Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2023 оны нөхөн сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигчдэд
СОНГУУЛИЙН ЗАРДАЛ, ТАЙЛАН ГАРГАХ ТУХАЙ
1.Сонгуулийн зардлын данс:
1.1.Нам, эвсэл тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгтээ сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна.
1.2.Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ.
1.3.Нам, эвсэл болон нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө буюу 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй.
2.Сонгуулийн зардлын данснаас зарлага гаргах:
2.1.Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн өдрөөс эхэлж, сонгуулийн зардлын тайлан гаргах өдрийг дуусах хүртэл хугацаанд хуулийн 38.2-т заасан арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах зориулалтаар сонгуулийн зардлын данснаас дансанд шилжүүлэх хэлбэрээр зарлага гаргаж болно.
3.Сонгуулийн зардлын тайлан
3.1.Сонгуулийн зардлын тайланд орлого ба зарлагын мэдээллийг бүрэн тусгана.
3.2.Сонгуулийн зардлын тайлан нь мөнгөн ба мөнгөн бус хөрөнгийн санхүүгийн тайлан байна.
3.3.Зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ.
3.3.1.Нам, эвсэл нь санал авах өдрөөс хойш 45 хоногт /2023.08.02-ны дотор/
3.3.2.Нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт /2023.7.18-ны дотор/
4.Зардлын тайланг дараах үзүүлэлтээр гаргана:
1.сонгуулийн зардлын дансанд орсон орлогын нийт хэмжээг хуулийн 48.2-т заасан хөрөнгийн эх үүсвэр болон гүйлгээ тус бүрээр;
2.хандивлагч иргэн, хуулийн этгээдийн хуулийн 53.4-т заасан мэдээлэл болон хандивын хэмжээ, хэлбэр;
3.зарлагын ангилал, гүйцэтгэл, гэрээний хамт;
4.үлдэгдлийн хэмжээ, байршил;
5.сонгуулийн зардлын данснаас зарлага гаргаж эхлэхийн өмнөх мөнгөн хөрөнгийн хэмжээ.
АНХААРАХ:Зөрчлийн тухай хуулиас:
17.1 дүгээр зүйл. Сонгуулийн хууль зөрчих
21.Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
22.Хуульд заасан хэмжээнээс хэтрүүлж нам, эвсэлд, эсхүл нэр дэвшигчид хандив өгсөн, эсхүл тухайн намын нэгдэн орсон эвсэлд давхардуулан хандив өгсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
23.Хандив өгөхийг хориглосон этгээдээс өгсөн хандивыг буцаан шилжүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
24.Мөнгөн бус хандив өгөх талаар хуулиар тогтоосон журмыг зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
25.Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
СОНГУУЛИЙН ХОРОО