УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн анхааралд

Нэр дэвшигч нь 2021 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн дотор хөрөнгө, орлогын мэдүүлгээ цахимаар мэдүүлнэ. Ингэхийн тулд Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Авлигатай тэмцэх газрын даргын 2020  оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн А08/А31 дугаар хамтарсан захирамж/тушаалын хавсралтаар батлагдсан “Авлигатай тэмцэх газрын мэдүүлгийн бүрдүүлэлтийн систем meduuleg.iaac.mn  бүртгүүлэх УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгийн бүртгэл, лавлагааны маягт”-ыг бүрэн гүйцэд бөглөж 9 дүгээр сарын 2-ны өдрийн дотор d.bat-erdene@gec.gov.mn цахим хаягт илгээсэн байх шаардлагатай.

Уг мэдээллийг хүргүүлснээр таны и-мэйл хаягт meduuleg.iaac.mn  цахим хуудаст нэвтрэх нууц үг илгээгдэнэ.

Бие даан нэр дэвшигчийн тухайд дэмжигч сонгогчийн гарын үсэг зуруулах маягтыг Хэнтий аймгийн эсхүл Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн хорооноос авахдаа дээрх маягтын дагуу холбогдох мэдээллийг тухайн сонгуулийн хороонд бөглөж өгнө.

И-мэйл хаягт нэвтрэх нууц үг очих тул Та өөрийн байнга ашигладаг и-мэйл хаягаа бүрэн, зөв бичих шаардлагатайг анхаарна уу.

  • Нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэгт 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 2020 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, эзэмшил, өмчлөлийн хөрөнгийг мэдүүлнэ.
  • Өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогыг үнэн зөв мэдүүлэх ба мэдүүлгийн “Тайлбар” хэсэгт тухайн орлого, хөрөнгийн эх үүсвэрийг дэлгэрэнгүй бичнэ.
  • 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийг дуусталх 3 хоногийн хугацаанд Хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахимаар мэдүүлж, системд баталгаажуулна.
  • Хөрөнгө, орлогын мэдүүлгийг мэдүүлэх хуулийн хугацаа 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр дуусгавар болох тул Авлигатай тэмцэх газрын meduuleg.iaac.mn цахим систем нь 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөрт шилжих шөнийн 00:00 цагт автоматаар хаагдана гэдгийг анхаарна уу.

НАМ, ЭВСЛЭЭС НЭР ДЭВШИГЧ НЬ:

2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:

  1. Нэр дэвшүүлсэн тухай нам, эвслийн төлөөллийн төв байгууллагын хуралдааны шийдвэр
  2. Нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалт
  3. Нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл
  4. Төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал бол ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн шийдвэрийн хуулбар
  5. Банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөртэй эсэх талаар Улсын дээд шүүхийн лавлагаа
  6. Татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэх, аль нэг компанийн 51 түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэх талаарх татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт.
  7. Нэр дэвшигчийн намтар
  8. Нэр дэвшигчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  9. Ял эдэлж байгаа эсэх талаарх Цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа.
  10. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.
  11. Нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-ын цахим системд мэдүүлсэн Баталгааны хуудас.

Дэлгэрэнгүй лавлагаа мэдээллийг энд дарж цахим хуудаснаас авна уу.

БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧ НЬ:

Бие даан нэр дэвшигч дор дурдсан баримт бичгийг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ. Үүнд:

  1. Нэр дэвшүүлснээ илэрхийлсэн мэдэгдэл
  2. Сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсэг зуруулсан маягт

/Сонгуулийн Ерөнхий Хорооны 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан маягтыг 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн нэр дэвших гэж буй сонгуулийн тойргийн буюу Хэнтий аймгийн эсхүл Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн хороо тэмдэг дарж олгоно./

        Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиас:

31.2.Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна.

/Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо/

31.4.Сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтад сонгогчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хөдөлгөөнт, эсхүл суурин утасны дугаарыг тодорхой бичсэн байна.

  1. Төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал бол ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн шийдвэрийн хуулбар
  2. Банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөртэй эсэх талаар Улсын дээд шүүхийн лавлагаа
  3. Татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэх, аль нэг компанийн 51 түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэх талаарх татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт.
  4. Нэр дэвшигчийн намтар
  5. Нэр дэвшигчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  6. Бие даан нэр дэвшигчийг төлөөлж Сонгуулийн ерөнхий хороотой харилцах хоёр хүний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, харилцах утасны дугаар
  7. Үндэсний аудитын газраар хянуулсан сонгуулийн мөрийн хөтөлбөр
  8. Мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлт
  9. Ял эдэлж байгаа эсэх талаарх Цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа.
  10. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.
  11. Нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-ын цахим системд мэдүүлсэн Баталгааны хуудас.

Бүрдүүлэх баримт бичиг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж цахим хуудаснаас авна уу. 

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО