагдсан саналын хуудсыг тус тусад нь тоолох;

69.3.3.битүүмжилсэн дугтуйнуудыг нээж, саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийхэд бэлэн болгох.

 

70 дугаар зүйл.Саналын хуудсыг хүчингүйд тооцох

 

70.1.Нэгээс илүү нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно.

70.2.Баталсан загвар, шаардлагыг хангаагүй саналын хуудас хүчингүй байх бөгөөд хүчингүй саналын хуудсаар санал авах, өгөхийг хориглоно.

 

71 дүгээр зүйл.Санал хураалтын дүн, сонгуулийн баримт бичгийг хүргүүлэх

 

71.1.Хэсгийн хороо санал тоолох төхөөрөмжөөс хэвлэсэн тухайн хэсгийн санал хураалтын дүнг танилцуулсаны дараа санал хураалтын дүнгийн хуудсыг тухайн хэсэгт санал өгсөн сонгогчдын нэрийн жагсаалт, тэмдэглэл сонгуулийн бусад баримт бичгийн хамт сум, дүүргийн сонгуулийн хороонд, сум, дүүргийн сонгуулийн хороо нь аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд, аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь Сонгуулийн ерөнхий хороонд тус тус нэн даруй хүргүүлнэ.

71.2.Хэсгийн хороо саналын хайрцаг /санал тоолох төхөөрөмж/-аас гарсан саналын хуудас, буцааж хураагдсан саналын хуудас, зарцуулагдаагүй үлдсэн саналын хуудсыг тус тусад нь тоолон, багцлан боож битүүмжлэн, сонгуулийн бусад баримт бичгийн хамт сум, дүүргийн сонгуулийн хороонд, сум, дүүргийн сонгуулийн хороо нь аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлэх бөгөөд холбогдох журамд заасны дагуу аймаг, нийслэлийн архивт хүлээлгэн өгнө.

71.3.Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо өөрийн нутаг дэвсгэрийн хэмжээн дэх санал хураалтын дүнг сум, дүүргийн сонгуулийн хорооноос ирүүлсэн хэсгийн хорооны санал хураалтын дүнг үндэслэн нэгтгэнэ.

71.4.Салбар комисс санал хураалт дууссаны дараа дараах ажиллагааг гүйцэтгэж, санал авах ажиллагааны тэмдэглэл болон сонгуулийн бусад баримт бичгийг Төв комиссоор дамжуулан Сонгуулийн ерөнхий хороонд нэн даруй хүргүүлнэ:

71.4.1.битүүмжилсэн саналын хайрцгийг нээж, санал өгсөн нийт сонгогчийн тоо саналын хуудас бүхий дугтуйны тоотой тохирч байгаа эсэхийг тулган шалгаж, эцсийн тооцоог гаргах;

71.4.2.санал авахад зарцуулаагүй үлдсэн болон буруу тэмдэглэл хийснээс хураагдсан саналын хуудсыг тус тусад нь тоолж, баруун дээд өнцгийг нь хайчлан, энэ тухай тэмдэглэлд тусган битүүмжлэх.

 

72 дугаар зүйл.Сонгуулийн дүн гаргах, мэдээлэх

 

72.1.Сонгуулийн ерөнхий хороо санал хураалтын дүнг үндэслэн нэр дэвшигчдийн авсан нийт саналыг нэр дэвшигч тус бүрээр гаргана.

72.2.Сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргаж, нийтэд мэдээлнэ.

72.3.Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн дүн болон Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг санал хураалт дууссан өдрөөс хойш 10 хоногийн дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

 

73 дугаар зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргах

 

73.1.Монгол Улсын Их Хурал анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг үндэслэн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хууль гаргана.

 

 

ЕСДҮГЭЭР БYЛЭГ

ДАХИН САНАЛ ХУРААЛТ, ХОЁР ДАХЬ САНАЛ ХУРААЛТ ЭЭЛЖИТ БУС,

ДАХИН СОНГУУЛЬ ЯВУУЛАХ

 

74 дүгээр зүйл.Ээлжит бус сонгууль явуулах

 

74.1.Энэ хуулийн 4.2.2-т заасан үндэслэлээр ээлжит бус сонгууль явуулна.

74.2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон бол ээлжит бус сонгуулийг энэ хуульд нийцүүлэн дөрвөн сарын дотор зохион байгуулж явуулна.

 

75 дугаар зүйл.Дахин сонгууль явуулах

 

75.1.Энэ хуулийн 4.2.3-т заасан үндэслэлээр дахин сонгууль явуулна.

75.2.Дахин сонгуулийг энэ хуульд заасны дагуу зохион байгуулна.

 

76 дугаар зүйл.Санал хураалтыг хүчингүйд тооцох, дахин санал хураалт явуулах

 

76.1.Сонгуулийн ерөнхий хороо дараах тохиолдолд санал хураалтыг хүчингүйд тооцно:

76.1.1.байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаангүй байхад урьд нь зарласнаас өөр байранд санал авсан, түүнчлэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авснаас бусад тохиолдолд санал авахаар зарласнаас өөр өдөр санал авсан нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр бол;

76.1.2.саналын хуудас бүхий зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг алдсан, үрэгдүүлсэн, санал авах журам зөрчсөн нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр бол.

76.2.Энэ хуулийн 76.1-д заасны дагуу санал хураалтыг хүчингүйд тооцсон бол хүчингүйд тооцсон хэмжээгээр дахин санал хураалт явуулна.

76.3.Дахин санал хураалт явуулах тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргах бөгөөд дахин санал хураалтыг шийдвэр гарснаас хойш 10 хоногийн дотор амралтын өдөр явуулна.

76.4.Дахин санал хураалтад дараах сонгогчийг оролцуулна:

 76.4.1.хэсгийн хэмжээгээр хүчингүйд тооцсон бол хүчингүйд тооцсон тухайн хэсгийн нийт сонгогчийг;

 76.4.2.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авсан саналыг хүчингүйд тооцсон бол уг саналын хайрцагт саналаа өгсөн сонгогчийг.

76.5.Сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөх гэж санал хураалтын явцад гарсан зөрчил нь сонгуулийн дүнд илт нөлөөлөхүйц буюу сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигч ба түүний дараах нэр дэвшигчийн авсан саналын зөрүүтэй тэнцүү, эсхүл их байхыг ойлгоно.

 

 77 дугаар зүйл.Хоёр дахь санал хураалт явуулах

 

77.1.Нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь санал хураалтад оруулна.

77.2.Сонгуулийн ерөнхий хороо хоёр дахь санал хураалтыг анхны санал авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зарлан, зохион байгуулна.

77.3.Сонгуулийн ерөнхий хороо хоёр дахь санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал аваагүй тохиолдолд дахин сонгууль явуулна.

 

78 дугаар зүйл.Нэмэлт санал хураалт явуулах

 

78.1.Сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчийн 50 буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол 50 хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нь нэмэлт санал хураалт явуулна.

78.2.Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцно.

78.3.Нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдыг оролцуулна.

78.4.Нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргах бөгөөд шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор зохион байгуулж явуулна.

 


АРАВДУГААР БҮЛЭГ
ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИГЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА, ГОМДОЛ МАРГААН

ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ХАРЬЯАЛАЛ

 

79 дүгээр зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль тогтоомж зөрчигчид

хүлээлгэх хариуцлага

 

79.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

80 дугаар зүйл.Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн тухай гомдол, маргааныг 

шийдвэрлэх харьяалал

 

80.1.Сонгуулийн гомдол, маргааныг хянан шийдвэрлэж байгаа эрх бүхий этгээд нь тухайн гомдол, маргааны онцлог байдлыг харгалзан энэ хуульд өөрөөр заагаагүй бол тухайн сонгуулийн жилд багтаан шийдвэрлэнэ.

80.2.Сонгуулийн хороод энэ хуульд заасны дагуу шатлан захирагдах зарчмаар ажиллах бөгөөд сум, дүүргийн сонгуулийн хорооны шийдвэрт холбогдуулан аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд, аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрт холбогдуулан Сонгуулийн ерөнхий хороонд тус тус гомдол гаргана.

80.3.Энэ хуульд заасны дагуу санал хураалтын дүнг өргөн мэдүүлсэн Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрт холбогдуулан гаргасан маргааныг Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэнэ.

80.4.Энэ хуулийн 80.3-т зааснаас бусад Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрт холбогдох маргааныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар, Улсын дээд шүүх давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ.

80.5.Сонгуулийн хороодын шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдол, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.

80.6.Сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно.

80.7.Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан болох нь тогтоогдсон бол мэдээлэл гаргасан иргэн тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг гэм буруутай этгээдээс гаргуулахаар шаардах эрхтэй.

 


АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

 

81 дүгээр зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль батлах,

түүнд өөрчлөлт оруулах

 

81.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль батлах, түүнд өөрчлөлт оруулахыг хориглоно.

 

82 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

 

82.1.Энэ хуулийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА                                            Г.ЗАНДАНШАТАР