МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 12 сарын 21 өдөр
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БYЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үндсэн зарчим, журмыг тодорхойлж, Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах, сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль тогтоомж
2.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль[1], энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.“сонгогч” гэж Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэнийг;
3.1.2.“сонгуулийн эрх бүхий иргэн” гэж арван найман нас хүрсэн, Иргэний хуулийн[2] 15.1-д заасан эрх зүйн бүрэн чадамжтай иргэнийг;
3.1.3.“арван найман нас хүрсэн” гэж тухайн иргэний төрсөн он, сар, өдрөөс тоолоход сонгуулийн санал авах өдөр буюу түүнээс өмнө тухайн насанд хүрсэн байхыг;
3.1.4.“нэр дэвшигч” гэж энэ хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж бүртгүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг;
3.1.5.“эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон” гэж Иргэний хуулийн 18.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн[3] 141-143 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхээс иргэнийг эрх зүйн чадамжгүй гэж тооцсоныг;
3.1.6.“хорих газар ял эдэлж байгаа” гэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор хорих болон баривчлах ял эдэлж байгаа болон хорих ял эдлэхээс зайлсхийж яваа, хорих байгууллагаас түр чөлөөгөөр гарсан иргэнийг;
3.1.7.“сонгуулийн жил” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гуч дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу дөрвөн жил тутам явагдаж байгаа ээлжит сонгууль явуулах жилийг;
3.1.8.“намын төлөөллийн төв байгууллага” гэж Улс төрийн намын тухай хуулийн[4] 13.3-т заасан тухайн намын Их Хурал, түүний чөлөө цагт намын бага, бүгд хурал, тэдгээртэй адилтгах байгууллагыг;
3.1.9.“улсын бүртгэлд бүртгэгдсэн” гэж улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын иргэний бүртгэлийн мэдээллийн улсын санд биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний бүртгэлийн дугаар олгогдсон байхыг.
4 дүгээр зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль
4.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль /цаашид "сонгууль" гэх/ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлд заасны дагуу Монголын ард түмэн төрийн тэргүүнээ сонгох үндсэн арга мөн.
4.2.Сонгууль нь ээлжит, ээлжит бус, дахин сонгууль гэсэн төрөл зүйлтэй байх бөгөөд анхан шатны болон хоёр дахь шатны гэсэн хоёр шаттай байна.
4.3.“Ээлжит сонгууль” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн жил тутам явагдаж байгаа сонгуулийг хэлнэ.
4.4.Ээлжит сонгуулийг энэ хуулийн 4.3-т заасан хугацаанд заавал явуулах бөгөөд уг хугацааг Монгол Улсын Үндсэн хуульд заасан онцгой нөхцөлөөс бусад тохиолдолд өөрчлөхийг хориглоно.
4.5.“Ээлжит бус сонгууль” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин долдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч /цаашид “Ерөнхийлөгч” гэх/ огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн тохиолдолд явагдах сонгуулийг хэлнэ.
4.6.“Дахин сонгууль” гэж ээлжит, ээлжит бус сонгуулийг хүчингүйд тооцсоны дараа шинээр явагдах, түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хоёр дахь санал хураалтаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь ч сонгогчдын олонхын санал аваагүй үндэслэлээр явагдах сонгуулийг хэлнэ.
4.7.“Анхан шатны сонгууль” гэж Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхтэй оролцож, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн талаар саналаа нууцаар гарган Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийг хэлнэ.
4.8.“Хоёр дахь шатны сонгууль" гэж анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж түүний бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргахыг хэлнэ.
5 дугаар зүйл.Сонгуулийн үндсэн зарчим
5.1.Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж Ерөнхийлөгчийг сонгоно.
5.2.Анхан шатны сонгууль бүх нийтийн байх бөгөөд түүнд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн /цаашид “сонгуулийн эрх бүхий иргэн” гэх/ бүр оролцох эрхтэй.
5.3.Сонгогч анхан шатны сонгуульд шууд сонгох эрхийнхээ үндсэн дээр ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож, саналаа өөрөө гаргана.
5.4.Сонгогч сонгуульд оролцох эсэхээ бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд нь хэн боловч албадан нөлөөлж, саад учруулахыг хориглоно.
5.5.Сонгогч хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж, саналаа нууцаар гаргах боломжоор хангагдсан байна.
5.6.Энэ хуулийн 5.4, 5.5-д заасан эрхээ эдлэхэд нь сонгогчид аливаа хэлбэрээр санаатайгаар саад учруулсан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрвөөс долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.
5.7.Төрийн албан хаагч энэ хуулийн 5.4, 5.5-д заасныг зөрчсөн нь түүнийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болно.
6 дугаар зүйл.Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрх
6.1.Сонгуульд сонгуулийн эрх бүхий иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр оролцох эрхтэй.
6.2.Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар /цаашид “Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар” гэх/ байрладаг гадаад улсад байгаа, улсын бүртгэлд бүртгэгдсэн сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцож санал өгөх эрхтэй.
6.3.Дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.
6.4.“Дөчин таван нас хүрсэн” гэж тухайн иргэний төрсөн он, сар, өдрөөс тоолоход сонгуулийн санал авах өдөр буюу түүнээс өмнө тухайн насанд хүрсэн байхыг ойлгоно.
6.5.“Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан” гэж анхан шатны сонгуулийн санал авах өдрөөс өмнөх хуанлийн таван жилийн хугацаанд тасралтгүй зургаан сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй байхыг ойлгоно.
6.6.“Монгол Улсын уугуул иргэн” гэж Монгол Улсын харьяат эцэг, эхээс төрж, түүнээс хойш тус улсын харьяат хэвээр байгааг ойлгоно.
6.7.Монгол Улсын иргэн /цаашид “иргэн” гэх/-ий сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно.
6.8.Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, эсхүл хорих газар ял эдэлж байгаа иргэн сонгуульд оролцох эрх эдлэхгүй.
6.9.Энэ хуулийн 6.7-д заасныг зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.
6.10.Төрийн албан хаагч энэ хуулийн 6.7-д заасныг зөрчсөн нь түүнийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болно.
7 дугаар зүйл.Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрх
7.1.Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлэх эрхтэй.
7.2.Энэ хуулийн 7.1-д заасан Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй этгээд нь энэ хуулийн 6.3-т заасан шаардлагыг хангасан иргэнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ.
7.3.Тухайн сонгуульд нэг хүний нэрийг дахин дэвшүүлэхгүй.
7.4.Энэ хуулийн 7.1-д зааснаас бусад улс төрийн нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг дэмжиж болно.
8 дугаар зүйл.Сонгууль товлон зарлах
8.1.Сонгуулийг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлана.
8.2.Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна.
8.3.Энэ хуулийн 8.2-т заасан санал авах өдөр бүх нийтээр амарна.
8.4.Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд /цаашид “гадаад улсад байгаа иргэд” гэх/-ээс санал авах өдрийг Улсын Их Хурал тогтоох бөгөөд уг санал авах өдөр нь гурав хүртэл өдөр байж болно.
8.5.Улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг нь хамарсан байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй байдал зэрэг онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг хойшлуулна.
8.6.Хэрэв энэ хуулийн 8.5-д заасан онцгой нөхцөл Улсын Их Хурал сонгууль товлон зарласан шийдвэр батлан гаргасны дараа бий болсон бол Улсын Их Хурал сонгууль товлон зарласан шийдвэрээ хүчингүй болгож, ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зогсооно.
8.7.Улсын Их Хурал энэ хуулийн 8.5-д заасны дагуу сонгуулийг хойшлуулсан, эсхүл энэ хуулийн 8.6-д заасны дагуу сонгууль товлон зарласан шийдвэрээ хүчингүй болгож, ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зогсоосон бол ийнхүү сонгуулийг хойшлуулсан, эсхүл зогсоосон онцгой нөхцөл арилсны дараа Улсын Их Хурал ажлын долоо өдөрт багтаан ээлжит сонгууль товлон зарлана.
8.8.Энэ хуулийн 8.7-д заасан хугацаанд Улсын Их Хурал ээлжит сонгуулийг товлон зарлаагүй бол энэ хуулийн 8.7-д заасан ажлын долоон өдрийн дараагийн өдрийг ээлжит сонгууль товлон зарласан өдөрт тооцож, Сонгуулийн ерөнхий хороо ээлжит сонгуулийг зохион байгуулна.
9 дүгээр зүйл.Сонгуулийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим
9.1.Сонгууль зохион байгуулах төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, түүний албан тушаалтан, нэр дэвшигч, сонгуульд оролцогч улс төрийн нам, хамтарсан намууд болон бусад байгууллага, албан тушаалтан сонгуулийн үйл явцыг зохион байгуулах, түүнд оролцохдоо дараах зарчмыг баримтална:
9.1.1.хууль дээдлэх;
9.1.2.ил тод байдлыг хангах;
9.1.3.шударга ёсыг сахих;
9.1.4.маргааныг шуурхай, үндэслэлтэй, хуулийн хүрээнд шударга шийдвэрлэх;
9.1.5.сонгогчдын эрх, сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн байгууллага, албан тушаалтанд хуулийн хариуцлага зайлшгүй хүлээлгэх.
9.2.Сонгууль зохион байгуулах, түүний бэлтгэл ажилтай холбогдуулан сонгуулийн хороодоос энэ хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд нийтээр дагаж мөрдүүлэхээр батлан гаргасан шийдвэрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд албан ёсоор мэдээлсэн байна.
9.3.Сонгууль зохион байгуулах ажлын ил тод байдлыг хангах зарчим нь сонгогч саналаа нууцаар гаргахад хамаарахгүй.
9.4.Хэвлэл мэдээллийн байгууллага, албан тушаалтан сонгуулийн үйл ажиллагааны талаар үнэн зөв, бодитой мэдээлэл түгээх үүрэгтэй.
9.5.Төрийн хэргийг удирдахад иргэдийг оролцуулах дүрмийн үүрэг, зорилт бүхий төрийн бус байгууллага нь Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон журмын дагуу сонгуулийн хороод, сонгуульд оролцогч бусад байгууллага, албан тушаалтан сонгуулийн хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгаад хяналт шинжилгээ /мониторинг/ хийх, ажиглалт хийх, сонгогчийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх, сонгогчид эрхээ эдлэхэд нь аргачилсан туслалцаа үзүүлэх зэргээр сонгуулийг хуулийн дагуу, шударгаар явуулахад туслалцаа үзүүлэх эрхтэй.
9.6.Энэ хуулийн 9.2-т заасныг зөрчсөн сонгуулийн хорооны даргыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 9.4-т заасныг зөрчсөн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хэвлэл мэдээллийн байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.
10 дугаар зүйл.Сонгуулийн үйл ажиллагааны эдийн засгийн баталгаа
10.1.Сонгууль зохион байгуулахтай холбогдсон дор дурдсан зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ:
10.1.1.сонгуулийн байгууллагын үйл ажиллагааны зардал, нэр дэвшигч, улс төрийн нам, хамтарсан намуудын сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагч болон сонгуулийн ажиглагчийн үнэмлэх, нэр дэвшигчийн хамгаалалтын зардал, түүнчлэн саналын хуудас, сонгуулийн дүн, мэдээний маягт, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо, сонгуулийн хэсгийн хороод /цаашид “сонгуулийн хороод” гэх/-ын албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга, тэмдэг, лац, сонгогчийг бүртгэх, санал авах, тоолох, дүн гаргах ажиллагаанд хэрэглэх техник, тоног төхөөрөмж, тэдгээрийн сэлбэг хэрэгсэл, программ хангамж, тусгай тэмдэглэл хийх хэрэгсэл болон тэдгээрийг худалдан авах, түрээслэх, ашиглах, хамгаалах, хадгалах, засвар үйлчилгээ хийх, хэвлэх, үйлдвэрлэх, тээвэрлэх, хүргэх, санал хураалтын дүнгийн мэдээ дамжуулах зардал;
10.1.2.саналын хайрцаг хийх, хүргэх, сонгуулийн хэсгийн хороодын ажиллах болон санал авах байрыг тохижуулах зардал;
10.1.3.сонгуулийн тухай хууль тогтоомж болон сонгууль зохион байгуулахтай холбогдсон эрх зүйн бусад акт, гарын авлага, сургалт, сурталчилгааны материал боловсруулах, хэвлэх, хүргэх зардал;
10.1.4.сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, мэдээллийн технологийн багийн гишүүн, даамал, нөөц даамлын сонгууль зохион байгуулахтай холбогдсон сургалтын зардал;
10.1.5.сонгуулийн тухай хууль тогтоомжийг сурталчлах болон сонгууль зохион байгуулах, түүний бэлтгэл ажлын явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах арга хэмжээний зардал;
10.1.6.Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн улс төрийн нам, хамтарсан намууд болон нэр дэвшигчийн сонгуулийн санхүүжилт, зарцуулалтыг хянан шалгахад гарах зардал;
10.1.7.дахин болон нэмэлт санал хураах, ээлжит бус болон дахин сонгууль явуулах зардал;
10.1.8.сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүн, мэдээллийн технологийн багийн болон ажлын хэсгийн гишүүн, даамал, нөөц даамлын тухайн сонгуулийн хороонд ажилласан хугацааны мөнгөн урамшуулал, хоолны зардал;
10.1.9.сонгуулийн хороодын бичиг хэрэг, шуудан, холбоо, унаа, албан томилолтын зардал;
10.1.10.гадаад улсад байгаа иргэдийн санал авахтай холбогдон гарах зардал;
10.1.11.онцгой нөхцөл байдал үүссэн үед гарч болзошгүй зардал;
10.1.12.Улсын Их Хурлаас баталсан сонгуулийг зохион байгуулахтай холбогдон гарах бусад зардал.
10.2. Сонгууль зохион байгуулахтай холбогдсон дор дурдсан зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, улсын бүртгэлийн байгууллагын төсөвт тусгана:
10.2.1.сонгогчдыг бүртгэх, тэднийг таньж оруулах техник хэрэгсэл, сэлбэг, программ хангамж, тусгай тэмдэглэл хийх хэрэгсэл, тэдгээрийг худалдан авах, түрээслэх, ашиглах, хадгалах, хамгаалах, засвар үйлчилгээг хийх, хэвлэх, тээвэрлэж хүргүүлэх, татан авах зардал;
10.2.2.сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, түүнийг цахим хуудаст байрлуулах, хэвлэх, хүргэх, мэдээлэл, сурталчилгаа явуулах, түүнтэй холбогдон гарах бусад зардал;
10.2.3.улсын бүртгэлийн байгууллагын ажилтан болон итгэмжлэгдсэн ажилтны зардал, мөнгөн урамшуулал, хоол, унааны зардал;
10.2.4.улсын бүртгэлийн байгууллагын ажилтан болон итгэмжлэгдсэн ажилтны сургалт зохион байгуулах, түүнтэй холбогдон гарах бусад зардал;
10.2.5.сонгогчдыг бүртгэх, санал авах техник хэрэгслийн аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын ажилтны томилолт, унааны зардал, техник тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах үүрэг бүхий мэдээлэл технологийн шуурхай багийн мөнгөн урамшуулал, хоол, унааны зардал;
10.2.6.дахин болон нэмэлт санал хураах, ээлжит бус болон дахин сонгууль явуулах тохиолдолд улсын бүртгэлийн байгууллагаас гаргах зардал;
10.2.7.онцгой нөхцөл байдал үүссэн үед гарч болзошгүй зардал болон сонгуулийг зохион байгуулахтай холбогдон гарах бусад зардал.
10.3.Сонгууль зохион байгуулахтай холбогдсон дор дурдсан зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, цагдаагийн байгууллагын төсөвт тусгана:
10.3.1.санал авах байрын хамгаалалт, шатахуун, техник хэрэгслийн зардал;
10.3.2.цагдаагийн албан хаагчийн томилолт, мөнгөн урамшуулал, хоолны зардал.
10.4.Улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас гаргасан хүн амын тоонд түшиглэн тооцон гаргасан Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн Улсын Их Хурал тухай бүр батална.
10.5.Сонгуулийн хороодын ажиллах болон санал авах байрыг төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд үнэ төлбөргүй гаргаж өгнө.
10.6.Сонгуулийн хороодыг ажиллах байр, тээвэр, холбооны болон бусад шаардлагатай хэрэгслээр хангах асуудлыг тухайн шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга хариуцна.
10.7.Энэ хуулийн 10.1-д заасан зардлын гүйцэтгэлд төрийн аудитын төв болон орон нутгийн байгууллага аудит хийж, дүгнэлт гаргана.
10.8.Энэ хуулийн 10.5-д заасныг зөрчсөн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 10.6-д заасныг зөрчсөн Засаг даргыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.
ХОЁРДУГААР БYЛЭГ
СОНГУУЛИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
11 дүгээр зүйл.Сонгуулийн нутаг дэвсгэр
11.1.Сонгуулийн нутаг дэвсгэр нь Монгол Улсын нутаг дэвсгэр байна.
11.2.Сонгогчдын саналыг авах зорилгоор сонгуулийн нутаг дэвсгэрийг хэсэгт хуваана.
12 дугаар зүйл.Хэсэг, түүнийг байгуулах
12.1.Сонгогчдын санал авч тоолох зорилгоор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг харгалзан тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн оршин суугчдын байнга оршин суугаа газрын бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн хэсгийг ээлжит сонгуулийн жилийн хоёрдугаар сарын нэгний өдрөөс өмнө байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлана.
12.2.Нэг хэсэг нь суманд 2000 хүртэл, аймгийн төвд 2500 хүртэл, нийслэлийн дүүрэгт 3000 хүртэл сонгогчтой байх бөгөөд нэг хэсэгт байх сонгогчийн тоо 200-аас доошгүй байна.
12.3.Онцгой нөхцөлийн улмаас нэгэнт байгуулагдсан хэсгийн сонгогчдыг зохион байгуулалттайгаар тухайн хэсгээс тусгаарлах, хэсгийг нэгтгэх, шинээр байгуулах асуудлыг санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шийдвэрлэж болно.
12.4.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн 12.1-д заасан хэсгийн мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагын аймаг, нийслэл дэх салбар, нэгжид тав хоногийн дотор хүргүүлэх бөгөөд улсын бүртгэлийн байгууллагын аймаг, нийслэл дэх салбар, нэгж хүлээн авсан мэдээллийг тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд нэгтгэн тав хоногийн дотор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлнэ.
12.5.Энэ хуулийн 12.4-т заасан мэдээллийг үндэслэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэсгийн дугаарыг тухайн аймаг, дүүргийн хэмжээнд давхардахгүй байхаар тогтооно.
12.6.Сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс хойш санал хураалт дуустал засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжийн бүтцэд өөрчлөлт оруулахыг хориглоно.
ГУРАВДУГААР БYЛЭГ
СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, БҮРЭН ЭРХ
13 дугаар зүйл.Сонгуулийн байгууллага
13.1.Сонгуулийг улсын хэмжээнд Сонгуулийн ерөнхий хороо, аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, сум, дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд сум, дүүргийн сонгуулийн хороо, хэсэгт сонгуулийн хэсгийн хороо /цаашид “хэсгийн хороо” гэх/ тус тус зохион байгуулж явуулна.
13.2.Сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд зөвхөн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийг томилон ажиллуулна.
13.3.Сонгуульд оролцогч аль нэг улс төрийн нам, хамтарсан намуудын сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, шадар туслагч, ухуулагч, төрийн улс төрийн болон тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагч, Ерөнхийлөгчид нэр дэвшигч сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд орохыг хориглоно.
13.4.Сонгуулийн хороод байгуулагдсан өдрөөс эхлэн Сонгуулийн ерөнхий хороо аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны, аймаг, нийслэлийн сонгуулийн хороо сум, дүүрэг, хэсгийн хороодын үйл ажиллагааг дуусгавар болгох хүртэлх хугацаанд тус тусын бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
13.5.Сонгуулийн хороод нь шатлан захирагдах зарчмаар ажиллах ба дээд шатны сонгуулийн хорооны хууль ёсны шийдвэрийг доод шатны сонгуулийн хороо заавал биелүүлэх бөгөөд доод шатны сонгуулийн хорооны хууль бус шийдвэрийг дээд шатны сонгуулийн хороо нь хүчингүй болгох эрхтэй.
13.6.Сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүн сонгуульд оролцож байгаа аль нэг улс төрийн нам, хамтарсан намуудын нэр дэвшигчийн талаар сурталчилгаа явуулах, энэ зорилгоор сонгогчоос сонгуулийн эрхээ эдлэхэд, түүнчлэн санал хураах, тоолох ажилд санаатайгаар саад хийх, бусдыг төлөөлж санал өгөх, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг болон санал тоолох төхөөрөмжийн лац, битүүмжлэлийг гэмтээх, гарын үсэг хуурамчаар үйлдэх, саналын хуудас солих, хүчингүй саналын хуудсаар санал авах зэрэг хууль бус аливаа үйлдэл хийх, зохион байгуулах, бусад хэлбэрээр дэмжихийг хориглоно.
13.7.Сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүн нь Улсын Их Хурлаас баталсан сонгуулийн хорооны гишүүний ёс зүйн дүрмийг баримтлан ажиллана.
13.8.Сонгуулийн хороодоос сонгууль зохион байгуулах, сонгуулийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгахад төрийн албан хаагч, нэр дэвшигч, сонгуульд оролцож байгаа улс төрийн нам, хамтарсан намуудын сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагч болон бусад этгээд хөндлөнгөөс оролцох, саад учруулахыг хориглоно.
13.9.Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллага нь сонгууль зохион байгуулахад энэ хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль[5] болон холбогдох бусад хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд оролцож, сонгуулийн зохих шатны хорооноос тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, тэдгээрийн ажилд туслах үүрэгтэй.
13.10.Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байгуулсан Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах комисс, салбар комисс зохион байгуулна.
13.11.Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах комисс, салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийг томилон ажиллуулна.
13.12.Энэ хуулийн 13.6-д заасныг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасах ба уг зөрчил нь тухайн төрийн албан хаагчийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болно.
13.13.Энэ хуулийн 13.8-д заасныг зөрчсөн нэр дэвшигч, албан тушаалтан, болон бусад этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, улс төрийн нам, хамтарсан намуудыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 13.9-д заасныг зөрчсөн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.
14 дүгээр зүйл.Сонгуулийн ерөнхий хорооны бүрэн эрх
14.1.Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийг зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажлын хүрээнд Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
15 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, түүний бүрэн эрх
15.1.Сонгуулийн ерөнхий хороо санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэлийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, аймагт долоо, нийслэлд таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, улсын хэмжээнд нийтэд мэдээлнэ.
15.2.Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
15.2.1.сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, түүнийг зохион байгуулах арга хэмжээг авах;
15.2.2.сонгуулийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, нэг мөр сахин биелүүлэх явдлыг хангах;
15.2.3.харьяалах сонгуулийн хороодын үйл ажиллагааг зохион байгуулалт, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах;
15.2.4.сонгууль зохион байгуулахтай холбогдсон асуудлаар тухайн нутаг дэвсгэр дэх зохих шатны төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, тэдгээрийн удирдах албан тушаалтны мэдээллийг сонсож, шаардлагатай арга хэмжээ авах;
15.2.5.Сонгуулийн ерөнхий хорооноос хуваарилсан төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах, зохих журмын дагуу харьяалах сонгуулийн хороодод хуваарилах, зарцуулалтад нь хяналт тавих;
15.2.6.Сонгуулийн ерөнхий хорооноос хүргүүлсэн санал авах ажиллагаанд хэрэглэх техник, тоног төхөөрөмж, бусад зүйлийг харьяалах сонгуулийн хороодод хуваарилах;
15.2.7.харьяалах сонгуулийн хороодын шийдвэрийн талаарх өргөдөл, гомдлыг бүрэн эрхийнхээ хүрээнд хянан шийдвэрлэж бичгээр хариу өгөх;
15.2.8.аймаг, нийслэлийн сонгуулийн дүнг нэгтгэж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргэх;
15.2.9.дахин болон нэмэлт санал хураах болон дахин сонгууль зохион байгуулж явуулах ажлыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах;
15.2.10.сонгуулийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу цэгцэлж, Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгөх;
15.2.11.сонгууль зохион байгуулахтай холбогдуулан дээд шатны сонгуулийн хорооноос хуульд заасны дагуу өгсөн үүргийг биелүүлэх;
15.2.12.хуульд заасан бусад бүрэн эрх.
15.3.Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо энэ хуулийн 15.2.11-д заасныг зөрчиж Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн үүргийг удаа дараа биелүүлээгүй нь Сонгуулийн ерөнхий хороо тухайн аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, түүний бүрэлдэхүүнийг өөрчлөх үндэслэл болно.
16 дугаар зүйл.Сум, дүүргийн сонгуулийн хороо, түүний бүрэн эрх
16.1.Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь сум, дүүрэгт сум, дүүргийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга, таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ.
16.2.Сум, дүүргийн сонгуулийн хороо нь харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд энэ хуулийн 15.2.1, 15.2.2, 15.2.4-т заасан бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
16.2.1.харьяалах хэсгийн хороодын үйл ажиллагааг зохион байгуулалт, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах;
16.2.2.аймаг, нийслэлийн сонгуулийн хорооноос хуваарилсан төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах, харьяалах хэсгийн хороодод зохих журмын дагуу хуваарилах, зарцуулалтад нь хяналт тавих;
16.2.3.өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар гарсан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэж, бичгээр хариу өгөх;
16.2.4.санал хураалтын дүнгийн тухай харьяалах хэсгийн хороодын санал хураалтын дүнг үндэслэн тухайн нутаг дэвсгэрийн хэмжээгээр сонгуулийн дүнг нэгтгэж, харьяалагдах аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд хүргэх;
16.2.5.дээд шатны сонгуулийн хорооноос хуульд заасны дагуу өгсөн үүргийг биелүүлэх;
16.2.6.сонгуулийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу цэгцэлж, харьяалагдах аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд хүлээлгэн өгөх;
16.2.7.хуульд заасан бусад бүрэн эрх.
17 дугаар зүйл.Хэсгийн хороо, түүний бүрэн эрх
17.1.Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо хэсгийн хороог санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга, таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ.
17.2.Хэсгийн хороо дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
17.2.1.хэсгийн хорооны хаяг, ажиллах цагийн хуваарь, санал авах өдөр, цагийг сонгогчдод мэдээлэх;
17.2.2.сонгогчийг шилжүүлэх, шилжиж ирсэн сонгогчийг бүртгэх тухай асуудлыг улсын бүртгэлийн холбогдох байгууллагад мэдэгдэх;
17.2.3.эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, түүнчлэн хорих газар ял эдэлж байгаа иргэн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн бол улсын бүртгэлийн холбогдох байгууллагад мэдэгдэх;
17.2.4.сонгогчийн нэрийн жагсаалт дахь тухайн сонгогчийн мэдээлэл түүний иргэний үнэмлэхийн мэдээлэлтэй зөрсөн тохиолдолд зөрчлийг арилгуулахаар улсын бүртгэлийн холбогдох байгууллагад мэдэгдэх;
17.2.5.санал авах байр, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг, сонгогчийн бүртгэлийн болон санал тоолох төхөөрөмж зэрэг санал авахад шаардлагатай бусад зүйлийг бэлтгэж, сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах;
17.2.6.санал хураалтын дүнг сум, дүүргийн сонгуулийн хороонд нэн даруй хүргэх;
17.2.7.сонгуулийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу цэгцэлж, сум, дүүргийн сонгуулийн хороонд хүлээлгэн өгөх;
17.2.8.сонгууль зохион байгуулах болон санал авах, санал тоолохтой холбогдсон асуудлаар гарсан өргөдөл, гомдлыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх, эрх бүхий байгууллагад уламжлах;
17.2.9.дээд шатны сонгуулийн хорооноос хуульд заасны дагуу өгсөн үүргийг биелүүлэх;
17.2.10.хуульд заасан бусад бүрэн эрх.
18 дугаар зүйл.Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах комисс, салбар комисс, тэдгээрийн бүрэн эрх
18.1.Сонгуулийн ерөнхий хороо гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах комиссыг /цаашид “Комисс” гэх/ энэ хуулийн 8.4-т заасан санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулна.
18.2.Комисс энэ хуулийн 15.2.1, 15.2.2, 15.2.11-д зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
18.2.1.гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах салбар комиссын үйл ажиллагааг зохион байгуулалт, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах;
18.2.2.Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн саналын хуудас, сонгууль зохион байгуулах болон санал авахтай холбогдсон бусад баримт бичгийг гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах салбар комисст хүргүүлэх;
18.2.3.энэ хуулийн 21.5-д заасан гадаад улсад байгаа иргэдийн бүртгэлийг нэгтгэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хянуулахаар хүргүүлэх;
18.2.4.шаардлагатай тохиолдолд гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах салбар комисст сургалт зохион байгуулах, төлөөлөгч томилон ажиллуулах;
18.2.5.Сонгуулийн ерөнхий хорооноос хуваарилсан төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах, зохих журмын дагуу харьяалах салбар комисст хуваарилах, зарцуулалтад нь хяналт тавих;
18.2.6.сонгууль зохион байгуулах болон санал авах, хүргүүлэхтэй холбогдсон асуудлаар гарсан өргөдөл, гомдлыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх, эрх бүхий байгууллагад уламжлах.
18.3.Комисс гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах салбар комиссыг энэ хуулийн 8.4-т заасан санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулна.
18.4.Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах салбар комисс /цаашид “салбар комисс” гэх/ энэ хуулийн 15.2.1, 15.2.2, 15.2.11-д зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
18.4.1.салбар комиссын хаяг, ажиллах цагийн хуваарь, санал авах өдөр, цагийг сонгогчдод мэдээлэх;
18.4.2.салбар комиссын байрладаг улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийг бүртгэж, иргэдийн бүртгэлийг гаргах;
18.4.3.энэ хуулийн 18.4.2-т заасан гадаад улсад байгаа иргэдийн бүртгэлийг Комисст хүргүүлэх;
18.4.4.санал авах байр, саналын хайрцаг, санал бэлтгэх бүхээг, санал авахад шаардлагатай бусад зүйлийг бэлтгэж, сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах;
18.4.5.санал хураалт дууссаны дараа битүүмжилсэн дугтуйтай саналын хуудас, санал авахад зарцуулаагүй үлдсэн болон буруу тэмдэглэл хийснээс хураагдсан саналын хуудсыг тус тусад нь тоолж, баруун дээд өнцгийг нь хайчлан, энэ тухай тэмдэглэлд тусган боож битүүмжлэн, санал хураалтын тухай салбар комиссын хуралдааны тэмдэглэл, сонгуулийн бусад баримт бичгийн хамт Комисст нэн даруй хүргүүлэх;
18.4.6.сонгууль зохион байгуулах, сонгогчдын нэрийн жагсаалт болон санал авахтай холбогдсон асуудлаар гарсан өргөдөл, гомдлыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх, эрх бүхий байгууллагад уламжлах;
18.4.7.Комисс болон төрийн холбогдох бусад байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх.
18.5.Комисс, салбар комиссын ажлын зохион байгуулалтад энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасныг баримтална.
19 дүгээр зүйл.Сонгуулийн хороодын ажлын зохион байгуулалт
19.1.Сонгуулийн хороод бүрэн эрхийнхээ асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж хуралдаанд оролцсон дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана.
19.2.Энэ хуулийн 19.1-д заасан хуралдаанд сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон бол тухайн сонгуулийн хорооны хуралдааныг хүчинтэйд тооцно.
19.3.Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн энэ хуулийн 19.1-д заасан хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орхиж гарахыг хориглоно.
19.4.Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орхисон тохиолдолд түүнийг хуралдаанд оролцож тухайн асуудлаар татгалзсан санал гаргасанд тооцно.
19.5.Энэ хуулийн 19.1-д заасан тогтоолд тухайн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.
19.6.Энэ хуулийн 19.1-д заасан тогтоолд тухайн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргын аль нэг нь гарын үсэг зураагүй нь уг тогтоолыг хүчингүй, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй.
19.7.Сонгуулийн хороод нь санал авах өдрөөс бусад ажлын өдрийн 09.00-18.00 цагийн хооронд ажиллах бөгөөд ажлын шаардлагаар ажлын бус өдөр болон илүү цагаар ажиллах тохиолдолд сонгуулийн хорооны дарга захирамж гаргана.
19.8.Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга энэ хуулийн 19.1-д заасан хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарийг долоо хоногоор гаргаж, тухайн сонгуулийн хорооны ажиллах байрын мэдээллийн самбарт ил тавина.
19.9.Сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэ хуулийн 19.7, 19.8-д заасан хугацаанд сонгуулийн хорооны ажил, сонгуулийн хорооны хуралдаанд ирэхгүй байх, таслах, хуралдааныг орхих, хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзахыг тус тус хориглоно.
19.10.Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас сонгуулийн хорооны ажил, хуралдаанд ирэх боломжгүй болсон сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн энэ тухайгаа урьдчилан тухайн сонгуулийн хороонд бичгээр болон бусад хэлбэрээр мэдэгдэх үүрэгтэй.
19.11.Энэ хуулийн 19.3, 19.9, 19.10-т заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасах асуудлыг тухайн сонгуулийн хороог байгуулсан дээд шатны сонгуулийн хороо гурав хоногийн дотор шийдвэрлэнэ.
19.12.Энэ хуулийн 19.11-д заасны дагуу сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасагдсан сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүний оронд өөр хүнийг тухайн сонгуулийн хороог байгуулсан дээд шатны сонгуулийн хороо нь нэн даруй нөхөн томилно.
19.13.Сонгуулийн хороод нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан хуралдааны дэгийг баримтлах ба гишүүдийн ажил үүргийн хуваарийг өөрөө тогтооно.
19.14.Сонгуулийн хороодын хуралдаан нээлттэй, ил тод байх ба сонгуулийн хорооны ажиллах байрын багтаамжийг харгалзан сонгуульд оролцож байгаа улс төрийн нам, хамтарсан намуудын сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, ажиглагч, энэ хуулийн 9.5-д заасан төрийн бус байгууллагын ажилтнаас хуралдааныг ажиглах, дуу болон дүрс бичлэг хийх боломжоор хангах асуудлыг энэ хуулийн 19.13-т заасан хуралдааны дэгээр зохицуулна.
19.15.Энэ хуулийн 19.14-т заасны дагуу сонгуулийн хороодын хуралдааныг ажиглаж байгаа этгээд нь тухайн сонгуулийн хорооны бүрэн эрхийн асуудалд оролцох, үг хэлэх зэргээр сонгуулийн хорооны хуралдааны хэвийн үйл ажиллагаанд саад учруулахыг хориглоно.
19.16.Сонгуулийн хороодын хуралдааны шийдвэрийг нийтэд ил тод мэдээлнэ.
19.17.Сонгуулийн хороодын хуралдааны тэмдэглэлийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу заавал хөтлөх бөгөөд түүнийг тухайн сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга хариуцна.
19.18.Сонгуулийн баримт бичиг бүртгэлтэй байх бөгөөд түүнд хамаарах баримт бичиг, түүнийг бүртгэх журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална.
19.19.Сонгуулийн хорооны дарга дотоод ажлын асуудлаар захирамж гаргана.
19.20.Сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг ажлын шаардлагыг харгалзан үндсэн ажлаас нь түр чөлөөлөн ажиллуулах ба түүнд уул хугацааны цалин хөлсийг үндсэн байгууллага нь олгоно.
19.21.Хуульд өөрөөр заагаагүй бол доод шатны сонгуулийн хорооны шийдвэр, үйл ажиллагааны талаар дээд шатны сонгуулийн хороонд гомдол гаргаж болох бөгөөд зохих шатны сонгуулийн хороо гомдлыг хүлээж авснаас хойш гурван хоногийн дотор хянан шийдвэрлэж, гомдол гаргагчид бичгээр хариу мэдэгдэнэ.
19.22.Сонгуулийн хороод сонгууль зохион байгуулахтай холбогдсон, түүнчлэн хууль зөрчсөн тухай асуудлыг шалгуулах, эсхүл зөрчлийг таслан зогсоох асуудлаар сонгуулийн тухай хууль тогтоомжоор үүрэг хүлээсэн аливаа байгууллага, албан тушаалтанд хууль ёсны шаардлага тавих эрхтэй бөгөөд уг шаардлагыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан ажлын хоёр өдрийн дотор шийдвэрлэж, бичгээр хариу мэдэгдэнэ.
19.23.Сонгуулийн ерөнхий хороо болон аймаг, нийслэлийн сонгуулийн хороо хуваарилагдсан төсвийн хөрөнгийн хэмжээнд сонгуулийг зохион байгуулахтай холбогдуулан хувь хүн, хуулийн этгээдтэй сонгон шалгаруулалтгүйгээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулах ба энэхүү үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн[6] зохицуулалтад хамаарахгүй.
19.24.Сонгуулийн хороодоос бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэрийг сонгуулийн тухай хууль тогтоомжид заасны дагуу үүрэг хүлээсэн тухайн нутаг дэвсгэрийн бүх байгууллага, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй.
19.25.Энэ хуулийн 19.8-д заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 19.15-д заасныг зөрчсөн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 19.17-д заасныг зөрчсөн сонгуулийн хорооны нарийн бичгийн даргыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 19.21-д заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 19.22-т заасан хугацаанд хариу мэдэгдээгүй албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 19.24-т заасныг зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.
19.26.Энэ хуулийн 19.3, 19.9, 19.10-т заасныг зөрчсөн нь тухайн төрийн албан хаагчийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болно.
ДӨРӨВДYГЭЭР БYЛЭГ
СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ
20 дугаар зүйл.Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах
20.1.Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний бүртгэлийн мэдээллийн улсын сан дахь сонгогчийн бүртгэлд үндэслэн үйлдэх бөгөөд түүнийг нягтлан шалгах, давхардлыг арилгах, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй сонгуулийн эрх бүхий иргэнийг бүртгэх зэрэг ажлыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага улсын хэмжээнд зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангана.
20.2.Сонгогчдын нэрийн жагсаалтад тухайн хэсгийн нутаг дэвсгэрт хаягийн бүртгэл бүхий сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийг бүртгэх бөгөөд ийнхүү бүртгэхэд уг мэдээлэл тухайн сонгогчийн биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-өөр хянагдсан байх ба сонгогчдыг тухайн хэсэг дэх сонгогчдын хаягийн бүртгэлийн дагуу дараалуулан бичнэ.
20.3.Улсын бүртгэлийн байгууллагын аймаг, нийслэл дэх салбар, нэгж нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу тухайн нутаг дэвсгэрийн иргэний бүртгэлийн мэдээллийн улсын санг үндэслэн улсын бүртгэлийн байгууллагын сонгогчдын бүртгэлийн мэдээллийн сангаас гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгаж улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
20.4.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 20.3-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороогоор болон энэ хуулийн 12.1-д заасны дагуу байгуулсан хэсэг нэг бүрээр нь нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг сонгуулийн жилийн гуравдугаар сарын нэгний өдрөөс өмнө сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байрлуулна.
20.5.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгуулийн эрх бүхий иргэнийг энэ хуулийн 20.4-т заасан цахим хуудаст байрлуулсан сонгогчдын нэрийн жагсаалт дахь зөвхөн өөрт нь холбогдох мэдээлэлтэй танилцах боломжоор хангана.
20.6.Дор дурдсан байгууллага дараах иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, төрсөн он, сар, өдөр, хүйс болон бусад шаардлагатай мэдээллийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад сонгуулийн жилийн тавдугаар сарын 15-ны өдрөөс өмнө хүргүүлнэ:
20.6.1.Улсын дээд шүүх эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон сонгуулийн насны иргэдийн мэдээллийг;
20.6.2.шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага нь санал авах өдөр хорих газарт ял эдэлж байх сонгуулийн насны иргэдийн мэдээллийг;
20.6.3.хил хамгаалалтыг удирдах төрийн захиргааны байгууллага 60 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар гадаад улсад зорчсон иргэдийн мэдээллийг;
20.6.4.хил хамгаалалтыг удирдах төрийн захиргааны байгууллага санал авах өдөр өөрийн харьяа тусгай анги, салбарт алба хааж байгаа боловч тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй сонгогчдын мэдээллийг;
20.6.5.батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага санал авах өдөр зэвсэгт хүчний цэргийн анги, нэгтгэлд алба хааж байгаа боловч тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй сонгогчдын мэдээллийг.
20.7.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 20.6.1-20.6.3-т заасны дагуу ирүүлсэн иргэдийн мэдээллийг үндэслэн тухайн сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтаас хасалгүйгээр “Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээг сонгогчдын нэрийн жагсаалт дахь тухайн сонгогчийн нэрийн арын “Тайлбар” гэсэн хэсэгт тэмдэглэнэ.
20.8.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 20.6.4, 20.6.5-д заасны дагуу ирүүлсэн иргэдийн мэдээллийг үндэслэн тухайн цэргийн анги, нэгтгэл хамаарч байгаа хэсэгт саналаа өгөх сонгогчдын нэрийн жагсаалтад тухайн сонгогчийг нэмж бүртгэн байнга оршин суугаа газрынх нь хаягийн дагуу бүртгэгдсэн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасна.
20.9.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 20.4-т заасны дагуу цахим хуудаст байрлуулсан сонгогчдын нэрийн жагсаалтад дараах өөрчлөлтийг тусган уг жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр үйлдэж, санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын аймаг, нийслэл дэх салбар, нэгжээр дамжуулан аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлнэ:
20.9.1.сонгогчоос энэ хуулийн 20.4-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн талаар гаргасан гомдлын дагуу оруулсан өөрчлөлт;
20.9.2.сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийн өөрчлөлт зэрэг иргэний бүртгэлтэй холбогдсон өөрчлөлт;
20.9.3.нас барсан иргэний бүртгэлтэй холбогдсон өөрчлөлт;
20.9.4.энэ хуулийн 20.6-д заасан иргэдийн мэдээлэлтэй холбогдсон өөрчлөлт.
20.10.Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо энэ хуулийн 20.9-д заасны дагуу хүлээн авсан сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө холбогдох хэсгийн хороонд хүргүүлэх ажлыг зохион байгуулна.
20.11.Хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээн авсан өдрөөс эхлэн өөрийн ажиллах байранд, өөрийн ажиллах байргүй бол сум, хорооны Засаг даргын тамгын газрын байранд, санал авах байр бэлэн болсны дараа санал авах байранд ил тавьж, сонгогчдод чөлөөтэй танилцах бололцоо олгоно.
20.12.Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс арваас доошгүй хоногийн өмнө шалгасан байвал зохино.
20.13.Сонгогчдын нэрийн жагсаалт нь зөвхөн нэг нэрийн жагсаалтаас бүрдэх бөгөөд шинээр сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, энэ хуульд заасныг зөрчин сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулахыг хориглоно.
20.14.Сонгогчийг зөвхөн сонгуулийн нэг хэсэгт сонгогчдын нэг нэрийн жагсаалтад бүртгэнэ.
20.15.Хэсгийн хорооны албан ажлын хэрэгцээнээс бусад тохиолдолд сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж олшруулах, тараахыг хориглоно.
20.16.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага улс төрийн нам, хамтарсан намуудыг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг зөвхөн цахим хэлбэрээр нэг удаа олгоно.
20.17.Энэ хуулийн 20.16-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтын холбогдох мэдээллийг олгохтой холбогдох зардлын хэмжээг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно.
20.18.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 20 дугаар зүйлд нийцүүлэн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, давхардлыг шалгах, сонгогч шилжих журмыг батлан мөрдүүлнэ.
20.19.Энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх журмыг зөрчсөн албан тушаалтан, сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн, бусад этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.
20.20.Энэ хуулийн 20.19-д заасан зөрчил нь ноцтой бол тухайн албан тушаалтныг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болно.
21 дүгээр зүйл.Гадаад улсад байгаа иргэдийн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах
21.1.Улсын бүртгэлд бүртгэгдсэн, гадаад улсад байгаа иргэн энэ хуулийн 8.4-т заасан санал авах өдрөөс 40 хоногийн өмнөөс эхлэн 25 хоногийн хугацаанд өөрийн оршин суугаа улсад байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт биечлэн ирж, эсхүл шуудан буюу цахим шуудан, факсаар сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлнэ.
21.2.Гадаад улсад байгаа иргэн сонгуульд оролцохоор бүртгүүлэхдээ Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан дараах мэдээллийг багтаасан маягтыг бөглөж, үндэсний гадаад паспортын хуулбарын хамт Салбар комисст өгнө:
21.2.1.эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;
21.2.2.төрсөн он, сар, өдөр, нас, хүйс;
21.2.3.үндэсний гадаад паспортын болон регистрийн дугаар;
21.2.4.Монгол Улсын хилээр хамгийн сүүлд гарсан хугацаа;
21.2.5.хамгийн сүүлд эх орондоо оршин сууж байсан газрын хаяг;
21.2.6.одоо оршин сууж байгаа газрын хаяг.
21.3.Салбар комисс гадаад улсад байгаа иргэнийг бүртгэхдээ энэ хуулийн 21.2-т заасан холбогдох баримт бичгийг нягтлан шалгаж, Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу гадаад улсад байгаа иргэдийн бүртгэлийг цаасан болон цахим хэлбэрээр гаргана.
21.4.Салбар комисс гадаад улсад байгаа иргэдийг бүртгэх ажиллагааг энэ хуулийн 8.4-т заасан санал авах өдрөөс 15 хоногийн өмнө дуусгавар болгож, энэ хуулийн 21.3-т заасан бүртгэлийг хоёр хоногийн дотор Комисст хүргүүлнэ.
21.5.Комисс нийт салбар комиссоос ирүүлсэн гадаад улсад байгаа иргэдийн бүртгэлийг нэгтгэн хоёр хоногийн дотор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
21.6.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 21.5-д заасан нэгтгэсэн бүртгэлийг үндэслэн тухайн сонгогчдыг Монгол Улсад бүртгэгдсэн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасалт хийж, энэ тухайгаа тухайн хэсгийн хорооны дэргэд ажиллаж байгаа иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд мэдэгдэж хасалт хийлгэнэ.
21.7.Энэ хуулийн 20.7-д заасны дагуу “Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийгдсэн бол тухайн сонгогчийн хувьд энэ хуулийн 21.6-д заасан хасалтыг хийхгүй.
21.8.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гадаад улсад байгаа иргэдийн сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний бүртгэлийн мэдээллийн улсын санд үндэслэн үйлдэх бөгөөд ингэхдээ улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 21.5-д заасан нэгтгэсэн бүртгэлд байгаа иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, үндэсний гадаад паспортын болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг иргэний бүртгэлийн мэдээллийн улсын сангийн мэдээлэлтэй тулгаж, нягтлан шалгана.
21.9.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 21.8-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтыг салбар комисст цахим хэлбэрээр явуулах бөгөөд уг жагсаалтыг салбар комисс энэ хуулийн 8.4-т заасан санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө өөрийн байранд ил тавих, цахим хуудаст байрлуулах зэргээр сонгогчдод чөлөөтэй танилцах бололцоо олгоно.
22 дугаар зүйл.Сонгогчдын нэрийн жагсаалттай холбогдсон гомдлыг шийдвэрлэх журам
22.1.Сонгогч өөрийн болон өөрийн гэр бүлийн аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн байвал өөрийн болон өөрийн гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо улсын бүртгэлийн холбогдох байгууллагад санал авах өдрөөс арваас доошгүй хоногийн өмнө бичгээр гаргана.
22.2.Улсын бүртгэлийн холбогдох байгууллага иргэний бүртгэлийн мэдээллийн улсын санг үндэслэн энэ хуулийн 22.1-д заасны дагуу гомдол гаргасан иргэний мэдээллийн талаар лавлагаа гаргах ба уг лавлагааг үндэслэн хэсгийн хорооны дэргэд ажиллах иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан тухайн сонгогчийн мэдээлэлтэй холбогдсон өөрчлөлтийг гурав хоногийн дотор сонгогчдын нэрийн жагсаалтад оруулна.
22.3.Энэ хуулийн 22.2-т зааснаас бусад үндэслэлээр сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулахыг хориглоно.
22.4.Хэсгийн хорооны дэргэд ажиллах иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан энэ хуулийн 20.7-д заасан үндэслэлээр сонгогчдын нэрийн жагсаалтад “Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн иргэний сонгогчдын нэрийн жагсаалтад нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн шалтгаан нь арилсан тохиолдолд тухайн сонгогчийн өөрийнх нь хүсэлт, үндэсний гадаад паспорт, холбогдох нотлох баримтыг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалт дахь зохих тэмдэглэгээг хүчингүй болгон тухайн сонгогчийн бүртгэлийг сэргээж энэ тухай тэмдэглэл үйлдэн хэсгийн хороонд мэдэгдэнэ.
22.5.Санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн хугацаанд энэ хуулийн 22.2, 22.4-т заасан ажиллагааг хийхийг хориглоно.
22.6.Энэ хуулийн 22.3, 22.5-д заасныг зөрчсөн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
23 дугаар зүйл.Сонгогч шилжих
23.1.Сонгогч өөрийн байнга оршин суугаа газрынхаа харьяа хэсэгт санал өгнө.
23.2.Сонгогчийн шилжилтийг санал авах өдрөөс арав хоногийн өмнө зогсоож, сонгогчийн шилжилтийг бүртгэхийг хориглоно.
23.3.Сонгогч санал авах өдрөөс арав хоногийн өмнө шилжих бол энэ тухай хүсэлтээ өөрийн байнга оршин суугаа газрын харьяа хэсгийн хороонд бичгээр гаргах бөгөөд хэсгийн хороо энэ тухай улсын бүртгэлийн холбогдох байгууллагад мэдэгдэнэ.
23.4.Энэ хуулийн 23.3-т заасны дагуу шилжсэн сонгогч шилжин очсон газрынхаа хэсгийн хороонд шилжин ирсэн тухайгаа мэдэгдэх бөгөөд энэ тухай хэсгийн хороо улсын бүртгэлийн холбогдох байгууллагад мэдэгдэнэ.
23.5.Улсын бүртгэлийн холбогдох байгууллага энэ хуулийн 23.3, 23.4-т заасан хэсгийн хорооны мэдэгдлийн дагуу шилжсэн сонгогчийг тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасах ба шилжин ирсэн сонгогчийг тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэнэ.
23.6.Иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг сонгууль товлон зарласан өдрөөс эхлэн санал хураалт дуустал улсын хэмжээгээр түр зогсооно.
23.7.Энэ хуулийн 23.2-23.4-т заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, сонгуулийн хорооны гишүүнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 23.5, 23.6-д заасныг зөрчсөн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.
ТАВДУГААР БҮЛЭГ
ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШҮҮЛЭХ, НЭР ДЭВШИГЧИЙГ БҮРТГЭХ
24 дүгээр зүйл.Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нийтлэг журам
24.1.Энэ хуулийн 7.1-д заасан Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн нам, хамтарсан намууд /цаашид "нам" гэх/ Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг сонгууль товлон зарласан өдрөөс хойш арав хоногийн дараа эхлүүлж, арав хоногийн хугацаанд дуусгана.
24.2.Нэр дэвшигч нь энэ хуулийн 6.3-т зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
24.2.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өр болон хугацаа хэтэрсэн албан татварын өр төлбөргүй байх;
24.2.2.ялгүй байх.
/Энэ заалтыг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
24.3.”Ялгүй байх” гэж ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн[1] 78.2, 78.3-т заасны дагуу ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байхыг ойлгоно.
/Энэ хэсгийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүүнийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
[1] Эрүүгийн хууль -“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 5 дугаарт нийтлэгдсэн.
24.4.Төрийн жинхэнэ албан хаагч Ерөнхийлөгчид нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн байна.
24.5.Нэг намын гишүүнийг нөгөө намаас, намууд хамтарсан тохиолдолд тухайн хамтарсан намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг тус тус хориглоно.
24.6.Нам аливаа нэг намын гишүүн бус иргэнийг түүний бичгээр гаргасан зөвшөөрлийн үндсэн дээр нэрийг нь дэвшүүлж болно.
24.7.Энэ хуулийн 24.4-т зааснаар төрийн албанаас чөлөөлөгдсөн иргэн төрийн албанд эргэж ороход Төрийн албаны тухай хуулийн[8] 17 дугаар зүйлд заасан журмыг баримтална.
25 дугаар зүйл.Нам дангаар нэр дэвшүүлэх
25.1.Намын Их Хурал, эсхүл намын төлөөллийн төв байгууллага Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ.
25.2.Нам дангаар нэр дэвшүүлэхдээ энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан нийтлэг журмаас гадна дор дурдсан журмыг баримтална:
25.2.1.тухайн хүний Ерөнхийлөгч байх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвар, эх орон, ард түмний тусын тулд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхжүүлэх төгс эрмэлзэл, шударга ёс, хууль дээдлэх ёс, Ерөнхийлөгчийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх чадварыг харгалзан үзэх;
25.2.2.эд мөнгөөр татах, айлган сүрдүүлэх, хууран мэхлэх үйл ажиллагаа явуулахыг хориглох;
25.2.3.нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн хуралдааны шийдвэрт намын Их Хурал, эсхүл намын төлөөллийн төв байгууллага, гишүүдийн тоо, хуралдаанд оролцсон гишүүдийн ирц, нэр дэвшиж байгаа хүн бүрийн авсан саналын тоо, хувь, нэр дэвшиж байгаа хүн энэ хуульд заасан болзол, шаардлагыг хангасан талаар тусгах.
25.3.Нам нэр дэвшүүлэх асуудлаар энэ хуульд нийцүүлэн өөрсдийн дотоодод мөрдөх журмыг тогтоон мөрдүүлнэ.
26 дугаар зүйл.Намууд хамтарч нэр дэвшүүлэх
26.1.Намууд хамтарч сонгуульд нэр дэвшүүлэх тухай асуудлыг нам тус бүр намын төлөөллийн төв байгууллагынхаа хуралдаанаар шийдвэрлэнэ.
26.2.Энэ хуулийн 26.1-д заасан нам тус бүрийн намын төлөөллийн төв байгууллагын хуралдаанаас гарах шийдвэрт тухайн намын дарга гарын үсэг зурснаар намууд хамтарч сонгуульд нэр дэвшүүлэх тухай асуудал шийдвэрлэгдсэнд тооцно.
26.3.Намууд хамтарч сонгуульд нэр дэвшүүлэх тухай шийдвэрт дараах асуудлыг тусгана:
26.3.1.хамтарсан намуудыг сонгуульд төлөөлөх байгууллагад тухайн намаас оролцох хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, тоо;
26.3.2.хамтарсан намуудыг сонгуульд төлөөлөх байгууллагыг удирдах бүрэлдэхүүнд орох хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, тоо;
26.3.3.сонгуулийн зардлын санд тухайн намаас оруулах хөрөнгийн хувь, хэмжээ.
26.4.Хамтарсан намууд сонгуульд төлөөлөх байгууллагынхаа шийдвэрээр энэ хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан журмыг баримтлан Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ.
26.5.Намууд хамтарч сонгуульд нэр дэвшүүлэх тухай асуудал энэ хуулийн 26.1, 26.2-т заасны дагуу шийдвэрлэгдсэн бол нам дангаараа Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх, түүнчлэн сонгуулийн зардлын сан байгуулахыг хориглоно.
27 дугаар зүйл.Нэр дэвшигч, түүнийг бүртгэх
27.1.Нэр дэвшүүлсэн нам энэ хуулийн 24.1-д заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш тав хоногийн дотор нэр дэвшигчтэй холбогдсон дараах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ:
27.1.1.намын төлөөллийн төв байгууллага, хамтарсан намуудыг сонгуульд төлөөлөх байгууллага Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн тухай шийдвэр, тэмдэглэл;
27.1.2.нэр дэвшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөл;
27.1.3.нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг;
27.1.4.энэ хуулийн 24.2.1-д заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг, эрх бүхий байгууллагын тодорхойлолт;
27.1.5.энэ хуулийн 24.2.2-т заасныг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
27.1.6.энэ хуулийн 24.4-т заасан этгээдийн тухайд төрийн албанаас чөлөөлөгдсөн тухай эрх бүхий байгууллагын шийдвэр;
27.1.7.сонгуулийн мөрийн хөтөлбөр;
27.1.8.төрсний гэрчилгээ /хэрэв төрсний гэрчилгээ байхгүй бол Монгол Улсын уугуул иргэн болохыг нотолсон архивын лавлагаа/;
27.1.9.сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан тухай сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
27.1.10.нэр дэвшигчийн эцэг, эхийг нь Монгол Улсын харьяат болохыг нотлох иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг, эмнэлгийн дүгнэлт;
27.1.11.нэр дэвшигчийн намтар;
27.1.12.намын дүрэм болон энэ хуулийн 25.3-т заасан журам.
27.2.Энэ хуулийн 27.1.11-д заасан баримт бичгийн загварыг Сонгуулийн ерөнхий хороо батална.
27.3.Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг бүртгэхдээ намын ирүүлсэн баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгана.
27.4.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 27.1-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор нэр дэвшигчээр бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэнэ.
27.5.Сонгуулийн ерөнхий хороо дараах тохиолдолд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзана:
27.5.1.энэ хуулийн 24.1-д заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй;
27.5.2.энэ хуулийн 24.2, 24.4-т заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй;
27.5.3.энэ хуулийн 24.5-д заасныг зөрчиж өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн;
27.5.4.нэр дэвшүүлэх ажиллагаа энэ хуулийн 24.6, 25 дугаар зүйлд заасныг зөрчиж явагдсан;
27.5.5.энэ хуулийн 27.1-д заасан баримт бичиг дутуу, эсхүл хуурамч бол.
27.6.Энэ хуулийн 27.5-д заасан үндэслэл байхгүй бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гаргана.
27.7.Сонгуулийн ерөнхий хороо бүртгэсэн нэр дэвшигчид Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 35 хоногийн өмнө нэгдсэн журмаар олгоно.
27.8.Нэр дэвшигч Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэх авснаас хойш нам нь тухайн нэр дэвшигчийг татан гаргах, нэр дэвшигч өөрөө нэр дэвшигчээс татгалзахыг хориглоно.
27.9.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 27.7-д заасны дагуу нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарснаас хойш ажлын гурван өдрийн дотор нийт нэр дэвшигчийг улсын хэмжээнд нийтэд мэдээлнэ.
27.10.Энэ хуулийн 27.1-д заасан баримт бичгийг хуурамчаар үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол, эсхүл энэ хуулийн 27.5-д заасан үндэслэл нэр дэвшигч бүртгэгдсэний дараа тогтоогдсон бол нэр дэвшигч, намын сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, намыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.
27.11.Энэ хуулийн 27.5-д заасныг зөрчиж нэр дэвшигчийг бүртгэсэн нь тухайн нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл болно.
27.12.Энэ хуулийн 27.5-д заасан зөрчил байгааг мэдсэн боловч нуун дарагдуулсны улмаас нэр дэвшигчийг бүртгэсэн гэм буруутай сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.
27.13.Энэ хуулийн 27.10-т заасны дагуу захиргааны хариуцлага хүлээсэн буруутай этгээдийн зөрчил нь ноцтой бол хуулийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг эрх бүхий байгууллага шийдвэрлэнэ.
28 дугаар зүйл.Нөхөн нэр дэвшүүлэх
28.1.Намаас нэр дэвшигч нас нөгчсөн, эсхүл шүүхээр ял шийтгүүлсэн тохиолдолд тухайн нам нь өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлэх шийдвэрээ Сонгуулийн ерөнхий хороонд санал авах өдрөөс 30 хоногийн өмнө ирүүлж, энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу бүртгүүлж болох бөгөөд Сонгуулийн ерөнхий хороо энэ тухай нийтэд мэдээлнэ.
28.2.Нам энэ хуулийн 28.1-д зааснаас бусад тохиолдолд нөхөн нэр дэвшүүлэхийг хориглоно.
29 дүгээр зүйл.Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах
29.1.Нэр дэвшигч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлж, нийтэд мэдээлэгдсэний дараа түүнийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах талаарх энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол Сонгуулийн ерөнхий хороо энэ тухай шийдвэр гаргаж, нийтэд мэдээлнэ.
29.2.Энэ хуулийн 29.1-д заасан Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийн талаар маргаан гарвал энэ хуулийн Арван хоёрдугаар бүлэгт заасан харьяалал, журмын дагуу шийдвэрлэнэ.
30 дугаар зүйл.Нэр дэвшигчид туслах
30.1.Нэр дэвшигчийн сонгуулийн бэлтгэл ажил, нэр дэвшигчээс сонгогчидтойгоо уулзах, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сурталчлах зэрэг сонгуулийн сурталчилгааг зохион байгуулахад намын сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагч тусална.
30.2.Нэр дэвшигч нь аймаг, дүүрэг тус бүрд нэг шадар туслагчтай байна.
30.3.Нэр дэвшигч нь 200 сонгогч тутамд нэгээс илүүгүй ухуулагчтай байж болно.
30.4.Намын сонгууль эрхэлсэн байгууллага нь улсын хэмжээнд 100 хүртэл, аймаг, нийслэлд 50 хүртэл, сум, дүүрэгт 20 хүртэл ажилтны бүрэлдэхүүнтэй байж болно.
30.5.Сонгуулийн ерөнхий хороо нь намын сонгууль эрхэлсэн байгууллагын улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах ажилтныг болон нэр дэвшигчийн шадар туслагчийг тус тус бүртгэж, үнэмлэх олгоно.
30.6.Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь намын сонгууль эрхэлсэн байгууллагын аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах ажилтныг бүртгэж, үнэмлэх олгоно.
30.7.Сум, дүүргийн сонгуулийн хороо нь намын сонгууль эрхэлсэн байгууллагын сум, дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах ажилтныг болон нэр дэвшигчийн ухуулагчийг тус тус бүртгэж, үнэмлэх олгоно.
30.8.Намын сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагч нь сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагааг явуулахдаа сонгуулийн хороодоос олгосон үнэмлэхээ энгэртээ бусдад харагдахуйцаар зүүсэн байна.
30.9.Энэ хуулийн 30.5-30.7-д заасныг зөрчиж намын сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагчийг бүртгэж, үнэмлэх олгосон сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 30.8-д заасныг зөрчсөн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.
30.10.Энэ хуулийн 30.2-30.4-т заасныг зөрчиж илүү олгосон үнэмлэхийг нь хүчингүй болгоно.
31 дүгээр зүйл.Нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаа
31.1.Нэр дэвшигч нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн мөрийн хөтөлбөрөө тайлбарлан таниулах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сонгуулийн сурталчилгаа хийх, холбогдох байгууллагаас зохих журмын дагуу шаардлагатай мэдээлэл, лавлагаа авах эрх эдэлнэ.
31.2.Нэр дэвшигч нь анхан шатны сонгуулийн санал хураалт дууссаны дараа анхан шатны сонгуулийн дүнгийн талаар мэдэгдэл хийнэ.
31.3.Гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу гэмт хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хариуцлагад татах, баривчлах, албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл ногдуулах, орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийх, түүнчлэн захиргааны санаачилгаар ажлаас халахыг хориглоно.
31.4.Нэр дэвшигчийг гүтгэх, доромжлох, нэр төрийг нь гутаах, түүний хувийн болон захидал харилцааны нууцыг задруулахыг хориглоно.
31.5.Нэр дэвшигчийг хамгаалалтад авах бөгөөд нэр дэвшигчийн хамгаалалтын зардлыг улсын төсвөөс гаргана.
31.6.Монгол Улсын Ерөнхийлөгч нэр дэвшсэн тохиолдолд албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх бөгөөд харин сонгуультай холбогдсон асуудлаар аливаа байгууллага, албан тушаалтанд үүрэг даалгавар өгч, шийдвэр гаргуулахыг хориглоно.
31.7.Энэ хуулийн 31.1-д заасан эрхээ эдлэхэд нь санаатайгаар саад учруулсан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 31.3-т заасныг зөрчсөн төрийн албан хаагчаас бусад албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 31.4-т заасныг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нам, хэвлэл мэдээллийн байгууллага болон бусад хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.
31.8.Энэ хуулийн 31.3-т заасныг зөрчсөн төрийн албан хаагчид холбогдох хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулна.
ЗУРГАДУГААР БYЛЭГ
СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР, СУРТАЛЧИЛГАА
32 дугаар зүйл.Сонгуулийн мөрийн хөтөлбөр
32.1.Нэр дэвшигч нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд үзэл баримтлалаа тодорхойлсон сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байх бөгөөд мөрийн хөтөлбөр нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын биелэлтийг хангахад чиглэсэн байна.
/Энэ хэсгийг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
32.2.Нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт улсын төсвөөс санхүүжилт шаардагдах аливаа зорилт, арга хэмжээ, түүнчлэн мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбогдсон эрх олгох, уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлогоос иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх, эсхүл зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх, түүнчлэн үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх, эсхүл ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон амлалт, түүнчлэн Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамааралгүй асуудлыг тусгахыг хориглоно.
32.3.Нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх болон уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийн талаарх тооцоо, судалгааг төрийн аудитын байгууллагаар хянуулсан байна.
/Энэ хэсгийг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
33 дугаар зүйл.Сонгуулийн сурталчилгаа
33.1.Нэр дэвшигч энэ хуулийн 27.7-д заасны дагуу нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс эхлэн сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж, санал авах өдрийн өмнөх өдөр дуусгана.
33.2.Нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөрөө тайлбарлан таниулах, нэр дэвшигчийг дэмжин сурталчлах зэрэг сонгуулийн сурталчилгааг дараах арга, хэлбэрээр явуулна:
33.2.1.сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод хүргэх;
33.2.2.гудамж талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах;
33.2.3.нам өөрийн бэлгэдэл болсон далбааг гудамж талбайд байрлуулах;
33.2.4.сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх;
33.2.5.ухуулах байр ажиллуулах;
33.2.6.радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах;
33.2.7.цахим хуудас, олон нийтэд зориулсан мессеж ашиглах.
33.3.Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаас өмнө зогсооно.
33.4.Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хураалт дуустал сонгуульд оролцох нам, нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаатай холбогдсон гадаад улсын иргэн, хуулийн этгээдийн зөвлөгөө, тусламж, дэмжлэгийг шууд болон шууд бус хэлбэрээр авахыг хориглоно.
33.5.Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
33.5.1.сонгогчид мөнгө, эд зүйл төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэх;
33.5.2.нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, тэдгээрийг ивээн тэтгэх;
33.5.3.сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах;
33.5.4.хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах;
33.5.5.ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, аман хэлцэл хийх, хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах.
33.6.Аливаа этгээд санал авах өдөр хүртэлх долоо хоногийн хугацаанд нам, нэр дэвшигчдийн талаар санал асуулга явуулах, энэ төрлийн мэдээллийг бүх төрлийн мэдээллийн хэрэгсэл ашиглан нийтлэх, тараахыг хориглоно.
33.7.Нэр дэвшигч болон нам, намын сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагчаас сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
33.7.1.энэ хуулийн 33.2-т зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх;
33.7.2.энэ хуулийн 33.1, 33.3-т зааснаас бусад цаг хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийх;
33.7.3.сонгогчдын саналыг татах зорилгоор энэ хуульд зөвшөөрснөөс бусад бүх төрлийн үйлчилгээ зохион байгуулах, ивээн тэтгэх;
33.7.4.сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах;
33.7.5.төрийн болон бусад өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын чанартай ажил, үйлчилгээ явуулах;
33.7.6.оройн 23.00 цагаас дараа өдрийн 10.00 цаг хүртэлх хугацаанд чанга яригч ашиглах;
33.7.7.сонгуульд оролцохоос татгалзах, сонгуулийн болон бусад хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах;
33.7.8.аливаа шашны сургаал, жаяг дэгийн дагуу үйлддэг хурал хуруулах, сан тавиулах, майдар эргэх, жасаа уншуулах, даллага авахуулах, тахилга мөргөл үйлдүүлэх, овоо тахих зэрэг шашны зан үйл ашиглах, түүнийг зохион байгуулах, оролцох, ивээн тэтгэх, шашны холбогдолтой эд зүйл тараах, сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг, материалд шашны холбогдолтой аливаа дуу, зураг хэвлэх, нийтлэх, нэвтрүүлэх;
33.7.9.сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан, эсхүл хүмүүнлэгийн, буяны, шашны байгууллага болон төрийн бус байгууллага, сангийн нэрээр халхавчлан сонгогч, түүний гэр бүлийн гишүүн, насанд хүрээгүй хүн, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, мөнгө, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, түүнчлэн цалин хөлс, тэтгэлэг олгох;
33.7.10.төрийн байгууллага, түүнчлэн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тээврийн хэрэгсэл, бусад өмч хөрөнгийг сурталчилгааны материал хэвлэх, олшруулах, тээвэрлэх зэрэг аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд ашиглах;
33.7.11.сонгуулийн сурталчилгаанд улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч аливаа хэлбэрээр оролцох, түүнчлэн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч болон насанд хүрээгүй хүнийг татан оролцуулах;
33.7.12.сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх, доромжлох, гутаах зэрэг мэдээ, мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр тараах;
33.7.13.сонгогчийн санал татах зорилгоор сонгогчид эдийн болон эдийн бус давуу байдал олгох, олгохоор амлах;
33.7.14.улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон амлалтыг сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгах, амаар болон өөр хэлбэрээр сонгогчдын дунд түгээн дэлгэрүүлэх;
33.7.15.сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах;
33.7.16.төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, хүмүүнлэгийн, буяны болон шашны байгууллага, санал авах байр болон сонгуулийн хороодын ажиллах байранд сонгуулийн сурталчилгаа явуулах.
33.8.Нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан иргэдийн шүтэх, эс шүтэх эрх чөлөө, төр, сүм хийдийн харилцаа, шашны талаарх бодлого, үзэл баримтлалыг сонгогчдод тайлбарлан таниулах үйл ажиллагааг энэ хуулийн 33.7.8-д заасан үйлдэл гэж үзэхгүй.
33.9.Сонгуулийн сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгслийн улсын дугаарыг аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлэн нэгдсэн таних тэмдэг авч, авто машин, автобусны салхины шилний баруун доод буланд, мопед, мотоциклын шатахуун хадгалах савны баруун талд нааж байрлуулах бөгөөд уг таних тэмдэгийн загварыг Сонгуулийн ерөнхий хороо батална.
33.10.Энэ хуулийн 33.9-д заасны дагуу батлагдсан таних тэмдэггүй авто машин, автобус, мопед, мотоциклыг сонгуулийн үйл ажиллагаа, сурталчилгаанд ашиглахыг хориглоно.
33.11.Сонгуулийн сурталчилгааг хуульд заасан хугацаанаас өмнө эхлүүлэх, сурталчилгааны явцад бусдыг гүтгэх, доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглоно.
33.12.Сонгуулийн сурталчилгааны аливаа материалд захиалсан этгээдийн эх сурвалжийг заавал дурдах бөгөөд захиалагчийн нэрийг тодорхой харагдахуйц байдлаар бичих ба энэ нь радиогийн нэвтрүүлгийн тухайд эхлэл, төгсгөлд, телевизийн нэвтрүүлгийн нийт хугацаанд хамаарна.
33.13.Энэ хуулийн 33.12-т заасан эх сурвалжийг дурдаагүй сонгуулийн сурталчилгааны материалыг хэвлүүлэх, тараах, нийтлэх, нэвтрүүлэхийг хориглоно.
33.14.Хэвлэл мэдээллийн байгууллага энэ хуульд заасан нийтлэл, нэвтрүүлгийг захиалагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр нийтэлж, нэвтрүүлнэ.
33.15.Дахин болон нэмэлт санал хураах ажиллагааг дуустал сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно.
33.16.Энэ хуулийн 33 дугаар зүйлд заасныг зөрчиж сонгогчид бэлэн мөнгө, эд бараа тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ.
33.17.Энэ хуулийн 33.16-д заасан мэдэгдлийн дагуу зөрчил гаргасан этгээдэд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн тохиолдолд Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 33.16-д заасны дагуу мэдэгдсэн сонгогчид тухайн тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
33.18.Энэ хуулийн 33.5.4, 33.7.12, 33.13, 33.15-д заасныг зөрчиж бэлэн мөнгө, эд бараа тараасан тухай хуурамч мэдээлэл тараан нэр дэвшигчийг гүтгэсэн этгээдийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
33.19.Энэ хуулийн 33 дугаар зүйлд заасныг зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нэр дэвшигч, шадар туслагч, ухуулагч, намын сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нам, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наймаас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, бусад этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.
33.20.Энэ хуулийн 33.3, 33.5.4, 33.6, 33.7.12, 33.11, 33.13, 33.15-д заасныг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ.
34 дүгээр зүйл.Сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод хүргэх
34.1.Нэр дэвшигч дараах хэлбэр, хэмжээгээр сонгуулийн сурталчилгааны материалаа хэвлүүлж, сонгогчдод хүргэх эрхтэй:
34.1.1.сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан хоёр хэвлэлийн хуудас бүхий хоёр сонин;
34.1.2.сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан хоёр хэвлэлийн хуудас бүхий хоёр сэтгүүл;
34.1.3.нэг хэвлэлийн хуудас бүхий ухуулах хуудас;
34.1.4.нэг хэвлэлийн хуудас бүхий зурагт хуудас;
34.1.5.нэг хэвлэлийн хуудас бүхий нэр дэвшигчийн намтар;
34.1.6.гурван хэвлэлийн хуудас бүхий хийсэн ажлын тайлан;
34.1.7.хоёр хэвлэлийн хуудас бүхий бусад сурталчилгааны материал.
34.2.“Нэг хэвлэлийн хуудас” гэж А-4 бичгийн цаасны нэг нүүрээс 8 дахин их байхыг ойлгоно.
34.3.Энэ хуулийн 34.1-д заасан хязгаарлалтын дүнг хэвлэмэл байдлаар сонгогчдод тараах тухайн төрлийн хэвлэлийн материалын нийлбэрээр тооцох ба нэр дэвшигч сонгогчдод тараасан нийт сурталчилгааны материалаас тус бүр нэгийг санал авах өдрөөс хоёроос доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлж бүртгүүлнэ.
34.4.Энэ хуулийн 34.1, 34.3-т заасныг зөрчсөн нэр дэвшигч, шадар туслагч, намын сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нам, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наймаас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.
35 дугаар зүйл.Сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах
35.1.Нэр дэвшигч нь өөрийн сонгуулийн сурталчилгааны зурагт самбарыг энэ хуулийн 12.1-д заасны дагуу байгуулагдсан хэсэг бүрд хоёроос илүүгүй байхаар тооцож гудамж талбайд байрлуулна.
35.2.Энэ хуулийн 35.1-д заасныг зөрчсөн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
36 дугаар зүйл.Намын далбааг сонгуулийн сурталчилгаанд ашиглах
36.1.Нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаандаа намын далбааг ашиглаж болно.
36.2.Намын далбааг ухуулах байр, нэр дэвшигчийн сурталчилгааны самбар, сонгуулийн сурталчилгаанд ашиглах зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгсэл дээр байрлуулж болох бөгөөд бусад газарт байрлуулах, өөр бусад зорилгоор ашиглахыг хориглоно.
36.3.Энэ хуулийн 36.2-т заасныг зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нэр дэвшигч, шадар туслагч, ухуулагч, намын сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нам, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наймаас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.
37 дугаар зүйл.Сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх
37.1.Нэр дэвшигч сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглааныг сонгуулийн сурталчилгааны хугацаанд багтаан хийнэ.
37.2.Тухайн шатны Засаг дарга нэр дэвшигчид уулзалт, хурал, цуглаан зохион байгуулахад нь дэмжлэг үзүүлж, тэгш хандах үүрэгтэй.
37.3.Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд энэ хуулийн 37.1-д заасан арга хэмжээнд зориулж соёлын төв, биеийн тамирын болон хурлын танхимыг төлбөргүйгээр ашиглуулна.
37.4.Энэ хуулийн 33.7.16 дахь заалт энэ хуулийн 37.3-т хамаарахгүй.
37.5.Энэ хуулийн 37.1-д заасныг зөрчсөн нэр дэвшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 37.2, 37.3-т заасныг зөрчсөн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наймаас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.
38 дугаар зүйл.Ухуулах байр ажиллуулах
38.1.Нэр дэвшигч нь хэсэг бүрд хоёроос илүүгүй ухуулах байр ажиллуулж болно.
38.2.Энэ хуулийн 38.1-д заасан ухуулах байрыг сонгуулийн мөрийн хөтөлбөрийг тайлбарлан танилцуулах, сонгуулийн сурталчилгааны материалыг сонгогчдод тараах, уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах зорилгоор ажиллуулна.
38.3.Ухуулах байрын дотор, гадна талд байрлуулсан сонгуулийн сурталчилгааны самбар нь энэ хуулийн 35.1-д заасан тоонд хамаарахгүй.
38.4.Энэ хуулийн 38.1-д заасныг зөрчсөн нэр дэвшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, намыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наймаас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.
39 дүгээр зүйл.Сонгуулийн сурталчилгаанд радио, телевизийн нэвтрүүлэг ашиглах
39.1.Нэр дэвшигч олон нийтийн радио, телевиз болон бусад радио, телевизээр сонгуулийн сурталчилгаатай холбогдсон нэвтрүүлэг /цаашид “сурталчилгааны нэвтрүүлэг” гэх/-ийг ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулж болно.
39.2.Олон нийтийн радио, телевиз нь сурталчилгааны нэвтрүүлгийг Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон хуваарь, цагийн дагуу зөвхөн төлбөргүй нэвтрүүлнэ.
39.3.Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевиз нь сурталчилгааны нэвтрүүлгийг гэрээний үндсэн дээр төлбөртэй нэвтрүүлэх бөгөөд сурталчилгааны төлбөртэй нэвтрүүлгийн нийт хугацаа нь хоногт нэг цагаас илүүгүй байна.
39.4.Радио, телевизээр нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлгийн төлбөр нь тухайн радио, телевизээс тогтоосон оргил цагийн сурталчилгааны төлбөрийн дээд хэмжээнээс хэтрэхийг хориглоно.
39.5.Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг радио, телевиз нь нэгээс илүү сувагтай бол сурталчилгааны нэвтрүүлгийг зөвхөн үндсэн сувгаар нэвтрүүлнэ.
39.6.Сонгуулийн ерөнхий хороо нь олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх болон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг радио, телевизээр төлбөртэй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг нэр дэвшигч бүрд ижил нөхцөл, боломж, тэнцүү хугацаа ногдохоор тооцож сонгуулийн сурталчилгаа эхлэхээс арваас доошгүй хоногийн өмнө батална.
39.7.Энэ хуулийн 39.6-д заасан сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг бусад нэр дэвшигчид шилжүүлэх, радио, телевизээр улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, түүнчлэн нэр дэвшигчийн талаар дагнан сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхийг тус тус хориглоно.
39.8.Сонгуулийн ерөнхий хороо Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх журмыг энэ хуульд нийцүүлэн батална.
39.9.Энэ хуулийн 39 дүгээр зүйлийг зөрчсөн нэр дэвшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
39.10.Энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ.
40 дүгээр зүйл.Сонгуулийн сурталчилгаанд цахим хуудас, олон нийтэд зориулсан мессеж ашиглах
40.1.Нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаандаа зориулж өөрийн нэг цахим хуудас ажиллуулах, түүнчлэн олон нийтэд зориулсан үүрэн холбооны мессежийн үйлчилгээг хоногт нэгээс илүүгүй удаа ашиглан сонгуулийн сурталчилгааг явуулж болно.
40.2.Нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааны материалыг цахим шуудангаар сонгогчдод хүргүүлж болно.
40.3.Цахим хуудас болон олон нийтэд зориулсан мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулахыг хориглоно.
40.4.Энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн нэр дэвшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.
ДОЛДУГААР БYЛЭГ СОНГУУЛИЙН ЗАРДАЛ
41 дүгээр зүйл.Нэр дэвшигч, намаас сонгуульд зарцуулах зардал
41.1.Сонгуулийн ерөнхий хороо нэг нэр дэвшигч, намаас сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг сонгуулийн жилийн гуравдугаар сарын нэгний дотор тус тус тогтооно.
41.2.Энэ хуулийн 41.1-д заасан сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээнд багтаан намын сонгуулийн зардлыг тухайн нам нь, нэр дэвшигчийн сонгуулийн зардлыг тухайн нам болон нэр дэвшигч тус тус хариуцна.
41.3.Энэ хуулийн 41.1-д заасан сонгуулийн зардлын дээд хэмжээг хэтрүүлсэн намыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нэр дэвшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.
42 дугаар зүйл.Сонгуулийн зардлын данс
42.1.Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн нам нэр дэвшигчийг бүртгүүлснээс хойш тав хоногийн дотор сонгуулийн зардлын сан байгуулан банкинд данс нээлгэж, Сонгуулийн ерөнхий хороо болон Үндэсний аудитын газарт бичгээр мэдэгдэж, нийтэд зарлана.
42.2.Энэ хуулийн 42.1-д заасан дансанд тухайн нэр дэвшигчийн өөрийн болон нэр дэвшүүлсэн намын хөрөнгө, талархан дэмжигч нам, байгууллага, иргэдээс оруулсан мөнгөн хандивыг төвлөрүүлж, мөн дансаар дамжуулан зарцуулна.
42.3.Нэр дэвшигч энэ хуулийн 42.1-д зааснаас өөр данс нээлгэхийг хориглоно.
42.4.Энэ хуулийн 42.1-д заасан зардлын санд төвлөрсөн хөрөнгийг сонгуулийн мөрийн хөтөлбөрийг тайлбарлан таниулах, нэр дэвшигчийг сурталчлах, сонгуулийн уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах, нэр дэвшигч, намын сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагчийн бичиг хэрэг, шуудан, холбоо, унааны болон албан томилолт, хөлс, мөнгөн урамшуулал зэрэг зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна.
42.5.Сонгуулийн зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх, түүнийг зарцуулсан тухай тайлангийн загвар болон данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журмыг Сонгуулийн ерөнхий хороо Монголбанктай хамтран батална.
42.6.Энэ хуулийн 42.2-42.4-т заасныг зөрчсөн нэр дэвшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 42.1, 42.2, 42.4-т заасныг зөрчсөн намыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох ба энэ хуулийн 42.1-д заасан данснаас гадуур өгсөн, энэ хуулийн 42.3-т заасныг зөрчиж нээлгэсэн дансанд төвлөрүүлсэн хөрөнгийг хурааж, улсын орлого болгоно.
43 дугаар зүйл.Сонгуулийн хандив
43.1.Нэр дэвшигчид өгөх хандивын хэмжээ иргэнээс арван сая төгрөгөөс, хуулийн этгээдээс тавин сая төгрөгөөс илүүгүй байна.
43.2.Энэ хуулийн 43.1-д заасан хандивын хэмжээг энэ хуулийн 42.1-д заасан зардлын санд төвлөрүүлсэн хөрөнгийн нийлбэрээр тооцно.
43.3.Мөнгөн хандивыг зөвхөн энэ хуулийн 42.1-д заасан сангаар дамжуулж өгнө.
43.4.Мөнгөн бус хэлбэрээр өгсөн хандивыг мөнгөн хэлбэрт шилжүүлэн үнэлж, энэ хуулийн 43.1-д заасан хандивын дүнд оруулан тооцно.
43.5.Хуулийн этгээдээс хандив өгөх тухай шийдвэрийг гүйцэтгэх захирал, эсхүл төлөөлөн удирдах зөвлөл гаргана.
43.6.Нэр дэвшигч нь сонгуулийн хандивын хэмжээ, хэлбэрийг сонгуулийн зардлын тайланд тусгана.
43.7.Дараах этгээдээс хандив авахыг хориглоно:
43.7.1.гадаад улс буюу гадаадын байгууллага /хамтарсан байгууллагын гадаадын оролцогч/;
43.7.2.олон улсын байгууллага;
43.7.3.төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага;
43.7.4.гадаад улсын иргэн;
43.7.5.харьяалалгүй хүн;
43.7.6.сонгууль товлон зарласан өдөр арван найман нас хүрээгүй Монгол Улсын иргэн;
43.7.7.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд;
43.7.8.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон албан татварын өр төлбөртэй, дампуурсан, банкны хугацаа хэтэрсэн зээлийн өртэй хуулийн этгээд;
43.7.9.Yйлдвэрчний эвлэл, шашны болон бусад төрийн бус байгууллага;
43.7.10.байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээд.
43.8.Сонгууль зохион байгуулах хугацаанд гадаад, дотоодын тусламжийн эд хөрөнгийг иргэдэд тараах, худалдан борлуулж сонгуульд зарцуулахыг хориглоно.
43.9.Сонгуулийн жил зөвхөн сонгуулийн үйл ажиллагаанд зориулж хандив өгч болох бөгөөд энэ тохиолдолд Улс төрийн намын тухай хуулийн 18.3-т заасан хандивыг намд давхардуулан өгөхийг хориглоно.
43.10.Энэ хуулийн 43.1, 43.3, 43.5, 43.9-д заасныг зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 43.6-43.8-д заасныг зөрчсөн намыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 43.6-д заасныг зөрчсөн нэр дэвшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 43.7.3, 43.7.7-43.7.10-т заасныг зөрчсөн хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 43.8-д заасныг зөрчсөн нэр дэвшигч, намын сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.
43.11.Энэ хуулийн 43.1-д заасан хэмжээнээс илүү гарсан, түүнчлэн энэ хуулийн 43.7-д заасан этгээдээс авсан хандивыг хурааж, улсын орлого болгоно.
44 дүгээр зүйл.Сонгуулийн зардлын тайлан гаргах
44.1.Намын сонгууль эрхэлсэн байгууллага санал хураалт дууссан өдрөөс хойш 30 хоногт багтаан нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан /цаашид “зардлын тайлан” гэх/-г гаргаж Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.
44.2.Намын сонгууль эрхэлсэн төв байгууллага энэ хуулийн 44.1-д заасан сонгуулийн зардлын тайланд аудит хийлгэж, дүгнэлт гаргуулсан байна.
44.3.Зардлын тайланг дараах үзүүлэлтээр гаргана:
44.3.1.энэ хуулийн 42.1-д заасан дансанд төвлөрүүлсэн орлого, нийт хандивын хэмжээ;
44.3.2.энэ хуулийн 44.3.1-д заасан орлогын эх үүсвэр, түүний дотор хандивын төрөл, хэмжээ;
44.3.3.хандивлагч иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, хандивын хэмжээ, хэлбэр;
44.3.4.хандивлагч хуулийн этгээдийн нэр, оршин байгаа газрын хаяг, гүйцэтгэх захирлын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хандивын хэмжээ, хэлбэр;
44.3.5.зарлагын ангилал, гүйцэтгэл;
44.3.6.үлдэгдлийн хэмжээ, байршил.
44.4.Нэр дэвшигчийн сонгуулийн зардлын данс байршуулсан банкны захирал нь уг дансны бүх гүйлгээг нэгтгэсэн тайлан гаргаж, энэ хуулийн 44.1-д заасан хугацаанд Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.
44.5.Сонгуулийн ерөнхий хороо зардлын тайланг хянаж, санал хураалт дууссан өдрөөс хойш 45 хоногийн дотор дүнг нийтэд мэдээлэх ба нэг сая, түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хорин сая, түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд зарлана.
44.6.Сонгуулийн ерөнхий хороо шаардлагатай гэж үзвэл нам, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын санхүүжилт, түүний гүйцэтгэлийг төрийн аудитын байгууллагаар шалгуулж, дүгнэлт гаргуулна.
44.7.Энэ хуулийн 44.2, 44.3-т заасныг зөрчсөн намыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 44.4-т заасныг зөрчсөн банкны захирлыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.
НАЙМДУГААР БYЛЭГ
САНАЛ АВАХ, АНХАН ШАТНЫ СОНГУУЛИЙН ДҮН ГАРГАХ
45 дугаар зүйл.Санал авах газар, хугацаа
45.1.Сонгогчдын саналыг санал авах өдрийн 07.00 цагаас 22.00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна.
45.2.Хэсгийн хороо сонгогчдын санал авах өдөр, цаг, байрыг уул өдөр хүртэлх 14 хоногийн турш нийтэд зарлан мэдээлнэ.
45.3.Тухайн хэсгийн харьяалагдах сум, дүүргийн Засаг дарга санал авахад шаардлагатай дараах зүйлийг Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон зааврын дагуу санал авах өдрөөс арав хоногийн өмнө эхэлж тав хоногийн хугацаанд багтаан бэлэн болгох үүрэг хүлээнэ:
45.3.1.санал авах байр;
45.3.2.сонгогч саналаа нууцаар өгөхөд шаардагдах санал бэлтгэх бүхээг /300 сонгогч тутамд нэг байхаар тооцож/;
45.3.3.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогч саналаа нууцаар өгөхөд шаардагдах бүхээг;
45.3.4.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг;
45.3.5.сонгогчийн бүртгэл дэх зургийг нийтэд болон ажиглагчид үзүүлэх дэлгэц;
45.3.6.хууль тогтоомжид заасан бусад зүйл.
45.4.Хэсгийн хорооны ажиллах байр болон санал авах байрыг бэлтгэх заавар, энэ хуулийн 45.3.2-45.3.4-т заасан саналын хайрцаг, бүхээгийн хэмжээ, загварыг Сонгуулийн ерөнхий хороо батална.
45.5.Хэсэгт саналын хуудас хүлээн авснаас хойш санал авах байрыг цагдаагийн хамгаалалтад авна.
45.6.Хэсгийн хороо санал авах өдрөөс 14 хоногийн өмнө тухайн хэсэг дэх санал авах байрын дугаар, нэр, хаяг, байршил, орчин тойрны дэвсгэр зураг /план/-ийг баталж, энэ хуулийн 45.2-т заасны дагуу нийтэд зарлан мэдээлэх ба ингэхдээ нэг барилга байгууламж, цогцолборт хэд хэдэн санал авах байр байхаар сум, дүүргийн Засаг даргатай хамтран зохион байгуулж болно.
45.7.Санал авах байранд сонгогчдоос саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэх боломжийг хангасан, хэсэг дэх сонгогчдын тооноос хамааран хоёроос доошгүй тооны санал бэлтгэх бүхээг байх бөгөөд санал авах байр бүрд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нэгээс доошгүй санал бэлтгэх бүхээгийг тусгайлан тоноглож бэлтгэсэн байна.
45.8.Санал авах байр нь тэргэнцэртэй сонгогч орох боломжоор хангагдсан байна.
45.9.Санал авах байрын байршлыг нийтийн эмх замбараагүй байдал, үер ус, гал түймэр зэрэг давагдашгүй хүчин зүйлийн улмаас өөрчилж болох бөгөөд энэ тухай нэн даруй сонгогчид мэдээлнэ.
45.10.Энэ хуулийн 45.3-т заасныг зөрчсөн Засаг даргыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
46 дугаар зүйл.Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах
46.1.Гадаад улсад байгаа иргэд-сонгогчдын саналыг Улсын Их Хурлаас тогтоосон санал авах өдрийн тухайн улсын орон нутгийн цагаар 07.00 цагаас 22.00 цаг хүртэл хугацаанд тухайн салбар комиссын тогтоосон санал авах байранд авна.
46.2.Комисс болон салбар комисс нь сонгогчдын санал авах өдөр, цаг, байрыг уул өдөр хүртэлх хугацаанд нийтэд зарлан мэдээлнэ.
46.3.Тухайн улсад байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн сонгогчоос саналаа нууцаар бэлтгэхэд шаардагдах тооны бүхээг бүхий байр, битүүмжилсэн саналын хайрцгийг энэ хуулийн 8.4-т заасан санал авах өдрөөс гурав хоногийн өмнө хариуцаж бэлтгэнэ.
46.4.Санал авах байранд сонгогчоос саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэх боломжийг хангасан, хүрэлцэхүйц тооны санал бэлтгэх бүхээг бэлтгэсэн байна.
46.5.Сонгогчийн саналыг энэ хуулийн 47 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан, Сонгуулийн ерөнхий хорооноос эрхлэн хэвлүүлсэн саналын хуудсаар авна.
46.6.Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг дугтуйн хамт битүүмжлэн, Комиссоор дамжуулан нийт салбар комисст энэ хуулийн 8.4-т заасан санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хүргүүлнэ.
46.7.Салбар комисс нь саналын хуудсыг бүрэлдэхүүнээрээ хүлээн авч, энэ тухай тэмдэглэл үйлдэж, хүлээн авахад байлцсан салбар комиссын дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гарын үсэг зурна.
46.8.Салбар комисс нь саналын хуудсыг гал ус, гэнэтийн аюулд өртөхөөс урьдчилан сэргийлсэн байранд, сейфэнд лацдаж битүүмжлэн хадгална.
47 дугаар зүйл.Саналын хуудас
47.1.Саналын хуудас нь сонгогчоос саналаа илэрхийлэх, сонгуулийн дүнг гаргах үндсэн баримт бичиг мөн бөгөөд дараах шаардлагыг хангасан байна:
47.1.1.агуулга, бичилт, хэлбэрийн хувьд сонгогч саналаа илэрхийлэхэд хялбар, ойлгомжтой байх;
47.1.2.сонгогч саналаа хэрхэн тэмдэглэх тухай товч заавар агуулсан байх;
47.1.3.нэр дэвшигчийн гэрэл зургийг агуулсан байх.
47.2.Саналын хуудас нь тусгай нууцлалтай байх бөгөөд аймаг, дүүргийн хэмжээнд нэгдсэн адил дугаартай байна.
47.3.Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудасны тоо, загвар болон саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журмыг батална.
47.4.Саналын хуудсанд нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэрийг жижиг үсгээр, өөрийн нь нэрийг том үсгээр, өөрийн нэрийн ард нэр дэвшүүлсэн нам, хамтарсан намуудын нэрийг хаалтад бичнэ.
47.5.Саналын хуудсанд нэр дэвшигчдийн нэрийг Улсын Их Хуралд хамгийн олон суудал авсан намын нэр дэвшигчээс эхлэн дараалуулж бичих бөгөөд хамтарсан намуудын хувьд Улсын Их Хуралд хамгийн олон суудал авсан намын суудлын тоог баримтлан дараалалд оруулна.
47.6.Харааны бэрхшээлтэй сонгогч саналаа өгөхөд зориулсан саналын хуудсыг унших, саналаа тэмдэглэх тусгай зориулалтын брайль үсэг бүхий хавтас санал авах байр бүрд нэг байна.
47.7.Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг баталсан загварын дагуу хэвлүүлж, аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд, аймаг, нийслэлийн сонгуулийн хороо сум, дүүргийн хороогоор дамжуулан санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд тус тус хүргүүлнэ.
47.8.Сонгуулийн хороод саналын хуудсыг бүрэлдэхүүнээрээ хүлээн авч, энэ тухай тэмдэглэл үйлдэж, хүлээн авахад байлцсан дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гарын үсэг зурна.
47.9.Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, аль нэг гишүүн энэ хуулийн 47.8-д заасан тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзвал шалтгаан, үндэслэлээ бичгээр үйлдэж, холбогдох сонгуулийн хороонд өгөх үүрэг хүлээнэ.
47.10.Энэ хуулийн 47.9-д заасны дагуу сонгуулийн хорооны бүрэлдэхүүний олонх гарын үсэг зурсан тохиолдолд сонгуулийн хороо саналын хуудсыг хүлээн авсанд тооцно.
47.11.Энэ хуульд заасан загвар, шаардлагыг хангаагүй саналын хуудсаар санал авах, өгөхийг хориглоно.
47.12.Энэ хуулийн 47.9, 47.11-д заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, сонгуулийн хорооны гишүүнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.
48 дугаар зүйл.Санал авах ажиллагаа
48.1.Санал авах өдрийн 07.00 цагт хэсгийн хорооны бүрэлдэхүүн сонгогчдын төлөөлөл, ажиглагчдыг байлцуулан дараах ажиллагааг дор дурдсан дарааллын дагуу гүйцэтгэнэ:
48.1.1.тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын тоо, үүнээс зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн сонгогчдын тоог мэдээлэх;
48.1.2.саналын хуудасны индекс дугаарыг мэдээлэх;
48.1.3.хүлээн авсан, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахад зарцуулсан, үүнээс зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахад сонгогч саналаа буруу тэмдэглэсэн үндэслэлээр энэ хуульд заасны дагуу дахин нэг саналын хуудас авч саналаа гаргасны улмаас хүчингүй болгосон, түүнчлэн алдагдаж үрэгдсэн, устсан, үлдсэн саналын хуудасны тоог мэдээлэх;
48.1.4.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаас бусад санал авах бүх хайрцгийг нээж харуулах, санал тоолох төхөөрөмжийг битүүмжлэх, лацдах, санал авахад бэлэн болгох;
48.1.5.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг нээж, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгсөн сонгогчдын саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийхдээ зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн сонгогчийн регистрийн дугаараар сонгогчийн бүртгэлийн хуудсыг иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтнаар гаргуулах.
48.2.Хэсгийн хороо энэ хуулийн 48.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсэн тухай тэмдэглэл хөтөлж, уг тэмдэглэлд сонгогчийн бүртгэлийн хуудсыг хавсарган хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга болон бүх гишүүн гарын үсэг зурна.
48.3.Хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн энэ хуулийн 48.2-т заасны дагуу гарын үсэг зурахаас татгалзахыг хориглоно.
48.4.Сонгуулийн ажиглагч энэ хуулийн 48.2-т заасан тэмдэглэлтэй танилцсан тухайгаа гарын үсэг зуран тэмдэглүүлж болно.
48.5.Хэсгийн хороо энэ хуулийн 48.1-48.4-т заасан ажиллагааг гүйцэтгэсний дараа санал авах ажиллагааг эхлүүлнэ.
48.6.Санал өгөхөөр санал авах байранд ирсэн сонгогч санал авах байранд ажиллах улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын сургалтад хамрагдсан итгэмжлэгдсэн ажилтанд иргэний үнэмлэх, биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-өө шалгуулах ба тухайн ажилтан нь сонгогчийн иргэний үнэмлэх, биеийн давхцахгүй өгөгдөл /хурууны хээ/-ийг иргэний бүртгэлийн мэдээллийн улсын сан дахь сонгогчийн бүртгэлтэй тулган үзэж, зөрчилгүй бол сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно.
48.7.Энэ хуулийн 48.6-д заасны дагуу сонгогчийн бүртгэлийн хуудас авсан сонгогч уг бүртгэлийн хуудсыг иргэний үнэмлэхийн хамт хэсгийн хорооны гишүүнд үзүүлэн саналын хуудас авна.
48.8.Хэсгийн хорооны гишүүн сонгогчид саналын хуудас олгохдоо сонгогчийн иргэний үнэмлэх, сонгогчийн бүртгэлийн хуудсыг тухайн хэсэг дэх сонгогчдын нэрийн жагсаалттай тулган шалгах ба саналын хуудас авсан сонгогчоор сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зуруулна.
48.9.Санал авах ажиллагаанд сонгуулийн ажиглагч болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч байлцаж болно.
48.10.Санал авах байранд болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авч байгаа газар нэр дэвшигч болон зөвшөөрөлгүй бусад этгээд байхыг хориглох бөгөөд энэ нь тэдгээрээс саналаа өгөхөд хамаарахгүй.
48.11.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авч байгаа газар дараах этгээд байхыг зөвшөөрнө:
48.11.1.санал авч байгаа газар нь иргэний орон байр бол тухайн иргэний гэр бүлийн гишүүн;
48.11.2.тухайн газар нь эмнэлэг болон түүнтэй адилтгах байгууллага бол хүнд өвчтөн.
48.12.Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална.
48.13.Санал авах өдөр дараах үйл ажиллагааг хориглоно:
48.13.1.согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах;
48.13.2.соёл урлаг, үзвэр, спортын аливаа арга хэмжээ зохион байгуулах;
48.13.3.гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллах.
48.14.Энэ хуулийн 48.13 дахь хэсгийн заалтын хэрэгжилтэд аймаг, нийслэлийн Засаг дарга хяналт тавьж ажиллана.
48.15.Сонгогчдыг сонгуульд идэвхтэй оролцуулах тодорхой арга хэмжээг Сонгуулийн ерөнхий хороо авч хэрэгжүүлнэ.
48.16.Энэ хуулийн 48.1, 48.3, 48.5, 48.8-д заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, сонгуулийн хорооны гишүүнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 48.6-д заасныг зөрчсөн ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 48.10-т заасныг зөрчсөн нэр дэвшигч, бусад этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.
48.17.Аймаг, нийслэлийн Засаг дарга, орон нутгийн цагдаагийн байгууллагатай хамтран энэ хуулийн 48.13-т заасныг зөрчсөн этгээдийн үйл ажиллагааг нь зогсоож, холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
49 дүгээр зүйл.Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажиллагаа
49.1.Салбар комиссын бүрэлдэхүүн энэ хуулийн 8.4-т заасан санал авах өдрийн 07.00 цагт сонгогчдын төлөөллийг байлцуулан саналын хайрцгийг нээж харуулан, шалган битүүмжилж, лацадсны дараа салбар комиссын дарга дараах мэдээллийг хийнэ:
49.1.1.сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тоо;
49.1.2.хүлээн авсан, алдагдаж үрэгдсэн, устсан, үлдсэн саналын хуудасны тоо;
49.1.3.саналын хуудасны индекс дугаар.
49.2.Энэ хуулийн 49.1-д заасан ажиллагааг нэг бүрчлэн тусгасан тэмдэглэл хөтөлж, Салбар комиссын дарга, нарийн бичгийн дарга болон бүх гишүүн гарын үсэг зурна.
49.3.Салбар комисс энэ хуулийн 49.1, 49.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний дараа санал авах ажиллагааг эхлүүлэх ба ингэхдээ сонгогчийн иргэний үнэмлэх, эсхүл үндэсний гадаад паспортыг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган үзэж, сонгогч бүрд саналын хуудсыг дугтуйн хамт олгоно.
49.4.Саналын хуудас болон дугтуйг авсан сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсгээ зурж баталгаажуулна.
50 дугаар зүйл.Сонгуулийг ажиглах
50.1.Намын сонгууль эрхэлсэн байгууллагаас нэг хэсэгт дөрөв хүртэл сонгуулийн ажиглагч /цаашид “ажиглагч” гэх/-ийг томилж ажиллуулах эрхтэй.
50.2.Энэ хуулийн 9.5-д заасан төрийн бус байгууллага энэ хуулийн 50.8-д заасан журмаар ажиглагч томилон ажиллуулах эрхтэй.
50.3.Ажиглагч нь арван найман нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байна.
50.4.Нэр дэвшигч, төрийн албан хаагч ажиглагч байхыг хориглоно.
50.5.Нэр дэвшигчийн шадар туслагч, намын сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан ажиглагчаар томилогдсон бол сонгуулийн хорооны ажиллах байр болон санал авах байранд сонгуулийн сурталчилгаа, түүнтэй холбоотой аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
50.6.Гадаадын болон олон улсын байгууллага сонгуулийг ажиглахад гадаад улсын иргэн ажиглагч байж болно.
50.7.Сонгууль ажиглах журам болон ажиглагчийн үнэмлэхийн загварыг Сонгуулийн ерөнхий хороо батална.
50.8.Ажиглагч томилох эрх бүхий этгээд ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх хүсэлтээ бичгээр гаргаж, дор дурдсан баримт бичгийн хамт санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд хүргүүлнэ:
50.8.1.ажиглагчаар томилсон шийдвэрийн хуулбар;
50.8.2.Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан загварын дагуу бөглөсөн ажиглагчийн анкет;
50.8.3.ажиглагчаар томилогдсон этгээдийн нэг хувь цээж зураг.
50.9.Энэ хуулийн 50.8-д заасан хугацаа өнгөрсөн бол хэсгийн хороо ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх тухай хүсэлтийг хүлээн авахгүй.
50.10.Хэсгийн хороо ажиглагчаар томилогдсон этгээд нь энэ хуулийн 50.3, 50.4-т заасан шаардлагыг хангасан эсэхийг ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх тухай хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 48 цагийн дотор нягтлан шалгаж, шаардлага хангасан этгээдийг бүртгэж, ажиглагчийн үнэмлэх олгоно.
50.11.Ажиглагч сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, санал авах, тоолох, дүн гаргах үед уг ажлыг сонгуулийн тухай хууль тогтоомжийн дагуу явуулж байгаа эсэхийг зөвхөн хөндлөнгөөс ажиглан хянах бөгөөд дараах эрх эдэлнэ:
50.11.1.сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах;
50.11.2.саналын хуудасны битүүмжлэгдсэн байдалтай танилцах;
50.11.3.санал авах, тоолох ажлыг ажиглах;
50.11.4.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах сонгогчдын нэрийн жагсаалт, тэднээс санал авах чиглэл, хуваарь, явцтай танилцах;
50.11.5.санал бэлтгэх бүхээг, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг, санал тоолох төхөөрөмж болон санал авах байр хууль тогтоомжийн дагуу бэлтгэгдсэн эсэхтэй танилцах;
50.11.6.санал авах байранд санал авах үйл явцыг бүхэлд нь ажиглаж болохуйц суудалтай байх;
50.11.7.санал авах үйл явцад зөрчил гарвал хэсгийн хорооны даргад мэдэгдэж, залруулахыг хүсэх, илэрсэн зөрчлийн талаар тэмдэглэл хөтлөх, баримтжуулах, гэрчээр гарын үсэг зуруулах;
50.11.8.дуу болон дүрс бичлэгийн хэрэгсэл ашиглан сонгуулийн үйл явцыг баримтжуулах;
50.11.9.хэсгийн хорооны гишүүдээс холбогдох мэдээлэл авах, сонгуулийн хорооны хуралдааныг ажиглах;
50.11.10.ажиглалтын тайлангаа нийтэд мэдээлэх, хэвлэн нийтлэх;
50.11.11.саналын хуудасны зурган болон тоон үзүүлэлтийг цахим хэлбэрээр хуулбарлан авах;
50.11.12.хууль тогтоомжид заасан бусад.
50.12.Ажиглагч энэ хуулийн 50.11-д заагаагүй эрх эдлүүлэхийг шаардах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, худал мэдээлэл нийтэд тараах зэрэг хууль бус арга хэрэглэж хэсгийн хорооны ажилд хөндлөнгөөс оролцвол хэсгийн хороо түүний ажиглагчийн бүртгэлийг хүчингүй болгон, үнэмлэхийг нь хураан авч, санал авах байраас гаргана.
50.13.Ажиглагч энэ хуулийн 50.12-т заасны дагуу ажиглагчийн бүртгэлээс хасагдсан бол түүнийг томилсон этгээд нь орны хүнийг томилох эрхгүй бөгөөд ийм хүсэлт гаргавал хэсгийн хороо хүлээн авахаас татгалзана.
50.14.Санал авах байрын багтаамжаас хамаарч ажиглагч томилох эрх бүхий этгээдийн томилсон бүх ажиглагч санал авах өдөр санал авах байранд ажиглалт хийх боломжгүй бол хэсгийн хороо хоёроос доошгүй ажиглагчийг санал авах байранд ээлжлэн ажиглалт хийх боломжоор хангах үүрэгтэй.
50.15.Хуульд заасан хугацаанд хэсгийн хороонд ажиглагч бүртгүүлэх, ажиглагчийн үнэмлэх авахад болон эрхээ эдлэхэд нь хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн, бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно.
50.16.Энэ хуулийн 50 дугаар зүйлд заасныг зөрчсөн ажиглагчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, бусад этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.
50.17.Ажиглагч хууль зөрчсөний улмаас ажиглагчийн бүртгэлээс хасагдсан нь түүнийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
51 дүгээр зүйл.Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг ажиглах
51.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг ажиглахтай холбогдсон харилцаанд энэ хуулийн 50 дугаар зүйлийн холбогдох заалтыг баримтална.
51.2.Ажиглагч томилох эрх бүхий этгээд гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагаанд хоёр хүртэл ажиглагчийг томилж ажиллуулж болно.
51.3.Ажиглагч томилох эрх бүхий этгээд энэ хуулийн 51.2-т заасны дагуу гадаад улсад байгаа сонгогчдоос санал авах ажиллагаанд ажиглагч томилох бол энэ тухай хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.
51.4.Энэ хуулийн 51.2-т заасны дагуу томилсон ажиглагчийн талаарх мэдээллийг Сонгуулийн ерөнхий хороо холбогдох салбар комисст мэдэгдэх бөгөөд ажиглагч нь энэ хуулийн 8.4-т заасан санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө салбар комисст бүртгүүлж, ажиглагчийн үнэмлэх авна.
51.5.Ажиглагч нь санал авах үед уг ажиллагааг сонгуулийн тухай хууль тогтоомжийн дагуу явуулж байгаа эсэхийг зөвхөн хөндлөнгөөс ажиглан хянах бөгөөд дараах эрх эдэлнэ:
51.5.1.сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах;
51.5.2.саналын хуудасны битүүмжлэгдсэн байдалтай танилцах;
51.5.3.санал бэлтгэх бүхээг, битүүмжилсэн саналын хайрцаг болон санал авах байр хууль тогтоомжийн дагуу бэлтгэгдсэн эсэхтэй танилцах;
51.5.4.санал авах байранд сонгуулийн санал авах үйл явцыг бүхэлд нь ажиглаж болохуйц суудалтай байх;
51.5.5.салбар комиссын гишүүдээс холбогдох мэдээлэл авах;
51.5.6.ажиглалтын тайлангаа Дипломат албаны тухай[9], Төрийн нууцын тухай хууль[10] болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй агуулга, хэлбэртэйгээр нийтэд мэдээлэх, хэвлэн нийтлэх.
52 дугаар зүйл.Сонгогч саналаа өгөх
52.1.Сонгогч санал авах байранд өөрийн биеэр ирж, саналаа биечлэн өгнө.
52.2.Сонгогчид дараах зүйлийг хориглоно:
52.2.1.тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх, эсхүл өөр хүний бичиг баримт, эсхүл хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох;
52.2.2.тухайн хэсгийн хорооноос олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах, эсхүл санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарах;
52.2.3.саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг үйлдэл хийх;
52.2.4.саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах;
52.2.5.аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах.
52.3.Сонгогч нь саналын хуудсыг авч санал бэлтгэх бүхээгт саналын хуудсанд бичигдсэн нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгохыг хүссэн нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугаарыг сонгож, саналын хуудасны зааварт заасан тэмдэглэгээг хийнэ.
52.4.Сонгогч саналаа санал бэлтгэх бүхээгт нууцаар тэмдэглэнэ.
52.5.Санал бэлтгэх бүхээгт тухайн сонгогчоос өөр хүн байхыг хориглоно.
52.6.Сонгогч саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийнэ.
52.7.Сонгогч саналаа тэмдэглэсэн саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийсний дараа санал авах байраас гарна.
52.8.Сонгогч санал тэмдэглэхдээ алдаа гаргаж буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийхээс өмнө энэ тухайгаа хэсгийн хороонд мэдэгдэж, алдаатай саналын хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч саналаа өгч болно.
52.9.Санал тоолох төхөөрөмж саналын хуудсыг таньж уншаагүй бол сонгогч энэ тухай хэсгийн хороонд мэдэгдэж, уг саналын хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч саналаа өгч болно.
52.10.Хэсгийн хороо энэ хуулийн 52.8, 52.9-д заасны дагуу хураалгасан саналын хуудасны баруун дээд өнцгийг хайчлан, тэмдэглэл хөтлөн хадгална.
52.11.Санал авах, тоолох төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан мэдээллийн технологийн даамал /цаашид “даамал” гэх/ хариуцаж дараах үүргийг гүйцэтгэнэ:
52.11.1.санал авах, тоолох төхөөрөмжөөс дөрвөн метрээс багагүй зайд байрлаж, санал авах, тоолох төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хянаж ажиллах;
52.11.2.санал авах, тоолох төхөөрөмжид гэмтэл, саатал гарсан тохиолдолд мэдээлэл технологийн багт шуурхай хандаж тусламж авах, эсхүл санал авах, тоолох хоёр дахь болон нөөц төхөөрөмжид санал авах, тоолох ажиллагааг шилжүүлэх арга хэмжээг нэн даруй авах;
52.11.3.санал авах, тоолох хоёр дахь болон нөөц төхөөрөмж байхгүй тохиолдолд саналын хайрцгийн нүүрэн талын туузан лацыг авч саналын хуудсыг төхөөрөмжийн дор байрлах саналын хайрцагт хийлгэж санал хураалт дууссаны дараа санал авах, тоолох төхөөрөмжид хийж тоолуулах.
52.12.Бие эрхтний согог, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшингээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн сонгуулийн эрх бүхий иргэний туслалцаатайгаар санал өгч болно.
52.13.Намын сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагч, сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн, ажиглагч энэ хуулийн 52.12-т заасан итгэмжлэгдсэн хүн байж болохгүй.
52.14.Хэсгийн хороо нь сонгогчийн саналаа нууцаар өгөх эрхэд халдахгүйгээр санал авах ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж, зөрчил гарвал таслан зогсоох арга хэмжээ авна.
52.15.Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын захиргаа чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй.
52.16.Энэ хуулийн 52.10, 52.13-т заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, сонгуулийн хорооны гишүүнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 52.13-т заасныг зөрчсөн намын сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 52.15-д заасныг зөрчсөн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.
52.17.Энэ хуулийн 52.2-т заасныг зөрчсөн иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 14 хоногийн хугацаагаар баривчлах захиргааны шийтгэл ногдуулна.
53 дугаар зүйл.Гадаад улсад байгаа иргэд саналаа өгөх
53.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол гадаад улсад байгаа сонгогч саналаа өгөхтэй холбогдсон харилцаанд энэ хуулийн 52 дугаар зүйлийн холбогдох заалтыг баримтална.
53.2.Сонгогч саналын хуудсыг дугтуйн хамт авч, санал бэлтгэх бүхээгт саналын хуудсанд бичигдсэн нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгохыг хүссэн нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугаарыг сонгож, саналын хуудасны зааварт заасан тэмдэглэгээг хийнэ.
53.3.Сонгогч саналаа саналын хуудсанд тэмдэглэсний дараа саналын хуудсыг дугтуйд хийн битүүмжлэн саналын хайрцагт хийнэ.
53.4.Сонгогч саналын хуудсанд саналаа тэмдэглэхдээ алдаа гаргаж, саналын хуудсанд зааснаас өөр, буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа саналын хайрцагт хийхээс өмнө энэ тухайгаа салбар комисст мэдэгдэж, алдаатай саналын хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч саналаа гаргаж болно.
53.5.Салбар комисс энэ хуулийн 53.4-т заасны дагуу хураалгасан саналын хуудасны баруун дээд өнцгийг хайчлан, тэмдэглэл хөтлөн хадгална.
54 дүгээр зүйл.Сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх
54.1.Дараах сонгогчийн саналыг түүний хүсэлт, эмнэлгийн магадлагаа, эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах өдрийн өмнөх өдөр 09.00-20.00 цагийн хооронд авна:
54.1.1.биеийн эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй;
54.1.2.Дайчилгааны тухай хуульд[11] заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа;
54.1.3.захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан;
54.1.4.байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон;
54.1.5.энэ хуулийн 20.6.4, 20.6.5-д заасан сонгогч.
54.2.Сонгогч, холбогдох этгээд энэ хуулийн 54.1-д заасан хүсэлт, магадлагаа, тодорхойлолтыг санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө гаргах бөгөөд хэсгийн хороо зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналыг нь авах сонгогчдын нэрийн жагсаалтыг тусад нь гаргаж, сонгогчдын нэрийн жагсаалт, санал авах чиглэл, хуваарийг хуралдаанаараа хэлэлцэн батална.
54.3.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн саналыг тухайн хэсгийн хорооны хоёроос доошгүй гишүүн оршин байгаа газарт нь очиж авна.
54.4.Энэ хуулийн 54.2-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтад ороогүй сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авахыг хориглоно.
54.5.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогч нь санал бэлтгэх зөөврийн бүхээгт саналаа нууцаар тэмдэглэнэ.
54.6.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг санал авах өдөр хүртэл задлахыг хориглох бөгөөд санал авах өдрийн 07.00 цагт нээж, энэ хуулийн 48.1.5-д заасан журмын дагуу саналын хуудсыг санал авах төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийнэ.
54.7.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар сонгогч саналаа өгөхөд энэ хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 52 дугаар зүйлд заасан журмыг баримтална.
54.8.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаанд хоёроос доошгүй ажиглагчийг оролцуулна.
54.9.Энэ хуулийн 54.2, 54.3, 54.5-д заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, сонгуулийн хорооны гишүүнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.
55 дугаар зүйл.Санал тоолох
55.1.Хэсэгт санал тоолох ажиллагааг санал авах өдрийн 22.00 цагт эхэлж, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулан ил тод, нээлттэй явуулна.
55.2.Хэсгийн хороо санал тоолох ажиллагааг гүйцэтгэхээс өмнө дараах ажиллагааг хийнэ:
55.2.1.санал авах байранд болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа гаргасан сонгогчийн тоо нь санал авахад олгосон саналын хуудасны тоотой тохирч байгаа эсэхийг тулган шалгаж, эцсийн тооцоо гаргах;
55.2.2.санал авахад зарцуулаагүй үлдсэн болон буруу тэмдэглэл хийснээс хураагдсан саналын хуудсыг тус тусад нь тоолж, баруун дээд өнцгийг нь хайчлан, энэ тухай тэмдэглэлд тусган боож битүүмжлэх.
55.3.Хэсгийн хороо энэ хуулийн 55.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний дараа санал тоолно.
55.4.Саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүн мэдээ нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна.
55.5.Санал авах, тоолох төхөөрөмжид гэмтэл, саатал гарсан тохиолдолд тухайн төхөөрөмжид байгаа саналын хуудсыг хоёр дахь, эсхүл нөөц төхөөрөмжид уншуулж тоолно.
55.6.Энэ хуулийн 55.5-д заасан санал авах, тоолох төхөөрөмж байхгүй тохиолдолд зохих журмын дагуу гар аргаар тоолно.
55.7.Хэсгийн хороо санал тоолох төхөөрөмжөөс санал хураалтын үр дүнг хэвлэж авсны дараа Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвд санал хураалтын үр дүнгийн мэдээллийг нэн даруй дамжуулна.
55.8.Энэ хуулийн 55.7-д заасан санал хураалтын үр дүнг дамжуулах ажиллагааг саатуулах, зогсоохыг хориглоно.
55.9.Хэсгийн хороо санал хураалтын дүнг дараах үзүүлэлтээр гаргана:
55.9.1.сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн тухайн хэсгийн нийт сонгогчийн тоо;
55.9.2.санал өгсөн нийт сонгогчийн тоо, үүнээс зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн сонгогчийн тоо;
55.9.3.хүчинтэй болон хүчингүй саналын хуудасны тоо;
55.9.4.нэр дэвшигч бүрийн авсан саналын тоо;
55.9.5.саналын хуудас хэвлэгдсэний дараа энэ хуульд заасан үндэслэлээр нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хассан тохиолдолд саналын хуудсанд уг нэр дэвшигчийг дэмжиж тэмдэглэсэн бол зөвхөн тухайн нэр дэвшигчид өгсөн саналын тоо.
55.10.Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцно.
55.11.Санал авахад зарцуулсан болон зарцуулаагүй үлдсэн саналын хуудасны нийлбэр нь тухайн хэсгийн хороо хүлээн авсан нийт саналын хуудасны тооноос зөрвөл хэсгийн хороо шалтгааныг шалгаж тогтоох бөгөөд шаардлагатай гэж үзвэл саналын хуудсыг нэн даруй дахин тоолно.
55.12.Саналын хуудас тоолох үед энэ хуулийн 55.11-д заасан зөрүү гарвал энэ тухай тэмдэглэл үйлдэж, саналын хуудас тоолоход оролцсон сонгуулийн хорооны бүрэлдэхүүн гарын үсэг зурна.
55.13.Санал хураалт дуусмагц сум, дүүргийн сонгуулийн хороо харьяа бүх хэсгээс санамсаргүй сонголт /сугалах/-ын аргаар суманд нэг, дүүрэгт хоёр хэсгийг сонгож хяналтын тооллого хийлгүүлнэ.
55.14.Энэ хуулийн 55.13-т заасны дагуу хяналтын тооллого хийх хэсгийн хороо тухайн хэсгийн санал хураалтын дүнг хэвлэн гаргасны дараа санал тоолох төхөөрөмжөөс гарсан саналын хуудсыг гар аргаар дахин тоолж хяналтын тооллого хийнэ.
55.15.Энэ хуулийн 55.13-т заасан хяналтын тооллого ил тод байх бөгөөд уг хяналтын тооллогыг ажиглагчдыг байлцуулан хийнэ.
55.16.Санал авахад зарцуулсан саналын хуудасны тоог санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-өөс гарсан болон энэ хуулийн 52.8, 52.9-д заасан үндэслэлээр хураагдсан саналын хуудасны нийлбэрээр тооцож гаргана.
55.17.Санал тоолох цаг болоогүй байхад санал тоолох төхөөрөмжөөр саналыг тоолуулах, түүнчлэн санал тоолох ажиллагааг завсарлахыг хориглоно.
55.18.Хэсгийн хороо энэ хуулийн 55.4-т заасан тухайн хэсгийн санал хураалтын дүнг уншиж сонсгосны дараа, санал тоолох төхөөрөмжөөс гарсан санал хураалтын дүнг нэгтгэсэн тэмдэглэлд хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, нэг хувийг сум, дүүргийн сонгуулийн хороонд, сум, дүүргийн сонгуулийн хороо нь аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд тус тус нэн даруй хүргүүлнэ.
55.19.Хэсгийн хороо санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-өөс гарсан саналын хуудас болон энэ хуульд заасны дагуу хураагдсан саналын хуудсыг тус тусад нь багцлан боож битүүмжлэн, сонгуулийн бусад баримт бичгийн хамт сум, дүүргийн сонгуулийн хороонд, сум, дүүргийн сонгуулийн хороо нь аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд нэн даруй хүргүүлнэ.
55.20.Саналын хуудасны мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор энэ хуулийн 55.19-д заасны дагуу битүүмжлэгдсэн саналын хуудасны битүүмжлэлийг задлахгүйгээр аймаг, нийслэлийн архивт хадгалах бөгөөд саналын хуудасны битүүмжлэлийг гагцхүү шүүхийн шийдвэрийн дагуу Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөл болон хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан нээж болно.
55.21.Энэ хуулийн 55.1-55.3, 55.5-55.9, 55.11-55.19-д заасан санал тоолох журам зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, сонгуулийн хорооны гишүүнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 55.20-д заасныг зөрчсөн архивын албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.
55.22.Энэ хуулийн 55.21-д заасны дагуу захиргааны хариуцлага хүлээсэн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасах бөгөөд хэрэв зөрчил нь ноцтой бол зохих сонгуулийн хороо нь хуулийн хариуцлага хүлээлгэхээр эрх бүхий байгууллагад шилжүүлнэ.
55.23.Энэ хуулийн 55.5-55.7-д заасныг зөрчсөн нь сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэн орох эрхгүйгээр халах үндэслэл болно.
56 дугаар зүйл.Гадаад улсад байгаа иргэдийн санал авсан саналын хуудас болон сонгуулийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх
56.1.Салбар комисс санал хураалт дууссаны дараа битүүмжилсэн саналын хайрцгийг нээж, битүүмжилсэн саналын дугтуйг дараах журмын дагуу бэлтгэн санал авах ажиллагааны тэмдэглэл болон сонгуулийн бусад баримт бичгийн хамт санал хураалт дууссанаас хойш Комиссоор дамжуулан Сонгуулийн ерөнхий хороонд нэн даруй хүргүүлнэ:
56.1.1.санал өгсөн нийт сонгогчийн тоо санал авахад олгосон саналын хуудас бүхий дугтуйны тоотой тохирч байгаа эсэхийг тулган шалгаж, эцсийн тооцоог гаргах;
56.1.2.санал авахад зарцуулаагүй үлдсэн болон өөр, буруу тэмдэглэл хийснээс хураагдсан саналын хуудсыг тус тусад нь тоолж, баруун дээд өнцгийг нь хайчлан, энэ тухай тэмдэглэлд тусган битүүмжлэх.
56.2.Салбар комисс санал авах ажиллагааны тухай тэмдэглэлийг хөтлөх бөгөөд уг тэмдэглэлд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн тоо, санал өгсөн сонгогчийн тоо, саналын хуудас дахин авсан сонгогчийн тоо, ажиглагчийн нэр болон санал авах өдрийн бүх үйл ажиллагааг цаг хугацаатай нь тусган салбар комиссын дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна.
56.3.Салбар комисс энэ хуулийн 56.1-д заасан баримт бичиг болон сонгогчдын нэрийн жагсаалт, тухайн ажлыг зохион байгуулсан тухай ажлын болон саналын хуудасны зарцуулалтын тайланг Комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан Комисст хүргүүлнэ.
57 дугаар зүйл.Гадаад улсад байгаа иргэдийн санал тоолох
57.1.Гадаад улсад байгаа иргэдийн санал тоолох ажиллагааг Сонгуулийн ерөнхий хороо гүйцэтгэнэ.
57.2.Сонгуулийн ерөнхий хороо санал тоолох ажиллагааг өөрийн байранд санал авах өдрийн 22.00 цагт эхэлж, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулан ил тод, нээлттэй явуулна.
57.3.Сонгуулийн ерөнхий хороо санал тоолохоос өмнө дараах ажиллагааг гүйцэтгэнэ:
57.3.1.салбар комиссоос ирүүлсэн саналын хуудас бүхий битүүмжилсэн дугтуйн нийт тоо нь санал авахад олгосон саналын хуудасны тоотой тохирч байгаа эсэхийг тулган шалгаж, эцсийн тооцоо гаргах;
57.3.2.санал авахад зарцуулаагүй үлдсэн болон буруу тэмдэглэл хийснээс хураагдсан саналын хуудсыг тус тусад нь тоолох.
57.4.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 57.3-т заасан ажиллагааг гүйцэтгэсний дараа саналын хуудас бүхий битүүмжилсэн дугтуйнуудыг нээж, саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж саналыг тоолно.
58 дугаар зүйл.Санал болон саналын хуудсыг хүчингүйд тооцох
58.1.Дараах тохиолдолд саналыг хүчингүйд тооцно:
58.1.1саналын хуудас хэвлэгдсэний дараа хуульд заасан үндэслэлээр нэр дэвшигчийн бүртгэлээс хасагдсан нэр дэвшигчийн төлөө өгсөн санал;
58.1.2.нэгээс илүү нэр дэвшигчийн төлөө өгсөн санал.
58.2.Баталсан загвар, шаардлагыг хангаагүй саналын хуудсыг хүчингүйд тооцно.
59 дүгээр зүйл.Санал хураалтын дүнг нэгтгэн хүргүүлэх
59.1.Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо энэ хуулийн 55.18-д заасны дагуу сум, дүүргийн сонгуулийн хороо болон хэсгийн хороодын ирүүлсэн санал хураалтын дүнг үндэслэн тухайн нутаг дэвсгэрийн нийт сонгогчийн тоо, саналын хуудас авсан сонгогчийн тоо, хүчинтэй болон хүчингүй саналын хуудасны тоо, нэр дэвшигч бүрийн авсан саналын тоог гурав хоногийн дотор нэгтгэн гаргана.
59.2.Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд явуулсан санал хураалтын дүнг Сонгуулийн ерөнхий хороонд хоёр хоногийн дотор мэдээлнэ.
60 дугаар зүйл.Анхан шатны сонгуулийн дүн гаргах
60.1.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 59.2-т заасны дагуу гаргасан аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын нэгтгэсэн дүнг үндэслэн анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнг нэр дэвшигч бүрээр тооцож гаргана.
ЕСДҮГЭЭР БYЛЭГ
САНАЛ ХУРААЛТЫГ ХҮЧИНГҮЙД ТООЦОХ, ДАХИН БОЛОН НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТ, ДАХИН СОНГУУЛЬ ЯВУУЛАХ
61 дүгээр зүйл.Хэсэгт явуулсан санал хураалтыг хүчингүйд тооцох, дахин болон нэмэлт санал хураах
61.1.Дор дурдсан зөрчил сонгуулийн дүнд ноцтойгоор нөлөөлөхөөр бол Сонгуулийн ерөнхий хороо хэсэгт явуулсан санал хураалтыг хүчингүйд тооцно:
61.1.1.байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаангүй байхад урьд нь зарласнаас өөр байранд, түүнчлэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авснаас бусад тохиолдолд санал авахаар зарласнаас өөр өдөр санал авсан;
61.1.2.санал авсан зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг алдсан, үрэгдүүлсэн, эсхүл түүнийг хуульд заасан цагаас өмнө нээсэн;
61.1.3.сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн буюу сонгогчид хүч хэрэглэн дарамт үзүүлсэн аливаа үйлдэл нь сонгогчийн санал, санал хураалтын дүнг гажуудуулахад хүргэсэн;
61.1.4.сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн, бусад байгууллагын албан тушаалтан сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, сонгогч шилжих, санал авах ажлыг зохион байгуулах, сонгогч санал өгөх, санал тоолох журмыг зөрчсөн.
61.2.“Сонгуулийн дүнд ноцтойгоор нөлөөлөх” гэж санал хураалтын явцад гарсан тухайн санал хураалтын дүн нь сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигч ба түүний дараах нэр дэвшигчийн авсан саналын зөрүүтэй тэнцүү, эсхүл их байхыг ойлгоно.
61.3.Сонгуулийн ерөнхий хороо хэсэгт явуулсан санал хураалтыг хүчингүйд тооцвол энэ тухай шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор дахин санал хураалт явуулна.
61.4.Дахин санал хураалт явуулах тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрт санал авах байр, өдрийг заах ба түүнийг ажлын өдөр явуулж болно.
61.5.Санал хураалтыг хэсгийн хэмжээгээр хүчингүйд тооцсон бол тухайн хэсгийн нийт сонгогчийг, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авсан саналыг хүчингүйд тооцсон бол уг саналын хайрцагт саналаа өгсөн сонгогчдыг дахин санал хураалтад оролцуулна.
61.6.Дахин санал хураалтын ирцийг дахин санал хураалтад оролцсон сонгогчдын ирцийн хувиар хүчинтэйд тооцно.
61.7.Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн 50 хувь нь сонгуульд оролцоогүй бол ирц хүрээгүй тухайн хэсэгт нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргана.
61.8.Энэ хуулийн 20.7-д заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтад “Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийгдсэн сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоонд оруулан тооцохгүй.
61.9.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 61.7-д заасны дагуу нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэр гаргасан бол ийнхүү шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор нэмэлт санал хураалт явуулна.
61.10.Нэмэлт санал хураалт явуулах тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрт санал авах байр, өдрийг заах ба түүнийг ажлын өдөр явуулж болно.
61.11.Энэ хуулийн 61.9-д заасан нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч оролцож саналаа өгнө.
61.12.Энэ хуулийн 61.9-д заасан нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцно.
61.13.Энэ хуулийн 61.9-д заасны дагуу хэсэгт нэмэлт санал хураалт явуулсан тохиолдолд тухайн хэсгийн санал хураалтын ирцийг энэ хуулийн 61.12-т зааснаар тооцсон нийт сонгогчийн ирцийн хувиар хүчинтэйд тооцно.
62 дугаар зүйл.Нэр дэвшигчийн хэн нь ч олонхын санал аваагүй тохиолдолд хоёр дахь санал хураалт явуулах
62.1.Нэр дэвшигчдийн хэн нь ч энэ хуулийн 60.1-д заасан анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнгээр олонхын санал аваагүй бол анхны санал хураалтад оролцсон нийт сонгогчийн хамгийн олон санал авсан хоёр хүнийг хоёр дахь санал хураалтад оруулна.
62.2.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 62.1-д заасан хоёр дахь санал хураалтыг анхны санал хураалт явагдсанаас хойш 14 хоногийн дотор зарлан, зохион байгуулна.
63 дугаар зүйл.Анхан шатны сонгуулийн санал хураалтыг хүчингүй болсонд тооцох, дахин сонгууль явуулах
63.1.Хоёр дахь санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч энэ хуулийн 60.1-д заасан анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнгээр олонхын санал аваагүй тохиолдолд анхан шатны сонгуулийн санал хураалтыг Сонгуулийн ерөнхий хороо хүчингүйд тооцно.
63.2.Энэ хуулийн 63.1-д заасан үндэслэлээр анхан шатны сонгуулийн санал хураалтыг Сонгуулийн ерөнхий хороо хүчингүйд тооцсон бол ийнхүү шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор Улсын Их Хурал дахин сонгуулийг товлон зарлана.
63.3.Энэ хуулийн 63.2-т заасны дагуу дахин сонгууль явуулахад шаардлагатай бол сонгуулийн хороодыг шинэчлэн байгуулах бөгөөд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх, сонгуулийн сурталчилгаа явуулах зэрэг уг сонгуулийг зохион байгуулж явуулахад энэ хуулийн холбогдох заалтыг баримтална.
АРАВДУГААР БҮЛЭГ
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХИЙГ НЬ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ХУУЛЬ ГАРГАХ
64 дүгээр зүйл.Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргах
64.1.Энэ хуулийн 63.1-д зааснаас бусад тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх тухай шийдвэрийг санал хураалт дууссан өдрөөс хойш арав хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
64.2.Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана.
АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХ ХУГАЦААНААС ӨМНӨ ДУУСГАВАР БОЛОХ
65 дугаар зүйл.Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох
65.1.Дараах тохиолдолд Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно:
65.1.1.огцорсон;
65.1.2.нас нөгчсөн;
65.1.3.өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн.
65.2.Энэ хуулийн 65.1-д заасан үндэслэлээр Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсон бол Улсын Их Хурал ээлжит бус сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна.
65.3.Ээлжит бус сонгууль зарлан явуулахад энэ хуулийн холбогдох заалтыг баримтална.
АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИГЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА, ГОМДОЛ, МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ХАРЬЯАЛАЛ, ЖУРАМ
66 дугаар зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
66.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд энэ хуульд заасан захиргааны хариуцлага хүлээлгэнэ.
66.2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй бол гэм буруутай этгээдэд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
66.3.Сонгуулийн үйл ажиллагааны явцад Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад эд хөрөнгийн болон бусад хохирол учирсан бол гэм буруутай этгээдэд холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
66.4.Энэ хуульд заасныг зөрчсөний улмаас эрүү, иргэн, захиргааны хариуцлага хүлээсэн сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг тухайн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасах тухай шийдвэрийг дээд шатных нь сонгуулийн хороо гаргах бөгөөд уг шийдвэр нь Төрийн албаны тухай хуульд заасны дагуу эрх бүхий албан тушаалтан тухайн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнээр ажилласан төрийн албан хаагчийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болно.
67 дугаар зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн тухай гомдол, маргааныг шийдвэрлэх
67.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол сонгуулийн зохион байгуулалтын асуудлаар гаргасан сум, дүүрэг, хэсгийн хорооны шийдвэр, үйл ажиллагааны талаар аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд, аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэр, үйл ажиллагааны талаар Сонгуулийн ерөнхий хороонд тус тус гомдол гаргаж болох бөгөөд гомдол хүлээн авсан сонгуулийн хороо хүлээж авснаас хойш ажлын гурван өдрийн дотор хянан шийдвэрлэж, гомдол гаргагчид бичгээр хариу мэдэгдэх үүрэгтэй.
67.2.Энэ хуульд заасан захиргааны зөрчлийг цагдаагийн байгууллага шалгах ба сум, сум дундын, дүүргийн шүүхийн шүүгч хянан шийдвэрлэнэ.
67.3.Сонгуулийн гомдол, маргааныг хянан шийдвэрлэж байгаа эрх бүхий этгээд тухайн гомдол, маргааны онцлог байдлыг харгалзан түргэн шуурхай шийдвэрлэнэ.
АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ
БУСАД
68 дугаар зүйл.Сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулах
68.1.Сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулахтай холбогдсон харилцааг Сонгуулийн автоматжуулсан системийн тухай[12] хуулиар зохицуулна.
69 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
69.1.Энэ хуулийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
[1] Монгол Улсын Yндсэн хууль -“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн.
[2] Иргэний хууль -“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн.
[3] Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль -“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 8 дугаарт нийтлэгдсэн.
[4] Улс төрийн намын тухай хууль –“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2005 оны 7 дугаарт нийтлэгдсэн.
[5] Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль -“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2007 оны 2 дугаарт нийтлэгдсэн.
[6] Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль –“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2005 оны 48 дугаарт нийтлэгдсэн.
[7] Эрүүгийн хууль -“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 5 дугаарт нийтлэгдсэн.
[8] Төрийн албаны тухай хууль -“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 28 дугаарт нийтлэгдсэн.
[9] Дипломат албаны тухай хууль -“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2000 оны 39 дугаарт нийтлэгдсэн.
[10] Төрийн нууцын тухай хууль -“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1995 оны 7 дугаарт нийтлэгдсэн.
[11] Дайчилгааны тухай хууль -“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1998 оны 6 дугаарт нийтлэгдсэн.
[12] Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль -“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2011 оны 46 дугаарт нийтлэгдсэн.