Сонгуулийн автоматжуулсан системийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдэлд гэмтэл, саатал гарсны улмаас гар ажиллагаанд шилжих журам №72
МОНГОЛ УЛСЫН
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ
ТОГТООЛ
2012 оны 5 дугаар Улаанбаатар
сарын 28-ны өдөр Дугаар 72 хот
Сонгуулийн автоматжуулсан системийн автоматжуулах
хэрэгслийн иж бүрдэлд гэмтэл, саатал гарсны улмаас
гар ажиллагаанд шилжих журам батлах тухай
Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос ТОГТООХ нь:
1. “Сонгуулийн автоматжуулсан системийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдэлд гэмтэл, саатал гарсны улмаас гар ажиллагаанд шилжих журам”-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэхүү журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирал /Ж.Эрдэнэбат/-д, мөрдөж ажиллахыг сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нартдаалгасугай.
ДАРГА Н.ЛУВСАНЖАВ
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.СОДНОМЦЭРЭН
Сонгуулийн Ерөнхий Хорооны
2012 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн
72 дугаар тогтоолын хавсралт
СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙН
АВТОМАТЖУУЛАХ ХЭРЭГСЛИЙН ИЖ БҮРДЭЛД ГЭМТЭЛ,
СААТАЛ ГАРСНЫ УЛМААС ГАР АЖИЛЛАГААНД ШИЛЖИХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журам нь сонгуулийн автоматжуулсан системийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдэлд орсон техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамжид гэмтэл, саатал гарч, түүнийг сэргээн ажиллуулах боломжгүй тохиолдолд санал авах, санал тоолох, санал хураалтын дүнг дамжуулах ажиллагааг гар ажиллагаанд шилжүүлэх үндэслэлийг тодорхойлж, холбогдох харилцааг зохицуулна.
1.2. Хэсгийн хороо сонгуулийн автоматжуулсан системийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдэлд орсон техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамжид гэмтэл, саатал гарсан тохиолдолд тэр тухай тэмдэглэл үйлдэж, гарсан гэмтэл, саатлыг арилгах, техник хэрэгслийн ажиллагааг сэргээх арга хэмжээг шуурхай зохион байгуулна.
1.3. Хэрэв энэ журмын 1.2-т заасан арга хэмжээг авсан ч автоматжуулах хэрэгслийн иж бүрдэлд орсон техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамж ажиллахгүй болсон, түүнийг өөр техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр солих, засварлах боломжгүй тохиолдолд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан нөөц төлөвлөгөөний дагуу мэдээллийн ажиллагааг саадгүй үргэлжлүүлэн явуулах ажлыг зохион байгуулна.
1.4. Энэ журмын 1.2-т заасан арга хэмжээний дүнд гэмтэл, саатлыг арилгасан, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн ажиллагааг сэргээсэн бол тэр даруй автоматжуулалтын горимд оруулна.
1.5. Энэ журмын 2.1-д заасан нөхцөл байдал бодитой үүссэн болохыг хэсгийн хорооны дэргэд ажиллах мэдээллийн технологийн даамал үнэлж, тэр тухай дүгнэлт гарган хэсгийн хороонд танилцуулна.
1.6. Энэ журмын 1.5-д заасны дагуу гаргасан дүгнэлтийг үндэслэн гар ажиллагаанд шилжүүлэх шийдвэрийг хэсгийн хороо хуралдаанаараа хэлэлцэж гаргана.
Хоёр. Автоматжуулалтыг зогсоож гар ажиллагаанд
шилжүүлэх үндэслэл
2.1. Сонгуулийн санал авах, санал тоолох, санал хураалтын дүнг дамжуулах явцад сонгуулийн автоматжуулсан системийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид гэмтэл, саатал гарч, түүнийг сэргээн ажиллуулах боломжгүй дараахь нөхцөл байдал үүссэн үед автоматжуулалтыг зогсоож гар ажиллагаанд шилжүүлнэ:
2.1.1. цахилгаан хангамж тасарч, түүнийг сэргээх, бусад нөөц эх үүсвэрээс хангах боломжгүй болох,
2.1.2. гарын хурууны хээгээр адилтган баталгаажуулах техник хэрэгсэл ажиллагаагүй болж, түүнийг сэргээх, нөөц төхөөрөмжөөр солих боломжгүй болох;
2.1.3.санал тоолох төхөөрөмж, өндөр хурдны скайнер, түүний бүрдэл хэсэг ажиллагаагүй болох, түүнийг сэргээх, нөөц төхөөрөмжөөр солих боломжгүй болох;
2.1.4.сонгуулийн автоматжуулсан системд ашиглаж буй программ хангамж ажиллагаагүй болох, гэмтэх, өөрчлөгдөх, түүнийг сэргээх, дахин суулгах боломжгүй болох;
2.1.5.сонгуулийн дүнг дамжуулах харилцаа холбооны суваг, техник хэрэгслийг ашиглах явцад гэмтэл, саатал гарч түүнийг сэргээх, өөр шийдлээр дамжуулах боломжгүй болох.
Гурав. Цахилгаан эрчим хүчний хангамж тасарсан
нөхцөлд гар ажиллагаанд шилжих
3.1. Энэ журмын 2.1.1-д заасны дагуу
цахилгаан эрчим хүчний хангамжгүй, сэргээх боломжгүй, нөөц эх үүсвэргүй болсон
нөхцөлд санал авах, тоолох, дүнг гаргаж дамжуулах ажиллагааг гар
ажиллагаанд шилжүүлнэ.
3.2. Гар ажиллагаанд шилжсэн тохиолдолд сонгогчийг таньж бүртгэх ажиллагааг хэсгийн хорооны гишүүн сонгогчийн иргэний үнэмлэхийн мэдээллийг цаасаар үйлдсэн сонгогчдын нэрийн жагсаалттай тулган нягталж саналын хуудсыг олгох бөгөөд саналын нөөц хайрцгийг сонгогчдод болон ажиглагчдад харуулж лацадсаны дараа саналын хуудсыг саналын хайрцагт хийлгэж сонгогчдын саналыг авах, саналыг гараар тоолох ажлыг зохион байгуулна.
3.3. Гар ажиллагаанд шилжсэнээс хойш цахилгаан эрчим хүчний хангалт сэргэвэл сонгогчийг таньж баталгаажуулах, санал авах, санал тоолох төхөөрөмжүүдийг ажиллуулж автоматуулсан горимд шилжилнэ. Энэ тохиолдолд гараар санал авсан саналын хайрцгийг лацдаж, түүнд байгаа саналын хуудсуудыг санал хураалт дууссаны дараа санал тоолох төхөөрөмжид хийж тоолуулна.
3.4. Гар ажиллагаанд шилжиж санал авсан саналын хайрцагт байгаа саналын хуудсуудыг санал хураалт дууссаны дараа тусад нь гараар тоолж гарсан дүнг санал тоолох төхөөрөмжийн санал тоолсон дүнгийн тайланд байгаа дүн дээр нэмнэ.
Дөрөв. Гарын хурууны хээ уншигч, “Бүртгэлийн хуудас” хэвлэх
төхөөрөмж ажиллагаагүй болсон нөхцөлд гар ажиллагаанд шилжих
4.1. Энэ журмын 2.1.2-т заасны дагуу гарын хурууны хээ уншигч ажиллагаагүй болсон тохиолдолд хэсгийн хорооны гишүүн сонгогчийн иргэний үнэмлэхийн мэдээллийг цаасаар үйлдсэн сонгогчдын нэрийн жагсаалттай тулган нягталсны үндсэн дээр саналын хуудас өгч, гарын үсэг зуруулна.
4.2. “Бүртгэлийн хуудас” хэвлэх төхөөрөмж ажиллагаагүй болсон тохиолдолд улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан урьдчилан хэвлүүлж бэлтгэсэн “Бүртгэлийн хуудас”-ыг гараар бичиж, гарын үсгээ зурж сонгогчид өгнө.
Тав. Санал тоолох төхөөрөмж ажиллагаагүй болсон нөхцөлд
гар ажиллагаанд шилжих
5.1. Энэ журмын 2.1.3-т заасны дагуу санал тоолох төхөөрөмж, өндөр хурдны скайнер, түүний бүрдэл хэсэг ажиллагаагүй болсон нөхцөлд саналын хуудсыг хүлээн авч, саналын хуудсыг тоолж сонгуулийн дүнг гаргах ажиллагааг гар аргаар хийж гүйцэтгэнэ.
5.2. Гар ажиллагаанд шилжихэд юуны өмнө санал авах нөөц хайрцгийг сонгогчдод болон ажиглагчдад харуулан лацадсаны дараа саналын хуудсыг саналын хайрцагт хийлгэж сонгогчдын саналыг авах ажлыг зохион байгуулна.
5.3. Гар ажиллагаанд шилжин санал авч байх үед санал тоолох техник хэрэгсэл ажиллаж эхэлбэл санал тоолох техник хэрэгслийг дахин ачаалж гар ажиллагаанаас автоматжуулсан горимд шилжүүлнэ. Энэ тохиолдолд гар аргаар санал авсан саналын хайрцгийг лацдаж, түүнд байгаа саналын хуудсуудыг санал хураалт дууссаны дараа санал тоолох төхөөрөмжид хийж тоолуулна.
5.4. Санал тоолох төхөөрөмж сэргэн ажиллаагүй бол гар ажиллагаанд шилжиж санал авсан саналын хайрцагт байгаа саналын хуудсуудыг санал хураалт дууссаны дараа тусад нь гараар тоолж, гарсан дүнг санал тоолох төхөөрөмжийн санал тоолсон дүнгийн тайланд байгаа дүн дээр нэмнэ.
Зургаа. Сонгуулийн автоматжуулсан системд ашиглаж буй
программ хангамж ажиллагаагүй болсон нөхцөлд
гар ажиллагаанд шилжих
6.1. Энэ журмын 2.1.4-т заасны дагуу сонгуулийн автоматжуулсан системд ашиглаж буй тусгай программ хангамж доголдож ажиллахгүй болсон тохиолдолд дор дурдсаны дагуу гар ажиллагаанд шилжинэ:
6.1.1. сонгогчийг гарын хурууны хээгээр танин баталгаажуулж бүртгэх программ хангамж ажиллагаагүй болсон тохиолдолд энэ журмын 4.1-д заасны дагуу;
6.1.2.санал тоолох төхөөрөмжийн программ хангамж ажиллагаагүй болсон тохиолдолд энэ журмын 5.1, 5.2, 5.3, 5.4-т заасны дагуу.
Долоо. Сонгуулийн дүнг дамжуулах харилцаа, холбооны
суваг, техник хэрэгслийг ашиглах явцад гэмтэл, саатал
гарсан тохиолдолд гар ажиллагаанд шилжих
7.1. Энэ журмын 2.1.5-д заасны дагуу сонгуулийн дүнг дамжуулах харилцаа холбооны суваг, техник хэрэгсэлд гэмтэл, саатал гарсны улмаас дүнг дамжуулах боломжгүй болсон тохиолдолд ердийн телефон, гар утас, интернет ашиглан сонгуулийн дүнг амаар болон бусад хэлбэрээр урьдчилан мэдээлэх бөгөөд цаасан дээр үйлдсэн албан ёсны баримт бичгээр баталгаажуулан тамга тэмдэг дарж гарын үсэг зурж, хорооны дарга, нарийн бичгийн дарга нар биечлэн дээд шатны хороонд хүргэж, хүлээлгэн өгнө.
---оОо---