Нам, эвслээс нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичиг
НЭР ДЭВШИГЧДИЙН АНХААРАЛД
Нэр дэвшигч нь 2021 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн дотор ХОМ цахимаар мэдүүлэхийн тулд Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Авлигатай тэмцэх газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн А08/А31 дугаар хамтарсан захирамж/тушаалын хавсралтаар батлагдсан “АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН МЭДҮҮЛГИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН СИСТЕМ /https://meduuleg.iaac.mn/-Д БҮРТГҮҮЛЭХ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИЙН ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙН БҮРТГЭЛ, ЛАВЛАГААНЫ МАЯГТ”-ыг бүрэн гүйцэд бөглөж 9 дүгээр сарын 2-ны өдрийн дотор d.bat-erdene@gec.gov.mn цахим хаягт илгээсэн байх шаардлагатай.
Уг мэдээллийг хүргүүлснээр таны и-мэйл хаягт/https://meduuleg.iaac.mn/-цахим хуудаст нэвтрэх нууц үг илгээгдэнэ.
Бие даан нэр дэвшигчийн тухайд дэмжигч сонгогчийн гарын үсэг зуруулах маягтыг Хэнтий аймгийн эсхүл Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн хорооноос авахдаа дээрх маягтын дагуу холбогдох мэдээллийг тухайн сонгуулийн хороонд бөглөж өгнө.
И-мэйл хаягт нэвтрэх нууц үг очих тул та өөрийн байнга ашигладаг и-мэйл хаягаа бүрэн, зөв бичих шаардлагатайг анхаарна уу.
- Нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэгт 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 2020 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, эзэмшил, өмчлөлийн хөрөнгийг мэдүүлнэ.
- Өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогыг үнэн зөв мэдүүлэх ба мэдүүлгийн “Тайлбар” хэсэгт тухайн орлого, хөрөнгийн эх үүсвэрийг дэлгэрэнгүй бичнэ.
- 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийг дуусталх 3 хоногийн хугацаанд Хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахимаар мэдүүлж, системд баталгаажуулна.
- Хөрөнгө, орлогын мэдүүлгийг мэдүүлэх хуулийн хугацаа 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр дуусгавар болох тул Авлигатай тэмцэх газрын https://iaac.mn/ цахим систем нь 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөрт шилжих шөнийн 00:00 цагт автоматаар хаагдана гэдгийг анхаарна уу.
НАМ, ЭВСЛЭЭС НЭР ДЭВШИГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
Нам, эвслээс нэр дэвшигчдийн баримт бичгийг нэр дэвшигч тус бүрээр дор дурдсан дарааллын дагуу бүрдүүлэн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.
1.Нэр дэвшүүлсэн тухай нам, эвслийн төлөөллийн төв байгууллагын хуралдааны шийдвэр,
2.Нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалт
/Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт. Маягтыг энд дарж авах боломжтой/
3.Нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл
/Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт. Маягтыг энд дарж авах боломжтой/
4.Төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал бол ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн шийдвэрийн хуулбар
5.Банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөртэй эсэх талаар Улсын дээд шүүхийн лавлагаа
Лавлагаа авахдаа дараах баримт бичгийг хавсаргана. Үүнд:
- Иргэний үнэмлэхийн хуулбар,
- Лавлагаа хүссэн өргөдөл,
/МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон улсын Арбитрын дарга, Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хамтарсан тушаалын хавсралт загвар 1. Энд дарж өргөдлийн маягтыг авах боломжтой/
- Иргэний сүүлийн 10 жил байнга болон түр оршин суугаа газрын тодорхойлолт,
- Банк бусад хуулийн этгээд, иргэнд төлбөл зохих зээл, барьцаа батлан даалтын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүх, арбитрт хариуцагчаар татагдан хэрэг хянан шийдвэрлэх оролцож байсан эсэх талаарх мэдээлэл.
/МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон улсын Арбитрын дарга, Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хамтарсан тушаалын хавсралт загвар 2, 3. Энд дарж өргөдлийн маягтыг авах боломжтой/
Лавлагаатай холбоотой асуудлаар 51-261878 дугаарын утсаар мэдээлэл авах боломжтой.
6.Татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэх, аль нэг компанийн 51 түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэх талаарх татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт.
А.Нэр дэвшигч www.etax.mta.mn цахим хуудаст хандаж татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэх тодорхойлолтийг авна.
Иргэн, хуулийн этгээд нь татвар төлөгчөөр бүртгүүлснээр Цахим татварын системийн хэрэглэгч болж, татварын лавлагаа, тодорхойлолт авах боломжтой болно.
Иймд иргэн www.etax.mta.mn цахим хуудаст хандан татвар төлөгчөөр бүртгүүлнэ.
/Бүртгүүлэх зааврыг Татварын ерөнхий газрын www.mta.mn цахим хуудаснаас авна уу./
Б.Нэр дэвшигч аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол www.etax.mta.mn цахим хуудаст хандаж байгууллагын татварын тодорхойлолтыг авна.
Тодорхойлолтыг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан /захирал, нягтлан бодогч/ эсхүл нэр дэвшигч өөрөө цахим татварын системээс авах боломжтой.
/Тодорхойлолт авах дэлгэрэнгүй зааврыг Татварын ерөнхий газрын www.mta.mn цахим хуудаснаас авна уу./
Лавлагаатай холбоотой нэмэлт мэдээллийг 1800-1288 дугаарын утсаар авна уу.
- Нэр дэвшигчийн намтар /Сонгуулийн Ерөнхий Хорооны 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт. Маягтыг энд дарж авах боломжтой/
- Нэр дэвшигчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Ял эдэлж байгаа эсэх талаарх Цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа.
- Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.
Ял эдэлж байгаа эсэх талаарх цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа болон авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх 2 төрлийн лавлагааг Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Статистик, мэдээллийн хэлтсийн Лавлагааны сангаас олгоно.
Лавлагааны сан нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цагдаа хотхон, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн үүдэнд байрлах Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын байрны 1 дүгээр давхарт байрлаж байгаа бөгөөд Лавлагааны сангийн 1 дүгээр цонхоор нэр дэвшигчдэд тусгайлан үйлчилнэ. /Утасны дугаар: 70191060, 70191089/
Нэр дэвшигчийн талаарх лавлагааг тухайн нэр дэвшигчийн иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг, эсхүл тухайн нэр дэвшигч өөрийн биеэр очих боломжгүй тохиолдолд бусдад олгосон итгэмжлэлийг үндэслэн олгоно. Итгэмжлэгдсэн иргэн нь өөрийн иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичгийг авч очих ба архиваас үзүүлэх төлбөрт үйлчилгээний хураамж болох 500 төгрөгийг Төрийн сангийн 100900012027 тоот ЦЕГ-ын дансанд тушаасан баримт /арилжааны аль ч банкинд тушааж болно/-ыг авч очно.
Ял эдэлж байгаа эсэх лавлагааг “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт”-ын маягтаар, авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх лавлагааг албан бичгээр тус тус олгоно.
Нам, эвслээс ирүүлсэн албан бичгийн дагуу лавлагаа олгож болох бөгөөд албан бичигт төлөөлөн авах хүний талаарх мэдээллийг тусгах ба тухайн нам, эвслээс сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт /ургийн овог, эцэг /эх/-ийн болон өөрийн нь нэр, регистр, холбогдох утасны дугаар/-ыг үнэн зөв, гүйцэд, гаргацтай бичиж, хүний тоогоор архиваас үзүүлэх төлбөрт үйлчилгээний хураамж болох 500 төгрөгийг Төрийн сангийн 100900012027 тоот ЦЕГ-ын дансанд тушаасан баримтыг хавсарган хүргүүлнэ.
- Нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-ын цахим системд мэдүүлсэн Баталгааны хуудас.