Түгээмэл асуултууд

imageИргэн таны сонгуулийн боловсролд цуврал

 

 

БИД ХЭНИЙГ СОНГОДОГ ВЭ? ТЭД ЮУ ХИЙДЭГ ВЭ? 

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг,   нийслэл,  сум,  дүүрэгт   тухайн  нутаг  дэвсгэрийн   иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд Иргэдийн нийтийн хурал байдаг. Манай улсад 21 аймгийн 771, нийслэлийн 45, 330 сумын 7062, 9 дүүргийн 291 мандатад нийт 8169 төлөөлөгч сонгогджээ. Баг, хорооны иргэдийн  Нийтийн   Хурлын  Зөвлөлд  8000   гаруй  хүн  сонгогдон ажиллаж байна. Тойргийнхоо  иргэдийн   итгэлийг  хүлээж  Хурлын   төлөөлөгчөөр  сонгогдсон төлөөлөгч нь орон нутгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлогыг тодорхойлж, хэрэгжилтийг  хянах,   иргэдийн  ая  тухтай   амьдрах  нөхцлийг бүрдүүлэх  ажлыг   зохион  байгуулахад  оролцох   үүрэгтэй. ИТХ-ын төлөөлөгч нь: 

  • Асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох; 
  • Хурлын хороонд харъяалагдах;
  • Хэлэлцэж байгаа асуудлаар асуулт асууж, хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал хураалгах;
  • Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах;
  • Хурлаас байгуулсан байгууллага, сонгосон буюу томилсон албан тушаалтны илтгэл, сонсголыг хэлэлцэх, санал гаргах; 
  • Хурлын шийдвэрийг сонгогчдод тайлбарлан таниулах; 
  • Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нутаг дэвсгэрийн нийгэм, эдийн засгийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан Засаг даргад асуулт, асуулга тавих; 
  • Сонгогчидтой байнга холбоотой ажиллан өргөдөл, санал, гомдлыг нь шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжилж,  хариуг хуульд заасан хугацаанд авах;
  • Үйл ажиллагаагаа жилд 1 удаа сонгогчдод тайлагнах;
  • Нийтийн сонсгол явуулах хүсэлт гаргах. 

ИТХ-ын нэгдсэн цахим хуудас http://khural.mn/ -аас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. 

 

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД

  • Орон нутгийн нөхөн сонгуулийн тов гарчээ. Хэдэн аймаг, суманд зохион байгуулах вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
  • Сонгуулийн ерөнхий хорооноос хуульд заасан чиг үүргийнхээ дагуу 2023 онд явагдах орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийн судалгааг 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс авсан. Өнөө жил 17 аймгийн 33 сум, нийслэлийн 2 дүүрэгт нөхөн сонгууль явагдана. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа зургадугаар 18-ны ням гарагт Улаанбаатарын цагаар өглөө 07:00 цагт эхэлж, 20:00 цаг хүртэл үргэлжилнэ. 
  • Энэ удаагийн нөхөн сонгуульд нэр дэвшигчийн бүртгэл хэзээ эхлэх вэ?  
  • Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг сонгох нөхөн сонгуулийн 47 мандатын 44 нь сум, дүүргийн ИТХ-ын, 3 нь аймгийн ИТХ-ын  төлөөлөгчийн орон гарсан суудал нөхөх зорилготой. Нэр дэвшүүлэх ажиллагаа үндсэндээ санал авах өдрөөс 45 хоногийн өмнө буюу 2023 оны тавдугаар сарын 04-нөөс эхэлж, долоо хоногийн хугацаанд дуусна. Нэр дэвшүүлсэн нам, эвсэл, бие даан нэр дэвшигч нь нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш гурав хоногт (2023.05.13-ны дотор) багтаан баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлэх хуультай. Орон нутгийн Хурлын сонгуульд 18 нас хүрсэн, тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй байдаг.
  • Орон нутгийн Хурлын нөхөн сонгуулийг улс даяар нэгдсэн журмаар явуулна гэл үү? Тэгэхээр манай хороонд ч бас нөхөн сонгуультай гэсэн үг үү? 
  • Орон нутгийн Хурлын сонгуулийг тухайн аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, сум, дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд сум, дүүргийн сонгуулийн хороо, сонгуулийн хэсэгт хэсгийн хороо зохион байгуулж явуулдаг онцлогтой. Хэсэгчилсэн байдлаар явагдана гэсэн үг.  
  • Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ яаж шалгах вэ? 
  • УБЕГ-ын цахим хуудаст сонгогчдын нэрийн жагсаалтыг байршуулсан байдаг. https://election.burtgel.gov.mn/
  • Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хаанаас олж үзэх вэ? 
  • Үндэсний аудитын газрын цахим хуудас буюу www.audit.mn цахим хуудсаас үзэх боломжтой.