Сонгуулийн автоматжуулсан системийн мэдээллийн сангийн мэдээлэл, түүнтэй холбогдох бусад мэдээллийг нууцлах, нууцалсан мэдээлэлтэй харьцах журам №33



МОНГОЛ УЛСЫН

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ

ТОГТООЛ

 

 

2012 оны 4 дүгээр                                                                                                  Улаанбаатар

сарын 30-ны  өдөр                                 Дугаар 33                                                   хот

 

 

 

 

Сонгуулийн автоматжуулсан системийн мэдээллийн

сангийн мэдээлэл, түүнтэй холбогдох бусад мэдээллийг

нууцлах, нууцалсан мэдээлэлтэй харьцах журам

батлах тухай

 

            Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Сонгуулийн Ерөнхий Хорооноос ТОГТООХ нь:

1. “Сонгуулийн автоматжуулсан системийн мэдээллийн сангийн мэдээлэл, түүнтэй холбогдох бусад мэдээллийг нууцлах, нууцалсан мэдээлэлтэй харьцах журам”-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэ журмыг хэрэгжүүлж ажиллахыг сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нарт тус тус даалгасугай.

 

 

ДАРГА                                                                      Н.ЛУВСАНЖАВ

 

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                                                                                                                                                                                Ч.СОДНОМЦЭРЭН

 

 

 

                                                                              Сонгуулийн Ерөнхий Хорооны    

                                                                      2012 оны 4 дүгээр сарын 30-ныөдрийн

                                                                            33 дугаар тогтоолын хавсралт    

 

 

 

СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН МЭДЭЭЛЭЛ, ТҮҮНТЭЙ ХОЛБОГДОХ БУСАД МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЛАХ,

НУУЦАЛСАН МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРЬЦАХ ЖУРАМ

 

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

            1.1. Энэ журам нь Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт заасны дагуу сонгуулийн автоматжуулсан системийн мэдээллийн сан, түүнтэй холбогдох бусад мэдээллийг нууцлах, нууцалсан мэдээлэлтэй харьцах ажиллагааг зохицуулна.

 

            1.2. Төрийн нууцын тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай, Байгууллагын нууцын тухай, Хувь хүний нууцын тухай хуулиуд, сонгуулийн болон бусад холбогдох хууль тогтоомжид нууцлахаар заасан мэдээллийг болон сонгуулийн автоматжуулсан системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хаалттай байлгах мэдээллийг нууцлах арга хэмжээ авна.

 

            1.3. Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн автоматжуулсан системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор дараах мэдээллүүд хаалттай байлгана:

            1.3.1. цахим мэдээллийн санд нэвтрэх код;

            1.3.2. санал тоолох төхөөрөмжийг нээх, хаах үед ашиглах код;

            1.3.3. санал тоолох төхөөрөмжийн үр дүнг тэглэх код;

1.3.4. санал тоолох төхөөрөмжийн программын эх код;

            1.3.5. санал хураалтын үр дүнг нэгтгэх программын эх код;

            1.3.6. цахим гарын үсгийн түлхүүр.

 

 

Хоёр. Мэдээллийг нууцлах арга хэмжээ

 

            2.1. Энэ журмын 1.3-т заасан мэдээллийг дор дурьдсан арга хэлбэрээр нууцална: 

                        2.1.1. мэдээлэлд нэвтрэх түлхүүр, кодыг ашиглах;

                        2.1.2. мэдээллийг хувирган кодлох;

                        2.1.3. цаасан хэлбэрээр хувилсан мэдээлэлд нууцын тэмдэг дарах;

                        2.1.4. нууцалсан мэдээлэлтэй харьцсан этгээдээр нууцыг хадгалах баталгаа гаргуулах.

 

            2.2. Мэдээллийг нууцлах технологийг Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгслийг нийлүүлэгч, мэдээллийг дамжуулах программ хангамжийг боловсруулж нийлүүлэх үйлчилгээг үзүүлж буй холбогдох компаниудтай зөвшилцөн тодорхойлно.

 

            2.3. Мэдээллийг нууцлах ажиллагааг хэсгийн хорооны дэргэд ажиллах мэдээллийн технологийн даамал, холбогдох сонгуулийн хорооны дэргэд ажиллах мэдээллийн технологийн баг, Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв нь ажил, үйлчилгээг гүйцэтгэж буй компаниудтай хамтран хэрэгжүүлнэ.

 

            2.4. Энэхүү журмын хэрэгжилтэд Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв болон сонгуулийн бүх шатны хороодын хяналтын хэсгүүд хяналт тавина.

 

 

Гурав. Сонгуулийн автоматжуулсан системийн мэдээллийн сангийн

         нууцалсан мэдээлэлтэй харьцах

 

            3.1. Сонгуулийн бүх шатны хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн, ажилтан болон сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалтыг хариуцаж техник хэрэгслийг ажиллуулж байгаа ажилтан тус тусын бүрэн эрх, албаны үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай бол сонгуулийн автоматжуулсан системийн мэдээллийн сангийн нууцалсан мэдээлэлтэй харьцана.

 

            3.2. Энэ журмын 3.1-д заасан этгээдүүд нууцалсан мэдээлэлтэй харьцсан тухай бүртгэлийг тухайн техник хэрэгслийн бүрдлийг хариуцан ажиллаж буй мэдээллийн технологийн даамал болон мэдээллийн технологийн багийн үүрэг хүлээсэн ажилтан хөтөлнө.

 

            3.3. Сонгуулийн автоматжуулсан системийн мэдээллийн сангийн нууцалсан мэдээлэлтэй харьцахдаа энэхүү журам болон Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасан журмыг баримтална.

 

            3.4. Сонгуулийн зохих шатны хорооны албан хэрэгцээнд болон Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т заасан албан тушаалтанд сонгуулийн автоматжуулсан системийн мэдээллийн сангаас хуулиар тогтоосон нууц мэдээллийг цаасан хэлбэрээр өгөхдөө “нууц” тэмдэг дарж олгоно.

 

            3.5. Энэ журмын 3.1-д заасан этгээдүүд дор дурдсан үүрэг хүлээнэ:

                        3.5.1. нууцалсан мэдээллийг зөвхөн өөрийн ажил үүргийн хуваарийн дагуу албан ажлын хэрэгцээнд ашиглах;

                        3.5.2. албан ажлын шаардлагаар харьцсан нууцалсан мэдээллийн талаар тэдгээртэй танилцах эрхгүй этгээдүүдэд мэдээлж, задруулахгүй байх;

                        3.5.3. нууцалсан мэдээлэлтэй цаасан материал, мэдээлэл хадгалж, зөөх зориулалттай техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах;

                        3.5.4. цахим болон цаасан дээрх нууцалсан мэдээллийг ажлын хэрэгцээнээс илүү хувилахгүй байх;

                        3.5.5. нууцалсан мэдээлэл бүхий техник хэрэгслийг асаалттай нь буюу ажлын горимд нь орхиж явахгүй байх;

                        3.5.6. ажлын шаардлагаар хэрэглэж буй нууцалсан мэдээллийг бусад этгээд үзэж танилцахаас сэргийлэх;

                        3.5.7. нууцалсан мэдээлэл зөөгчийг ажлын байрнаас дур мэдэн авч гарахгүй байх;

                        3.5.8. нууцалсан мэдээллийг шаардаж авах эрх бүхий этгээд нь мэдээллийн нууцыг хадгалж, зөвхөн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд ашиглах.

           

            3.6. Сонгуулийн автоматжуулсан системийн мэдээллийн сангийн аюулгүй байдлыг хамгаалахтай холбогдсон харилцааг Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-т заасан журмаар зохицуулна.

 

/Энэ журамд Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 153, 2013 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 28 дугаар тогтоолоор орсон нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгав./

 

---оОо---