Тусгаарлагдсан болон эмчлүүлж байгаа сонгогчид зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгнө
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр явагдах нөхөн сонгуулийн бэлтгэл ажил батлагдсан цаг хугацааны хуваарийн дагуу хангагдаж байна.
Энэ удаагийн нөхөн сонгууль нь коронавируст халдвар /Ковид-19/-ын хүнд нөхцөл байдалд зохион байгуулагдаж байгаа тул Улсын Онцгой Комиссоос гаргасан чиглэлийн дагуу Засгийн газрын 2021 оны 152 дугаар тогтоолоор баталсан “Коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх түр журам”-ыг мөрдлөг болгон ажиллах, хэрэгжилтийг хангах ажлыг онцгой байдал, эрүүл мэндийн байгууллага, бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэж, санал авах байранд ариутгал, халдваргүйжүүлэлт хийнэ. Мөн коронавируст халдварын улмаас тусгаарлагдсан, эмнэлэгт болон гэрээр эмчлүүлж байгаа сонгогчдоос зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах зэрэг ажлыг зохион байгуулна.
Иймд 18, 28 дугаар тойргийн сонгогч Ковид-19 халдварын улмаас гэрээр эмчлүүлж байгаа бол өөрийн харьяа хэсгийн хороондоо утсаар /хорооны утсыг эндээс харна уу/, тусгаарлагдсан болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа сонгогч тухайн тусгаарлах байр, эмнэлгийн захиргаанд хандаж, зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх хүсэлтээ 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 17:00 цагаас өмнө гаргах боломжтой юм.
УИХ-ын нөхөн сонгуульд Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 хороо (7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо)-ны сонгогчид оролцож, саналаа өгнө.