АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 01 сарын 30 өдөр

 

Төрийн ордон, Улаанбаатар хот

 

АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ

 

НЭГДҮГЭЭР БYЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт  

1.1.Энэ хуулийн зорилт нь аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах үндсэн зарчим, журмыг тодорхойлж, түүнтэй холбогдсон харилцааг зохицуулах, Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад оршино.

2 дугаар зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн

Хурлын сонгуулийн хууль тогтоомж

2.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль,  энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“18 нас хүрсэн” гэж тухайн иргэний төрсөн он, сар, өдрөөс тоолоход сонгуулийн санал авах өдөр буюу түүнээс өмнө тухайн насанд хүрсэн байхыг;

3.1.2.“нэр дэвшигч” гэж 18 нас хүрсэн, энэ хуульд заасан журмын дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг;

3.1.3.“итгэмжлэгдсэн ажилтан” гэж улсын бүртгэлийн байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байгаа төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийг;

3.1.4.“итгэмжилсэн хүн” гэж сонгогч өөрөө тухайлан сонгож, санал өгөхөд нь унших, бичих хэлбэрээр туслалцаа үзүүлэх чадвартай, насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэнийг;

3.1.5.“сонгогч” гэж сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн, тухайн засаг захиргааны нэгжид байнга оршин суугчаар бүртгэгдэн оршин сууж байгаа сонгуулийн эрх бүхий иргэнийг;

3.1.6.“сонгуулийн эрх бүхий иргэн” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол Улсын иргэнийг;

3.1.7.“сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг;

3.1.8.“цахим хуудас” гэж бүх төрлийн контентыг интернэтийн домэйн нэр болон цахим орчин дахь олон нийтийн сүлжээг ашиглан хэрэглэгчид хүргэдэг программ хангамжийг;

3.1.9.“ял эдэлж байгаа” гэж Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан үндсэн болон нэмэгдэл ялыг эдэлж дуусаагүй, эсхүл торгох ялыг биелүүлээгүй байхыг.

4 дүгээр зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн

Хурлын сонгууль

4.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль /цаашид “орон нутгийн Хурлын сонгууль” гэх/ нь Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, тухайн нутгийн өөрөө удирдах байгууллагыг өөрсдийн төлөөллөөр бүрдүүлэх үндсэн арга мөн.

4.2.Орон нутгийн Хурлын сонгуулиар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тогтоосон тооны орон нутгийн Хурлын Төлөөлөгчийг сонгоно.

4.3.Орон нутгийн Хурлын сонгууль нь ээлжит, ээлжит бус, нөхөн, дахин сонгууль гэсэн төрөлтэй байна.

4.4.“Ээлжит сонгууль” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт зааснаар дөрвөн жил тутам явагдаж байгаа сонгуулийг ойлгоно.

4.5.“Ээлжит бус сонгууль” гэж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар Хурлын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд явагдах сонгуулийг ойлгоно.

4.6.“Нөхөн сонгууль” гэж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар Хурлын Төлөөлөгчийн орон гарсан суудлыг нөхөх зорилгоор явагдах сонгуулийг ойлгоно.

4.7.“Дахин сонгууль” гэж төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.13-т зааснаар тухайн тойрогт энэ хуульд заасны дагуу шинээр явагдах сонгуулийг ойлгоно.

4.8.Орон нутгийн Хурлын сонгууль олонхын /мажоритар/ тогтолцоотой байна.

4.9.Орон нутгийн Хурлын сонгуулийн санал хураалт дараах төрөлтэй байна:

4.9.1.нэр дэвшигчдийн авсан саналын тоо тэнцсэн тохиолдолд явагдах нэмэлт санал хураалт;

4.9.2.энэ хуулийн 79 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд явагдах дахин санал хураалт.

5 дугаар зүйл.Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрх

5.1.Тухайн засаг захиргааны нэгжид байнга оршин суугчаар бүртгүүлсэн сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэн /цаашид “иргэн” гэх/ үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр орон нутгийн Хурлын сонгуульд оролцож, тухайн шатны Хурлын Төлөөлөгчийг сонгох эрхтэй.

5.2.18 нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй.

5.3.Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, эсхүл хорих ял эдэлж байгаа иргэн сонгуульд оролцох эрх эдлэхгүй.

5.4.Иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах,  сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно.

6 дугаар зүйл.Төлөөлөгчид нэр дэвшүүлэх эрх

6.1.Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн, тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийн салбартай нам орон нутгийн Хурлын сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнийг Хурлын төлөөлөгчид /цаашид “төлөөлөгч” гэх/ нэр дэвшүүлэх эрхтэй.

6.2.Орон нутгийн Хурлын сонгуульд намууд эвсэл байгуулан оролцож, төлөөлөгчид нэр дэвшүүлж болно.

6.3.Эвсэлд нэгдсэн бүх нам энэ хуулийн 6.1-д заасан шаардлагыг хангасан байна.

6.4.Энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн орон нутгийн Хурлын сонгуульд бие даан нэрээ дэвшүүлэх эрхтэй.

6.5.Сум, дүүргийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшигч нь аймаг, нийслэлийн Хурлын Төлөөлөгчид зэрэг нэр дэвшиж болно.

7 дугаар зүйл.Сонгуулийн зарчим

7.1.Сонгуулийн зарчим нь иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад үндэслэнэ.

7.2.Сонгууль нь бүх нийтийн байх бөгөөд түүнд сонгогч бүр оролцох эрхтэй.

7.3.Сонгогч сонгуульд шууд сонгох эрхийнхээ үндсэн дээр ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож, саналаа нууцаар гаргана.

7.4.Сонгууль зохион байгуулах төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, түүний албан тушаалтан, нэр дэвшигч, сонгуульд оролцогч нам, эвсэл, бусад байгууллага, түүний албан тушаалтан сонгууль зохион байгуулах, түүнд оролцохдоо дараах зарчмыг баримтална:

7.4.1.хууль дээдлэх;

7.4.2.ил тод байдлыг хангах;

7.4.3.шударга ёсыг сахих.

7.5.Сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны ил тод байдлыг хангах зарчим нь сонгогч саналаа нууцаар гаргахад хамаарахгүй.

7.6.Сонгогч саналаа нууцаар өөрөө гаргах ба хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж, саналаа өгөх боломжоор хангагдсан байна.

8 дугаар зүйл.Сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулах

8.1.Сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулахтай холбогдсон харилцааг Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулиар зохицуулна.

9 дүгээр зүйл.Орон нутгийн Хурлын сонгууль товлон зарлах

9.1.Монгол Улсын Их Хурал орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно.

9.2.Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь ээлжит сонгуулийн жилийн 10 дугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр байна.

9.3.Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна.

9.4.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсны улмаас орон нутгийн Хурлын ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол Монгол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг хойшлуулж болно.

9.5.Сонгууль товлон зарласны дараа энэ хуулийн 9.4-т заасан онцгой нөхцөл бий болсон тохиолдолд Монгол Улсын Их Хурал орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зогсооно.

9.6.Энэ хуулийн 9.4, 9.5-д заасан онцгой нөхцөл арилсны дараа Монгол Улсын Их Хурал ажлын долоон өдөрт багтаан, санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлана.

9.7.Тухайн орон нутгийн Хурлын бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Тэргүүлэгчид ээлжит бус сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш ажлын 10 өдрийн дотор, санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө энэ хуульд нийцүүлэн ээлжит бус сонгуулийг товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно.

9.8.Орон нутгийн Хурлын нөхөн сонгуулийг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тухайн нөхцөл байдал үүссэнээс хойш 60 хоногт багтаан товлон зарлана.

9.9.Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн 6 дугаар сарын гурав дахь долоо хоногийн Ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна.

9.10.Энэ хуулийн 9.9-д заасан хугацаанд тухайн шатны сонгуулийн хороо дахин сонгуулийг санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлах, нөхөн болон дахин сонгуулийг энэ хуульд нийцүүлэн зохион байгуулах үүрэгтэй.                                                                         

9.11.Дахин сонгууль зохион байгуулах тухайн шатны сонгуулийн хороо нь татан буугдсан, эсхүл бүрэлдэхүүнгүй болсон бол Сонгуулийн ерөнхий хороо энэ хуульд нийцүүлэн тухайн шатны сонгуулийн хороог байгуулна.

9.12.Орон нутгийн Хурлын сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг Сонгуулийн ерөнхий хороо батална.

9.13.Энэ хуулийн 9.10-т заасныг зөрчсөн төрийн албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 48.1.4-т заасны дагуу төрийн албанаас хална.

10 дугаар зүйл.Сонгуулийн үйл ажиллагааны эдийн засгийн баталгаа

10.1.Орон нутгийн Хурлын сонгууль зохион байгуулахтай холбогдсон доор дурдсан зардлыг Сонгуулийн ерөнхий хорооны төсөвт тусгаж, улсын төсвөөс санхүүжүүлнэ:

10.1.1.сонгуулийн байгууллагын үйл ажиллагааны зардал;

10.1.2.нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, менежер, ухуулагч болон сонгуулийн ажиглагчийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн таних тэмдэг, саналын хуудас, сонгуулийн дүн, мэдээний маягт, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо болон хэсгийн хороод /цаашид “сонгуулийн хороо” гэх/-ын албан бичгийн хэвлэмэл хуудас, үнэмлэх, батламж хэвлүүлэх, төрийн далбаа, тэмдэг хийлгэх, бэлтгэх, хүргэх зардал;

10.1.3.санал авах, тоолох, дүн гаргах ажиллагаанд хэрэглэх техник, тоног төхөөрөмж, тэдгээрийн сэлбэг хэрэгсэл, программ хангамж, санал тэмдэглэх хэрэгсэл худалдан авах, түрээслэх, ашиглах, хамгаалах, хадгалах, засвар үйлчилгээ хийх, тээвэрлэх, даатгал, лицензийн төлбөр, санал хураалтын дүнгийн мэдээ дамжуулах зардал;

10.1.4.саналын нууцлалыг хангах зориулалт бүхий хавтас, брайль хавтас, дугтуй, саналын хуудасны уут, лац болон тэдгээрийг худалдан авах, тээвэрлэх зардал;

10.1.5.саналын хайрцаг хийх, хүргэх, сонгуулийн хэсгийн хороодын ажиллах болон санал авах байр бэлтгэх зардал;

10.1.6.сонгуулийн хууль тогтоомж болон сонгууль зохион байгуулахтай холбогдсон эрх зүйн бусад акт, гарын авлага, сургалт, сурталчилгааны материал боловсруулах, хэвлэх, хүргэх, архивын баримт үүсгэх, устгах зардал;

10.1.7.сонгуулийн хууль тогтоомжийг сурталчлах болон сонгууль зохион байгуулах, түүний бэлтгэл ажлын явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах арга хэмжээний зардал;

10.1.8.байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтнуудад гэрчилгээ олгох сургалт зохион байгуулах зардал;

10.1.9.сонгууль зохион байгуулахтай холбогдсон сургалтын зардал;

10.1.10.сонгуулийн хорооны ажилтан, мэдээллийн технологийн багийн болон ажлын хэсгийн гишүүн, даамал, нөөц даамлын ажилласан хугацааны мөнгөн урамшуулал, хоолны зардал;

10.1.11.сонгуулийн хорооны бичиг хэрэг, шуудан, холбоо, унаа, албан томилолтын зардал;

10.1.12.онцгой нөхцөл байдал үүссэн үед гарч болзошгүй зардал;

10.1.13.дахин болон нэмэлт санал хураалт явуулах зардал;

10.1.14.энэ хуулийн 45, 46 дугаар зүйл, 47.10-т заасан сонгуулийн сурталчилгаанд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулахтай холбогдон гарах зардал;

10.1.15.сонгууль зохион байгуулахтай холбогдон гарах бусад зардал.

 

10.2.Орон нутгийн Хурлын сонгууль зохион байгуулахтай холбогдсон доор дурдсан зардлыг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тухайн жилийн төсөвт тусгаж, улсын төсвөөс санхүүжүүлнэ:

10.2.1.сонгогчийг бүртгэх, түүнийг таньж оруулах техник хэрэгсэл, сэлбэг, программ хангамж худалдан авах, түрээслэх, ашиглах, хадгалах, хамгаалах, засвар үйлчилгээг хийх, тээвэрлэх, даатгал хийлгэх зардал, лицензийн төлбөр;

10.2.2.сонгогчийн нэрийн жагсаалт үйлдэх, түүнийг цахим хуудаст байршуулах, хэвлэх, хүргэх, мэдээлэл, сурталчилгаа явуулах, түүнтэй холбогдон гарах бусад зардал;

10.2.3.улсын бүртгэлийн байгууллагын ажилтан, итгэмжлэгдсэн болон гэрээт ажилтны мөнгөн урамшуулал, хоол, холбоо, унаа, томилолтын зардал;

10.2.4.улсын бүртгэлийн байгууллагын ажилтан, итгэмжлэгдсэн болон гэрээт ажилтны сургалт зохион байгуулах, түүнтэй холбогдон гарах бусад зардал;

10.2.5.сонгогчийг бүртгэх техник хэрэгслийн аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын ажилтны томилолт, унааны зардал, техник тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах үүрэг бүхий мэдээллийн технологийн шуурхай багийн ажилтны мөнгөн урамшуулал, хоолны зардал;

10.2.6.онцгой нөхцөл байдал үүссэн үед гарч болзошгүй зардал;

10.2.7.сонгуулийг зохион байгуулахтай холбогдон гарах бусад зардал.

10.3.Орон нутгийн Хурлын сонгууль зохион байгуулахтай холбогдсон доор дурдсан зардлыг цагдаагийн байгууллагын тухайн жилийн төсөвт тусгаж, улсын төсвөөс санхүүжүүлнэ:

10.3.1.саналын хуудас хэвлүүлэх, хадгалах, хамгаалах, хүргүүлэх үеийн хамгаалалт, санал авах байр болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, дүн дамжуулах үеийн хамгаалалт, техник хэрэгсэл, шатахууны зардал;

10.3.2.цагдаагийн алба хаагчийн томилолт, унаа, мөнгөн урамшуулал, хоолны зардал.

10.4.Төрийн аудитын дээд байгууллага, онцгой байдлын, тагнуулын, төрийн тусгай хамгаалалтын болон шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын орон нутгийн Хурлын сонгуулийн үйл ажиллагаатай холбогдон гарах улсын төсвөөс санхүүжүүлэх зардлыг тухайн жилийн төсөвт тусгана.

10.5.Орон нутгийн Хурлын сонгууль зохион байгуулахтай холбогдсон нэмэлт зардал шаардлагатай тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн Төсвийн тухай хуульд нийцүүлэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална.

10.6.Орон нутгийн Хурлын ээлжит бус, нөхөн болон дахин сонгууль зохион байгуулахтай холбогдон гарах энэ хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4-т заасан байгууллагуудын зардлыг Монгол Улсын Их Хурал баталж улсын төсвөөс санхүүжүүлнэ.

 

10.7.Монгол Улсын Их Хурлаас баталсан орон нутгийн Хурлын ээлжит бус, нөхөн болон дахин сонгууль зохион байгуулахтай холбогдон гарах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

 

10.8.Энэ хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4, 10.5, 10.6, 10.7-д заасан зардлын төлөвлөлт, зарцуулалт, гүйцэтгэлд төрийн аудитын байгууллага хяналт тавьж, аудит хийж, дүгнэлт гаргана.

 

10.9.Сонгуулийн ерөнхий хороо болон аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо батлагдсан төсвийн хэмжээнд сонгуулийг зохион байгуулах, сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдэл, сонгогчийн бүртгэлийн техник хэрэгсэл болон программ хангамж худалдан авахтай холбогдуулан хувь хүн, хуулийн этгээдтэй сонгон шалгаруулалтгүйгээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулах ба үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зохицуулалтад хамаарахгүй.

 

10.10.Санал хураалт дууссанаас хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 10.1-д заасан зардлын зарцуулалт, гүйцэтгэлийн тайланг аймаг, нийслэлийн сонгуулийн хороо гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх бөгөөд Сонгуулийн ерөнхий хороо тайланг нэгтгэж, 60 хоногийн дотор Төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.

 

10.11.Аймаг, нийслэлийн Хурлын сонгуулийн хороодын тайланд тухайн орон нутаг дахь төрийн аудитын салбар байгууллагаар дүгнэлт гаргуулна.

 


ХОЁРДУГААР БҮЛЭГ


СОНГУУЛИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

 

11 дүгээр зүйл.Орон нутгийн Хурлын сонгуулийн нутаг дэвсгэрийн хуваарь

 

11.1.Орон нутгийн Хурлын сонгуулийн нутаг дэвсгэр нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн нутаг дэвсгэр байна.

 

11.2.Сонгуулийн нутаг дэвсгэр нь тойрогт хуваагдана.

 

11.3.Сонгогчийн саналыг авах, тоолох зорилгоор тойрог нь хэсэгт хуваагдана.

 

12 дугаар зүйл.Орон нутгийн Хурлын сонгуулийн тойрог байгуулах

 

12.1.Тухайн шатны Хурлын Тэргүүлэгчид орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө нутаг дэвсгэрийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан тойргийг байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно.

 

12.2.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид “аймгийн Хурал” гэх/-ын сонгуулийг явуулахад аймгийн төвийн баг болон сум тус бүр нь сонгуулийн тойрог болно. Сумын хүн амын тоо нь 5000-аас дээш бол нэмж сонгуулийн тойрог байгуулж болно.

 

12.3.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид “нийслэлийн Хурал” гэх/-ын сонгуулийг явуулахад хоёр буюу хэд хэдэн хороог нэгтгэн нэг тойрог болгон зохион байгуулж болно.

 

12.4.Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид “дүүргийн Хурал” гэх/-ын сонгууль явуулахад дүүргийн хороог дангаар нь, эсхүл хэд хэдэн хороог нэгтгэн сонгуулийн тойрог болгон зохион байгуулж болно.

 

12.5.Сумын баг бүр нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид “сумын Хурал” гэх/-ын сонгуулийн тойрог болно.

 

12.6.Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдсан сонгуулийн тойргийг дараагийн ээлжит сонгууль хүртэл хугацаанд өөрчлөхийг хориглоно.

 

12.7.Тойрог нь аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд нэгдсэн дугаартай байна.

 

12.8.Тойрогт хамаарах засаг захиргааны нэгж нь нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл буюу хилийн цэсийн хувьд зэргэлдээ байна.

 

13 дугаар зүйл.Орон нутгийн Хурлын сонгуулийн хэсэг байгуулах

 

13.1.Сонгогчийн санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид сонгуулийн хэсгийг ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлана.

 

13.2.Сонгуулийн хэсэг байгуулахдаа улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг харгалзан иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дахь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй сонгогчийн тоог үндэслэнэ.

 

13.3.Хэсэг нь суманд 2000-аас дээшгүй, аймгийн төвийн сум болон дүүрэгт 3000-аас илүүгүй сонгогчтой байх бөгөөд нэг хэсэгт байх сонгогчийн тоо 200-аас доошгүй байна.

 

13.4.Сонгогчийн тооноос хамааран баг, хороог хувааж сонгуулийн хэсэг байгуулж болох бөгөөд хороог бусад хороотой нэгтгэж хэсэг байгуулахыг хориглоно.

 

13.5.Энэ хуулийн 13.1-д заасны дагуу байгуулагдсан хэсгийн сонгогчдыг онцгой нөхцөл байдлын улмаас зохион байгуулалттайгаар тухайн хэсгээс тусгаарлах, хэсгийг нэгтгэх, шинээр байгуулах асуудлыг санал авах өдрөөс 35-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрлөөр шийдвэрлэж болно.

 

13.6.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид сонгуулийн хэсгийг байгуулсан өдрөөс хойш тав хоногийн дотор энэ хуулийн 13.1-д заасан мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэст хүргүүлнэ.

 

13.7.Улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэс энэ хуулийн 13.6-д заасан мэдээллийг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нэгтгэн тав хоногийн дотор улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

 

13.8.Энэ хуулийн 13.7-д заасан мэдээллийг үндэслэн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэсгийн дугаарыг улсын хэмжээнд давхардахгүй байхаар тогтооно.

 

13.9.Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш санал авах ажиллагаа дуустал засаг захиргаа, нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжийн бүтэц, нэр, дугаарт өөрчлөлт оруулахыг хориглоно.

 

13.10.Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдсан хэсгийг энэ хуульд зааснаас бусад тохиолдолд дараагийн ээлжит сонгууль хүртэл хугацаанд өөрчлөхгүй.

 


ГУРАВДУГААР БҮЛЭГ


СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

 

14 дүгээр зүйл.Сонгуулийн байгууллага

 

14.1.Орон нутгийн Хурлын сонгуулийг аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, сум, дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд сум, дүүргийн сонгуулийн хороо, сонгуулийн хэсэгт хэсгийн хороо зохион байгуулж явуулна.

 

14.2.Сонгуулийн ерөнхий хороо нь орон нутгийн Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.

 

14.3.Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо болон хэсгийн хороо нь байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллага /цаашид “сонгуулийн хороо” гэх/ бөгөөд хэсгийн хороо нь сум, дүүргийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд хамаарна.

 

14.4.Сонгуулийн хороонд сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийг томилон ажиллуулна.

 

14.5.Сонгуулийн хороонд ажиллах ажилтны сургалт зохион байгуулах, гэрчилгээ олгох журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална.

 

14.6.Сургалтад хамрагдаж, гэрчилгээ аваагүй төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийг сонгуулийн хороонд томилохыг хориглоно.

 

14.7.Сонгуулийн хорооны үйл ажиллагаа түүнийг байгуулсан этгээдийг татан буулгах тухай шийдвэр гаргаснаар дуусгавар болно.

 

14.8.Сонгуулийн хороо шатлан захирагдах зарчмаар ажиллах ба дээд шатны сонгуулийн хорооны бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэрийг доод шатны сонгуулийн хороо заавал биелүүлнэ.

 

14.9.Дээд шатны сонгуулийн хороо нь доод шатны сонгуулийн хорооны хуульд нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй.

 

14.10.Аймаг, нийслэлийн Хурлын сонгуулийн тухайд аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь; сум, дүүргийн Хурлын сонгуулийн тухайд сум, дүүргийн сонгуулийн хороо нь дээд шатны сонгуулийн хороо байна.

 

14.11.Дээд шатны сонгуулийн хорооноос бүрэн эрхийн хүрээнд өгсөн үүргийг биелүүлээгүй нь тухайн доод шатны сонгуулийн хороо, түүний бүрэлдэхүүнийг өөрчлөх үндэслэл болно.

 

14.12.Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн нь сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар байр сууриа илэрхийлэх, сурталчилгаа явуулах, энэ зорилгоор сонгогчоос сонгох эрхээ эдлэхэд болон санал авах, тоолох, дүн дамжуулах ажиллагаанд саад учруулах, бусдыг төлөөлж санал өгөх, гарын үсэг хуурамчаар үйлдэх, зохион байгуулах, бусад хэлбэрээр дэмжихийг хориглоно.

 

14.13.Тухайн шатны сонгуулийн хорооноос санал хураалтын дүнгийн талаар албан ёсны мэдээлэл гаргаагүй байхад аливаа этгээд санал хураалтын дүнгийн талаар мэдэгдэл хийхийг хориглоно.

 

14.14.Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн нь Монгол Улсын Их Хурлаас баталсан сонгуулийн хорооны гишүүний ёс зүйн дүрмийг баримтлан ажиллана.

 

14.15.Сонгуулийн хорооноос сонгууль зохион байгуулах, сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгахад төрийн албан хаагч, нэр дэвшигч, сонгуульд оролцож байгаа нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, ухуулагч болон бусад этгээд хөндлөнгөөс оролцох, саад учруулахыг хориглоно.

 

14.16.Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, аж ахуйн нэгж, бусад байгууллага нь сонгууль зохион байгуулахад энэ хууль болон холбогдох бусад хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд оролцож, сонгуулийн зохих шатны байгууллагаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, тэдгээрийн ажилд туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

 

14.17.Сонгуулийн хорооны ажиллах болон санал авах байрыг төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд үнэ төлбөргүй гаргаж өгнө.

 

14.18.Сонгуулийн хорооны аюулгүй байдлыг хангасан ажиллах байр, тээвэр, холбооны болон бусад шаардлагатай хэрэгслээр хангах асуудлыг тухайн шатны Засаг дарга хариуцна.

 

14.19.Сонгуулийн хороо нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

 

14.20.Энэ хуулийн 14.12-т заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасна.

 

14.21.Төрийн албан хаагч энэ хуулийн 14.12-т заасныг зөрчсөн нь түүнийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болно.

 

15 дугаар зүйл.Сонгуулийн ерөнхий хорооны бүрэн эрх

 

15.1.Сонгуулийн ерөнхий хороо нь орон нутгийн Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулахад энэ хууль болон Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

 

16 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүрэн эрх

 

16.1.Аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэлийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга болон тав, эсхүл долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, нийтэд мэдээлнэ.

16.2.Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

16.2.1.сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, түүнийг зохион байгуулах арга хэмжээг авах;

16.2.2.аймаг, нийслэлийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх, үнэмлэх олгох;

16.2.3.саналын хуудаст бичигдэх нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэрийг иргэний үнэмлэхийн мэдээлэлтэй тулган нягталж, баталгаажуулан үнэн зөвийг хариуцах;

16.2.4.аймаг, нийслэлийн Хурлын сонгуулийн нэгдсэн дүнг гаргаж, нийтэд мэдээлэх;

16.2.5.аймаг, нийслэлийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон тухай шийдвэрийг аймаг, нийслэлийн Хуралд өргөн мэдүүлэх;

16.2.6.аймаг, нийслэлийн Хурлын сонгуулийн нэмэлт санал хураалт, ээлжит бус, нөхөн болон дахин сонгууль зохион байгуулж явуулах ажлыг өөрийн эрх хэмжээний хүрээнд хуульд заасны дагуу зохион байгуулах;

16.2.7.сум, дүүргийн сонгуулийн хороодын үйл ажиллагааг зохион байгуулалтын хувьд нэгдсэн удирдлагаар хангах;

16.2.8.сум, дүүргийн сонгуулийн хорооны ээлжит, ээлжит бус, нөхөн болон дахин сонгууль, нэмэлт санал хураалтын үеийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах;

16.2.9.сонгууль зохион байгуулахтай холбогдсон асуудлаар тухайн нутаг дэвсгэр дэх зохих шатны төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, тэдгээрийн удирдах албан тушаалтны мэдээллийг сонсож, шаардлагатай арга хэмжээ авах;

16.2.10.Сонгуулийн ерөнхий хорооноос хуваарилсан төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах, зохих журмын дагуу харьяалах сонгуулийн хороонд хуваарилах, зарцуулалтад нь хяналт тавих;

16.2.11.саналын хуудас болон сонгуульд ашиглах техник хэрэгслийг хүргүүлэх, хадгалах үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих;

16.2.12.аймаг, нийслэлийн Хурлын сонгуульд харьяалах сонгуулийн хороодын шийдвэрийн талаарх өргөдөл, гомдлыг бүрэн эрхийн хүрээнд хянан шийдвэрлэх, хариуг бичгээр өгөх, доод шатны сонгуулийн хорооны хуульд нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгох;

16.2.13.санал хураалтын дүн, холбогдох баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу хүргүүлэх;

16.2.14.энэ хуулийн 9.7, 9.10-т заасны дагуу сум, дүүргийн сонгуулийн хороог байгуулах, дахин сонгуулийг товлон зарлах;

16.2.15.сонгууль зохион байгуулахтай холбогдуулан дээд шатны сонгуулийн хорооноос хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд өгсөн үүргийг биелүүлэх;

16.2.16.бусад.

           

17 дугаар зүйл.Сум, дүүргийн сонгуулийн хорооны бүрэн эрх

 

17.1.Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь сум, дүүргийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга болон гурав, эсхүл таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ.

 

17.2.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус, нөхөн сонгуулиар тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид сум, дүүргийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга, гурав, эсхүл таван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ.

 

17.3.Сум, дүүргийн сонгуулийн хороо харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

17.3.1.сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, түүнийг зохион байгуулах арга хэмжээг авах;

17.3.2.сум, дүүргийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх, үнэмлэх олгох;

17.3.3.сум, дүүргийн Хурлын сонгуулийн саналын хуудаст бичигдэх нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэрийг иргэний үнэмлэхийн мэдээлэлтэй тулган нягталж, баталгаажуулан үнэн зөвийг хариуцах;

17.3.4.сум, дүүргийн Хурлын сонгуулийн нэгдсэн дүнг гаргаж, нийтэд мэдээлэх;

17.3.5.сум, дүүргийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон тухай шийдвэрийг аймаг, нийслэлийн Хуралд өргөн мэдүүлэх;

17.3.6.нутаг дэвсгэртээ явагдсан аймаг, нийслэлийн Хурлын сонгуулийн дүнг нэгтгэж, дээд шатны сонгуулийн хороонд хүргэх;

17.3.7.сум, дүүргийн Хурлын нэмэлт санал хураалт, ээлжит бус, дахин болон нөхөн сонгууль зохион байгуулж явуулах ажлыг эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах;

17.3.8.харьяалах хэсгийн хорооны үйл ажиллагааг зохион байгуулалт, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах;

17.3.9.аймаг, нийслэлийн сонгуулийн хорооноос хуваарилсан төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах, харьяалах хэсгийн хорооны үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах зардлыг гаргах, зарцуулалтад хяналт тавих;

17.3.10.өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэж, хариуг бичгээр өгөх;

17.3.11.харьяалах хэсгийн хорооноос ирүүлсэн санал хураалтын дүнг нэгтгэж, харьяалагдах аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд хүргэх;

17.3.12.дээд шатны сонгуулийн хорооноос хуульд заасны дагуу өгсөн үүргийг биелүүлэх;

17.3.13.сонгуулийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу гаргаж, харьяалагдах аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд хүлээлгэн өгөх;

17.3.14.саналын хуудас болон сонгуульд ашиглах техник хэрэгслийг хүргүүлэх, хадгалах үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих;

17.3.15.энэ хуулийн 9.10-т заасны дагуу дахин сонгуулийг товлон зарлах;

17.3.16.хуульд заасан бусад.

           

18 дугаар зүйл.Хэсгийн хорооны чиг үүрэг

 

18.1.Сум, дүүргийн сонгуулийн хороо хэсгийн хороог санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө дарга болон зургаа, эсхүл найман гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтэд мэдээлнэ.

 

18.2.Хэсгийн хороо дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

18.2.1.хэсгийн хорооны хаяг, ажиллах цагийн хуваарь, санал авах өдөр, цагийг сонгогчдод мэдээлэх;

18.2.2.санал авах байр, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг, сонгогчийн бүртгэлийн болон санал авах, тоолох, дүн гаргах, дамжуулах төхөөрөмж /цаашид “санал тоолох төхөөрөмж” гэх/ зэрэг санал авахад шаардлагатай бусад зүйлийг бэлтгэж, сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах;

18.2.3.санал хураалтын дүнг танилцуулах, нэн даруй дамжуулах;

18.2.4.сонгуулийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу гаргаж, сум, дүүргийн сонгуулийн хороонд хүлээлгэн өгөх;

18.2.5.дээд шатны сонгуулийн хорооноос хуульд заасны дагуу өгсөн үүргийг биелүүлэх;

18.2.6.хуульд заасан бусад чиг үүрэг.

 

18.3.Хэсгийн хорооны дарга нь хэсгийн хорооны чиг үүрэгт хамаарах ажлыг удирдан зохион байгуулж, хууль зүйн хариуцлагыг хүлээнэ.

 

18.4.Хэсгийн хороо нь санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаатай холбоотой өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэхгүй.

 

19 дүгээр зүйл.Сонгуулийн хорооны ажлын зохион байгуулалт

 

19.1.Сонгуулийн хороод энэ хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан бүрэн эрхэд хамаарах асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн хуралдаанд оролцсон бүрэлдэхүүний олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана.

 

19.2.Хуралдаанд сонгуулийн хорооны бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй нь оролцсон бол тухайн хуралдааныг хүчинтэйд тооцно.

 

19.3.Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сонгуулийн хорооны үйл ажиллагаанд оролцохгүй байх, хуралдаанд ирэхгүй байх, таслах, хуралдааныг орхих, хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзахыг хориглоно.

 

19.4.Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орхисон тохиолдолд түүнийг хуралдаанд оролцож тухайн асуудлаар татгалзсан санал өгсөнд тооцно.

 

19.5.Сонгуулийн хорооны тогтоолд тухайн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.

 

19.6.Тухайн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргын аль нэг нь тогтоолд гарын үсэг зураагүй нь уг тогтоолыг хүчингүй, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй.

 

19.7.Сонгуулийн хороод нь шаардлагатай тохиолдолд ажлын бус өдөр болон илүү цагаар ажиллаж болно.

 

19.8.Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарийг долоо хоног бүрээр гаргаж, тухайн сонгуулийн хорооны мэдээллийн самбарт ил тод тавина.  

 

19.9.Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас сонгуулийн хорооны үйл ажиллагаа болон хуралдаанд оролцох боломжгүй болсон бол энэ тухайгаа бичгээр болон бусад хэлбэрээр урьдчилан мэдэгдэх үүрэгтэй.

 

19.10.Энэ хуулийн 19.3, 19.9-д заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасах асуудлыг тухайн сонгуулийн хороог байгуулсан дээд шатны сонгуулийн хороо гурав хоногийн дотор шийдвэрлэж, нэн даруй нөхөн томилно.

 

19.11.Сонгуулийн хороо нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан хуралдааны дэг, тэмдэглэл хөтлөх журмыг баримтлах ба сонгуулийн хорооны дарга гишүүний ажил үүргийн хуваарийг тогтооно.

 

19.12.Сонгуулийн хорооны хуралдаанд сонгуульд оролцож байгаа нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, ажиглагчдыг байлцуулж болно. Хуралдааныг ажиглах, дуу болон дүрс бичлэг хийх боломжоор хангах асуудлыг хуралдааны дэгээр зохицуулна.

 

19.13.Сонгуулийн хорооны хуралдааныг ажиглаж байгаа этгээд нь тухайн сонгуулийн хорооны бүрэн эрхийн асуудалд хөндлөнгөөс оролцох, даргалагчийн зөвшөөрөлгүй үг хэлэх зэргээр хуралдааны хэвийн үйл ажиллагаанд саад учруулахыг хориглоно. Хуралдааны хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан этгээдийг хуралдаанаас нэн даруй гаргана.

 

19.14.Сонгуулийн хорооны хуралдааны шийдвэрийг нэн даруй нийтэд, ил тод мэдээлнэ.

 

19.15.Сонгуулийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу бүртгэнэ.

 

19.16.Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хорооны дарга дотоод ажлын асуудлаар захирамж гаргана.

 

19.17.Сонгуулийн хорооны ажилтныг энэ хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж байх хугацаанд үндсэн ажлаас нь чөлөөлөх, халах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно.

 

19.18.Төрийн албан хаагчийг сонгуулийн хороонд ажиллах хугацаанд харьяалах байгууллага нь цалинтай чөлөө олгоно.

 

19.19.Хуульд өөрөөр заагаагүй бол доод шатны сонгуулийн хорооны шийдвэр, сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаар дээд шатны сонгуулийн хороонд гомдол гаргаж болох бөгөөд зохих шатны сонгуулийн хороо гомдлыг хүлээж авснаас хойш гурван хоногийн дотор хянан шийдвэрлэж, гомдол гаргагчид хариуг бичгээр мэдэгдэнэ.

 

19.20.Сонгуулийн хороо сонгууль зохион байгуулахтай холбогдсон, түүнчлэн хууль зөрчсөн тухай асуудлыг шалгуулах, эсхүл зөрчлийг таслан зогсоох асуудлаар сонгуулийн тухай хууль тогтоомжоор үүрэг хүлээсэн аливаа байгууллага, албан тушаалтанд хууль ёсны шаардлага тавих эрхтэй. Уг шаардлагыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан ажлын гурван өдрийн дотор шийдвэрлэж, хариуг бичгээр мэдэгдэнэ.

 

19.21.Сонгуулийн хорооноос бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэрийг тухайн нутаг дэвсгэрийн бүх байгууллага, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй.

 


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ


СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ

 

20 дугаар зүйл.Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, хүргүүлэх

 

20.1.Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн үйлдэх бөгөөд түүнийг нягтлан шалгах, давхардлыг арилгах, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй сонгуулийн эрх бүхий иргэнийг бүртгэх, эдгээртэй холбоотой гомдлыг шийдвэрлэх ажлыг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангана.

 

20.2.Сонгогчдын нэрийн жагсаалтад тухайн сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэл бүхий сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг гэсэн дарааллаар бичнэ.

 

20.3.Улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэс нь тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн сонгуулийн хэсэг байгуулсан нутаг дэвсгэр, төвийн мэдээллийг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дахь тухайн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэл бүхий сонгогчдын бүртгэлтэй тулган шалгаж улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

 

20.4.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороогоор болон сонгуулийн хэсэг нэг бүрээр нь нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг санал авах өдрөөс 90-ээс доошгүй хоногийн өмнөөс эхэлж орон нутгийн Хурлын сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байршуулна.

 

20.5.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сонгогчийг энэ хуулийн 20.4-т заасан цахим хуудаст байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалтаас өөрт нь холбогдох мэдээлэлтэй танилцах боломжоор хангана.

 

20.6.Доор дурдсан байгууллага дараах иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, төрсөн он, сар, өдөр, хүйс болон бусад шаардлагатай мэдээллийг Сонгуулийн ерөнхий хороонд санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлнэ:

20.6.1.эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон сонгуулийн насны иргэдийн мэдээллийг Улсын  дээд шүүх;

20.6.2.хорих ял эдэлж байгаа болон эрүүгийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан, захиргааны журмаар албадан эмчлүүлж байгаа сонгуулийн насны иргэдийн мэдээллийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага;

20.6.3.60 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар гадаад улсад зорчсон иргэдийн мэдээллийг хил хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага;

20.6.4.тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй боловч санал авах өдөр харьяа тусгай анги, салбарт нь алба хааж байгаа алба хаагч, ажилтны мэдээллийг хил хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага;

20.6.5.тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй боловч санал авах өдөр зэвсэгт хүчний цэргийн анги, нэгтгэлд нь алба хааж байгаа алба хаагч, ажилтны мэдээллийг батлан хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага;

20.6.6.тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй боловч тухайн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч, дотоодын цэргийн анги, нэгтгэлд нь алба хааж байгаа алба хаагч, ажилтны мэдээллийг цагдаагийн төв байгууллага;

20.6.7.тухайн жилд Монгол Улсын харьяат болсон, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон, харьяатаас гарсан иргэдийн мэдээллийг гадаадын иргэн, харьяатын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага.

 

20.7.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 20.6-д заасан мэдээллийг хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

 

20.8.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 20.6.1, 20.6.2, 20.6.3, 20.6.4, 20.6.5, 20.6.6-д заасны дагуу ирүүлсэн мэдээллийг үндэслэн тухайн сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтаас хасалгүйгээр “Тайлбар” хэсэгт “Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийх бөгөөд нэмэлт тэмдэглэгээ хийгдсэн тухайн сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоонд оруулан тооцохгүй.

 

20.9.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 20.4-т заасны дагуу цахим хуудаст байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалтад дараах өөрчлөлтийг тусган уг жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр үйлдэж, цаасан хэлбэрээр үйлдсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтсээр дамжуулан хэсгийн хороонд хүргүүлнэ:

20.9.1.сонгогчоос энэ хуулийн 20.4-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн талаар гаргасан гомдлын дагуу оруулсан өөрчлөлт;

20.9.2.энэ хуулийн 24.3-т заасан хугацаанаас өмнө хийгдсэн сонгогчийн байнга оршин суугаа газрын хаягийн өөрчлөлт;

20.9.3.сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хүйс, регистрийн дугаар зэрэг иргэний бүртгэлтэй холбоотой өөрчлөлт;

20.9.4.нас барсан иргэний улсын бүртгэлтэй холбоотой өөрчлөлт;

20.9.5.энэ хуулийн 20.6-д заасан иргэдийн мэдээлэлтэй холбоотой өөрчлөлт.

 

20.10.Хэсгийн хороо нь сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээн авсан өдрөөс эхлэн өөрийн ажиллах байранд, байргүй бол сум, хорооны Засаг даргын тамгын газрын байранд сонгогчийн өөрт нь холбогдох мэдээлэлтэй чөлөөтэй танилцах бололцоо олгоно.

 

20.11.Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгасан байвал зохино.

 

20.12.Сонгогчдын нэрийн жагсаалт нь зөвхөн нэг нэрийн жагсаалтаас бүрдэх бөгөөд энэ хуульд заасныг зөрчин сонгогчдын нэрийн жагсаалт шинээр үйлдэх, түүнд өөрчлөлт оруулахыг хориглоно.

 

20.13.Сонгогчдын нэрийн жагсаалт цаасан болон цахим хэлбэртэй байх бөгөөд сонгогчийг зөвхөн сонгуулийн нэг хэсэгт бүртгэнэ.

 

20.14.Сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж олшруулах, тараахыг хориглоно.

 

20.15.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, нягтлан шалгах, давхардал, зөрчлийг арилгах, танилцуулах журам болон маягт, загварыг энэ хуульд нийцүүлэн батална.

 

20.16.Энэ хуулийн 20.1-д заасан үйл ажиллагааг зохион байгуулахад төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, холбогдох бусад байгууллага энэ хууль болон бусад хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд оролцож, улсын бүртгэлийн байгууллагаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

 

21 дүгээр зүйл.Ээлжит бус сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх,

танилцуулах, хүргүүлэх

 

21.1.Сонгогчдын санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг харгалзан иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дахь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй сонгогчийн тоог үндэслэн сонгуулийн хэсгийг ээлжит бус сонгууль товлон зарласнаас хойш 15 хоногийн дотор байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлана.

 

21.2.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтыг ээлжит бус сонгууль товлон зарласнаас хойш 50 хоногийн дараагаас эхлэн сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байршуулна.

 

21.3.Энэ хуулийн 20.6-д заасан байгууллага холбогдох мэдээллийг санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлнэ.

 

21.4.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 21.3-т заасны дагуу ирүүлсэн мэдээллийг хүлээн авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

 

21.5.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад энэ хуулийн 20.9-д заасан өөрчлөлтийг тусгана.

 

21.6.Энэ хуулийн 21.5-д заасны дагуу өөрчлөлтийг тусгасан сонгогчдын нэрийн жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр үйлдэж, цаасан хэлбэрээр үйлдсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтсээр дамжуулан хэсгийн хороонд хүргүүлнэ.

 

21.7.Ээлжит бус сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэхэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

 

22 дугаар зүйл.Итгэмжлэгдсэн ажилтан

 

22.1.Итгэмжлэгдсэн ажилтан улсын бүртгэлийн байгууллагын сургалтад хамрагдсан төрийн албан хаагч байна.

 

22.2.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга итгэмжлэгдсэн ажилтны ажиллах орон тооны хязгаарыг батална.

 

22.3.Итгэмжлэгдсэн ажилтныг тагнуулын байгууллагын саналыг үндэслэн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын орон нутаг дахь газар, хэлтсийн дарга энэ хуулийн 22.2-т заасан хязгаарт багтаан томилно.

 

22.4.Итгэмжлэгдсэн ажилтан холбогдох хууль тогтоомжийн дагуу нууцын баталгаа гаргаж сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсгийн хороонд хүргүүлсэн өдрөөс эхлэн ажиллана.

 

22.5.Итгэмжлэгдсэн ажилтан энэ хуульд заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтын цаасан болон цахим хувилбартай танилцах, өөрчлөлт оруулах, сонгогчийн бүртгэлийг тулган шалгах, санал авах өдөр сонгогчдыг бүртгэх, таньж оруулах, техник хэрэгсэл, программ хангамжийг хариуцан ажиллана.

 

23 дугаар зүйл.Сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой гомдлыг

шийдвэрлэх журам

 

23.1.Сонгогч сонгогчийн нэрийн жагсаалт дахь өөрийн болон өөрийн гэр бүлийн гишүүний мэдээлэлтэй танилцах эрхтэй бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн бол гомдлоо итгэмжлэгдсэн ажилтан, эсхүл улсын бүртгэлийн байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр гаргана.

 

23.2.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн энэ хуулийн 23.1-д заасны дагуу гомдол гаргасан иргэний мэдээллийн талаар лавлагаа гаргах ба сонгогчийн мэдээлэлтэй холбогдсон өөрчлөлтийг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө сонгогчдын нэрийн жагсаалтад оруулна.

 

23.3.Энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулахыг хориглоно.

 

23.4.Итгэмжлэгдсэн ажилтан сонгогчдын нэрийн жагсаалтад “Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн иргэний сонгогчдын нэрийн жагсаалтад нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн шалтгаан нь арилсан тохиолдолд тухайн сонгогчийн өөрийнх нь хүсэлт, холбогдох нотлох баримтыг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалт дахь зохих тэмдэглэгээг хүчингүй болгож, тухайн сонгогчийн бүртгэлийг сэргээн, энэ тухай тэмдэглэл үйлдэн хэсгийн хороонд мэдэгдэнэ.

 

23.5.Сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах талаар энэ хуульд заасан хугацаа дууссанаас хойш ажиглагч нь сонгогчдын нэрийн жагсаалт болон түүнд оруулсан өөрчлөлттэй танилцах эрхтэй.

 

23.6.Энэ хуулийн 23.5-д заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалттай танилцахдаа зураг авах, бичлэг хийх зэргээр сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж, олшруулахыг хориглоно.

 

23.7.Энэ хуулийн 23.5-д заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтыг танилцуулах үйл ажиллагааг итгэмжлэгдсэн ажилтан болон хэсгийн хорооны дарга хамтран зохион байгуулж, хяналт тавина.

 

24 дүгээр зүйл.Иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сэргээх

 

24.1.Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.

 

24.2.Энэ хуулийн 24.1-д заасан иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоох, сэргээх тухай шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга гаргана.

 

24.3.Нэмэлт болон дахин санал хураалт явагдах нөхцөл байдал үүссэн тохиолдолд энэ хуулийн 24.1, 24.2-т заасан иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг түр зогсоох хугацааг тухайн нэмэлт болон дахин санал хураалт явагдаж дуустал үргэлжлүүлж, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.

 

24.4.Орон нутгийн Хурлын ээлжит бус, нөхөн болон дахин сонгууль явуулахаар товлон зарласан эрх бүхий байгууллага тухайн шийдвэрийг ажлын гурван өдрийн дотор улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

 


ТАВДУГААР БҮЛЭГ


НАМ, ЭВСЭЛ СОНГУУЛЬД ОРОЛЦОХ

 

25 дугаар зүйл.Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх

 

25.1.Нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, орон нутгийн Хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ.

 

25.2.Орон нутгийн Хурлын сонгуульд оролцох хүсэлтэд тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн намын дарга гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ даран баталгаажуулсан байна. Эвслийн тухайд эвсэлд нэгдэн орсон бүх нам тамгаа /тэмдэг/ даран баталгаажуулсан байна.

 

25.3.Намын сонгуульд оролцох хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана:

25.3.1.сонгуульд оролцох тухай тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын байгууллагын шийдвэр, намын даргыг томилсон шийдвэр;

25.3.2.намын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

25.3.3.намын улсын бүртгэлд бүртгүүлсэн дүрмийн хуулбар;

25.3.4.сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүний эдийн засгийн тооцоонд хийсэн төрийн аудитын байгууллагын дүгнэлт;

25.3.5.энэ хуульд нийцсэн нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх намын дотоод журам;

25.3.6.орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд, ээлжит бус, нөхөн болон дахин сонгуульд тухайн сонгуулийн жилийн өмнөх тайлант жилийн хугацаанд тухайн намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайлан;

25.3.7.намын сонгууль эрхэлсэн байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, хаяг, харилцах утасны дугаар, цахим шуудангийн хаяг, ажиллах хүний тоо зэргийг агуулсан мэдээлэл.

 

25.4.Эвслийн сонгуульд оролцох хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана:

25.4.1.сонгуульд оролцох тухай эвслийг төлөөлөх байгууллагын шийдвэр;

25.4.2.эвсэлд нэгдсэн намуудын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

25.4.3.эвсэлд нэгдсэн намуудын улсын бүртгэлд бүртгүүлсэн дүрмийн хуулбар;

25.4.4.эвслийг төлөөлөх байгууллагаар батлагдсан сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүний эдийн засгийн тооцоонд хийсэн төрийн аудитын байгууллагын дүгнэлт;

25.4.5.энэ хуульд нийцсэн нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх эвслийн дотоод журам;

25.4.6.орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд, ээлжит бус, нөхөн болон дахин сонгуульд тухайн сонгуулийн жилийн өмнөх тайлант жилийн хугацаанд тухайн намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайлан;

25.4.7.эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, хаяг, харилцах утасны дугаар, цахим шуудангийн хаяг, ажиллах хүний тоо зэргийг агуулсан мэдээлэл;

25.4.8.эвслийн гэрээний хуулбар;

25.4.9.эвсэл байгуулах тухай нам тус бүрийн шийдвэр.

 

26 дугаар зүйл.Намуудын эвсэл

 

26.1.Орон нутгийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшүүлэх эрх бүхий намууд орон нутгийн Хурлын сонгуульд эвсэл байгуулж оролцох бол түүнд нэгдэн орох нам тус бүр дараах асуудлыг шийдвэрлэсэн байна:

26.1.1.эвслийн нэр, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн батлах;

26.1.2.нам тус бүрд ногдох нэр дэвшигчдийн тоог тогтоох;

26.1.3.нам тус бүрд ногдсон тоонд багтаан нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн, нэр дэвшигчийн нэр, нэр дэвших тойргийг шийдвэрлэх;

26.1.4.цаашид сонгуультай холбоотой асуудлаар эвсэлд тухайн намыг төлөөлөн шийдвэр гаргах эрхтэй оролцох эрх бүхий төлөөлөгчид /цаашид “намыг төлөөлөх байгууллага” гэх/-ийг томилох;

26.1.5.эвслийн гэрээг хэлэлцэн батлах.

 

26.2.Эвсэлд нэгдэж байгаа намын Их хурал, эсхүл төлөөллийн төв байгууллага нэр дэвшүүлэх асуудлыг нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.

 

26.3.Эвсэлд нэгдсэн намууд тус бүрдээ эвсэлд нэгдэн орох талаарх энэ хуульд заасан асуудал бүрийг хэлэлцэн шийдвэрлэж, нэгдсэн тохиролцоонд хүрсэн бол эвслийн гэрээ байгуулж, намын дарга нар гарын үсэг зурж, тамгаа /тэмдэг/ дарж баталгаажуулснаар эвсэл байгуулагдсанд тооцно.

 

26.4.Эвсэл албан ёсны нэр, бэлэгдэлтэй байх бөгөөд түүнийг хувь хүн, улс, үндэстэн, овгийн нэрээр болон өмнөх сонгуульд хэрэглэсэн өөр намын эвслийн нэрээр нэрлэхийг хориглоно.

 

26.5.Эвслийн нэрийг сонгуулийн явцад болон шинээр сонгогдсон тухайн шатны Хурлын бүрэн эрхийн хугацаанд өөрчлөхийг хориглоно.

 

26.6.Нэгэнт байгуулагдсан эвсэлд дараагийн сонгууль хүртэл аль нэг нам, эвсэл шинээр нэгдэн орохыг хориглоно.

 

26.7.Эвслийг төлөөлөх байгууллага эвсэлд нэгдэн орсон нам  тус бүрээс томилогдсон төлөөлөгчдөөс бүрдэх бөгөөд дараах эрхтэй:

26.7.1.эвслийн мөрийн хөтөлбөр батлах;

26.7.2.эвслийн гэрээнд өөрчлөлт оруулах;

26.7.3.нөхөн сонгуульд эвслээс нэр дэвшүүлэх;

26.7.4.эвслийн гэрээг цуцлах.

 

26.8.Эвслийг төлөөлөх байгууллага тухайн эвсэлд нэгдэн орсон нам тус бүрд ногдсон суудлын тоог өөрчлөх эрхгүй.

 

26.9.Эвсэлд нэгдэн орсон намууд нь орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгууль, түүнчлэн шинээр сонгогдсон орон нутгийн Хурлын үйл ажиллагаанд нэг этгээд болж оролцоно.

 

26.10.Эвслийн аль нэг нам дангаараа нэр дэвшүүлэх, намын сонгуулийн зардлын данснаас бие даан зарлага гаргах, өөр намуудын эвсэлд нэгдэн орох, бие даан болон өөр эвсэл байгуулан нөхөн, дахин сонгуульд оролцохыг хориглох бөгөөд хэрэв намуудын олонх нь ийм шийдвэр гаргасан бол эвслийг тарсан гэж үзнэ.

 

26.11.Эвслийн гэрээнд дараах зүйлийг тусгана:

26.11.1.эвслийн нэр;

26.11.2.талуудын нийтлэг болон харилцан хүлээх эрх үүрэг;

26.11.3.эвслийг төлөөлөх байгууллага болон түүний удирдах бүрэлдэхүүнд орсон иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, ажил, албан тушаал;

26.11.4.эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүнийг төлөөлөх албан тушаалтны эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;

26.11.5.харилцан тохиролцсон бусад асуудал.

 

26.12.Эвслийн гэрээ нь тухайн сонгууль, түүний үр дүнд байгуулагдсан Хурлын бүрэн эрхийн хугацаанд хамаарна.

 

27 дугаар зүйл.Сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх

 

27.1.Тухайн шатны сонгуулийн хороо сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслийг бүртгэхдээ тэдгээрийн ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгана.

 

27.2.Тухайн шатны сонгуулийн хороо сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.

 

27.3.Дараах шаардлагыг хангасан нам, эвслийг бүртгэнэ:

27.3.1.нам, эвсэлд нэгдэн орсон намууд нь энэ хуулийн 9.1-д заасны дагуу тухайн сонгуулийг товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн;

27.3.2.сонгуульд оролцох хүсэлтийг хуульд заасан хугацаанд ирүүлсэн;

27.3.3.сонгуульд оролцох хүсэлтэд хавсаргах баримт бичгийг бүрэн гүйцэд хавсаргасан;

27.3.4.сонгуулийн мөрийн хөтөлбөр нь энэ хуульд заасан шаардлага хангасан тухай төрийн аудитын байгууллагын дүгнэлт гарч хавсаргасан;

27.3.5.эвсэл байгуулах тухай энэ хуульд заасан журам, шаардлагыг хангасан;

27.3.6.эвсэлд нэгдэн орсон намуудын олонх нь бүртгэсэн тухай шийдвэр гарахаас өмнө энэ хуульд заасны дагуу эвслээс гарахаа илэрхийлээгүй.

 

27.4.Энэ хуулийн 27.3-т заасан шаардлагыг хангаагүй нам, эвслийг бүртгэхээс татгалзана.

 

27.5.Сонгуулийн хороод энэ хуульд заасны дагуу нам, эвслийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах баримт, лавлагааг холбогдох этгээдээс гаргуулан авах эрхтэй.

 


ЗУРГАДУГААР БҮЛЭГ


ТӨЛӨӨЛӨГЧИД НЭР ДЭВШҮҮЛЭХ, НЭР ДЭВШИГЧИЙГ БҮРТГЭХ

 

28 дугаар зүйл.Нэр дэвшүүлэх нийтлэг журам

 

28.1.Орон нутгийн Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.

 

28.2.Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.

 

28.3.Нэр дэвшигч нь хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

28.3.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх;

28.3.2.татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх.

 

28.4.Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна:

28.4.1.төрийн жинхэнэ албан хаагч;

28.4.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан;    

28.4.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн;

28.4.4.Засгийн газраас байгуулсан төсөл, хөтөлбөрийн нэгж болон хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн.

 

28.5.Нэг намын гишүүнийг өөр намаас, эвслийн тухайд түүнд нэгдэн орсон намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно.

 

28.6.Энэ хуулийн 6.5-д зааснаас бусад тохиолдолд нэр дэвшигч нэгээс илүү тойрогт нэр дэвшихийг хориглоно.

 

28.7.Гэмт хэрэг үйлдэж, шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно.

 

28.8.Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.

 

29 дүгээр зүйл.Нам, эвслээс нэр дэвшүүлэх

 

29.1.Нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ тухайн орон нутгийн Хурлын сонгуулийн тойрог тус бүрд ногдсон мандатын тооноос илүүгүй хүнийг нэр дэвшүүлнэ.

 

29.2.Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн 20-оос доошгүй хувь нь аль нэг хүйсийн нэр дэвшигч байна.

 

29.3.Намаас нэр дэвшүүлэх асуудлыг тухайн намын аймаг, нийслэл, сум, дүүргийн байгууллага хуралдаанаараа хэлэлцэж, нууцаар санал хурааж, олонхын саналаар шийдвэрлэнэ.

 

30 дугаар зүйл.Бие даан нэр дэвшүүлэх

 

30.1.Энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн бие даан нэрээ дэвшүүлж болно.

 

30.2.Бие даан нэр дэвшигч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн дараах тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна:

30.2.1.аймаг, дүүргийн Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигч 201-ээс доошгүй;

30.2.2.нийслэлийн Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигч 501-ээс доошгүй;

30.2.3.сумын Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигч 51-ээс доошгүй.

 

30.3.Тухайн шатны сонгуулийн хороо Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтыг тэмдэг дарж баталгаажуулан бие даан нэр дэвшигчид энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаж эхэлсэн өдрөөс олгоно.

 

30.4.Сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтад тухайн нэр дэвшигчийг дэмжиж гарын үсэг зурж байгаа сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хөдөлгөөнт, эсхүл суурин утасны дугаарыг тодорхой бичсэн байна.

 

31 дүгээр зүйл.Нэр дэвшигчийг бүртгэх

 

31.1.Нэр дэвшигчийг тухайн шатны сонгуулийн хороо бүртгэж, үнэмлэх олгоно.

 

31.2.Нэр дэвшүүлсэн нам, эвсэл хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа  дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ:

31.2.1.нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэр, нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалт;

31.2.2.нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл;

31.2.3.энэ хуулийн 28.4-т заасан албан тушаалтан бол ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн тухай шийдвэрийн хуулбар;

31.2.4.энэ хуулийн 28.3.1-д заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан эсэх талаарх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа;

31.2.5.энэ хуулийн 28.3.2-т заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан эсэх талаарх татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт;

31.2.6.нэр дэвшигчийн намтар;

31.2.7.нэр дэвшигчийн иргэний үнэмлэхийн хуулбар;

31.2.8.ял эдэлж байгаа эсэх талаарх цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа;

31.2.9.нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлэг;

31.2.10.авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.

 

31.3.Бие даан нэр дэвшигч нь хуульд заасан бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа  дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ:

31.3.1.нэрээ дэвшүүлснээ илэрхийлсэн мэдэгдэл;

31.3.2.сонгогчдын гарын үсэг зуруулсан маягт;

31.3.3.энэ хуулийн 28.4-т заасан албан тушаалтан бол ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн тухай шийдвэрийн хуулбар;

31.3.4.энэ хуулийн 28.3.1-д заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан эсэх талаарх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа;

31.3.5.энэ хуулийн 28.3.2-т заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан эсэх талаарх татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт;

31.3.6.нэр дэвшигчийн намтар;

31.3.7.нэр дэвшигчийн иргэний үнэмлэхийн хуулбар;

31.3.8.бие даан нэр дэвшигчийг төлөөлж сонгуулийн төв байгууллагатай харилцах хоёр хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, харилцах утасны дугаар;

31.3.9.энэ хуульд заасны дагуу төрийн аудитын дээд байгууллагаар хянуулсан бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, аудитын дүгнэлт;

31.3.10.ял эдэлж байгаа эсэх талаарх цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа;

31.3.11.нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлэг;

31.3.12.авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.

 

31.4.Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг бүртгэхтэй холбоотой баримт бичгийн маягт, загварыг батална. 

 

31.5.Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авахдаа бүрэн гүйцэд эсэхийг нягтлан шалгах бөгөөд уг баримт бичгийн бүрдэл дутуу бол энэ хуульд заасан хугацаанд багтаан нөхөн ирүүлж болно.

 

31.6.Сонгуулийн хороо бие даан нэр дэвшигчийн цуглуулсан сонгогчдын гарын үсэг үнэн зөв эсэхийг түүвэрлэн тулгах, тухайн иргэнтэй уулзаж нягтлан шалгана.

 

31.7.Сонгуулийн хороо шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг эрх бүхий этгээдээс гаргуулан авч болно.

 

31.8.Энэ хуулийн 31.7-д заасан эрх бүхий этгээд холбогдох лавлагаа, мэдээллийг сонгуулийн хорооноос тогтоосон хугацаанд хүргүүлэх үүрэгтэй.

 

31.9.Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана.

 

31.10.Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ.

 

31.11.Нэр дэвшигчээр бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш нэр дэвшигчээс татгалзахыг хориглоно.

 

31.12.Нэр дэвшигчийн эрх нь үнэмлэх авснаар эхэлж, санал хураалтын албан ёсны дүн гарснаар дуусгавар болно.

 

32 дугаар зүйл.Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах

 

32.1.Нэр дэвшигчийг дараах тохиолдолд бүртгэхээс татгалзана:

32.1.1.энэ хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй;

32.1.2.энэ хуульд заасан нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаагүй;

32.1.3.өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн;

32.1.4.нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичгийн бүрдэл дутуу;

32.1.5.энэ хуульд заасны дагуу бүрдүүлсэн нэр дэвшигчийн баримт бичиг хуурамч болохыг шүүх тогтоосон;

32.1.6.энэ хуулийн 6.5-д зааснаас бусад тохиолдолд давхар нэр дэвшсэн;

32.1.7.энэ хуулийн 47.1-д заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон;

32.1.8.бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлагад нийцээгүй;

32.1.9.ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, ийм агуулга бүхий мэдээллийг хэвлэмэл хэлбэрээр, эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараасан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон.

 

32.2.Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэх тухай хүсэлтээ шаардагдах баримт бичгийн хамт тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлж болно.

 

32.3.Тухайн шатны сонгуулийн хороо дахин бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг хүлээн авч, энэ хуулийн 31.10-т заасан хугацаанаас өмнө бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

 

32.4.Сонгогчдын гарын үсэг зуруулсан маягтыг нягтлан шалгахад бие даан нэр дэвшигчээс үл хамаарах, сонгогчийн мэдээлэлтэй холбоотой зөрчил илэрсэн бөгөөд зөрчилгүй гарын үсгийн тоо нь энэ хуулийн 30.2-т заасан тооноос доошгүй бол дээрх зөрчил нь бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй.

 

33 дугаар зүйл.Нөхөн нэр дэвшүүлэх

 

33.1.Дараах тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлж болно:

 33.1.1.нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан;

 33.1.2.нэр дэвшигч нас барсан;

 33.1.3.нэр дэвшигч шүүхээр ял шийтгүүлсэн.

 

33.2.Тухайн шатны сонгуулийн хороо нөхөн нэр дэвшүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг хүлээн авч, энэ хуулийн 31.10-т заасан хугацаанаас өмнө бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

 

34 дүгээр зүйл.Нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаа

 

34.1.Нэр дэвшигч өөрт шаардлагатай мэдээлэл, лавлагааг холбогдох байгууллагаас зохих журмын дагуу гаргуулан авч болно.

 

34.2.Гэмт хэрэг болон зөрчил үйлдэх явцад, эсхүл гэмт хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх дараах ажиллагаа явуулахыг хориглоно:

34.2.1.эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорих;

34.2.2.орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл болон биед нь үзлэг, нэгжлэг хийх.

 

34.3.Нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэх, ийм агуулга бүхий хэвлэмэл материалыг нийтэд тараах, эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараахыг хориглоно.

 


ДОЛДУГААР БҮЛЭГ


СОНГУУЛЬ ЭРХЭЛСЭН БАЙГУУЛЛАГА, СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР, СУРТАЛЧИЛГАА

 

35 дугаар зүйл.Сонгууль эрхэлсэн байгууллага

 

35.1.Нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгогчидтой уулзах, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сурталчлах зэрэг сонгуулийн сурталчилгааны ажлыг нам, эвслийн болон нэр дэвшигчийн сонгууль эрхэлсэн байгууллага эрхлэн явуулна.

 

35.2.Сонгууль эрхэлсэн байгууллагыг дараах этгээд удирдан зохион байгуулж, энэ хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

35.2.1.аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд тухайн шатны нам, эвслийн дарга, эсхүл түүний итгэмжлэл олгосон албан тушаалтан;

35.2.2.тойргийн хэмжээнд нэр дэвшигч, эсхүл түүний итгэмжлэл олгосон менежер.

 

35.3.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нь нам, эвслийн болон нэр дэвшигчдийнхээ сонгуулийн сурталчилгааг эрхлэн явуулах бөгөөд хуулийн этгээдийн эрхгүй байна.

 

36 дугаар зүйл.Сонгууль эрхэлсэн байгууллагын бүрэлдэхүүн

 

36.1.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын бүрэлдэхүүнд нам, эвслийн дарга, эсхүл түүний итгэмжлэл олгосон албан тушаалтан, ажилтан болон нэр дэвшигч, түүний менежер, шадар туслагч, ухуулагч хамаарна.

 

36.2.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах 20 хүртэл, аймаг, дүүрэгт 50 хүртэл, сум, хороонд 20 хүртэл ажилтантай байж болно.

 

36.3.Нэр дэвшигч өөрийн итгэмжлэл олгосон нэг менежер, баг тус бүрд нэг, аймгийн төвийн баг болон хороо тус бүрд хоёр шадар туслагч, 200 хүртэлх сонгогч тутамд нэг ухуулагчтай байж болно.

 

36.4.Аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны үнэмлэхийг аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, сум, дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах ажилтны үнэмлэхийг сум, дүүргийн сонгуулийн хороо олгоно.

 

36.5.Нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, ухуулагчийн үнэмлэхийг тухайн шатны сонгуулийн хороо олгоно.

 

36.6.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны үнэмлэх авах хүсэлтийг тухайн нам, эвслийг бүртгэсэн тухай шийдвэр гарснаас хойш, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, ухуулагчийн үнэмлэх авах хүсэлтийг тухайн нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш холбогдох сонгуулийн хороо хүлээн авч Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу олгоно.

 

36.7.Бие даан нэр дэвшигчид нэгдэж сонгууль эрхэлсэн байгууллага байгуулахыг хориглоно.

 

37 дугаар зүйл.Сонгуулийн мөрийн хөтөлбөр

 

37.1.Орон нутгийн Хурлын сонгуульд оролцох нам, эвсэл, бие даан нэр дэвшигч дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байна.

 

37.2.Нам, эвслээс нэр дэвшигч нь тухайн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс тусдаа мөрийн хөтөлбөртэй байхыг хориглоно.

 

37.3.Сонгуулийн мөрийн хөтөлбөрт дараах зүйлийг тусгахыг хориглоно:

37.3.1.мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох;

37.3.2.уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлого, түүнчлэн улс, орон нутгийн төсвөөс иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх;

37.3.3.зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх;

37.3.4.иргэдэд үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх;

37.3.5.ажлын байранд зуучлах, ажилд оруулах;

37.3.6.улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон асуудал.

 

37.4.Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрийн агуулгад нийцсэн уриатай байж болно.

 

37.5.Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагаар хянуулж, дүгнэлт гаргуулсан байна.

 

37.6.Нам, эвсэл нь орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө, бие даан нэр дэвшигч нь ээлжит сонгуулийн жилийн 07 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ.

 

37.7.Нам, эвсэл нь орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө энэ хуулийн 25.3.6, 25.4.6-д заасан хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ.

 

37.8.Орон нутгийн Хурлын ээлжит бус, нөхөн, дахин сонгуулиар нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь төрийн аудитын дээд байгууллагаас тогтоосон хугацаанд сонгуулийн мөрийн хөтөлбөр болон энэ хуулийн 25.3.6, 25.4.6-д заасан хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын байгууллагын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ.

 

37.9.Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд тав хоногийн дотор зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин дүгнэлт гаргуулахаар хүргүүлнэ.

 

37.10.Төрийн аудитын байгууллага нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлнэ.

 

37.11.Төрийн аудитын байгууллага бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг санал авах өдрөөс 35-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлнэ.

 

37.12.Төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллага нь энэ хуульд заасан нам, эвслийн хандивын тайлан, сонгуулийн мөрийн хөтөлбөр болон түүнд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнөөс эхлэн энэ хуульд заасны дагуу нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлангаа хүргүүлэх өдрийг дуустал өөрийн байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт нээлттэйгээр байршуулна.

 

38 дугаар зүйл.Сонгуулийн сурталчилгаа

 

38.1.Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно.

 

38.2.Сонгуулийн сурталчилгааг дараах арга, хэлбэрээр явуулна:

38.2.1.сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах;

38.2.2.нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах;

38.2.3.хуульд өөрөөр заагаагүй бол намын далбааг гудамж талбайд байрлуулах, таних тэмдэг, уриа ашиглах;

38.2.4.сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх;

38.2.5.ухуулах байр ажиллуулах;                                     

38.2.6.радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах;

38.2.7.цахим орчин ашиглах;

38.2.8.өдөр тутмын болон бусад сонин, сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийтлүүлэх.

 

38.3.Сонгуулийн сурталчилгааны уулзалт, хандивын талаар сонгогчдод зар, урилга явуулсныг сурталчилгааны хэвлэмэл материалд оруулан тооцохгүй. Зар, урилга нь А5 хэмжээнээс илүүгүй байна.

 

38.4.Сонгуулийн сурталчилгааны аливаа материалын баруун доод хэсэгт сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн нэрийг тодорхой харагдахуйц байдлаар товчлохгүй бичих бөгөөд энэ нь телевизийн нэвтрүүлгийн нийт хугацаанд хамаарна. Радиогийн нэвтрүүлгийн тухайд эхлэл, төгсгөлд нам, эвсэл, нэр дэвшигчийн нэрийг дурдана.

 

38.5.Сонгуулийн сурталчилгаа явуулсан хэвлэл мэдээллийн байгууллага нь сонгуулийн сурталчилгаа дууссанаас хойш 10 хоногийн дотор сурталчилгаа явуулсан талаарх тайланг нийтэд мэдээлнэ.

 

38.6.Энэ хуулийн 38.1-д заасныг зөрчсөн радио, телевизийн байгууллагын олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээгээр дамжих эрхийг Харилцаа холбооны зохицуулах хороо зөрчил гарсан өдрөөс эхлэн гурван сар хүртэл хугацаагаар хязгаарлана.

 

39 дүгээр зүйл.Сонгуулийн сурталчилгаанд тээврийн хэрэгсэл ашиглах

 

39.1.Нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааны зорилгоор нэг хэсэгт хоёроос илүүгүй тээврийн хэрэгсэл ашиглаж болно. Тээврийн хэрэгслийн таних тэмдгийн загварыг Сонгуулийн ерөнхий хороо батална.

 

39.2.Сонгуулийн сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тухайн шатны сонгуулийн хороонд бүртгүүлэн, таних тэмдгийг авч, ил харагдахуйц байрлуулна.

 

39.3.Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан таних тэмдэггүй авто машин, автобус, мопед, мотоцикль болон бусад тээврийн хэрэгслийг сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг хориглоно.

 

39.4.Сонгуулийн сурталчилгаанд ашиглаж байгаа тээврийн хэрэгсэлд сонгуулийн сурталчилгааны ухуулах хуудас, зурагт самбар, дэлгэц, уриа, намын далбаа, чанга яригч байрлуулж болно.

 

40 дүгээр зүйл.Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материал

хэвлүүлэх, тараах, хүргэх

 

40.1.Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг дараах хэлбэр, хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр сонгогчдод тараах эрхтэй:

40.1.1.гурван хэвлэлийн хуудас сонин;

40.1.2.гурван хэвлэлийн хуудас сэтгүүл;

40.1.3.нэг хэвлэлийн хуудас ухуулах хуудас.

 

40.2.Нэг нам, эвслийн нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалаа нэгдмэл байдлаар хамтран гаргаж болно.

 

40.3.Ухуулах хуудас болон зурагт самбарыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт байрлуулах байршлыг тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тогтоож, нийтэд мэдээлнэ.

 

40.4.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн 40.3-т заасан байршил тогтоохдоо аливаа нам, эвсэл, нэр дэвшигчийн нэр заахыг хориглоно.

 

40.5.Энэ хуулийн 40.3-т заасны дагуу тогтоосон байршлаас өөр газарт зурагт самбар, ухуулах хуудас байршуулахыг хориглоно.

           

40.6.Ухуулах хуудсыг нэг хэсэгт 20-оос илүүгүй байршуулах бөгөөд гудамж талбайд байршуулахдаа цавуу, цавуулаг эд зүйл ашиглан тогтоож, орчин бохирдуулахыг хориглоно. 

 

40.7.Ухуулах хуудас нэг хэвлэлийн хуудас хүртэлх хэмжээнээс илүүгүй байна.

 

40.8.“Нэг хэвлэлийн хуудас” гэж А4 бичгийн цаасны найман нүүрийг ойлгоно.

 

40.9.Сурталчилгааны хэвлэмэл материалыг шуудангаар хүргүүлж болно.

 

40.10.Сонгуулийн сурталчилгааны хугацаанд гудамж, талбайд байрлуулсан нам, эвсэл, нэр дэвшигчийн зурагт болон ухуулах хуудсыг гэмтээх, устгахыг хориглоно.

 

40.11.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нэр дэвшигчийн танилцуулга, намтар, нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг нэгтгэн хэвлэж, сонгогчдод хүргэх ажлыг зохион байгуулж болно.

 

40.12.Өдөр тутмын болон бусад сонин, сэтгүүлд нийтлүүлэх сурталчилгааны материал нь энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээнд хамаарна.

 

40.13.Энэ хуулийн 38.2.8-д заасан сонин, сэтгүүл нь сүүлийн 12 сарын турш тогтмол гарсан байх бөгөөд түүнд нийтлүүлэх сурталчилгааны төлбөр нь ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд баримталсан зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийн үнийн дундаж хэмжээнээс хэтрэхгүй байна.

 

41 дүгээр зүйл.Сонгуулийн сурталчилгаанд зурагт самбар, дэлгэц ашиглах

 

41.1.Сонгуулийн сурталчилгаанд зурагт самбар, дэлгэц ашиглаж болно. Зурагт самбар, дэлгэц нь нэг хэсэгт 10-аас илүүгүй байна.

 

41.2.Зурагт самбар, дэлгэц нь хоёр хэвлэлийн хуудаснаас илүүгүй хэмжээтэй, хөдөлгөөнт хэлбэртэй байж болох бөгөөд хэлбэр, загварт хязгаарлалт тавихгүй.

 

41.3.Зурагт самбар, дэлгэцийг энэ хуулийн 40.3-т заасны дагуу тогтоосон байршилд түр хугацаагаар, үнэ төлбөргүй байрлуулна.

 

41.4.Бизнесийн зорилгоор байнга ашиглагддаг сурталчилгааны самбар, дэлгэц, түүний орон зайг сонгуулийн сурталчилгаанд ашиглахгүй.

 

41.5.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, нэр дэвшигчийн ухуулах байр байрлаж байгаагаас бусад байшин, барилга, байгууламжид сонгуулийн сурталчилгааны самбар, дэлгэц байрлуулахгүй.

 

41.6.Нэг нам, эвслийн нэр дэвшигчид хамтран сурталчилгааны нэг самбар, дэлгэцтэй байж болох бөгөөд энэ тохиолдолд хариуцлагыг хамтран хүлээнэ.

 

41.7.Зурагт самбар, дэлгэцэд тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийн нэрийг заавал дурдсан байна.

 

41.8.Сонгуулийн сурталчилгааны хугацаанд гудамж талбайд байрлуулсан сонгуулийн сурталчилгааны зурагт самбар, дэлгэцийг гэмтээх, устгахыг хориглоно.

 

41.9.Зурагт самбар, дэлгэцийг байрлуулахдаа замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио, хөдөлгөөн зохицуулах бусад хэрэгслийг халхлах, бусдын эд хөрөнгө, явган зорчигчид аюул учруулж болзошгүй байдлаар байрлуулах, замын хөдөлгөөнд саад учруулахыг хориглоно.

 

42 дугаар зүйл.Намын далбааг сонгуулийн сурталчилгаанд ашиглах

 

42.1.Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд намын далбаа, уриа, таних тэмдгийг сурталчилгааны явцад ашиглах эрхтэй.

 

42.2.Намын далбаа, уриа, таних тэмдгийг нэр дэвшигчийн ухуулах байр, сонгогчидтой хийх уулзалт, хурал цуглааны танхимд, сурталчилгааны самбар, дэлгэц, ухуулах хуудас, сонгуулийн сурталчилгаанд ашиглах зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгсэл, сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээдийн хэрэглэж байгаа хувцас дээр байрлуулж болох бөгөөд бусад газарт байрлуулахыг хориглоно.

 

43 дугаар зүйл.Сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх

 

43.1.Сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглааныг сонгуулийн сурталчилгааны хугацаанд багтаан хийнэ.

 

43.2.Сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглаан зохион байгуулахад нь тухайн шатны Засаг дарга дэмжлэг үзүүлж, сонгуульд оролцогч талуудад тэгш хандах үүрэгтэй.

 

43.3.Дараах байгууллага, хуулийн этгээд нь сонгуулийн уулзалт, хурал, цуглаан хийхэд нь зориулж өөрийн эзэмшиж байгаа соёлын төв, биеийн тамирын болон хурлын заал, бусад байр, танхимыг үнэ төлбөргүйгээр ашиглуулах үүрэгтэй:

43.3.1.төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага;

43.3.2.төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд;

43.3.3.төрийн болон орон нутгийн өмчийн 51 хувь ба түүнээс дээш оролцоотой хуулийн этгээд.

 

43.4.Энэ хуульд заасны дагуу санал авах байр болгон бэлтгэсэн, эсхүл сонгуулийн хороод тухайн байр, танхимд үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд энэ хуулийн 43.3 дахь хэсэг хамаарахгүй.

 

43.5.Энэ хуулийн 43.3 дахь хэсэгт шүүх, прокурор, тагнуул, цагдаа, онцгой байдлын болон эмнэлгийн байгууллага хамаарахгүй.

 

44 дүгээр зүйл.Ухуулах байр ажиллуулах

 

44.1.Нэр дэвшигч сонгуулийн хэсэг бүрд хоёроос илүүгүй ухуулах байр ажиллуулж болно.

 

44.2.Нэг нам, эвслээс нэр дэвшигчид хамтран нэг ухуулах байранд үйл ажиллагаа явуулж болно.

 

44.3.Ухуулах байрыг дараах зорилгоор ажиллуулна:

44.3.1.сонгуулийн мөрийн хөтөлбөрийг тайлбарлах, танилцуулах;

44.3.2.сонгуулийн сурталчилгааны материалыг сонгогчдод тараах;

44.3.3.уулзалт, хурал зохион байгуулах.

 

45 дугаар зүйл.Сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз ашиглах

 

45.1.Сонгуулийн сурталчилгаатай холбогдсон нэвтрүүлэг /цаашид “сурталчилгааны нэвтрүүлэг” гэх/-ийг радио, телевизээр нэвтрүүлж болно.

 

45.2.Олон нийтийн радио, телевиз сурталчилгааны нэвтрүүлгийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос тогтоосон хуваарь, цагийн дагуу үнэ төлбөргүйгээр нэвтрүүлнэ.

 

45.3.Олон нийтийн радио, телевиз нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цаг олгох саналаа Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлэхдээ нам, эвслээс нэр дэвшигчдэд намын Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллыг, эвслийн тухайд эвсэлд нэгдэн орсон намын Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллыг, бие даан нэр дэвшигчдийн тухайд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн дарааллыг баримтлан ижил нөхцөл, тэнцүү хугацаа ногдохоор тооцно.

 

45.4.Харилцаа холбооны зохицуулах хороо олон нийтийн радио, телевизээс ирүүлсэн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн талаарх саналыг хянан үзэж, сонгуулийн сурталчилгаа эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө батална.

 

45.5.Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевиз нь сурталчилгааны нэвтрүүлгийг гэрээний үндсэн дээр нэвтрүүлнэ.

 

45.6.Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн нийт хугацаа хоногт нэг цаг /60 минут/-аас илүүгүй байна.

 

45.7.Сурталчилгааны нэвтрүүлгийн хоногт гарах нийт хугацаа /60 минут/-ны хорин таваас илүүгүй хувь /15 минут/ нь нэг нам, эвсэлд, түүнчлэн бие даан нэр дэвшигчдэд ногдоно.

 

45.8.Сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн төлбөр нь орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд баримталсан зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийн төлбөрийн дундаж хэмжээнээс хэтрэхгүй байна.

 

45.9.Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевиз нь сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх бол сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг дараах баримт бичиг, мэдээллийн хамт Харилцаа холбооны зохицуулах хороонд санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө хүргүүлж, бүртгүүлнэ:

45.9.1.сурталчилгааны нэвтрүүлэг явуулахаар тогтоосон нарийвчилсан цагийн хуваарь;

45.9.2.орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хийж байсан гурваас доошгүй зар сурталчилгаа нэвтрүүлэх гэрээ;

45.9.3.сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх дундаж үнийн талаарх мэдээлэл. 

 

45.10.Энэ хуулийн 45.9-д заасны дагуу бүртгүүлсэн радио, телевиз сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрхтэй бөгөөд бүртгүүлээгүй радио, телевизээр сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэхийг хориглоно.

 

45.11.Радио, телевиз нэгээс илүү сувагтай бол сурталчилгааны нэвтрүүлгийг зөвхөн үндсэн сувгаар нэвтрүүлнэ.

 

45.12.Сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх радио, телевиз нь сонгуульд оролцогч бүх нам, эвсэл, нэр дэвшигчид тэгш хандах үүрэгтэй.

 

45.13.Радио, телевиз мэдээллийн хөтөлбөрөөрөө нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх сонгуулийн үйл явцын мэдээллийг хүргэхдээ бодит, тэнцвэртэй, нэг талыг барихгүй, хараат бус байх зарчмыг баримтална. 

 

45.14.Радио, телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар гарсан мэдээ нь сурталчилгааны нэвтрүүлгийн хугацаанд хамаарахгүй боловч мэдээг хоногт 5 минутаас хэтрүүлэхийг хориглоно.

 

45.15.Радио, телевиз сонгогчдын боловсролд зориулсан мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг, хөтөлбөр бэлтгэж түгээх үүрэгтэй.

 

45.16.Радио, телевизийн редакцад бэлтгэгдээгүй, сонгуульд оролцогч нам, эвсэл, нэр дэвшигчийн зүгээс бэлтгэн нийлүүлсэн мэдээ, нэвтрүүлгийг тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийн сурталчилгааны нэвтрүүлэгт хамааруулна.

 

45.17.Улс төрийн мэтгэлцээний талаарх нэвтрүүлэг, хөтөлбөр сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэгт хамаарахгүй боловч уг нэвтрүүлэг, хөтөлбөрт нэг намын бус, түүнчлэн бие даагч хэд хэдэн нэр дэвшигч, эсхүл өөр өөр нам, эвслийн төлөөлөл оролцсон байна.

 

45.18.Сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг бусад нам, эвсэл, нэр дэвшигчид шилжүүлэхийг хориглоно.

 

45.19.Хэвлэл мэдээллийн байгууллага, түүний ажилтан, албан тушаалтан сонгуулийн үйл ажиллагааны талаар бодит мэдээллийг түгээх үүрэгтэй.

 

45.20.Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журмыг Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо энэ хуульд нийцүүлэн батална.

 

45.21.Харилцаа холбооны зохицуулах хороо олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн баталсан хуваарь, цаг болон сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх зөвшөөрөл олгосон радио, телевизийн жагсаалтыг сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд хүргүүлж, өөрийн байгууллагын цахим хуудаст байршуулан нийтэд мэдээлнэ.

 

45.22.Радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаанд энэ хуулийн 45.20-д заасан журмын дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо хяналт тавьж ажиллана.

 

45.23.Харилцаа холбооны зохицуулах хороо энэ хуульд заасан зөрчил гаргуулахгүй байх, гарсан зөрчлийг зогсоох арга хэмжээг цагдаагийн болон сонгуулийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж болно.

 

45.24.Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх талаар энэ хуулийн 45.20-д заасан журам зөрчсөн бол эхний удаад сануулах арга хэмжээ авах, эсхүл радио, телевизийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрхийг санал авах өдөр хүртэл хугацаанд цуцлах тухай шийдвэр гаргана.

 

45.25.Энэ хуулийн 45.10-т заасныг зөрчсөн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчийн зөвшөөрлийг Харилцаа холбооны зохицуулах хороо хүчингүй болгоно.

 

45.26.Энэ хуулийн 38.1-д заасан сонгуулийн сурталчилгаа зогсоох хугацаанаас өмнөх 48 цагт энэ хуулийн 45.6, 45.7, 47.10-т заасныг зөрчсөн бол радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчийн зөвшөөрлийг Харилцаа холбооны зохицуулах хороо хүчингүй болгоно.

 

46 дугаар зүйл.Сонгуулийн сурталчилгаанд цахим орчин ашиглах

 

46.1.Сонгуулийн сурталчилгаанд дараах хэлбэрийн цахим хуудас ашиглаж болно:

46.1.1.нам, эвслийн болон нэр дэвшигчийн өөрийн тус бүр нэг цахим хуудас;

46.1.2.цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудас;

46.1.3.бусад цахим хуудас.

 

46.2.Нэр дэвшигч энэ хуулийн 46.1.1, 46.1.2-т заасан цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах тохиолдолд цахим хуудсыг нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлнэ.

 

46.3.Энэ хуулийн 46.1.1, 46.1.3-т заасан цахим хуудас ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулахдаа сэтгэгдэл бичигдэхгүй тохиргоотойгоор нийтэлнэ.

 

46.4.Энэ хуулийн 46.2-т заасны дагуу бүртгүүлээгүй цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах, бусдын нэр болон хуурамч хаяг ашиглахыг хориглоно.

 

46.5.Энэ хуулийн 46.1.3-т заасан цахим хуудсаар сонгуулийн сурталчилгаа явуулах тохиолдолд нам, эвслийн нэр, далбаа, таних тэмдэг, нэр дэвшигчийн нэр, сонгуулийн уриа болон энэ хуулийн 46.1.1, 46.1.2-т заасан цахим хуудасны хаяг зэргийг сурталчилж болно.

 

46.6.Сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны материалыг цахим хэлбэрээр буюу цахим шуудангаар сонгогчдод хүргүүлж болно.

 

46.7.Энэ хуулийн 34.3, 46.4-т заасныг зөрчсөн талаарх гомдлын дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн дараах арга хэмжээг нэн даруй авна:

46.7.1.энэ хуулийн 46.1.1, 46.1.3-т заасан цахим хуудасны Монгол Улсаас хандах хандалтыг сонгуулийн дүн гарч дуусталх хугацаагаар хаах;

46.7.2.энэ хуулийн 46.1.2-т заасан тухайн цахим хуудсыг хаах, эсхүл түр хязгаарлах.

 

46.8.Үүрэн холбооны болон интернэтийн үйлчилгээ эрхлэгч холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу зөрчил гаргасан цахим хуудас болон тухайн мэдээ, мэдээллийг өөрийн сүлжээнд хаах үүрэг хүлээнэ.

 

46.9.Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмыг цагдаагийн төв байгууллага болон Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо батална.

 

46.10.Нэр дэвшигч болон нам, эвсэл нь энэ хуулийн 46.1.1, 46.1.2-т заасан цахим хуудсыг энэ хуулийн 38.1-д заасан сонгуулийн сурталчилгаа дуусах хугацаанд хаана.

 

46.11.Харилцаа холбооны зохицуулах хороо Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн цахим орчин дахь олон нийтийн сүлжээний хандалтыг хязгаарлах, тархалтыг бууруулах технологийн арга хэмжээг сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс санал авах өдрийн дараах өдөр хүртэл авч болно.

 

46.12.Энэ хуулийн 46.1.3-т заасан цахим хуудас ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах төлбөр нь ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд баримталсан зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийн төлбөрийн дундаж хэмжээнээс хэтрэхгүй байна.

 

47 дугаар зүйл.Хууль бус сурталчилгааг хориглох

 

47.1.Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд сонгуулийн сурталчилгаа хийх, сонгогчдын саналыг татах зорилгоор болон дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

47.1.1.мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үзүүлэх;

47.1.2.нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх;

47.1.3.сонгогчийг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах;

47.1.4.ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх;

47.1.5.хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах;

47.1.6.сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах;

47.1.7.хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэх.

 

47.2.Улс төрийн намаас зөвхөн гишүүдийнхээ хүрээнд зохион байгуулсан сургалт, уулзалтыг сонгогчдын саналыг татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамааруулахгүй.

 

47.3.Сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч болон түүний менежер, шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно.

 

47.4.Төрийн улс төрийн албан хаагч сонгуулийн сурталчилгаанд оролцож болно.

 

47.5.Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

47.5.1.энэ хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх;

47.5.2.зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийх;

47.5.3.сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах;

47.5.4.энэ хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тээврийн хэрэгсэл, бусад өмч хөрөнгийг аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд ашиглах;

47.5.5.оройн 22:00 цагаас дараа өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд чанга яригч ашиглах;

47.5.6.олон нийтийг хамарсан аливаа шашны зан үйл ашиглах, түүнийг зохион байгуулах, оролцох, ивээн тэтгэх, шашны холбогдолтой эд зүйл тараах.

 

47.6.Сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан иргэний шүтэх, эс шүтэх эрх чөлөө, төр, сүм хийдийн харилцаа, шашны талаарх бодлого, үзэл баримтлалыг сонгогчдод тайлбарлан таниулах үйл ажиллагааг шашны зан үйл ашигласан гэж үзэхгүй.

 

47.7.Орон нутгийн Хурлын төлөөлөгч сонгуульд нэр дэвших бол энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тойргийн сонгогчдодоо ажлын тайлангаа танилцуулах зорилгоор хийсэн уулзалт, энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ болон тараасан тайлан нь сонгуулийн сурталчилгаанд хамаарахгүй.

 

47.8.Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ, мэдээллийг дагнан гаргах, эсхүл гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно.

 

47.9.Дахин болон нэмэлт санал хураалт дуусах хүртэл хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглоно.

 

47.10.Нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал авах ажиллагаа дуустал сонгуулийн сурталчилгааны бус бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагад орохыг, түүнчлэн сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хийгдсэн аливаа нэвтрүүлэг, хөтөлбөр, дуу, дүрс бичлэг, ярилцлагыг нэвтрүүлэх, нийтлэхийг хориглоно.

 

47.11.Сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээдэд хариуцлага хүлээлгэх зорилгоор тэдгээрийн нэрийн өмнөөс аливаа этгээд санаатайгаар хууль бус сурталчилгаа хийхийг хориглоно.

 

47.12.Харилцаа холбооны зохицуулах хороо энэ хуулийн 47.10-т заасан үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах бөгөөд энэ хуулийн 47.9, 47.10-т заасныг зөрчсөн тохиолдолд радио, телевизийн байгууллагын олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээгээр дамжих эрхийг зөрчил гарсан өдрөөс эхлэн гурван сар хүртэл хугацаагаар хязгаарлана.

 

47.13.Шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 45.13, 47.1.7, 47.8-д заасан үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана.

 

47.14.Шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэвлэл мэдээллийн байгууллагад эхний удаа сануулах арга хэмжээг авч болно.

 

47.15.Энэ хуулийн 47.13-т заасан зөрчлийг шалгах хугацаанд шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага санал хураалтын дүн гарах хүртэлх хугацаанд үйл ажиллагааг нь зогсоох тухай дүгнэлтийг зөвшөөрөл олгосон байгууллагад  хүргүүлэх арга хэмжээг авч болно.

 


НАЙМДУГААР БҮЛЭГ


СОНГУУЛИЙН ЗАРДАЛ

 

48 дугаар зүйл.Сонгуулийн зардал

 

48.1.Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, түүнчлэн нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сонгогчдод сурталчлах, тайлбарлан таниулах зорилгоор сонгуулийн сурталчилгааны шууд болон шууд бус зардал /цаашид “сонгуулийн зардал” гэх/ гаргана.

 

48.2.Сонгуулийн зардал дараах хөрөнгөөс бүрдэнэ:

48.2.1.хандив;

48.2.2.намын өөрийн хөрөнгө;

48.2.3.нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө.

 

48.3.Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна.

 

48.4.Сонгуулийн зардлын данснаас өөр дансанд сонгуулийн зардал цуглуулах, зарцуулахыг хориглоно.

 

49 дүгээр зүйл.Сонгуулийн зардлын дээд хэмжээ

 

49.1.Энэ хуульд нийцүүлэн төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх сонгуулийн тойрогт нам, эвсэл болон нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг ээлжит сонгуулийн жилийн 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө тогтоож, нийтэд мэдээлнэ.

 

49.2.Нам, эвсэл болон нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоохдоо нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, өрхийн болон сонгогчийн тоо, энэ хуульд заасан бусад шаардлагыг харгалзана.

 

49.3.Энэ хуулийн 49.1-д заасны дагуу тогтоосон зардлын дээд хэмжээг дараагийн орон нутгийн Хурлын ээлжит сонгууль хүртэл мөрдөнө. Хэрэв өөрчлөлт оруулах шаардлагатай бол ээлжит бус, нөхөн болон дахин сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн тогтоож, нийтэд мэдээлнэ.

 

50 дугаар зүйл.Сонгуулийн зардлын данс

 

50.1.Нам, эвсэл тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгтээ сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна.

 

50.2.Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ.

 

50.3.Нам, эвсэл болон нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй.

 

50.4.Эвслийн сонгуулийн зардлын данс тухайн эвсэл тарах хүртэл хугацаанд ашиглагдана.

 

50.5.Сонгуулийн зардлын дансанд хуримтлагдах хөрөнгийн хэмжээнд тусгайлан хязгаар тогтоохгүй боловч тухайн сонгуулийн сурталчилгааны хугацаанд сонгуулийн зардлын данснаас зарцуулах зардлын хэмжээ нь энэ хуульд заасны дагуу тогтоосон сонгуулийн зардлын дээд хэмжээнээс хэтрэхгүй.  

 

50.6.Энэ хуульд тусгайлан зааснаас бусад хугацаанд нам, эвсэл сонгуулийн зардлын дансаа битүүмжлүүлэх бөгөөд зөвхөн орлого оруулахыг зөвшөөрнө.

 

50.7.Сонгуулийн зардлын дансны зарлагын битүүмжлэлийг энэ хуульд заасан хугацаагаар нээж өгөх хүсэлтийг нам, эвслийг бүртгэсэн тухай сонгуулийн хорооны шийдвэрийн хамт банканд хүргүүлснээр тухайн банк сонгуулийн зардлын дансны битүүмжлэлийг нээнэ.

 

51 дүгээр зүйл.Сонгуулийн зардлын данснаас зарлага гаргах

 

51.1.Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн өдрөөс эхэлж, сонгуулийн зардлын тайлан гаргах өдрийг дуусах хүртэл хугацаанд энэ хуулийн 38.2-т заасан арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах зориулалтаар сонгуулийн зардлын данснаас дансанд шилжүүлэх хэлбэрээр зарлага гаргаж болно.

 

51.2.Нам, эвсэл байгуулан сонгуульд оролцож байгаа бол эвслийн сонгуулийн зардлын дансанд сонгуулийн зардал шилжүүлэхээс бусад зориулалтаар сонгуулийн зардлын данснаас бие даан зарлага гаргахыг хориглоно.

 

52 дугаар зүйл.Сонгуулийн хандив

 

52.1.Сонгуулийн хандив /цаашид “хандив” гэх/ мөнгөн, мөнгөн бус хэлбэртэй байна.

 

52.2.Хандивлагч энэ хуульд заасан шаардлага хангасан, Монгол Улсын иргэн байна.

 

52.3.Энэ хуулиар хориглоогүй, түүнчлэн тухайн хуулийн этгээдийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээд хандивлагч байж болно.

 

53 дугаар зүйл.Мөнгөн хандив

 

53.1.Мөнгөн хандив иргэний хувьд хоёр сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд 10 сая төгрөг хүртэл байна.

 

53.2.Иргэн, хуулийн этгээдээс нам, эвсэлд, эсхүл нэр дэвшигчид зардлын данс нээсэн өдрөөс хойш сонгуулийн үйл ажиллагаанд нь зориулан энэ хуулийн 53.1-д заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр хандив өгч болно.

 

53.3.Эвсэлд нэгдсэн намд сонгуульд зориулж хандив өгсөн бол тухайн намын нэгдэн орсон эвсэлд давхардуулан хандив өгөхийг хориглоно.

 

53.4.Хандив өгч байгаа иргэн, хуулийн этгээд нь нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаан шилжүүлнэ.

 

53.5.Буцах хаяг нь тодорхойгүй хандивыг холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын орлогод буюу төрийн санд шилжүүлнэ.

 

53.6.Хуулийн этгээд мөнгөн хандив өгсөн бол уг хандивыг санхүү, татварын тайландаа тусгана.

 

53.7.Бэлэн мөнгөөр хандив өгөх, авахыг хориглоно.

 

54 дүгээр зүйл.Мөнгөн бус хандив

 

54.1.Мөнгөн бус хандивт дараах зүйл хамаарна:

54.1.1.үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг ашиглуулах, эзэмшүүлэх;

54.1.2.үйлчилгээ үзүүлэх.

 

54.2.Мөнгөн бус хандивыг сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс дуусах хүртэл хугацаанд зөвхөн нэр дэвшигчид өгнө.

 

54.3.Мөнгөн бус хандив өгч байгаа тохиолдолд хандивлагч нь нэр дэвшигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй хандивын гэрээг бичгээр байгуулж гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулна.

 

54.4.Мөнгөн бус хандивын үнэлгээг зах зээлийн дундаж ханшийг үндэслэн хандивын гэрээгээр тогтоох бөгөөд уг үнэлгээ нь иргэн болон хуулийн этгээдээс өгөх хандивын дээд хэмжээнээс хэтрэхгүй байна.

 

55 дугаар зүйл.Хандив өгөх, хүлээн авахыг хориглох

 

55.1.Дараах этгээд хандив өгөхийг хориглоно:

55.1.1.гадаад улс буюу гадаадын болон олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага;

55.1.2.гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн;

55.1.3.18 нас хүрээгүй хүн;

55.1.4.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд;

55.1.5.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон албан татварын өр төлбөртэй, дампуурсан хуулийн этгээд;

55.1.6.үйлдвэрчний эвлэл, шашны байгууллага;

55.1.7.байгуулагдаад нэг жил болоогүй байгаа хуулийн этгээд.

 

55.2.Хандив өгөхийг хориглосон этгээд болон эрх зүйн байдал нь тодорхойгүй этгээд сонгуулийн хандив өгсөн бол хандив хүлээн авах эрх бүхий этгээд буцаан шилжүүлнэ.

 

55.3.Хандивлагч хандив өгөх бол энэ хуулийн 55.1-д заасан шаардлага хангаж байгаа эсэхээ хандив хүлээн авагчид нотлох үүрэгтэй.

 

55.4.Энэ хуулийн 55.2-т заасныг зөрчиж хүлээн авсан хандивыг улсын орлогод буюу төрийн санд шилжүүлнэ.

 

55.5.Нам өөрийн өмчлөлийн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг нам, эвслийн болон нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд ашиглуулж болох бөгөөд энэ нь хандивт тооцогдохгүй.

 

55.6.Нэр дэвшигч болон нам, эвслийн сонгуулийн зардлын данс хооронд шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хандивт тооцохгүй.

 

56 дугаар зүйл.Сонгуулийн зардлын тайлан

 

56.1.Сонгуулийн зардлын тайланд орлого ба зарлагын мэдээллийг бүрэн тусгана.

 

56.2.Сонгуулийн зардлын тайлан нь мөнгөн ба мөнгөн бус хөрөнгийн санхүүгийн тайлан байна.

 

56.3.Нам, эвсэл нь санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ.

 

56.4.Зардлын тайланг дараах үзүүлэлтээр гаргана:

56.4.1.сонгуулийн зардлын дансанд орсон орлогын нийт хэмжээг энэ хуулийн 48.2-т заасан хөрөнгийн эх үүсвэр болон гүйлгээ тус бүрээр;

56.4.2.хандивлагч иргэн, хуулийн этгээдийн энэ хуулийн 53.4-т заасан мэдээлэл болон хандивын хэмжээ, хэлбэр;

56.4.3.зарлагын ангилал, гүйцэтгэл, гэрээний хамт;

56.4.4.үлдэгдлийн хэмжээ, байршил;

56.4.5.сонгуулийн зардлын данснаас зарлага гаргаж эхлэхийн өмнөх мөнгөн хөрөнгийн хэмжээ.

 

56.5.Сонгуулийн зардлын данс байршуулсан банкны захирал, эсхүл салбарын эрхлэгч уг дансны бүх гүйлгээний хуулгыг гаргаж, санал авах өдрөөс хойш 30 хоногийн дотор төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ.

 

57 дугаар зүйл.Сонгуулийн зардлын тайлангийн хяналт ба нээлттэй,

ил тод байдал

 

57.1.Төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллага зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлэх бөгөөд нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд мэдээлнэ.

 

57.2.Төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллага сонгуулийн зардлын тайлангийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

57.2.1.нам, эвсэл, нэр дэвшигчийн авсан хандив, санхүүжилт болон зарцуулалтад дангаараа болон төрийн бусад байгууллагатай хамтран хяналт тавих;

57.2.2.нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгуулийн санхүүжилттэй холбоотой мэдээлэл авах;

57.2.3.сонгуулийн санхүүжилт, түүний зарцуулалтад гарсан зөрчлийн талаар баримт бичиг үйлдэх, бүрдүүлэх, холбогдох байгууллагад хүргүүлэх;

57.2.4.төрийн болон бусад байгууллага, албан тушаалтан, иргэдээс сонгуулийн санхүүжилттэй холбоотой баримт бичгийг гаргуулан авах;

57.2.5.зардлын тайлан гаргах, хүлээн авах, нийтэд мэдээлэх, танилцуулахтай холбоотой журам, маягт батлах.

 

57.3.Төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллага энэ хуулийн 57.2-т заасан бүрэн эрхийн дагуу мэдээлэл, баримт шаардсан тохиолдолд холбогдох иргэн, хуулийн этгээд мэдээлэл, баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.

 


ЕСДҮГЭЭР БҮЛЭГ


САНАЛ АВАХ, СОНГУУЛИЙН ДҮН ГАРГАХ

 

58 дугаар зүйл.Саналын хуудас

 

58.1.Саналын хуудас сонгогчоос саналаа илэрхийлэх, сонгуулийн дүн гаргах үндсэн баримт бичиг бөгөөд дараах шаардлагыг хангасан байна:

58.1.1.агуулга, бичилт, хэлбэрийн хувьд сонгогчоос саналаа илэрхийлэхэд хялбар, ойлгомжтой;

58.1.2.сонгогч саналаа тэмдэглэх тухай заавар агуулсан.

 

58.2.Саналын хуудаст нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэрийг жижиг үсгээр, өөрийнх нь нэрийг том үсгээр бичих ба нам, эвсэл нэр дэвшүүлсэн бол тухайн нам, эвслийн нэрийг бичнэ.

 

58.3.Саналын хуудас тусгай нууцлалтай байх бөгөөд аймаг, дүүргийн хэмжээнд нэгдсэн дугаартай байна.

 

59 дүгээр зүйл.Саналын хуудаст нэр дэвшигчийн нэрийг бичих дараалал

 

59.1.Саналын хуудаст нам, эвсэл, тэдгээрийн нэр дэвшигч, бусад нэр дэвшигчийн нэрийг дараах дарааллын дагуу бичнэ:

59.1.1.намын нэрийг Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар;

59.1.2.эвслийн нэрийг тухайн эвсэлд нэгдэн орсон намуудаас хамгийн түрүүнд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар;

59.1.3.нам, эвслээс нэр дэвшигчийг тухайн нам, эвслээс ирүүлсэн дарааллаар;

59.1.4.бие даан нэр дэвшигчийг сонгуулийн хороонд бүртгүүлсэн дарааллыг баримтлан нам, эвслээс нэр дэвшигчийн нэрийн дараа.

 

59.2.Саналын хуудаст бичигдэх нам, эвслийн нэр, нэр дэвшигчийн өөрийн болон эцэг, эхийн нэрийн үнэн зөв эсэхийг бүртгэсэн сонгуулийн хороо нь хариуцна.

 

60 дугаар зүйл.Саналын хуудсыг хэвлүүлэх, хүргүүлэх,

хадгалах, хамгаалах

 

60.1.Сонгуулийн ерөнхий хороо улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн сонгогчийн тоонд үндэслэн саналын хуудасны тоо, загварыг баталж, хэвлүүлнэ.

 

60.2.Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлэх ажлыг зохион байгуулна.

 

60.3.Саналын хуудас хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх үйл ажиллагааны хамгаалалтыг цагдаагийн байгууллага, төрийн тусгай хамгаалалтын асуудал хариуцсан байгууллага хариуцах бөгөөд тагнуулын асуудал хариуцсан байгууллага хяналт тавьж ажиллана.

 

60.4.Саналын хуудас нь санал авах өдөр хүртэл, санал авч эхэлснээс хойш санал тоолж дуусах хүртэл, санал авах ажиллагаа дууссанаас хойш холбогдох журмын дагуу аймаг, нийслэлийн архивт хүлээлгэн өгөх хүртэл цагдаагийн байгууллагын хамгаалалт, тагнуулын байгууллагын хяналтад байна.

 

60.5.Санал хураалт дууссаны дараа саналын хуудаст агуулагдсан мэдээллийн үнэн зөв, аюулгүй байдлыг хангах зорилгоор саналын хуудсыг битүүмжлэх бөгөөд битүүмжлэлийг задлахгүйгээр сонгуулийн бусад баримт бичгийн хамт аймаг, нийслэлийн архивт хадгална.

 

60.6.Архивт хадгалсан саналын хуудасны битүүмжлэлийг гагцхүү шүүхийн шийдвэрийн дагуу Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөл, хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан нээж болно.

 

60.7.Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журмыг баталж, мөрдүүлнэ.

 

61 дүгээр зүйл.Санал авах байр, хугацаа

 

61.1.Сонгогчийн саналыг Улаанбаатарын цагаар санал авах өдрийн 07:00- 20:00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна.

 

61.2.Тухайн хэсгийн харьяалагдах сум, дүүргийн Засаг дарга Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан зааврын дагуу санал авахад шаардлагатай дараах зүйлийг санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө бэлэн болгох үүрэгтэй:

61.2.1.санал авах байр;

61.2.2.сонгогч саналаа нууцаар өгөхөд шаардагдах бүхээг;

61.2.3.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогч саналаа нууцаар өгөхөд шаардагдах бүхээг;

61.2.4.суурин болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг;

61.2.5.сонгогчийн бүртгэлийн мэдээллийг ажиглагчид үзүүлэх дэлгэц;

61.2.6.хууль тогтоомжид заасан бусад.

 

61.3.Харааны бэрхшээлтэй сонгогч саналаа өгөхөд зориулсан саналын хуудсыг унших, саналаа тэмдэглэх тусгай зориулалтын брайль үсэг бүхий хавтас санал авах байр бүрд байна.

 

61.4.Санал авах байранд сонгогчдоос саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэх боломжийг хангасан, хэсэг дэх сонгогчийн тооноос хамааран хоёроос доошгүй тооны санал бэлтгэх бүхээг байх бөгөөд санал авах байр бүрд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нэгээс доошгүй санал бэлтгэх бүхээгийг тусгайлан тоноглож бэлтгэсэн байна.

 

61.5.Санал авах байр нь тэргэнцэртэй сонгогч орох боломжоор хангагдсан байна.

 

61.6.Нэг барилга байгууламж, цогцолборт хэд хэдэн санал авах байр байрлаж болно.

 

61.7.Хэсгийн хороо нь санал авах байрны дугаар, нэр, хаяг, байршил, орчин тойрны зураглалыг санал авах өдрийг хүртэлх 14 хоногийн турш нийтэд зарлан мэдээлнэ.

 

61.8.Санал авах байрын байршлыг нийтийн эмх замбараагүй байдал, үер ус, гал түймэр зэрэг давагдашгүй хүчин зүйлийн улмаас Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрлөөр өөрчилж болох бөгөөд энэ тухай сонгогчдод нэн даруй мэдээлнэ.

 

61.9.Санал авах ажиллагааг зохион байгуулах, санал авах байр бэлтгэх заавар, түүнчлэн саналын хайрцаг, санал бэлтгэх бүхээгийн хэмжээ, загварыг Сонгуулийн ерөнхий хороо батална.

 

61.10.Санал авах байранд санал тоолох төхөөрөмж, сонгогчийн бүртгэлийн техник хэрэгсэл болон саналын хуудас хүлээн авснаас хойш тухайн санал авах байрыг цагдаагийн хамгаалалтад авна.

 

61.11.Санал авах байрын хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах зорилгоор санал авах байранд хяналтын камер байрлуулна. Төв суурин газраас алслагдсан баг дахь санал авах байранд хяналтын камер байрлуулж болно.

 

62 дугаар зүйл.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар

санал авах ажиллагаа

 

62.1.Өөрийн байнга оршин суугаа сум болон нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа дараах сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар түүний хүсэлт, эмнэлгийн магадалгаа, эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн санал авах өдрийн өмнөх өдрийн 09:00-20:00 цагийн хооронд авна:

62.1.1.эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч;

62.1.2.Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч;

62.1.3.зөрчлийн улмаас саатуулагдсан, баривчлагдсан сонгогч;

62.1.4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогч.

 

62.2.Эрүүл мэндийн байдлын улмаас зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогч өөрийн эрүүл мэндийн талаарх харьяа өрхийн эмчийн магадалгаа, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн хамт санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд хүргүүлнэ.

 

62.3.Энэ хуулийн 62.1.1-д заасан сонгогч асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй бол тухайн сонгогчийн харьяалагдах баг, хорооны Засаг дарга түүний хүсэлт, мэдээллийг холбогдох хэсгийн хороонд хүргүүлэх үүрэгтэй.

 

62.4.Энэ хуулийн 62.1.1, 62.1.2, 62.1.3, 62.1.4-т заасан сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ тухайн байгууллагын удирдлагад өгөх бөгөөд байгууллагын удирдлага уг хүсэлтийг байгууллагын тодорхойлолтын хамт санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө сум, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлнэ.

 

62.5.Сум, дүүргийн сонгуулийн хороо энэ хуулийн 62.4-т заасны дагуу ирүүлсэн хүсэлт, тодорхойлолтыг санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө тухайн сонгогчийн харьяалагдах хэсгийн хороонд хүргүүлнэ.

 

62.6.Хэсгийн хороо болон хэсгийн хорооны дэргэд ажиллах итгэмжлэгдсэн ажилтан зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн хүсэлт, магадалгаа, тодорхойлолтыг хүлээн авч дараах ажиллагааг хийнэ:

62.6.1.тухайн хэсгийн сонгогч мөн эсэхийг итгэмжлэгдсэн ажилтны оролцоотойгоор нягтлан шалгах;

62.6.2.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрсийг гаргаж, хэсгийн хорооны дарга зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах хуваарь, чиглэлийг батлах.

 

62.7.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн саналыг тухайн хэсгийн хорооны хоёроос доошгүй гишүүн хэсгийн хорооны даргын баталсан хуваарь, чиглэлийн дагуу оршин суугаа газарт нь очиж авна.

 

62.8.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтад ороогүй сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авахыг хориглоно.

 

62.9.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн иргэний үнэмлэхийг нь шалгасны үндсэн дээр саналын хуудас олгоно.

 

62.10.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авч байгаа газар дараах этгээд байхыг зөвшөөрнө:

62.10.1.санал авч байгаа газар нь иргэний орон байр бол тухайн иргэний гэр бүлийн гишүүн;

62.10.2.тухайн газар нь эмнэлэг болон түүнтэй адилтгах байгууллага бол хүнд өвчтөн;

62.10.3.ажиглагч;

62.10.4.хамгаалалтад ажиллаж байгаа цагдаагийн албан хаагч.

 

62.11.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаанд өөр өөр нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн төлөөлөл бүхий хоёроос доошгүй ажиглагчийг оролцуулж болно.

 

62.12.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааны аюулгүй байдлыг цагдаагийн байгууллага хариуцан ажиллах бөгөөд энэ хуулийн 62.1.3, 62.1.4-т заасан сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах ажиллагааны аюулгүй байдлыг тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

 

62.13.Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах журмыг Сонгуулийн ерөнхий хороо баталж, мөрдүүлнэ.

 

63 дугаар зүйл.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх

 

63.1.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогч санал бэлтгэх зөөврийн бүхээгт саналаа нууцаар тэмдэглэж, дугтуйд хийнэ.

 

63.2.Дугтуйд хийсэн саналын хуудсыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцагт хийнэ.

 

63.3.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг санал авах өдөр, сонгогчийн санал авах ажиллагаа эхлэх хүртэл задлахыг хориглоно.

 

63.4.Энэ зүйлд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 65 дугаар зүйлд заасан санал авах байранд санал өгөх журмыг баримтална.

 

64 дүгээр зүйл.Санал авах байранд санал авах ажиллагаа

 

64.1.Хэсгийн хорооны бүрэлдэхүүн санал авах байранд санал авах ажиллагаа эхлэхээс өмнө ажиглагчдыг байлцуулан доор дурдсан дарааллын дагуу хэсгийн хорооны дарга мэдээлэл хийж, бэлтгэл ажлыг гүйцэтгэн тэмдэглэл хөтлүүлнэ:

64.1.1.тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын тоо, үүнээс зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн сонгогчдын тоог мэдээлэх;

64.1.2.саналын хуудасны нэгдсэн дугаарыг мэдээлэх;

64.1.3.хүлээн авсан, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахад зарцуулсан, үүнээс зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахад сонгогч саналаа буруу тэмдэглэсэн үндэслэлээр буцааж хураагдсан, түүнчлэн алдагдаж үрэгдсэн, устгагдсан, үлдсэн саналын хуудасны тоог мэдээлэх;

64.1.4.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаас бусад санал авах бүх хайрцгийг нээж харуулах, санал тоолох төхөөрөмжийг битүүмжлэх, лацдах, санал авах ажиллагаанд бэлэн болгох.

 

64.2.Хэсгийн хорооны дарга санал авах ажиллагааны бэлтгэл ажлыг удирдан зохион байгуулах бөгөөд уг ажиллагаанд тухайн хэсгийн сонгогчдын төлөөллийг байлцуулж болно.

 

64.3.Санал авах өдрийн 07:00 цагт санал авах ажиллагаа эхэлнэ.

 

64.4.Санал авах ажиллагаа эхэлмэгц зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн сонгогчийн регистрийн дугаараар бүртгэл хийж, сонгогчийн бүртгэлийн хуудсыг итгэмжлэгдсэн ажилтнаар гаргуулан авах бөгөөд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийн битүүмжлэлийг нээж, саналаа өгсөн сонгогчийн саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийнэ.

 

64.5.Сонгогч өөрийн байнга оршин суугаа газрынхаа харьяа хэсэгт санал өгөх бөгөөд сонгогчдын саналыг энэ хуулийн 64.4-т заасан ажиллагааг хийж дууссаны дараа авч эхэлнэ.

 

64.6.Санал авах байранд ажиллаж байгаа итгэмжлэгдсэн ажилтан санал өгөхөөр ирсэн сонгогчийн гарын хурууны хээг тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хувилбартай тулган үзэж, зөрчилгүй бол сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно.

 

64.7.Сонгогчийн бүртгэлийн төхөөрөмж ажиллахгүй, эсхүл ажиллах боломжгүй болсон бол тухайн сонгогчийн иргэний үнэмлэхийн мэдээллийг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган шалгаж, тэмдэглэл үйлдэх бөгөөд уг тэмдэглэлийг үндэслэн тухайн сонгогчид саналын хуудас олгоно.

 

64.8.Гарын хурууны хээгээр сонгогчийг таних боломжгүй бол сонгогчийн иргэний үнэмлэхийн мэдээллийг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган шалгаж, сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно.

 

64.9.Хэсгийн хорооны гишүүн сонгогчийн бүртгэлийн хуудсыг авч, саналын хуудас олгоно. Бүртгэлийн хуудсыг сонгуулийн баримт бичигт хавсаргана.

 

64.10.Хэсгийн хорооны дэргэд ажиллах итгэмжлэгдсэн ажилтан энэ хуулийн 64.7, 64.8-д заасны дагуу тэмдэглэл үйлдсэн буюу бүртгэлийн хуудас олгосон сонгогчдын жагсаалтыг тусад нь гаргаж, тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалттай тулгаж, тэмдэглэл үйлдэнэ.

 

64.11.Саналын хуудас авсан сонгогчоор сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зуруулна.

 

64.12.Санал авах ажиллагаанд хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг байлцуулж болно.

 

64.13.Санал авах байранд нэр дэвшигч болон зөвшөөрөлгүй бусад этгээд байхыг хориглох бөгөөд энэ нь тэдгээр этгээд саналаа өгөхөд хамаарахгүй.

 

64.14.Санал авах өдрийн 20:00 цагт сонгогчдын бүртгэл зогсох бөгөөд бүртгэлийн хуудсаа авсан сонгогчийн саналыг нь өгүүлнэ.

 

65 дугаар зүйл.Сонгогч саналаа өгөх

 

65.1.Сонгогч санал авах байранд биечлэн ирж саналаа өгнө.

 

65.2.Сонгогч саналын хуудаст бичигдсэн зааврын дагуу тэмдэглэгээ хийж саналаа өгнө.

 

65.3.Сонгогч санал бэлтгэх бүхээгт саналаа нууцаар тэмдэглэнэ.

 

65.4.Сонгогч саналаа тэмдэглэсний дараа саналын нууцлалыг хангах зориулалт бүхий хавтас хэрэглэж, саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийнэ.

 

65.5.Сонгогч саналаа тэмдэглэсэн саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийсний дараа санал авах байраас гарна.

 

65.6.Сонгогч саналаа тэмдэглэхдээ алдаа гаргаж, буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийхээс өмнө энэ тухайгаа хэсгийн хороонд мэдэгдэж, алдаатай саналын хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч, саналаа өгч болно.

 

65.7.Санал тоолох төхөөрөмж саналын хуудсыг таньж уншаагүй бол сонгогч энэ тухайгаа хэсгийн хороонд мэдэгдэж, уг саналын хуудсыг хураалгаж, дахин саналын хуудас авч, саналаа өгч болно.

 

65.8.Хэсгийн хороо хураалгасан саналын хуудасны зүүн доод өнцгийг хайчлан, тэмдэглэл хөтлөн хадгална.

 

65.9.Эрүүл мэндийн байдал, хөгжлийн бэрхшээл болон боловсролын түвшнээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн хүний туслалцаатайгаар саналаа өгч болно.

 

65.10.Энэ хуулийн 65.9-д заасан итгэмжилсэн иргэний хоёроос дээш сонгогчид туслалцаа үзүүлэхийг хориглоно. Сонгуулийн байгууллагын ажилтан, нэр дэвшигч, ажиглагч, улс төрийн албан тушаалтан нь итгэмжилсэн хүн байж болохгүй.

 

65.11.Хэсгийн хороо санал авах ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж, сонгогчийн саналаа нууцаар өгөх эрх зөрчигдсөн тохиолдолд түүнийг таслан зогсоох арга хэмжээг авна.

 

65.12.Сонгуулийн ерөнхий хороо сонгогчдыг сонгуульд идэвхтэй оролцуулах талаар шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлж болно.

 

65.13.Сонгогчид дараах зүйлийг хориглоно:

65.13.1.тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх, эсхүл өөр хүний болон хуурамч баримт бичиг ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох;

65.13.2.тухайн хэсгийн хорооноос олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах, эсхүл санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байраас саналын хуудас авч гарах;

65.13.3.саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх, шууд дамжуулах зэрэг үйлдэл гаргах;

65.13.4.саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах, зориулалтын бус үзгээр санал тэмдэглэх;

65.13.5.аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах.

 

65.14.Сонгогч саналаа өгснийг илэрхийлэх аливаа тэмдэг, тэмдэглэгээ хийхийг хориглоно.

 

65.15.Сонгогч саналын хуудаст саналаа тэмдэглэх үед тухайн сонгогчийн дэргэд өөр хүн байхыг хориглоно. Энэ нь энэ хуулийн 65.9-д заасан итгэмжилсэн хүнд хамаарахгүй.

 

65.16.Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй.

 

66 дугаар зүйл.Орон нутгийн Хурлын сонгууль ажиглах

 

66.1.Орон нутгийн Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, эсхүл нэр дэвшигч нь нэг санал авах байранд гурав хүртэл, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн төрийн бус байгууллага нэг санал авах байранд хоёр хүртэл сонгуулийн ажиглагч /цаашид “ажиглагч” гэх/-ийг томилж ажиллуулах эрхтэй.

 

66.2.Ажиглагч нь 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байна.

 

66.3.Нэр дэвшигч болон төрийн албан хаагч ажиглагч байхыг хориглоно.

 

66.4.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, ухуулагч нь ажиглагчаар томилогдсон бол сонгуулийн хорооны ажиллах байр болон санал авах байранд сонгуулийн сурталчилгаа, түүнтэй холбоотой аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

 

66.5.Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн гадаадын болон олон улсын байгууллага, гадаад улсын иргэн сонгуулийг ажиглаж болно.

 

66.6.Сонгууль ажиглах журам, түүнд холбогдох маягт, загварыг Сонгуулийн ерөнхий хороо батална.

 

66.7.Ажиглагч томилох эрх бүхий этгээд ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу бичгээр гаргаж, санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд хүргүүлнэ.

 

66.8.Ажиглагчийг бүртгэх хугацаа өнгөрсөн бол хэсгийн хороо ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх тухай хүсэлтийг хүлээн авахгүй.

 

66.9.Хэсгийн хороо хүсэлтийг хүлээн авч нягтлан шалгаж, санал авах өдрөөс хоёроос доошгүй хоногийн өмнө ажиглагчийн үнэмлэх олгоно.

 

66.10.Ажиглагч хуульд заагаагүй эрх эдлүүлэхийг шаардах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, худал мэдээлэл нийтэд тараах зэрэг хууль бус арга хэрэглэж хэсгийн хорооны ажилд хөндлөнгөөс оролцвол хэсгийн хорооны дарга ажиглагчийн бүртгэлийг хүчингүй болгож, санал авах байраас гаргана.

 

66.11.Ажиглагч бүртгэлээс хасагдсан бол ажиглагч томилсон этгээд түүний оронд өөр хүнийг томилох эрхгүй.

 

66.12.Санал авах байрын багтаамжаас хамаарч бүх ажиглагч санал авах байранд нэгэн зэрэг ажиглалт хийх боломжгүй бол хэсгийн хороо ажиглагчдыг ээлжээр ажиглалт хийх боломжоор хангана.

 

66.13.Төрийн хэргийг удирдахад иргэдийг оролцуулах зорилт бүхий дүрэмтэй, улс төрийн намын дэргэд үйл ажиллагаа явуулдаггүй төрийн бус байгууллага нь сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, хөндлөнгийн хяналт хийх эрхтэй.

 

66.14.Энэ хуулийн 66.13-т заасан үйл ажиллагааг зохицуулах журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална.

 

67 дугаар зүйл.Ажиглагчийн эрх

 

67.1.Ажиглагч санал авах, тоолох, дүн гаргах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхийг зөвхөн хөндлөнгөөс ажиглана.

 

67.2.Ажиглагч дараах эрх эдэлнэ:

67.2.1.саналын хуудасны битүүмжлэгдсэн байдал болон зарцуулалтын тайлантай танилцах;

67.2.2.санал авах үйл ажиллагааг ажиглах;

67.2.3.санал бэлтгэх бүхээг, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг, санал тоолох төхөөрөмж, саналын хайрцаг болон санал авах байр хууль тогтоомжийн дагуу бэлтгэгдсэн эсэхтэй танилцах;

67.2.4.санал авах үйл явцад зөрчил гарвал хэсгийн хороонд мэдэгдэж, залруулахыг хүсэх;

67.2.5.сонгогчийн саналаа нууцаар гаргах эрх болон сонгуулийн хорооны хэвийн үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр дуу болон дүрс бичлэгийн хэрэгсэл ашиглан сонгуулийн үйл явцыг баримтжуулах;

67.2.6.хэсгийн хорооны гишүүдээс холбогдох мэдээлэл авах;

67.2.7.ажиглалтын тайланг бодит тоо, баримтад тулгуурлан гаргах;

67.2.8.санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас авах;

67.2.9.цахим хэлбэрээр хуулбарласан саналын хуудасны зурган мэдээллийг авах;

67.2.10.энэ хуулийн 64.11-д заасан жагсаалт болон тэмдэглэлтэй танилцах, уг жагсаалтыг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган үзэх.

 

67.3.Ажиглагчийн эрх ажиглагчийн үнэмлэх авснаар эхэлж, энэ хуульд заасны дагуу санал хураалтын дүн гарснаар дуусгавар болно.

 

68 дугаар зүйл.Санал авах өдөр санал тоолох төхөөрөмжийн

эвийн үйл ажиллагааг хангах

 

68.1.Сонгуулийн санал авах өдөр санал тоолох төхөөрөмжийн хэвийн ажиллагааг Мэдээллийн технологийн төв, ажлын хэсэг, мэдээллийн технологийн баг, даамлууд хариуцан ажиллана.

 

68.2.Мэдээллийн технологийн багийн гишүүн, даамал нь төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагч байх бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байна.

 

68.3.Сургалт явуулах, гэрчилгээ олгох тухай журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална.

 

68.4.Санал авах байранд санал тоолох төхөөрөмжийг хариуцан ажиллаж байгаа даамал гэмтэл, саатал гарсан тохиолдолд дараах арга хэмжээг авна:

68.4.1.мэдээллийн технологийн багт шуурхай мэдэгдэх ба гэмтэл, саатлыг арилгах боломжгүй тохиолдолд мэдээллийн технологийн багаас туслалцаа авах, санал тоолох нөөц төхөөрөмжид санал авах, тоолох ажиллагааг шилжүүлэх арга хэмжээг нэн даруй авах;

68.4.2.санал тоолох хоёр дахь болон нөөц төхөөрөмж байхгүй тохиолдолд хэсгийн хорооны зөвшөөрлөөр саналын хайрцгийн нөөц тасалгааны лацыг хөндөж саналын хуудсыг хийлгэх;

68.4.3.санал тоолох төхөөрөмж хэвийн ажиллагаанд шилжсэний дараа саналын хайрцгийн нөөц тасалгаан дахь саналын хуудсыг холбогдох журамд заасны дагуу төхөөрөмжид уншуулна.

 

68.5.Даамал сонгогчийн саналаа нууцаар гаргах эрхийг аливаа хэлбэрээр зөрчихийг хориглоно.

 

69 дүгээр зүйл.Санал авах өдөр хориглох үйл ажиллагаа

 

69.1.Санал авах өдөр дараах үйл ажиллагааг хориглох бөгөөд аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллана:

69.1.1.согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах;

69.1.2.соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах;

69.1.3.гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллах.

 

70 дугаар зүйл.Санал хураалтын дүн гаргах, дамжуулах

 

70.1.Мэдээллийн технологийн даамал санал авах ажиллагаа дуусмагц дараах ажиллагааг гүйцэтгэнэ:

70.1.1.санал тоолох төхөөрөмжөөс дүнгийн хуудсыг шаардлагатай тоогоор хэвлэж, хэсгийн хороонд өгөх;

70.1.2.санал хураалтын дүнг энэ хуулийн 70.5-д заасан хэсгийн хорооны ажиллагаанаас хамаарахгүйгээр Сонгуулийн ерөнхий хороонд нэн даруй дамжуулах.

 

70.2.Санал авах ажиллагааны хуулиар тогтоосон цаг дуусаагүй байхад санал тоолох төхөөрөмжөөс дүнгийн хуудсыг хэвлэж гаргахыг хориглоно.

 

70.3.Санал хураалтын дүнг дамжуулахгүй байх, саатуулах, зогсоохыг хориглоно.

 

70.4.Санал хураалтын дүнг дамжуулах үеийн хамгаалалтыг тухайн санал авах байрын хамгаалалтад ажиллаж байгаа цагдаагийн ажилтан хариуцна. 

 

70.5.Хэсгийн хороо дараах ажиллагааг гүйцэтгэнэ:

70.5.1.хэсгийн хороо санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудсыг ажиглагч нарт өгч, дүн танилцуулсан тухай тэмдэглэл хөтлөх;

70.5.2.санал авах байранд болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгсөн сонгогчийн тоо нь санал авахад олгосон саналын хуудасны тоо, буруу тэмдэглэл хийснээс болон санал тоолох төхөөрөмж саналын хуудсыг таньж уншаагүйгээс буцааж хураагдсан саналын хуудасны тоотой тохирч байгаа эсэхийг тулган шалгаж, тооцоог эцэслэн гаргах;

70.5.3.санал авахад зарцуулсан болон зарцуулагдаагүй үлдсэн саналын хуудасны нийлбэр нь тухайн хэсгийн хорооны хүлээн авсан нийт саналын хуудасны тооноос зөрвөл шалтгааныг тогтоох бөгөөд шаардлагатай гэж үзвэл саналын хуудсыг нэн даруй дахин тоолж, тэмдэглэл үйлдэх бөгөөд тэмдэглэлд хэсгийн хорооны дарга, гишүүд гарын үсэг зурах;

70.5.4.энэ хуулийн 4.9.1-д заасан нэмэлт санал хураалт явагдах нөхцөл үүссэнээс бусад тохиолдолд санал авахад зарцуулагдаагүй үлдсэн саналын хуудасны баруун доод өнцгийг нь хайчлан, энэ тухай тэмдэглэлд тусган боож битүүмжлэх.

 

70.6.Хэсгийн хороо дүнг дамжуулах, танилцуулах ажиллагааг ил тод нээлттэй явуулна. Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг байлцуулж болно.

 

70.7.Санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүн тухайн хэсгийн санал хураалтын дүн байна.

 

70.8.Санал хураалтын дүнгийн хуудас дараах мэдээллийг агуулна:

70.8.1.санал тоолох төхөөрөмжид уншигдсан нийт саналын хуудасны тоо;

70.8.2.нэр дэвшигч бүрийн авсан саналын тоо;

70.8.3.санал огт тэмдэглээгүй саналын хуудасны тоо.

 

70.9.Санал тоолох төхөөрөмжид уншигдсан нийт саналын хуудас хүчинтэй саналын хуудас байна.

 

70.10.Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцно.

 

70.11.Энэ хуулийн 70.5.3-т заасны дагуу саналын хуудсыг дахин тоолоход саналыг тоолохгүй.

 

70.12.Санал хураалтын дүнг санал тоолох төхөөрөмжөөр гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн бол тухайн хэсгийн санал хураалтын дүнг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу гаргана.

 

70.13.Санал авах байранд ажилласан ажиглагчийн хүсэлтийг үндэслэн  саналын хуудасны зурган мэдээллийг өгөх бөгөөд уг ажлыг хэсгийн хороо, мэдээллийн технологийн даамал болон итгэмжлэгдсэн ажилтан хариуцна.

 

70.14.Санал авах ажиллагаа дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороо харьяа бүх хэсгийн 50 хүртэл хувийг нь санамсаргүй сонголт /сугалах/-ын аргаар сонгож, хяналтын тооллого хийлгүүлнэ.

 

70.15.Хяналтын тооллого хийхээр сонгогдсон хэсгийн хороо энэ хуулийн 70.5-д заасан ажиллагааг гүйцэтгэж дуусмагц санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсыг гар аргаар нэг бүрчлэн тоолно.

 

70.16.Хяналтын тооллого хийх ажиллагаанд ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг ажиглагчаар оролцуулж болно.

 

70.17.Санал тоолж эхэлсэн бол завсарлахыг хориглоно.

 

70.18.Хяналтын тооллого хийх журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална.

 

71 дүгээр зүйл.Саналын хуудсыг хүчингүйд тооцох

 

71.1.Тойрогт ногдох мандатын тооноос илүү нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно.

 

71.2.Баталсан загвар, шаардлагыг хангаагүй саналын хуудас хүчингүй байх бөгөөд хүчингүй саналын хуудсаар санал авах, өгөхийг хориглоно.

 

72 дугаар зүйл.Санал хураалтын дүн, сонгуулийн баримт бичгийг хүргүүлэх

 

72.1.Хэсгийн хороо санал тоолох төхөөрөмжөөс хэвлэсэн тухайн хэсгийн санал хураалтын дүнг танилцуулсны дараа санал хураалтын дүнгийн хуудсыг сонгуулийн бусад баримт бичгийн хамт сум, дүүргийн сонгуулийн хороонд, сум, дүүргийн сонгуулийн хороо нь аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд, аймаг нийслэлийн сонгуулийн хороо нь Сонгуулийн ерөнхий хороонд нэн даруй хүргүүлнэ.

 

72.2.Хэсгийн хороо саналын хайрцаг /санал тоолох төхөөрөмж/-аас гарсан саналын хуудас, буцааж хураагдсан саналын хуудас, зарцуулагдаагүй үлдсэн саналын хуудсыг тус тусад нь тоолон, багцлан боож битүүмжлэн, сонгуулийн бусад баримт бичгийн хамт сум, дүүргийн сонгуулийн хороонд, сум, дүүргийн сонгуулийн хороо нь аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлэх бөгөөд холбогдох журамд заасны дагуу аймаг, нийслэлийн архивт хүлээлгэн өгнө.

 

72.3.Тухайн шатны сонгуулийн хороо хэсгийн хорооны санал хураалтын дүнг үндэслэн өөрийн нутаг дэвсгэрийн хэмжээн дэх санал хураалтын дүнг нэгтгэж, дээд шатны сонгуулийн хороонд хүргүүлнэ.

 

73 дугаар зүйл.Сонгуулийн дүн гаргах, мэдээлэх

 

73.1.Тухайн шатны сонгуулийн хороо санал хураалтын дүнг үндэслэн тухайн тойрогт нийт нэр дэвшигчийг авсан саналынх нь тоогоор дараалалд оруулан жагсаалт гаргана.

 

73.2.Хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцно.

 

73.3.Тухайн шатны сонгуулийн хороо энэ хуульд заасны дагуу тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэр гаргаж, нийтэд мэдээлнэ.

 

73.4.Тухайн шатны сонгуулийн хороо сонгуулийн дүн болон Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш долоо хоногийн дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ.

 


АРАВДУГААР БҮЛЭГ


НЭР ДЭВШИГЧИЙГ ХАСАХ, НЭМЭЛТ, ДАХИН САНАЛ ХУРААЛТ,

ЭЭЛЖИТ БУС, ДАХИН, НӨХӨН СОНГУУЛЬ ЯВУУЛАХ

 

74 дүгээр зүйл.Нэр дэвшигчийг хасах

 

74.1.Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдсон бол нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ.

 

74.2.Нэр дэвшигч энэ хуулийн 34.3, 37.2, 47.1, 47.5.1, 47.5.2, 55.2-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гаргахаас өмнө шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн шатны сонгуулийн хороо уг нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ.

 

74.3.Энэ хуулийн 34.3, 37.2, 47.1, 47.5.1, 47.5.2, 55.2-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гарсны дараа шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн шатны сонгуулийн хороо тухайн этгээдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ.

 

74.4.Саналын хуудас хэвлэгдэхээс өмнө нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон бол түүний нэрийг саналын хуудаст бичихгүй.

 

74.5.Саналын хуудас хэвлэгдсэний дараа нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон бол саналын хуудсыг дахин хэвлэх бөгөөд дахин хэвлэх боломжгүй бол уг саналын хуудсаар санал авч, хасагдсан нэр дэвшигчид өгсөн саналыг санал хураалтын дүнд оруулан тооцохгүй.

 

74.6.Энэ хуулийн 74.3-т заасны дагуу Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон бол дахин сонгууль явуулна.

 

74.7.Энэ хуулийн 74.3-т заасан шийдвэрийг гаргах сонгуулийн хороо татан буугдсан, эсхүл бүрэлдэхүүнгүй болсон тохиолдолд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 30 хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороо тухайн шатны сонгуулийн хороог байгуулна.

75 дугаар зүйл.Орон нутгийн Хурлын ээлжит бус сонгууль явуулах

75.1.Энэ хуулийн 4.5-д заасан үндэслэлээр ээлжит бус сонгууль явагдана.

75.2.Ээлжит бус сонгуулийг энэ хуульд заасны дагуу зохион байгуулж явуулна.

 

76 дугаар зүйл.Орон нутгийн Хурлын нөхөн сонгууль явуулах

 

76.1.Энэ хуулийн 4.6-д заасан үндэслэлээр нөхөн сонгууль явагдана.

 

76.2.Орон гарсан Төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй.

 

76.3.Нөхөн сонгогдсон Төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа орон гарсан Төлөөлөгчийн бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.

 

76.4.Нөхөн сонгууль явуулахад тухайн тойрогт өөрчлөлт оруулахгүй бөгөөд нөхөн сонгуулийг энэ хуульд заасны дагуу зохион байгуулна.

 

77 дугаар зүйл.Орон нутгийн Хурлын дахин сонгууль явуулах

 

77.1.Сонгуулийн дүн гарсан шийдвэр хүчингүй болсон болон энэ хуулийн  4.7, 74.6-д заасан үндэслэлээр дахин сонгууль явагдана.

 

77.2.Дахин сонгуулийг энэ хуульд заасны дагуу зохион байгуулна.

 

77.3.Дахин сонгууль явуулахад сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулахгүй.

 

78 дугаар зүйл.Нэмэлт санал хураалт явуулах

 

78.1.Хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн саналын тоо тэнцсэн бол адил санал авсан нэр дэвшигчдийн дунд нэмэлт санал хураалт явуулна.

 

78.2.Нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэрийг тухайн шатны сонгуулийн хороо гаргаж, уг шийдвэрт санал авах өдөр, байрыг заах ба амралтын өдөр явуулна.

 

78.3.Нэмэлт санал хураалтыг энэ тухай шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногт багтаан зохион байгуулж явуулна.

 

78.4.Нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч оролцож, саналаа өгнө.

 

78.5.Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн тойргийн санал хураалтын дүнг гаргана.

 

79 дүгээр зүйл.Санал хураалтыг хүчингүйд тооцох,

дахин санал хураалт явуулах

 

79.1.Тухайн шатны сонгуулийн хороо дараах тохиолдолд санал хураалтыг хүчингүйд тооцно.

79.1.1.байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаангүй байхад урьд нь зарласнаас өөр байранд санал авсан, түүнчлэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авснаас бусад тохиолдолд санал авахаар зарласнаас өөр өдөр санал авсан нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр бол;

79.1.2.саналын хуудас бүхий зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг алдсан, үрэгдүүлсэн нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр бол.

 

79.2.Энэ хуулийн 79.1-д заасны дагуу санал авах ажиллагааг хүчингүйд тооцсон бол хүчингүйд тооцсон хэмжээгээр дахин санал хураалт явуулна.

 

79.3.Дахин санал хураалт явуулах тухай шийдвэрийг тухайн шатны сонгуулийн хороо гаргах бөгөөд шийдвэр гарснаас хойш 10 хоногийн дотор дахин санал хураалтыг зохион байгуулна.

 

79.4.Дахин санал хураалтад дараах сонгогчийг оролцуулна:

79.4.1.хэсгийн хэмжээгээр хүчингүйд тооцсон бол хүчингүйд тооцсон тухайн хэсгийн нийт сонгогчийг;

79.4.2.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авсан саналыг хүчингүйд тооцсон бол уг саналын хайрцагт саналаа өгсөн сонгогчийг.

 

79.5.Сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөх гэж санал хураалтын явцад гарсан зөрчил нь сонгуулийн дүнд илт нөлөөлөхүйц буюу сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигч ба түүний дараах нэр дэвшигчийн авсан саналын зөрүүтэй тэнцүү, эсхүл их байхыг ойлгоно.

 


АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ


ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИГЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА,

ГОМДОЛ, МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ХАРЬЯАЛАЛ

 

80 дугаар зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн

Хурлын сонгуулийн хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

 

 

80.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

81 дүгээр зүйл.Орон нутгийн Хурлын сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн

тухай гомдол, маргааныг шийдвэрлэх харьяалал

 

81.1.Сонгуулийн гомдол, маргааныг хянан шийдвэрлэж байгаа эрх бүхий этгээд тухайн гомдол, маргааны онцлог байдлыг харгалзан энэ хуульд өөрөөр заагаагүй бол тухайн сонгуулийн жилд багтаан шийдвэрлэнэ.

 

81.2.Сонгуулийн хороо шатлан захирагдах зарчмаар ажиллах бөгөөд сонгуулийн хороодын шийдвэртэй холбогдуулан энэ хуулийн 14.10-т заасан дээд шатны сонгуулийн хороонд гомдол гаргана.

 

81.3.Сонгуулийн хорооны шийдвэрт холбогдох маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ.

 

81.4.Сонгуулийн хороодын шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдол, нэхэмжлэлийг хүлээн авахгүй.

 

81.5.Сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно.

 

81.6.Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан болох нь тогтоогдсон бол мэдээлэл гаргасан иргэн тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг гэм буруутай этгээдээс гаргуулахаар шаардах эрхтэй.

 


АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ


БУСАД АСУУДАЛ

82 дугаар зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн

Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт,

өөрчлөлт оруулах

82.1.Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.

83 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

83.1.Энэ хуулийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА                               Г.ЗАНДАНШАТАР