Дүрэм батлах тухай №06


МОНГОЛ УЛС

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ

ТОГТООЛ

 


2012 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 06          

Улаанбаатар хот   

 

   

Дүрэм батлах тухай



              Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 12 дугаар зүйл, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос ТОГТООХ нь:


1. “Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн дүрэм”-ийг хавсралтаар баталсугай.

             

 


                    ДАРГА                               


Н.ЛУВСАНЖАВ

                    НАРИЙН БИЧГИЙН ДАРГА


Ч.СОДНОМЦЭРЭН  



 

 


 

---оОо--

 

 

 

 

 

                                                                      Сонгуулийн ерөнхий хорооны

                                                                   2012 оны  01 дүгээр сарын 26-ны өдрийн

                                                                        06 дугаар тогтоолын хавсралт

 

 

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ДЭРГЭДЭХ

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТӨВИЙН ДҮРЭМ

 


Нэг. Нийтлэг үндэслэл


1.1. Мэдээллийн технологийн төв нь сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд ашиглах бэлтгэлийг хангах, сонгуулийн явцад уг системийн хэвийн ажиллагааг хангаж, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх, технологийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх байгууллага мөн.


1.2. Мэдээллийн технологийн төвийн зохион байгуулалтын бүтэц, орон тоо, үйл ажиллагааны төсвийг Сонгуулийн ерөнхий хороо батална. Мэдээллийн технологийн төв нь үйл ажиллагааныхаа тодорхой чиглэлийг хариуцсан бүтцийн нэгжтэй байж болно.


1.3. Мэдээллийн технологийн төв нь энэхүү дүрэмд заасан чиг үүргийг хэрэгжүүлж үйл ажиллагаандаа Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Ард нийтийн санал асуулгын тухай хууль, Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн акт, Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг удирдлага болгон ажиллана.


1.4. Мэдээллийн технологийн төв нь тогтоосон журмын дагуу үйлдсэн албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга, тэмдэг хэрэглэж Төрийн санд төсвийн данстай байна.

 


Хоёр. Мэдээллийн технологийн төвийн бүрэн эрх


2.1. Мэдээллийн технологийн төв нь дараахь үүргийг гүйцэтгэнэ: 

2.1.1. Сонгуулийн автоматжуулсан системийг тухайн сонгуульд ашиглах техник, технологийн шийдлийг Сонгуулийн ерөнхий хорооны захиалгын дагуу боловсруулж, уг системийг ашиглах техник-зохион байгуулалт, арга зүй, технологийн нэгдсэн удирдлагаар хангаж, системийн хэвийн үйл ажиллагааг хариуцах;


2.1.2. Сонгуулийн тойргийн хорооны мэдээллийн технологийн баг, хэсгийн хорооны мэдээллийн технологийн даамлын үйл ажиллагааг зохион байгуулалт, арга зүйн удирдлагаар хангах;


2.1.3. Сонгуулийн автоматжуулсан систем мэдээллийн бусад системтэй харилцан ажиллах технологийн асуудлыг шийдвэрлэх;


2.1.4. Сонгуулийн автоматжуулсан систем дэх мэдээллийн аюулгүй байдлыг хариуцан хангах;


2.1.5. Сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгслийг ашиглах мэргэжлийн хүнийг сонгон сургалт явуулж ашиглах эрхийн гэрчилгээ олгох;


2.1.6. Сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгслийг хариуцан ажиллуулах;


2.1.7. Сонгуулийн автоматжуулсан системийн программ хангамжийг боловсруулах ажлыг зохион байгуулан оролцож, энэ ажлын чанарт бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт тавих;


2.1.8. Сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг шалган турших ажлыг зохион байгуулж, хэвийн ажиллагааг нь хангах, шаардлагатай техникийн үйлчилгээг хийх;


2.1.9. Сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгслийг ашиглан санал хураалтын дүнг гаргахад чиг үүргийнхээ дагуу оролцох;   


2.1.10. Сонгуулийн автоматжуулсан системээс лавлагаа, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгөх мэдээлэл, материалыг бэлтгэх;


2.1.11. Сонгуулийн автоматжуулсан системийн талаар сонгуулийн хороодын гишүүдэд мэдлэг олгох сургалт зохион байгуулах;


2.1.12. Сонгуулийн автоматжуулсан техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бүртгэл, тооцоог хөтөлж, хадгалалтыг хариуцах ;


2.1.13. Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж,  техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж баталгаажуулах ажлыг зохион байгуулж, гэрчилгээжүүлэхэд чиг үүргийнхээ дагуу оролцох;


2.1.14. Сонгуулийн ерөнхий хорооны цахим хуудас, мэдээллийн дотоод сүлжээний хэвийн ажиллагааг хариуцах;


2.1.15. Хууль тогтоомж, дүрэм, журамд заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх, Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх.


2.2. Мэдээллийн технологийн төв дараахь эрх эдэлнэ:


2.2.1. Сонгуулийн автоматжуулсан системд ашиглагдаж байгаа техник хэрэгсэл, бусад хөрөнгийг хууль тогтоомжийн дагуу эзэмших, ашиглах, бүрэн эрхийнхээ хүрээнд захиран зарцуулах;


2.2.2. Бүрэн эрхийнхээ хүрээнд гэрээ, хэлцэл байгуулах;


2.2.3. Бүрэн эрхийнхээ хүрээнд техник технологи, зохион байгуулалт, арга зүйн шинжтэй заавар батлан мөрдүүлэх;


2.2.4. Автоматжуулах хэрэгслийн иж бүрдэлд орсон техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, зарим хэсгийг солих, өөрчлөх асуудлыг Сонгуулийн ерөнхий хороотой зөвшилцөн шийдвэрлэх;


2.2.5. Сонгуулийн хороодод ажиллаж буй мэдээллийн технологийн баг, даамал, бусад ажилтанд сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах асуудлаар үүрэг даалгавар өгөх, бүрэн эрхийнхээ хүрээнд шаардлага тавих, үйл ажиллагааг нь шалган зааварлах;


2.2.6. Сонгуулийн автоматжуулсан системийг боловсронгуй болгох төсөл, хөтөлбөрийг боловсруулж Сонгуулийн ерөнхий хороонд санал оруулах;


2.2.7. Хууль тогтоомжид заасан бусад эрх.



Гурав. Мэдээллийн технологийн төвийн удирдлага


3.1. Мэдээллийн технологийн төвийн үйл ажиллагааг төвийн захирал удирдаж, Сонгуулийн ерөнхий хорооны өмнө хариуцна.


3.2. Мэдээллийн технологийн төвийн захирал дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:


3.2.1. Төвийн төсвийн менежерийн бүрэн эрхийг хэрэгжүүлж, түүний өдөр тутмын ажлыг удирдан зохион байгуулах;


3.2.2. Төвийн ажилтнуудыг томилж, тэдгээртэй хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, дүгнэх;


3.2.3. Төвийн хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлэх;


3.2.4. Төвийн ажилтнуудыг шагнаж урамшуулах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх;


3.2.5. Төвийн үйл ажиллагааны дотоод хяналтыг хариуцах;


3.2.6. Төвийн үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар Сонгуулийн ерөнхий хороонд санал оруулах;


3.2.7. Төвийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг жил бүр Сонгуулийн ерөнхий хороонд хэлэлцүүлж батлуулах;


3.2.8. Хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлэх.


3.3. Сонгуулийн ерөнхий хороо нь Мэдээллийн технологийн төвийн үйл ажиллагаанд болон холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина.