Ард нийтийн санал асуулгын тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр

 

Улаанбаатар хот

АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь ард нийтийн санал асуулга /цаашид “санал асуулга” гэх/ явуулах зарчим, журмыг тодорхойлж, санал асуулгыг бэлтгэн зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

2 дугаар зүйл. Санал асуулгын тухай хууль тогтоомж

 

2.1.Ард нийтийн санал асуулгын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

 

3 дугаар зүйл. Санал асуулгын зарчим

 

3.1.Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ.

 

3.2.Санал асуулга бүх нийтийн байх бөгөөд түүнд Монгол Улсын 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэн бүр оролцох эрхтэй.

 

3.3.Иргэн санал асуулгад ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож, саналаа өөрөө гаргана.

 

3.4.Санал асуулга нь чөлөөтэй байх бөгөөд иргэнээс санал асуулгад оролцох эсэхээ бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж, саад учруулахыг хориглоно.

 

3.5.Иргэн хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж саналаа гаргах боломжоор хангагдсан байна.

 

3.6.Гадаад улсад байгаа иргэдээс санал авах, тоолох, зохион байгуулахтай холбогдсон журмыг энэ хууль болон Сонгуулийн тухай хуульд нийцүүлэн сонгуулийн төв байгууллага болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.

 

3.7.Иргэн саналаа нууцаар гаргана.

 

4 дүгээр зүйл. Санал асуулгаар шийдвэрлэх асуудал

 

4.1.Төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлохтой холбогдсон тодорхой асуудлаар сонголт хийлгэх шаардлага гарсан тохиолдолд санал асуулга явуулна.

 

4.2.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал асуулга явуулж болно.

4.3.Ард нийтийн санал асуулгыг нэг удаад гурваас дээшгүй асуудлаар явуулах бөгөөд санал асуулга явуулах асуултын тоо, агуулгыг Улсын Их Хурал хэлэлцэж шийдвэрлэнэ.

 

5 дугаар зүйл. Санал асуулгыг санаачлах эрх бүхий этгээд

 

5.1.Ард нийтийн санал асуулга явуулахыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь санаачлах эрхтэй.

 

5.2.Иргэд санал асуулга явуулах тухай саналаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын Их Хурлын гишүүнд уламжлах бөгөөд энэ саналд санал асуулга явуулах болсон үндэслэл, тооцоо, холбогдох бусад баримт бичгийг хавсаргана.

 

6 дугаар зүйл. Санал асуулга явуулах шийдвэр гаргах

 

6.1.Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар санал асуулга явуулах эсэхийг шийдвэрлэнэ.

 

6.2.Санал асуулгаар шийдвэрлэх асуудлын агуулгыг илэрхийлсэн асуулт, түүнд өгөх эсрэг утга бүхий хариултын хувилбарыг Улсын Их Хурал хэлэлцэж батална.

 

6.3.Санал асуулгын асуулт, хариултыг хоёрдмол утгагүй, товч, тодорхой, ойлгомжтой томьёолсон байна.

 

7 дугаар зүйл. Санал асуулгыг товлон зарлах

 

7.1.Санал асуулга явуулах тухай шийдвэрт санал асуулга явуулах өдрийг уг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 21-ээс 45 хоногийн дотор явуулахаар Улсын Их Хурал товлон зарлана.

 

7.2.Гадаад улсад байгаа иргэдээс ард нийтийн санал авах өдрийг Улсын Их Хурал тогтооно.

 

7.3.Онцгой нөхцөл бий болсны улмаас санал асуулга явуулах боломжгүй болсон бол санал асуулга явуулахаар шийдвэр гаргасан эрх бүхий байгууллага санал асуулгыг хойшлуулна.

 

7.4.Энэ хуулийн 7.3-т зааснаар ард нийтийн санал асуулгыг хойшлуулсан онцгой нөхцөл арилсны дараа 30 хоногт багтаан санал асуулга явуулах өдрийг товлон зарлана.

 

7.5.Санал асуулгаар тавигдаж байгаа асуудлаар ард нийтэд таниулах, мэдээллээр хангах асуудлыг Улсын Их Хурал, Засгийн газар болон бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар хариуцна.

 

7.6.Улс төрийн нам, төрийн бус байгууллага сонгуулийн төв байгууллагаас баталсан журмын дагуу ухуулга сурталчилгааг өөрийн зардлаар явуулж болно.

 

7.7.Санал асуулгыг Улсын Их Хурлын, Ерөнхийлөгчийн болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай хамтатган явуулах бол Сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал асуулгыг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлана.

 

8 дугаар зүйл. Санал асуулга явуулахтай холбогдсон зардал

 

8.1.Санал асуулга явуулахтай холбогдсон зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

 

8.2.Санал асуулга явуулахтай холбогдсон зардлын төрөл нь Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан зардал байна.

 

8.3.Санал асуулгын зардлын хэмжээг Улсын Их Хурал батална.

 

8.4.Зардлын хэмжээг батлахдаа улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас гаргасан хүн амын тоонд харгалзан тооцсон сонгуулийн төв байгууллагын саналыг үндэслэнэ.

 

8.5.Энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан хэсгийн хороодын ажиллах болон санал авах байрыг төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд үнэ төлбөргүй гаргаж өгнө.

 

8.6.Хэсгийн хороодыг ажиллах байр, тээвэр, холбооны болон бусад шаардлагатай хэрэгслээр хангах асуудлыг тухайн шатны Засаг дарга хариуцна.

 

8.7.Энэ хуулийн 8.1-д заасан зардлын гүйцэтгэлд төрийн аудитын дээд болон орон нутгийн аудитын байгууллага аудит хийж, дүгнэлт гаргана.

 


ХОЁРДУГААР БҮЛЭГ


САНАЛ АСУУЛГА ЯВУУЛАХ НУТАГ ДЭВСГЭР, СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА,

ТҮҮНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, БҮРЭН ЭРХ

 

9 дүгээр зүйл. Санал асуулга явуулах нутаг дэвсгэрийн хуваарь

 

9.1.Ард нийтийн санал асуулга явуулах нутаг дэвсгэр нь Монгол Улсын нутаг дэвсгэр байна.

 

9.2.Иргэдийн санал авах зорилгоор санал асуулга явуулах нутаг дэвсгэрийг хэсэгт хуваана.

 

10 дугаар зүйл. Хэсэг, түүнийг байгуулах

 

10.1.Санал асуулгыг Улсын Их Хурлын эсхүл, Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган явуулж байгаа бол сонгуулийн санал авах хэсэг нь санал асуулгын санал авах хэсэгтэй нэг байна.

 

10.2.Санал асуулгыг дангаар явуулж байгаа бол иргэдээс санал авч тоолох зорилгоор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг харгалзан тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн оршин суугчдын байнга оршин суугаа газрын бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн хэсгийг санал авах өдрөөс арваас доошгүй хоногийн өмнө байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлана.

 

10.3.Нэг хэсэг нь суманд 2000-аас, аймгийн төвд 2500-аас, нийслэлийн дүүрэгт 3000-аас дээшгүй санал өгөх иргэнтэй байх бөгөөд нэг хэсэгт байх санал өгөх иргэний тоо 200-аас доошгүй байна.

 

10.4.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн 10.1-д заасны дагуу байгуулсан хэсгийн мэдээллийг аймаг, нийслэлийн иргэний бүртгэлийн байгууллагад нэн даруй хүргүүлэх бөгөөд аймаг, нийслэлийн иргэний бүртгэлийн байгууллага нь хүлээн авсан мэдээллийг аймаг, дүүрэг тус бүрийн хэмжээнд нэгтгэн тав хоногт улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

 

10.5.Энэ хуулийн 10.4-т заасан мэдээллийг үндэслэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэсгийн дугаарыг тухайн аймаг, дүүргийн хэмжээнд давхардахгүй байхаар тав хоногийн дотор тогтооно.

 

11 дүгээр зүйл. Санал асуулгыг эрхлэн явуулах байгууллага, 

түүний зохион байгуулалт

 

11.1.Санал асуулга явуулах ажлын бэлтгэлийг улсын хэмжээнд сонгуулийн төв байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд тухайн шатны Засаг даргын Тамгын газар /цаашид “Засаг даргын Тамгын газар” гэх/, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд сонгуулийн хэсгийн хороод /цаашид “хэсгийн хороо” гэх/ тус тус эрхлэн зохион байгуулна.

 

11.2.Энэ хуулийн 10.5-д заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас хэсгийн дугаарыг тогтоосноос хойш сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь хэсгийн хороог дарга, нарийн бичгийн дарга, тав хүртэл гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр тав хоногт багтаан байгуулна.

 

11.3.Санал асуулгыг Улсын Их Хурлын, Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулах бол Сонгуулийн тухай хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн байгууллага эрхлэн явуулна.

 

12 дугаар зүйл. Сонгуулийн хороодын зохион байгуулалт бүрэн эрх

 

12.1.Сонгуулийн ерөнхий хорооны бүрэн эрхтэй холбогдох харилцаанд Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасан журмыг баримтлана.

 

12.2.Тухайн шатны Засаг даргын Тамгын газар болон хэсгийн хороод санал асуулга явуулахад Сонгуулийн тухай хуулийн аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хорооны болон сонгуулийн хэсэг дэх нэгж санал авахтай холбогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

 


ГУРАВДУГААР БҮЛЭГ


ИРГЭДИЙН НЭРИЙН ЖАГСААЛТ

13 дугаар зүйл. Иргэдийн нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах

 

13.1.Санал асуулгад оролцох иргэдийн нэрийн жагсаалтыг үйлдэх, танилцуулах ажлыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага улсын хэмжээнд зохион байгуулж нэгдсэн удирдлагаар хангана.

 

13.2.Иргэдийн нэрийн жагсаалттай холбогдсон гомдлыг Сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэх бөгөөд энэ хуульд заасан хугацааг баримтлан шийдвэрлэнэ.

 


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ


САНАЛ АВАХ, ТООЛОХ

 

14 дүгээр зүйл. Санал авах газар, хугацаа

 

14.1.Иргэдээс санал авах газар, хугацаатай холбогдох харилцаанд Сонгуулийн тухай хуулийн 87 дугаар зүйлд заасан журмыг баримтлана.

 

15 дугаар зүйл. Санал асуулгын хуудас

 

15.1.Санал асуулгын хуудас /цаашид “саналын хуудас” гэх/ нь иргэнээс саналаа илэрхийлэх, санал асуулгын дүнг гаргах үндсэн баримт бичиг мөн бөгөөд дараахь шаардлагыг хангасан байна:

15.1.1.санал асуулга явуулах саналын хуудсанд санал асуулгаар шийдвэрлэх асуудлын агуулгыг илэрхийлсэн асуултыг түүнд өгөх эсрэг утга бүхий хариултын хувилбарын хамт Улсын Их Хурлаас баталсан томьёоллоор хэвлэх;

15.1.2.тусгай нууцлалтай, индекс, дугаартай байх.

 

15.2.Сонгуулийн төв байгууллага саналын хуудасны тоо, загвар болон саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журмыг батална.

 

15.3.Санал асуулгын саналын хуудсыг хэвлүүлэх, хэсгийн хороодод санал асуулга явуулах өдрөөс хоёроос доошгүй хоногийн өмнө хүргүүлэх ажлыг сонгуулийн төв байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулна.

 

16 дугаар зүйл. Санал авах ажиллагаа

 

16.1.Санал асуулга явуулах өдрийн 07.00 цагт хэсгийн хорооны бүрэлдэхүүн иргэний төлөөлөл, ажиглагчийг байлцуулан дараахь ажиллагааг доор дурдсан дарааллын дагуу гүйцэтгэнэ:

16.1.1.тухайн хэсгийн иргэдийн нэрийн жагсаалтад бичигдсэн нийт иргэний тоо, үүнээс зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн иргэний тоог зарлах;

16.1.2.саналын хуудасны индекс, дугаарыг зарлах;

16.1.3.хүлээн авсан, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахад зарцуулсан, үүнээс зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахад иргэн саналаа буруу тэмдэглэсэн үндэслэлээр энэ хуульд заасны дагуу дахин нэг саналын хуудас авч саналаа гаргасны улмаас хүчингүй болгосон, түүнчлэн алдагдаж үрэгдсэн, устсан, үлдсэн саналын хуудасны тоог мэдээлэх;

16.1.4.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаас бусад санал авах бүх хайрцгийг нээж харуулах, санал авах хайрцгийг битүүмжлэх, лацдах, санал авахад бэлэн болгох.

 

16.2.Хэсгийн хороо энэ хуулийн 16.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсэн тухай тэмдэглэл хөтөлж, уг тэмдэглэлд бүртгэлийн хуудсыг хавсарган хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга болон бүх гишүүн гарын үсэг зурна.

 

16.3.Санал асуулгад оролцохоор ирсэн иргэн санал авах байранд ажиллах иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд иргэний үнэмлэх, биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-өө шалгуулах бөгөөд иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан тухайн иргэний мэдээллийг системээс шалгаж зөрчилгүй бол бүртгэлийн хуудас олгоно.

 

16.4.Бүртгэлийн хуудас авсан иргэн уг бүртгэлийн хуудсаа иргэний үнэмлэхийн хамт хэсгийн хорооны гишүүнд шалгуулж саналын хуудас авна.

 

16.5.Санал асуулга явуулах ажиллагаанд ажиглагч болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч байлцаж болно.

 

17 дугаар зүйл. Санал асуулгыг ажиглах

 

17.1.Санал асуулгыг иргэний төлөөлөл болон олон улсын байгууллага, гадаад улсын иргэн, гадаад улсын болон дотоодын байгууллага ажиглаж болно.

 

17.2.Санал асуулгыг ажиглах, сурвалжлах журмыг сонгуулийн төв байгууллага батална.

 

18 дугаар зүйл. Санал өгөх

 

18.1.Иргэн санал авах байранд өөрийн биеэр ирж, саналаа өгнө.

 

18.2.Иргэн саналын хуудсанд бичигдсэн асуулттай танилцсаны үндсэн дээр эсрэг утга бүхий хариултын аль нэгийн өмнөх дугаарыг сонгож, саналаа тэмдэглэнэ.

 

18.3.Иргэн санал тэмдэглэхдээ алдаа гаргаж буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа саналын хайрцагт хийхээс өмнө энэ тухайгаа хэсгийн хороонд мэдэгдэж, алдаатай саналын хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч саналаа өгч болно. 

 

18.4.Хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшингээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй иргэн өөрийн итгэмжилсэн сонгуулийн эрх бүхий иргэний туслалцаатайгаар санал өгч болох ба сонгуулийн байгууллагын ажилтан, албан тушаалтан, ажиглагч нь итгэмжлэгдсэн хүн байж болохгүй.

 

18.5.Санал асуулга явуулахад сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах эсэхийг Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

 

18.6.Иргэний саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах журмыг сонгуулийн төв байгууллага батална.

 


ТАВДУГААР БҮЛЭГ


САНАЛ ТООЛОХ, ДҮН ГАРГАХ

 

19 дүгээр зүйл. Санал тоолох

 

19.1.Хэсэгт санал тоолох ажиллагааг санал асуулга явуулах өдрийн 22.00 цагт эхэлж, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын болон иргэний төлөөлөгчийг байлцуулан ил тод, нээлттэй явуулна.

 

19.2.Хэсгийн хороо санал тоолох бэлтгэл хангагдмагц тухайн хэсгийн хорооны дарга санал тоолох тухай зарлах ба санал тоолох ажиллагааг гүйцэтгэхээс өмнө дараахь ажиллагааг хийн тэмдэглэл үйлдэнэ:

19.2.1.санал авах байранд болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгсөн иргэний тоо нь санал авахад олгосон саналын хуудасны тоотой тохирч байгаа эсэхийг тулган шалгаж, эцсийн тооцоо гаргах;

19.2.2.санал авахад зарцуулаагүй үлдсэн болон буруу тэмдэглэл хийснээс хураагдсан саналын хуудсыг тус тусад нь тоолж, баруун дээд өнцгийг нь хайчлан, энэ тухай тэмдэглэлд тусган боож битүүмжлэх.

 

19.3.Хэсгийн хороо энэ хуулийн 19.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний дараа асуултын хариулт бүрд өгсөн саналын тоог хэсгийн хэмжээгээр нэгтгэн тоолж дүнг гаргана.

 

19.4.Санал асуулгын саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүн мэдээ нь тухайн хэсгийн санал асуулгын дүн байна. Санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнг хэвлэж авсны дараа сонгуулийн төв байгууллагын дэргэдэх Мэдээллийн технологийн төвд нэн даруй дамжуулна. Санал асуулгын саналыг гар аргаар тоолж, дүнг гаргахаар шийдвэрлэсэн тохиолдолд холбогдох журмыг сонгуулийн төв байгууллага батална.

 

19.5.Иргэн аль ч асуултын хариултад санал өгөөгүй бол аль ч асуудлыг дэмжээгүй санал гэж үзэн тухайн иргэнийг санал өгсөн иргэний тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцно.

 

19.6.Санал авахад зарцуулсан болон зарцуулаагүй үлдсэн саналын хуудасны нийлбэр нь тухайн хэсгийн хороо хүлээн авсан нийт саналын хуудасны тооноос зөрвөл хэсгийн хороо шалтгааныг шалгаж тогтоох бөгөөд шаардлагатай гэж үзвэл саналын хуудсыг нэн даруй дахин тоолно.

 

19.7.Хэсгийн хороо энэ хуулийн 19.6-д заасан ажиллагааг гүйцэтгэхдээ зөвхөн саналын хуудсыг тоолно.

 

19.8.Санал тоолох цаг болоогүй байхад саналыг тоолох, түүнчлэн санал тоолох ажиллагааг завсарлахыг хориглоно.

 

19.9.Хэсгийн хороо тухайн хэсгийн санал асуулгын дүнг уншиж сонсгосны дараа, санал асуулгын дүнг нэгтгэсэн тэмдэглэлд хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, нэг хувийг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тус тус нэн даруй хүргүүлнэ.

 

19.10.Хэсгийн хороо саналын хайрцгаас гарсан саналын хуудас болон энэ хуульд заасны дагуу хураагдсан саналын хуудсыг тус тусад нь багцлан боож битүүмжлэн, сонгуулийн бусад баримт бичгийн хамт сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тав хоногт хүргүүлнэ.

 

19.11.Саналын хуудасны мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор энэ хуулийн 19.10-т заасны дагуу битүүмжилсэн саналын хуудасны битүүмжлэлийг задлахгүйгээр холбогдох журамд заасны дагуу аймаг, нийслэлийн архивт хадгална.

 

20 дугаар зүйл. Санал болон саналын хуудсыг хүчингүйд тооцох

 

20.1.Баталсан загвар, шаардлагыг хангаагүй саналын хуудсыг хүчингүйд тооцно.

 

20.2.Эсрэг утга бүхий хариултын хоёуланг нь тэмдэглэсэн саналыг хүчингүйд тооцно.

 

20.3.Иргэний санал хүчингүй болсон нь саналын хуудсыг хүчингүйд тооцох үндэслэл болохгүй.

 

21 дүгээр зүйл. Санал хураалтыг хүчингүйд тооцох, дахин санал хураах

 

21.1.Хэсэгт явагдсан санал хураалтыг доор дурдсан тохиолдолд хүчингүйд тооцно:

21.1.1.гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаангүй байхад урьд нь зарласнаас өөр байранд, түүнчлэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авснаас бусад тохиолдолд санал авахаар зарласнаас өөр өдөр санал авсан;

21.1.2.санал авсан саналын хайрцаг болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг алдсан, үрэгдүүлсэн.

 

21.2.Энэ хуулийн 21.1-д заасан үндэслэлээр сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар хэсэгт явуулсан санал хураалтыг хүчингүйд тооцно.

 

21.3.Энэ хуулийн 21.2-т заасны дагуу хэсэгт явуулсан санал хураалтыг хүчингүйд тооцвол энэ тухай шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор дахин санал хураалт явуулна.

 

21.4.Санал хураалтыг хэсгийн хэмжээгээр хүчингүйд тооцсон бол тухайн хэсгийн нийт иргэнийг, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авсан саналыг хүчингүйд тооцсон бол уг саналын хайрцагт саналаа өгсөн иргэнийг дахин санал хураалтад оролцуулна.

 

22 дугаар зүйл. Санал асуулгын нэгдсэн дүн гаргах, мэдээлэх

 

22.1.Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санал асуулгын дүнг ирүүлснээс хойш хоёр хоногийн дотор сонгуулийн төв байгууллага уг дүнг нэгтгэж Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

 

22.2.Улсын Их Хурал санал асуулга хуулийн дагуу явагдсан эсэх талаар санал хураана. Улсын Их Хурлын хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи санал асуулга хуулийн дагуу явагдсан гэж үзвэл уг асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэгдсэнд тооцно.

 

22.3.Санал асуулгад нэрийн жагсаалтад бичигдсэн иргэдийн олонхи оролцоогүй бол дахин санал асуулга явуулахгүй бөгөөд уг санал асуулгыг ард нийт дэмжээгүй гэж үзнэ.

 

22.4.Санал асуулгаар нэгэнт шийдвэрлэгдсэн асуудлаар таван жилийн дотор, санал асуулгаар шийдвэрлэгдээгүй асуудлаар Улсын Их Хурал тухайн бүрэн эрхийн хугацаанд, гэхдээ уг санал асуулга явуулснаас хойш хоёр жилийн дотор дахин санал асуулга явуулахгүй.

 


ЗУРГАДУГААР БҮЛЭГ


ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИГЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА, ГОМДОЛ, МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ХАРЬЯАЛАЛ, ЖУРАМ

 

23 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага,

хууль тогтоомж зөрчсөн тухай гомдол,

маргааныг шийдвэрлэх харьяалал

 

23.1.Санал асуулгын тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын төрөл, хэмжээ, маргаан шийдвэрлэх харьяаллыг Сонгуулийн тухай хуульд зааснаар шийдвэрлэнэ.

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД