НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ

НЭГДYГЭЭР БYЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт                         

1.1.Энэ хуулийн зорилт нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үндсэн зарчим, журмыг тодорхойлж, уг сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомж

                  

2.1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

            3.1.1.“сонгогч” гэж Улсын нийслэлд байнга оршин суугч буюу Иргэний бүртгэлийн тухай хуулийн 25.1-д заасны дагуу оршин сууж байгаа засаг захиргааны нэгждээ 180 хоногоос дээш хугацаагаар оршин сууж байгаа бөгөөд ийнхүү оршин суух бүртгэлтэй Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн, түүнчлэн энэ хуулийн 6.3, 6.4-т заасан иргэнийг;

            3.1.2.“сонгуулийн эрх бүхий иргэн” гэж Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 3.1.2-т заасан иргэнийг;

3.1.3.“нэр дэвшигч” гэж энэ хуульд заасан журмын дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшиж бүртгүүлэн нэр дэвшигчийн үнэмлэх авсан иргэнийг.

           

4 дүгээр зүйл.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль

4.1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль нь Улсын нийслэл /цаашид “нийслэл” гэх/-д байнга оршин сууж байгаа Монгол Улсын иргэд нутгийн өөрөө удирдах байгууллагаа өөрсдийн төлөөлөгчдөөр бүрдүүлэх үндсэн арга мөн.

4.2.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль /цаашид “сонгууль” гэх/ нь ээлжит, ээлжит бус, нөхөн, дахин сонгууль гэсэн төрөл зүйлтэй байна.

4.3.“Ээлжит сонгууль” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар дөрвөн жил тутам явагдаж байгаа сонгуулийг хэлнэ.

4.4.Ээлжит сонгуулийг энэ хуулийн 4.3-т заасан хугацаанд заавал явуулах бөгөөд энэ хуулийн 8.3-т заасан онцгой нөхцөлөөс бусад тохиолдолд энэ хуулийн 4.3-т заасан хугацааг өөрчлөхийг хориглоно.

4.5.“Ээлжит бус сонгууль” гэж Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 15.1-д заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тохиолдолд явагдах сонгуулийг хэлнэ.

4.6.“Нөхөн сонгууль” гэж энэ хуулийн 49.1, 49.2-т зааснаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн орон гарсан суудлыг нөхөх зорилгоор явагдах сонгуулийг хэлнэ.

4.7.“Дахин сонгууль” гэж ээлжит, ээлжит бус сонгуулийг бүхэлд нь хүчингүйд тооцсоны дараа шинээр нийслэлийн нийт нутаг дэвсгэрт, эсхүл ээлжит, ээлжит бус болон нөхөн сонгуулийг нэг буюу хэд хэдэн сонгуулийн тойрогт хүчингүйд тооцсоны дараа тухайн тойрогт явагдах сонгуулийг хэлнэ.

4.8.Сонгуулиар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10.1.2-т заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 45 төлөөлөгчийг сонгоно.

4.9.Энэ хуулийн 25.1-д заасан 30-аас илүүгүй нэр дэвшигчийг энэ хуулийн 12.1-д заасан сонгуулийн тойргоос, энэ хуулийн 25.2-т заасан 15-аас илүүгүй нэр дэвшигчийг улс төрийн нам буюу улс төрийн намуудын сонгуулийн эвсэл /цаашид “нам, эвсэл” гэх/-ийн жагсаалтаас тус тус сонгоно.

5 дугаар зүйл.Сонгуулийн үндсэн зарчим

5.1.Сонгуулийн тогтолцоо нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг нийслэлд байнга оршин суух бүртгэлтэй Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгох эрхийг хангахад үндэслэх бөгөөд сонгуульд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 5.3-5.7-д заасан зарчмыг баримтална.

6 дугаар зүйл.Нийслэлийн оршин суугчийн сонгох, сонгогдох эрх

6.1.Нийслэлд байнга оршин суух бүртгэлтэй болон энэ хуулийн 6.3, 6.4-т заасан Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн /цаашид “иргэн” гэх/ үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр сонгуульд оролцох эрхтэй.

6.2.Энэ хуульд заасан шаардлагыг хангасан арван найман нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй.

6.3.Байнга оршин сууж байгаа газраасаа нийслэлд шилжин суралцаж байгаа оюутан, түүнчлэн нийслэлд байршилтай цэргийн анги, нэгтгэлийн цэргийн алба хаагч түр оршин суугаа газрынхаа сонгуулийн хэсэгт сонгуульд оролцож санал өгч болно.

6.4.Улсын Их Хурлын сонгуульд нийслэлд санал өгөх эрх бүхий Монгол Улсын иргэн сонгуульд санал өгөх эрхтэй.

6.5.Иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглох бөгөөд энэ заалтыг зөрчсөн этгээдэд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6.9, 6.10-т заасан хариуцлагыг хүлээлгэнэ.

6.6.Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, эсхүл хорих газар ял эдэлж байгаа иргэн сонгуульд оролцох эрх эдлэхгүй бөгөөд үүнийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6.5, 6.6-д зааснаар ойлгоно.

7 дугаар зүйл.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэх эрх

7.1.Нийслэлд өөрийн салбартай, сонгууль зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгэгдсэн нам, эвсэл сонгуульд оролцож, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид “Хурал” гэх/-ын төлөөлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй.

7.2.Энэ хуулийн 6.2-т заасан иргэн Хурлын төлөөлөгчид нэрээ бие даан дэвшүүлэх эрхтэй.

8 дугаар зүйл.Сонгууль товлон зарлах

8.1.Сонгуулийг санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлана.

8.2.Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр байна.

8.3.Сонгуулийг хойшлуулах, сонгуулийн үйл ажиллагааг зогсоохтой холбогдсон харилцааг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн  тухай хуулийн 8.5, 8.6-д зааснаар зохицуулна.

            8.4.Хурал өөрөө тарах шийдвэр гаргасан бол ийнхүү тарснаас хойш сонгуулийг 30 хоногийн дотор Улсын Их Хурал товлон зарлана.

9 дүгээр зүйл.Сонгуулийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим

9.1.Сонгуулийн үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан зарчмыг баримтална.

10 дугаар зүйл.Сонгуулийн үйл ажиллагааны эдийн засгийн баталгаа

10.1.Сонгууль зохион байгуулахтай холбогдсон дор дурдсан зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ:

                        10.1.1.сонгуулийн тухай хууль тогтоомж, түүнийг сурталчилсан материал хэвлэх, тамга, тэмдэг, лац, тусгай тэмдэг тавих хэрэгсэл, саналын хайрцаг хийх болон тэдгээрийг тээвэрлэх, хүргэх зардал;

            10.1.2.сонгууль зохион байгуулахтай холбогдуулан сонгуулийн хууль тогтоомжид нийцүүлэн Сонгуулийн ерөнхий хорооноос нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан дүрэм, журам, заавар, гарын авлагыг хэвлэх, тэдгээрийг хүргэх зардал;

            10.1.3.нийслэлийн сонгуулийн хороо, нийслэлийн сонгуулийн тойргийн хороо болон хэсгийн хороо /цаашид “сонгуулийн хороод” гэх/-ны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн сонгууль зохион байгуулахтай холбогдсон сургалтын зардал;

           

            10.1.4.онцгой нөхцөл байдал үүссэн үед гарч болзошгүй зардал;

10.1.5.нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын санхүүжилт, түүний зарцуулалтыг хянахад гарах зардал;

            10.1.6.сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдон гарах бусад зардал.

10.2.Хурал нь сонгуулийн ажилд шаардагдах дор дурдсан зардлыг сонгуулийн жилийн нийслэлийн төсөвт тусган санхүүжүүлнэ:

                        10.2.1.нэр дэвшигч, нам, эвслийн сонгуулийн ажил эрхэлсэн ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагч, түүнчлэн сонгуулийн хорооны гишүүний болон ажиглагчийн үнэмлэх, саналын хуудас, бие даан нэр дэвшигчийг дэмжигч-сонгогчдын гарын үсэг зуруулах маягт, сонгогчдын нэрийн жагсаалт, сонгуулийн дүн мэдээний маягт, сонгуулийн хорооны албан бичгийн хэвлэмэл хуудас хэвлэх, тээвэрлэх, хүргэх зардал;

10.2.2.сонгуулийн хорооны ажиллах болон санал авах байрыг тохижуулах зардал;

                        10.2.3.сонгуулийн тухай хууль тогтоомж, түүнчлэн Хурал болон сонгуулийн холбогдох хорооноос сонгууль зохион байгуулахтай холбогдуулан гаргасан шийдвэр, заавар, гарын авлагыг хэвлэх, тэдгээрийг сонгогчдод хүргэх, сурталчлах, тайлбарлан таниулах, сонгогчдыг бусад мэдээллээр хангах арга хэмжээний зардал;

                        10.2.4.дахин санал хураах, ээлжит бус, нөхөн болон дахин сонгууль явуулах зардал;

            10.2.5.сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүний тухайн сонгуулийн хороонд ажилласан хугацааны мөнгөн урамшуулал, хоолны зардал;

           

10.2.6.сонгуулийн хороодын бичиг хэрэг, шуудан, холбоо, унаа, албан томилолтын зардал;

                        10.2.7.Хурлаас тогтоосон бусад зардал.

            10.3.Энэ хуулийн 10.2-т заасан зардлын хэмжээг Хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө тогтооно.

10.4.Нийслэлийн сонгуулийн хороо энэ хуулийн 10.2.1-д заасан үнэмлэх, маягт, албан бичгийн хэвлэмэл хуудасны загварыг батлах ба хууль тогтоомж, дүрэм, журам, гарын авлага, материал, тамга, тэмдэг, лац, бусад шаардлагатай хэрэгслийг холбогдох сонгуулийн хороодод хүргүүлэх ажлыг зохион байгуулна.

            10.5.Хурал нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд байгуулагдсан сонгуулийн тойргуудын мэдээллийн нэгтгэсэн дүн, түүнчлэн энэ хуулийн 10.1-д заасны дагуу улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын тооцоог гаргаж Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.

10.6.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 10.5-д заасан мэдээлэл, тооцоог нэгтгэж улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын талаарх санал боловсруулж Улсын Их Хуралд ирүүлэх бөгөөд Улсын Их Хурал уг саналыг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, шийдвэрлэнэ.

            10.7.Сонгуулийн хорооны ажиллах, санал авах байрыг төрийн болон орон нутгийн өмчит буюу тэдгээр өмчийн оролцоотой хуулийн этгээд үнэ төлбөргүй гаргаж өгнө.

            10.8.Сонгуулийн хороог ажлын байр, тээвэр, холбооны болон бусад шаардлагатай хэрэгслээр хангах асуудлыг тухайн шатны Засаг дарга хариуцна.

10.9.Энэ хуулийн 10.1, 10.2-т заасан зардлын гүйцэтгэлд төрийн аудитын төв болон орон нутгийн байгууллага аудит хийж, дүгнэлт гаргана.

10.10.Энэ хуулийн 10.7-д заасныг зөрчсөн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 10.8-д заасныг зөрчсөн Засаг даргыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

ХОЁРДУГААР БYЛЭГ

СОНГУУЛИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

11 дүгээр зүйл.Сонгуулийн нутаг дэвсгэрийн хуваарь

11.1.Сонгуулийн нутаг дэвсгэр нь нийслэлийн нутаг дэвсгэр байна.

11.2.Энэ хуулийн 4.9-д заасан Хурлын 30 төлөөлөгчийг сонгох сонгуулийн нутаг дэвсгэр нь сонгуулийн тойрог /цаашид “тойрог” гэх/-т хуваагдана.

11.3.Тойрог нь сонгуулийн хэсэг /цаашид “хэсэг” гэх/-т хуваагдана.

12 дугаар зүйл.Тойрог, хэсэг байгуулах

12.1.Хурал сонгуулийн тойргийг санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө байгуулж, мандатыг хуваарилж, тойргийн дугаар, нутаг дэвсгэр, төвийг сонгогчдод мэдээлнэ.

            12.2.Дор дурдсан тохиолдолд Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн 12.1-д заасан хугацаанаас өмнө тойрог өөрчлөх саналыг Хуралд оруулна:

                        12.2.1.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь өөрчлөгдсөн нь тойргийн зохион байгуулалтад нөлөөлөхөөр байвал;

                        12.2.2.тойргийн хүн амын тоо нь өмнөх сонгуулиас хойших хугацаанд 20-оос дээш хувиар өөрчлөгдсөн нь тойргийн зохион байгуулалтад нөлөөлөхөөр байвал.

            12.3.Хурал нь энэ хуулийн 12.2-т заасан саналыг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ.

12.4.Энэ хуулийн 11.3-т заасан хэсэг нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 13.1-д заасны дагуу байгуулагдсан сонгуулийн хэсэг байна.

ГУРАВДУГААР БYЛЭГ

СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, БҮРЭН ЭРХ

13 дугаар зүйл.Сонгуулийн байгууллага

13.1.Сонгуулийг Нийслэлийн сонгуулийн хороо, нийслэлийн сонгуулийн тойргийн хороо болон сонгуулийн хэсгийн хороод зохион байгуулна.

13.2.Сонгуулийн ерөнхий хороо Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн5 7.5-д заасны дагуу энэ хуулийн 13.1-д заасан сонгуулийн хороодод сонгуулийг зохион байгуулж явуулахад нь мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлнэ.

13.3.Сонгуулийг зохион байгуулах, санал хураалтын дүнг нэгтгэн гаргах үүрэг бүхий сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр дор дурдсан журмаар байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийн сонгогчдод мэдээлнэ:

                        13.3.1.Нийслэлийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө Хурлын Тэргүүлэгчид;

                        13.3.2.нийслэлийн сонгуулийн тойргийн хороо /цаашид “нийслэлийн тойргийн хороо” гэх/-г санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө Нийслэлийн сонгуулийн хороо.

13.4.Сонгуулийн хэсгийн хороо нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу байгуулагдах хэсгийн хороо байна.

13.5.Энэ хуулийн 13.3-т заасан сонгуулийн хороодын бүрэлдэхүүний тоог хүн амын тоо, ажлын цар хэмжээг харгалзан Хурлын Тэргүүлэгчид тогтооно.

13.6.Энэ хуулийн 13.3-т заасан сонгуулийн хороо бүрэн эрхээ түүнийг байгуулсан этгээд нь дуусгавар болгох хүртэлх хугацаанд хэрэгжүүлнэ.

13.7.Сонгуулийн хороод нь сонгуулийн байгууллагатай холбогдсон энэ хуульд зааснаас бусад харилцаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 14.4-14.6, 14.8-14.15-д заасан журмыг баримтална.

14 дүгээр зүйл.Нийслэлийн сонгуулийн хорооны бүрэн эрх

            14.1.Нийслэлийн сонгуулийн хороо нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

            14.1.1.сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, түүнийг зохион байгуулах арга хэмжээг авах;

                        14.1.2.сонгуулийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, нийтээр сахин биелүүлэх нөхцөлийг хангах;

                        14.1.3.сонгуультай холбогдсон асуудлаар нийслэлийн тойргийн хороо, хэсгийн хороодын үйл ажиллагааг зохион байгуулалт, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах;

                        14.1.4.сонгууль зохион байгуулах асуудлаар тухайн нутаг дэвсгэр дэх төрийн холбогдох байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

                        14.1.5.сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслийг бүртгэх;

14.1.6.нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох;

                        14.1.7.сонгуулийн ажилд зориулан улсын болон орон нутгийн төсвөөс хуваарилсан хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах, зохих журмын дагуу харьяалах нийслэлийн тойргийн хороо, хэсгийн хороодод хуваарилах, зарцуулалтад хяналт тавих;

            14.1.8.сонгууль зохион байгуулах асуудлаар нийслэлийн тойргийн хороо, хэсгийн хороодын болон нийслэлийн нутаг дэвсгэр дэх зохих шатны төрийн байгууллагын удирдах албан тушаалтны мэдээллийг сонсож, шаардлагатай арга хэмжээ авах;

                        14.1.9.нийслэлийн тойргийн хороо, хэсгийн хороодын шийдвэрийн талаарх өргөдөл, гомдлыг бүрэн эрхийнхээ хүрээнд хянан шийдвэрлэж бичгээр хариу өгөх;

                        14.1.10.Сонгуулийн ерөнхий хорооноос хууль тогтоомжид заасны дагуу ирүүлсэн техник хэрэгсэл, бусад зүйлийг нийслэлийн тойргийн хороо, хэсгийн хороодод хуваарилах;

                        14.1.11.холбогдох баримт материалыг хэвлүүлэх, нийслэлийн тойргийн хороо, хэсгийн хороодод хуваарилах;

                        14.1.12.нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах;

                        14.1.13.сонгуулийн нэгдсэн дүнг гаргаж, нийтэд мэдээлэх, Хурлын төлөөлөгчдийг бүртгэж, тэдний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх шийдвэрийн төсөл боловсруулж, Хуралд өргөн мэдүүлэх, сонгуулийн дүнг Сонгуулийн ерөнхий хороонд хүргэх;

            14.1.14.дахин санал хураах, нөхөн болон дахин сонгууль явуулах ажлыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах;

                        14.1.15.сонгуулийн ажилтай холбогдолтой баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу цэгцэлж Хурлын архивт хүлээлгэн өгөх;

                        14.1.16.сонгууль зохион байгуулахтай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан шийдвэр, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, зааварчилгаа, үүргийг биелүүлэх;

14.1.17.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

            14.2.Нийслэлийн сонгуулийн хороо нь сонгуультай холбоотой тойргийн хороо, хэсгийн хорооны хууль тогтоомжид нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй.

            14.3.Нийслэлийн сонгуулийн хорооны дарга дотоод ажлын асуудлаар захирамж гаргах эрхтэй.

15 дугаар зүйл.Нийслэлийн тойргийн хорооны бүрэн эрх

            15.1.Нийслэлийн тойргийн хороо нь харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд энэ хуулийн 14.1.1-14.1.4, 14.1.7-14.1.9, 14.1.14-т зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

                        15.1.1.сонгуульд оролцогч нам, эвслийн сонгуулийн ажил эрхэлсэн ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагчийг бүртгэж, үнэмлэх олгох;

                        15.1.2.энэ хуулийн 10.1.1, 14.1.10, 14.1.11-д заасан материал, тамга, тэмдэг, лац, үнэмлэх, маягт, саналын хуудас, албан бичгийн хэвлэмэл хуудас зэргийг хэсгийн хороодод хуваарилах;

15.1.3.санал хураалтын дүнгийн тухай харьяалах хэсгийн хороодын шийдвэрийг үндэслэн сонгуулийн дүнг нэгтгэн Нийслэлийн сонгуулийн хороонд хүргэх;

                        15.1.4.сонгуулийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу цэгцэлж Нийслэлийн сонгуулийн хороонд хүлээлгэн өгөх;

                        15.1.5.сонгуультай холбогдуулан Нийслэлийн сонгуулийн хорооноос хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан шийдвэр, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, зааварчилгаа, үүргийг биелүүлэх;

                        15.1.6.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

            15.2.Нийслэлийн тойргийн хороо нь харьяалах хэсгийн хороодын хууль тогтоомжид нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй.

16 дугаар зүйл.Хэсгийн хорооны бүрэн эрх

            16.1.Хэсгийн хороо Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 18.3-т заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэн, сонгогчдын санал авах, сонгуулийн санал хураалтын дүнг нийслэлийн тойргийн хороонд хүргэх ажлыг зохион байгуулна.

17 дугаар зүйл.Сонгуулийн хороодын ажлын зохион байгуулалт

17.1.Сонгуулийн хороод нь ажлынхаа зохион байгуулалттай холбогдсон харилцаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг баримтална.

ДӨРӨВДYГЭЭР БYЛЭГ

СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ

18 дугаар зүйл.Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах

18.1.Сонгуулийг зохион байгуулж явуулахдаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу үйлдсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг баримтална.

19 дүгээр зүйл.Сонгогчдын нэрийн жагсаалттай холбогдсон гомдлыг шийдвэрлэх журам

19.1.Сонгогчдын нэрийн жагсаалттай холбогдсон гомдлыг шийдвэрлэхэд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.

20 дугаар зүйл.Сонгогч шилжих

20.1.Сонгогч шилжихтэй холбогдсон харилцаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

ТАВДУГААР БYЛЭГ

НАМ, ЭВСЭЛ СОНГУУЛЬД ОРОЛЦОХ

21 дүгээр зүйл.Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх

21.1.Энэ хуулийн 7.1-д заасан нам, эвсэл сонгуульд оролцох эрхтэй.

21.2.Нам, эвсэл нь сонгуульд оролцох хүсэлтээ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 23.4, 23.5-д заасан баримт бичгийн хамт Нийслэлийн сонгуулийн хороонд сонгууль товлон зарласан өдрөөс хойш тав хоногийн дотор ирүүлнэ.

22 дугаар зүйл.Намууд эвсэл байгуулах, эвслийн гэрээ

22.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгуульд намууд эвсэл байгуулж оролцох, эвслийн гэрээтэй холбогдсон харилцаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан холбогдох журмыг баримтална.

22.2.Эвсэл албан ёсны нэр, бэлэгдэлтэй байх бөгөөд түүнийг хувь хүн, улс, үндэстэн, овгийн нэрээр болон өмнөх сонгуульд өөр намуудын эвслийн хэрэглэсэн нэрээр нэрлэхийг тус тус хориглох ба нэгэнт зарлагдсан эвслийн нэрийг сонгуулийн явцад болон шинээр сонгогдсон Хурлын бүрэн эрхийн хугацаанд өөрчлөхийг хориглоно.

22.3.Эвслийг төлөөлөх байгууллага нь эвсэлд нэгдэн орсон нам бүрээс тухайн намын эрх бүхий төлөөллийн байгууллагаас томилогдсон төлөөлөгчдөөс бүрдэх бөгөөд эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, эвслийн гэрээнд өөрчлөлт оруулах, эвслийн жагсаалтаар нэр дэвшигчдийн дарааллыг тогтоох, Хурлын дарга, нийслэлийн Засаг дарга зэрэг улс төрийн албан тушаалд нэр дэвшүүлэх, нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх, эвслийн гэрээг цуцлах зэргээр сонгууль болон эвсэлтэй холбогдсон асуудлаар шийдвэр гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлэх боловч намуудад ногдсон суудлын тоог өөрчлөх эрхгүй.

22.4.Эвслийн гэрээ нь тухайн сонгууль, түүний үр дүнд байгуулагдсан Хурлын бүрэн эрхийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

22.5.Эвсэлд нэгдэн орсон намууд нь Хурлын ээлжит болон нөхөн сонгууль, түүнчлэн шинээр сонгогдсон Хуралд нэг этгээд болж оролцох бөгөөд эвслийн аль нэг нам дангаараа /эвслээс гадуур/ нэр дэвшүүлэх, сонгуулийн зардлын данс нээлгэх, өөр намуудын эвсэлд нэгдэн орох, бие даан болон өөр эвсэл байгуулан сонгуульд оролцохыг хориглох бөгөөд хэрэв аль нэг нам нь ийм шийдвэр гаргасан бол эвслийг тарсан гэж үзнэ.

22.6.Эвсэлд нэгдэн орсон нам хэдийд ч эвслээс гарах эрхтэй бөгөөд намын эрх бүхий төлөөллийн байгуулага нь энэ хуулийн 22.3-т заасан эвслийг төлөөлөх байгууллагад энэ тухай албан ёсоор мэдэгдсэнээр тухайн намыг эвслээс гарсанд тооцох бөгөөд энэ тохиолдолд эвслийг тарсан гэж үзнэ.

22.7.Энэ хуулийн 22.5, 22.6-д заасны дагуу эвсэл нэгэнт тарсан бол Хурлын тухайн сонгуулийн явцад болон түүний үр дүнд байгуулагдсан Хуралд эвслийн бүрэлдэхүүнд орж байсан намууд дахин нэгдэж эвсэл байгуулахыг хориглоно.

22.8.Анхнаасаа эвсэлд нэгдээгүй намууд, түүнчлэн энэ хуулийн 22.5, 22.6-д заасны дагуу эвсэл нэгэнт тарсан бол Хурлын тухайн сонгуулийн явцад дахин нэгдэж эвсэл байгуулахыг хориглоно.

            23 дугаар зүйл.Сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх

23.1.Нийслэлийн сонгуулийн хороо энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслийг бүртгэхдээ тэдгээрийн ирүүлсэн баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэхийг нягтлан шалгаж, уг баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.

23.2.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25.3-т заасан үндэслэл байвал Нийслэлийн сонгуулийн хороо нам, эвслийг бүртгэхээс татгалзана.

 23.3.Нийслэлийн сонгуулийн хороо нам, эвслийг бүртгэсэн тухай шийдвэр гаргасан бол батламж олгоно.

ЗУРГАДУГААР БYЛЭГ

ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД НЭР ДЭВШҮҮЛЭХ, НЭР ДЭВШИГЧИЙГ БҮРТГЭХ

            24 дүгээр зүйл.Нэр дэвшүүлэх нийтлэг журам

            24.1.Сонгуульд оролцох нам, эвсэл Хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг сонгууль товлон зарласан өдрөөс хойш арав хоногийн дараа эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана.

24.2.Сонгуульд бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг сонгууль товлон зарласан өдрөөс хойш тав хоногийн дараа эхлүүлж, арав хоногийн хугацаанд дуусгана.

24.3.Нэр дэвшигч нь энэ хуулийн 6.2-т зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

            24.3.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өр болон хугацаа хэтэрсэн албан татварын өр төлбөргүй байх;

            24.3.2.ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78.2, 78.3-т заасны дагуу ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх;

/Энэ хэсгийг 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

24.3.3.нийслэлд нэгээс доошгүй жилийн хугацаанд байнга оршин сууж байгаа.

24.4.Төрийн жинхэнэ албан хаагч Хурлын төлөөлөгчид нэр дэвших бол холбогдох хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.

24.5.Энэ хуулийн 24.4-т зааснаас бусад этгээд Хурлын төлөөлөгчид нэр дэвшигчээр бүртгүүлэхээсээ өмнө ажил, албан тушаалаасаа түр чөлөөлөгдсөн байна.

 24.6.Нэг намын гишүүнийг нөгөө намаас, эвслийн тухайд түүнд нэгдэн орсон намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг тус тус хориглоно.

24.7.Нэр дэвшигч нь нэгээс илүү тойрогт нэр дэвшиж болохгүй.

24.8.Нам, эвсэл аливаа нэг намын гишүүн бус иргэнийг түүний бичгээр гаргасан зөвшөөрлийн үндсэн дээр нэрийг нь дэвшүүлж болно.

24.9.Нэр дэвшигч нь тойрогт нэр дэвших, эсхүл нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшихийн аль нэгийг нь сонгож зөвшөөрөх бөгөөд эрх бүхий байгууллага энэ асуудлаар нэгэнт шийдвэр гаргасан бол түүнийг дахин өөрчлөхийг хориглоно.

24.10.Сонгуульд нэр дэвшигч нь Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшихийг хориглоно.

24.11.Энэ хуулийн 24.4-т зааснаар төрийн албанаас чөлөөлөгдсөн иргэн төрийн албанд эргэж ороход Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

25 дугаар зүйл.Нам, эвслээс нэр дэвшүүлэх

25.1.Нам, эвсэл 30-аас илүүгүй хүнийг тойрогт, тухайн тойргийн мандатын тооноос хэтрэхгүй байхаар нэр дэвшүүлнэ.

25.2.Нам, эвсэл 15-аас илүүгүй хүнийг дараалалд оруулсан жагсаалтаар нэр дэвшүүлнэ.

25.3.Энэ хуулийн 25.1, 25.2-т заасан нэр дэвшигчид давхардсан байж болохгүй бөгөөд нам, эвслээс нэр дэвшүүлэх асуудлыг нам, эвслийн эрх бүхий төлөөллийн байгууллага шийдвэрлэнэ.

25.4.Энэ хуулийн 25.2-т заасан дарааллыг энэ хуулийн 25.3-т заасан эрх бүхий төлөөллийн байгууллагын хуралдаанд оролцогчдоос нэр дэвшигч бүрийн авсан саналын тоо, хувиар эрэмбэлэн гаргана.

25.5.Нам, эвслээс нэр дэвшигчдийн 20-оос доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байна.

25.6.Нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан нийтлэг журмаас гадна Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 27.4-27.7-д заасан журмын холбогдох заалтыг баримтална.

            26 дугаар зүйл.Бие даан нэрээ дэвшүүлэх

26.1.Бие даан нэрээ дэвшүүлэгч нь энэ хуулийн 11.2-т заасан тойрогт нэрээ дэвшүүлнэ.

26.2.Бие даан нэрээ дэвшүүлэгч нь нийслэлд тухайн тойргийн сонгуулийн эрх бүхий 200-аас доошгүй дэмжигч-сонгогчдын гарын үсгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу зуруулж, Нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлнэ.

26.3.Бие даан нэрээ дэвшүүлэгч нь энэ хуулийн 26.2-т заасан маягтад гарын үсэг зуруулахдаа тухайн тойрогт хамрагдсан засаг захиргааны нэгж бүрийн сонгогчийн дэмжлэгийг авсан байвал зохино.

26.4.Энэ хуулийн 26.2-т заасан маягтад дэмжигч-сонгогчдын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийг гаргацтай, тодорхой бичсэн байна.

26.5.Нэр дэвшигчийг дэмжсэн дэмжигч-сонгогчдын гарын үсэг үнэн зөв эсэхийг тухайн хэсгийн хороо сонгогчдын иргэний баримт бичиг, хаягийн бүртгэлтэй тулгах буюу шаардлагатай бол дэмжигч-сонгогчтой уулзаж нягтлан шалгах бөгөөд гарын үсгийг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдвол тухайн нэр дэвшигчийг Нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрээр нэр дэвшигчдийн жагсаалтаас хасна.

27 дугаар зүйл.Нэр дэвшигчийг бүртгэх

27.1.Нэр дэвшигчийг нийслэлийн сонгуулийн хороо бүртгэнэ.

27.2.Нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь энэ хуулийн 24.1-д заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш хоёр хоногийн хугацаанд багтаан нэр дэвшигчтэй холбогдсон дараах баримт бичгийг Нийслэлийн сонгуулийн хороонд ирүүлнэ:

            27.2.1.нэр дэвшүүлсэн тухай шийдвэр, тэмдэглэл;

            27.2.2.нийт нэр дэвшигчийн жагсаалт, нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл;

            27.2.3.нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг;

            27.2.4.энэ хуулийн 24.3.1-д заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг, эрх бүхий байгууллагын тодорхойлолт;

            27.2.5.энэ хуулийн 24.3.2-т заасныг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт;

            27.2.6.энэ хуулийн 24.4, 24.5-д заасан этгээдийн тухайд төрийн албанаас чөлөөлөгдсөн тухай болон ажил, албан тушаалаасаа түр чөлөөлөгдсөн тухай эрх бүхий байгууллагын шийдвэр;

            27.2.7.нэр дэвшигчийн намтар.

27.3.Бие даан нэрээ дэвшүүлэгч нь энэ хуулийн 27.2-т заасан хугацаанд багтаан энэ хуулийн 27.2.3-27.2.7-д заасан баримт бичиг болон дэмжигч-сонгогчдын гарын үсэг цуглуулсан маягт, нэрээ дэвшүүлснээ илэрхийлсэн мэдэгдлийн хамт Нийслэлийн сонгуулийн хороонд ирүүлнэ.

27.4.Энэ хуулийн 27.2.4-т заасан тодорхойлолтыг Улсын дээд шүүх, энэ хуулийн 27.2.5-д заасан тодорхойлолтыг цагдаагийн төв байгууллага нэр дэвшигч тус бүрээр гаргаж, Нийслэлийн сонгуулийн хороонд сонгууль товлон зарласан өдрөөс хойш 25 хоногийн дотор албан бичгээр хүргүүлнэ.

27.5.Нийслэлийн сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэхдээ нам, эвсэл болон нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгана.

27.6.Нийслэлийн сонгуулийн хороо бие даан нэр дэвшигчийн дэмжигч-сонгогчдын мэдээлэл үнэн зөв эсэхийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын гаргасан сонгогчдын нэрийн жагсаалт, оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй түүвэрлэн тулгах буюу шаардлагатай бол тухайн иргэнтэй уулзаж нягтлан шалгах бөгөөд уг ажлыг нийслэлийн тойргийн хороогоор гүйцэтгүүлж болно.

27.7.Нийслэлийн сонгуулийн хороо энэ хуулийн 27.2, 27.3-т заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор нэр дэвшигчээр бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэнэ.

27.8.Энэ хуульд зааснаас бусад нэр дэвшигчийг бүртгэхтэй холбогдсон бусад харилцаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан холбогдох журмыг баримтална.

28 дугаар зүйл.Нөхөн нэр дэвшүүлэх

28.1.Нам, эвслээс нэр дэвшигч нас барсан, эсхүл шүүхээр ял шийтгүүлсэн тохиолдолд тухайн нам, эвсэл нь өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлэх шийдвэрээ Нийслэлийн сонгуулийн хороонд санал авах өдрөөс 20 хоногийн өмнө ирүүлж, энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу бүртгүүлж болно.

28.2.Нам, эвсэл энэ хуулийн 28.1-д зааснаас бусад тохиолдолд нөхөн нэр дэвшүүлэхийг хориглоно.

29 дүгээр зүйл.Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах

            29.1.Нэр дэвшигч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлж, зохих журмын дагуу нийтэд зарлагдсаны дараа түүнийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах талаарх энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол Нийслэлийн сонгуулийн хороо энэ тухай шийдвэр гаргаж, нийтэд мэдээлнэ.

29.2.Энэ хуулийн 29.1-д заасан Нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийн талаар маргаан гарвал энэ хуулийн Арван нэгдүгээр бүлэгт заасан харьяалал, журмын дагуу шийдвэрлэнэ.

            30 дугаар зүйл.Нэр дэвшигчид туслах

            30.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол нэр дэвшигчид туслахтай холбогдсон харилцаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

            30.2.Нэр дэвшигч нь 500 сонгогч тутамд нэгээс илүүгүй шадар туслагч, эсхүл ухуулагчтай байна.

31 дүгээр зүйл.Нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаа

31.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаатай холбогдсон бусад харилцаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

31.2.Гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу гэмт хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчийг Нийслэлийн сонгуулийн хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хариуцлагад татах, баривчлах, албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл ногдуулах, орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийх, түүнчлэн захиргааны санаачилгаар ажлаас халахыг хориглоно.

31.3.Энэ хуулийн 31.2-т заасныг зөрчсөн этгээдэд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 33.4, 33.5-д заасан хариуцлагыг хүлээлгэнэ.

ДОЛДУГААР БYЛЭГ

СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР, СУРТАЛЧИЛГАА

            32 дугаар зүйл.Сонгуулийн мөрийн хөтөлбөр

            32.1.Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байх бөгөөд мөрийн хөтөлбөр нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын биелэлтийг хангахад чиглэсэн байна.

/Энэ хэсгийг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

32.2.Нам, эвслээс нэр дэвшигч нь тухайн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс өөр бие даасан сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байхыг хориглоно.

32.3.Энэ хуулийн 32.1-д заасан сонгуулийн мөрийн хөтөлбөрт мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбогдсон эрх олгох, уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлогоос иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх, эсхүл зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх, түүнчлэн үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх, эсхүл ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авахаар тусгахыг хориглоно.

32.4.Нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээ тусгагдсан тохиолдолд түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцсэн байна.

32.5.Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлсэн эсэхэд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийн талаарх тооцоо, судалгааг хөндлөнгийн хяналтын байгууллагаар хянуулсан байна.

/Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            32.6.Энэ хуулийн 32.1-32.3-т заасныг зөрчсөн нь тухайн нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах, нам, эвслийг сонгуульд оролцохоор бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүйд тооцох үндэслэл болох бөгөөд уг шийдвэрийг Нийслэлийн сонгуулийн хороо нийтэд мэдээлнэ.

/Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            33 дугаар зүйл.Сонгуулийн сурталчилгаа

33.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгуулийн сурталчилгаа явуулахад нам, эвсэл, нэр дэвшигч, сонгуулийн хороод болон бусад этгээд нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн холбогдох заалтыг баримтална.

33.2.Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан хоёр хэвлэлийн хуудас бүхий сонин, хэвлэл, нэг хэвлэлийн хуудас бүхий ухуулах болон зурагт хуудас, нэр дэвшигчийн намтар, бусад сурталчилгааны материалыг нэг хэвлэлийн хуудаст тус тус багтаана.

33.3.Бие даан нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан нэг хэвлэлийн хуудас бүхий сонин, хэвлэл, нэг хэвлэлийн хуудас бүхий ухуулах болон зурагт хуудас, нэр дэвшигчийн намтар, бусад сурталчилгааны материалыг нэг хэвлэлийн хуудаст тус тус багтаана.

33.4.Энэ хуулийн 33.2, 33.3-т заасан хязгаарлалтын дүнг хэвлэмэл байдлаар сонгогчдод тараах тухайн төрлийн хэвлэлийн нийлбэрээр тооцно.

33.5.Хурлын Тэргүүлэгчид нь радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг батлахдаа нам, эвсэл, нэр дэвшигч бүрд тэнцүү хугацаа ногдохоор тооцож, холбогдох шийдвэр гаргаж мөрдүүлнэ.

33.6.Энэ хуулийн 33.5-д заасан сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг бусад нам, эвсэл, нэр дэвшигчид шилжүүлэхийг хориглоно.

33.7.Олон нийтийн радио, телевизээр сонгуулийн аливаа сурталчилгааны нэвтрүүлгийг нэвтрүүлэхийг хориглоно.

33.8.Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевизээр сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийг төлбөртэй нэвтрүүлж болох бөгөөд тухайн радио, телевизийн сонгуулийн сурталчилгааны төлбөртэй нэвтрүүлгийн нийт хугацаа нь хоногт хоёр цагаас илүүгүй байна.

33.9.Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевиз нь нэгээс илүү сувагтай бол сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийг зөвхөн агаарын долгион ашигладаг үндсэн сувгаар нэвтрүүлнэ.

33.10.Сонгуулийн сурталчилгааны уриалга, ухуулах болон зурагт хуудас, зарлал, самбарыг гудамж, талбай болон олон нийтийн газарт байрлуулах байршлыг нам, эвсэл, нэр дэвшигчдийн эрх тэгш байдлыг хангах зарчмыг баримтлан сонгуулийн жилийн тавдугаар сарын арван тавны дотор тухайн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тогтооно.

33.11.Нийслэлийн сонгуулийн хороо болон нийслэлийн тойргийн хороо сонгуулийн сурталчилгааны тэнцвэрт байдалд олон нийтийн оролцоотойгоор хяналт тавьж, энэ асуудлаар нам, эвсэл, нэр дэвшигч, байгууллага, иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шуурхай хянан шийдвэрлэнэ.

33.12.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35.15.1, 35.18.10-т заасныг зөрчиж сонгогчид бэлэн мөнгө, эд бараа тараасныг сонгогч баримттайгаар сонгуулийн хороонд мэдэгдсэнийг тухайн сонгуулийн хороо холбогдох байгууллагад шилжүүлэх бөгөөд уг асуудлыг холбогдох байгууллага үндэслэлтэй болохыг нь тогтоосон тохиолдолд Нийслэлийн сонгуулийн хороо тухайн сонгогчид бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

33.13.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах, нам, эвслийг сонгуульд оролцохоор бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүйд тооцох шийдвэрийг Нийслэлийн сонгуулийн хороо гаргаж, нийтэд мэдээлнэ.

33.14.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасныг зөрчиж сонгогчид мөнгө, эд зүйл тараасан нь тухайн нэр дэвшигч Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцогдож, Хурлын төлөөлөгчийн түр үнэмлэх авснаас хойш тогтоогдвол тухайн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцогдсон этгээдийн Хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхийг Нийслэлийн сонгуулийн хороо хүчингүй болгоно.

            33.15.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35.20-д заасныг зөрчсөн нь нэр дэвшигч, нам, эвслийг сонгуульд оролцохоор бүртгүүлснээс хойш тогтоогдсон бол нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах, нам, эвслийг сонгуульд оролцохоор бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүйд тооцох шийдвэрийг Нийслэлийн сонгуулийн хороо гаргаж, нийтэд мэдээлнэ.

34 дүгээр зүйл.Сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх

34.1.Нам, эвсэл, нэр дэвшигч сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийхтэй холбогдсон харилцаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

НАЙМДУГААР БYЛЭГ

СОНГУУЛИЙН ЗАРДАЛ

35 дугаар зүйл.Сонгуулийн зардал

35.1.Хурлын Тэргүүлэгчид тойрогт нэг нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тухайн тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, хүн амын тоо зэргийг харгалзан тойрог тус бүрээр, түүнчлэн нам, эвслийн нэрийн жагсаалтаар нэр дэвшигчдийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө тус тус тогтооно.

35.2.Энэ хуулийн 35.1-д заасан сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээнд багтаан нам, эвслээс нэр дэвшигчийн сонгуулийн зардлыг тухайн нам, эвсэл болон нэр дэвшигч тус тус хариуцах бөгөөд бие даан нэр дэвшигч сонгуулийн зардлаа өөрөө хариуцна.

35.3.Энэ хуулийн 35.1-д заасан сонгуулийн зардлын дээд хэмжээг хэтрүүлсэн нам, эвслийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нэр дэвшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

            36 дугаар зүйл.Сонгуулийн зардлын данс

36.1.Нам, эвсэл нэр дэвшигчдээ Нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлснээс хойш гурав хоногийн дотор нам, эвслийн нэрийн жагсаалтаар нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын нэг дансыг банкинд нээлгэн, Нийслэлийн сонгуулийн хороо болон орон нутгийн төрийн аудитын байгууллагад бичгээр мэдэгдэж, нийтэд зарлана.

36.2.Тойрогт нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь нэр дэвшигч тус бүр дээр, түүнчлэн бие даан нэр дэвшигч нь өөрийн сонгуулийн зардлын дансыг Нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлснээс хойш гурав хоногийн дотор банкинд нээлгэн, Нийслэлийн сонгуулийн хороо болон орон нутгийн төрийн аудитын байгууллагад бичгээр мэдэгдэж, нийтэд зарлана.

36.3.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгуулийн зардлын данстай холбогдсон бусад харилцаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

37 дугаар зүйл.Сонгуулийн хандив

37.1.Сонгуулийн хандивтай холбогдсон харилцаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.

38 дугаар зүйл.Сонгуулийн зардлын тайлан гаргах

38.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол нам, эвсэл, нэр дэвшигч, Нийслэлийн сонгуулийн хороо нь сонгуулийн зардлын тайлан гаргахтай холбогдсон харилцаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.

38.2.Нам, эвслээс нэр дэвшигч нь санал хураалт дууссан өдрөөс хойш 15 хоногт багтаан өөрийн сонгуулийн зардлын тайлангаа нам, эвсэлдээ гаргаж өгөх бөгөөд нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайланг санал хурааж дууссан өдрөөс хойш нэг сарын дотор гаргаж, Нийслэлийн сонгуулийн хороонд ирүүлнэ.

38.3.Нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн сонгуулийн зардлын данс байршуулсан банкны захирал нь уг дансны бүх гүйлгээг нэгтгэсэн тайлан гаргаж, энэ хуулийн 38.2-т заасан хугацаанд Нийслэлийн сонгуулийн хороонд ирүүлнэ.

38.4.Нийслэлийн сонгуулийн хороо зардлын тайланг хянаж, санал хураалт дууссан өдрөөс хойш 45 хоногийн дотор дүнг нийтэд мэдээлэх ба хоёр зуун мянга, түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, таван зуун мянга, түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд зарлана.

38.5.Нийслэлийн сонгуулийн хороо шаардлагатай гэж үзвэл нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын санхүүжилт, түүний гүйцэтгэлийг төрийн аудитын орон нутгийн байгууллагаар шалгуулж, дүгнэлт гаргуулна.

ЕСДYГЭЭР БYЛЭГ

САНАЛ АВАХ, СОНГУУЛИЙН ДҮН ГАРГАХ, ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ БҮРТГЭХ

39 дүгээр зүйл.Санал авах газар, хугацаа

39.1.Сонгуулийн санал авах газар, хугацаатай холбогдсон харилцаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.

40 дүгээр зүйл.Саналын хуудас

40.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол саналын хуудастай холбогдсон бусад харилцаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

40.2.Сонгуулийн саналын хуудас нь Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудастай нэг хуудас байна.

40.3.Саналын хуудас нь тойрогт нэр дэвшигчдийн нэрийг бичсэн болон нам, эвслийн нэрийг бичсэн хоёр хэсэг бүхий нүүр байх бөгөөд энэ нь Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудасны ар нүүрт байрлана.

40.4.Нийслэлийн сонгуулийн хороо саналын хуудаст бичигдэх сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн холбогдох мэдээлэл, тойрогт болон нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшигчдийн мэдээллийг нэр дэвшигчдийн бүртгэл дууссаны дараа Сонгуулийн ерөнхий хороонд нэн даруй хүргэсэн байна.

40.5.Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг эрхлэн хэвлүүлж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 42.10-т заасан журмын дагуу хэсгийн хороонд албан ёсоор хүлээлгэн өгнө.

41 дүгээр зүйл.Санал авах ажиллагаа

41.1.Санал авах ажиллагаатай холбогдсон харилцаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

42 дугаар зүйл.Сонгуулийг ажиглах

42.1.Сонгуулийг ажиглахтай холбогдсон харилцаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.

43 дугаар зүйл.Сонгогч саналаа өгөх

43.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгогч саналаа өгөхтэй холбогдсон бусад харилцаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

43.2.Сонгогч нь саналын хуудасны тойрогт нэр дэвшигчдийн нэрийг бичсэн хэсэг дэх өөрийн дэмжиж байгаа, тухайн тойрогт ногдсон мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугаарыг тэмдэглэнэ.

43.3.Сонгогч нь саналын хуудасны нам, эвслийн нэрийг бичсэн хэсэг дэх өөрийн дэмжиж байгаа зөвхөн нэг нам, эсхүл эвслийн нэрийн өмнөх дугаарыг тэмдэглэнэ.

44 дүгээр зүйл.Санал тоолох

44.1.Сонгуулийн санал тоолохтой холбогдсон харилцаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

45 дугаар зүйл.Санал болон саналын хуудсыг хүчингүйд тооцох

45.1.Санал болон саналын хуудсыг хүчингүйд тооцохтой холбогдсон харилцаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

46 дугаар зүйл.Сонгуулийн дүн гаргах, мэдээлэх

46.1.Нийслэлийн тойргийн хороо нь хэсгийн хороодоос ирүүлсэн санал хураалтын дүнг нэгтгэн, тухайн тойргийн санал хураалтын эцсийн дүнг тойрогт нэр дэвшигчдийн авсан санал, нам, эвслийн авсан санал гэсэн ангиллаар гаргана.

46.2.Нийслэлийн тойргийн хороо тойрогт нэр дэвшигчдийг авсан саналын тоогоор нь эрэмбэлэн дараалалд оруулан жагсаалт /цаашид ““А” жагсаалт” гэх/-ыг гаргаж, нам, эвслийн авсан саналын хамт Нийслэлийн сонгуулийн хороонд хүргэнэ.

46.3.Нийслэлийн сонгуулийн хороо нийслэлийн тойргийн хороодоос ирүүлсэн тойрог бүрийн “А” жагсаалтыг үндэслэн тухайн тойргийн хамгийн олон хувийн санал авсан, мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийг Хурлын төлөөлөгчөөр шууд сонгогдсонд тооцно.

46.4.Энэ хуулийн 46.2-т заасан “А” жагсаалт дахь хамгийн олон хувийн санал авсан нэр дэвшигчдийг тойрогт ногдох мандатын тоогоор таслахад тухайн таслагаа дахь мандатад хуваарилагдах нэр дэвшигчдийн сонгогчдоос авсан саналын тоо нь тэнцсэн тохиолдолд тэдгээр нэр дэвшигчдийг дахин санал хураалтад оруулж хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцно.

46.5.Нийслэлийн сонгуулийн хороо нийслэлийн тойргийн хороодоос ирүүлсэн нам, эвсэлд өгсөн сонгогчдын саналын тоог үндэслэн сонгуулийн дүнг нийслэлийн хэмжээгээр дараах байдлаар нэгтгэн гаргаж, нам, эвсэлд суудлыг хуваарилна:

46.5.1.нам, эвсэл тус бүрийн авсан нийт саналын тоог гаргаж, бүх нам, эвслийн авсан нийт саналын таваас доошгүй хувийн санал авсан нам, эвслийг авсан саналын хувиар нь дараалалд оруулан жагсаалт /цаашид ““Б” жагсаалт” гэх/-ыг гаргах;

46.5.2.энэ хуулийн 46.5.1-д заасан таван хувийн босгыг даваагүй нам, эвслийн авсан нийт саналын хувийг тэнцүү хэмжээгээр хуваан “Б” жагсаалтад орсон нам, эвсэл тус бүрийн авсан саналын хувь дээр нэмж тооцох;

46.5.3.“Б” жагсаалтад орсон нам, эвслийн энэ хуулийн 46.5.2-т заасан саналын хувиудын нийлбэрийг 15-д хувааж нэг суудалд ногдох хувийг тооцох;

46.5.4.“Б” жагсаалтад орсон нам, эвсэл тус бүрийн энэ хуулийн 46.5.2-т заасан саналын хувийг энэ хуулийн 46.5.3-т заасан нэг суудалд ногдох хувьд хувааж Хурлын төлөөлөгчийн 15 суудлыг их үлдэгдлийн зарчмаар хувь тэнцүүлэн хуваарилах;

Тайлбар: “Их үлдэгдлийн зарчмаар хувь тэнцүүлэн хуваарилах” гэж нам, эвслийн авсан саналын хувьд ногдох суудлын тоог бутархай нарийвчлалтай гаргаж, эхний ээлжид бүхэл хэсэгтэй нь тэнцэх суудлыг хуваарилах, хэрэв хуваарилагдаагүй суудал үлдвэл хамгийн их үлдэгдэл буюу бутархай хэсэгтэй нам, эвслээс нь эхлэн нэг нэгээр суудлыг нэмж хуваарилах замаар бүх суудлыг хуваарилж дуусгахыг ойлгоно.

                        46.5.5.энэ хуулийн 25.2-т заасан нэр дэвшигчдийн жагсаалтын эхнээс уг нам, эвсэлд энэ хуулийн 46.5.4-т заасны дагуу хуваарилсан суудлын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийг Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох.

            46.6.Нийслэлийн сонгуулийн хороо энэ хуулийн 46.3, 46.4, 46.5.5-д заасны дагуу Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигчид Хурлын төлөөлөгчийн түр үнэмлэх олгоно.

46.7.Нийслэлийн сонгуулийн хороо сонгуулийн дүнг долоо хоногт багтаан хуралдаанаараа хэлэлцэж, Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр сонгогдсон Хуралд өргөн мэдүүлж, энэ тухай Сонгуулийн ерөнхий хороо болон нийтэд долоо хоногийн дотор мэдээлнэ.

46.8.Санал хураалтын дүнгийн талаар маргаан гарвал Нийслэлийн сонгуулийн хороо санал авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрлэнэ.

АРАВДУГААР БYЛЭГ

САНАЛ ХУРААЛТ БОЛОН СОНГУУЛИЙГ ХҮЧИНГҮЙД ТООЦОХ, ДАХИН САНАЛ ХУРААХ, ДАХИН СОНГУУЛЬ ЯВУУЛАХ, ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ НӨХӨН СОНГОХ

47 дугаар зүйл.Хэсэгт явуулсан санал хураалтыг хүчингүйд тооцох, дахин санал хураах

47.1.Нийслэлийн тойргийн хороо дор дурдсан тохиолдолд хэсэгт явуулсан санал хураалтыг хүчингүйд тооцно:

            47.1.1.байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаангүй байхад урьд нь зарласнаас өөр байранд, түүнчлэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авснаас бусад тохиолдолд санал хураахаар зарласнаас өөр өдөр санал авсан;

            47.1.2.санал авсан саналын хайрцгийг алдсан, үрэгдүүлсэн, эсхүл хуульд заасан цагаас өмнө түүнийг нээсэн;

            47.1.3.сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн буюу сонгогчид хүч хэрэглэн дарамт үзүүлсэн аливаа үйлдэл нь сонгогчийн санал, санал хураалтын дүнг гажуудуулахад хүргэсэн;

47.1.4.сонгуулийн хороодын гишүүн, бусад байгууллагын албан тушаалтан сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, сонгогч шилжих, санал авах ажлыг зохион байгуулах, сонгогч санал өгөх, санал тоолох журмыг зөрчсөн нь тухайн тойргийн сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр бол;

47.1.5.тойрогт тухайн тойргийн сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчийн 50-аас дээш хувь нь оролцоогүй бол уг тойргийн 50-аас дээш хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд.

47.2.Нийслэлийн тойргийн хороо хэсэгт явуулсан санал хураалтыг хүчингүйд тооцвол энэ тухай шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор дахин санал хураалт явуулна.

47.3.Дахин санал хураалт явуулах шийдвэрийг нийслэлийн тойргийн хороо гаргах бөгөөд уг шийдвэрт санал авах байр, өдрийг заах ба түүнийг ажлын өдөр явуулж болно.

47.4.Санал хураалтыг хэсгийн хэмжээгээр хүчингүйд тооцсон бол тухайн хэсгийн нийт сонгогч, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар хураасан саналыг хүчингүйд тооцсон бол уг саналын хайрцагт саналаа өгсөн сонгогчдыг дахин санал хураалтад оролцуулна.

47.5.Дахин санал хураах ажиллагааг дуустал сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно.

47.6.Энэ хуулийн 47.5-д заасныг зөрчсөн нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагч, дэмжигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нам, эвсэл, бусад байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

48 дугаар зүйл.Тойрогт явуулсан сонгуулийг хүчингүйд тооцох, дахин сонгууль явуулах

48.1.Энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу хэсэгт явуулсан дахин санал хураалт хүчингүй болсон бөгөөд тэр нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр байвал Нийслэлийн сонгуулийн хороо тойрогт явуулсан сонгуулийг хүчингүйд тооцож дахин сонгууль явуулах шийдвэр гаргана.

48.2.Дахин сонгуулийг тухайн сонгуулийг хүчингүйд тооцсон шийдвэр гарснаас хойш 14 хоногийн хугацаанд явуулна.

48.3.Дахин сонгууль явуулах шийдвэр гарсан бол сонгуулийн хороог шинэчлэн байгуулах, нэр дэвшүүлэх зэрэг уг сонгуулийг бэлтгэн явуулах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийг баримтлан зохион байгуулна.

49 дүгээр зүйл.Хурлын төлөөлөгчийн орон гарсан суудлыг нөхөх болон Хурлын төлөөлөгчийг нөхөн сонгох

49.1.Тойргоос сонгогдсон Хурлын төлөөлөгч нас барсан, түүнчлэн өөр ажилд шилжсэн, эрүүл мэндийн байдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүсэлтээрээ чөлөөлөгдсөн, эсхүл түүнийг Хурлын төлөөлөгчөөс эгүүлэн татсан бол нөхөн сонгууль явуулна.

         

49.2.Энэ хуулийн 46.5.5-д заасны дагуу нэр дэвшигчдийн жагсаалтаас сонгогдсон Хурлын төлөөлөгч нас барсан, түүнчлэн өөр ажилд шилжсэн, эрүүл мэндийн байдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүсэлтээрээ чөлөөлөгдсөн, эсхүл түүнийг Хурлын төлөөлөгчөөс эгүүлэн татсан бол Хурлын төлөөлөгчийн орон гарсан суудалд нам, эвслийн жагсаалтаас нэр дэвшигчдийн жагсаалтын тухайн нам, эвслийн дараагийн дэс дугаарт эрэмбэлэгдсэн эхний нэр дэвшигчийг Хурлын төлөөлөгчөөр нөхөн сонгогдсонд тооцох бөгөөд тухайн жагсаалтад нэр дэвшигч үлдээгүй бол нөхөн сонгууль явуулна.

49.3.Хурлын төлөөлөгч нас барсан тохиолдолд Хурлын Тэргүүлэгчид уул өдрөөс хойш 50 хоногийн дотор нөхөн сонгуулийг товлон зарлана.

49.4.Хурлын төлөөлөгч нас барснаас бусад энэ хуулийн 49.1, 49.2-т заасан нөхцөл байдал үүссэний улмаас нөхөн сонгууль явуулах бол Хурлын Тэргүүлэгчид уг нөхцөл байдал үүссэнээс хойш 14 хоногийн дотор сонгуулийг товлон зарлаж, 30 хоногийн дотор Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон энэ хуулийн холбогдох заалтыг баримтлан дор дурдсан хугацаанд зохион байгуулна:

49.4.1.хэсгийг санал авах өдрөөс 25 хоногийн өмнө, Нийслэлийн сонгуулийн хороог 20 хоногийн өмнө, нийслэлийн тойргийн хороог 17 хоногийн өмнө, хэсгийн хороог 15 хоногийн өмнө тус тус байгуулах;

49.4.2.нэр дэвшүүлэх ажлыг нөхөн сонгууль товлон зарласан өдрөөс хойш тав хоногийн дараа эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгах;

49.4.3.энэ хуулийн 49.4.2-т заасан хугацаанаас хойш тав хоногийн хугацаанд нэр дэвшигчийг бүртгэх;

49.4.4.сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан журмын дагуу үйлдэж, санал авах өдрөөс 12 хоногийн өмнө хэсгийн хороонд өгөх;

49.4.5.хэсгийн хороо энэ хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтыг тулгаж, санал авах өдрөөс арваас доошгүй хоногийн өмнө өөрийн байранд ил тавьж, сонгогчдод чөлөөтэй танилцах бололцоо олгох.

49.5.Хурлын орон гарсан төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй.

49.6.Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн үед орон гарсан бол нөхөн сонгууль явуулахгүй.

49.7.Хурлын нөхөн сонгогдсон төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь орон гарсан гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.

49.8.Нийслэлийн сонгуулийн хороо ээлжит болон ээлжит бус, нөхөн сонгууль явагдсаны дараа тухайн сонгуультай холбогдох баримт бичгийг Хурлын Тэргүүлэгчдэд хүлээлгэж өгнө.

АРВАН НЭГДYГЭЭР БYЛЭГ

СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИГЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА, ГОМДОЛ, МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ХАРЬЯАЛАЛ, ЖУРАМ

50 дугаар зүйл.Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

50.1.Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд энэ хууль болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасан захиргааны хариуцлага хүлээлгэнэ.

50.2.Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй бол гэм буруутай этгээдэд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

50.3.Сонгуулийн үйл ажиллагааны явцад сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад эд хөрөнгийн болон бусад хохирол учирсан бол гэм буруутай этгээдэд Иргэний хууль болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

50.4.Энэ хуульд заасан зөрчил гаргаж захиргааны хариуцлага хүлээсэн нь уг этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

51 дүгээр зүйл.Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн тухай гомдол, маргааныг шийдвэрлэх харьяалал

51.1.Энэ хуульд сонгуулийн хороод харьяалан шийдвэрлэхээр заасан зөрчил гарсан бол гомдлыг холбогдох сонгуулийн хороонд гаргана.

51.2.Энэ хуульд заасан захиргааны шийтгэлийг дүүргийн шүүхийн шүүгч ногдуулах ба түүнд давж заалдсан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нийслэлийн шүүх хянан шийдвэрлэнэ.

51.3.Энэ хуулийн холбогдох заалтыг зөрчсөн этгээдэд эрүүгийн болон иргэний хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байвал уг асуудлыг Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам, харьяаллын дагуу шийдвэрлэнэ.

51.4.Сонгуулийн тухай хууль тогтоомжид заасны дагуу сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг тухайн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасах тухай шийдвэрийг дээд шатных нь сонгуулийн хороо гаргах бөгөөд уг шийдвэр нь Төрийн албаны тухай хуульд заасны дагуу эрх бүхий албан тушаалтан тухайн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнээр ажилласан төрийн албан хаагчийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болно.

52 дугаар зүйл.Сонгуулийн хороодын үйл ажиллагаатай холбогдох бусад маргааныг хянан шийдвэрлэх

52.1.Сонгуулийн тухай хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол сонгуулийн зохион байгуулалтын асуудлаар гаргасан хэсгийн хороо болон нийслэлийн тойргийн хорооны шийдвэрийн талаар Нийслэлийн сонгуулийн хороонд гомдол гаргаж болох бөгөөд Нийслэлийн сонгуулийн хороо гомдлыг хүлээж авснаас хойш ажлын гурван өдрийн дотор хянан шийдвэрлэж, гомдол гаргагчид бичгээр хариу мэдэгдэнэ.

 


АРВАНХОЁРДУГААР БҮЛЭГ
БУСАД АСУУДАЛ

53 дугаар зүйл.Сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулах

53.1.Сонгуульд сонгуулийн хороодын ажлыг хөнгөвчилж автоматжуулах, сонгогчдын нэрийн жагсаалтыг хянан нягтлах, сонгуулийн явцын мэдээллийг үнэн зөв, шуурхай гаргах, санал тоолох ажиллагаанд хүний хүчин зүйлсийн сөрөг нөлөөллийг арилгах, ажиглагчид ил тод болгох зорилгоор хэсгийн хороод сонгуулийн автоматжуулсан системийг зохих хууль тогтоомжийн дагуу хэрэглэж болно.

54 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

54.1.Энэ хуулийг 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

            МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                          Д.ДЭМБЭРЭЛ