Сонгогчдын нэрийн жагсаалт

Сонгуульд оролцох сонгогчийн үндсэн эрх нь сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээр баталгааждаг. Тиймээс сонгогчдын оролцоог нэмэгдүүлэх, сонгууль бүх нийтийн байх зарчмыг хангахад хамгийн түрүүнд сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой зохицуулалт, үйл явцыг мэддэг байх хэрэгтэй.

Сонгогчдын нэрийн жагсаалт гэж: Сонгуульд оролцох эрх бүхий Монгол Улсын нийт иргэдийн бүртгэл юм.

Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн үйлдэх бөгөөд түүнийг нягтлан шалгах, давхардлыг арилгах, бүртгэгдээгүй сонгуулийн эрх бүхий иргэнийг бүртгэх, эдгээртэй холбоотой гомдлыг шийдвэрлэх ажлыг Улсын бүртгэлийн ерөнхий газар холбогдох хууль тогтоомж, нарийн дэг журмын дагуу зохион байгуулдаг.

Сонгогчдын нэрийн жагсаалт нь цаасан болон цахим хэлбэртэй бөгөөд сонгогчийн талаар дараах мэдээллийг агуулдаг. Үүнд:

  • Сонгогчийн эцэг /эх/-ийн нэр
  • Өөрийн нэр
  • Нас
  • Хүйс
  • Регистрийн дугаар
  • Оршин суугаа газрын хаяг.

Хуульд заасны дагуу Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтыг нөхөн сонгууль товлон зарласнаас хойш 50 хоногийн дараагаас эхлэн сонгууль дуустал буюу 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн өөрийн цахим хуудаст байршуулна.

Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон гэр бүлийн гишүүний мэдээлэлтэй танилцах эрхтэй бөгөөд бүртгэгдсэн эсэхээ election.burtgel.gov.mn цахим хуудсаас шалгах, эсвэл өөрийн харьяалагдах сонгуулийн хэсгийн хороонд сонгогчдын нэрийн жагсаалт очсон үеэс биечлэн шалгах боломжтой. Сонгогчдын нэрийн жагсаалтыг улсын бүртгэлийн байгууллага санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө буюу 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө тухайн орон нутаг дахь газар, хэлтсээрээ дамжуулан хэсгийн хороонд хүргүүлнэ. Хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээн авсан өдрөөс эхлэн өөрийн ажиллах байранд, өөрийн ажиллах байргүй бол сум, хорооны Засаг даргын Тамгын газрын байранд сонгогч өөрт нь холбогдох мэдээлэлтэй чөлөөтэй танилцах боломж олгоно.

Хэрвээ сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн бол өөрийн болон гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо улсын бүртгэлийн байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө буюу 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс өмнө бичгээр гаргаж шийдвэрлүүлнэ.

Иргэн Та "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгууль"-ийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаарай. 

Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7-19, 21, 23, 25, 27-31, 38-40, 42, 43 дугаар хороонд бүртгэлтэй сонгуулийн насны иргэд сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ https://election.burtgel.gov.mn/ хаягаар нэвтэрч шалгана уу.

Хэрвээ таны мэдээлэл зөрүүтэй бол Улсын бүртгэлийн нэгдсэн лавлах утас: 1800-1890, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 7722-1890, Хэнтий аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 7056-2079 дугаарт тус тус холбогдож лавлана уу.