ЕВРОПЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АРДЧИЛСАН ИНСТИТУЦ, ХҮНИЙ ЭРХИЙН АЛБАНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институц, хүний эрхийн алба (АИХЭА) нь 1991 онд байгуулагдсан. Тус алба нь Варшавт төвтэй бөгөөд өдгөө захирлаар нь хатагтай Ingibjörg Sólrún Gísladóttir (Исланд) ажиллаж байна.

АИХЭА нь ЕАБХАБ-ын гишүүн орнуудад болж буй сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт хийх, сонгуулийн болон хүний эрхийн байгууллагад техникийн тусламж үзүүлэх, зөвлөгөө өгөх, ТББ, иргэний нийгмийн хөгжлийг дэмжих, тэдэнд зориулсан сургалт семинарыг зохион байгуулах зэргээр хүний эрхийг хамгаалах, яс үндэс, шашин шүтлэгийн байдал зэргээр ялгаварлан гадуурхах, үл тэвчих явдал, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, хууль сахиулах, ардчиллыг хөгжүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн ром, синти гаралтай хүмүүсийн эрхийг хамгаалах, тэдгээрийг нийгэмшүүлэх чиглэлээр тусгайлан үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ ЕАБХАБ-ын бүс нутагт жендерийн тэгш оролцоог хангах, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, бүхий л салбарт тэдгээрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажилладаг.

Монгол Улс 2012 онд ЕАБХАБ-ын 57 дахь гишүүн болж элсэн орсноос хойш АИХЭА-тай идэвхтэй хамтран ажиллаж байна.  

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд тус Монгол Улсын Засгийн газрын урилгаар Монгол улсад 2013, 2016, 2017 онд явагдсан Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар АИХЭА-ны Сонгууль ажиглалтын баг урт болон богино хугацааны ажиглагчдыг өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиллуулж, сонгууль ажиглалтын тайлангаа зөвлөмжийн хамт боловсруулан манай улсад илгээснээс гадна Монгол Улсын сонгуулийн сайн туршлагыг ЕАБХАБ-ын гишүүн орнуудад танилцуулан ажилласан юм.

АИХЭА-наас жил бүр зохион байгуулдаг сонгуулийн богино болон урт хугацааны ажиглагчдад зориулсан сургалтад Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллагаас ажилтнуудыг сонгон авч тус байгууллагын зардлаар сурган, сонгуулийн ажиглагчийн эрх бүхий гэрчилгээ олгодог.      

2019 онд АИХЭА-наас Монгол Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах явцад эдгээр хуулийн төсөлтэй холбоотой тодорхой санал зөвлөмжүүдийг олон улсын сонгуулийн сайн туршлагын хамт ирүүлсэн нь гишүүн орнуудынхаа сонгуулийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудалд байнга анхааран дэмжлэг үзүүлж байдгийн нэгэн жишээ юм.

https://www.osce.org/whatistheosce