Хяналтын хэсгийн ажиллах журам №28
МОНГОЛ УЛСЫН
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ
ТОГТООЛ
2012 оны 4 дүгээр Улаанбаатар
сарын 20-ны өдөр Дугаар 28 хот
Хяналтын хэсгийн ажиллах журам
батлах тухай
Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1 дэх заалт, 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос ТОГТООХ нь:
1. “Хяналтын хэсгийн ажиллах журам”-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэ журмыг хэрэгжүүлж ажиллахыг сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нарт тус тус даалгасугай.
ДАРГА Н.ЛУВСАНЖАВ
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.СОДНОМЦЭРЭН
Сонгуулийн Ерөнхий Хорооны
2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн
28 дугаар тогтоолын хавсралт
ХЯНАЛТЫН ХЭСГИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмаар Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу сонгууль зохион байгуулахад сонгуулийн автоматжуулсан систем, түүний иж бүрдлийг ашиглах явцад тухайн сонгуулийн хорооноос холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, зааврын биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий Хяналтын хэсгийг /цаашид “Хяналтын хэсэг” гэх/ сонгуулийн бүх шатны хороодоос байгуулах, Хяналтын хэсгээс хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулахтай холбогдсон харилцааг зохицуулна.
1.2. Хяналтын хэсгийг Сонгуулийн Ерөнхий Хороонд 3 гишүүний, сонгуулийн тойргийн хороо, салбар хороо, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд 5 гишүүний, сонгуулийн хэсгийн хороонд 3 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр тухайн сонгуулийн хорооны гишүүдийн дотроос томилно.
1.3. Шаардлагатай бол Хяналтын хэсэг Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.8-д заасны дагуу мэдээллийн технологийн мэдлэг мэргэжил бүхий хүмүүсийг Хяналтын хэсгийн ажилд татан оролцуулж болно.
1.4. Хяналтын хэсгийн бүрэлдэхүүнийг тухайн шатны сонгуулийн хороо батална.
1.5. Хяналтын хэсэг нь үйл ажиллагаандаа холбогдох сонгуулийн хууль тогтоомжийг баримталж ажиллана.
Хоёр. Хяналтын хэсгийн үйл ажиллагаа
2.1. Хяналтын хэсэг дараах эрх эдэлнэ:
2.1.1. сонгуулийн автоматжуулсан системийн техник, хэрэгсэл, тоног төхөөрөмж, автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийн ашиглалтын бэлэн байдлыг шалгах;
2.1.2. сонгуулийн автоматжуулсан системийг ашиглахтай холбогдуулан сонгуулийн хууль болон Сонгуулийн Ерөнхий Хороо, Мэдээллийн технологийн төвөөс баталсан журам, зааврыг нэг мөр дагаж мөрдөж байгаа эсэхийг хянах;
2.1.3. хяналт шалгалтын чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор сонгуулийн автоматжуулсан системд орсон, түүнээс гаргасан, зохих сонгуулийн хороонд дамжуулсан аливаа мэдээлэл, баримт бичигтэй танилцах;
2.1.4. сонгуулийн хороодоос сонгуулийн тоо баримтын талаарх мэдээллийг сонгуулийн автоматжуулсан системд үнэн зөв орсон эсэх, мэдээлэлд зохих сонгуулийн хорооны шийдвэрээр засвар, нэмэлт, өөрчлөлт хийсэн бол түүнийг үнэн зөв орсон эсэхийг хянах;
2.1.5. Сонгуулийн Ерөнхий Хороо болон холбогдох сонгуулийн хороод нь доод шатны хороодоос ирүүлсэн санал тоолох төхөөрөмжийн дүнг нэгтгэхдээ мэдээллийг гараар болон автоматжуулсан хэлбэрээр боловсруулсан дүнг харьцуулах;
2.1.6. тухайн сонгуулийн хороонд автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг хариуцан ажиллаж байгаа албан тушаалтан, мэдээллийн технологийн даамал, бусад ажилтнаас тайлбар гаргуулан авах;
2.1.7. сонгуулийн автоматжуулсан системийг ашиглан мэдээллийн ажиллагаа явуулахад энэ тухай тэмдэглэл үйлдэх, бүртгэл хөтлөх, мэдээллийг цахим төхөөрөмжөөр хэвлэн баталгаажуулах, цахим гарын үсэг зурах зэрэг хууль журамд заасан үйлдлийг заавал хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавих;
2.1.8. хяналт шалгалтын ажилд зохих эрх бүхий шинжээч, мэргэжилтнийг татан оролцуулах асуудлыг тухайн сонгуулийн хороонд тавих;
2.1.9. сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах журам, зааврыг мөрдөж ажиллах талаар холбогдох албан тушаалтан, ажилтанд шаардлага тавих.
2.2. Хяналтын хэсгийн дарга хяналтын хэсгийн ажлыг зохион байгуулах бөгөөд ажил үүргийн хуваарийн дагуу нэг гишүүн хуралдааны тэмдэглэлийг хөтөлнө.
2.3. Сонгуулийн автоматжуулсан системийг ашиглаж байгаа ажилтны хууль бус үйлдэл, эс үйлдэхүй, зөрчлийг илрүүлсэн тохиолдолд Хяналтын хэсэг энэ тухай үндэслэл, нотолгоо бүхий тэмдэглэл үйлдэж, холбогдох этгээдээр гарын үсэг зуруулсны үндсэн дээр зохих шатны сонгуулийн хорооны даргад нэн даруй танилцуулж, зөрчлийг арилгах саналаа тухайн сонгуулийн хорооны хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ.
2.4. Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчилд холбогдох этгээд шалгалтын тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзсан нь Хяналтын хэсэг уг асуудлыг сонгуулийн хорооны хуралдаанд оруулж хэлэлцүүлэхэд саад болохгүй.
2.5. Хяналтын хэсгийн хяналт шалгалтын дүнг тухайн сонгуулийн хорооны хуралдаанаар хэлэлцэж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах арга хэмжээг шуурхай шийдвэрлэж, сонгуулийн хууль тогтоомжид заасны дагуу гэм буруутай этгээдэд зохих хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авна.
2.6. Хяналтын хэсгийн хяналт шалгалтын материалыг тухайн сонгуулийн хорооны албан хэрэгт авч хадгална.
/Энэ журамд Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 153, 2013 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 28 дугаар тогтоолоор орсон нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгав./
---оОо---