Судалгааны багийнхныг хүлээн авч уулзав

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албаны Сонгуулийн судалгааны багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн албаны Сонгуулийн асуудал эрхэлсэн газрын дэд захирал Улви Ахундлу, Монголыг хариуцсан зөвлөх Кеара Касталдо нар Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль болохтой холбогдуулан ажиглалт хийх хэрэгцээг тодорхойлох зорилготой Улаанбаатар хотноо ажиллаж байгаа юм.

Уулзалтын үеэр Сонгуулийн судалгааны багийн зүгээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд Сонгуулийн тухай хуулиас онцлогтой зохицуулалтууд орсон эсэх, Монгол Улсын Их Хурлын 2016 оны болон Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг ЕАБХАБ-ын АИХЭА-наас ажигласан ажиглалтын тайланд дурдсан зөвлөмжүүдээс хууль тогтоомжид тусгасан эсэх зэрэг асуудлуудаар сонирхсон асуудлуудаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Монгол Улс ЕАБХАБ-ын гишүүн орны хувьд АИХЭА-нд сонгуульд ажиглагч оролцуулах урилга хүргүүлдэг. Энэхүү урилгын дагуу тус албаны Сонгуулийн судалгааны баг сонгууль зохион байгуулагдах улсад очиж газар дээр нь ажиллаж, сонгуулийн үйл ажиллагааг ажиглах шаардлагатай эсэх, ажиглах тохиолдолд ямар бүрэлдэхүүнтэйгээр ажиглах талаар шийдвэрээ гаргадаг юм. Судалгааны багийн гишүүд Улаанбаатар хотноо ажиллахдаа сонгуулийн үйл ажиллагаанд тодорхой үүрэг хүлээн оролцдог төрийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудтай уулзалт хийх юм.