Бие даан нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичиг
Бие даан нэр дэвшигч нь дараах баримт бичгийг бүрдүүлэн 2023 оны 5 дугаар сарын 13-ны дотор тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлнэ.
Доорх лавлагаа, бүрүүлэх баримт бичгийг e-mongolia төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системийн “Сонгууль”-“Орон нутгийн сонгууль” үйлчилгээгээр дамжуулан нэг дор авах боломжтой. /Уг үйлчилгээтэй холбоотой асуудлаар Сонгуулийн ерөнхий хорооны 262127, 262117 дугаар утсаар мэдээлэл авах боломжтой/
1.Нэр дэвшүүлснээ илэрхийлсэн мэдэгдэл
/Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралт. Маягтыг ЭНД дарж авна/;
2.Сонгогчдын гарын үсэг зуруулсан маягт
/Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралт. Маягтыг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тухайн шатны сонгуулийн хороодоос авна./;
Маягтад тухайн сонгуулийн тойргийн дараах тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна:
Аймаг, дүүргийн Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигч 201-ээс доошгүй;
Сумын Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигч 51-ээс доошгүй.
/Сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтад тухайн нэр дэвшигчийг дэмжиж гарын үсэг зурж байгаа сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хөдөлгөөнт, эсхүл суурин утасны дугаарыг тодорхой бичсэн байх шаардлагатайг анхаарна уу./
3.Төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн, Засгийн газраас байгуулсан төсөл, хөтөлбөрийн нэгж болон хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн бол нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө буюу 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн шийдвэрийн хуулбар;
4.Банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөртэй эсэх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа /Лавлагааг дараах 3 арга хэлбэрээр авах боломжтой/;
-Төрийн үйлчилгээний нэгдсэн www.e-mongolia.mn цахим системээс авах;
-Төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машинаас авах. /ТҮЦ машины маягтаар тодорхойлолт гарна/;
-Шийдвэр гүйцэтгэх алба болон орон нутгийн харьяа нэгжийн шийдвэр гүйцэтгэл хариуцсан газар, хэлтсээс, Улаанбаатар хотод Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, ШШГЕГ-ын 2 дугаар байрнаас. /ШШГЕГ-ын лавлагааны утас 70001383, 70001480/;
5.Татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэх, аль нэг компанийн 51 түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэх талаарх татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт.
А.Нэр дэвшигч www.etax.mta.mn цахим хуудаст хандаж татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэх тодорхойлолтыг авна.
Иргэн, хуулийн этгээд нь татвар төлөгчөөр бүртгүүлснээр Цахим татварын системийн хэрэглэгч болж, татварын лавлагаа, тодорхойлолт авах боломжтой болно.
Иймд иргэн www.etax.mta.mn цахим хуудаст хандан татвар төлөгчөөр бүртгүүлнэ.
/Бүртгүүлэх зааврыг Татварын ерөнхий газрын www.mta.mn цахим хуудаснаас авах боломжтой./
Б.Нэр дэвшигч аль нэг компанийн 51 түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол www.etax.mta.mn цахим хуудаст хандаж байгууллагын татварын тодорхойлолтыг авна.
Тодорхойлолтыг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан /захирал, нягтлан бодогч/, эсхүл нэр дэвшигч өөрөө цахим татварын системээс авна.
/Тодорхойлолт авах дэлгэрэнгүй зааврыг Татварын ерөнхий газрын www.mta.mn цахим хуудаснаас авна уу./
Лавлагаатай холбоотой асуудлаар 1800-1288 дугаар утсаар мэдээлэл авах боломжтой.
6.Нэр дэвшигчийн намтар
/Сонгуулийн Ерөнхий Хорооны 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт. Маягтыг ЭНД дарж авах/
7.Нэр дэвшигчийн иргэний үнэмлэхийн хуулбар
-Төрийн үйлчилгээний нэгдсэн www.e-mongolia.mn цахим системээс авч болно.
8.Бие даан нэр дэвшигчийг төлөөлж сонгуулийн хороотой харилцах хоёр хүний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, харилцах утасны дугаар
9.Төрийн аудитын байгууллагаар хянуулсан бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, аудитын дүгнэлт
/Бие даан нэрээ дэвшүүлэгч нь 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын байгууллагын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлсэн байх шаардлагатай./
10.Ял эдэлж байгаа эсэх талаарх Цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа.
-Төрийн үйлчилгээний нэгдсэн www.e-mongolia.mn цахим системээс авах боломжтой.
- Эсхүл ял эдэлж байгаа эсэх талаарх лавлагааг харьяа нутаг дэвсгэрийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх төрийн үйлчилгээний нэг цэг /Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбарууд/-ээс “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт”-ын маягтаар авч болно. /ЦЕГ-ын Лавлагааны сангийн 70191060, 70191089 дугаар утсаар лавлах боломжтой./
11.Нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлэг
Мэдүүлгийн маягтыг ЭНД дарж авна.
12.Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа
Лавлагаа авах талаарх хүсэлтийг тухайн нэр дэвшиж байгаа нутаг дэвсгэрийн цагдаа /аймаг, дүүрэг/-гийн газар, хэлтэст гаргаж, албан бичгээр авна.
/Лавлагаа нь ажлын 2 өдөрт гарах бөгөөд ЦЕГ-ын Лавлагааны сангийн 70191060, 70191089 дугаар утсаар лавлана уу./
СОНГУУЛИЙН ХОРОО