Сонгуулийн зохион байгуулалт, тогтолцоо, түүнийг боловсронгуй болгох нь
Энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Хүний эрхийн үнэт зүйлсийг хуульчлан баталгаажуулсан Монгол Улсын шинэ Үндсэн хуульд эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон тодорхойлсон байдаг. Ардчиллыг улс төрд хэрэгжүүлэх үндсэн хэлбэр нь сонгууль бөгөөд сонгуулиар дамжин энэхүү эрхэм зорилгод хүрнэ.
1990 онд Ардын депутатуудын хурлын сонгуулийн хууль батлагдсанаар парламентын чөлөөт сонгуульд олон нам оролцож, Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаа сонгосон нь ардчилсан сонгуулийн үндсийг тавьсан анхны том алхам болсон юм.
1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш Монгол Улсад Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын сонгууль тус бүр 6 удаа явагдсан болно. 1993 оноос 2009 онд явагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 5 удаагийн сонгуулийг 1993 онд баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар, 2013 онд явагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг 2012 онд батлагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар тус тус зохион байгуулж явуулсан.
Харин 1992 оноос 2004 онд явагдсан Улсын Их Хурлын 4 удаагийн сонгуулийг 1992 онд баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар, 2008 онд явагдсан Улсын Их Хурлын сонгуулийг 2005 онд баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар, 2012 онд явагдсан Улсын Их Хурлын сонгуулийг 2011 онд баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар тус тус зохион байгуулж явуулсан.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийг 1992 онд олон мандаттай томсгосон тойрог бүхий мажоритар тогтолцоогоор 1996, 2000 онуудад нэг мандаттай тойрог бүхий мажоритар тогтолцоогоор тус тус явуулсан байна.
Улсын Их Хурлын анхдугаар сонгууль нь томсгосон 26 тойрогт явагдаж улс төрийн 7 нам, 2 эвсэл, бие даагч нийт 293 хүн нэр дэвшин оролцсон бөгөөд нийт сонгогчдын 95,6 хувь нь саналаа өгсөн. Улсын Их Хурлын анхдугаар сонгууль нь түүнийг зохион байгуулж явуулсан Сонгуулийн Ерөнхий Хороо болон нэр дэвшигч, сонгогчдын хувьд туршлага хуримтлуулах, алдаанаасаа суралцах, сонгуулийн зохион байгуулалт, тогтолцоог боловсронгуй болгох их ажлын эхлэл болж өгснөөрөө түүхэн ач холбогдолтой сонгууль болсон юм.
Дээр дурьдсан сонгуулийн мажоритар тогтолцоо нь сонгогчдод ойлгомжтой, сонгогч болон нэр дэвшигч нүүр тулан уулздаг сайн талтай боловч багагүй сөрөг үр дагавартай болох нь өмнөх сонгуулиудын явцад ажиглагдсан болно. Тухайлбал, нэг мандаттай тойрогт сонгогчдын өгсөн саналын харьцаа алдагдсан үр дүнгарах, сонгогчдын санал гээгддэг сул талтай. Өөрөөр хэлбэл, 40 гаруй хувийн санал авсан нэр дэвшигч ялагдаж байхад өөр нэг тойрогт 30 гаруй хувийн санал авсан нэр дэвшигч сонгогдож байсан тохиолдол олон бий. Мөн нийслэлийн тойргуудад нэр дэвшигч нь аймгуудын тойрогт нэр дэвшигчээс хэд дахин илүү сонгогчдын санал авч сонгогдож байна.
Олон мандаттай томсгосон тойрогт явуулдаг мажоритар тогтолцооны хувьд сонгогчийн тэгш эрхийн зарчим алдагдахад хүргэдэг үр дагавартай. Тухайлбал, зарим тойрогт сонгогч 3-4 нэр дэвшигчийн төлөө санал өгч байхад өөр нэг тойрогт сонгогч 1-2 нэр дэвшигчийн төлөө санал өгч байх жишээтэй.
Харин 2011 онд батлагдсан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар Улсын Их Хурлын сонгуулийг мажоритар тогтолцоогоор 48, пропорционал тогтолцоогоор 28 суудал бүхий сонгуулийн хосолсон тогтолцоотойгоор зохион байгуулж явуулахаар хуульчилсан.
Улс орнуудад олон намын тогтолцоо хөгжихийн хэрээр сонгуулийн хосолсон болон пропорционал тогтолцоог өргөнөөр сонгох хандлага ажиглагдаж байгаа бөгөөд манай улсын хувьд Үндсэн хууль, өөрийн орны онцлог, улс төрийн намуудын төлөвшил, хууль тогтоох байгууллага болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын харилцан уялдаатай, тогтвортой байдал зэрэгт нийцүүлэн сонгуулийн тогтолцоогоо улам боловсронгуй болгох шаардлагатай байгаа юм.
Сонгуулийн тогтолцооны төлөвшилтийн өөр нэг чухал асуудал нь сонгуулийн зохион байгуулалт юм.
Улсын бага хурлын 1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоолоор Сонгуулийн Ерөнхий Хороог Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгууль, ард нийтийн санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулж явуулах бүрэн эрхтэйгээр 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.
1992 онд батлагдсан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар Сонгуулийн байгууллагын тогтолцоо нь Улсын Их Хурлын дэргэдэх Сонгуулийн Ерөнхий Хороо, тойргийн хороо, хэсгийн хороо гэсэн бүтэцтэй байв. Харин 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталж Монгол Улс анх удаа төрийн тэргүүнээ сонгох сонгуулийг Улсын Их Хурлын дэргэдэх Сонгуулийн Ерөнхий Хороо, нутаг дэвсгэрийн хороо, хэсгийн хороодоос бүрдсэн зохион байгуулалттайгаар явуулж байв.
Монгол Улсын Их Хурлаас 2006 онд Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийг баталж Сонгуулийн Ерөнхий Хорооны хараат бус, бие даасан байдлын эрх зүйн баталгааг хуульчилсан юм.
Энэ хуульд заасны дагуу Ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурлын сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах,Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах бүрэн эрхтэй, хараат бус, бие даасан, 9 гишүүнтэй байгууллага хэрэгжүүлэхээр болсон нь сонгуулийнбайгууллагын хараат бус байдлыг хангах үндэс болсон. Эдгээр гишүүдийнхоёрыг нь Ерөнхийлөгч, тавыг нь Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг нь Улсын Дээд шүүхээс санал оруулж Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилох бөгөөд хороо, түүний гишүүн хууль ёсны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглосон зэрэг ньхорооны гишүүд хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн хамгаалалтыг бий болгосон юм.
Гэвч сонгууль зохион байгуулах явцад улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдээс Сонгуулийн төв байгууллагын ажил үүрэгт хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг оролдох, саад учруулах, дарамт, шахалт үзүүлэх тохиолдол цөөнгүй гардгийг тэмдэглэх нь зүйтэй юм.
Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Их Хурлын сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох Орон нутгийн шат шатны Хурлын сонгуулийг тус тус 6 удаа, мөн 10 удаагийн нөхөн сонгуулиудыг зохион байгуулж энэ хугацаанд тодорхой туршлага хуримтлуулж ирлээ.
Улсын Их Хурлын 2012 оны сонгуулиас өмнөх сонгуулиудад нийтлэг ажиглагдаж байсан алдаа дутагдлууд болох сонгогчдын бүртгэл будлиантах, гараар санал тоолох ажиллагаанд цаг хугацаа алддагаас сонгуулийн дүнг зарлах ажиллагаа удааширдаг, сонгуулийн доод шатны хороод нь дээд шатны сонгуулийн хорооноос гаргасан шийдвэр болон үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, сонгуулийн хороодын бүрэлдэхүүн улс төрийн намуудын төлөөллөөс бүрддэг зэргээс үүдэлтэй зөрчил, дутагдлууд нь сонгуулийн тогтолцооноос гадна сонгуулийн зохион байгуулалтын хэлбэрийг өөрчлөн шинэчлэх зайлшгүй шаардлагатайг харуулсан билээ.
Тухайлбал, Улсын Их Хурлын 2008 оны ээлжит сонгуулийн үеэр сонгуулийн хороодын үйл ажиллагаанд улс төржиж талцах, санал хураалтын дүн гаргахгүй удах зэрэг алдаа дутагдал гарч улмаар иргэдийн эсэргүүцэл даамжирч нийтийг хамарсан үймээн болсон нь томоохон сургамж болсон юм.
Бүх шатны сонгуулийн байгууллагыг улс төрийн талцлын талбар болгохгүй, зөвхөн хуульд захирагдан үйл ажиллагаагаа явуулах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд зөвхөн төрийн захиргаа болон үйлчилгээний албан хаагчдыг томилж, тэдгээрт ногдуулах хариуцлагыг чангатгаж өгсөн. Энэ нь өмнөх сонгуулиудаар гарч байсан намын төлөөллөөс бүрдсэн сонгуулийн хороодын гишүүдийн ашиг сонирхлын зөрчлөөс үүдэлтэй маргааныг хааж, төрийн сонгуулийг хууль болон сонгуулийн хорооны гишүүдийн ёс зүйн дүрмийн дагуу өндөр зохион байгуулалт, сахилга баттайгаар зохион байгуулж явуулах хөшүүрэг бүхий үр дүнтэй зохицуулалт болсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулиар сонгуулийн хороодыг аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, салбар хороо эсхүл нутаг дэвсгэрийн хороо, салбар хороо гэх мэт өөр өөр байдлаар нэршиж байсныг нэг ижил нэртэй болгож аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороод гэсэн зохион байгуулалттай байхаар хуульчилсан. Цаашид сонгуулийн хороодын бүрэлдэхүүнийг томилох асуудлыг илүү нарийвчлан зохицуулах шаардлагатай бөгөөд энэ нь дан ганц төрийн захиргаа болон үйлчилгээний албан хаагчдаас томилох үндсэн шаардлагаас гадна тухайн төрийн албан хаагчид тусгайлсан шалгуур тавьдаг болох нь сонгогч болон улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагуудын сонгуульд итгэх итгэлийг нэмэгдүүлэх сайн талтайг анхаарах нь зүйтэй юм.
Монгол Улсад 2010 онд явагдсан иргэний шинэчилсэн бүртгэлийн мэдээллийн санд үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, давхардлыг арилгах, сонгогчийг бүртгэх үйл ажиллагааг бүхэлд нь улсын бүртгэлийн байгууллагад шилжүүлж, нэг сонгогч нэг жагсаалтад бүртгэгдэж, нэг удаа саналаа өгөх зарчмыг амжилттай хэрэгжүүлснээр сонгогчдын нэрийн жагсаалт бодитой гарч, түүнтэй холбоотой гардаг маргааныг эцэслэх боломжтой болсон нь сонгуулийн зохион байгуулалтад гарсан эерэг өөрчлөлтүүдийн нэг байв.
Улсын Их Хурлаас 2011 онд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг баталж, Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2012 оны сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн үйл ажиллагаанд тус тус хүнээс хамаарах сөрөг үр дагаваруудыг арилгаж, сонгогчийг бүртгэх, сонгуулийн санал авах, тоолох, дүн гаргах, дамжуулах, үйл ажиллагаанд автомат техник хэрэгсэл ашигласан нь сонгуулийг будлиантуулах гэсэн аливаа хууль бус субъектив нөлөөг бүрэн хааж сонгуулийг шинэ шатанд гаргалаа. Улсын Их Хурлын 2012 оны сонгууль болон нийслэл, аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулиуд нь сонгуулийн хууль тогтоомж болон сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн орчинд явагдсанаараа онцлог байв.
Улсын Их Хурлын 2012 оны сонгуулиас хойш явагдсан нийслэл, аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуулиудыг хууль эрх зүйн шинэ орчинд явуулахын зэрэгцээ сонгуулийн зохион байгуулалт менежментийг зөвхөн сонгуулийн төв байгууллага бус төрийн бусад холбогдох байгууллагууд үйл ажиллагааныхаа онцлогт нийцүүлж хамтран зохион байгуулсан нь сонгууль бүх нийтийн байх үндсэн зарчмыг хангахад чухал үүрэг гүйцэтгэсэн.
Шударга сонгуулийг зохион байгуулах өөр нэгэн нэн чухал хүчин зүйл бол иргэний нийгмийн хяналт, сонгогчдын боловсролын асуудал байдаг. Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, сонгуулийн үйл явцыг ажиглаж, иргэний нийгмийн хяналт тавьж ажилладаг төрийн бус байгууллагууд байдаг. Цаашид сонгуулийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг чадавхижуулах, сонгогчдын боловсролд чиглэсэн далайцтай ажлуудыг хийх нь зүйтэй байна.
Сонгуулийн хороод сонгуулийг хуулийн дагуу, үр дүнтэй зохион байгуулах, сонгогчдын боловсролын асуудалд анхаарал хандуулж, хангалттай мэдээлэл олгохын тулд хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэн батлах зэрэг эрх зүйн өөрчлөлтийг боломжит цаг хугацаанд буюу ээлжит сонгууль болохоос нэгээс доошгүй жилийн өмнө хийж байх нь цаашид анхаарах асуудлын нэг болж байна.
Мөн сонгуулийн тухай хуулиудыг нэгтгэн сонгуулийн нэгдсэн хуультай болох санал нь Улсын Их Хурлын, Ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгуулийн хоорондын уялдааг сайжруулах, өнөөгийн хууль эрх зүйн зохицуулалтыг хялбаршуулах ач холбогдолтойг тэмдэглэж байна.
Сонгууль бол тодорхой тогтоосон хугацаанд явагдаад өнгөрдөг онцлогтой. Энэ онцлогт нь тохирсон маргаан шийдвэрлэх механизмтай байх ёстой. Өөрөөр хэлбэл, сонгуулийн маргааныг түргэн, шуурхай шийдвэрлэх зөв процесс шаардлагатай.
Өмнө нь сонгуулийн үед гарсан гомдол маргааныг тухайн шат шатны сонгуулийн хороод харъяалан шийдвэрлэхээр зохицуулж байсан. Сонгуулийн хууль зөрчсөн зөрчил мөн эсэхийг тогтоох, хуулийг нэг мөр, зөв ойлгож хэрэглэх тал дээр дутагдалтай байдлууд гарч байсан. Харин Улсын Их Хурлаас 2011 онд батлагдсан Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн хороодын бүрэлдэхүүн, үйл ажиллагаатай холбоотой гомдлоос бусад гомдол маргааныг тухайн нутаг дэвсгэрийн харъяалах захиргааны хэргийн шүүх шийдвэрлэхээр хуульчилсан зохицуулалт нь оновчтой болсон.
Гэвч сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх талаар шүүх байгууллагын эрх мэдэл тодорхой бус, хуулийн хэрэгжилт, холбогдох дүрэм, журмын талаарх олон нийтийн мэдлэг дутмаг байна. Сонгуулийн хороодын шийдвэрийг шүүх түдгэлзүүлэх нь иргэний сонгох, сонгогдох эрхийн зарчимд нийцэж буй эсэхийг нухацтайгаар авч үзэх шаардлагатай байна.
Улсын Их Хурлаас 2011 онд батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, 2012 онд батлагдсан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиудад зааснаар сонгогчдын саналыг татах зорилгоор бэлэн мөнгө, эд бараа тараах гэх мэт хууль бус үйлдлүүдийг хориглож, хариуцлагыг чангатгасан. Энэ нь нэг талдаа сайн зохицуулалт боловч нөгөө талаар нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэлүүдийг ялгамжтай байдлаар зохицуулж, тодорхой болгох шаардлага байгааг тэмдэглэн хэлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Сонгуулийн төгс тогтолцоог хүн төрөлхтөн одоог хүртэл эрж хайсаар байна. Монгол Улсын хувьд өөрийн орны онцлог, улс төрийн намуудын төлөвшил, чиг хандлага, сонгогчдын боловсрол гэх мэт хүчин зүйлүүдийг харгалзан сонгуулийн тогтолцоог цаашид боловсронгуй болгох нь чухал юм. Дэлхийн олон улс орнуудын сонгуулийн байгууллага, сонгуулийн тогтолцоо, цаашдын чиг хандлагыг судалж үзэхэд сонгуулийн мажоритар тогтолцооноос пропорционалль тогтолцоо руу шилжих, үүнийгээ дагаад сонгогчдын ирцийн хувьд босго тавих асуудлыг үгүй болгох чиг хандлагатай байгааг тэмдэглье.
Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын 2012 оны сонгуулиар нийслэлийн зарим дүүргийн сонгуулийн олон хэсэгт сонгогчдын ирц хуульд заасан хэмжээнд хүрээгүй гэдэг үндэслэлээр тухайн хэсгүүдэд дахин санал хураалт явуулсан. Анхны санал хураалтад оролцсон сонгогчдын тоо болон хамгийн олон санал авсан нэр дэвшигчийн саналын тоо зэрэг нь дахин санал хураалтад илт буурсан үр дүн гарч байсан. Дахин санал хураалт нь иргэдийн сонгуульд оролцох идэвхи болон түүнд итгэх итгэлийг бууруулдаг, үргүй зардал, үр дүнгүй улс төржилт, хоосон хардалт төрүүлдэг, сонгуулийг сунжруулсан зэрэг олон сөрөг үр дагавар гарч байсан тул цаашид сонгогчдын ирцэд босго хувь тогтоохгүй байх асуудлыг хуульчлах шаардлагатай байна.
Эцэст нь дүгнэн хэлэхэд дээр дурдсан Монгол Улсын сонгуулийн зохион байгуулалттай холбогдсон ололт амжилтуудыг цаашид улам бататгаж, ардчилалыг хөгжүүлж буй дэлхийн улс орнуудын сонгуулийн алдаа оноо, туршлагаас суралцахын зэрэгцээ хууль эрх зүйн зохицуулалтуудыг боловсронгуй болгох шаардлагатайг анхааралдаа авч Монголын сонгуулийн шинэчлэлийг улам бататгах нь зүйтэй.
Монгол Улсад амжилттай хэрэгжсэн сонгуулийн шинэчлэлийг дэлхийн ардчилсан улс орнууд анхааралтай ажиглан, сайнаар үнэлж байгааг та бүхэнд дуулгахад таатай байна. Тухайлбал, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажигласан талаарх тайландаа “...сонгогчид саналаа чөлөөтэй өгч байсан ба ажиглалт явуулсан 99 хувийн тохиолдолд сонгуулийн үйл явц эерэг байлаа...” гэж дүгнэсэн байна.
Энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг хамтран зохион байгуулж байгаа Шинжлэх ухааны академи болон нийт илтгэгч, зочдод гүнээ талархал илэрхийлэхийн зэрэгцээ энэхүү арга хэмжээний үеэр бидний ажилд үнэтэй хувь нэмэр болохуйц шинэ, шинэлэг санал, зөвлөмж гарна гэдэгт итгэж байна.