Сонгуулийн хороодын хуралдааны дэг батлах №11



МОНГОЛ УЛС
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ
ХОРООНЫ ТОГТООЛ



2013 оны 03 дугаар                                                          Улаанбаатар
сарын 27-ны өдөр                           Дугаар 11                 хот






Сонгуулийн хороодын
хуралдааны дэг батлах тухай




Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.13 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос ТОГТООХ нь:

1. “Сонгуулийн хороодын хуралдааны дэг”-ийг хавсралтаар баталсугай.

2. Сонгуулийн хороодын хуралдаанд энэхүү дэгийг баримталж ажиллахыг сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Сонгуулийн Ерөнхий Хорооны 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “Сонгуулийн хороодын хуралдааныүлгэрчилсэн дэг батлах тухай” 27 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай. 

 

 

 

ДАРГА                                                                      Ч.СОДНОМЦЭРЭН

 

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                                                                                                                                                                                                                                                 Б.АЛТАНЖАРГАЛ

 

 

 

 

                                                                     Сонгуулийн Ерөнхий Хорооны      

                                                                      2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн

                                                                       11 дүгээр тогтоолын хавсралт       

 

 

СОНГУУЛИЙН ХОРООДЫН

ХУРАЛДААНЫ ДЭГ

 

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

            1.1. Сонгуулийн хороодын /цаашид “Хороо” гэх/ хуралдааны /цаашид “хуралдаан” гэнэ/ зохион байгуулалт, үйл ажиллагаанд энэхүү дэгийг баримтална.

 

            1.2. Хуралдаан хууль дээдлэх, дэгээ чанд сахих, асуудлыг чөлөөтэй хэлэлцэх, цөөнхийн санаа бодлыг хүндэтгэх, асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэх зарчимд үндэслэн явагдана.

 

            1.3. Хуралдаанд сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсоноор Хорооны хуралдааныг хүчинтэйд тооцно. Хуралдааны өмнө Хорооны дарга ирцийг заавал зарлана.

 

1.4. Сонгуулийн хороодын хуралдаан нээлттэй ил тод байх бөгөөд хуралдааны ажиллагаа, шийдвэрийн талаар нийтэд ил тод мэдээлнэ.

 

Хоёр. Хуралдааны бэлтгэл хангах

 

            2.1. Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарийг 7 хоногоор гаргаж, тухайн сонгуулийн хорооны ажиллах байрны мэдээллийн самбарт ил тавина.

 

2.2. Хуралдаанаар хэлэлцэх асуудал нь хуулийн хүрээнд бүрэн боловсрогдсон, зохих тооцоо судалгаанд үндэслэгдсэн, архивт хадгалах  баримтын шаардлага хангасан байна.

           

2.3. Хорооны гишүүд Хорооны бүрэн эрхэд хамаарах асуудлыг санаачлан Хорооны хуралдаанаар хэлэлцүүлж болох бөгөөд уг асуудлыг санаачилсан гишүүнийг байхад хэлэлцэнэ.

 

            2.4. Хорооны нарийн бичгийн дарга хуралдаанаар хэлэлцэх баримт бичгийн төслийг иж бүрдэл болгож, хуралдахаас өмнө Хорооны даргад танилцуулж, хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулна. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтооно.

 

            2.5. Хуралдаанаар хэлэлцүүлэх баримт бичгийн төслийн эцсийн хувилбарыг бүрдүүлэх, бэлтгэх, олшруулах, бүртгэх, тэмдэг дарах, тараах ажлыг нарийн бичгийн дарга зохион байгуулж, хяналт тавина.

 

            2.6. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөл, танилцуулгыг хуралдаан хийхээс өмнө Хорооны гишүүдэд хүргэсэн байна.

 

            2.7. Хуралдаанд хэлэлцэх баримт бичгийг Хорооны гишүүн бүрт хувилж тараасан байна.

            2.8. Хуралдааны зар, холбогдох баримт бичгийг Хорооны гишүүд хүлээн авч тухайн хуралдаанд оролцох боломжгүй бол шалтгаанаа Хорооны даргад бичгээр болон бусад хэлбэрээр урьдчилан мэдэгдэх үүрэгтэй.

 

2.9. Хорооны гишүүд хуралдаанаар хэлэлцэх асуудал, холбогдох баримт бичгийн төсөлтэй бүрэн танилцаж, санал дүгнэлтээ урьдчилан бэлтгэсэн байна.

 

            2.10. Хорооны шийдвэрийн төсөлтэй холбогдуулан бусад мэргэжлийн байгууллага, хүмүүсийн саналыг урьдчилан авч болно.

 

Гурав. Хуралдаан хийх

 

            3.1. Сонгуулийн хорооны ажиллах байрны багтаамжийг харгалзан сонгуульд оролцож байгаа улс төрийн нам, хамтарсан намуудын сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, ажиглагч, төрийн бус байгууллагын ажилтныг байлцуулж болно. Хуралдаанд оролцогчид хуралдааны дэгийг чанд сахих үүрэг хүлээнэ.

 

3.2. Хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батална.

 

3.3. Сонгуулийн хороод бүрэн эрхийнхээ асуудлыг хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсондарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд тогтоолд Хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж тэмдэг дарна. Хуралдааныг хорооны дарга удирдан явуулна.

 

3.4. Хорооны тогтоолд тухайн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурах үүрэгтэй бөгөөд тэдгээрийн аль нэг нь гарын үсэг зураагүй нь тогтоол хүчингүй, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй.

 

3.5. Хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн ирц хүрэлцээгүй, эсхүл тухайн хорооны бүрэн эрхэд хамааралгүй асуудлыг шийдвэрлэсэн, эсхүл бүрэн эрхийн асуудлыг олонхийн саналаар шийдвэрлээгүй бол тогтоолд хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурсан байсан ч тухайн шийдвэрийг хүчинтэй гэж үзэхгүй.

 

3.6. Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орхисон тохиолдолд түүнийг хуралдаанд оролцож тухайн асуудлаар татгалзсан санал гаргасанд тооцно.

 

3.7. Хуралдаан даргалагч дараахь эрхтэй:

 

                        3.7.1.Хуралдааны дэгийн биелэлтэд хяналт тавьж, Хорооны гишүүдээс түүнийг биелүүлэхийг шаардах;

                        3.7.2.Хорооны гишүүд асуулт асуух, үг хэлэх, санал шүүмжлэл гаргахад хуралдааны дарга зөвшөөрөл олгох;

                        3.7.3.Хэлэлцсэн асуудлаар санал хурааж, дүнг мэдээлж, эцсийн шийдвэрийг сонсгон батлуулах.

 

3.8.Хуралдааны тэмдэглэлийг Хорооны нарийн бичгийн дарга хөтөлнө. Хуралдаанд нарийн бичгийн дарга хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцох боломжгүй бол тэмдэглэлийг Хорооны даргын даалгаснаар аль нэг гишүүн хөтөлнө.

 

3.9. Хуралдааныг завсарлагатай хийж болох бөгөөд завсарлах хугацаа 10 минут байна. Хэрэв бүтэн өдөр хуралдах бол үдийн 13-14 цагт нэг цагийн хугацаатай завсарлага хийнэ.

 

            3.10.Шаардлагатай гэж үзвэл хэлэлцэх асуудлын онцлогийг харгалзан хуралдаанд бусад байгууллагын удирдлага, холбогдох бусад хүмүүсийг оролцуулж болно. Оролцогчоор хуралдаан даргалагчийн зөвшөөрөлтэйгээр үг хэлүүлж болно.

 

            3.11. Хуралдааны явцад дараахь журмыг баримтална.

 

3.11.1.хуралдаан даргалагчийн зүүн гар талд Хорооны нарийн бичгийн дарга суух;

3.11.2.хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн асуудлын дарааллыг хуралдаан даргалагч танилцуулах ба хэлэлцэх асуудлыг батлуулах;

                        3.11.3.хуралдааны төлөвлөгөөнд ороогүй боловч нэн яаралтай эсвэл зайлшгүй шаардлагатай хэлэлцэх асуудал гарвал хуралдаан даргалагчийн санал оруулсанаар оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэх;

3.11.4.асуулт, хариулт дууссаны дараа гишүүд үг хэлэх хүсэлт гаргасан дарааллаар саналаа гаргана;               

3.11.5.асуулт, хариулт, санал нь зөвхөн хэлэлцэж байгаа асуудалтай шууд холбоотой, товч тодорхой, давтагдахгүй байх;

                        3.11.6.хуралдааны явцад гишүүд гадагш түр гарах бол хуралдаан даргалагчаас зөвшөөрөл авна;

                        3.11.7.хуралдаан даргалагч хэлэлцэж байгаа асуудлын талаар гарсан саналыг нэгтгэж, санал тус бүрийг шийдвэрлүүлэх;

3.11.8.хорооны гишүүд зөвшөөрсөн эсвэл татгалзсан тухай саналын аль нэгийг заавал өгөх үүрэг хүлээнэ.

 

            3.12. Хуралдаанд асуудал оруулж байгаа хүний илтгэл, сонсголыг сонссоны дараа Хорооны гишүүн асуулт тавина.

 

            3.13. Хуралдаан даргалагчийн зөвшөөрөлтэйгээр хуралдаанд оролцогч үг хэлэх хугацаа 5 минутаас хэтрэхгүй байна.

 

            3.14. Хэд хэдэн асуудлаар санал хураавал түүний дэс дарааллыг хуралдаан даргалагч тогтооно.

 

            3.15. Хорооны гишүүд саналаа илээр өгнө.

 

            3.16. Хуралдааны хугацааг сунгаж болох бөгөөд уг асуудлыг санал хураалтаар шийдвэрлэнэ.

 

            3.17. Хуралдаан дууссаны дараа өөрсдийн ажилласан, санал дүгнэлт хийсэн баримт бичгийн төслийг Хорооны гишүүд хавтасдаа үлдээж тэмдэглэл хөтлөгчид хүлээлгэж өгнө.

 

Дөрөв. Хуралдааныг баримтжуулах, шийдвэрийг ёсчлон гаргах

 

            4.1. Хуралдааныг баримтжуулах ажлыг Хорооны нарийн бичгийн дарга зохион байгуулна.

 

            4.2. Хуралдаанаар хэлэлцсэнээс хойш ажлын журмаар дахин боловсруулахаас бусад асуудлаар гарах тогтоолыг ёсчлон гаргана.

            4.3. Тогтоолыг албан хуудсанд бичигдсэний дараа алдааг хянан эхний хуудасны ар талын зүүн доод хэсэгт боловсруулсан, хянасан тухай гарын үсэг зурж, Хорооны дарга, нарийн бичгийн даргаар гарын үсэг зуруулж, тэмдэг дарж  ёсчлоно.

 

4.4. Сонгуулийн хороод хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл, ёсчлон гарын үсэг зурсан шийдвэрийн эх хувийг зохих журмын дагуу архивт шилжүүлнэ.

 

Тав. Хориглох зүйл

 

5.1. Сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирэхгүй байх, таслах, хуралдааныг орхих, хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзахыг тус тус хориглоно.

 

5.2. Сонгуулийн хорооны бүрэлдэхүүн болон хуралдаанд оролцогч бусад этгээд хуралдаан даргалагчийн зөвшөөрөлгүйгээр хуралдааны танхимд орж гарах, гар утсаар ярихыг хориглоно.

 

5.3. Энэ дэгийн 3.1-д заасны дагуу сонгуулийн хороодын хуралдааныг ажиглаж байгаа этгээд нь тухайн сонгуулийн хорооны бүрэн эрхийн асуудалд оролцох, хуралдаан даргалагчийн зөвшөөрөлгүйгээр үг хэлэх зэргээр хуралдааны хэвийн үйл ажиллагаанд саад учруулахыг хориглоно.

 

Зургаа. Хариуцлага

 

6.1. Энэ дэгийн 2.8, 5.1-д заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасах асуудлыг тухайн сонгуулийн хороог байгуулсан дээд шатны сонгуулийн хороо 3 хоногийн дотор шийдвэрлэх ба хасагдсан хүний оронд өөр хүнийг нэн даруй нөхөн томилно.

 

6.2. Сонгуулийн хууль тогтоомж болон энэ дэгд заасныг зөрчсөн этгээдийн гаргасан зөрчлийн талаарх мэдээллийг холбогдох сонгуулийн хороо нь дээд шатны сонгуулийн хороо болон хууль хяналтын байгууллагад шалгуулахаар хүргүүлнэ.

 

6.3. Сонгуулийн хууль тогтоомж болон энэ дэгд заасныг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

---оОо---