Хөдөлмөрийн дотоод журам
Журам батлах тухай
Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Сонгуулийн Ерөнхий Хорооны Ажлын албаны хөдөлмөрийн дотоод журмыг 1 дүгээр хавсралтаар, Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн хөдөлмөрийн дотоод журмыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Эдгээр журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын албаны дарга /Д.Баяндүүрэн/, Мэдээллийн технологийн төвийн захирал /Ж.Эрдэнэбат/ нарт тус тус даалгасугай.
3. Энэ журам батлагдсантай холбогдуулан Сонгуулийн Ерөнхий Хорооны даргын 2007 оны 03 дугаар захирамж, Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын 2012 оны 14 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Ч.СОДНОМЦЭРЭН
Сонгуулийн Ерөнхий Хорооны даргын
2014 оны ..... дугаар сарын .....-ны өдрийн
........ дугаар захирамжийн 1 дүгээр хавсралт
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ
АЖЛЫН АЛБАНЫ ХӨДӨЛМӨРИЙН
ДОТООД ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Сонгуулийн Ерөнхий Хороо (цаашид “Хороо” гэх)-ны Ажлын албаны хөдөлмөрийн дотоод журмын зорилго нь хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, ажлаас халах, тэдний хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, урамшуулах, мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, нийгмийн баталгааг хангах, ажил төлөвлөх, тайлагнах, үнэлэх, мэдээлэх, түүнчлэн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах, иргэдтэй харилцах, хөдөлмөрийн дэг ёс тогтоох, сахихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Ажлын алба нь үйл ажиллагаандаа Сонгуулийн төв байгууллагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, энэ журам болон тэдгээртэй нийцүүлэн баталсан бусад дүрэм, журмыг мөрдөж ажиллана.
1.3. Ажлын алба нь Хороо бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд туслахүндсэн чиг үүргийг гүйцэтгэнэ.
Хоёр. Албан хаагчдын эрх, үүрэг
2.1. Ажлын албаны даргын эрх, үүрэг:
2.1.1. Хорооноос баталсан зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн чиг үүргийг оновчтой тодорхойлж хэрэгжүүлэх, Ажлын албаны төсвийн шууд захирагчийн хувьд Хорооны даргатай үр дүнгийн гэрээ байгуулж, гүйцэтгэлийг дүгнүүлэх;
2.1.2. Ажлын албаны эрхэм зорилго, үйл ажиллагааны хэтийн зорилтыг үндэслэн албан хаагчидтай байгуулах үр дүнгийн гэрээний үндэслэлийг гаргах, Ажлын албыг өдөр тутмын удирдлагаар хангах;
2.1.3. Батлагдсан төсөв, орон тооны дээд хязгаартаа багтаан Ажлын албаны төсвийн хөрөнгийг тогтоосон журмын дагуу захиран зарцуулах;
2.1.4. Ажилтны хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, тэдгээрийг албан үүргээ биелүүлэх нөхцөл, бололцоо (албан өрөө, албаны телефон утас, бичгийн хэрэгсэл, компьютер, шаардлагатай бусад төхөөрөмж, техник хэрэгсэл)-гоор хангах;
2.1.5. Төрийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг үндэслэн цалин хөлс, ажлын үр дүнг харгалзан шагнал, урамшил, холбогдох нэмэгдлийг олгох, шаардлагатай зардлыг Хорооны санхүүгийн жилийн төсөвт тусгах;
2.1.6. Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах, соёл, урлаг, спорт, аялал жуулчлалын арга хэмжээнд ажилтнуудыг оролцуулах ажлыг зохион байгуулж, шаардлагатай зардлыг Хорооны санхүүгийн жилийн төсөвт тусгах;
2.1.7. Ажилтны мэдлэг, мэргэжил, мэргэшлийг дээшлүүлэх, давтан сургах, гадаад, дотоодын сургалтад хамруулахад шаардагдах зардлыг Хорооны санхүүгийн жилийнтөсөвт тусгах;
2.1.8. Ажилтнуудын цалин хөлсний хэмжээг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу тогтоох, ээлжийн амралтыг батлагдсан хуваарийн дагуу биеэр эдлүүлэх;
2.1.9. Ажилтнаас сургалтанд хамрагдах, мэргэжил дээшлүүлэх, ахуй амьдралын талаар тавьсан санал хүсэлтийг судлан үзэж шаардлагатай тохиолдолд материаллаг болон бусад дэмжлэг туслалцаа үзүүлэх, шаардагдах зардлыг Хорооны санхүүгийн жилийн төсөвт тусгах;
2.1.10. Ажилтанд байгууллагаас үзүүлэх тусламж дэмжлэг, хөнгөлөлт зэрэгт шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг Хорооны санхүүгийн жилийн төсөвт тусгаж хэрэгжүүлэх;
2.1.11. Хөдөлмөрийн сахилгыг чанд сахиулж, ажилтнуудыг жигд ачаалалтай ажиллуулан ажлын цаг ашиглалтыг сайжруулах арга хэмжээ авах;
2.1.12. Энэ журам болон бусад хууль тогтоомж зөрчсөн, зөрчил гаргасан ажилтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх;
2.1.13. Ажилтны санал, хүсэлт, гомдол, маргааныг хүлээн авч, холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан шийдвэрлэх;
2.1.14. Хорооны даргын эрх олгосноор дотоод, гадаадын байгууллага, албан тушаалтантай харилцах, тэдгээрээс ирүүлсэн албан бичигт хариу өгөх.
2.2. Хэлтсийн даргын эрх, үүрэг:
2.2.1. Ажлын албаны хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, түүний ажлын үр дүнг Ажлын албаны даргын өмнө хариуцах;
2.2.2. Хорооны удирдлагыг мэргэшлийн зөвлөгөө, мэдээллээр хангах;
2.2.3. Ажлын албаны даргын эрх олгосноор хэлтсийн ажилтантай үр дүнгийн гэрээ байгуулж, түүний биелэлтийг хангуулах;
2.2.4. Хэлтсийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөг боловсруулан Ажлын албаны даргаар батлуулж, хэлтсийн жилийн ажлын тайланг гаргах;
2.2.5. Хэлтсийн ажилтны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг холбогдох журмын дагуу үнэлж, саналын хамт Ажлын албаны даргад танилцуулж шийдвэрлүүлэх;
2.2.6. Хэлтсийн ажилтнуудын боловсруулсан баримт бичгийн төслийг хянаж, Хорооны удирдлагад танилцуулах.
2.3. Ажлын албаны албан хаагчдын нийтлэгэрх, үүрэг:
2.3.1. Албан хаагч нь үйл ажиллагаандаа төрийн албаны зарчим, шаардлага, төрийн албан хаагчийн ёс зүйг баримтлан ажиллах;
2.3.2. Ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг шуурхай чанартай гүйцэтгэж, биелэлтийг хугацаанд нь эргэн танилцуулах;
2.3.3. Эрхэлсэн ажилдаа идэвхи санаачлага гаргаж, мэргэжил, мэдлэг, мэргэшил, ажлын ур чадвараа байнга дээшлүүлж, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах;
2.3.4. Төрийн албаны болон албан хэрэг, бичиг баримтын нууцыг чанд хадгалах, бичиг баримтыг холбогдох стандартын дагуу боловсруулах;
2.3.5. Эзэмшиж буй эд хөрөнгө, техник хэрэгслийг ариг гамтай ашиглаж, өрөө тасалгаа, ажлын байраа эмх цэгцтэй, цэвэр байлгах, хөдөлмөр хамгааллын шаардлага хангаж ажиллах;
2.3.6. Ажилдаа согтуу ирэх, ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглэх, ажлын байранд танхайрах, хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөөн хатгах, айлган сүрдүүлэх, доромжлох, ажлын цагаар тоглох, сэлгүүцэх, зөвшөөрөлгүй өөр байгууллагад ажиллахгүй байх;
2.3.7. Ажлын байрны ариун цэвэр, галын аюулаас урьдчилан сэргийлэх зааврыг чанд сахих;
2.3.8. Хөдөлмөрийн зохих нөхцөл, ажлын техник хэрэгслээр хангуулах;
2.3.9. Ажлаа үнэлүүлэх, шагнал, урамшил авах, тэтгэмж, тусламж хүртэх, нийгмийн баталгаагаар хангуулах;
2.3.10. Гадаад, дотоодод урт болон богино хугацааны сургалтанд хамрагдах;
2.3.11. Эрхэлж байгаа ажлынхаа талаар санал санаачилга гаргах;
2.3.12. Ажлын шаардлагаар амралтын өдөр ажиллах ажилтан Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргаас зөвшөөрөл авч, Засгийн газрын XI байрны хамгаалалтын алба болон Төрийн тусгай хамгаалалтын албанд мэдэгдсэний үндсэн дээр ажиллах.
Гурав. Ажилтныг албан тушаалд томилох, албантушаалаас
чөлөөлөх, түр чөлөөлөх, халах
3.1. Ажлын албаны ажилтныг албан тушаалд томилох:
3.1.1. Ажлын албаны төрийн захиргааны албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу тухайн ажлын байранд тавигдах шаардлагад нийцүүлэн мэдлэг, боловсрол, мэргэжил, туршлага, мэргэшлийн ур чадвараар нь сонгон шалгаруулсан иргэнийг Ажлын албаны даргын тушаалаар томилж, ажиллуулна;
3.1.2. Төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллах иргэнийг Ажлын албаны даргын тушаалаар томилж, чөлөөлнө. Төрийн үйлчилгээний ажилтанд ажлын байр, гүйцэтгэх ажил, үүрэг, албан тушаалын жишиг цалингийн хэмжээ зэрэг хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг танилцуулж хөдөлмөрийн гэрээг хугацаатай, эсвэл хугацаагүйгээр байгуулж, гарын үсэг зурна. Захиргаа, санхүүгийн хэлтэс нь хөдөлмөрийн гэрээний нэг хувийг ажилтанд өгнө. Хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөл өөрчлөгдөх тохиолдолд ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Захиргаа, санхүүгийн хэлтэс ажилд томилсон тухай тушаалыг үндэслэн тухайн ажилтанд ажлын үнэмлэх олгоно;
3.1.3. Иргэнийг төрийн албан тушаалд томилох болон ажилд авахад дараах бичиг баримт бүрдүүлж авна. Үүнд:
3.1.3.1. Төрийн албан хаагчийн анкет;
3.1.3.2. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлэг (төрийн үйлчилгээний албан тушаалд томилоход хамаарахгүй);
3.1.3.3. Мэргэжлийн үнэмлэх, дипломын нотариатаар гэрчлүүлсэн хувь;
3.1.3.4. Иргэний үнэмлэх;
3.1.3.5. Төрийн албаны шалгалтад тэнцсэн болон Төрийн албаны тангараг өргөсөн тухай баримт (төрийн үйлчилгээний албан тушаалд томилоход хамаарахгүй);
3.1.3.6. Хувийн өргөдөл;
3.1.3.7. Гурван үеийн намтар;
3.1.3.8. Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр;
3.1.3.9. Урьд ажиллаж байсан албан байгууллагын тодорхойлолт;
3.1.3.10. 3 хувь цээж зураг.
3.1.4. Холбогдох хэлтсийн дарга шинээр томилогдсон ажилтанд ажлын байр (албан тушаал)-ын тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журам, төрийн албан хаагчийн (ажилтны) эрх, үүрэг, үр дүнгийн гэрээний журам, албан тушаалын цалингийн сүлжээ ба нэмэгдэл хөлс, шагнал урамшил, ажиллах нөхцөл, баталгаа зэргийг тайлбарлан танилцуулах ажлыг зохион байгуулна;
3.1.5. Ажилд томилогдсон өдрөөс хойш 5 хоногийн дотор ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, санхүү хариуцсан ажилтан бичилт хийн хадгалж, хувийн хэрэг хөтөлнө. Мөн төрийн жинхэнэ албан хаагч нь ажилд томилогдсонөдрөөс хойш 30 хоногийн дотор Хувийн ашиг сонирхолын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг Хорооны эрх бүхий албан тушаалтанд гаргаж өгнө;
3.1.6. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон албан хаагчийн ажлын ур чадвар, мэргэшлийн түвшин, туршилтын хугацаанд гүйцэтгэсэн ажлын үр дүн зэргийг харгалзан Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргүүлэх эсэх асуудлыг Хорооны даргын дэргэдэх зөвлөлөөрхэлэлцэн шийдвэрлэнэ. Тангараг өргүүлэх ажлыг Захиргаа, санхүүгийн хэлтэс зохион байгуулна.
3.2. Ажилтныг албан тушаалаас нь бууруулах, төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах:
3.2.1. Ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтболон үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон ажилтны албан тушаалыг захиргааны санаачилгаар бууруулж болно;
3.2.2. Биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон, гурван сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон, цэргийн жинхэнэ алба хаах болсон ажилтныг захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлнө;
3.2.3. Улс төрийн албан тушаалд сонгогдсон буюу томилогдон ажиллах болсон, эсвэл төрийн үйлчилгээний буюу төслийн ажилд шилжин ажиллах болсон ажилтныг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө;
3.2.4. Тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан ажилтныг төрийн албанаас чөлөөлнө. Ажилтан тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсвэл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртлэх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй;
3.2.5. Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа (2 ба түүнээс дээш) албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, архидан согтуурахтай тэмцэх хууль тогтоомжийг зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3-аас дээш өдөр ажил тасалсан, гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээр тогтоогдсон, Монгол Улсын харъяатаас гарсан ажилтныг төрийн албанаас хална.
3.3. Ажилтныг албан тушаал бууруулах, ажлаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах асуудлыг тухайн хэлтсийн дарга, Хорооны даргын дэргэдэх зөвлөлийн саналыг тус тус үндэслэн Ажлын албаны дарга тушаал гарган шийдвэрлэнэ.
3.4. Төрийн үйлчилгээний албаны ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 38, 39, 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх буюу хална. Ажлын албаны дарга нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас чөлөөлөх, халах тухай шийдвэрт заана. Ажлаас чөлөөлсөн болон халсан шалтгаан, үндэслэлийг тушаалд тодорхой тэмдэглэсэн байна.
3.5. Ажлаас чөлөөлөгдөх, халагдах буюу өөрчлөгдөж буй ажилтан нь хариуцан гүйцэтгэж байсан албан хэргийн холбогдох материал, баримт бичгийг тухайн хэлтсийн даргыг байлцуулан ажил авах хүнд, хэрвээ ажил авах хүн томилогдоогүй тохиолдолд тэмдэглэл үйлдэж зөвхөн тухайн хэлтсийн даргад, тавилга, төхөөрөмж, техник хэрэгсэл зэрэг эд зүйлсийг няравт, ажлын үнэмлэх, түлхүүр, лацны тэмдэг зэрэг зүйлсийг Захиргаа, санхүүгийн хэлтсийн холбогдох ажилтанд тус тус хүлээлгэж өгнө.
3.6. Захиргаа, санхүүгийн хэлтэс нь ажлаас чөлөөлөгдөж, халагдаж байгаа ажилтны тойрох хуудсыг бөглүүлж, санхүүгийн эцсийн тооцоо хийсний дараа түүнд ажлаас чөлөөлсөн тухай болон хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн ба эрүүл мэндийн даатгалын дэвтрийг хүлээлгэн өгч, хуульд заасан тохиолдолд ажлаас чөлөөлөгдсөн, халагдсаны тэтгэмжийг бодож олгоно.
Дөрөв. Ажлын албаны ажлыг төлөвлөх, үнэлэх, тайлагнах, мэдээлэх
4.1. Хорооны төсвийн ерөнхийлөн захирагчтай Ажлын албаны төсвийн шууд захирагч үр дүнгийн гэрээг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан байгуулж, түүний биелэлтийг зохион байгуулна. Ажлын албаны нэгжийн менежер /хэлтсийн дарга/-үүд төсвийн шууд захирагчтай, Ажлын албаны төрийн захиргааны албан хаагчид нэгжийн менежер /хэлтсийн дарга/-үүдтэй үр дүнгийн гэрээ байгуулж, түүний биелэлтэд Хорооны төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагч, нэгжийн менежерүүд хяналт тавьж, гэрээг жилийн эцэст дүгнэж байна.
4.2. Ажлын албаны дарга нь Ажлын албаны жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг Хорооны даргаар батлуулна. Захиргаа, санхүүгийн хэлтэс нь Ажлын албаны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн явцад хяналт тавьж ажиллах бөгөөд хэлтэс бүр хагас, бүтэн жилд гүйцэтгэсэн ажлын тайлан гаргаж, тус хэлтэст өгнө. Тус хэлтэс нь Ажлын албаны сар бүр гүйцэтгэсэн ажлын товч тайлан, түүнчлэн ажлын албаны үйл ажиллагааны хагас, бүтэн жилийн тайланг нэгтгэн гаргаж, Хорооны удирдлагад танилцуулж байна. Захиргаа, санхүүгийн хэлтэс нь Ажлын албаны жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтэд дүгнэлт гаргаж Хорооны удирдлагад танилцуулна.
4.3. Хэлтсийн жилийн ажлын төлөвлөгөөг Ажлын албаны даргаар батлуулна. Хэлтэс жилийн ажлын төлөвлөгөөг боловсруулахдаа холбогдох хэлтсийн ажилтай уялдуулан зохицуулж боловсруулж болно.
4.4. Ажлын албаны төсвийг боловсруулах, батлуулах, захиран зарцуулах, тайлагнах ажлыг дараах байдлаар зохицуулна:
4.4.1. Ажлын албаны төсвийг хэлтсүүдийн саналыг үндэслэн Захиргаа, санхүүгийн хэлтэс боловсруулж, төслийг Ажлын албаны дарга, Хорооны Нарийн бичгийн даргад танилцуулан тохиролцсоны дараа Төсвийн ерөнхийлөн захирагчийн санал авч, Сангийн яаманд тавьж шийдвэрлүүлнэ;
4.4.2. Захиргаа, санхүүгийн хэлтэс нь хэлтсүүдийн бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайланг улирал, хагас, бүтэн жилээр гаргаж, Ажлын албаны даргадтанилцуулна.
4.5. Хорооны мэдээллийг нийтэд түгээх:
4.5.1.Хорооны албан ёсны хэвлэмэл мэдээллийг Хорооны дарга, Нарийн бичгийн дарга, Ажлын албаны даргаар хянуулан холбогдох байгууллагад хүргүүлэх буюу хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд түгээх ажлыг хэвлэлийн ажилтан эрхлэн гүйцэтгэнэ;
4.5.2. Хорооны дарга, Нарийн бичгийн дарга, Ажлын албаны даргын зөвшөөрснөөс бусад тохиолдолд Хорооны бодлого, үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар ажилтнууд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр албан ёсоор ярилцлага өгөх, сонин хэвлэлд нийтлэл бичихийг хориглоно. Ажилтан Хорооны үйл ажиллагааны талаар хувийн үзэл бодлоо илэрхийлсэн нийтлэл бичих буюу хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгөх, хурал, зөвлөгөөн, уулзалт, семинарт оролцож үг хэлэх, лекц уншихдаа өөрийнхөө нэрээр хаяглах буюу Хорооны албан ёсны байр суурийг илэрхийлээгүй гэсэн тайлбар хийж байна;
4.5.3. Хорооны үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг дотоод, гадаадын хэрэглэгч нарт зориулан цахим хуудсаар дамжуулан нийтэд түгээж байна.
Тав. Ажил, амралтын цагийн горим
5.1. Ажилтнуудын долоо хоногийн ажлын нийт цагийн хэмжээ 40 цаг байна. Ажлын өдрийн үргэлжлэл 8 цаг байна. Ажлын цаг өглөө 08:00 цагт эхэлж, орой 17:00 цагт дуусна. Үдийн завсарлага 12:00 цагаас 13:00 цагийн хооронд байна.
5.2. Ажилтан бүр ажилдаа ирэх, ажлаас явахдаа цагаа бүртгүүлж байна. Ажлын цагаар гадуур гарах шаардлагатай бол хэлтсийн дарга, Ажлын албаны даргад, ажилтнууд өөрийн харъяалах хэлтсийн даргад мэдэгдэж зөвшөөрөл авна.
5.3. Ажлын цагийн ашиглалтад хэлтсийн дарга нар хяналт тавьж ажиллана. Цаг бүртгэгч ажилтнуудын тухайн сард ажилласан цагийн бүртгэлийг гаргаж, холбогдох хэлтсийн даргад танилцуулан санхүүд өгч, цалин хөлсийг бодуулна. Хүндэтгэх шалтгаангүйгээр ажлаас хожимдсон, ажил тасалсан цагт ногдох цалин хөлсийг цагийн бүртгэлийг үндэслэн тухайн ажилтны цалингаас суутгана.
5.4. Ажилтанд өөрийнх нь бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн чөлөө олгож болно. Ажилтан чөлөө хүссэн өргөдлөө харъяалах хэлтсийн даргад танилцуулж, Захиргаа, санхүүгийн хэлтэст өгч бүртгүүлнэ. Нэг хүртэлх өдрийн чөлөөг чөлөөний хуудсаар хэлтсийн дарга, ажлын 5 хүртэлх өдрийн чөлөөг чөлөөний хуудсаар Ажлын албаны дарга, ажлын 6 ба түүнээс дээш өдрийн чөлөөг Ажлын албаны дарга тушаалаар олгоно. Ээлжийн амралтаа эдлээгүй ажилтны нэг буюу түүнээс дээш өдрийн чөлөөг түүний ээлжийн амралтын хугацаанд оруулан тооцож болно.
5.5. Дор дурьдсан тохиолдолд цалинтай чөлөө олгоно:
5.5.1. Ажилтны гэр бүлд гачигдал тохиолдсон, ажилтан болон түүний нөхөр /эхнэр/, хүүхэд, төрүүлсэн болон хадам эцэг, ах, эгч, дүү шууд асрамжинд нь байдаг хүн хүндээр өвчлөх, нас барах;
5.5.2. Ажилтан гэрлэх, хүүхэд төрөх, үрчлэх;
5.5.3. Ажилтан болон түүний хүүхэд хурим хийх;
5.5.4. Хүндэтгэн үзэх бусад шалтгаан.
5.6. Их, дээд сургуульд суралцаж байгаа ажилтан чөлөө авах хүсэлт гаргасан бол байгууллага нь ажлын боломж нөхцөлийг харгалзан 3 сар хүртэлх хугацаагаар цалинтай чөлөө олгож болно.
5.7. Ажилтан удирдлагаас олгосон чөлөө болон ээлжийн амралтын хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол ажил тасалсанд тооцно.
5.8. Захиргаа, санхүүгийн хэлтэс ажилтнуудын ээлжийн амралтын хуваарийг хэлтсүүдээс ирүүлсэн саналыг үндэслэн боловсруулж Ажлын албаны даргад танилцуулан Хорооны даргын захирамжаар батлуулж, мөрдүүлнэ. Ээлжийн амралтын хугацааг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу тогтооно. Ажилтнуудын ажилласан нийт хугацааг тодорхойлсоны үндсэн дээр ажилтан бүрийн нэмэгдэл амралтын хугацааг жил бүр шинэчлэн тогтоож байна. Захиргаа, санхүүгийн хэлтэс нь ээлжийн амралт олгох мэдэгдлийг санхүүгийн ажилтанд хүргүүлж ээлжийн амралтын мөнгөн олговрыг бодуулж байна. Ажилтныг ажлаас халах тохиолдолд түүнтэй ээлжийн амралтын тооцоог заавал хийж байна.
5.9. Ажлын зайлшгүй шаардлагаар амралтын өдөр болон илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулна. Хэрэв нөхөн амруулах боломжгүй бол цагийн бүртгэл, Ажлын албаны даргын шийдвэрийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу нэмэгдэл хөлс олгоно.
5.10. Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд хуульд заасны дагуу мөнгөн урамшил олгож болно.
Зургаа. Цалин хөлс, шагнал, урамшил, тэтгэмж, тусламж,
нөхөх төлбөр олгох, бусад нийгмийн баталгаа
6.1. Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон Засгийн газрын тогтоол, шийдвэрийг үндэслэн ажилтнуудын цалин хөлсийг Ажлын албаны даргын тушаалаар тогтоож, сард 1-2 удаа товлосон өдөрт олгоно.
6.2. Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил, үүргийг давхар гүйцэтгэсэн тохиолдолд үндсэн (албан тушаалын) цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс, урамшил олгож болно.
6.3. Ажилтантай байгуулсан үр дүнгийн гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэж, мөнгөн урамшил олгоно:
6.3.1. Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин, төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг үнэлж, хангалттай сайн ажилласан ажилтныг урамшуулах арга хэмжээ авна;
6.3.2. Хэлтсийн дарга ажилтан бүрийн үр дүнгийн гэрээг түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинтэй холбон оноогоор дүгнэж, саналын хамт нэгдсэн дүнг Ажлын албаны даргад өгнө;
6.3.3. Хэлтсийн дарга, ажилтан бүрийн жилийн үйл ажиллагааны үр дүнгээр олгох мөнгөн урамшлын хувь хэмжээг Ажлын албаны даргын тушаалаар тогтоож олгоно;
6.3.4. Ажлын албаны даргад мөнгөн урамшил олгох асуудлыг Хорооны дарга шийдвэрлэнэ.
6.4. Албан ажилдаа идэвх зүтгэлтэй ажиллаж, хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан ажилтныг дараах хэлбэрээр шагнаж урамшуулна. Үүнд:
6.4.1. Эд зүйл болон үнэ бүхий зүйл дурсгах, мөнгөн шагналаар шагнах;
6.4.2. Хорооны шагналд тодорхойлох;
6.4.3. Засгийн газар ба Төрийн дээд байгууллагад шагнуулахаар тодорхойлох;
6.4.4. Онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлсэн бол нэг удаа мөнгөн шагналаар шагнаж болно;
6.4.5. Олон жил үр бүтээлтэй ажиллаж, 50, 60 насны ой нь тохиож буй ажилтанд 300.000 хүртэл төгрөгийн урамшил олгож болно.
6.5. Ажилтныг шагнаж урамшуулахдаа шууд харъяалах хэлтсийн даргын саналыг үндэслэн Хорооны даргын захирамж, Ажлын албаны даргын тушаал гаргаж, энэ тухай нийт ажилтанд мэдэгдэнэ.
6.6. Ажилтанд Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын шийдвэрийг үндэслэн дараах тэтгэмж, тусламж, нөхөн төлбөр олгоно:
6.6.1. Тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн төрийн захиргааны ажилтанд 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохдоо Засгийн газраас баталсан журмыг баримтална;
6.6.2. Ажилтан 1 сараас дээш хугацаагаар өвчилсөн, өөрөө болон гэр бүлийн гишүүн нь гадаад оронд эмчлүүлэх шаардлагатай болсон, гал түймэр, гэнэтийн болон байгалийн гамшгийн улмаас гэр орон нь сүйдсэн зэрэг тохиолдолд мөнгөн болон эд материалын тусламж үзүүлнэ;
6.6.3. Ажилтны гэр бүл (эхнэр, нөхөр) өвчний улмаас хөдөлмөрийн чадваргүй болох, ажилтны гэр бүлийн нэг гишүүнд ногдох орлого амьдралын баталгаажих доод түвшинд хүрэхгүй байгаа бол нэг сарын цалинтай тэнцэх мөнгөн тусламж олгож болно;
6.6.4. Ажилтны гэр бүлийн гишүүн нас барвал нэг сарын цалин, тусдаа амьдардаг өвөө, эмээ, эцэг, эх, хадам эцэг, эх, ах, эгч, дүү нас барсан тохиолдолд нэг удаа 300.000 төгрөгийн тусламж олгоно;
6.6.5. Хорооны орон тооны бус гишүүн, гишүүн байсан болон Хорооноос тэтгэвэрт гарсан хүн нас барвал 300.000 төгрөг, гишүүний эцэг, эх, эхнэр, нөхөр, хүүхэд, өндөр настны гэр бүлийн гишүүд нас барсан тохиолдолд 200.000 төгрөгийн нэг удаагийн тусламж олгоно;
6.6.6. Ажилтан Төрийн албаны тухай хуулийн 30.3-т зааснаас өөр шалтгаанаар нас барсан тохиолдолд (өвчнөөр, зуурдаар гэх мэт) түүний нэг жилийн албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь олгоно;
6.6.7. Ажилтан ээлжийн амралтаараа өөрийн буюу эхнэр /нөхөр/-ийн төрсөн нутаг явах бол ирэх, очих замын зардлыг, эсвэл магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр дотоодын сувилалд ирэх, очих замын зардлыг Төрийн албаны тухай хуулийн 30.4-т заасны дагуу 2 жилд нэг удаа олгоно;
6.6.8. Билгийн улирлын хаврын Тэргүүн сар-Цагаан сарын шинийн нэгэн болон Ахмадын өдрийг тохиолдуулан байгууллага нь ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлнэ;
6.6.9. Ажилтанд Төрийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан болон бусад хууль тогтоомжид заасан нөхөх төлбөрийг олгоно;
6.6.10. Ажилтанд гачигдал болон тэмдэглэлт үйл явдал тохиосон тохиолдолд тусламж, дэмжлэг үзүүлэх зорилгоор ажилтнууд дундын сан байгуулж болно.
6.7. Ажлын албаны ажилтан нь дараах нийгмийн баталгаагаар хангагдана:
6.7.1. Ажилтныг орон сууцаар хангах, орон сууцны нөхцөлөө сайжруулах, Засгийн газрын хөтөлбөр, зээлд хамруулах зэрэгт дэмжлэг үзүүлнэ. Орон сууцны дэмжлэгийн санхүүжилтийг холбогдох хууль тогтоомжид заасан эх үүсвэрээс гаргах асуудлыг Хорооны дарга Ажлын албаны саналыг үндэслэн шийдвэрлэнэ;
6.7.2. Эмчилгээний төлбөрийн хуульд заасан хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлын нь 60-аас доошгүй хувийг олгох саналыг Хорооноос эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх арга хэмжээ авна;
6.7.3. Хоол, нийтийн тээврийн унааны зардлыг тухайн жилийн инфляцийн түвшинтэй уялдуулан Ажлын албаны даргын тушаалаар жил бүр шинэчлэн тогтоож олгох ба шаардлагатай тохиолдолд түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлт үзүүлж болно;
6.7.4. Төрийн албаны зөвлөл болон холбогдох байгууллагуудтай хүний нөөцийн хөгжлийн асуудлаар хамтран ажиллах, Олон улсын байгууллага, гадаад орнуудаас хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр тусламж, дэмжлэг авах, Олон улсын байгууллага болон гадаад орнуудад төрийн албан хаагчдыг томилон ажиллуулах, сургаж хөгжүүлэх асуудлаар Ажлын алба нь холбогдох байгууллагатай хамтран ажиллах бөгөөд дараах баталгаагаар хангагдана:
6.7.4.1. Хороо, түүний Ажлын алба гадаад арга хэмжээний шугамаар давтан болон мэргэжил дээшлүүлэх сургалт, семинар, уулзалт бусад арга хэмжээнд 3 сар хүртэл хугацаагаар хамрагдсан тохиолдолд ажилтныг ажилласнаар тооцож, цалин хөлсийг бүтнээр олгоно. Энэ хугацаанд хоол, унааны хөнгөлөлт олгохгүй;
6.7.4.2. Шинээр сургууль төгсч ирсэн буюу урт хугацааны сургалтад хамрагдсан ажилтныг нэг жил ажилласны дараа урт хугацааны сургалтанд хамруулж болно.
Долоо. Дотоод ажлын хяналт, дэг журам
7.1. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, Байнгын хороодын хуралдаан болон бусад хурал, хэлэлцүүлэгт оролцох ажилтныг Хорооны удирдлага томилох бөгөөд томилогдсон ажилтан нь хуралдааныг хүндэтгэх шалтгаангүйгээр таслах, хоцорч очих явдлыг хориглоно.
7.2. Ажлын албаны ажилтан албан үүргээ мэргэжлийн өндөр түвшинд чин шударгаар гүйцэтгэж, ёс зүй, зан харилцааны өндөр соёлтой, албаны болон хувийн нууцыг чанд хадгалж ажиллана.
7.3. Ажлын албаны ажилтнууд албан үүргээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Засгийн газар болон эрх бүхий байгууллагаас баталсан төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг чанд мөрдөж ажиллана.
7.4. Ажлын албаны ажилтан нь төрийн албаны ажил, үүргийн шаардлагад нийцүүлж, албаны байдлаар цэвэр хувцаслана. Ажилтан ажлын байранд албаны бус, этгээд, содон хэв маяг, загвараар хувцаслахыг хориглоно. Сонгуулийн Ерөнхий Хорооны албан хаагчид нь дүрэмт хувцастай байж болно. Дүрэмт хувцасны загварыг ажилтнуудын саналыг үндэслэн Хорооны дарга батална.
7.5. Гадаад улсад зохиогдох хурал, зөвлөлгөөн, сургалт, семинар, уулзалтад оролцох, түүнийг зохион байгуулах талаар холбогдох байгууллагатай гадаад харилцаа хариуцсан ажилтан албан бичиг, захидлаар харилцана.
7.6. Хорооны нарийн бичгийн дарга, Ажлын албаны даргын гадаад, дотоод албан томилолтыг Хорооны дарга, бусад ажилтны албан томилолтыг Ажлын албаны дарга шийдвэрлэнэ. Удирдамжийг томилсон дарга батална.
7.7. Ажлын албаны ажилтныг төлөвлөгөөт болон цаг үеийн ажлаар албан томилолтоор ажиллуулах, үр дүнг тооцох асуудлыг Захиргаа, санхүүгийн хэлтэс хариуцан зохион байгуулна.
7.8. Орон нутагт томилолтоор ажиллах удирдамжийг Хорооны дарга, Нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга тус тус баталж болно. Батлагдсан удирдамжийг үндэслэн томилолтын хуудсыг Захиргаа, санхүүгийн хэлтэс олгоно.
7.9. Удирдамжид заасан ажлын биелэлтийг албан томилолтоос ирсний дараа 5 хоногт багтаан хэлтсийн дарга Ажлын албаны даргад, ажилтнууд хэлтсийн даргад тус тус танилцуулан ажлаа дүгнүүлж, албан томилолтын хуудсаа хаалгаж, зардлын тооцоог дуусгана.
7.10. Албан томилолтоор ажилласан тухай илтгэх хуудас, түүний мөрөөр авах арга хэмжээний төлөвлөгөөний нэг хувийг Захиргаа, санхүүгийн хэлтэст өгнө.
7.11. Гадаад болон дотоодод албан томилолтоор ажилласан ажилтан томилолтоос буцаж ирсэн өдрийн маргааш нь ажилдаа ирэх бөгөөд энэ журмыг зөрчвөл ажил тасалсанд тооцно.
7.12. Улаанбаатар хотын дотор явж ажиллах ажилтан дуудлагын автомашиныг Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын зөвшөөрлөөр хэрэглэнэ. Автомашин хэрэглэх захиалгыг нэгээс доошгүй өдрийн өмнө Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргад өгч, цагийг тохирсон байна. Яаралтай ажил гарсан тохиолдолд автомашинаар үйлчлэх ажлыг шуурхай зохицуулах арга хэмжээ авна. Автомашин хэрэглэсэн ажилтан замын хуудсанд цаг, явсан километрийг үнэн зөв бүртгэж, гарын үсэг зурж байна. Дуудлагын автомашины ашиглалтыг Захиргаа, санхүүгийн хэлтэс хянаж зохицуулна.
7.13. Хорооны факсын аппаратыг Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын өрөөнд байрлуулж, зөвхөн албаны гадаад, дотоод мэдээ, материал хүлээн авах, дамжуулахад ашиглах бөгөөд Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга ажилтнуудад зөвшөөрөл олгоно. Хорооны дарга болон удирдах ажилтны нэр дээр ирсэн албан факсыг албан бичгийн адил бүртгэнэ. Факсаар дамжуулсан мэдээ бүрт хяналт тавьж, бүртгэл хөтөлж, сарын эцэст холбооны нэхэмжлэлтэй тулгаж шалгана. Гадаад улс руу телефон утсаар ярих бол Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргаас зөвшөөрөл авах бөгөөд хувийн асуудлаар ярихыг хориглоно.
7.14. Хороонд гадны хүн нэвтрүүлэхэд дараах журмыг баримтлана:
7.14.1. Хорооны удирдлагууд иргэдийг хүлээн авч уулзах ажлыг 7 хоног бүрийн тодорхой нэг өдөр нэг удаа зохион байгуулж болно. Хорооны удирдлага хувийн хэргээр яваа иргэнийг Ажлын албаны даргын баталсан цагийн хуваарийн дагуу уулзалтын өрөөнд хүлээн авна. Хорооны удирдлагууд шаардлагатай гэж үзвэл албан ажлын өрөөндөө иргэдтэй уулзаж болно;
7.14.2. Ажилтнууд албаны хэргээр яваа хүмүүстэй харуулаас мэдэгдсэний дагуу уулзалтын буюу албан ажлын өрөөнд уулзана. Хэрэв хувийн хэргээр яваа бол зөвхөн уулзалтын өрөөнд уулзана;
7.14.3. Хорооны байранд болох хурал, семинарт оролцох, түүнчлэн баримт бичгийн төсөл дээр ажиллах, дадлага хийж байгаа хүний нэрийг холбогдох хэлтсийн дарга нар харуулд урьдчилан гаргаж өгнө;
7.14.4. Төрийн тусгай хамгаалалтын ажилтан Хороонд гаднаас нэвтрэх иргэний биеийн байцаалтыг шалгаж бүртгэн 08:30-11:30, 13:30-16:30 цагийн хооронд нэвтрүүлнэ.
7.15. Хорооны ажлын байранд дараахь зүйлийг хориглоно:
7.15.1. Захиргааны зөвшөөрөлгүйгээр ажлын байрнаас баримт бичиг, эд зүйл (эд хогшил, техник хэрэгсэл) гадагш гаргах;
7.15.2. Буу зэвсэг, хутга мэс, тэсэрч дэлбэрэх, шатамхай материал болон захиргааны зөвшөөрөлгүйгээр хяналтын техник, хэрэгсэл оруулах;
7.15.3. Овор хэмжээтэй хайрцаг, цүнх, бусад бараа, материал оруулах;
7.15.4. Ажлын байранд чанга ярих, дуу чимээ гаргах, танхайрах, хов, цуу үг тараах, согтууруулах ундаа хэрэглэх, тамхи татах;
7.15.5. Согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг нэвтрүүлэх;
7.15.6. Ажлын хувцастай болон хэт этгээд хувцасласан хүнийг нэвтрүүлэх.
Найм. Ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааг
зохион байгуулах
8.1. Хорооны гадаад, дотоод харилцаатай холбоотой ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг Захиргаа, санхүүгийн хэлтэс эрхлэн зохион байгуулна.
8.2. Хороонд гадаад, дотоодын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч, албан ёсны ажил хэргийн уулзалт зохион байгуулахад дараах журмыг баримтална:
8.2.1. Хорооны дарга, Нарийн бичгийн дарга, Ажлын албаны даргатай уулзалт зохион байгуулах тохиолдолд тухайн асуудал хариуцсан хэлтсийн дарга бэлтгэлийг хангуулж, ярианы сэдвийг урьдчилан танилцуулж, туслахаар дамжуулан цаг авна. Шаардлагатай тохиолдолд тухайн асуудал хариуцсан хэлтсийн дарга танилцуулга хийж, мэдээлэл өгч болно;
8.2.2. Ажлын уулзалт болох өрөө, бусад үйлчилгээг урьдчилан бэлтгэсэн байна;
8.2.3. Гадаад улс, Олон улсын байгууллагаас албаны шугамаар мэргэжилтэн, зочин, төлөөлөгч урих асуудлыг Хорооны дарга шийдвэрлэнэ. Хорооны удирдлага гадаад улсад албан ёсны болоод ажлын айлчлал хийх, гадаадаас өндөр хэмжээний зочин, төлөөлөгч хүлээн авах, уулзалт, хэлэлцээр хийх ажлыг тухайн жилийн гадаад арга хэмжээний төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлнэ;
8.2.4. Хорооны дарга гадаадын зочныг урьсан бол түүний эрх олгосон ажилтан нисэх онгоц, галт тэрэгний буудалд угтаж, үднэ;
8.2.5. Хороонд гадаадын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авах, албан ёсны уулзалт зохион байгуулах ажлыг Захиргаа, санхүүгийн хэлтэс, гадаад харилцаа хариуцсан ажилтан хариуцах бөгөөд Хорооны дарга, Нарийн бичгийн дарга, Ажлын албаны даргад уулзалтын сэдэв, тухайн асуудлын ач холбогдол, уулзах хүний талаарх товч мэдээллийг урьдчилан танилцуулсан байна;
8.2.6. Хорооны дарга, Нарийн бичгийн дарга, Ажлын албаны даргатай Монгол Улсад суугаа гадаадын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, Элчин сайд, Олон улсын байгууллагын төлөөлөгчид уулзах асуудлыг Захиргаа, санхүүгийн хэлтэс, гадаад харилцаа хариуцсан ажилтан хариуцаж ажиллана;
8.2.7. Хорооны дарга, Нарийн бичгийн дарга, Ажлын албаны даргатай хийсэн уулзалт, яриаг төрийн албан ёсны хэл дээр явуулж, тэмдэглэл хөтлөнө;
8.2.8. Хамтын ажиллагааны гэрээ, санамж бичигт гарын үсэг зурах асуудлыг зохицуулахдаа тухайн байгууллагын статус, гарын үсэг зурах хүний албан тушаал зэргийг урьдчилан мэдэж, Хороог төлөөлөх албан тушаалтны түвшинг тохируулах арга хэмжээ авсан байна;
8.2.9. Хорооны дарга, Нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга нар гадаад орны төлөөлөгчтэй хийх уулзалтад Захиргаа, санхүүгийн хэлтсээс томилогдсон албан ёсны хэлмэрчтэй байна;
8.2.10. Гадаад орны төр, засгийн өндөр хэмжээний төлөөлөгч, Элчин сайд, Олон улсын байгууллагын төлөөлөгчийн газрын тэргүүн нартай Хорооны удирдлагуудын ёслолын болон ганцаарчилсан уулзалт зохиох, хэлэлцээ хийх, баримт бичигт гарын үсэг зурах, хүндэтгэлийн зоог барих, хүлээн авалт зохион байгуулахад Төрийн ёслолын журмыг мөрдөж ажиллана.
8.3. Хорооны дарга, Нарийн бичгийн дарга, Ажлын албаны даргын гадаад оронд хийх айлчлалын бэлтгэлийг Захиргаа, санхүүгийн хэлтэс хариуцан зохион байгуулна:
8.3.1. Хорооны дарга албан ёсны болон ажлын айлчлал, бусад албан хэргээр гадаадад явах үед Хорооны Нарийн бичгийн дарга эсхүл Ажлын албаны дарга, Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга нар үдэж, угтана;
8.3.2. Хорооны Нарийн бичгийн дарга гадаадад айлчлах буюу ажлаар явах үед Ажлын албаны дарга эсхүл Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга, гадаад харилцаа хариуцсан ажилтан үдэж, угтана;
8.3.3. Ажлын албаны дарга гадаадад айлчлах буюу ажлаар явах үед Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга, гадаад харилцаа хариуцсан ажилтан үдэж, угтана.
8.4. Хороонд ёслолын арга хэмжээ зохион байгуулах ажилтан дараах үүрэг хүлээж, эрх эдэлнэ:
8.4.1. Хорооны удирдлагатай уулзах хүсэлтэй гадаадын зочин, төлөөлөгчийн уулзалтын зорилгыг танилцуулах ажлыг гадаад харилцааны асуудал хариуцсан ажилтан, тухайн асуудал хариуцсан хэлтсийн дарга, ажилтнуудтай хамтран зохион байгуулна;
8.4.2. Уулзалтад гадаад орон, Олон улсын байгууллагын асуудал хариуцсан ажилтан болон тухайн уулзалттай холбогдолтой хэлтсийн ажилтныг оролцуулан бэлтгэлийг хангуулна;
8.4.3.Гадаадын зочин хүлээн авах хөтөлбөрийг нарийвчлан боловсруулна;
8.4.4. Хороонд зохиох уулзалтыг зохицуулж, нарийвчилсан хуваарийг боловсруулж, Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргаар батлуулна;
8.4.5. Албан ёсны уулзалт, ярианы тэмдэглэлийг эцэслэн хянуулж, албажуулан Хорооны удирдлага болон уулзалтад оролцсон хүмүүст хүргүүлнэ. Уулзалт, ярианы тэмдэглэлийг нэгтгэн архивын нэгж болгон хадгална;
8.4.6. Хорооны удирдлагаас гадаадын зочинд зоог барих, аяллаар явуулах зэрэг арга хэмжээний урьдчилсан бэлтгэлийг хангаж ажиллана.
Ес. Хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлага
9.1. Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн, ажлын байранд болон ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэж яваа үедээ согтууруулах ундаа уусан, түүнчлэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр бүтэн нэг өдрөөс дээш хугацаагаар ажил тасалсан, ажлын цагийг хангалтгүй ашигласан тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг үндэслэн төрийн захиргааны ажилтанд дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:
9.1.1. сануулах;
9.1.2. албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;
9.1.3. төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах.
9.2. Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн, ажлын байранд болон ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэж яваа үедээ согтууруулах ундаа уусан, түүнчлэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр бүтэн нэг өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, ажлын цагийг хангалтгүй ашигласан төрийн үйлчилгээний ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дор дурдсан сахилгын шийтгэл ногдуулна:
9.2.1. сануулах;
9.2.2. үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;
9.2.3. ажлаас халах.
9.3. Сахилгын шийтгэлийг Хорооны даргын дэргэдэх зөвлөлийн саналыг үндэслэн Ажлын албаны даргын тушаалаар ногдуулж, өөрт нь болон нийт ажилтанд мэдээлнэ.
9.4. Сахилгын шийтгэл хүчинтэй байх (1 жил хүртэл) хугацаанд ажилтанд энэхүү журамд заасан шагнал, урамшил олгох, сургалтад хамруулахыг хориглоно.
9.5. Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас Хороонд эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ.
9.6. Дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад баримт бичгээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг эргүүлэн төлөөгүй, эд хариуцагч биш боловч эрхэлсэн ажилтай нь холбогдуулан хүлээлгэн өгсөн эд хогшил, техник хэрэгсэл, багаж, эд зүйлийг үрэгдүүлсэн бол түүний үнийг ажилтнаар нөхөн төлүүлнэ.
Сонгуулийн Ерөнхий Хорооны даргын
2014 оны ..... дугаар сарын .....-ны өдрийн
........ дугаар захирамжийн 2 дугаар хавсралт
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ДЭРГЭДЭХ
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТӨВИЙН
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Сонгуулийн Ерөнхий Хороо (цаашид “Хороо” гэх)-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төв /цаашид “Төв” гэх/-ийн хөдөлмөрийн дотоод журмын зорилго нь хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, ажилтныг албан тушаалд томилох, ажлаас халах, тэдний хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, урамшуулах, мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, нийгмийн баталгааг хангах, ажил төлөвлөх, тайлагнах, үнэлэх, мэдээлэх, хөдөлмөрийн дэг ёс тогтоох, сахихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Төв нь үйл ажиллагаандаа Сонгуулийн төв байгууллагын тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, энэ журам болон тэдгээртэй нийцүүлэн баталсан бусад дүрэм, журмыг мөрдөж ажиллана.
1.3. Төв нь Сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд ашиглах бэлтгэлийг хангах, сонгуулийн явцад уг системийн хэвийн үйл ажиллагааг хангаж, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх, технологийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийг гүйцэтгэнэ.
Хоёр. Төвийн захирал болон албан хаагчдын
эрх, үүрэг
2.1. Төвийн захирлын эрх, үүрэг:
2.1.1. Хорооноос баталсан зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн чиг үүргийг оновчтой тодорхойлж хэрэгжүүлэх, төсвийн шууд захирагчийн хувьд Хорооны даргатай үр дүнгийн гэрээ байгуулж, гүйцэтгэлийг дүгнүүлэх;
2.1.2. Төвийн эрхэм зорилго, үйл ажиллагааны хэтийн зорилтыг үндэслэн ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, Төвийг өдөр тутмын удирдлагаар хангах;
2.1.3. Батлагдсан төсөв, орон тооны дээд хязгаартаа багтаан Төвийн төсвийн хөрөнгийг тогтоосон журмын дагуу захиран зарцуулах;
2.1.4. Ажилтны хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, тэдгээрийг албан үүргээ биелүүлэх нөхцөл, бололцоо (албан өрөө, албаны телефон утас, бичгийн хэрэгсэл, компьютер, шаардлагатай бусад төхөөрөмж, техник хэрэгсэл)-гоор хангах;
2.1.5. Төрийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг үндэслэн цалин хөлс, ажлын үр дүнг харгалзан шагнал, урамшил, холбогдох нэмэгдлийг олгох, шаардлагатай зардлыг Хорооны санхүүгийн жилийн төсөвт тусгах;
2.1.6. Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах, соёл, урлаг, спорт, аялал жуулчлалын арга хэмжээнд ажилтнуудыг оролцуулах ажлыг зохион байгуулж, шаардлагатай зардлыг Хорооны санхүүгийн жилийн төсөвт тусгах;
2.1.7. Ажилтны мэдлэг, мэргэжил, мэргэшлийг дээшлүүлэх, давтан сургах, гадаад, дотоодын сургалтад хамруулахад шаардагдах зардлыг Хорооны санхүүгийн жилийн төсөвт тусгах;
2.1.8. Ажилтнуудын цалин хөлсний хэмжээг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу тогтоох, ээлжийн амралтыг батлагдсан хуваарийн дагуу биеэр эдлүүлэх;
2.1.9. Ажилтан сургалтанд хамрагдах, мэргэжил дээшлүүлэх, ахуй амьдралын талаар тавьсан санал хүсэлтийг судлан үзэж шаардлагатай тохиолдолд материаллаг болон бусад дэмжлэг туслалцаа үзүүлэх, шаардагдах зардлыг Хорооны санхүүгийн жилийн төсөвт тусгах;
2.1.10. Ажилтанд байгууллагаас үзүүлэх тусламж дэмжлэг, хөнгөлөлт зэрэгт шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг Хорооны санхүүгийн жилийн төсөвт тусгаж хэрэгжүүлэх;
2.1.11. Хөдөлмөрийн сахилгыг чанд сахиулж, ажилтнуудыг жигд ачаалалтай ажиллуулан ажлын цаг ашиглалтыг сайжруулах арга хэмжээ авах;
2.1.12. Энэ журам болон холбогдох бусад хууль тогтоомж зөрчсөн, зөрчил гаргасан ажилтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх;
2.1.13. Ажилтны санал, хүсэлт, гомдол, маргааныг хүлээн авч, холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан шийдвэрлэх;
2.1.14. Хорооны даргын эрх олгосноор дотоод, гадаадын байгууллага, албан тушаалтантай харилцах, тэдгээрээс ирүүлсэн албан бичигт хариу өгөх;
2.1.15. Сонгуулийн техник, хэрэгсэлийн хэвийн үйл ажиллагааг шалгаж, турших ажлыг тогтмол хугацаанд зохион байгуулж, шаардлагатай засвар үйлчилгээний зардлыг Хорооны санхүүгийн жилийн төсөвт тусгуулах.
2.2. Хэлтсийн даргын эрх, үүрэг:
2.2.1. Хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, түүний ажлын үр дүнг Төвийн захирлын өмнө хариуцах;
2.2.2. Хорооны удирдлагыг мэргэшлийн зөвлөгөө, мэдээллээр хангах;
2.2.3. Хэлтсийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөг боловсруулан Төвийн захирлаар батлуулж хэлтсийн жилийн ажлын тайланг гаргах;
2.2.4. Хэлтсийн ажилтнуудын боловсруулсан баримт бичгийн төслийг хянаж, Төвийн захиралд танилцуулах.
2.3. Төвийн ажилтнуудын нийтлэг эрх, үүрэг:
2.3.1. Ажилтнууд үйл ажиллагаандаа төрийн албаны зарчим, шаардлага, төрийн албан хаагчийн ёс зүйг баримтлан ажиллах;
2.3.2. Ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг шуурхай чанартай гүйцэтгэж, биелэлтийг хугацаанд нь эргэн танилцуулах;
2.3.3. Эрхэлсэн ажилдаа идэвх санаачилга гаргаж, мэргэжил, мэдлэг, мэргэшил, ажлын ур чадвараа байнга дээшлүүлж, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах;
2.3.4. Төрийн албаны болон албан хэрэг, бичиг баримтын нууцыг чанд хадгалах, бичиг баримтыг холбогдох стандартын дагуу боловсруулах;
2.3.5. Эзэмшиж буй эд хөрөнгө, техник хэрэгслийг ариг гамтай ашиглаж, өрөө тасалгаа, ажлын байраа эмх цэгцтэй, цэвэр байлгах, хөдөлмөр хамгааллын шаардлага хангаж ажиллах;
2.3.6. Ажилдаа согтуу ирэх, ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглэх, ажлын байранд танхайрах, хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөөн хатгах, айлган сүрдүүлэх, доромжлох, ажлын цагаар тоглох, сэлгүүцэх, зөвшөөрөлгүй өөр байгууллагад ажиллахгүй байх;
2.3.7. Ажлын байрны ариун цэвэр, галын аюулаас урьдчилан сэргийлэх зааврыг чанд сахих;
2.3.8. Хөдөлмөрийн зохих нөхцөл, ажлын техник хэрэгслээр хангуулах;
2.3.9. Ажлаа үнэлүүлэх, шагнал, урамшил авах, тэтгэмж, тусламж хүртэх, нийгмийн баталгаагаар хангуулах;
2.3.10. Гадаад, дотоодод урт болон богино хугацааны сургалтанд хамрагдах;
2.3.11. Эрхэлж байгаа ажлынхаа болон Хорооны ажлыг сайжруулах талаар санал гаргах, шүүмжлэх, шинэ санаа дэвшүүлэх;
2.3.12. Сонгуулийн техник, хэрэгсэлийн хэвийн үйл ажиллагааг шалгаж, турших ажлыг тогтмол хугацаанд зохион байгуулж, шаардлагатай засвар үйлчилгээг хийх;
2.3.13. Ажлын шаардлагаар амралтын өдөр ажиллах ажилтан дотоод асуудал хариуцсан ажилтнаас зөвшөөрөл авч, Засгийн газрын XI байрны хамгаалалтын алба болон Төрийн тусгай хамгаалалтын албанд мэдэгдсэний үндсэн дээр ажиллах.
Гурав. Ажилтныг ажилд томилох, ажлаас чөлөөлөх
3.1. Төвийн ажилтныг ажилд томилох:
3.1.1. Ажилтныг Төвийн захирлын тушаалаар томилж, чөлөөлнө. Төвд ажиллах ажилтанд ажлын байр, гүйцэтгэх ажил, үүрэг, албан тушаалын жишиг цалингийн хэмжээ зэрэг хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг танилцуулж хөдөлмөрийн гэрээг хугацаатай, эсвэл хугацаагүй байгуулж, гарын үсэг зурна. Хөдөлмөрийн гэрээний нэг хувийг ажилтанд өгнө. Хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөл өөрчлөгдөх тохиолдолд ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Ажилд томилсон тухай тушаалыг үндэслэн Төвийн ажилтанд ажлын үнэмлэх олгоно;
3.1.2. Иргэнийг ажилд авахад дараах бичиг баримт бүрдүүлэн авна. Үүнд:
3.1.2.1. Төрийн албан хаагчийн анкет;
3.1.2.2. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлэг /Шаардлагатай тохиолдолд/
3.1.2.3. Мэргэжлийн үнэмлэх, дипломын нотариатаар гэрчлүүлсэн хувь;
3.1.2.4. Иргэний үнэмлэх;
3.1.2.5. Хувийн өргөдөл;
3.1.2.6. Гурван үеийн намтар;
3.1.2.7. Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр;
3.1.2.8. Урьд ажиллаж байсан албан байгууллагын тодорхойлолт;
3.1.2.9. 3 хувь цээж зураг.
3.1.3. Холбогдох хэлтсийн дарга шинээр томилогдсон ажилтанд ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журам, ажилтны эрх, үүрэг, албан тушаалын цалингийн сүлжээ ба нэмэгдэл хөлс, шагнал урамшил, ажиллах нөхцөл, баталгаа зэргийг тайлбарлан танилцуулах ажлыг зохион байгуулна;
3.1.4. Ажилд томилогдсон өдрөөс хойш 5 хоногийн дотор ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, санхүү, үйлчилгээ хариуцсан ажилтан бичилт хийн хадгалж, хувийн хэрэг хөтөлнө.
3.2. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажилтныг ажлаас чөлөөлнө. Төвийн захирал нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай шийдвэрт заана. Ажлаас чөлөөлсөн шалтгаан, үндэслэлийг тушаалд тодорхой тэмдэглэсэн байна.
3.3. Ажлаас чөлөөлөгдөх буюу өөрчлөгдөж буй ажилтан нь хариуцан гүйцэтгэж байсан албан хэргийн холбогдох материал, баримт бичгийг тухайн хэлтсийн даргыг байлцуулан ажил авах хүнд, хэрвээ ажил авах хүн томилогдоогүй тохиолдолд тэмдэглэл үйлдэж зөвхөн тухайн хэлтсийн даргад, тавилга, төхөөрөмж, техник хэрэгсэл зэрэг эд зүйлсийг няравт, ажлын үнэмлэх, түлхүүр, лацны тэмдэг зэрэг зүйлсийг холбогдох ажилтанд тус тус хүлээлгэж өгнө.
3.4. Ажлаас чөлөөлөгдөж байгаа ажилтны тойрох хуудсыг бөглүүлж, санхүүгийн эцсийн тооцоо хийсний дараа түүнд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн ба эрүүл мэндийн даатгалын дэвтрийг хүлээлгэн өгч, хуульд заасан тохиолдолд ажлаас халагдсаны тэтгэмжийг олгоно.
Дөрөв. Төвийн ажлыг төлөвлөх, үнэлэх, тайлагнах, мэдээлэх
4.1. Хорооны төсвийн ерөнхийлөн захирагчтай Төвийн төсвийн шууд захирагч үр дүнгийн гэрээг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан байгуулж, түүний биелэлтийг зохион байгуулж, биелэлтийг жилийн эцэст дүгнүүлж байна.
4.2. Төвийн захирал нь Төвийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг Хорооны даргаар батлуулна. Захирал нь Төвийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн явцад хяналт тавьж ажиллах бөгөөд хэлтэс бүр хагас, бүтэн жилд гүйцэтгэсэн ажлын тайлан гаргаж захиралд өгнө. Захирал нь Төвийн сар бүр гүйцэтгэсэн ажлын товч тайлан болон үйл ажиллагааны хагас, бүтэн жилийн тайланг гаргаж Хорооны удирдлагад тухай бүр танилцуулна.
4.3. Хэлтсийн жилийн ажлын төлөвлөгөөг Төвийн захирлаар батлуулна.
4.4. Төвийн төсвийг боловсруулах, батлуулах, захиран зарцуулах, тайлагнах ажлыг дараах байдлаар зохицуулна:
4.4.1. Төвийн төсвийг хэлтсүүдийн саналыг үндэслэн боловсруулж, төслийг Хорооны Нарийн бичгийн дарга, Ажлын албаны даргад танилцуулан тохиролцсоны дараа Төсвийн ерөнхийлөн захирагчийн санал авч, Сангийн яаманд тавьж шийдвэрлүүлнэ;
4.4.2. Хэлтсүүд нь ажлын тайланг улирал, хагас, бүтэн жилээр гаргаж Төвийн захиралд танилцуулна.
4.4. Төвийн захирал болон ажилтнууд нь үйл ажиллагааныхаа талаар олон нийтэд мэдээлэл түгээхдээ энэ захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан Ажлын албаны хөдөлмөрийн дотоод журмын 4.5-д заасныг баримтлана.
Тав. Төвийн ажилтнуудын ажил амралтын цагийн горим
5.1. Ажилтнуудын долоо хоногийн ажлын нийт цагийн хэмжээ 40 цаг байна. Ажлын өдрийн үргэлжлэл 8 цаг байна. Ажлын цаг өглөө 08:00 цагт эхэлж, орой 17:00 цагт дуусна. Үдийн завсарлага 12:00 цагаас 13:00 цагийн хооронд байна.
5.2. Ажилтан бүр ажилдаа ирэх, ажлаас явахдаа цагаа бүртгүүлж байна. Ажлын цагаар гадуур гарах шаардлагатай бол хэлтсийн дарга Төвийн захиралд, ажилтнууд өөрийн харъяалах хэлтсийн даргад мэдэгдэж зөвшөөрөл авна.
5.3. Ажлын цагийн ашиглалтад хэлтсийн дарга нар хяналт тавьж ажиллана. Цаг бүртгэгч ажилтнуудын тухайн сард ажилласан цагийн бүртгэлийг гаргаж, холбогдох хэлтсийн даргад танилцуулан санхүүд өгч, цалин хөлсийг бодуулна. Хүндэтгэх шалтгаангүйгээр ажлаас хожимдсон, ажил тасалсан цагт ногдох цалин хөлсийг цагийн бүртгэлийг үндэслэн тухайн ажилтны цалингаас суутгана.
5.4. Ажилтанд өөрийнх нь бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн чөлөө олгож болно. Ажилтан чөлөө хүссэн өргөдлөө харъяалах хэлтсийн даргад танилцуулсан байна. Нэг хүртэлх өдрийн чөлөөг чөлөөний хуудсаар хэлтсийн дарга, ажлын 5 хүртэлх өдрийн чөлөөг чөлөөний хуудсаар Төвийн захирал, ажлын 6 ба түүнээс дээш өдрийн чөлөөг Төвийн захирал тушаалаар олгоно. Ээлжийн амралтаа эдлээгүй ажилтны нэг буюу түүнээс дээш өдрийн чөлөөг түүний ээлжийн амралтын хугацаанд оруулан тооцож болно.
5.5. Дор дурьдсан тохиолдолд цалинтай чөлөө олгоно:
5.5.1. Ажилтны гэр бүлд гачигдал тохиолдсон, ажилтан болон түүний нөхөр /эхнэр/, хүүхэд, төрүүлсэн болон хадам эцэг, ах, эгч, дүү шууд асрамжинд нь байдаг хүн хүндээр өвчлөх, нас барах;
5.5.2. Ажилтан гэрлэх, хүүхэд төрөх, үрчлэх;
5.5.3. Ажилтан болон түүний хүүхэд хурим хийх;
5.5.4. Хүндэтгэн үзэх бусад шалтгаан.
5.6. Их, дээд сургуульд суралцаж байгаа ажилтан чөлөө авах хүсэлт гаргасан бол байгууллага нь ажлын боломж нөхцөлийг харгалзан 3 сар хүртэлх хугацаагаар цалинтай чөлөө олгож болно.
5.7. Ажилтан удирдлагаас олгосон чөлөө болон ээлжийн амралтын хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол ажил тасалсанд тооцно.
5.8. Захирал нь ажилтнуудын ээлжийн амралтын хуваарийг хэлтсүүдээс ирүүлсэн саналыг үндэслэн боловсруулж, Хорооны даргын захирамжаар батлуулж, мөрдүүлнэ. Ээлжийн амралтын хугацааг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу тогтооно. Ажилтнуудын ажилласан нийт хугацааг тодорхойлсоны үндсэн дээр ажилтан бүрийн нэмэгдэл амралтын хугацааг жил бүр шинэчлэн тогтоож байна. Ээлжийн амралт олгох мэдэгдлийг санхүүгийн ажилтанд хүргүүлж ээлжийн амралтын мөнгөн олговрыг бодуулж байна. Ажилтныг ажлаас халах тохиолдолд түүнтэй ээлжийн амралтын тооцоог заавал хийж байна.
5.9. Ажлын зайлшгүй шаардлагаар амралтын өдөр болон илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулна. Хэрэв нөхөн амруулах боломжгүй бол цагийн бүртгэл, Төвийн захирлын шийдвэрийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу нэмэгдэл хөлс олгоно.
5.10. Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд хуульд заасны дагуу мөнгөн урамшил олгож болно.
Зургаа. Цалин хөлс, шагнал, урамшил, тэтгэмж, тусламж,
нөхөх төлбөр олгох, бусад нийгмийн баталгаа
6.1. Хөдөлмөрийн тухай хууль болон Засгийн газрын тогтоол, шийдвэрийг үндэслэн ажилтнуудын цалин хөлсийг Төвийн захирлын тушаалаар тогтоож, сард 1-2 удаа товлосон өдөрт олгоно.
6.2. Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил, үүргийг давхар гүйцэтгэсэн тохиолдолд үндсэн (албан тушаалын) цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс, урамшил олгож болно.
6.3. Төвийн ажилтнуудын ажлын үр дүнг дүгнэж, урамшил олгох асуудлыг Төвийн захирал шийдвэрлэж болно. Төвийн захирлын ажлыг дүгнэж, мөнгөн урамшил олгох асуудлыг Хорооны дарга шийдвэрлэнэ.
6.4. Албан ажилдаа идэвхи зүтгэлтэй ажиллаж, хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан ажилтныг дараах хэлбэрээр шагнаж урамшуулна. Үүнд:
6.4.1. Эд зүйл болон үнэ бүхий зүйл дурсгах, мөнгөн шагналаар шагнах;
6.4.2. Хорооны шагналд тодорхойлох;
6.4.3. Засгийн газар ба Төрийн дээд байгууллагад шагнуулахаар тодорхойлох;
6.4.4. Онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлсэн бол нэг удаа мөнгөн шагналаар шагнаж болно;
6.4.5. Олон жил үр бүтээлтэй ажиллаж, 50, 60 насны ой нь тохиож буй ажилтанд 300.000 хүртэл төгрөгийн урамшил олгож болно.
6.5. Ажилтныг шагнаж урамшуулахдаа шууд харъяалах хэлтсийн даргын саналыг үндэслэн Хорооны даргын захирамж, Төвийн захирлын тушаал гаргаж, энэ тухай нийт ажилтанд мэдээлнэ.
6.6. Ажилтанд Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын шийдвэрийг үндэслэн дараах тэтгэмж, тусламж, нөхөх төлбөр олгоно:
6.6.1. Ажилтан 1 сараас дээш хугацаагаар өвчилсөн, өөрөө болон гэр бүлийн гишүүн нь гадаад оронд эмчлүүлэх шаардлагатай болсон, гал түймэр, гэнэтийн болон байгалийн гамшгийн улмаас гэр орон нь сүйдсэн зэрэг тохиолдолд мөнгөн болон эд материалын тусламж үзүүлнэ;
6.6.2. Ажилтны гэр бүл (эхнэр, нөхөр) өвчний улмаас хөдөлмөрийн чадваргүй болох, ажилтны гэр бүлийн нэг гишүүнд ногдох орлого амьдралын баталгаажих доод түвшинд хүрэхгүй байгаа бол нэг сарын цалинтай тэнцэх мөнгөн тусламж олгож болно;
6.6.3. Ажилтны гэр бүлийн гишүүн нас барвал нэг сарын цалин, тусдаа амьдардаг өвөө, эмээ, эцэг, эх, хадам эцэг, эх, ах, эгч, дүү нас барсан тохиолдолд нэг удаа 300.000 төгрөгийн тусламж олгоно;
6.6.4. Ажилтан нь нас барсан тохиолдолд (өвчнөөр, зуурдаар гэх мэт) түүний нэг жилийн албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь олгоно;
6.6.5. Ажилтан ээлжийн амралтаараа өөрийн буюу эхнэр /нөхөр/-ийн төрсөн нутаг явах бол ирэх, очих замын зардлыг, эсвэл магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр дотоодын сувилалд ирэх, очих замын зардлыг Төрийн албаны тухай хуулийн 30.4-т заасны дагуу 2 жилд нэг удаа олгоно;
6.6.6. Билгийн улирлын хаврын Тэргүүн сар-Цагаан сарын шинийн нэгэн болон Ахмадын өдрийг тохиолдуулан байгууллага нь ахмад настанууддаа хүндэтгэл үзүүлнэ;
6.6.7. Ажилтанд Төрийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан болон хууль тогтоомжид заасан бусад нөхөн төлбөрийг олгоно;
6.6.8. Ажилтанд гачигдал болон тэмдэглэлт үйл явдал тохиосон тохиолдолд тусламж, дэмжлэг үзүүлэх зорилгоор ажилтнууд дундын сан байгуулж болно.
6.7. Төвийн ажилтан нь дараах нийгмийн баталгаагаар хангагдана:
6.7.1. Төвийн ажилтнуудыг орон сууцаар хангах, орон сууцны нөхцөлөө сайжруулах, Засгийн газрын хөтөлбөр, зээлд хамруулах болон ажилтны орон сууцны асуудлыг шийдвэрлэх зэрэгт дэмжлэг үзүүлнэ. Орон сууцны дэмжлэгийн санхүүжилтийг холбогдох хууль тогтоомжид заасан эх үүсвэрээс гаргах асуудлыг Хорооны дарга Төвийн захирлын саналыг үндэслэн шийдвэрлэнэ. Төвийн захирал нь орон сууцны дэмжлэгийн санхүүжилттэй холбогдсон асуудлыг Хорооны нарийн бичгийн дарга, Ажлын албаны даргад урьдчилан танилцуулж санал авсан байна;
6.7.2. Эмчилгээний төлбөрийн хуульд заасан хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг олгох саналыг Хорооноос эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх арга хэмжээ авна;
6.7.3. Хоол, нийтийн тээврийн унааны зардлыг тухайн жилийн инфляцийн түвшинтэй уялдуулан Төвийн захирлын тушаалаар жил бүр шинэчлэн тогтоож олгох ба шаардлагатай тохиолдолд түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлт үзүүлж болно;
6.7.4. Дотоодын байгууллагуудтай хүний нөөцийн хөгжлийн асуудлаар хамтран ажиллах, Олон улсын байгууллага, гадаад орнуудаас хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр тусламж, дэмжлэг авах, Олон улсын байгууллага болон гадаад орнуудад ажилтнуудыг томилон ажиллуулах, сургаж хөгжүүлэх асуудлаар Төв нь холбогдох байгууллагатай хамтран ажиллах бөгөөд дараах баталгаагаар хангагдана:
6.7.4.1. Гадаад арга хэмжээний шугамаар давтан болон мэргэжил дээшлүүлэх сургалт, семинар, уулзалт бусад арга хэмжээнд 3 сар хүртэл хугацаагаар хамрагдсан тохиолдолд ажилтныг ажилласнаар тооцож, цалин хөлсийг бүтнээр олгоно. Энэ хугацаанд хоол, унааны хөнгөлөлт олгохгүй;
6.7.4.2. Шинээр сургууль төгсч ирсэн буюу урт хугацааны сургалтад хамрагдсан ажилтныг нэг жил ажилласаны дараа урт хугацааны сургалтанд хамруулна.
Долоо. Дотоод ажлын хяналт, дэг журам
7.1. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, Байнгын хороодын хуралдаан болон бусад холбогдох хурал, хэлэлцүүлэгт оролцох ажилтныг Хорооны удирдлага томилох бөгөөд томилогдсон ажилтан нь хуралдааныг хүндэтгэх шалтгаангүйгээр таслах, хоцорч очихыг хориглоно.
7.2. Төвийн ажилтан нь албан үүргээ мэргэжлийн өндөр түвшинд чин шударгаар гүйцэтгэж, ёс зүй, зан харилцааны өндөр соёлтой, албаны болон хувийн нууцыг чанд хадгалж ажиллана.
7.3. Ажилтан нь албан үүргээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Засгийн газар болон эрх бүхий байгууллагаас баталсан төрийн албан хаагчийн ёс зүйг чанд мөрдөж ажиллана.
7.4. Ажилтан нь төрийн албаны ажил, үүргийн шаардлагад нийцүүлж, албаны байдлаар цэвэр хувцаслана. Ажилтан ажлын байранд албаны бус, этгээд, содон хэв маяг, загвараар хувцаслахыг хориглоно. Сонгуулийн Ерөнхий Хорооны албан хаагчид нь дүрэмт хувцастай байж болно. Дүрэмт хувцасны загварыг ажилтнуудын саналыг үндэслэн Хорооны дарга батална.
7.5. Төвийн ажилтнууд нь гадаад улсад зохиогдох хурал, зөвлөлгөөн, сургалт, семинар, уулзалтад оролцох, түүнийг зохион байгуулахдаа Ажлын албаны гадаад харилцаа хариуцсан ажилтнаар дамжуулан харилцана.
7.6. Төвийн захирлын албан томилолтыг Хорооны дарга, бусад ажилтны албан томилолтыг Төвийн захирал шийдвэрлэнэ. Удирдамжийг томилсон дарга, захирал батална.
7.7. Ажилтныг төлөвлөгөөт болон цаг үеийн ажлаар албан томилолтоор ажиллуулах, үр дүнг тооцох асуудлыг Төвийн захирал, Төвийн захирлын томилолтоор ажиллуулах, үр дүнг тооцох асуудлыг Хорооны дарга шийдвэрлэнэ.
7.8. Төвийн захирлыг орон нутагт томилолтоор ажиллах удирдамжийг Хорооны дарга батална. Ажилтнуудын орон нутагт томилолтоор ажиллах удирдамжийг Төвийн захирал батална.
7.9. Удирдамжид заасан ажлын тайланг албан томилолтоос ирсэний дараа ажлын 5 хоногт багтаан Төвийн захирал нь Хорооны даргад танилцуулна. Ажилтан нь Төвийн захиралд танилцуулан ажлаа дүгнүүлж, албан томилолтын хуудсаа хаалгаж, зардлын тооцоог дуусгана.
7.10. Албан томилолтоор ажилласан тухай тайлан, түүний мөрөөр авах арга хэмжээний төлөвлөгөөг удирдамжийг баталсан холбогдох албан тушаалтанд танилцуулна.
7.11. Гадаад болон дотоодод албан томилолтоор ажилласан ажилтан томилолтоос буцаж ирсэн өдрийн маргааш нь ажилдаа ирэх бөгөөд энэ журмыг зөрчвөл ажил тасалсанд тооцно.
7.12. Улаанбаатар хотын дотор явж ажиллах ажилтан дуудлагын автомашиныг Төвийн захирлын зөвшөөрлөөр хэрэглэнэ. Автомашин хэрэглэх захиалгыг нэгээс доошгүй өдрийн өмнө Төвийн захиралтай тохирсон байна. Яаралтай ажил гарсан тохиолдолд автомашинаар үйлчлэх ажлыг шуурхай зохицуулах арга хэмжээ авна. Автомашин хэрэглэсэн ажилтан замын хуудсанд цаг, явсан километрийг үнэн зөв бүртгэж, гарын үсэг зурж байна. Дуудлагын автомашины ашиглалтыг Төвийн захирал хянаж зохицуулна.
7.13. Төвийн факсын аппаратыг захирлын туслахын өрөөнд байрлуулж, зөвхөн албаны гадаад, дотоод мэдээ, материал хүлээн авах, дамжуулахад ашиглах бөгөөд захирал ажилтнуудад зөвшөөрөл олгоно. Төвийн болон захирлын нэр дээр ирсэн албан факсыг албан бичгийн адил бүртгэнэ. Факсаар дамжуулсан мэдээ бүрт хяналт тавьж, бүртгэл хөтөлж, сарын эцэст холбооны нэхэмжлэлтэй тулгаж шалгана. Гадаад улс руу телефон утсаар ярих бол захирлаас зөвшөөрөл авах бөгөөд хувийн асуудлаар ярихыг хориглоно.
Найм. Төвд гадны хүн нэвтрүүлэх, ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаазохион байгуулах болон ажлын байранд хориглох зүйл
8.1. Төвд гадны хүн нэвтрүүлэх, ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулах болон ажлын байранд энэ захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан Ажлын албаны хөдөлмөрийн дотоод журмын 7.14, 7.15, 8-д заасныг тус тус баримтална.
Ес. Хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлага
9.1. Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн, ажлын байранд болон ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэж яваа үедээ согтууруулах ундаа уусан, түүнчлэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр бүтэн нэг өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, ажлын цагийг хангалтгүй ашигласан ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дор дурдсан сахилгын шийтгэл ногдуулна:
9.1.1. сануулах;
9.1.2. үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;
9.1.3. ажлаас халах.
9.2. Ажилтны гаргасан зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдснийг харгалзан сахилгын шийтгэлийг Төвийн захирал оногдуулах бөгөөд сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэх шаардлагагүй.
9.3. Сахилгын шийтгэлийг өөрт нь болон нийт ажилтанд мэдээлнэ.
9.4. Сахилгын шийтгэл хүчинтэй байх (1 жил хүртэл) хугацаанд ажилтанд энэхүү журамд заасан шагнал, урамшил олгох, сургалтад хамруулахыг хориглоно.
9.5. Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас Хороонд эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ.
9.6. Дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад баримт бичгээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг эргүүлэн төлөөгүй, эд хариуцагч биш боловч эрхэлсэн ажилтай нь холбогдуулан хүлээлгэн өгсөн эд хогшил, техник хэрэгсэл, багаж, эд зүйлийг үрэгдүүлсэн бол түүний үнийг ажилтнаар нөхөн төлүүлнэ.