СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААТАЙ ХОЛБООТОЙ ЗАРИМ ЗОХИЦУУЛАЛТ
Орон нутгийн Хурлын сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсоох хуулийн зохицуулалттай. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд сонгуулийн сурталчилгааг дараах арга, хэлбэрээр явуулахыг зөвшөөрсөн байдаг. Үүнд:
1.Сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах;
2.Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах;
3.Хуульд өөрөөр заагаагүй бол намын далбааг гудамж талбайд байрлуулах, таних тэмдэг, уриа ашиглах;
4.Сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх;
5.Ухуулах байр ажиллуулах;
6.Радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах;
7.Цахим орчин ашиглах;
8.Өдөр тутмын болон бусад сонин, сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийтлүүлэх юм.
Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материал хэвлүүлэх, тараах, хүргэх
Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг дараах хэлбэр, хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр сонгогчдод тараах эрхтэй. Үүнд:
1.Гурван хэвлэлийн хуудас сонин;
2.Гурван хэвлэлийн хуудас сэтгүүл;
3.Нэг хэвлэлийн хуудас ухуулах хуудас.
Ухуулах хуудас болон зурагт самбар байрлуулах байршлыг тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тогтоож, нийтэд мэдээлнэ. Байршлыг тогтоохдоо аливаа нам, эвсэл, нэр дэвшигчийн нэр заахыг хориглодог. Тогтоосон байршлаас өөр газарт зурагт самбар, ухуулах хуудас байршуулах хориотой.
Харин сонгуулийн сурталчилгаанд ашиглах зурагт самбар, дэлгэцийн хувьд нэг хэсэгт 10-аас илүүгүй тооны, хоёр хэвлэлийн хуудаснаас илүүгүй хэмжээтэй, тогтоосон байршилд түр хугацаагаар, үнэ төлбөргүй байрлуулах боломжтой. Бизнесийн зорилгоор байнга ашиглагддаг сурталчилгааны самбар, дэлгэц, түүний орон зайг сонгуулийн сурталчилгаанд ашигладаггүй.
Сурталчилгааны хугацаанд нам, эвсэл, нэр дэвшигчийн зурагт болон ухуулах хуудас, зурагт самбар, дэлгэцийг гэмтээх, устгахыг хориглодог.
Сонгуулийн уулзалт, хурал, цуглаан хийхэд зориулж, өөрийн эзэмшиж байгаа соёлын төв, биеийн тамирын болон хурлын заал, бусад байр, танхимыг үнэ төлбөргүй ашиглуулахыг төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, шүүх, прокурор, тагнуул, цагдаа, онцгой байдлын болон эмнэлгийн байгууллагаас бусад төрийн болон орон нутгийн өмчийн 51 хувь ба түүнээс дээш оролцоотой хуулийн этгээд, албан тушаалтанд үүрэг болгосон байдаг.
Ухуулах байр ажиллуулах
Нэр дэвшигч сонгуулийн хэсэг бүрд хоёроос илүүгүй ухуулах байр ажиллуулах боломжтой. Ингэхдээ нэг нам, эвслээс нэр дэвшигчид хамтран үйл ажиллагаа явуулахыг хуулиар зөвшөөрдөг.
Сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз ашиглах
Радио, телевиз нь сонгогчдын боловсролд зориулсан мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг, хөтөлбөр бэлтгэж түгээх үүрэгтэй байдаг.
Олон нийтийн радио, телевиз сурталчилгааны нэвтрүүлгийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос тогтоосон хуваарь, цагийн дагуу үнэ төлбөргүйгээр нэвтрүүлнэ. Радио, телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар гарсан мэдээ нь сурталчилгааны нэвтрүүлгийн хугацаанд хамаарахгүй хэдий ч хоногт 5 минутаас илүү хэмжээтэй мэдээ цацахыг хориглодог.
Сурталчилгаа явуулсан хэвлэл мэдээллийн байгууллага нь сурталчилгаа дууссанаас хойш 10 хоногийн дотор тайлангаа нийтэд мэдээлэх үүрэгтэй бол ХХЗХ сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цаг, нэвтрүүлэх зөвшөөрөл олгосон радио, телевизийн жагсаалтыг сонгуульд оролцогч нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид хүргүүлж, цахим хуудастаа байршуулан нийтэд мэдээлдэг.
Сонгуулийн сурталчилгаанд цахим орчин ашиглах
Сонгуулийн сурталчилгаанд дараах хэлбэрийн цахим хуудас ашиглаж болно гэж хуульчилсан байдаг. Үүнд:
1.Нам, эвслийн болон нэр дэвшигчийн өөрийн тус бүр нэг цахим хуудас;
2.Цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудас;
3.Бусад цахим хуудас.
Нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаанд ашиглах цахим хуудсыг нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлэх үүрэгтэй. Цахим хуудас ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулахдаа сэтгэгдэл бичигдэхгүй тохиргоотойгоор нийтлэх ёстой. Бүртгүүлээгүй цахим хуудсыг сурталчилгаанд ашиглах, бусдын нэр болон хуурамч хаяг ашиглахыг хуулиар хориглодог.
Хууль бус сурталчилгааг хориглох
Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд сонгуулийн сурталчилгаа хийх, сонгогчдын саналыг татах зорилгоор болон дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Үүнд:
1.Мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үзүүлэх;
2.Нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх;
3.Сонгогчийг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах;
4.Ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх;
5.Хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах;
6.Сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах;
7.Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэх.