НЭР ДЭВШИГЧИЙН БҮРТГЭЛ

Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх:

Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага нь Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, орон нутгийн Хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө буюу 2023 оны 04 дүгээр сарын 19-нөөс өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ.  

Нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах:

Тухайн шатны сонгуулийн хороо сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.

Нэр дэвшүүлэх ажиллагаа: (2023 оны 05 дугаар сарын 04-нөөс 2023 оны 05 дугаар сарын 10-ныг дуустал)

  • Орон нутгийн Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.
  • Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.

Нэр дэвшигчдийн баримт бичгийг ирүүлэх:

  • Нэр дэвшүүлсэн нам, эвсэл хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа  дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан (2023 оны 05 дугаар сарын 13-ны дотор) баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ.
  • Бие даан нэр дэвшигч нь хуульд заасан бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан (2023 оны 05 дугаар сарын 13-ны дотор) баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ.

Нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх: Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана.

Нэр дэвшигчийн үнэмлэх олгох, нийтэд мэдээлэх: Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нэгэн зэрэг олгож, нийтэд мэдээлдэг хуулийн зохицуулалттай.