МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2001 оны 2 дугаар сарын 1-ний өдөр

Улаанбаатар хот

1 дүгээр зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 24, 28, 33 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай дараахь хэсэг нэмсүгэй:
1/ 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:
"3.Саналын хуудас хэвлэгдсэнээс хойш нэр дэвшигч нэрээ татахыг хориглоно."
2/ 28 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:
"5.Нэр дэвшигч, түүний шадар туслагч, ухуулагч, талархан дэмжигч этгээд, нам, хамтарсан намууд сонгогчдын санал худалдаж авах, сонгогчид, тэдний хүүхдүүдэд эд, мөнгөний тусламж олгох, худалдаа, ахуй болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, биеийн тамир, спортын уралдаан тэмцээн, урлагийн тоглолт зохиох, шашны зан үйлийг ашиглах, сонгуульд үл хамаарах ажил, үйлчилгээ явуулахыг хориглоно.
Зөвхөн нэр дэвшигчийн сурталчилгааг орон даяар эхлэх, дуусахад зориулж нийслэл, аймгийн төвүүдэд урлагийн тоглолтыг нэр дэвшүүлсэн намаас зохион байгуулж болно."
3/ 33 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:
"5.Саналын хуудсыг сонгуулийн хэсэгт ирүүлснээс хойш санал авах өдөр дуусах хүртэлх хугацаанд сонгогч түр шилжин явахад хүрвэл сонгуулийн хэсгийн хороонд ирж саналын хуудас авч, саналаа нууцаар тэмдэглэж, дугтуйлаад, битүүмжлэн үлдээж болно. Сонгуулийн хэсгийн хороо сонгогчийн битүүмжлэн үлдээсэн саналын нууцыг чандлан хадгална."
2 дугаар зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-ийн "нэр дэвшигч" гэсний дараа "сонгогч" гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5 дахь догол мөр, 8 дугаар зүйлийн 3, 28 дугаар зүйлийн 3, 32 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/ 7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5 дахь догол мөр:
"Нэр дэвшигчийг талархан дэмжигчдээс сонгуульд зориулж өргөсөн хандивын дээд хэмжээ хуулийн этгээдээс 10 сая, иргэдээс 5 сая төгрөгөөс хэтэрч болохгүй."
2/ 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
"3.Сонгогчдоос сонгуулийн эрхээ хэрэгжүүлэхэд болон сонгуулийн хороо, түүний гишүүнээс үүргээ гүйцэтгэх, санал хураах, тоолох ажилд санаатайгаар саад хийсэн, бусдыг төлөөлж санал өгсөн, энэ хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн заалтыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол байгууллагад 200000-250000, иргэнд 40000-50000 төгрөгийн торгууль шүүх ногдуулна."
3/ 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
"3.Сонгуулийн ерөнхий хороо нь Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн нам, хамтарсан намууд, нэр дэвшигч Монголын үндэсний радио, телевизээр төлбөртэй болон төлбөргүй явуулах нэвтрүүлгийн хугацаа, боломж нь адил байхаар тооцон, хуваарь хийж, санал авах өдрийг товлон зарласнаас хойш 15 хоногийн дотор батална. Ерөнхийлөгчид хамтарч нэр дэвшүүлсэн намуудыг нэг субъект гэж үзнэ.
Монголын үндэсний радио, телевизээр Сонгуулийн ерөнхий хорооны баталсан хуваарьт зааснаас өөр төлбөртэй ба төлбөргүй нэвтрүүлэг явуулж үл болно."
4/ 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:
"4.Саналын хуудас олгосныг сонгогчдын нэрийн жагсаалтад, сонгогч саналаа өгснийг сонгогчийн үнэмлэхэд тэмдэглэж, сонгуулийн хэсгийн хорооны тэмдэг дарна. Мөн Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон тусгай тэмдэг тавьж болно."
4 дүгээр зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн "нэг сарын дотор" гэснийг "21 хоногийн дотор"; "гурван сарын дотор" гэснийг "хоёр сарын дотор"; 8 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "1000-10000" гэснийг "4000-50000"; мөн зүйлийн 5 дахь хэсгийн "2000-20000" гэснийг "4000-50000"; мөн зүйлийн 6 дахь хэсгийн "2000-10000" гэснийг "4000-60000"; мөн зүйлийн 7 дахь хэсгийн "50000-100000" гэснийг "100000-250000"; мөн зүйлийн 8 дахь хэсгийн "1000-20000" гэснийг "2000-50000"; "2000-40000" гэснийг "4000-60000"; мөн зүйлийн 9 дэх хэсгийн "2000-10000" гэснийг "4000-20000"; мөн зүйлийн 10 дахь хэсгийн "2000-10000" гэснийг "4000-20000"; 9 дүгээр зүйлийн "75-аас" гэснийг "60-аас"; 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "70 хоногийн" гэснийг "55 хоногийн"; 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "65 хоногийн" гэснийг "50 хоногийн"; 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "60 хоногийн" гэснийг "45 хоногийн"; 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "55 хоногийн" гэснийг "40 хоногийн"; 17 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "50 хоногийн" гэснийг "30 хоногийн"; мөн зүйлийн 4 дэх хэсгийн "45-аас" гэснийг "30-аас"; 20 дугаар зүйлийн "7" гэснийг "5"; "15" гэснийг "5"; 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "25 хоногийн" гэснийг "13 хоногийн"; 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "санал хураахаас" гэснийг "санал хураах өдрөөс"; 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "30 хоногийн" гэснийг "15 хоногийн"; мөн зүйлийн 2 дахь хэсгийн "60 хоногийн" гэснийг "30 хоногийн" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Төрийн байгууллагын харьяалал бүхий", 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-ийн "нэр дэвшигчийн намтар", мөн зүйлийн 8 дахь хэсгийн "төрийн төв", 28 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 3 дахь заалтын "санал огт тэмдэглээгүй, эсхүл" гэснийг тус тус хассугай.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ