МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /шинэчилсэн найруулга/
/Энэ хуулийг 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Төрийн ордон. Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН
СОНГУУЛИЙН ТУХАЙ
/шинэчилсэн найруулга/
НЭГДYГЭЭР БYЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомж
2.1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль1, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.”сонгогч” гэж Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэнийг;
3.1.2.”сонгуулийн эрх бүхий иргэн” гэж арван найман насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэнийг;
3.1.3.”аль нэг намын гишүүн” гэж аль нэг улс төрийн намд гишүүнээр элсч бүртгүүлсэн бөгөөд тухайн намаас гарах өргөдлөө өгч, гишүүний бүртгэлээс хасуулаагүй иргэнийг;
3.1.4.”арван найм, хорин таван насанд хүрсэн” гэж тухайн иргэний төрсөн он, сар, өдрөөс тоолоход сонгуулийн санал авах өдөр буюу түүнээс өмнө тухайн насанд хүрсэн байхыг;
3.1.5.”төрийн өмчит хуулийн этгээд” гэж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн2 13, 15 дугаар зүйлд заасан төрийн байгууллага, албан газар, төрийн өмчит үйлдвэрийн газрыг;
3.1.6.”төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд” гэж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан төрийн өмчийн хувьцаатай буюу төр хувь хөрөнгөө оруулсан хуулийн этгээдийг.
4 дүгээр зүйл.Улсын Их Хурлын сонгууль
4.1.Монгол Улсын Yндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Их Хуралд 76 гишүүнийг сонгоно.
4.2.Монгол Улсын Их Хурлын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгоно.
5 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн үндсэн зарчим
5.1.Монгол Улсын Yндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгоно.
5.2.Монгол Улсын Их Хурлын сонгууль /цаашид “сонгууль” гэх/ бүх нийтийн байх бөгөөд түүнд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй.
5.3.Сонгууль шууд байх бөгөөд түүнд сонгогч ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож, саналаа өөрөө өгнө.
5.4.Сонгогч саналаа нууцаар өгөх бөгөөд ийнхүү саналаа өгөх боломжоор хангагдсан байна.
5.5.Сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж, саад учруулахыг хориглоно.
5.6.Сонгогчоос энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлэхэд аливаа хэлбэрээр санаатайгаар саад учруулсан иргэнийг 100000-130000 төгрөгөөр, албан тушаалтныг 150000-250000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 500000-700000 төгрөгөөр торгоно.
6 дугаар зүйл.Монгол Улсын иргэний сонгуулийн эрх
6.1.Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр сонгуульд оролцож, саналаа өгөх эрхтэй.
6.2.Хорин таван нас хүрсэн, Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох эрхтэй.
6.3.Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцох эрхтэй.
/Энэ хэсгийг 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
6.4.Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр нотлогдсон, түүнчлэн хорих газар ял эдэлж байгаа Монгол Улсын иргэн сонгуульд оролцох эрх эдлэхгүй.
6.5.”Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр нотлогдсон” гэж Монгол Улсын Иргэний хуулийн3 18.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн4 141-143 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхээс иргэнийг эрх зүйн чадамжгүй гэж тооцсоныг ойлгоно.
6.6.”Хорих газар ял эдэлж байгаа” гэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор хорих ял эдэлж байгаа иргэнийг ойлгох бөгөөд үүнд хорих ял эдлэхээс зайлсхийж яваа, хорих байгууллагаас түр чөлөөгөөр гарсан иргэнийг нэгэн адил хамааруулна.
6.7.Сонгогчийн энэ хуулийн 6.1-д заасан эрхийг зөрчсөн иргэнийг 100000-130000 төгрөгөөр, албан тушаалтныг 150000-250000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 500000-800000 төгрөгөөр торгоно.
7 дугаар зүйл.Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрх
7.1.Энэ хуулийн 24.1-д заасан нам буюу намуудын сонгуулийн эвсэл /цаашид ”нам, эвсэл” гэнэ/ Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.
7.2.Монгол Улсын сонгогдох эрх бүхий иргэн тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй сонгогчийн дэмжлэг авсан нөхцөлд Улсын Их Хурлын гишүүнд нэрээ бие даан дэвшүүлэх эрхтэй.
8 дугаар зүйл.Сонгууль зарлах
8.1.Сонгуулийг санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлана.
8.2.Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ням гариг байна.
8.3.Улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг нь хамарсан байгалийн гамшиг, гоц халдварт өвчин, гэнэтийн бусад аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй байдал үүссэн зэрэг онцгой нөхцөлийн улмаас энэ хуулийн 8.2-т заасан өдөр санал авах боломжгүй болсон бол Улсын Их Хурал энэхүү онцгой нөхцөл арилмагц энэ хуулийн 8.1-д заасны дагуу сонгууль товлон зарлаж, санал авах өдрийг тогтоож, тогтоол гаргана.
9 дүгээр зүйл.Сонгууль бэлтгэн явуулах ажлын ил тод байдал
9.1.Сонгууль бэлтгэн явуулах ажил ил тод байх бөгөөд энэ нь сонгогчдын санал нууцаар авахад хамаарахгүй.
9.2.Сонгууль зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажилтай холбогдуулан энэ хуулиар олгосон эрхийн хүрээнд нийтээр дагаж мөрдүүлэхээр батлан гаргасан шийдвэр нь хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд албан ёсоор мэдээлэгдсэн байна.
9.3.Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон ийм үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага сонгуулийн үйл ажиллагааны талаар үнэн зөв, бодитой мэдээлэл түгээх үүрэгтэй.
9.4.Энэ хуулийн 9.2-т заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн, ажилтныг 150000-250000 төгрөгөөр, 9.3-т заасныг зөрчсөн хэвлэл, мэдээллийн байгууллагыг 600000-800000 төгрөгөөр, албан тушаалтныг 200000-250000 төгрөгөөр торгоно.
10 дугаар зүйл.Сонгуулийн үйл ажиллагааны эдийн засгийн баталгаа
10.1.Сонгууль зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажлыг хангахтай холбогдсон дор дурдсан зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ:
10.1.1.сонгогч, нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, ухуулагч, бие даан нэр дэвшигчийн шадар туслагч болон сонгуулийн ажиглагчийн үнэмлэх, түүнчлэн саналын хуудас, бие даан нэр дэвшигчийг дэмжигч-сонгогчдын гарын үсэг зуруулах маягт, сонгогчдын нэрийн жагсаалт, сонгуулийн дүн, мэдээний маягт, сонгуулийн тойргийн болон салбар, хэсгийн хороодын албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга, тэмдэг, лац, тусгай тэмдэг тавих хэрэгсэл болон тэдгээрийг хэвлэх, үйлдвэрлэх, тээвэрлэх, хүргэх зардал;
10.1.2.саналын хайрцаг хийх, сонгуулийн тойргийн болон салбар, хэсгийн хороодын ажиллах болон санал авах байрыг тохижуулах зардал;
10.1.3.сонгуулийн тухай хууль тогтоомж болон сонгууль бэлтгэн явуулахтай холбогдсон дүрэм, журам, заавар, гарын авлага хэвлэх, хүргэх зардал;
10.1.4.сонгуулийн тойргийн болон салбар, хэсгийн хороодын ажилтнуудын сонгууль зохион байгуулахтай холбогдсон сургалтын зардал;
10.1.5.сонгуулийн тухай хууль тогтоомжийг сурталчлах болон сонгуулийн бэлтгэл ажлын явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах арга хэмжээний зардал;
10.1.6.нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн санхүүжилт, зарцуулалтыг хянахад гарах зардал;
10.1.7.дахин санал авах, дахин болон нөхөн сонгууль явуулах зардал;
10.1.8.онцгой нөхцөл байдал үүссэн үед гарч болзошгүй зардал;
10.1.9.Сонгуулийн ерөнхий хороо болон тойрог, салбар, хэсгийн хороодын орон тооны бус гишүүний тус хороонд ажилласан хугацааны мөнгөн урамшууллын зардал;
10.1.10.Сонгуулийн ерөнхий хороо болон тойрог, салбар, хэсгийн хороодын бичиг хэрэг, шуудан, холбоо, унаа, албан томилолтын зардал;
10.1.11.Улсын Их Хурлаас тогтоосон бусад зардал.
10.2.Энэ хуулийн 10.1-д заасан улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг Улсын Их Хурал тухай бүр тогтооно.
10.3.Сонгуулийн тойрог, салбар, хэсгийн хороодын ажиллах, санал авах байрыг төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд үнэ төлбөргүй гаргаж өгнө.
10.4.Сонгуулийн тойрог, салбар, хэсгийн хороодыг ажлын байр, тээвэр, холбооны болон бусад шаардлагатай хэрэгслээр хангах асуудлыг тухайн шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга хариуцна.
10.5.Энэ хуулийн 10.3-т заасныг зөрчсөн хуулийн этгээдийг 500000-700000 төгрөгөөр, албан тушаалтныг 150000-250000 төгрөгөөр, 10.4-т заасныг зөрчсөн Засаг даргыг 150000-250000 төгрөгөөр торгоно.
ХОЁРДУГААР БYЛЭГ
Сонгуулийн нутаг дэвсгэрийн зохион байгуулалт
11 дүгээр зүйл.Сонгуулийн нутаг дэвсгэрийн хуваарь
11.1.Сонгуулийн нутаг дэвсгэр нь Монгол Улсын нутаг дэвсгэр байна.
11.2.Сонгуулийн нутаг дэвсгэр нь энэ хуулийн 12.1-12.3-т заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойрог /цаашид ”тойрог” гэх/-уудад хуваагдана.
11.3.Тойрог нь энэ хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн хэсэг /цаашид ”хэсэг” гэх/-үүдэд хуваагдана.
12 дугаар зүйл.Тойрог, түүнийг байгуулах
12.1.Улсын Их Хурлын 76 гишүүнийг сонгох сонгуулийг олон мандаттай тойргоор зохион байгуулж явуулна.
12.2.Улсын Их Хурал олон мандаттай тойргийг аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоо, Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн санал авах өдрөөс зургаан сараас доошгүйн өмнө байгуулж, тойргийн дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно.
12.3.Аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоо нь тойрог байгуулах улсын дунджаас цөөн байвал зэргэлдээ аймаг, нийслэлийн дүүрэгтэй нэгтгэн нэг тойрог болгоно.
12.4.Тойрог байгуулах хүн амын тооны улсын дундажийг аймаг, нийслэлд ялгавартайгаар тогтооно.
12.5.Сонгуулийн ерөнхий хороо тойргийг өөрчлөх тухай саналыг дараахь тохиолдолд Улсын Их Хуралд оруулна:
12.5.1.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь өөрчлөгдсөн нь тойргийн зохион байгуулалтад нөлөөлөхөөр байвал;
12.5.2.тойргийн хүн амын тоо нь өмнөх сонгуулиас хойшхи хугацаанд 20-иос дээш хувиар өөрчлөгдсөн бол.
12.6.Улсын Их Хурал тойргийг өөрчлөх тухай асуудлыг энэ хуулийн 12.2-т заасан хугацаанд багтаан шийдвэрлэнэ.
13 дугаар зүйл.Хэсэг, түүнийг байгуулах
13.1.Сонгогчдын санал авч тоолох зорилгоор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хэсгийг санал авах өдрөөс 35-аас доошгүй хоногийн өмнө байгуулж, хэсгийн дугаар, нутаг дэвсгэр, төвийг зарлана.
13.2.Нэг хэсэг нь суманд 2000, аймгийн төвд 3500, Улаанбаатар хотод 6000 хүртэл сонгогчтой байна.
13.3.Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн саналыг авах хэсэг байгуулах журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална.
/Энэ хэсгийг 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
ГУРАВДУГААР БYЛЭГ
Сонгуулийн байгууллага, түүний зохион байгуулалт, бүрэн эрх
14 дүгээр зүйл.Сонгуулийн байгууллагын тогтолцоо
14.1.Сонгуулийн байгууллагын тогтолцоо нь сонгуулийн төв, орон нутгийн байгууллагаас бүрдэнэ.
14.2.Сонгуулийн төв байгууллага нь Сонгуулийн ерөнхий хороо, орон нутгийн байгууллага нь сонгуулийн тойргийн хороо /цаашид “тойргийн хороо” гэх/, тойргийн салбар хороо /цаашид “салбар хороо” гэх/, сонгуулийн хэсгийн хороо /цаашид “хэсгийн хороо“ гэх/ байна.
14.3.Сонгуулийг улс, тойрог, хэсгийн хэмжээнд Сонгуулийн ерөнхий хороо болон тойрог, салбар, хэсгийн хороо /цаашид “сонгуулийн хороод” гэх/ эрхлэн явуулах бөгөөд тэдгээрийн бүрэлдэхүүн, үйл ажиллагааны талаар дараахь зарчмыг мөрдлөг болгоно:
14.3.1.тойрог, салбар, хэсгийн хорооны бүрэлдэхүүний тоог тогтооход ажлын хэмжээ, энэ хуулийн 14.3.3-т заасныг үндэслэх;
14.3.2.тойрог, салбар, хэсгийн хороод байгуулагдсан өдрөөс эхлэн Сонгуулийн ерөнхий хороо тойргийн хорооны, тойргийн хороо харьяалах салбар, хэсгийн хороодын үйл ажиллагааг дуусгавар болгох хүртэлх хугацаанд өөрсдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх;
14.3.3.тойрог, салбар, хэсгийн хороодын бүрэлдэхүүнд сонгуульд оролцогч аль нэг нам, эвслийн төлөөлөл давамгайлахыг хязгаарлах бөгөөд эвсэлд нэгдэн орсон намуудын төлөөллийг эвслийн төлөөллөөр тооцох;
14.3.4.сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нэг намын гишүүн байхыг хориглох;
14.3.5.сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд төрийн улс төрийн албан тушаалтныг оруулахыг хориглох;
14.3.6.сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүн Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигч байхыг хориглох;
14.3.7.сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүн аль нэгэн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар сурталчилгаа явуулах, энэ зорилгоор сонгогчоос сонгуулийн эрхээ хэрэгжүүлэхэд, түүнчлэн санал хураах, тоолох ажилд санаатайгаар саад хийх, бусдыг төлөөлж санал өгөх, саналын хайрцгийн лац, битүүмжлэлийг гэмтээх, гарын үсэг хуурамчаар үйлдэх, саналын хуудас солих, хүчингүй саналын хуудсаар санал авах зэрэг хууль бус аливаа үйлдлийг зохион байгуулах, өөгшүүлэх, бусад хэлбэрээр дэмжихийг хориглох.
14.4.Сонгуулийн хороодын гишүүн ёс зүйн дүрэмтэй байх бөгөөд түүнийг Улсын Их Хурал батална.
/Энэ хэсэгт 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
14.5.Сонгуулийн хороодоос сонгуулийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгахад төрийн албан хаагч, нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, ухуулагч, бие даан нэр дэвшигчийн шадар туслагч хөндлөнгөөс оролцох, саад учруулахыг хориглоно.
14.6.Сонгууль зохион байгуулж явуулах хугацаанд тойрог, салбар, хэсгийн хороодын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд дээд шатны сонгуулийн хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хариуцлагад татах, баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачилгаар ажлаас халахыг хориглоно.
14.7.Сонгууль бэлтгэн явуулахад төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, албан тушаалтан тус тусын эрх хэмжээний дагуу оролцоно.
14.8.Энэ хуулийн 14.3.7-д заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг 200000-250000 төгрөгөөр торгож, сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасах ба ийнхүү хассан бол түүнийг санал болгосон этгээд нь дахин түүнийг болон өөр хүний нэрийг сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд санал болгох эрхгүй.
14.9.Энэ хуулийн 14.6-д заасныг зөрчсөн төрийн албан хаагчид Цагдаагийн байгууллагын тухай5, Прокурорын байгууллагын тухай6, Шүүхийн тухай7 хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах ба бусад албан тушаалтныг 200000-250000 төгрөгөөр торгоно.
15 дугаар зүйл.Сонгуулийн ерөнхий хороо, түүний бүрэн эрх
15.1.Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн төв байгууллага мөн.
15.2.Сонгуулийн ерөнхий хорооны эрх зүйн байдал, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.
16 дугаар зүйл.Тойргийн хороо, түүний бүрэн эрх
16.1.Сонгуулийн ерөнхий хороо санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө тойргийн хороог дарга, нарийн бичгийн дарга, 9 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, улсын хэмжээнд нийтэд мэдээлнэ.
16.2.Тойргийн хороо тойргийнхоо хэмжээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
16.2.1.сонгууль бэлтгэн явуулах ажлыг төлөвлөх, зохион байгуулах;
16.2.2.сонгуулийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах;
16.2.3.харьяалах салбар болон хэсгийн хороодын үйл ажиллагааг нэгтгэн удирдах;
16.2.4.харьяалах хэсгүүдийн нэгдсэн дугаарыг тогтоох;
16.2.5.сонгууль бэлтгэн явуулах асуудлаар тухайн тойргийн нутаг дэвсгэрт байгаа төрийн зохих шатны байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
16.2.6.Сонгуулийн ерөнхий хорооноос хуваарилсан төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах, зохих журмын дагуу харьяалах салбар болон хэсгийн хороонд хуваарилах, зарцуулалтад хяналт тавих;
16.2.7.нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох;
16.2.8.сонгууль бэлтгэн явуулахтай холбогдсон асуудлаар харьяалах салбар болон хэсгийн хороо, түүнчлэн тухайн тойргийн нутаг дэвсгэрийн зохих шатны төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын удирдлагын мэдээлэл сонсож, шаардлагатай арга хэмжээ авах;
16.2.9.харьяалах салбар болон хэсгийн хорооны шийдвэрийг давж заалдсан болон сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн маргаан бүхий өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх;
16.2.10.санал хураасан дүнгийн тухай харьяалах салбар болон хэсгийн хорооны шийдвэрийг үндэслэн тойргийн хэмжээнд сонгуулийн дүнг гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргэх, олон нийтэд мэдээлэх;
16.2.11.дахин санал авах, дахин болон нөхөн сонгууль явуулах ажлыг хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах;
16.2.12.сонгуулийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу цэгцлэн архивлаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгөх;
16.2.13.Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн үүргийг биелүүлэх;
16.2.14.хуульд заасан бусад бүрэн эрх.
16.3.Тойргийн хороо харьяалах салбар болон хэсгийн хорооны хууль тогтоомжид нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгоно.
17 дугаар зүйл.Салбар хороо, түүний бүрэн эрх
17.1.Тойргийн хороо нь суманд, шаардлагатай бол нийслэлийн дүүрэгт салбар хороог санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга, 5, эсхүл 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, тойргийн хэмжээнд нийтэд мэдээлнэ.
17.2.Салбар хороо нь өөрийн харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд энэ хуулийн 16.2.1-16.2.3, 16.2.5, 16.2.6, 16.2.8-16.2.11, 16.2.14-т заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж, сонгууль бэлтгэн явуулахтай холбогдуулан тойргийн хорооноос өгсөн үүргийг биелүүлнэ.
17.3.Салбар хороо сонгуулийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу цэгцэлж, харьяалагдах тойргийн хороонд хүлээлгэн өгнө.
18 дугаар зүйл.Хэсгийн хороо, түүний бүрэн эрх
18.1.Нийслэлд тойргийн хороо, аймагт салбар хороо хэсгийн хороог санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ.
18.2.Хэсгийн хорооны бүрэлдэхүүний тоог сонгогчдын тоо, ажлын хэмжээг харгалзан дор дурдсанаар тогтооно:
18.2.1.тухайн хэсэгт 2000 хүртэл сонгогчтой бол 9, эсхүл 11;
18.2.2.тухайн хэсэгт 2001-3500 хүртэл сонгогчтой бол 11, эсхүл 13;
18.2.3.тухайн хэсэгт 3501-ээс дээш сонгогчтой бол 13, эсхүл 15.
18.3.Хэсгийн хороо дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
18.3.1.хэсгийн хорооны хаяг, ажиллах цагийн хуваарь, санал авах өдөр, цагийг сонгогчдод мэдээлэх;
18.3.2.сонгогчийн үнэмлэх олгох;
18.3.3.сонгогчийг шилжүүлэх, шилжиж ирсэн сонгогчийг бүртгэх;
18.3.4.сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсгийн хэмжээнд үнэн зөв нэгтгэж, сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, оршин суугаа газрын хаяг зэргийг тулган шалгах;
18.3.5.санал авах байр, саналын хайрцаг зэрэг санал авахад шаардлагатай бусад зүйлийг бэлтгэж, сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах;
18.3.6.санал хураалтын дүн гаргаж, салбар хороонд, салбар хороогүй бол тойргийн хороонд хүргэх;
18.3.7.сонгуулийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу цэгцэлж, салбар хороонд, салбар хороогүй бол тойргийн хороонд хүлээлгэн өгөх;
18.3.8.сонгууль бэлтгэн явуулах асуудлаар гарсан өргөдөл, гомдлыг өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх, холбогдох байгууллагад уламжлах;
18.3.9.тойргийн болон салбар хорооноос өгсөн үүргийг биелүүлэх;
18.3.10.хуульд заасан бусад бүрэн эрх.
19 дүгээр зүйл.Сонгуулийн хороодын ажлын зохион байгуулалт
19.1.Тойрог, салбар, хэсгийн хороод эрх хэмжээнийхээ асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана.
19.2.Хуралдаанд гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон бол тухайн хорооны хуралдаан хүчинтэйд тооцогдоно.
19.3.Энэ хуулийн 19.1-д заасан тогтоолд тухайн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.
19.4.Сонгуулийн хороод хуралдаанаараа дэгээ тогтоох бөгөөд түүнд үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, гишүүдийн ажил үүргийн хуваарь, ажиллах зарчим, журмыг тусгасан байна.
19.5.Сонгуулийн хороодын хуралдааныг нээлттэй явуулж, шийдвэрийг ил тод мэдээлнэ.
19.6.Сонгуулийн хороодын хуралдааны тэмдэглэлийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу заавал хөтлөх бөгөөд түүнийг тухайн хорооны нэг гишүүнд хариуцуулна.
19.7.Сонгуулийн баримт бичиг бүртгэлтэй байх бөгөөд түүнд хамаарах баримт бичиг, түүнийг бүртгэх журмыг Сонгуулийн ерөнхий хороо тогтооно.
19.8.Тойргийн болон салбар хорооны дарга дотоод ажлын асуудлаар захирамж гаргана.
19.9.Сонгуулийн хороодын бүрэлдэхүүнийг ажлын шаардлага, зардлын хэмжээг харгалзан үндсэн ажлаас нь түр чөлөөлүүлж ажиллуулна.
19.10.Хуульд өөрөөр заагаагүй бол хэсгийн болон салбар хорооны шийдвэрийн талаар тойргийн хороонд, тойргийн хорооны шийдвэрийн талаар Сонгуулийн ерөнхий хороонд тус тус гомдол гаргаж болох бөгөөд зохих шатны хороо гомдлыг хүлээж авснаас хойш ажлын гурван өдрийн дотор хянан шийдвэрлэж, гомдол гаргагчид бичгээр хариу мэдэгдэнэ.
19.11.Сонгуулийн хороод сонгууль бэлтгэн явуулахтай холбогдсон асуудлаар сонгуулийн тухай хууль тогтоомжоор үүрэг хүлээсэн аливаа байгууллага, албан тушаалтанд хууль ёсны шаардлага тавих эрхтэй бөгөөд түүнийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн шаардлагыг хүлээн авснаас хойш ажлын хоёр өдрийн дотор шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ.
19.12.Сонгуулийн хороодоос бүрэн эрхийнхээ дотор гаргасан шийдвэрийг сонгуулийн тухай хууль тогтоомжид заасны дагуу үүрэг хүлээсэн тухайн нутаг дэвсгэрийн бүх байгууллага, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй.
19.13.Сонгуулийн ерөнхий хороо болон тойргийн хороо хуваарилагдсан төсвийн хөрөнгийн хэмжээнд сонгуулийг бэлтгэн явуулахдаа хувь хүн, хуулийн этгээдтэй ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулан ажиллуулж болно.
19.14.Энэ хуулийн 19.11, 19.12-т заасныг зөрчсөн иргэнийг 100000-150000 төгрөгөөр, албан тушаалтныг 150000-250000 төгрөгөөр, байгууллагыг 500000-800000 төгрөгөөр торгоно.
ДӨРӨВДYГЭЭР БYЛЭГ
Сонгогчдын нэрийн жагсаалт
20 дугаар зүйл.Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах
20.1.Сум, дүүргийн иргэний бүртгэл хариуцсан ажилтны тухайн сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрт оршин суугаа сонгогчдын хаягийн бүртгэлийг үндэслэн иргэний үнэмлэхтэй тулган шалгаж гаргасан нэрийн жагсаалтыг аймаг, нийслэлийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн алба нь иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх бөгөөд уг төрийн захиргааны байгууллага нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу аймаг, нийслэлийн хэмжээнд нэгтгэн хоёр хувь үйлдэж, санал авах өдрөөс 3 сарын өмнө Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.
/Энэ хэсгийг 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.2.Сонгуулийн ерөнхий хороо нь сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрээр гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтыг вэб хуудаст байрлуулах ба нам, эвсэлд бүх тойргийн хэмжээгээр, иргэнд зөвхөн өөрийн нэрийг шалган танилцах боломжоор хангана.
/Энэ хэсгийг 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн/
20.3.Энэ хуулийн 20.1-д заасны дагуу ирүүлсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг Сонгуулийн ерөнхий хороо санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө хэсгийн хороодод хүргүүлнэ.
/Энэ хэсгийг 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн/
20.4.Хэсгийн хороо энэ хуулийн 20.1-д заасны дагуу гаргаж өгсөн сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгаж, санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу хоёр хувь нэгтгэж, хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө өөрийн байранд ил тавьж, нийтэд чөлөөтэй танилцах бололцоо олгоно.
/Энэ хэсгийн дугаарт 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.5.Сонгогчдын нэрийн жагсаалтад түүнийг үйлдэх үед тухайн хэсэгт байнга буюу түр оршин суугаа бүх сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, нэр, нас, оршин суугаа газрын хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаарыг бүртгэх бөгөөд ийнхүү бүртгэхдээ сонгогчийн нэрийг оршин суугаа газрын байршлаар нь аль тохиромжтой байдлаар дараалуулан бичнэ.
/Энэ хэсгийн дугаарт 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.6.Сонгогчдын нэрийн жагсаалт нь үндсэн ба зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал хураах гэсэн төрөлтэй байна.
/Энэ хэсгийн дугаарт 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.7.Сонгогч бүр сонгуулийн нэг хэсэгт нэрийн нэг жагсаалтад бүртгэгдэнэ.
/Энэ хэсгийн дугаарт 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.8.Тойргийн болон салбар хороо энэ хуулийн 20.4-т заасны дагуу хэсгийн хорооны нэгтгэсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг үндэслэн сонгогчдын тоог Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу нэгтгэнэ.
20.9.Цагдаа, эмнэлэг, амралт, сувиллын газрын удирдлага сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэхэд шаардагдах мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй.
/Энэ хэсгийн дугаарт 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.10.Сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж олшруулах, тараахыг хориглоно.
/Энэ хэсгийн дугаарт 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.11. Аймаг, нийслэлийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн алба сонгогчдын нэрийн жагсаалтыг жил тутам гаргаж байна.
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.12.Энэ хуулийн 20.1-д заасныг зөрчсөн аймаг, нийслэлийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн албаны даргыг 150000-250000 төгрөгөөр, 20.4-т заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг 200000-250000 төгрөгөөр, 20.10-т заасныг зөрчсөн буруутай этгээдийг 200000-250000 төгрөгөөр торгоно.
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
21 дүгээр зүйл.Сонгогчдын нэрийн жагсаалтын талаар гомдол гаргах
21.1.Сонгогчийг нэрийн жагсаалтад бүртгээгүй буюу буруу бүртгэсэн байвал сонгогч, сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч тухайн хэсгийн хороонд гомдол гаргах эрхтэй.
21.2.Хэсгийн хороо энэ хуулийн 21.1-д заасан гомдлыг хүлээн авснаас хойш ажлын гурван өдрийн дотор, хэрэв санал авах өдөр болон уул өдөр хүртэлх гурван өдрийн хугацаанд гомдлыг хүлээн авсан бол нэн даруй хянан үзэж, сонгогчдын нэрийн жагсаалтад зохих өөрчлөлтийг тэр даруй оруулах буюу гомдлыг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаж хариу мэдэгдэх бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо хоёр хоногийн дотор харьяалагдах салбар хороонд, салбар хороогүй бол тойргийн хороонд гаргана.
22 дугаар зүйл. Сонгогч шилжих
22.1.Энэ хуулийн 20.4-т заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтыг нийтэд зарласнаас хойш хэсгийн хороо саналын хуудас хүлээн авах хүртэлх хугацаанд сонгогч албан томилолт буюу өвчний учир өөр хэсэг буюу тойрогт шилжвэл энэ тухайгаа бичгээр хэсгийн хороонд мэдүүлэн шилжүүлэг хийлгэж, сонгогчдын нэрийн жагсаалтаас хасуулна.
/Энэ хэсэгт 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
22.2.Энэ хуулийн 22.1-д заасны дагуу шилжсэн сонгогч нь шилжүүлэг хийсэн тэмдэглэл бүхий сонгогчийн үнэмлэх, иргэний үнэмлэхээ хянуулж, очсон газрынхаа хаягаар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлнэ.
22.3.Энэ хуулийн 22.2-т заасны дагуу шилжин ирж, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчийн саналыг тусгай хайрцагт авах ба тусад нь тоолж, дүнг гаргана.
22.4.Сонгогч энэ хуулийн 22.1-д заасан хугацаанаас хойш буюу хэсгийн хороо саналын хуудас хүлээн авсны дараа шилжвэл саналаа битүүмжилсэн дугтуйгаар урьдчилан өгөх ба түүнд шилжүүлэг хийхийг хориглоно.
22.5.Энэ хуулийн 22.4-т заасан сонгогчийн саналыг авахдаа мөн хуулийн 22.3-т заасан журмыг баримтална.
22.6.Энэ хуулийн 22.3-22.5-д заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг 200000-250000 төгрөгөөр, гишүүнийг 150000-200000 төгрөгөөр торгож, сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасах ба түүнийг дахин томилохгүй.
23 дугаар зүйл.Сонгогчийн үнэмлэх, түүнийг олгох
23.1.Хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчид сонгогчийн үнэмлэх олгоно.
23.2.Сонгогчийн үнэмлэхэд сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, нас, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийг бичнэ.
23.3.Сонгогчийн үнэмлэх нэгдсэн бар кодтой байна.
/Энэ хэсгийг 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
23.4.Сонгогчийн үнэмлэхийг хэсгийн хорооны аль нэг гишүүн олгох бөгөөд үнэмлэхийг хүлээн авсан хүнээр гарын үсэг зуруулж баталгаажуулна.
23.5.Сонгогчийн үнэмлэх тараасан хэсгийн хорооны гишүүний нэрийг сонгогчдын нэрийн жагсаалт дахь сонгогчийн нэрийн ард тэмдэглэнэ.
23.6.Энэ хуулийн 23.1, 23.4, 23.5-д заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг 200000-250000 төгрөгөөр, гишүүнийг 150000-200000 төгрөгөөр торгож, 23.1-д заасныг зөрчиж нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй сонгогчид сонгогчийн үнэмлэх олгосон этгээдийг сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасах ба түүнийг дахин томилохгүй.
ТАВДУГААР БYЛЭГ
Нам, эвсэл сонгуульд оролцох
24 дүгээр зүйл.Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх
24.1.Сонгууль зарлахаас өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн нам сонгуульд оролцох эрхтэй.
24.2.Хоёр буюу хэд хэдэн нам сонгуульд нэгэн эвсэл болж оролцож болох ба энэ тохиолдолд энэ хуулийн 24.1 дэх хэсгийн заалт эвсэлд нэгдэн орж байгаа нам тус бүрд хамаарна.
24.3.Нам, эвсэл сонгуульд оролцох тухайгаа санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр илэрхийлж, албан ёсоор бүртгүүлнэ.
24.4.Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэхдээ дараахь баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ:
24.4.1.нам дангаараа, эсхүл эвсэл байгуулж сонгуульд оролцох тухай шийдвэр;
24.4.2.улсын бүртгэлд бүртгүүлсэн намын, эвслийн тухайд түүнд нэгдэн орсон намуудын дүрмийн хуулбар;
/Энэ заалтад 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
24.4.3.нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөр;
24.4.4.өмнөх сонгуулиас хойшхи хугацаанд тухайн намд буюу эвсэлд нэгдэн орсон намуудад иргэд, хуулийн этгээдээс өгсөн хандивын аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайлан;
24.4.5.нам, эвслийн сонгууль эрхэлсэн төв байгууллагын бүрэлдэхүүн, байрлах газрын хаяг, харилцах утасны дугаар зэргийг агуулсан мэдээлэл.
24.5.Намууд эвсэл байгуулан сонгуульд оролцож байгаа бол төлөөлөх байгууллага нь энэ хуулийн 24.4-т зааснаас гадна дараахь баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд бүрдүүлж өгнө:
24.5.1.эвслийн гэрээний эх хувь;
/Энэ заалтад 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
24.5.2.эвсэлд нэгдэн орсон нам тус бүрийн удирдах дээд байгууллагын хуралдааны шийдвэр, тэмдэглэл.
25 дугаар зүйл.Намууд сонгуулийн эвсэл байгуулах, эвслийн гэрээ
25.1.Намууд Улсын Их Хурлын тухайн ээлжит сонгуульд эвсэл байгуулж оролцох бол түүнд нэгдэн орох нам тус бүр өөрийн Их Хурал, эсхүл төлөөллийн төв байгууллагын хуралдааныг хийж, дараахь асуудлыг шийдвэрлэнэ:
25.1.1.эвслийн нэр, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн батлах;
25.1.2.эвсэлд нэгдэн орох нам тус бүрд ногдох мандатын тоог тогтоох;
25.1.3.нам тус бүр өөрт ногдсон мандатад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх;
25.1.4.цаашид сонгуультай холбогдсон асуудлаар эвсэлд тухайн намыг төлөөлөн шийдвэр гаргах эрхтэйгээр оролцох эрх бүхий төлөөлөгчид /цаашид ”төлөөлөх байгууллага” гэх/-ийг томилох;
25.1.5.эвслийн гэрээг хэлэлцэж, дэмжих эсэхээ илэрхийлэх.
25.2.Энэ хуулийн 25.1-д заасан байгууллага нь мөн хуулийн 25.1.3-т заасан асуудлыг нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.
25.3.Эвсэлд нэгдэн орох намууд тус бүрдээ энэ хуулийн 25.1-д заасан асуудал тус бүрийг шийдвэрлэж, нэгдсэн тохиролцоонд хүрсэн бол эвслийг албан ёсоор байгуулагдсанд тооцох бөгөөд түүнд нэгдэн орсон намуудын дарга нар эвслийн гэрээнд гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулна.
25.4.Эвсэл албан ёсны нэртэй байх бөгөөд түүнийг хувь хүн, улс, үндэстэн, овгийн нэрээр болон урьд нь өөр намуудын эвсэл хэрэглэсэн нэрээр нэрлэхийг тус тус хориглох ба нэгэнт зарлагдсан эвслийн нэрийг сонгуулийн явцад болон шинээр сонгогдсон Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд өөрчлөхийг хориглоно.
25.5.Энэ хуулийн 25.1, 25.3-т заасны дагуу нэгэнт байгуулагдсан эвсэлд сонгуулийн явцад болон шинээр сонгогдсон Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд өөр нам нэгдэж орохыг хориглоно.
25.6.Эвслийг төлөөлөх байгууллага нь эвсэлд нэгдэн орсон нам бүрээс энэ хуулийн 25.1.4-т заасны дагуу томилогдсон төлөөлөгчдөөс бүрдэх бөгөөд эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, гэрээнд өөрчлөлт оруулах, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд зэрэг улс төрийн албан тушаалд нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг татан гаргах, түүний оронд өөр хүний нэр дэвшүүлэх, нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх, эвслийн гэрээг цуцлах зэргээр сонгууль, эвсэлтэй холбогдсон асуудлаар шийдвэр гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлэх боловч энэ хуулийн 25.1.2-т заасны дагуу намуудад ногдсон мандатын тоог өөрчлөх эрхгүй.
25.7.Эвслийн гэрээнд талуудын эрх, үүрэг, эвслийн нэр, эвслийг төлөөлөх байгууллага, түүний удирдах бүрэлдэхүүнд орсон иргэний эцэг /эх/-ийн нэр, нэр, албан тушаал, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүнийг төлөөлөх албан тушаалтны эцэг /эх/-ийн нэр, нэр болон харилцан тохиролцсон бусад асуудлыг тусгана.
25.8.Эвслийн гэрээ нь тухайн сонгууль, түүний үр дүнд байгуулагдсан Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд хүчин төгөлдөр байна.
25.9.Эвсэлд нэгдэн орсон намууд нь Улсын Их Хурлын ээлжит болон түүний бүрэн эрхийн хугацаан дахь нөхөн сонгууль, түүнчлэн шинээр сонгогдсон Улсын Их Хуралд нэгэн этгээд болж оролцох бөгөөд эвслийн аль нэг нам дангаараа /эвслээс гадуур/ нэр дэвшүүлэх, сонгуулийн зардлын данс нээлгэх, өөр намуудын эвсэлд нэгдэн орох, бие даан болон өөр эвсэл байгуулан сонгуульд орохыг хориглох бөгөөд хэрэв аль нэг нам нь ийм шийдвэр гаргасан бол эвслийг тарсан гэж үзнэ.
25.10.Эвсэлд нэгдэн орсон нам хэдийд ч эвслээс гарах эрхтэй бөгөөд түүний энэ хуулийн 25.1-д заасан байгууллага нь мөн хуулийн 25.6-д заасан төлөөлөх байгууллагад энэ тухай албан ёсоор мэдэгдсэнээр тухайн намыг эвслээс гарсанд тооцох бөгөөд энэ тохиолдолд эвслийг бүхэлд нь тарсан гэж үзнэ.
25.11.Энэ хуулийн 25.1.4-т заасан төлөөлөх байгууллага эвслийн гэрээг хэдийд ч цуцалж болно.
25.12.Энэ хуулийн 25.9-25.11-д заасны дагуу эвсэл нэгэнт тарсан бол Улсын Их Хурлын тухайн сонгуулийн явцад болон түүний үр дүнд байгуулагдсан Улсын Их Хуралд эвслийн бүрэлдэхүүнд орж байсан намууд дахин нэгдэж эвсэл байгуулах, түүнчлэн Улсын Их Хуралд нэг бүлэг болон зохион байгуулагдахыг хориглоно.
26 дугаар зүйл.Сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх
26.1.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслийг бүртгэхдээ тэдгээрийн ирүүлсэн баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэхийг нягтлан шалгана.
26.2.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 24.4, 24.5-д заасан баримт бичгийг үндэслэн тэдгээрийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.
26.3.Дараахь тохиолдолд нам, эвслийг бүртгэхээс татгалзана:
26.3.1.нам буюу эвсэлд нэгдэн орсон намуудын аль нэг нь энэ хуулийн 24.1-д заасан шаардлага хангаагүй бол;
26.3.2.энэ хуулийн 24.4, 24.5-д заасан баримт бичиг дутуу, эсхүл хуурамч бол;
26.3.3.энэ хуулийн 24.3-т заасан хугацаанаас хойш мөн хуулийн 24.4, 24.5-д заасан баримт бичгийг ирүүлсэн бол;
26.3.4.эвсэл байгуулах тухай шийдвэр гаргахдаа энэ хуулийн 25.1-25.4-т заасан журам, шаардлагыг зөрчсөн;
26.3.5.эвсэлд нэгдэн орсон аль нэг нам нь бүртгүүлэхээс өмнө энэ хуульд заасны дагуу эвслээс гарахаа илэрхийлсэн бол;
26.3.6.өмнөх сонгуулийн зардлын тайланг энэ хуулийн 42.2-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол.
26.3.7.өмнөх ээлжит болон нөхөн сонгуулийн зардлын тайланг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол.
/Энэ заалтыг 2010 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн/
26.4.Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслийг бүртгэсэн тухай шийдвэр гаргасан бол батламж олгоно.
26.5.Энэ хуулийн 26.4-т заасны дагуу эвсэл сонгуульд оролцохоор бүртгүүлснээс хойш түүнд аль нэг нам, эвсэл нэгдэн орохыг хориглоно.
ЗУРГАДУГААР БYЛЭГ
Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх
27 дугаар зүйл.Нэр дэвшүүлэх нийтлэг журам
27.1.Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг сонгууль зарласнаас хойш 10 хоногийн дараа эхлүүлж, 7 хоногийн хугацаанд дуусгана.
27.2.Нэг хүн нэг тойрогт нэрээ дэвшүүлэх буюу нэрийг нь дэвшүүлснийг зөвхөн нэг тойрогт зөвшөөрсөн байвал зохино.
27.3.Энэ хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчээр бүртгүүлж, үнэмлэх авсан иргэнийг “Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигч” /цаашид ”нэр дэвшигч” гэх/ гэж үзнэ.
27.4.Нэр дэвшигч нь энэ хуулийн 6.2-т зааснаас гадна дараахь шаардлагыг хангасан байна:
27.4.1.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;
27.4.2.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх;
27.4.3.ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78.2, 78.3-т заасны дагуу ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх.
/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
27.5.Төрийн жинхэнэ албан хаагч Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших болсон бол энэ хуулийн 30.2-т заасан баримт бичгийг холбогдох сонгуулийн хороонд хүргүүлэхээс өмнө Төрийн албаны тухай хуульд8 заасны дагуу уг албанаас чөлөөлөгдсөн байна.
27.6.Нэг намын гишүүнийг нөгөө намаас, эвслийн тухайд түүнд нэгдэн орсон намуудынхаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг тус тус хориглоно.
28 дугаар зүйл. Нам, эвслээс нэр дэвшүүлэх
28.1.Нам, эвсэл нь олон мандаттай тойрогт тухайн тойрогт ногдох мандатын тооноос илүүгүй хүний нэрийг дэвшүүлнэ.
28.2.Нам, эвслээс нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна.
/Энэ хэсгийг 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
28.3.Намаас нэр дэвшүүлэх тухай асуудлыг Улс төрийн намын тухай9 хуулийн 13.7-д заасны дагуу тухайн намын Их Хурал, эсхүл төлөөллийн төв байгууллагын хуралдаанаар хэлэлцэж, нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.
28.4.Эвслээс нэр дэвшүүлэхэд энэ хуулийн 25.1.2, 25.1.3, 25.2-т заасан журмыг баримтална.
29 дүгээр зүйл. Бие даан нэр дэвшүүлэх
29.1.Бие даан нэрээ дэвшүүлэгч нь энэ хуулийн 7.2-т заасан тооны дэмжигч-сонгогчдын гарын үсгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу зуруулж, тойргийн хороонд ирүүлнэ.
29.2.Бие даан нэрээ дэвшүүлэгч нь энэ хуулийн 29.1-д заасан сонгогчийн дэмжлэгийг авахдаа аймагт тухайн тойргийн сум бүрийн, нийслэлд тухайн тойрогт хамрагдсан хороо бүрийн сонгогчийн төлөөллийг оролцуулсан байна.
29.3.Энэ хуулийн 29.1-д заасан бие даан нэрээ дэвшүүлэгчийг дэмжиж, гарын үсэг зурсан сонгогч нь тухайн тойргийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгуулийн эрх бүхий иргэн байна.
29.4.Энэ хуулийн 29.1-д заасан маягтад дэмжигч-сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийг гаргацтай, тодорхой бичсэн байна.
30 дугаар зүйл.Нэр дэвшигчийг бүртгэх
30.1.Нэр дэвшигчийг тойргийн хороо бүртгэнэ.
30.2.Нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь энэ хуулийн 27.1-д заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш тав хоногийн хугацаанд багтаан дараахь баримт бичгийг тойргийн хороонд ирүүлнэ:
30.2.1.нэр дэвшүүлсэн тухай шийдвэр;
30.2.2.нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл;
30.2.3.нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг;
30.2.4.энэ хуулийн 27.4.1, 27.4.2-т заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг, эрх бүхий байгууллагын тодорхойлолт;
30.2.5.ялгүйг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
30.2.6.төрийн жинхэнэ албан хаагчийн тухайд ажлаас чөлөөлөгдсөн тухай байгууллагын шийдвэр;
30.2.7.Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан загварын дагуу үйлдсэн нэр дэвшигчийн намтар.
30.3.Бие даан нэр дэвшигч нь энэ хуулийн 27.1-д заасан хугацаанд багтаан энэ хуулийн 30.2.3-30.2.7-д заасан баримт бичиг болон дэмжигч-сонгогчдын дэмжлэгийг илэрхийлсэн гарын үсэг бүхий маягт, нэр дэвшүүлснээ илэрхийлсэн мэдэгдлийн хамт тойргийн хороонд ирүүлнэ.
30.4.Энэ хуулийн 30.2.4-т заасан өр төлбөрийн тухай тодорхойлолтыг Улсын дээд шүүх, 30.2.5-д заасан тодорхойлолтыг цагдаагийн төв байгууллага нэр дэвшигч тус бүрээр гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд албан бичгээр хүргүүлнэ.
30.5.Энэ хуулийн 30.2.3, 30.2.4, 30.2.7, 30.3-т заасан баримт бичгийн загварыг Сонгуулийн ерөнхий хороо батална.
30.6.Нам, эвсэл нь энэ хуулийн 30.2-т заасан нэр дэвшигчдийн баримт бичгийг тойргийн хороонд хүргүүлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлсэн шийдвэр, нийт нэр дэвшигчийн жагсаалт, нэр дэвшүүлсэн хуралдааны тэмдэглэлийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн байна.
30.7.Тойргийн хороо нэр дэвшигчийг бүртгэхдээ нам, эвсэл болон нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгана.
30.8.Бие даан нэр дэвшигчийг дэмжсэн дэмжигч-сонгогчийн гарын үсэг үнэн зөв эсэхийг тойргийн буюу салбар хороо сонгогчийн иргэний үнэмлэх, оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй тулгах буюу шаардлагатай бол тухайн сонгогчтой уулзаж нягтлан шалгана.
30.9.Тойргийн хороо энэ хуулийн 30.2, 30.3-т заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш дөрөв хоногийн дотор нэр дэвшигчээр бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэнэ.
30.10.Дараахь тохиолдолд тойргийн хороо нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзана:
30.10.1.энэ хуулийн 27.1-д заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй;
30.10.2.энэ хуулийн 27.2-т заасныг зөрчиж нэр дэвшсэн;
30.10.3.энэ хуулийн 27.4, 27.5-д заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй;
30.10.4.энэ хуулийн 27.6-д заасныг зөрчиж, өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн;
30.10.5.нэр дэвшүүлэх ажиллагаа энэ хуулийн 28 дугаар зүйлд заасныг зөрчиж явагдсан бол нийт нэр дэвшигчийг;
30.10.6.энэ хуулийн 30.2-т заасан баримт бичиг дутуу, эсхүл хуурамч бол;
30.10.7.бие даан нэр дэвшигч нь энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан журам зөрчсөн, түүнчлэн дэмжигч-сонгогчдын гарын үсгийг цуглуулахдаа бусдыг төлөөлүүлэх, хүч хэрэглэх, хуурч мэхлэх, заналхийлэх, эд мөнгөөр татах, сонгуулийн эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулах, гарын үсэг хуурамчаар үйлдэх зэрэг хууль бус арга хэрэглэсэн, эсхүл Сонгуулийн ерөнхий хорооноос баталснаас өөр маягтаар гарын үсэг цуглуулсан.
30.11.Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тухай тойргийн хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл Сонгууулийн ерөнхий хороонд гурав хоногийн дотор давж заалдаж болно.
/Энэ хэсгийг 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
30.12.Энэ хуулийн 30.10-т заасан үндэслэл байхгүй бол тойргийн хороо нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гаргана.
30.13.Тойргийн хороо бүртгэгдсэн нэр дэвшигчид нэр дэвшигчийн үнэмлэх олгоно.
30.14.Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд энэ хуулийн 31.4-т заасан хугацааны дотор зөрчлийг арилгасны үндсэн дээр урьд нь нэр дэвшигчийг бүртгүүлэх хүсэлтээ дахин уламжлах, эсхүл энэ хуульд заасан журмын дагуу өөр хүний нэрийг дэвшүүлж болно.
30.15.Нэр дэвшигчийг бүртгэх хугацаа дууссанаас хойш тойргийн хороо нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ ажлын гурван өдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.
30.16.Сонгуулийн ерөнхий хороо ажлын зургаан өдрийн дотор нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалтыг тойрог, улсын хэмжээгээр нэгтгэж, нийтэд мэдээлнэ.
30.17.Энэ хуулийн 30.2, 30.3-т заасан баримт бичгийг хуурамчаар үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтныг 100000-150000 төгрөгөөр, албан тушаалтныг 200000-250000 төгрөгөөр, нам, эвслийг 800000-900000 төгрөгөөр торгож, нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасна.
30.18.Энэ хуулийн 30.10-т заасан үндэслэл нэр дэвшигч бүртгэгдсэний дараа тогтоогдсон бол нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасна.
30.19.Энэ хуулийн 30.10-т заасан зөрчил байгааг мэдсэн атлаа нэр дэвшигчийг бүртгэсэн бол сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг 200000-250000 төгрөгөөр, гишүүнийг 150000-200000 төгрөгөөр торгож, буруутай этгээдийг сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасна.
31 дүгээр зүйл.Нэр дэвшигч татгалзах, нэр дэвшигчийг
татан гаргах
31.1.Энэ хуулийн 30.12, 30.13-т заасны дагуу бүртгэгдэж, үнэмлэх авсан бие даан нэр дэвшигч өөрөө татгалзах, эсхүл нам, эвсэл нь өөрийн нэр дэвшигчийг татан гаргах, түүний оронд өөр хүний нэр дэвшүүлэх эрхтэй.
31.2.Бие даан нэр дэвшигч өөрөө татгалзах буюу нам, эвсэл нэр дэвшигчээ татан гаргах тухай шийдвэрээ тойргийн хороонд нэн даруй хүргүүлнэ.
31.3.Тойргийн хороо энэ хуулийн 31.2-т заасан шийдвэрийг хүлээн авмагц тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэрээ хүчингүйд тооцсон тухай шийдвэр гаргаж, энэ тухай Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэх бөгөөд тэрээр нийтэд мэдээлнэ.
31.4.Нам, эвсэл нэр дэвшигчээ татан гаргасан шийдвэрээ санал авах өдрөөс 10 хоногийн өмнө тойргийн хороонд ирүүлээгүй бол татгалзсан болон татан гаргасан нэр дэвшигчийн оронд өөр хүний нэр дэвшүүлэх эрхгүй.
31.5.Саналын хуудас хэвлэгдсэний дараа бие даан нэр дэвшигч өөрөө татгалзсан, эсхүл нам, эвсэл нэр дэвшигчээ татан гаргасан бол энэ тухайгаа Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэх ба саналын хуудсыг дахин хэвлэхэд гарах зардлыг уг этгээдээс гаргуулна.
32 дугаар зүйл.Нөхөн нэр дэвшүүлэх
32.1.Энэ хуулийн 31.4-т заасан хугацааны өмнө нам, эвсэл нэр дэвшигчээ татан гаргасан, нам, эвслээс нэр дэвшигч нас барсан, хүндээр өвчилсөн, гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан, шүүхээр ял шийтгүүлсэн тохиолдолд тухайн нам, эвсэл өөр хүний нэрийг нөхөн дэвшүүлж, санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан журмын дагуу бүртгүүлж болно.
33 дугаар зүйл.Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах
33.1.Нэр дэвшигч энэ хуулийн 30.12, 30.13-т заасны дагуу бүртгүүлж, 30.16-д заасны дагуу нийтэд зарлагдсаны дараа түүнийг нэр дэвшигчийн жагсаалтаас хасах талаархи энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол Сонгуулийн ерөнхий хороо энэ тухай шийдвэр гаргаж, нийтэд мэдээлнэ.
33.2.Энэ хуулийн 33.1-д заасан Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийн талаар маргаан гарвал энэ хуулийн 11 дүгээр бүлэгт заасан харьяалал, журмын дагуу шийдвэрлэнэ.
34 дүгээр зүйл. Нэр дэвшигчид туслах
34.1.Нэр дэвшигчээс сонгогчидтойгоо уулзах, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сурталчлах зэргээр сонгуульд оролцох бүхий л ажилд нь тухайн нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, ухуулагч, бие даан нэр дэвшигчийн шадар туслагч тус тус тусална.
34.2.Тойргийн хороо 200 сонгогчид нэгээс илүүгүй байхаар тооцож, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, ухуулагч, бие даан нэр дэвшигчийн шадар туслагчийг бүртгэж, үнэмлэх олгоно.
34.3.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, ухуулагч, бие даан нэр дэвшигчийн шадар туслагч нь сонгуулийн аль нэг хорооны гишүүн байхыг хориглоно.
35 дугаар зүйл.Нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаа
35.1.Нам, эвсэл болон нэр дэвшигч нь хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сонгуулийн мөрийн хөтөлбөрөө тайлбарлах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сурталчилгаа хийх, тойргийнхоо холбогдох байгууллагаас зохих журмын дагуу шаардлагатай мэдээлэл, лавлагаа авах эрх эдэлнэ.
35.2.Гэмт үйлдлийнх нь явцад хойшлуулшгүй баривчлахаас бусад тохиолдолд нэр дэвшигчийг тойргийн хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хариуцлагад татах, баривчлах, албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл ногдуулах, орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийх, түүнчлэн захиргааны санаачилгаар ажлаас халахыг хориглоно.
35.3.Нэр дэвшигчийг гүтгэх, доромжлох, нэр төрийг нь гутаах, түүний хувийн болон захидал харилцааны нууцыг задруулахыг хориглоно.
35.4.Энэ хуулийн 35.1-д заасан эрхээ хэрэгжүүлэхэд санаатайгаар саад учруулсан иргэнийг 100000-150000 төгрөгөөр, албан тушаалтныг 200000-250000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 500000-800000 төгрөгөөр торгоно.
35.5.Энэ хуулийн 35.2-т заасныг зөрчсөн төрийн албан хаагчид Цагдаагийн байгууллагын тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах ба бусад албан тушаалтныг 200000-250000 төгрөгөөр торгоно.
35.6.Энэ хуулийн 35.3-т заасныг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй байвал иргэнийг 100000-150000 төгрөгөөр, албан тушаалтныг 200000-250000 төгрөгөөр, нам, эвслийг 800000-1000000 төгрөгөөр, хэвлэл мэдээллийн болон бусад байгууллагыг 600000-800000 төгрөгөөр торгоно.
ДОЛДУГААР БYЛЭГ
Сонгуулийн мөрийн хөтөлбөр, сурталчилгаа
36 дугаар зүйл.Сонгуулийн мөрийн хөтөлбөр
36.1.Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байна.
36.2.Улсын Их Хурлын тухайн сонгуульд олонхи суудал авсан нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн үндэс болно.
36.3.Нам, эвслээс нэр дэвшигч нь тухайн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс өөр бие даасан мөрийн хөтөлбөртэй байхыг хориглоно.
36.4.Энэ хуулийн 36.3-т заасныг зөрчсөн нэр дэвшигчийг 100000-150000 төгрөгөөр торгоно.
37 дугаар зүйл.Сонгуулийн сурталчилгаа
37.1.Нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигч энэ хуулийн 30.12, 30.13-т заасны дагуу бүртгүүлж, үнэмлэх авсан өдрөөс эхлүүлнэ.
37.2.Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалаа тайлбарлан таниулах, нэр дэвшигчийг дэмжин сурталчлах ажлыг уулзалт, хурал, цуглаан хийх, ухуулах байр ажиллуулах зэрэг хуулиар хориглоогүй арга, хэлбэрээр зохион байгуулах эрхтэй.
37.3.Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00 цагаас өмнө зогсооно.
37.4.Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч нь мөрийн хөтөлбөрөө танилцуулсан хоёр хэвлэлийн хуудас бүхий хоёр сонин, хэвлэл, нэг хэвлэлийн хуудас бүхий нэг ухуулах болон зурагт хуудас, нэр дэвшигчийн намтар, бусад сурталчилгааны материалыг нэг хэвлэлийн хуудаст тус тус багтаана.
37.5.Энэ хуулийн 37.4-д заасан хязгаарлалтын дүнг хэвлэмэл байдлаар сонгогчдод тараах бүх төрлийн хэвлэлийн нийлбэрээр тооцно.
37.6.Сурталчилгааны уриалга, ухуулах болон зурагт хуудас, зарлал зэргийг гудамж, талбай болон олон нийтийн газарт байрлуулах байршлыг сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний дотор тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тогтооно.
37.7.Олон нийтийн радио, телевиз нь төлбөртэйгээр сонгуулийн аливаа сурталчилгаа явуулахгүй бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон хуваарийн дагуу төлбөргүй сурталчилгаа явуулна.
37.8.Сонгуулийн ерөнхий хороо нь олон нийтийн радио, телевизээр төлбөргүй явуулах сурталчилгааны хуваарийг батлахдаа нам, эвсэл бүрт, түүнчлэн нэг тойрогт өрсөлдөж байгаа нэр дэвшигч бүрт тэнцүү хугацаа ногдохоор тооцож, холбогдох шийдвэрийг гаргана.
37.9.Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг төлбөртэй явуулах бөгөөд төлбөртэй сурталчилгааны нийт хугацаа тухайн радио, телевизийн нэвтрүүлгийн нийт хугацааны 10 хувиас хэтрэхгүй байна.
37.10.Энэ хуулийн 37.9-д заасан радио, телевиз нь сонгуулийн сурталчилгааг явуулахдаа энэ хуулийн 37.8-д заасан зарчмыг удирдлага болгоно.
37.11.Нам, эвсэл, тэдгээрийн дэмжигч, нэр дэвшигч болон нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, ухуулагч, бие даан нэр дэвшигчийн шадар туслагчаас сонгуулийн сурталчилгааны явцад дараахь үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
37.11.1.сонгууль зарласнаас хойш нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох хүртэлх хугацаанд сонгуулийн аливаа хэлбэрийн сурталчилгаа явуулах;
37.11.2.энэ хуулийн 37.3-т заасан хугацаанаас хойш санал хурааж дуустал аливаа хэлбэрээр сурталчилгаа хийх, түүнчлэн санал авах өдөр хүртэлх долоо хоногийн хугацаанд санал асуулга явуулах, дүнг хэвлэн нийтлэх, тараах;
37.11.3.нам, эвслээс нэр дэвшигч нь нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах;
37.11.4.төрийн болон бусад өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын чанартай ажил, үйлчилгээ явуулах;
37.11.5.энэ хуулийн 37.4-д зааснаас илүү материал тараах;
37.11.6. сурталчилгааны уриалга, ухуулах болон зурагт хуудас, зарлалыг барилгын хана, орц, хашаа, гэрлийн шон зэрэг энэ хуулийн 37.6-д зааснаас өөр газарт байрлуулах;
37.11.7.энэ хуулийн 37.7-37.10-т заасныг зөрчиж сурталчилгаа явуулах;
37.11.8.оройн 23 цагаас өглөөний 10 цаг хүртэлх хугацаанд чанга яригч ашиглах;
37.11.9.сонгуульд оролцохоос татгалзах, сонгуулийн болон бусад хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах;
37.11.10.шашны зан үйл ашиглах;
37.11.11.сонгогч, түүний гэр бүл, насанд хүрээгүй хүүхэд, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, мөнгө, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах;
37.11.12.төлбөргүйгээр буюу хөнгөлөлттэй үнээр ахуйн болон эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн үзлэг явуулах;
37.11.13.биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, төлбөрт таавар, бооцоот болон мөрийтэй тоглоом зохион байгуулах;
37.11.14.сонгогчдын саналыг татах зорилгоор хүлээн авалт, дайллага, цайллага, сонгуулийн бус олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах;
37.11.15.төрийн байгууллага, түүнчлэн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгсэл, бусад өмч хөрөнгийг төлбөртэй буюу төлбөргүйгээр сурталчилгааны материал хэвлэх, олшруулах, тээвэрлэх зэргээр сурталчилгаанд аливаа хэлбэрээр ашиглах;
37.11.16.төрийн жинхэнэ албан хаагчийг сонгуулийн сурталчилгаанд аливаа хэлбэрээр татан оролцуулах;
37.11.17.аль нэгэн нам, эвсэл, нэр дэвшигчийг дэмжих, эсхүл түүний эсрэг агуулгатай сурталчилгаа явуулахад арван найман насанд хүрээгүй хүүхдийг татан оролцуулах;
/Энэ заалтыг 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
37.11.18.сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах.
37.12.Нам, эвсэл, нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, ухуулагч, бие даан нэр дэвшигчийн шадар туслагч нь сонгуулийн сурталчилгаандаа аливаа шашны сургаал, жаяг дэгийн дагуу үйлддэг хурал хуруулах, сан тавиулах, майдар эргэх, жасаа уншуулах, даллага авахуулах, тахилга мөргөл үйлдүүлэх, овоо тахих үйлдэл, үйл ажиллагааг зохион байгуулсан, түүнд оролцсон, ийм арга хэмжээг санхүүжүүлсэн, шашны эд өглөгийн зүйл, хэрэгсэл тараасан бол шашны зан үйл ашигласан гэж үзнэ.
37.13.Нам, эвсэл, нэр дэвшигч өөрийн мөрийн хөтөлбөрт тусгасан иргэдийн шүтэх, эс шүтэх эрх чөлөө, төр, сүм хийдийн харилцаа, шашны талаархи бодлого, үзэл баримтлалыг сонгогчдод тайлбарлан таниулах үйл ажиллагааг энэ хуулийн 37.12-т заасан үйлдэл гэж үзэхгүй.
37.14.Дараахь газруудад сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглоно:
37.14.1.төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага;
37.14.2.төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж;
37.14.3.хүмүүнлэгийн, буяны болон шашны байгууллага;
37.14.4.сонгуулийн хороод.
37.15.Энэ хуулийн 37.14.1, 37.14.2 нь мөн хуулийн 38.3-т үл хамаарна.
37.16.Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн сурталчилгааны тэнцвэрт байдалд олон нийтийн оролцоотойгоор хяналт тавьж, энэ асуудлаар нам, эвсэл, нэр дэвшигч, байгууллага, иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шуурхай хянан шийдвэрлэнэ.
37.17. Энэ хуулийн 37.1, 37.3, 37.7, 37.9, 37.10-т заасныг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагыг 800000- 1000000 төгрөгөөр торгоно.
37.18.Энэ хуулийн 37.11.1-д заасныг зөрчсөн иргэнийг 100000-150000 төгрөгөөр, албан тушаалтныг 150000-200000 төгрөгөөр, нам, эвслийг 700000-900000 төгрөгөөр, бусад байгууллагыг 500000-700000 төгрөгөөр, 37.11.2-37.11.18, 37.12-т заасныг зөрчсөн ухуулагч, шадар туслагч, дэмжигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтныг 150000-200000 төгрөгөөр, албан тушаалтныг 200000-250000 төгрөгөөр, нам, эвсэл, бусад байгууллагыг 700000-900000 төгрөгөөр, 37.11.3-37.11.10, 37.11.15-37.11.18-д заасныг зөрчсөн нэр дэвшигчийг 150000-200000 төгрөгөөр, 37.11.14-т заасныг зөрчсөн нам, эвслийг 700000-900000 төгрөгөөр торгох ба энэ хуулийн 37.11.2, 37.11.11-37.11.13-т заасан зөрчил гаргасан нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасна.
/Энэ хэсэгт 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
38 дугаар зүйл.Нэр дэвшигчийн уулзалт
38.1.Нэр дэвшигч энэ хуулийн 37.1, 37.3-т заасан хугацааны дотор сонгогчидтой уулзалт хийх эрхтэй.
38.2.Тухайн шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга нь нэр дэвшигчид уулзалт зохион байгуулахад нь дэмжлэг үзүүлж, бүх нэр дэвшигчид тэгш хандах үүрэгтэй.
38.3.Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж нь нэр дэвшигчийн уулзалтад зориулж соёлын төв, биеийн тамирын болон хурлын танхим, өрөө, тасалгааг төлбөргүйгээр ашиглуулна.
38.4.Энэ хуулийн 38.1-д заасныг зөрчсөн нэр дэвшигчийг 150000-200000 төгрөгөөр, 38.2-т заасныг зөрчсөн Засаг даргыг 200000-250000 төгрөгөөр торгоно.
НАЙМДУГААР БYЛЭГ
Сонгуулийн зардал
39 дүгээр зүйл.Сонгуулийн зардал
39.1.Нэг нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн жилийн хоёрдугаар сарын нэгний дотор тойрог тус бүрээр тогтооно.
39.2.Тойрогт зардлын хэмжээг тогтоохдоо уг тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, хүн амын тоо, суурьшлын нягтрал /аймаг, нийслэл/ зэргийг харгалзан үзнэ.
39.3.Нам, эвслээс нэр дэвшигчийн сонгуулийн зардлыг тухайн нам, эвсэл болон нэр дэвшигч, харин бие даан нэр дэвшигч сонгуулийн зардлаа өөрөө тус тус хариуцна.
40 дүгээр зүйл.Сонгуулийн зардлын данс
40.1.Нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь нэр дэвшигч тус бүр дээр, түүнчлэн бие даан нэр дэвшигч нь өөрийн сонгуулийн зардлын дансыг банкинд нээлгэж, Сонгуулийн ерөнхий хороонд энэ тухай албан ёсоор мэдэгдэж, нийтэд зарлана.
40.2.Нам, эвслээс нэр дэвшигч нь энэ хуулийн 40.1-д зааснаас өөр данс нээлгэхийг хориглоно.
40.3.Энэ хуулийн 40.1-д заасан дансанд тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө, дэмжигч байгууллага, иргэдээс оруулсан хандивыг төвлөрүүлж, мөн дансаар дамжуулан зориулалтаар нь зарцуулна.
40.4.Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлж, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлснээс хойш гурав хоногийн дотор энэ хуулийн 40.1-д заасан дансыг нээлгэсэн байна.
40.5.Бие даан нэр дэвшигч тойргийн хороонд бүртгүүлсэн өдрөөс хойш гурав хоногийн дотор сонгуулийн зардлын дансаа нээлгэсэн байна.
40.6.Энэ хуулийн 40.1-д заасан дансанд төвлөрсөн хөрөнгийг нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг тайлбарлан таниулах, нэр дэвшигчийг сурталчлах, сонгуулийн уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах, нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, ухуулагч, шадар туслагчийн бичиг хэрэг, шуудан, холбоо, унааны болон албан томилолт, хөлс, урамшуулал зэрэг зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна.
40.7.Энэ хуулийн 40.2, 40.3, 40.6-д заасныг зөрчсөн нам, эвслийг 800000-1000000 төгрөгөөр торгох, 40.3, 40.6-д заасан зөрчил гаргасан нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах ба 40.1-д заасан данснаас гадуур өгсөн, 40.2-т заасныг зөрчиж нээлгэсэн дансанд төвлөрүүлсэн хөрөнгийг хурааж, улсын орлого болгоно.
41 дүгээр зүйл.Сонгуулийн хандив
41.1.Нам, эвсэл, нэр дэвшигчид өгөх хандивын дээд хэмжээ хувь хүнээс нэг сая төгрөг, хуулийн этгээдээс гурван сая төгрөг байна.
41.2.Энэ хуулийн 41.1-д заасан хандивын хэмжээг мөн хуулийн 40.1-д заасан дансанд төвлөрүүлсэн хөрөнгийн нийлбэрээр тооцно.
41.3.Хуулийн этгээдээс хандив өгөх тухай шийдвэрийг түүний эрх барих байгууллага гаргана.
41.4.Мөнгөн хандивыг зөвхөн энэ хуулийн 40.1-д заасан дансаар дамжуулж өгнө.
41.5.Хандивыг мөнгөн бус хэлбэрээр өгвөл түүнийг мөнгөн хэлбэрт шилжүүлэн үнэлж, энэ хуулийн 41.1-д заасан хандивын дүнд оруулан тооцно.
41.6.Нам, эвсэл, бие даан нэр дэвшигч нь сонгуулийн хандивын хэмжээ, хэлбэрийг сонгуулийн зардлын тайланд тусгана.
41.7.Дараахь этгээдээс хандив авахыг хориглоно:
41.7.1.гадаад улс буюу гадаадын байгууллага /хамтарсан байгууллагын гадаадын оролцогч/;
41.7.2.олон улсын байгууллага;
41.7.3.төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага;
41.7.4.гадаад улсын иргэн;
41.7.5.харьяалалгүй хүн;
41.7.6.сонгууль зарласан өдөр 18 насанд хүрээгүй Монгол Улсын иргэн;
41.7.7.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд;
41.7.8.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөртэй хуулийн этгээд;
41.7.9.Yйлдвэрчний эвлэл, шашны болон бусад төрийн бус байгууллага.
41.8.Сонгууль бэлтгэн явуулах хугацаанд гадаад, дотоодын тусламжийн эд хөрөнгийг иргэдэд тараах, борлуулж сонгуульд зарцуулахыг хориглоно.
41.9. Энэ хуулийн 41.1, 41.3-41.8-д заасныг зөрчсөн хандивлагч, нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтныг 150000-250000 төгрөгөөр, албан тушаалтныг 200000-250000 төгрөгөөр, нам, эвслийг 800000-1000000 төгрөгөөр торгох, 41.7-д заасан этгээдээс хандив авч зарцуулсан нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах ба 41.1-д заасан хэмжээнээс илүү гарсан, түүнчлэн 40.1-д заасан данснаас гадуур өгсөн болон 41.7-д заасан этгээдээс авсан хандивыг хурааж, улсын орлого болгоно.
42 дугаар зүйл.Сонгуулийн зардлын тайлан гаргах
42.1.Сонгуулийн зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх, түүнийг зарцуулах тухай тайлангийн загвар болон данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журмыг Сонгуулийн ерөнхий хороо Монголбанктай хамтран батална.
42.2.Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайланг санал хурааж дууссан өдрөөс хойш нэг сарын дотор гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.
42.3.Нам, эвсэл энэ хуулийн 42.2-т заасан сонгуулийн зардлын тайлан /цаашид “зардлын тайлан” гэх/-даа аудит хийлгэж, дүгнэлт гаргуулсан байна.
42.4.Зардлын тайланг дараахь үзүүлэлтээр гаргана:
42.4.1.санд төвлөрүүлсэн орлогын хэмжээ;
42.4.2.орлогын эх үүсвэр;
42.4.3.хандивлагч иргэний эцэг /эх/-ийн нэр, нэр, оршин суугаа газрын хаяг, банкны гүйлгээ хийсэн баримт, хандивын хэмжээ, хэлбэр;
42.4.4.хандивлагч хуулийн этгээдийн нэр, оршин байгаа газрын хаяг, гүйцэтгэх захирлын эцэг /эх/-ийн нэр, нэр, хандивын хэмжээ, хэлбэр;
42.4.5.зарлагын задаргаа, гүйцэтгэл;
42.4.6.үлдэгдлийн хэмжээ, байршил.
42.5.Нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын данс байршуулсан банкны захирал нь уг дансны бүх хөдөлгөөнийг нэгтгэсэн тайлан гаргаж, энэ хуулийн 42.2-т заасан хугацаанд Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.
42.6.Санал хураалт явагдсан өдрөөс хойш зардлын тайланг гаргах хүртэлх хугацаанд энэ хуулийн 40.1-д заасан дансанд аливаа хөдөлгөөн хийхийг хориглоно.
42.7.Сонгуулийн ерөнхий хороо зардлын тайланг хянан үзэж, санал хурааж дууссан өдрөөс хойш 45 хоногийн дотор дүнг нийтэд мэдээлэх ба хоёр зуун мянга, түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, таван зуун мянга, түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд зарлана.
42.8.Энэ хуулийн 42.2-42.6-д заасныг зөрчсөн нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтныг 150000-250000 төгрөгөөр, банкны захирлыг 200000-250000 төгрөгөөр, нам, эвсэл, банкыг 800000-1000000 төгрөгөөр торгох ба 42.6-д заасан хугацаанд хийсэн гүйлгээтэй тэнцэх хэмжээний хөрөнгийг банкны өөрийнх нь хөрөнгөөс гаргуулж, улсын орлого болгоно.
ЕСДYГЭЭР БYЛЭГ
Санал авах, сонгуулийн дүн гаргах,
Улсын Их Хурлын гишүүнийг бүртгэх
43 дугаар зүйл.Санал авах газар, хугацаа
43.1.Сонгогчдын саналыг санал авах өдөр 07 цагаас 22 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна.
43.2.Сонгогчдын санал авах өдөр, цаг, байрыг хэсгийн хороо уул өдөр хүртэлх 14 хоногийн турш нийтэд зарлан мэдээлнэ.
43.3.Сонгогчдоос саналаа нууцаар өгөхөд шаардагдах тооны бүхээг, саналын хайрцаг бүхий байрыг санал авах өдрөөс долоо хоногийн өмнө тухайн хэсгийн харьяалагдах сум, дүүргийн Засаг дарга хариуцаж бэлтгүүлнэ.
43.4.Энэ хуулийн 43.3-т заасан бүхээгийн хэмжээ, загварыг Сонгуулийн ерөнхий хороо батална.
43.5.Санал авах байранд нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, ухуулагч, бие даан нэр дэвшигчийн шадар туслагч байрлахыг хориглоно.
43.6.Энэ хуулийн 43.3-т заасныг зөрчсөн Засаг дарга, 43.5-д заасныг зөрчсөн ухуулагч, шадар туслагч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтныг 200000-250000 төгрөгөөр, нам, эвслийг 500000-700000 төгрөгөөр торгоно.
44 дүгээр зүйл.Саналын хуудас
44.1.Саналын хуудас нь сонгогчоос саналаа илэрхийлэх, сонгуулийн дүн гаргах үндсэн баримт бичиг мөн.
44.2.Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудасны загвар, тоо, түүнийг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам болон тэдгээрт тавигдах шаардлагыг санал авах өдрөөс 21 хоногийн өмнө батална.
44.3.Саналын хуудас нь тусгай нууцлалтай байх бөгөөд нэгдсэн бар кодтой байна.
/Энэ хэсгийг 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
44.4.Саналын хуудсыг Сонгуулийн ерөнхий хороо хариуцан хэвлүүлж, тойргийн хороонд, тойргийн хороо нь салбар хороогоор дамжуулан санал авах өдрөөс тав хоногийн өмнө хэсгийн хороонд тус тус хүргүүлнэ.
44.5.Саналын хуудсанд нэр дэвшигчдийн эцэг /эх/-ийн нэр, нэр, нэр дэвшүүлсэн нам, эвслийн нэрийг бичнэ.
44.6.Саналын хуудсанд нэр дэвшигчдийг бичихдээ тэдгээрийг дэвшүүлсэн намуудынх нь улсын бүртгэлд бүртгүүлсэн огноог баримталж, хамгийн анх бүртгүүлсэн намын нэр дэвшигчийг эхэнд нь бичих замаар дараалалд оруулах ба ингэхдээ нэг нам, эвслээс нэг тойрогт нэр дэвшигчдийн нэрийг адил тэнцүү байх зарчмыг баримтлан солбиж байрлуулна.
/Энэ хэсэгт 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
44.7.Эвслээс нэр дэвшигчийг энэ хуулийн 44.6-д заасан дараалалд оруулахдаа эвслийн бүрэлдэхүүнд орсон намуудаас хамгийн түрүүнд улсын бүртгэлд бүртгүүлсэн намын бүртгэлийн огноог баримтална.
44.8.Бие даан нэр дэвшигчийн нэрийг нам, эвслээс нэр дэвшигчдийн нэрийн дараа, тойргийн хороонд нэр дэвшсэнээ бүртгүүлсэн дарааллаар саналын хуудсанд бичнэ.
44.9.Саналын хуудсанд тухайн хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, тэмдэг дарах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй саналын хуудсаар санал авах, өгөхийг хориглоно.
44.10.Сонгуулийн хороод саналын хуудсыг бүрэлдэхүүнээрээ хүлээн авч, энэ тухай тэмдэглэл үйлдэж, байлцсан бүх гишүүн гарын үсэг зурна.
44.11.Сонгуулийн хорооны аль нэг гишүүн энэ хуулийн 44.10-т заасан тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзвал шалтгаан, үндэслэлээ бичгээр үйлдэж, холбогдох сонгуулийн хороонд өгнө.
44.12.Энэ хуулийн 44.9, 44.10-т заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг 200000-250000 төгрөгөөр, гишүүнийг 150000-200000 төгрөгөөр торгох ба сонгогчид хүчингүй саналын хуудас олгосон сонгуулийн хорооны гишүүнийг сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасна.
45 дугаар зүйл.Санал авах ажиллагаа
45.1.Санал авах өдрийн 07 цагт хэсгийн хорооны бүрэлдэхүүн сонгогчдын төлөөллийг байлцуулан санал авах бүх хайрцгийг нээж, шалган битүүмжилж лацдсаны дараа дараахь зүйлийг мэдээлнэ:
45.1.1.нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын тоо;
45.1.2.хүлээн авсан, урьдчилан санал авахад зарцуулсан, алдагдаж үрэгдсэн, устсан, үлдсэн саналын хуудасны тоо;
45.1.3.урьдчилан санал өгсөн сонгогчдын тоо, түүний явцад буруу тэмдэглэл хийснээс хүчингүй болсон саналын хуудасны тоо;
45.1.4.санал авах зөөврийн битүүмжилсэн хайрцгийн тоо, түүгээр санал өгөх сонгогчийн тоо, санал авах хуваарь;
45.1.5.хүлээн авсан, тараасан, буруу бичсэнээс хүчингүй болсон, алдагдаж үрэгдсэн, устсан, үлдсэн, сонгогчийн үнэмлэхийн тоо.
45.2.Энэ хуулийн 45.1.3-т заасан урьдчилан өгсөн саналын тоог тусгайлан тэмдэглэж, тэдгээр саналын хуудсыг битүүмжилсэн дугтуйтай нь санал авах хайрцагт хийнэ.
45.3.Энэ хуулийн 45.1, 45.2-т заасан ажиллагаа, мэдээллийг нэг бүрчлэн тусгасан тэмдэглэл хөтлөх бөгөөд түүнд хэсгийн хорооны бүх гишүүн гарын үсэг зурна.
45.4.Хэсгийн хороо энэ хуулийн 45.1-45.3-т заасан ажиллагааг гүйцэтгэсний дараа санал хураах ажлыг эхлүүлэх ба ингэхдээ сонгогчийн үнэмлэх, иргэний үнэмлэхийг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган үзэж, сонгогч бүрт саналын хуудас олгоно.
45.5.Саналын хуудас авсан сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсгээ зурж баталгаажуулна.
45.6.Саналаа өгсөн иргэний сонгогчийн үнэмлэхэд тусгайлан үүрэг хүлээсэн хэсгийн хорооны гишүүн тэмдэглэл хийж, хэсгийн хорооны тэмдэг дарах бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон тусгай тэмдэглэл хэрэглэж болно.
45.7.Санал авах ажиллагаанд нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн томилсон ажиглагч болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч байлцаж болно.
45.8.Санал авах байранд нэр дэвшигч болон зөвшөөрөлгүй бусад этгээд байхыг хориглох бөгөөд энэ нь тэдгээрээс саналаа өгөхөд хамаарахгүй.
45.9.Энэ хуулийн 45.1-45.6-д заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг 200000-250000 төгрөгөөр, гишүүнийг 150000-200000 төгрөгөөр, 45.8-д заасныг зөрчсөн иргэнийг 100000-150000 төгрөгөөр, албан тушаалтныг 150000-250000 төгрөгөөр торгоно.
46 дугаар зүйл.Сонгуулийг ажиглагч
46.1.Нам, эвсэл, бие даан нэр дэвшигч өөрийн ажиглагчийг томилж ажиллуулна.
46.2.Энэ хуулийн 46.1-д заасан ажиглагч нь санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд бүртгүүлж, ажиглагчийн үнэмлэх авна.
46.3.Энэ хуулийн 46.2-т заасан хугацаа өнгөрсөн бол ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзана.
46.4.Ажиглагч нь сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, сонгогчийн үнэмлэх бичих, санал авах, тоолох, дүн гаргах үед уг ажлыг сонгуулийн хууль тогтоомжийн дагуу явуулж байгаа эсэхийг зөвхөн хөндлөнгөөс ажиглан хянаж, дараахь эрх эдэлнэ:
46.4.1.сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах;
46.4.2.саналын хуудасны битүүмжлэгдсэн байдалтай танилцах;
46.4.3.санал тоолох ажлыг ажиглах;
46.4.4.бие даан нэр дэвшигчийн дэмжигч-сонгогчдоос гарын үсэг цуглуулсан маягттай танилцах;
46.4.5.урьдчилан санал авах үйл ажиллагааг ажиглах;
46.4.6.зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах сонгогчдын нэрийн жагсаалт, тэднээс санал авах чиглэл, хуваарьтай танилцах;
46.4.7.санал өгөх бүхээг, саналын хайрцаг болон санал авах байр хууль тогтоомжийн дагуу бэлтгэгдсэн эсэхтэй танилцах;
46.4.8.санал авах байранд сонгуулийн санал авах үйл явцыг бүхэлд нь ажиглаж болохуйц суудалтай байх;
46.4.9.санал авах үйл явцад зөрчил гарвал хэсгийн хорооны даргад мэдэгдэж, залруулахыг хүсэх, илэрсэн зөрчлийн талаар тэмдэглэл хөтлөх, дуу, дүрс бичлэгийн хэрэгсэл ашиглан баталгаажуулах, гэрчээр гарын үсэг зуруулах;
46.4.10.хэсгийн хорооны гишүүдээс холбогдох мэдээлэл авах;
46.4.11.ажиглалтын тайлангаа нийтэд тавих, хэвлэн нийтлэх.
46.5.Ажиглагч энэ хуулийн 46.4-т заагаагүй эрх эдлүүлэхийг шаардах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, худал, хуурамч мэдээлэл олон нийтэд тараах зэрэг хууль бус арга хэрэглэж, сонгуулийн хороодын ажилд хөндлөнгөөс оролцвол хэсгийн хороо түүний ажиглагчийн эрхийг хүчингүй болгож, урьд олгосон үнэмлэхээ хураан авна.
46.6.Ажиглагч энэ хуулийн 46.5-д заасны дагуу эрхээ хасуулсан бол түүнийг санал болгосон нам, эвсэл, нэр дэвшигч нь орны хүнийг томилох эрхгүй бөгөөд ийм хүсэлт гаргавал сонгуулийн хороод хүлээн авахаас татгалзана.
46.7.Гадаадын ажиглагч, түүнчлэн аливаа хэвлэл, мэдээллийн хэрэгсэл сонгуулийг ажиглах, сурвалжлахтай холбогдсон журмыг Сонгуулийн ерөнхий хороо батлаж мөрдүүлнэ.
46.8.Энэ хуулийн 46.1-д зааснаас өөр аливаа этгээд ажиглагч томилох, ажиллуулах эрхгүй бөгөөд энэ заалт энэ хуулийн 46.7-д үл хамаарна.
46.9.Энэ хуулийн 46.5-д заасныг зөрчсөн ажиглагчийг 100000-150000 төгрөгөөр торгоно.
47 дугаар зүйл.Сонгогч санал өгөх
47.1.Сонгогч санал авах байранд ирж, саналаа өөрөө өгнө.
47.2.Сонгогч бүр саналын нэг хуудас авч, санал бэлтгэх бүхээгт орж, саналаа нууцаар өгнө.
47.3.Сонгогч нь саналын хуудсанд бичигдсэн нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгохыг хүсч байгаа, тухайн тойрогт ногдсон мандатын тоотой тэнцэх нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэр, нэрийн өмнөх дугаарыг дугуйлж, саналын хуудсыг хайрцагт хийнэ.
47.4.Сонгогч санал өгөхдөө алдаа гаргаж, саналын хуудсанд буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсыг хайрцагт хийхээс өмнө энэ тухайгаа хэсгийн хороонд мэдэгдэж, алдаатай хуудсыг шалгуулан хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч, энэ хуулийн 47.3-т заасны дагуу санал өгч болно.
47.5.Хэсгийн хороо энэ хуулийн 47.4-т заасны дагуу хураалгасан саналын хуудсыг тэмдэглэл хөтлөн хадгална.
47.6.Санал бэлтгэх бүхээгт тухайн сонгогчоос өөр хүн байхыг хориглоно.
47.7.Бие эрхтэний согог, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшингээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн хүний туслалцаатайгаар санал өгч болох бөгөөд тэр нь сонгуулийн эрх бүхий иргэн байна.
47.8.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, ухуулагч, бие даан нэр дэвшигчийн шадар туслагч, сонгуулийн хорооны гишүүн, ажиглагчаар энэ хуулийн 47.7-д заасан үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.
47.9.Хэсгийн хороо нь сонгогчийн саналаа нууцаар өгөх эрхэд халдахгүйгээр санал хураалт хуулийн дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж, зөрчил гарвал таслан зогсоох арга хэмжээ авна.
47.10.Биеийн эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд хүрэлцэн ирж чадахгүй сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлтээ санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд бичгээр гаргана.
47.11.Хэсгийн хороо энэ хуулийн 47.10-т заасан хүсэлтийг үндэслэн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналыг нь авах сонгогчдын нэрийн жагсаалтыг тусад нь гаргаж, нэрийн жагсаалт, санал авах чиглэл, хуваарийг хуралдаанаараа хэлэлцэн батална.
47.12.Энэ хуулийн 47.11-д заасан сонгогчийн саналыг тухайн хэсгийн хорооны нэг намын бус төлөөлөлтэй хоёроос доошгүй гишүүн оршин суугаа газрын нь хаягаар очиж авна.
47.13.Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар энэ хуулийн 47.11-д заасан жагсаалтад ороогүй сонгогчийн саналыг авахыг хориглоно.
47.14.Хэсгийн хороо саналын хуудас хүлээн авснаас хойш санал авах өдөр хүртэлх хугацаанд сонгогч түр шилжин явахад хүрвэл хэсгийн хороонд ирж, саналаа нууцаар өгч, дугтуйнд хийж битүүмжлэн үлдээж болно.
47.15.Энэ хуулийн 47.14-т зааснаар урьдчилан санал өгөх тохиолдол бүрт хэсгийн хорооны нэг намын бус төлөөлөлтэй хоёроос доошгүй гишүүн байлцах ба энэ тухай тэмдэглэл үйлдэж, түүнд байлцсан хэсгийн хорооны гишүүн бүр гарын үсэг зурна.
47.16.Хэсгийн хороо сонгогчийн битүүмжлэн үлдээсэн саналын нууцыг чандлан хадгална.
47.17.Энэ хуулийн 47.10, 47.14-т заасан сонгогчийн саналыг авахад энэ хуулийн 47.1-47.5, 47.7, 47.8-д заасан журмыг баримтална.
47.18.Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын захиргаа чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор заавал хангах үүрэгтэй.
47.19.Энэ хуулийн 47.5, 47.8, 47.12, 47.13, 47.15, 47.16-д заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг 200000-250000 төгрөгөөр, гишүүнийг 150000-200000 төгрөгөөр, 47.6-д заасныг зөрчсөн этгээдийг 100000-150000 төгрөгөөр, 47.18-д заасныг зөрчсөн албан тушаалтныг 200000-250000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 500000-700000 төгрөгөөр торгоно.
48 дугаар зүйл.Санал тоолох
48.1.Санал тоолох ажиллагааг 22 цагт эхэлж, ил тод, нээлттэй явуулна.
48.2.Санал тоолоход ажиглагч, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгчид байлцаж болно.
48.3.Санал тоолох бэлтгэл хангагдмагц хэсгийн хорооны дарга санал тоолох ажиллагаа явагдахыг зарлах ба хэсгийн хороо уг ажиллагааг дараахь журмаар явуулна:
48.3.1.санал өгсөн нийт сонгогчийн тоо санал авахад зарцуулсан саналын хуудасны тоотой тохирч байгаа эсэхийг тулган шалгаж, эцсийн тооцоо гаргах;
48.3.2.санал авахад зарцуулагдалгүй үлдсэн болон буруу тэмдэглэл хийснээс хураагдсан саналын хуудсыг тус тусад нь тоолж, баруун дээд өнцгийг нь хайчлан, энэ тухай тэмдэглэл хөтөлж, боож битүүмжлэх;
48.3.3.энэ хуулийн 48.3.1, 48.3.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний дараа саналын хайрцгийг нээж, саналыг тоолох;
48.3.4.санал тоолж дууссаны дараа санал хураалтын дүнг хэсгийн хэмжээгээр гаргах.
48.4.Хэсгийн хороо санал хураалтын дүнг дараахь үзүүлэлтээр гаргана:
48.4.1.сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн тухайн хэсгийн нийт сонгогчийн тоо;
48.4.2.санал өгсөн нийт сонгогчийн тоо, үүнээс зөөврийн битүүмжилсэн хайрцгаар болон урьдчилан санал өгсөн сонгогчийн тоо;
48.4.3.саналын хайрцгаас гарсан хүчинтэй болон хүчингүй саналын хуудасны тоо;
48.4.4.нэр дэвшигч бүрийн төлөө өгсөн саналын тоо, хувь.
48.5.Санал авахад зарцуулсан болон зарцуулагдалгүй үлдсэн саналын хуудасны нийлбэр нь тухайн хэсгийн хороо анх хүлээн авсан нийт саналын хуудасны тооноос зөрвөл хэсгийн хороо шалтгааныг шалгаж тогтоох бөгөөд зайлшгүй шаардлага гарвал саналын хуудсыг дахин тоолно.
48.6.Санал тоолох үед энэ хуулийн 48.5-д заасан зөрүү гарвал энэ тухай тэмдэглэл үйлдэж, санал тоолох ажилд оролцогчдоор гарын үсэг зуруулна.
48.7.Санал авахад зарцуулсан саналын хуудасны тоог саналын хайрцагнаас гарсан болон энэ хуулийн 48.3.2-т заасны дагуу хураагдсан саналын хуудасны нийлбэрээр тооцож гаргана.
48.8.Санал тоолох цаг болоогүй байхад саналын хайрцаг нээх, санал тооллогыг завсарлахыг хориглоно.
48.9.Саналын хуудсанд огт тэмдэглэл хийгээгүй, эсхүл бүх нэр дэвшигчийн нэрийг дарсан саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцож, хэнийг ч дэмжээгүй санал гэж үзнэ.
48.10.Хэсгийн хороо хуралдаанаараа санал тоолсон дүнг хэлэлцэн шийдвэр гаргаж, уншин сонсгосны дараа салбар хороонд, салбар хороогүй бол тойргийн хороонд нэн даруй хүргүүлнэ.
48.11.Энэ хуулийн 48.1-48.9-д заасан санал тоолох журам зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг 200000-250000 төгрөгөөр, гишүүнийг 150000-200000 төгрөгөөр торгож, гаргасан зөрчил нь ноцтой бол хорооны бүрэлдэхүүнээс хасна.
49 дүгээр зүйл.Саналын хуудсыг хүчингүйд тооцох
49.1.Дор дурдсан тохиолдолд саналын хуудсыг хүчингүйд тооцно:
49.1.1.баталсан загварын бус хуудсаар санал өгсөн;
49.1.2.тухайн хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн даргын гарын үсэггүй, хорооны тэмдэггүй саналын хуудсаар санал өгсөн;
49.1.3.тухайн тойрогт ногдох мандатын тооноос илүү нэр дэвшигчийн төлөө санал өгсөн, түүнчлэн энэ хуульд зааснаас өөр тэмдэглэл хийснээс аль нэр дэвшигчид санал өгснийг тодорхойлох боломжгүй болсон;
49.1.4.нэр дэвшигчийн нэрийн өмнө тавьсан дугаарыг засварласнаас аль нэр дэвшигчид санал өгснийг тодорхойлох боломжгүй болсон.
50 дугаар зүйл.Тойрогт санал хураалтын дүн гаргах, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдогчийг бүртгэх
50.1.Тойргийн хороо нь салбар болон хэсгийн хороодоос ирүүлсэн санал хураалтын дүнг энэ хуулийн 48.4-т заасан үзүүлэлтээр нэгтгэж, тухайн тойргийн санал хураалтын эцсийн дүнг гаргана.
50.2.Санал хураалтын дүнг саналын хүчинтэй хуудсаар гаргана.
50.3.Тойргийн хороо нэр дэвшигчдийг авсан саналын нь тоогоор дараалалд оруулах бөгөөд хамгийн олон, гэхдээ сонгогчдын 25, түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно.
50.4.Сонгогчдын 25, түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигчгүй тойргийн дүнг тусад нь гаргана.
50.5.Тойргийн хороо Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдогчдыг бүртгэж, түр үнэмлэх олгоно.
50.6.Тойргийн хороо санал хураалтын дүнг гурав хоногийн дотор гарган хуралдаанаараа хэлэлцэж, Сонгуулийн ерөнхий хороонд хоёр хоногийн дотор мэдээлнэ.
50.7.Санал хураалтын дүнгийн талаар маргаан гарвал санал хураалт явуулсан өдрөөс хойш тойргийн хороо 14 хоногийн дотор эцэслэн шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн/
51 дүгээр зүйл.Сонгуулийн нэгдсэн дүн гаргах,
мэдээлэх
51.1.Сонгуулийн ерөнхий хороо тойргийн хорооны шийдвэрийг үндэслэн сонгуулийн нэгдсэн дүнг тойрог, нэр дэвшигч, нам, эвсэл бүрээр тооцож гаргана.
51.2.Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслийн авсан суудлын тоо, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтыг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган нийтэд мэдээлнэ.
АРАВДУГААР БYЛЭГ
Санал хураалт болон сонгуулийг хүчингүйд тооцох,
дахин санал хураах, дахин сонгууль явуулах,
Улсын Их Хурлын гишүүнийг нөхөн сонгох
52 дугаар зүйл.Хэсэгт явуулсан санал хураалтыг хүчингүйд тооцох, дахин санал хураах
52.1.Тойргийн хороо дор дурдсан тохиолдолд хэсэгт явуулсан санал хураалтыг хүчингүйд тооцно:
52.1.1.байгалийн гамшиг тохиолдсон, гоц халдварт өвчин гарсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаангүй байхад урьд нь зарласнаас өөр байранд, түүнчлэн шилжсэн сонгогчдын саналыг битүүмжилж авснаас бусад тохиолдолд санал хураахаар зарласнаас өөр өдөр санал авсан;
52.1.2.санал хурааж эхэлснээс хойш саналын хайрцгийг алдсан, үрэгдүүлсэн, эсхүл хуульд заасан цагаас өмнө түүнийг нээсэн;
52.1.3.сонгуулийн хорооны гишүүн буюу сонгогчид хүч хэрэглэн дарамт үзүүлсэн аливаа үйлдэл нь сонгогчийн санал, санал хураалтын дүнг гажуудуулахад хүргэсэн;
52.1.4.сонгуулийн хороодын гишүүн, бусад байгууллагын албан тушаалтан энэ хуулийн 20, 22, 23, 45, 47, 48 дугаар зүйлд заасан сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, сонгогч шилжих, сонгогчийн үнэмлэх олгох, санал авах ажиллагааг зохион байгуулах, сонгогч санал өгөх, санал тоолох журмыг зөрчсөн нь тойргийн сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр байвал.
/Энэ заалтад 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
52.2.Санал хураалтыг хүчингүйд тооцвол энэ тухай шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор дахин санал хураалт явуулна.
52.3.Дахин санал хураах шийдвэрийг тойргийн хороо гаргах бөгөөд уг шийдвэрт санал авах байр, өдрийг заах ба түүнийг ажлын өдөр явуулж болно.
52.4.Санал хураалтыг хэсгийн хэмжээгээр хүчингүйд тооцсон бол тухайн хэсгийн нийт сонгогч, зөөврийн битүүмжилсэн хайрцгаар хураасан саналыг хүчингүйд тооцсон бол уг хайрцагт саналаа өгсөн сонгогчдыг дахин санал хураалтад оролцуулна.
52.5.Дахин санал хураах ажиллагааг дуустал сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно.
52.6.Энэ хуулийн 52.5-д заасныг зөрчсөн ухуулагч, шадар туслагч, дэмжигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтныг 150000-200000 төгрөгөөр, албан тушаалтныг 200000-250000 төгрөгөөр, нам, эвсэл, бусад байгууллагыг 700000-900000 төгрөгөөр торгоно.
53 дугаар зүйл.Тойрогт явуулсан сонгуулийг хүчингүйд тооцох, дахин сонгууль явуулах
53.1.Сонгуулийн ерөнхий хороо дор дурдсан тохиолдолд тойрогт явуулсан сонгуулийг хүчингүйд тооцно:
53.1.1.тухайн тойрогт нэр дэвшигчид сонгогчдын 25, түүнээс дээш хувийн санал аваагүй;
53.1.2.тойргийн нийт сонгогчийн 50 хувь нь санал хураалтад оролцоогүй;
53.1.3.энэ хуулийн 52 дугаар зүйлд заасны дагуу хэсэгт явуулсан дахин санал хураалт хүчингүй болсон бөгөөд тэр нь тойргийн сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр байвал.
53.2.Тойрогт дахин сонгууль явуулах тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргана.
53.3.Дахин сонгуулийг тухайн тойрогт явуулсан сонгуулийг хүчингүйд тооцсон шийдвэр гарснаас хойш 25 хоногийн дотор явуулна.
53.4.Шаардлагатай бол тойргийн болон хэсгийн хороог шинэчлэн байгуулах, түүнчлэн Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх зэрэг уг сонгуулийг бэлтгэн явуулах ажилд энэ хуулийн 54 дүгээр зүйлийн холбогдох заалтыг баримтална.
54 дүгээр зүйл.Улсын Их Хурлын гишүүнийг нөхөн сонгох
54.1.Улсын Их Хурлын гишүүн нас барсан, түүнчлэн өөр ажилд шилжих, эрүүл мэндийн байдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүсэлтээрээ чөлөөлөгдсөн, эсхүл түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татсан бол нөхөн сонгууль явуулна.
54.2.Энэ хуулийн 54.1-д заасан шалтгаанаар Улсын Их Хурлын гишүүн орон гарсан бол ийнхүү орон гарснаас хойш 30 хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороо нөхөн сонгууль явуулах талаархи саналыг Улсын Их Хуралд ирүүлэх бөгөөд Улсын Их Хурал уг саналыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор нөхөн сонгуулийг товлон зарлах асуудлыг шийдвэрлэж, ийнхүү шийдвэр гаргаснаас хойш 90 хоногийн дотор сонгууль явуулж дууссан байхаар тогтооно.
/Энэ хэсгийг 2009 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
54.3.Нөхөн сонгуулийг товлон зарлах өдөр нь чуулганы чөлөө цагт тохиовол Улсын Их Хурал ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 14 хоногийн дотор уг асуудлыг шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 2009 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
54.4.Нөхөн сонгууль явуулахад энэ хуулийн холбогдох заалтыг баримтлан дор дурдсан хугацаанд зохион байгуулна:
54.4.1.хэсгийг санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө, тойргийн хороог 20-иос доошгүй хоногийн өмнө, салбар болон хэсгийн хороог 15-аас доошгүй хоногийн өмнө тус тус байгуулах;
/Энэ заалтылг 2009 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
54.4.2.нөхөн сонгуульд оролцох, нам, эвслийг тухайн сонгууль зарласнаас хойш 5 хоногийн дотор бүртгэх;
/Энэ заалтыг 2009 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/
54.4.3.нэр дэвшүүлэх ажлыг нөхөн сонгууль зарласнаас хойш 5 хоногийн дараа эхэлж, 5 хоногийн хугацаанд дуусгах;
/Энэ заалтын дугаарыг 2009 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчилсөн/
54.4.4.энэ хуулийн 54.4.3-т заасан хугацаанаас хойш 5 хоногийн хугацаанд нэр дэвшигчийг бүртгэх;
/Энэ заалтын дугаарыг 2009 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчилсөн/
54.4.5.сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ хуулийн 20.1-20.3-т заасан журмын дагуу үйлдэж, санал авах өдрөөс 12 хоногийн өмнө хэсгийн хороонд өгөх;
/Энэ заалтад 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтын дугаарыг 2009 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчилсөн/
54.4.6.хэсгийн хороо энэ хуулийн 20.4-т заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтыг шалган нэгтгэж, санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө сонгогчид танилцах бололцоогоор хангах.
/Энэ заалтад 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтын дугаарыг 2009 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчилсөн/
54.4.7.нөхөн сонгууль эхлүүлэхээр товлон зарласан өдрөөс хойш 30 хоногийн дотор санал хураалт явуулна.
/Энэ заалтыг 2009 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/
54.5.Нөхөн сонгогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа нь орон гарсан гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.
54.6.Орон гарсан гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн бол нөхөн сонгууль явуулахгүй.
АРВАН НЭГДYГЭЭР БYЛЭГ
Бусад асуудал
55 дугаар зүйл. Сонгуулийн хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх эрүүгийн хариуцлага
55.1.Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй бол гэм буруутай этгээдэд Эрүүгийн хуульд10 заасан хариуцлага хүлээлгэнэ.
55.2.Энэ хуульд заасан зөрчил гаргаж, захиргааны хариуцлага хүлээсэн нь уг этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
56 дугаар зүйл.Сонгуулийн хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх бусад хариуцлага
56.1.Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад эд хөрөнгийн болон бусад хохирол учирсан бол гэм буруутай этгээдэд Иргэний хууль болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
57 дугаар зүйл.Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн маргааныг шийдвэрлэх харьяалал
57.1.Энэ хуульд сонгуулийн хороод харьяалан шийдвэрлэхээр заасан зөрчил гарсан бол гомдлыг холбогдох сонгуулийн хороонд гаргана.
57.2. Энэ хуульд заасан захиргааны шийтгэлийг сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн шүүгч ногдуулах ба түүнд давж заалдсан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу сум буюу сум дундын, дүүргийн шүүх хянан шийдвэрлэнэ.
57.3.Энэ хуулийн холбогдох заалтыг зөрчсөн этгээдэд Эрүүгийн болон Иргэний хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байвал асуудлыг Эрүүгийн байцаан шийтгэх хууль11 болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам, харьяаллын дагуу шийдвэрлэнэ.
57.4.Энэ хуульд заасан зөрчил гаргасан сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг түүний бүрэлдэхүүнээс гаргах асуудлыг тухайн шатны сонгуулийн хороо бүрэлдэхүүнээрээ хэлэлцэж шийдвэрлэнэ.
57.5.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 26.3-т заасны дагуу нам, эвслийг бүртгэхээс татгалзсан асуудлаар гарсан маргааныг 14 хоногийн дотор, тойрогт явуулсан сонгуулийг хүчингүйд тооцох асуудлаар гарсан маргааныг санал хураалт явуулсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, 30.10-т заасны дагуу нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан, тойргийн хороо 30.17, 30.18, 37.18, 40.7, 41.9-д заасны дагуу нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах, түүнчлэн санал хураалтыг хүчингүйд тооцох асуудлаар гарсан маргааныг санал хураалт явуулсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тус тус эцэслэн шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
57.6.Сонгуулийн ерөнхий хороо нь холбогдох хяналт шалгалтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн энэ хуулийн 40.7, 41.9, 42.8-д заасан хөрөнгийг улсын орлого болгох тухай болон энэ хуульд заасан захиргааны шийтгэл ногдуулах тухай нэхэмжлэлийг сум буюу сум дундын, дүүргийн шүүхэд гаргах бөгөөд шүүх уг асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хянан шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 2006 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсэгт 2010 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
58 дугаар зүйл.Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах
58.1.Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах буюу түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
1 Монгол Улсын Yндсэн хууль -“Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дїгээрт нийтлэгдсэн.
2 Тєрийн болон орон нутгийн ємчийн тухай хууль -“Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 1996 оны 11 дїгээрт нийтлэгдсэн.
3 Иргэний хууль -“Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн
4 Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хууль -“Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 8 дугаарт нийтлэгдсэн
5 Цагдаагийн байгууллагын тухай хууль -“Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 1993 оны 8 дугаарт
нийтлэгдсэн.
6 Прокурорын байгууллагын тухай хууль -“Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 29 дугаарт
нийтлэгдсэн.
7 Шїїхийн тухай хууль -“Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 29 дугаарт нийтлэгдсэн.
8 Тєрийн албаны тухай хууль -“Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 28 дугаарт нийтлэгдсэн.
9 Улс тєрийн намын тухай хууль -“Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 2005 оны 7 дугаарт нийтлэгдсэн.
10 Эрїїгийн хууль “Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 5 дугаарт нийтлэгдсэн.
11 Эрїїгийн байцаан шийтгэх хууль -“Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 6 дугаарт нийтлэгдсэн.