СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛОВ

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаан болж  Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь, сонгуулийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.10 дахь хэсэгт “Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг Сонгуулийн ерөнхий хороо батална” гэж заасны дагуу уг хуульд тусгагдсан цаг хугацаатай ажлуудыг түүвэрлэн цаг хугацааны хуваарьт тусгасан. Сонгуулийн үеэр хийгдэх хуульд заасан хугацаат ажлуудыг нийт 7 бүлэгт хуваан багцалж, хуулийн заалтуудад тусгагдсан хугацааг хуанлийн өдөрт шилжүүлэн тооцсон нь сонгуулийн үйл ажиллагаанд оролцогч хэн бүхэнд хуулийн хугацааг нэг мөр ойлгож мөрдөхөд чухал баримт бичиг болох юм.      

Түүнчлэн Нийслэлийн архивын газраас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийслэлийн болон дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн саналын хуудас нийслэлийн архивт хадгалагдаж байгаа бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан “Саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам”-д заасан архивт хадгалах хугацаа нь дууссан тул уг саналын хуудсыг холбогдох журмын дагуу устгахыг Нийслэлийн архивын газарт зөвшөөрсөн шийдвэрийг баталлаа.