Украины дээд зөвлөлийн ээлжит бус сонгууль
Украины Дээд Зөвлөлийн ээлжит бус сонгуулийн санал хураалт 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр явагдав. Сонгуулийн өмнөх өдөр буюу 10 дугаар сарын 25-ны өдөр гадаад дахь иргэдийнхээ саналыг авч дууслаа.2014 оны 2 дугаар сарын сүүлчээр хурцадсан улс төрийн хямрал, парламентад суудалтай байсан “Европын сонгууль” хэмээх эвслээс “Эрх чөлөө” бүлэг болон “УДАР” нам гарснаар бутарч, 2004 онд баталсан Үндсэн хуулиа хамгаалах, Парламент-Ерөнхийлөгчийн хосолсон засаглалыг сэргээн тогтворжуулах, улс оронд тулгараад байгаа хурцадмал байдлыг намжааж эрс өөрчлөлт хийх нэн чухал шаардлагатай байсан нь энэхүү сонгуулийг явуулах нөхцөл болсон билээ. 8 дугаар сарын 25-ны өдөр Украины Ерөнхийлөгч Дээд Зөвлөлийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож буйгаа мэдэгдсэн.
Сонгуулийн тухай:
Энэ удаагийн ээлжит бус сонгууль хосолсон тогтолцоогоор, өөрөөр хэлбэл 50 хувь нь намын нэрийн жагсаалтаар, 50 хувь нь сонгуулийн тойргуудаас сонгогдох зарчмаар явагдав. Крым ОХУ-ын бүрэлдэхүүнд орсон, Украины хойд нутгуудад болж буй зэвсэгт мөргөлдөөний улмаас мажоритар тогтолцоогоор сонгогдох ёстой 225 төлөөлөгчөөс 198 нь сонгогдох боломжтой юм. Мөн Донецкийн 9 тойрог, Луганскийн 6 тойрог, Крым, Севастополийн 12 тойрогт сонгууль явагдаагүй.
Энэ удаагийн сонгуулийн төсвийг 957,8 сая гривенээр тогтоосон. Гадаад улсад байгаа иргэдийнхээ саналыг авах ажилд 7 сая гривень төсөвлөжээ. Сонгуульд улс төрийн 29 нам оролцлоо. Гадаадын улс орнуудад нийт 113 сонгуулийн хэсэг байгуулагдаж, тэдгээрт улс төрийн намын 63 ажилтан, 1514 хэсгийн хорооны ажилтнууд ажиллалаа.
Украины Сонгуулийн Төв Комисс 9 дүгээр сарын 29-ний өдөр саналын хуудасны загварыг баталсан бөгөөд саналын хуудас нь олон давхар нууцлалтай, онцгой хамгаалалтын дор хэвлэгджээ.
Сонгуулийн үеэр гарч болзошгүй халдлага, зөрчилөөс урьдчилан сэргийлэхээр сайн дурын батальонууд болон батлан хамгаалах, цагдаагийн анги нэгтгэлийн 82 мянган ажилтан гудамж талбайд, мөн 4 мянган тусгай бэлтгэлтэй цэрэг, цагдаагийн албан хаагчид зэвсэгт халдлага гарч болзошгүй онцгой газруудад ажилласан байна.
Сонгуулийн санал хураалт Украинд болж байгаа зэвсэгт мөргөлдөөнтэй энэ үед болж байгаа хэдий ч бүхэлдээ амжилттай явагдаж дууслаа. Европын Холбоо болон ОХУ сонгуулийг хүлээн зөвшөөрч мэдэгдэл хийсэн байна. Энэ үеэр олон тооны зөрчил, тэр тусмаа гэмт хэргийн шинжтэй олон тооны зөрчил илэрч байсан боловч сонгогчид сонгуульд идэвхтэй оролцож, сонгуулийн үйл ажиллагаа бүхэлдээ амжилттай явагдаж дууслаа хэмээн Украины Сонгуулийн Төв Комиссоос мэдэгджээ. Санал хураалтын үеэр хэрэг зөрчил, бослого мөргөлдөөнөөс сэргийлэн цагдаагийн тусгай анги хүчин өндөржүүлсэн хамгаалалт гаргаж ажилласан байна. Гэвч сонгуулийн үеэр сонгогчдын санал худалдан авах оролдого, сонгогчдын ирцийг зохиомлоор өсгөх, ажиглагчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчдийг ажиллах боломжийг хаан боогдуулах, санал авах байранд гаднаас хоосон саналын хуудас оруулах, сонгуулийн хороодын ажилтнууд болон нэр дэвшигчдэд халдах, санал авах байранд иргэдийг оруулахгүй саатуулах зэрэг хэдэн зуун хууль бус үйлдэл бүртгэгджээ.
Сонгуулийн санал хураалт дуусахад Украин улсын хэмжээнд 198 сонгуулийн тойргийн мэдээгээр сонгогчдын ирц 52,42 хувьтай байлаа.
“Украин даяар болж буй зэвсэгт мөргөлдөөнөөс болж манай улсын ард иргэд нийтээрээ сонгуульд оролцож чадаагүй хэдий ч Дээд Зөвлөлөө сонгох сонгуульд саналаа өгөх эрхээ эдлэхэд нь нөлөөлсөнгүй” хэмээн Европын хамтын ажиллагаа, аюулгүй байдлын байгууллагын Хэвлэлийн албаны дарга Дорис Барнетт мэдэгдлээ.
Сонгуулийн үр дүн:
2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Киевийн цагаар 13,00 цагийн байдлаар нийт сонгуулийн хороодын 86,51 хувийнх нь саналыг нэгтгэсэн байна. Энэ дүнгээр “Ардын фронт” нам 22,02 хувийн санал авсан дүнтэй тэргүүлж, үүний дараа одоогийн Ерөнхийлөгч Петр Порошенкогийн эвсэл 21,65 хувийн санал авчээ. Одоогийн байдлаар Парламентад суудал авах болзол ханган 5 хувийн босго давсан 6 нам байгаа юм байна.
Эх сурвалж: http://www.segodnya.ua