Сонгуулийн автоматжуулсан системийн аюулгүй ажиллагааг хангах журам №57
МОНГОЛ УЛСЫН
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ
ТОГТООЛ
2012 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хот
Дугаар 57
Сонгуулийн автоматжуулсан системийн аюулгүй
ажиллагааг хангах журам батлах тухай
Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3 дахь заалт, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос ТОГТООХ нь:
1. “Сонгуулийн автоматжуулсан системийн аюулгүй ажиллагааг хангах журам”-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэхүү журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирал /Ж.Эрдэнэбат/-д даалгасугай.
ДАРГА Н.ЛУВСАНЖАВ
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.СОДНОМЦЭРЭН
Сонгуулийн Ерөнхий Хорооны
2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн
57 дугаар тогтоолын хавсралт
СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙН
АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХАНГАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмаар сонгуулийн автоматжуулсан системийн аюулгүй ажиллагааг хангахтай холбогдсон харилцааг зохицуулна.
1.2. Сонгуулийн автоматжуулсан системийн аюулгүй ажиллагааг хамгаалалтын техник, зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх болон системийн ашиглалтын явцад хяналт тавих замаар хангана.
1.3. Сонгуулийн автоматжуулсан системийнмэдээллийн сан нь төрийн өмч байх бөгөөд энэхүү мэдээллийн сангийнөгөгдлийг нууцлал хангасан горимд цуглуулж, боловсруулж, хадгалж, дамжуулна.
1.4. Сонгуулийн автоматжуулсан системийн хүрээнд хийгдэж байгаа мэдээлэл боловсруулах, хадгалах, дамжуулах ажиллагаанд санамсаргүй болон санаатайгаар нөлөөлөх,зөвшөөрөлгүй этгээд хандах оролдлогоос хамгаална.
1.5. Сонгуулийн автоматжуулсан системийн аюулгүй байдлыг Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв, сонгуулийн хороодын бүрэлдэхүүн, сонгуулийн хороодын дэргэд ажиллах мэдээллийн технологийн баг, даамал, Тагнуулын ерөнхий газар, цагдаагийн болон холбогдох бусад этгээд хууль тогтоомжид заасан тус тусын бүрэн эрхийн хүрээнд хариуцна.
Хоёр. Сонгуулийн автоматжуулсан системийн
техник хэрэгслийн аюулгүй байдлыг хангах
2.1. Сонгуулийн автоматжуулсан системийн үйл ажиллагаанд ашиглах техник хэрэгслийн аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээг дараах байдлаар хэрэгжүүлнэ:
2.1.1. сонгуулийн автоматжуулсан системийн иж бүрдэлд орсон техник хэрэгслийг шаардлага хангасан зориулалтын байранд хадгалах;
2.1.2. сонгуулийн автоматжуулсан системийн иж бүрдэлд орсон техник хэрэгслийг хадгалах байрыг хамгаалалтад авах;
2.1.3. Сонгуулийн автоматжуулсан системийн програм хангамж, мэдээллийн санд нэвтрэх код, мэдээлэл дамжуулах сүлжээний нууцлал, аюулгүй байдлыг хангах;
2.1.4. Сонгуулийн автоматжуулсан системийн иж бүрдэлд орсон техник хэрэгслийг сонгуулийн хороодын хооронд зөөвөрлөхдөө цагдаагийн болон тагнуулын байгууллагын хамгаалалтын дор гүйцэтгэх;
2.1.5. Өгөгдөл дамжуулах сүлжээнд холбогдоогүй хэсгийн хороо Мэдээллийн технологийн төвийн тогтоосон газарт очиж мэдээлэл дамжуулах зорилгоор техник хэрэгслийг зөөвөрлөх, өгөгдлийг дамжуулахдаа энэ журмын 2.1.4-т заасан хамгаалалтын дор гүйцэтгэх.
2.2. Сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгслийг дараах шаардлагыг хангасан зориулалтын байранд хадгална:
2.2.1. хаалга, цонх нь бөх бат, битүүмжлэл сайтай байх;
2.2.2. хаалга найдвартай түгжээтэй байх;
2.2.3. хяналтын камерийн системтэй байх;
2.2.4. гал, усны аюулаас хамгаалсан байх;
2.2.5. төрийн хамгаалалтад авах;
2.3. Сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгслийг сонгуулийн үеэр холбогдох сонгуулийн хороод доорх шаардлагыг хангасан байранд хадгална:
2.3.1. хаалга, цонх нь бөх бат, битүүмжлэл сайтай байх;
2.3.2. хаалга найдвартай түгжээтэй байх;
2.3.3. гал, усны аюулаас хамгаалсан байх;
2.3.4. цагдаагийн хамгаалалтанд авах.
2.4. Энэ журмын 2.2-т заасан байранд Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга болон гишүүд, ажилтнууд, Мэдээллийн технологийн төвийн ажилтнууд нэвтрэх эрхтэй.
2.5. Энэ журмын 2.4-т зааснаас бусад этгээд энэ журмын 2.2-т заасан байранд нэвтрэх тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлаас зөвшөөрөл авсан байна.
2.6. Энэ журмын 2.3-т заасан байранд сонгуулийн хороодын гишүүд, мэдээллийн технологийн багийн гишүүд, даамал нь албан ажлын шаардлагаар нэвтрэх эрхтэй.
2.7. Энэ журмын 2.6-д зааснаас бусад этгээд энэ журмын 2.3-т заасан байранд нэвтрэх тохиолдолд тухайн сонгуулийн хорооны даргаас зөвшөөрөл авсан байна.
2.8. Энэ журмын 2.2, 2.3-т заасан агуулах байрыг Мэдээллийн технологийн төвийн ажилтнууд болон холбогдох сонгуулийн хорооны мэдээллийн технологийн багийн гишүүдийн дотроос тухайлан хариуцсан хүн, хэсгийн хорооны даамал тус тус хариуцна.
2.9. Сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгслийг хадгалах байранд нэвтрэх зөвшөөрөлтэй этгээд нэвтрэхдээ агуулах байрыг хариуцсан ажилтны хамт нэвтэрнэ. Уг ажилтан нь дотогш нэвтрэхдээ лацны бүрэн бүтэн байдлыг шалгаж, байрнаас гарахдаа хаалгыг лацдаж хамгаалалтын ажилтанд хүлээлгэн өгнө.
2.10. Хэрэв нэвтрэх хаалганы лац хөндөгдсөн бол зохих шатны сонгуулийн хороонд нэн даруй мэдэгдэж, энэ тухай тэмдэглэл хөтөлнө.
2.11. Агуулах байранд нэвтэрсэн хүмүүсийн бүртгэлийг хамгаалалтын ажилтан тусгай дэвтэрт хөтлөх бөгөөд бүртгэлд агуулах байранд нэвтэрсэн хүний нэр, албан тушаал, уг байранд нэвтрэх зорилго, нэвтэрсэн огноо, цаг, минут, нэвтрэх зөвшөөрөл олгосон хүний нэр, агуулах байрнаас гарсан хугацаа зэрэг бүхий л мэдээллийг тодорхой бичнэ.
2.12. Техник, хэрэгсэлд баталгаажуулах шалгалт хийн хүлээж авсан болон тухайн сонгуулийн хороонд хүлээн авсан баримт, техник хэрэгслийн гэрчилгээ зэрэг уг техник хэрэгсэлтэй холбоотой баримт бичгийг агуулах байранд техник хэрэгслийн хамт хадгална.
2.13. Техник хэрэгслийн гэрчилгээ, баримт бичиг, санал тоолох төхөөрөмжийг ажиллуулах түлхүүр зэргийг техник хэрэгслийг хариуцсан ажилтан сейфэнд хадгалж, тэдгээрийн бүртгэлийг хөтөлнө.
2.14. Техник хэрэгслийг агуулах байранд нэвтрэх эрх бүхий этгээдүүдээс бусад этгээд зөвшөөрөлгүйгээр нэвтрэхийг хориглоно.
2.15. Техник хэрэгсэлтэй байранд ажиллаж буй этгээдүүд байрнаас түр гарах үедээ техник хэрэгслийг эзэнгүй орхихгүй, код, түлхүүрийг ил орхихгүй байх, ажлаа дуусгаад зориулалтын сейфэнд цоожлон лацдаж, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
2.16. Сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгсэлтэй байранд цэвэрлэгээ болон бусад үйлчилгээ хийх этгээд ажлын цагаар гүйцэтгэнэ.
2.17. Сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгслийг зөөвөрлөж сонгуулийн хороодод хүргэх, буцаан төвлөрүүлэхдээ тэмдэглэл үйлдэж хүлээлцэнэ.
Гурав. Сонгуулийн автоматжуулсан системийн програм хангамж, мэдээллийн сан, өгөгдөл дамжуулах орчны аюулгүй байдлыг хангах
3.1. Сонгуулийн автоматжуулсан системийн програм хангамжийг боловсруулж буй гүйцэтгэгчтэй нууцлалын гэрээ байгуулж, гэрээгээр зөвшөөрснөөс бусад этгээдэд эх кодыг өгөхийг хориглоно.
3.2. Сонгуулийн автоматжуулсан системд хэрэглэгдэх үйлдлийн системд нэвтрэх код, програм хангамж, мэдээллийн санд нэвтрэх код, тусгай түлхүүрийн нэг хувийг тэдгээрийг ашиглах эрх бүхий этгээдэд нууцын баталгаа гаргуулан хадгалуулна. Дээрх код, тусгай түлхүүрийг гээгдүүлсэн, бусдад алдсан, кодыг буруу оруулснаас болж түгжигдсэн зэрэг шалтгаанаар код, тусгай түлхүүр хүчингүй болсон тохиолдолд Мэдээллийн технологийн төвд нэн даруй мэдэгдэн хүсэлт гаргаж, дахин авч болно. Энэ тохиолдолд тэмдэглэл үйлдэнэ.
3.3. Код, түлхүүрийг солих шаардлага, нөхцөл байдал үүссэн тохиолдолд тэдгээрийг солих, шинээр өгөх ажлыг Мэдээллийн технологийн төвөөс өгсөн зааварчилгааны дагуу гүйцэтгэнэ.
3.4. Өгөгдөл дамжуулах болон мэдээлэл солилцох ажиллагааны аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангахуйц сүлжээний нөөц шугамтай байна.
3.5. Өгөгдөл дамжуулах үйл явцад оролцох байгууллагууд нь тус тусын хариуцах өгөгдөл дамжуулах орчны аюулгүй байдлыг тухайн байгууллагуудтай байгуулсан хамтран ажиллах гэрээнд заасны дагуу ханган ажиллах үүрэгтэй.
/Энэ журамд Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 153 дугаар тогтоолоор орсон нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгав./
---оОо---