ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН САНАЛЫН ХАЙРЦГААР САНАЛ АВАХ АЖИЛЛАГАА

 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуулийн санал авах өдрийн өмнөх өдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 17-ны бямба гарагт Улаанбаатарын цагаар өглөө 09:00-20:00 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагаа явагдана. 

Дараах сонгогчийг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөхийг хуулиар зөвшөөрсөн байдаг. Үүнд: 

  • Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч;
  • Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч;
  • Зөрчлийн улмаас саатуулагдсан, баривчлагдсан сонгогч;
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогч.

Сонгогчийн хүсэлт, эмнэлгийн магадалгаа, эсвэл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авдаг. 

 

Эрүүл мэндийн байдлын улмаас зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогч өөрийн эрүүл мэндийн талаарх харьяа өрхийн эмчийн магадалгаа, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн хамт санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө буюу 2023 оны 06 дугаар сарын 15-наас өмнө хэсгийн хороонд хүргүүлнэ. Хэрвээ уг сонгогч асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй бол харьяа баг, хорооны Засаг дарга түүний хүсэлт, мэдээллийг холбогдох хэсгийн хороонд хүргүүлэх үүрэгтэй. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтад ороогүй сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авахыг хориглодог. 

 

АЙМГИЙН ИТХ-ЫН НӨХӨН СОНГУУЛЬ2023 оны 06-р сарын 17, 18-нд

  • Баянхонгор аймгийн Богд сум
  • Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум
  • Өвөрхангай аймгийн Арвайхээр сум

 

СУМЫН ИТХ-ЫН НӨХӨН СОНГУУЛЬ-  2023 оны 06-р сарын 17, 18-нд: 

  • Архангай аймгийн Ихтамир сум
  • Баян-Өлгийн Буянт сум
  • Баянхонгор аймгийн Баянговь, Баян-Овоо, Богд, Заг сум
  • Булган аймгийн Хангал сум
  • Говьсүмбэр аймгийн Шивээговь сум
  • Дорноговь аймгийн Айраг, Эрдэнэ сум
  • Дорнод аймгийн Чойбалсан сум 
  • Дундговь аймгийн Адаацаг, Баянжаргалан, Өлзийт, Хулд сум
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум 
  • Өмнөговь аймгийн Ноён сум 
  • Сүхбаатар аймгийн Уулбаян сум
  • Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Сүхбаатар сум
  • Төв аймгийн Бүрэн, Заамар, Өндөрширээт сум
  • Увс аймгийн Давст, Түргэн сум
  • Ховд аймгийн Булган, Мөнххайрхан, Эрдэнэбүрэн сум 
  • Хөвсгөл аймгийн Баянзүрх, Тосонцэнгэл сум
  • Хэнтий аймгийн Батширээт суманд 

 

ДҮҮРГИЙН ИТХ-ЫН НӨХӨН СОНГУУЛЬ -2023 оны 06-р сарын 17, 18-нд: 

  • Нийслэлийн Сүхбаатар дүүрэг
  • Нийслэлийн Баянгол дүүрэгт явагдана. 

Иймд тухайн нутаг дэвсгэрт байгаа сонгогч Та сонгуульдаа идэвхтэй оролцоно уу.