Гадаад улсад санал авах ажиллагаа
Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа, сонгуулийн эрх бүхий иргэн Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцож саналаа өгөх эрхтэй.
ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДИЙН САНАЛ АВАХ ГАЗАР
Салбар комисс нь санал авах өдөр, цаг, байрыг санал авах өдөр хүртэлх хугацаанд гадаад улсад байгаа сонгогчдод зарлан мэдээлнэ.
Санал авах байранд сонгогчдоос саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэх боломжийг хангасан, хүрэлцэхүйц тооны санал бэлтгэх бүхээг бэлтгэсэн байна.
ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДИЙН САНАЛ АВАХ АЖИЛЛАГАА
Салбар комиссын бүрэлдэхүүн гадаад улсад байгаа иргэдийн санал авах өдрийн 07.00 цагт сонгогчдын төлөөллийг байлцуулан саналын хайрцгийг нээж харуулан, шалган битүүмжилж, лацадсаны дараа салбар комиссын дарга дараах мэдээллийг хийж тэмдэглэл хөтөлнө:
- сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчийн тоо;
- хүлээн авсан, алдагдаж үрэгдсэн, устгагдсан, үлдсэн саналын хуудасны тоо;
- саналын хуудасны нэгдсэн дугаар.
Салбар комисс санал авахын өмнөх ажиллагааг гүйцэтгэсний дараа санал авах ажиллагааг эхлүүлнэ.
Сонгогч саналаа өгөхөөр очихдоо Монгол Улсын иргэний үнэмлэх, эсхүл үндэсний гадаад паспортоо авч очно. Салбар комиссын зохион байгуулагч сонгогчийн баримт бичгийг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган үзэж, сонгогч бүрт саналын хуудсыг дугтуйн хамт олгоно.
Саналын хуудас авсан сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсгээ зурж баталгаажуулна.
ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭД САНАЛ ӨГӨХ
Сонгогч та саналаа өгөхөөр очихдоо ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ эсхүл ҮНДЭСНИЙ ГАДААД ПАСПОРТАА заавал авч очоорой.
Гадаад улсад байгаа сонгогч Та саналын хуудсыг дугтуйн хамт авч, санал бэлтгэх бүхээгт саналын хуудасны зааварт заасан тэмдэглэгээний дагуу өөрийн сонгохыг хүссэн 1 нэр дэвшигчийн нэрийн өмнөх улаан хүрээ бүхий зууван дугуйг дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ.
Саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсаа дугтуйд хийн битүүмжилж саналын хайрцагт хийгээрэй.
Хэрэв саналын хуудсанд саналаа тэмдэглэхдээ алдаа гаргаж, саналын хуудсанд зааснаас өөр, эсхүл буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа битүүмжлэн саналын хайрцагт хийхээс өмнө энэ тухайгаа салбар комисст мэдэгдэж, алдаатай саналын хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч саналаа өгч болно.