Сонгууль ажиглах

Хуульд заасны дагуу сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, эсхүл нэр дэвшигч нь нэг санал авах байранд дөрөв хүртэл, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн төрийн бус байгууллага нэг санал авах байранд хоёр хүртэл сонгуулийн ажиглагчийг томилж ажиллуулах эрхтэй.

Ажиглагч нь 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол Улсын иргэн байна. Харин нэр дэвшигч болон төрийн албан хаагч ажиглагч байхыг хориглодог. Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, ухуулагч ажиглагчаар томилогдсон бол сонгуулийн хорооны ажиллах байр болон санал авах байранд сонгуулийн сурталчилгаа, түүнтэй холбоотой аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно. 

Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн гадаадын болон олон улсын байгууллага, гадаад улсын иргэн сонгуулийг ажиглаж болно.

Ажиглагч томилох эрх бүхий этгээд ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу бичгээр гаргаж, санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө буюу 2021.10.05-ны өдрөөс өмнө хэсгийн хороонд хүргүүлнэ. Хэсгийн хороо хүсэлтийг хүлээн авч нягтлан шалгаж, санал авах өдрөөс хоёроос доошгүй хоногийн өмнө ажиглагчийн үнэмлэх олгоно.

Ажиглагч хуульд заагаагүй эрх эдлүүлэхийг шаардах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, худал мэдээлэл нийтэд тараах зэрэг хууль бус арга хэрэглэж хэсгийн хорооны ажилд хөндлөнгөөс оролцвол хэсгийн хорооны дарга ажиглагчийн бүртгэлийг хүчингүй болгож, санал авах байраас гаргана. Ажиглагч бүртгэлээс хасагдсан бол ажиглагч томилсон этгээд түүний оронд өөр хүнийг томилох эрхгүй. 

Санал авах байрын багтаамжаас хамаарч бүх ажиглагч санал авах байранд нэгэн зэрэг ажиглалт хийх боломжгүй бол хэсгийн хороо ажиглагчдыг ээлжээр ажиглалт хийх боломжоор хангана.

 

АЖИГЛАГЧИЙН ЭРХ

Ажиглагч санал авах, тоолох, дүн гаргах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхийг зөвхөн хөндлөнгөөс ажиглана. 

Ажиглагч дараах эрх эдэлнэ. Үүнд: 

1.Саналын хуудасны битүүмжлэгдсэн байдал болон зарцуулалтын тайлантай танилцах;

2.Санал авах үйл ажиллагааг ажиглах;

3.Санал бэлтгэх бүхээг, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг, санал тоолох төхөөрөмж, саналын хайрцаг болон санал авах байр хууль тогтоомжийн дагуу бэлтгэгдсэн эсэхтэй танилцах;

4.Санал авах үйл явцад зөрчил гарвал хэсгийн хороонд мэдэгдэж, залруулахыг хүсэх;

5.Сонгогчийн саналаа нууцаар гаргах эрх болон сонгуулийн хорооны хэвийн үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр дуу болон дүрс бичлэгийн хэрэгсэл ашиглан сонгуулийн үйл явцыг баримтжуулах;

6.Хэсгийн хорооны гишүүнээс холбогдох мэдээлэл авах;

7.Ажиглалтын тайланг бодит тоо, баримтад тулгуурлан гаргах;

8.Санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас авах;

9.Цахим хэлбэрээр хуулбарласан саналын хуудасны зурган мэдээллийг авах;

10.Жагсаалт болон тэмдэглэлтэй танилцах, уг жагсаалтыг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган үзэх. 

Ажиглагчийн эрх ажиглагчийн үнэмлэх авснаар эхэлж, санал хураалтын дүн гарснаар дуусгавар болно.

Монгол Улсын Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Сонгууль ажиглах нийтлэг журмыг Сонгуулийн ерөнхий хорооноос баталдаг. Тус хорооны 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 29 дүгээр тогтоолоор баталсан Сонгууль ажиглах журам болон Сонгууль ажиглагчийн ёс зүйн дүрэмтэй танилцана уу.