АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2020 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ҮЕД КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТҮР ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.“Энэ журмаар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн үйл ажиллагааны үед коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг зохицуулна.

1.2. Сонгуульд оролцож байгаа нам, эвслээс сонгуульд нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, түүний менежер, шадар туслагч, ухуулагч, ажиглагч, сонгуулийн хороодын ажилтан, иргэд сонгуулийн үйл ажиллагааны үед сонгуулийн тухай хууль тогтоомж, Гамшгаас хамгаалах тухай,  Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон энэ журмыг дагаж мөрдөнө.

1.3. Төрийн байгууллага, сонгуулийн хэсгийн хороо сонгуулийн үйл ажиллагааны үед энэ журмын 1.2-т заасан хууль тогтоомж, журмыг нэгэн адил дагаж мөрдөнө.

Хоёр. Баримтлах зарчим

2.1.  Сонгуулийн үйл ажиллагааны үед коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэхэд дараахь зарчмыг баримтална:

2.1.1. хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх;

2.1.2. ил тод, хариуцлагатай байх;

2.1.3. ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй байх;

2.1.4. байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах.

Гурав. Нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны
          үед халдвараас сэргийлэх үйл ажиллагаа

3.1.  Нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааны үед аливаа арга хэмжээ, сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах байр, танхимыг урьдчилан цэвэрлэж, халдваргүйжүүлэлт хийсэн байна. Оролцогч амны хаалт заавал зүүх бөгөөд хүн хоорондын зай 1.5 метрээс доошгүй байж, биеэр хүрэлцэхгүй (гар барих, тэврэх, үнсэх) зайнаас харьцана.

3.2. Уулзалт, хурал, цуглааныг зохион байгуулах байр, танхим болон гадна талбайд оролцогчдын сандлыг заавал байрлуулах бөгөөд суудал хоорондын зай 1.5 метрээс доошгүй байна.

3.3. Сонгуулийн сурталчилгааны уулзалт, хурал, цуглаан хийх байр, нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт цугларсан оролцогчдын биеийн халууныг хэмжиж, гарыг халдваргүйжүүлэх ажлыг тухайн нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч хариуцна.

3.4. “Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, орон нутгийн газарт зохион байгуулах уулзалт, хурал, цуглаанд оролцогч хоорондын зай 1.5 метрээс доошгүй байна.

3.5. Сонгуулийн сурталчилгаа явуулах байр, танхимд орох, гарахад иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулна.

3.6. Танхимд хийх уулзалт, хурал, цуглааныг богино цагаар (нэг удаагийн уулзалт, хурал, цуглаан 2 цагаас хэтрэхгүй) зохион байгуулна.

3.7. Уулзалт, хурал, цуглааны танхимын агаарыг 30 минут тутамд 10 минутаас доошгүй хугацаагаар сэлгэнэ.

3.8. Уулзалт хооронд хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор сайтар цэвэрлэнэ.

3.9. Хаалганы бариул, явган болон урсдаг шат, цахилгаан шатны товчлуур, компьютер, утас зэргийг 2 цаг тутам сайтар арчиж цэвэрлэнэ.

3.10. Уулзалт, хурал, цуглааны танхимд ашиглаж байгаа микрофоныг 2 цаг тутам спиртэн суурьтай уусмалаар арчиж цэвэрлэх, эсхүл нэг удаагийн уут хэрэглэнэ.

3.11. Танхимд уулзалт, хурал, цуглаан эхлэхийн өмнө болон дараа чийгтэй цэвэрлэгээ хийж, агаарыг сэлгэнэ. Тоног төхөөрөмж, хэрэгслийг сайтар цэвэрлэнэ.

3.12. Уулзалт, хурал, цуглаанд амны хаалтгүй хүн оролцуулахыг хориглоно.

3.13. Сонгогч амны хаалтгүй тохиолдолд 1 ширхэг амны хаалтаар хангаж болох бөгөөд амны хаалт сурталчилгааны шинжтэй байхыг хориглоно.

3.14. Нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг тараах үед резинэн бээлий өмсөнө.

3.15. Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг айл өрхөд тараахаар бол гэр бүлийн гишүүдтэй харьцахгүйгээр, хаалганы гадна талд үлдээнэ.

3.16. Нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааны хугацаанд уулзалт, хурал, цуглаан хийсэн газар, цаг хугацаа, оролцсон хүний баримжаа тоо, сурталчилгаа хийж явсан маршрутыг нотолсон бүртгэлийг хөтөлж, гэрэл зураг эсхүл дүрс бичлэгээр баримтжуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд уг мэдээллийг эрх бүхий байгууллагуудад гаргаж өгөх үүрэгтэй.

3.17. Сонгуулийн сурталчилгааны уулзалт, арга хэмжээнд сонгуулийн насанд хүрээгүй хүн оролцуулахыг хориглоно.

3.18. Хэрэглэсэн амны хаалт болон бусад хог хаягдлыг цуглуулан, битүүмжилж, зөвшөөрөгдсөн хогийн цэгт хаяна.

Дөрөв. Нам, эвсэл, нэр дэвшигчийн ухуулах байранд
          халдвараас сэргийлэх үйл ажиллагаа

4.1. Ухуулах байранд амны хаалтгүй хүн оруулахыг хориглох бөгөөд уг байранд ажиллаж байгаа хүн бүр амны хаалт зүүсэн байна. Амны хаалтгүй ирсэн иргэнд 1 ширхэг амны хаалт олгох бөгөөд амны хаалт нь сурталчилгааны шинжтэй байхыг хориглоно.

4.2. Ухуулах байранд орох хүний биеийн халууныг хэмжиж, гарыг спиртэн суурьтай уусмалаар халдваргүйжүүлнэ.

4.3. Ухуулах байранд ажиллагсдын биеийн халууныг өдөрт 2-оос доошгүй удаа хэмжиж, бүртгэнэ.

4.4. Ухуулах байранд иргэд хоорондоо биеэр хүрэлцэхгүй (гар барих, тэврэх, үнсэх), хүн хооронд 1.5 метрийн зай барьж харьцана.

4.5. Ухуулах байранд иргэдийг суулгах сандлыг 1.5 метрээс доошгүй зайтай заавал байрлуулсан байна.

4.6. Ухуулах байранд чийгтэй цэвэрлэгээг 2 цаг тутамд хийж, 30 минут тутамд 10-аас доошгүй минут агаар сэлгэнэ. Ухуулах байрны гадна талбайг тогтмол цэвэрлэнэ.

4.7. Ухуулах байранд ажиллаж байгаа хүн резинэн бээлий өмсөнө.

4.8. Хэрэглэсэн амны хаалт, бээлий болон бусад хог хаягдлыг цуглуулж, битүүмжлэн зөвшөөрсөн хогийн цэгт хаяна.

Тав. Нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх, үүрэг

5.1. Нам, эвсэл, нэр дэвшигч дараахь эрхтэй:

5.1.1. коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, сахин биелүүлбэл зохих арга хэмжээний талаар эрх бүхий байгууллагаас мэдээлэл, зөвлөгөө авах;

5.1.2. эрх бүхий байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах;

5.1.3. коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар эрх бүхий байгууллагад санал, хүсэлт гаргаж, шийдвэрлүүлэх.

5.2. Нам, эвсэл, нэр дэвшигч нь дараахь үүрэгтэй:

5.2.1. сонгуулийн үйл ажиллагааны үед мэргэжлийн байгууллагаас коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар гаргасан журам, заавар, зөвлөмж, сэрэмжлүүлгийг сахин биелүүлэх;

5.2.2. ухуулах байр, уулзалт, сурталчилгааны үед коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах ажилтныг томилох;

5.2.3. коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй холбогдон гарах зардал (амны хаалт, гар халдваргүйжүүлэгч, халуун хэмжигч гэх мэт шаардлагатай)-ыг хариуцах.

Зургаа. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал
            авах үед халдвараас сэргийлэх үйл ажиллагаа

6.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан сонгогчоос зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авна.    

6.2. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаанд сонгуулийн хэсгийн хорооны ажилтан, ажиглагч, цагдаагийн алба хаагч оролцоно.

6.3. Санал авах ажиллагаанд оролцогчид хүн хооронд 1.5 метрийн зай барина.

6.4. Сонгуулийн хэсгийн хорооны ажилтан гар халдваргүйжүүлэгчийг хариуцан авч явах бөгөөд санал авахын өмнө болон дараа оролцогчдын гарыг халдваргүйжүүлнэ.

6.5. Сонгогч болон санал авах ажиллагаанд оролцогч бүр амны хаалт зүүж, бээлий өмсөнө. Санал авах ажиллагааг зохион байгуулагчид нэг удаагийн улавч өмсөнө.

6.6. Санал тэмдэглэх үзэг, зөөврийн бүхээг, зөөврийн битүүмжилсэн хайрцгийг санал хураалт бүрийн дараа спиртэн суурьтай халдваргүйжүүлэгч уусмалаар арчиж цэвэрлэнэ.

6.7. Хэрэглэсэн амны хаалт, бээлий болон бусад хог хаягдлыг цуглуулж, битүүмжлэн авч явж, зөвшөөрсөн хогийн цэгт хаяна.

Долоо. Санал авах байранд сонгогчийн санал авах
              үед халдвараас сэргийлэх үйл ажиллагаа

7.1. Санал авах байранд сонгогчийн санал авах үед халдвараас сэргийлэх үйл ажиллагааг сонгуулийн хэсгийн хорооны бүрэлдэхүүн, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн технологийн даамал, үйлчлэгч, ажиглагч болон мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдал, эрүүл мэнд, нутгийн захиргааны байгууллагын алба хаагч нар хамтран зохион байгуулж, хяналт тавина.

7.2. Санал авах байрыг урьдчилан цэвэрлэж, халдваргүйжүүлэлт хийсэн байна.

7.3. Санал авах байранд орох, гарахад иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулна.

7.4. Сонгогч хувийн хамгаалах хэрэгсэл, амны хаалттай ирж саналаа өгөх бөгөөд сонгогч санал авах байранд орох үед биеийн халууныг хэмжиж, гарыг халдваргүйжүүлнэ. 

7.5. Санал авах байрны дотор болон гадна хүн хоорондын зайг 1.5 метрээс доошгүй байхаар зохион байгуулна. Оролцогчид биеэр хүрэлцэхгүй (гар барих, тэврэх, үнсэх) зайнаас харьцана.

7.6. Сонгогч гарын хурууны хээг уншуулж, гарыг дахин халдваргүйжүүлсний дараа олгосон бээлийг өмсөж саналаа өгнө.

7.7. Сонгогч бүртгэл хийлгэх үед амны хаалтыг түр авна.

7.8. Сонгогч санал авах байрнаас гарахдаа бээлийг зориулалтын хогийн саванд хаяж, гарыг халдваргүйжүүлнэ.

7.9. Санал авах байрны агаарыг 30 минут тутам 10 минутаас доошгүй хугацаанд агаар сэлгэнэ.

7.10. Санал авах байранд хатуу гадаргууг 2 цаг тутам ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор сайтар цэвэрлэнэ. Ухуулах байрны гадна талбайг тогтмол цэвэрлэнэ.

7.11. Санал авах байрны хаалганы бариул, явган болон урсдаг шат, цахилгаан шатны товчлуур, компьютер, утас зэргийг 2 цаг тутам сайтар арчиж цэвэрлэнэ.

7.12. Санал авах байранд сонгуулийн насанд хүрээгүй хүн дагуулж ирэхийг хориглоно.

7.13. Хэрэглэсэн амны хаалт, бээлий болон бусад хог хаягдлыг цуглуулан, битүүмжилж, зөвшөөрөгдсөн хогийн цэгт хаяна.

Найм. Нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаа,
           санал авах ажиллагааны явцад сэжигтэй тохиолдол
           илэрсэн үед авах арга хэмжээ

8.1. Халуурах, ханиалгах, бөөлжих, гүйлгэх, толгой, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзнэ.

8.2. Сэжигтэй тохиолдлыг мэдээлэх, тусгаарлах арга хэмжээ авах үүрэг бүхий ажилтанг ухуулах байранд болон сонгуулийн сурталчилгааны үед нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч, санал авах байранд сонгуулийн хэсгийн хорооны дарга урьдчилан томилно.

8.3. Танхим болон нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт илэрсэн сэжигтэй тохиолдлыг бусдаас 8-10 метрийн зайд тусгаарлана.

8.4. Санал авах байр сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах өрөөтэй байна.

8.5. Сэжигтэй тохиолдлын талаар нийслэлд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 100, 80086829, Нийслэлийн эрүүл мэндийн газрын 324207, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 119 дугаарт, орон нутагт хамгийн ойр байгаа эрүүл мэндийн болон цагдаагийн байгууллагад мэдээлнэ.

8.6. Халдварт өвчин судлалын үндэсний төв болон эрүүл мэндийн байгууллагын баг сэжигтэй тохиолдол илэрмэгц шуурхай арга хэмжээ авч ажиллана.

Ес. Эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа

9.1. Хууль тогтоомж болон энэ журмыг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох эрх бүхий байгууллагууд хамтран ажиллана.

9.2. Энэ журмын 9.1-д заасан эрх бүхий байгууллага гэдэгт Сонгуулийн ерөнхий хороо, аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн онцгой комисс, нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналтын байгууллага хамаарна.

9.3. Эрх бүхий байгууллагууд хууль тогтоомж, энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж, шуурхай арга хэмжээ авч ажиллах үүрэгтэй.

Арав. Хариуцлага

10.1. Энэ журмыг зөрчсөн хувь хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 


-----о0о-----