ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ 2021-НЭР ДЭВШИГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ, ГАРЫН АВЛАГА

Нэр дэвшигчийн гарын авлага татаж авах

Нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн дотор дараах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ:

  1. Нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэр

Намаас нэр дэвшүүлэх асуудлыг тухайн намын төлөөллийн төв байгууллага хуралдаанаараа хэлэлцэж, нууцаар санал хурааж, олонхын саналаар шийдвэрлэнэ.

Намууд хамтарч сонгуульд нэр дэвшүүлэх тухай асуудлыг нам тус бүр төлөөллийн төв байгууллагынхаа хуралдаанаар шийдвэрлэнэ.

2.Нэр дэвшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөл

Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт.

Маягтыг www.gec.gov.mn цахим хуудсаас татаж авах боломжтой.

  1. Нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүлээн авсан тухай Авлигатай тэмцэх газрын тодорхойлолт

Нэр дэвшигч нь www.meduuleg.iaac.mn цахим системд 2020 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлж баталгаажуулан, гарын үсэг зурсан “Баталгааны маягт”-ыг Авлигатай тэмцэх газарт 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө хүргүүлж, тус газраас уг тодорхойлолтыг авна.

Иймд цахим системд нэвтрэхийн тулд нэр дэвшигчийн и-мэйл хаяг болон бусад шаардлагатай мэдээллийг 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн дотор Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтэс /Утас: 70112489, 70110252/-тэй холбогдож урьдчилан хүргүүлсэн байх шаардлагатай.

  1. Төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн бол ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн шийдвэрийн хуулбар

5.Банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөртэй эсэх талаарх Улсын Дээд шүүхийн лавлагаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5, 26 дугаар зүйлийн 26.2.1-д заасан лавлагааг олгоно.

Лавлагаа хүсэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

- Иргэний үнэмлэхийн хуулбар;

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшсэнийг тодорхойлох баримт;

- Лавлагаа хүссэн өргөдөл; /Загвар1/ Өргөдлийн загварыг

www.gec.gov.mn, www.supremecourt.mn цахим хуудсаас авах боломжтой.

- Банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд хариуца­гчаар оролцож байсан эсэх мэдээлэл; /Загвар2/ Мэдээллийн загварыг

www.gec.gov.mn, www.supremecourt.mn цахим хуудсаас авах боломжтой.

Лавлагаатай холбоотой асуудлаар Улсын Дээд шүүх /Утас: 51-261092, 51-261878/-тэй холбогдож мэдээлэл авах боломжтой.

6.Татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэх, аль нэг компанийн 51 түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэх талаарх Татварын ерөнхий газрын тодорхойлолт

А.Нэр дэвшигч www.etax.mta.mn цахим хуудаст хандаж татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэх тодорхойлолтыг авна.

Иргэн, хуулийн этгээд нь татвар төлөгчөөр бүртгүүлснээр Цахим татварын системийн хэрэглэгч болж, татварын лавлагаа, тодорхойлолт авах боломжтой болно.

Иймд иргэн www.etax.mta.mn цахим хуудаст хандан татвар төлөгчөөр бүртгүүлнэ.

Бүртгүүлэх зааврыг Сонгуулийн ерөнхий хорооны www.gec.gov.mn болон Татварын ерөнхий газрын www.mta.mn цахим хуудсаас авах боломжтой.

Б.Нэр дэвшигч аль нэг компанийн 51 түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол www.etax.mta.mn цахим хуудаст хандаж байгууллагын татварын тодорхойлолтыг авна.

Тодорхойлолтыг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан

/захирал, нягтлан бодогч/ эсхүл нэр дэвшигч өөрөө цахим татварын

системээс авах боломжтой.

Тодорхойлолт авах дэлгэрэнгүй зааврыг Сонгуулийн ерөнхий хорооны www.gec.gov.mn болон Татварын ерөнхий газрын www.mta.mn цахим хуудсаас авах боломжтой.

Лавлагаатай холбоотой асуудлаар Татварын ерөнхий газар /Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Б.Батсайхан Утас:51-261698/, 90903346/ -тай холбогдож мэдээлэл авах боломжтой.

7.Нэр дэвшигчийн намтар

Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт.

Маягтыг www.gec.gov.mn цахим хуудсаас татаж авах боломжтой.

8.Нэр дэвшигчийн иргэний үнэмлэхийн хуулбар

  1. Нэр дэвшигчийн төрсний гэрчилгээ

Хэрэв төрсний гэрчилгээ байхгүй бол Монгол Улсын уугуул иргэн болохыг нотолсон архивын лавлагаа авна. Лавлагааг Архивын ерөнхий газраас олгох бөгөөд нэр дэвшигч өөрөө эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч авна.

Лавлагаатай холбоотой асуудлаар Үндэсний төв архивын Мэдээлэл, лавлагааны төв /эрхлэгч С.Шижирбаатар Утас: 77002087, 99055872/-тэй холбогдож мэдээлэл авах боломжтой.

  1. Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан тухай хил хамгаалах байгууллагын тодорхойлолт

Лавлагаа, мэдээллийг хуулиар тусгайлан эрх олгогдсон байгууллага, албан тушаалтан, иргэнд эсхүл түүнтэй хамаарал бүхий хууль ёсны этгээд болон түүнийг төлөөлөх эрх бүхий итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид хууль тогтоомжид заасан журмын дагуу өгнө.

Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл, лавлагаа авах хүсэлтэд:

- тухайн хүний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр;

- регистрийн дугаар; /төрсөн он, сар, өдөр/

- хил нэвтрэх эрхийн баримт бичиг /гадаад паспорт/-ийн дугаар;

- лавлагаа гаргуулах шалтгаан, ашиглах зорилго;

- нэвтэрсэн боомтын нэр, огноо, шүүлгэсэн хугацаа;

- хувь хүний оршин суугаа газар, харилцах утасны дугаарыг тодорхой тусгаж, иргэний үнэмлэхийн хуулбарыг хавсаргана.

Лавлагаа хүссэн маягтыг www.bpo.gov.mn цахим хуудсаас авах боломжтой.

Лавлагаатай холбоотой асуудлаар Хил хамгаалах ерөнхий газар /Нууцын албаны цахим бүртгэлийн системийн лавлагаа, нууцлал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Ч.Мөнхтамир, утас:92119366/- тай холбогдож мэдээлэл авах боломжтой.

  1. Нэр дэвшигчийн эцэг, эхийг Монгол Улсын харьяат болохыг нотлох иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг

Нэр дэвшигчийн эцэг, эхийн иргэний үнэмлэх байхгүй тохиолдолд архивын лавлагаа авна.

Лавлагаатай холбоотой асуудлаар Үндэсний төв архивын Мэдээлэл, лавлагааны төв /эрхлэгч С.Шижирбаатар Утас: 77002087, 99055872/-тэй холбогдож мэдээлэл авах боломжтой.

  1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу төрийн аудитын дээд байгууллагаар хянуулсан сонгуулийн мөрийн хөтөлбөр, аудитын дүгнэлт

Нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг 2021 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 24:00 цагаас өмнө Төрийн аудитын дээд байгууллага / Үндэсний аудитын газар/-д хүргүүлэх бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн дотор дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулна.

Мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргуулах үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг Үндэсний аудитын газар /Аудитын дөрөвдүгээр газрын захирал, тэргүүлэх аудитор Я.Самбууням, утас:51-260949/-тай холбогдон мэдээлэл авах боломжтой.

  1. Нэр дэвшигчийн эрүүл мэндийн талаарх эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ажлын хэсгийн дүгнэлт

Нэр дэвшигчийн эрүүл мэндийн талаарх дүгнэлт гаргах ажлыг Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/222 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг зохион байгуулна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид эрүүл мэндийн дүгнэлт гаргах үйл ажиллагааны талаарх тодруулга мэдээлэл:

  1. Монгол Улсын ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд намын дотоод журмын дагуу хэлэлцэж шийдвэрлэсэн нэр дэвшигчийн эрүүл мэндийн дүгнэлт гаргуулах албан хүсэлтийг Эрүүл мэндийн яаманд 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 10 цагаас өмнө ирүүлнэ. (албан хүсэлтэд нэр дэвшигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн утасны дугаар, нэрийг бичээрэй.)

Жич: албан бичгийг хүлээн авч шуурхай шийдвэрлэх хүрээнд албан бичиг өгсөн даруйд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга М.Оюунчимэгт утсаар 51-261721-тай холбогдон мэдэгдэж болно.

  1. Албан хүсэлтэд дурдсан нэр дэвшигч 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хуваарийн дагуу хамрагдана. Жич:Шинжилгээний бэлтгэл оношилгоо, шинжилгээний чанарт нөлөөлдөг тул шинжилгээ өгөхийн өмнөх орой хөнгөн хооллох, шинжилгээ өгөх өдөр өлөн байгаарай.
  1. Эрүүл мэндийн сайдын А/222 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нэр дэвшигчийн эрүүл мэндэд дүгнэлт гаргах үйл ажиллагааг 48 цагийн дотор хийж гүйцэтгэх болно.

Дүгнэлт гаргахтай холбоотой асуудлаар Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газар /Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга М.Оюунчимэг, утас:51-261721/- тай холбогдож мэдээлэл авах боломжтой.

  1. Ял эдэлж байгаа эсэх болон Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн эсэх талаарх Цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа

Ял эдэлж байгаа эсэх талаарх болон авлига албан тушаалын гэмт хэргийн талаарх хоёр төрлийн лавлагааг Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Статистик, мэдээллийн хэлтсийн Лавлагааны сангаас олгоно.

Лавлагааны сан нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цагдаа хотхон, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн үүдэнд байрлах Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын байрны 1 дүгээр давхарт байрлаж байна.

Лавлагааны сангийн 1 дүгээр цонхоор тусгайлан үйлчилнэ.

Утасны дугаар: 70191060, 70191089

Лавлагаа авахдаа өөрийн иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг, эсхүл тухайн хүн өөрөө ирэх боломжгүй тохиолдолд бусдад олгосон итгэмжлэл болон итгэмжлэгдсэн хүний иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичиг, архиваас үзүүлэх төлбөрт үйлчилгээний хураамж болох 500 төгрөгийг төрийн сан дахь Цагдаагийн ерөнхий газрын 100900012027 дугаар дансанд тушаасан баримт / аль ч арилжааны банкинд тушааж болно/ зэргийг бүрдүүлсэн байна.

Ял эдэлж байгаа эсэх лавлагааг “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт”-ын маягтаар, авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх лавлагааг албан бичгээр тус тус олгоно.

Нам, эвслээс ирүүлсэн албан бичгийн дагуу лавлагаа олгож болох бөгөөд албан бичигт лавлагаа авах эрх зүйн үндэслэл болон лавлагааг төлөөлөн авах хүний мэдээллийг тусгаж, тухайн нам, эвслээс нэр дэвшигчийн /ургийн овог, эцэг /эх/-ийн болон түүний нэр, регистр, холбогдох утасны дугаар/-ыг үнэн зөв, гүйцэд, гаргацтай бичиж, архиваас үзүүлэх төлбөрт үйлчилгээний хураамж болох 500 төгрөгийг төрийн сангийн 100900012027 дугаар дансанд тушаасан баримт зэргийг хавсаргаж ирүүлнэ.

  1. Нэр дэвшигчийн 4х3 хэмжээтэй зураг мөн файлаар (600dpi нягтаршилтай байх)

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиас:

54.3.Саналын хуудас нэр дэвшигчийн зурагтай байна.

  1. Нэр дэвшүүлсэн нам, эвслийн дүрэм /эвслээс нэр дэвшүүлсэн тохиолдолд эвслийн гэрээ/