МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХАВСРАЛТ ХУУЛЬ БНМАУ-ЫН ҮНДСЭН ХУУЛИАС МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙГ БҮРНЭЭ ДАГАЖ МӨРДӨХӨД ШИЛЖИХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХАВСРАЛТ ХУУЛЬ
БНМАУ-ЫН ҮНДСЭН ХУУЛИАС МОНГОЛ УЛСЫН
ҮНДСЭН ХУУЛИЙГ БҮРНЭЭ ДАГАЖ МӨРДӨХӨД
ШИЛЖИХ ТУХАЙ
Нэгдүгээр зүйл. Монгол Улсын хууль тогтоох ба гүйцэтгэх дээд байгууллагуудыг Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар шинэчлэн байгуулах
- Монгол Улсын Их Хурлын сонгуулийг Монгол Улсын Үндсэн хуульд заасан зарчмын дагуу 1992 оны зургадугаар сард багтаан явуулсны үндсэн дээр Монгол Улсын Их Хурлыг, түүнээс Монгол Улсын Засгийн газрыг тус тус байгуулна.
- Улсын Их Хурал, Засгийн газар шинэчлэн байгуулагдаж, тэдгээрийн бүрэн эрх эхлэх хүртэл хугацаанд БНМАУ-ын Ардын Их Хурал, БНМАУ-ын Бага Хурлын бүрэн эрхийн хугацаа хэвээр үргэлжилнэ. Энэ хугацаанд:
1/ Ардын Их Хурал нь төрийн дотоод, гадаад бодлогын ямар ч асуудлыг санаачилгаараа хэлэлцэн шийдвэрлэж болохоос гадна Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх, огцруулах, Улсын Бага Хурлын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6, 7-д зааснаар Ерөнхий сайдыг томилох, өөрчлөх, огцруулах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлох, түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн жаран есдүгээр зүйлд заасан бүрэн эрхийг тус тус хэрэгжүүлнэ;
2/ Улсын Бага Хурал энэхүү Хавсралт хуулиар Ардын Их Хурлын онцгой эрхэд хамааруулснаас бусад асуудлаар Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагад Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Түүнчлэн Ардын Их Хурлын хуралдааны чөлөө цагт түүнд дараа оруулан батлуулахаар Ерөнхий сайдыг томилох буюу чөлөөлнө.
- БНМАУ-ын Засгийн газрын бүрэн эрх Улсын Их Хурлаас шинэ Засгийн газар байгуулах хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
Хоёрдугаар зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх
- Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгчийг сонгож тангараг өргөх хүртэл хугацаанд мөнхүү Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг БНМАУ-ын анхны Ерөнхийлөгч хэрэгжүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуулийг дагаж мөрдсөн өдрөөс эхлэн Ерөнхийлөгчийг Монгол Улсын Ерөнхийлөгч гэж нэрлэнэ.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг 199З оны зургадугаар сард багтаан явуулна.
Гуравдугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх /шүүх, прокурорын байгууллагыг шинэчлэн байгуулах/
- Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдаж, зохих шатны шүүгчдийг Монгол Улсын Ерөнхийлөгч томилох хүртэл бүх шатны шүүгч, ардын төлөөлөгчид бүрэн эрхээ Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн хуулийн дагуу хэрэгжүүлнэ.
- Монгол Улсын прокурорын байгууллагын тухай хууль батлан гаргаж Ерөнхийлөгч Улсын Ерөнхий прокурорыг томилох хүртэл хугацаанд БНМАУ-ын Ардын Их Хурлаас томилсон Ерөнхий прокурор, түүний харьяа прокурорууд бүрэн эрхээ Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн хуулийн дагуу хэрэгжүүлнэ.
- Монгол Улсын Үндсэн хуульд заасан үндэслэлийн дагуу шүүх, прокурорын байгууллагын тогтолцоог шинэчлэх ажлыг 199З онд багтаан хийж гүйцэтгэнэ.
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийг энэ тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гуч хоногийн дотор байгуулна.
Дөрөвдүгээр зүйл. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх
- Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байгуулах, Засаг даргыг томилох хүртэл зохих шатны Ардын Хурал, түүний Тэргүүлэгчид, гүйцэтгэх захиргаа, тэдгээрийн салбар байгууллагууд бүрэн эрхээ тус тусын Хурлын тухай хууль болон холбогдох бусад хуулийн дагуу хэрэгжүүлнэ.
- Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу нутгийн өөрөө удирдах байгууллагуудыг байгуулах, зарим аймгийн нутаг дэвсгэрт байгаа орон нутгийн харьяалалтай хот, өөр сумын нутаг дэвсгэрт байгаа хороо, районыг зохих аймаг, суманд нэгтгэн харьяалуулах, нийслэлийн районуудыг татан буулгаж, дүүрэг, хороо, хөдөөд баг байгуулах ажлыг 1992 онд багтаан тус тус хийж гүйцэтгэнэ.
- Хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтоож, түүний дагуу тэдгээрийн өөрийн удирдлагыг зохион байгуулах хүртэл Дархан, Чойр, Эрдэнэт хот одоогийн нутаг дэвсгэртээ аймагтай адилсах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зохион байгуулалттай байна.
Тавдугаар зүйл. Хууль тогтоомжийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн шинэчлэх
- Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болох хүртэл дагаж мөрдөж ирсэн бүх хуулийг мөнхүү Үндсэн хуульд харшлахгүй бол цаашид хүчин төгөлдөр дагаж мөрдөнө.
- Гагцхүү хуулиар зохицуулж байхаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан харилцааг тэр тухай шинэ хууль батлан гаргах хүртэл хугацаанд уул харилцааг зохицуулж ирсэн хууль, эрх зүйн бусад актын заалтаар зохицуулна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуульд заасан хуулиудыг Улсын Бага Хурлаас тогтоосон хуваарийн дагуу 199З онд багтаан батлан гаргана.
- Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөнхүү Үндсэн хуульд харшилсан хууль болон эрх зүйн бүх акт, тэдгээрийн заалтыг хүчингүй болсонд тооцно.
- Хууль тогтоомжийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн бүрэн шинэчлэх ажлыг 1996 онд багтаан хийж дуусгана.
Зургадугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хууль ба Монгол Улсын олон улсын гэрээ
- Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болох хүртэл даган мөрдөж ирсэн бөгөөд мөнхүү Үндсэн хуульд харшлахгүй БНМАУ-ын олон улсын гэрээг Монгол Улс цаашид нэгэн адил дагаж мөрдөнө.
- Монгол Улсын Үндсэн хуульд харшлаагүй БНМАУ-ын олон улсын гэрээ бусад хуулийн заалттай зөрчилдсөн тохиолдолд мөнхүү олон улсын гэрээний заалтыг баримтална.
- БНМАУ-ын олон улсын гэрээ буюу түүний заалтууд Монгол Улсын Үндсэн хуульд харшилбал тэдгээрийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх асуудлыг олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, тухайн гэрээнд заасан болзол, журмын дагуу 199З онд багтаан шийдвэрлэнэ.
Долдугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хууль ба хүний эрх
- Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болох өдөр БНМАУ-ын харьяат байсан бүх хүн Монгол Улсын харьяат хэвээр байна.
- Монгол Улсын иргэн харьяатаас гарах, гадаадын иргэн харьяалалгүй хүнийг Монгол Улсын харьяат болгох асуудлыг холбогдох хууль нь шинэчлэгдэх хүртэл Монгол Улсын Үндсэн хуулийн зарчмын үндэслэлийг баримтлан, одоо дагаж мөрдөж байгаа “БНМАУ-ын Харьяатын тухай хууль”, “БНМАУ-д байгаа гадаадын иргэдийн эрх, үүргийн тухай хууль”-ийн дагуу шийдвэрлэнэ.
- Монгол Улсын Үндсэн хуульд тодорхойлсон хүний эрхийг дордуулсан заалт бүхий БНМАУ-ын хууль болон олон улсын гэрээ, тэдгээрийн заалтыг мөнхүү Үндсэн хууль хүчин төгөлдөр болсноос хойш хэрэглэхийг хориглоно. Монгол Улсын Үндсэн хуульд харшлаагүй Монгол Улсын хууль ба олон улсын гэрээний хүний эрхийн талаархи заалт зөрчилдвөл уул гэрээний заалтыг баримтална.
Наймдугаар зүйл. Бусад үндэслэл
- Монгол Улсын Төрийн дууллын үг, аяыг Улсын Бага Хурал 1992 оны долдугаар сарын 10-наас өмнө батлах бөгөөд тийнхүү батлах хүртэл эдүгээ эгшиглүүлж байгаа Төрийн дууллын үг, аяыг хэвээр хэрэглэнэ.
- Монгол Улсын Төрийн сүлд, туг, далбаа, тамгыг Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хэрэглэх бөгөөд харин төрийн төв, орон нутгийн байгууллагуудын тамга, тэмдэг зэргийг шинэчлэх ажлыг тухайн байгууллагын шинэчлэлттэй уялдуулан зохих үе шаттайгаар хийж гүйцэтгэхийг Засгийн газар эрхэлнэ.
- Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн "БНМАУ-ын" гэсэн хаяг бүхий төрийн бүх байгууллага "Монгол Улсын ..." гэж нэрлэгдэнэ.
Есдүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
- Энэхүү Хавсралт хууль Монгол Улсын Үндсэн хуулийнхаа нэгэн адил хүчинтэй.
- Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралт хуулийг 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
- Монгол Улсын Үндсэн хуулийг дагаж мөрдсөн өдөр 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн БНМАУ-ын Үндсэн хууль /1960 оны/, түүний Нэмэлтийн тухай хуулийн хамт түүхэн үүргээ гүйцэтгэж халагдсанд тооцно.
БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН АРДЫН ИХ ХУРАЛ
1992 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цаг З8 минут
Улаанбаатар хот