Танай туршлага сонгуулийг шударга, нээлттэй, ил тод болгоход тус дөхөм болно
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай К. Бактигуловаг өөрийнх нь хүсэлтээр өнөөдөр хүлээн авч уулзлаа.Монголын сонгуулийн төв байгууллагын тэргүүн Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдож улмаар итгэмжлэх жуух бичгээ барих гэж байгаатай нь холбогдуулан хатагтай К.Бактигуловад баяр хүргээд ажилд нь амжилт хүсэн ерөөв.
Тэрээр сонгуулийн байгууллагынхаа бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсний дараа сүүлийн жилүүдэд хоёр орны сонгуулийн байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж буйг онцлон тэмдэгллээ.
Хоёр орны харилцааны бүх түвшинд түүний дотор сонгуулийн байгууллагын хүрээнд харилцан айлчлал тогтмолжиж, тухайлбал Киргиз Улсын Ерөнхийлөгч асан, Засгийн газрын Тэргүүн шадар сайд, Сонгуулийн байгууллагын дарга зэрэг түвшний төлөөлөгчид Сонгуулийн Ерөнхий Хороонд зочилсөн бөгөөд, ирэх долоо хоногт Киргиз Улсын сонгуулийн байгууллагын өргөн бүрэлдэхүүнтэй шинжээчид ирнэ. Тиймээс сонгууль зохион байгуулах талаарх мэдээлэл солилцох, туршлагаасаа хуваалцахад бэлэн байна. Энэ чиглэлээр хоёр орны сонгуулийн байгууллагууд Ойлголцлын санамж бичиг байгуулахаар тохиролцсон тухайгаа Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн танилцуулав.
Элчин сайд хатагтай К.Бактигулова хариу хэлсэн үгэндээ, Монгол Улсын сүүлийн сонгуулиудыг гадаадын олон ажиглагчид ажиглаж эерэг үнэлгээ өгсөн нь бидний анхаарлыг зүй ёсоор татсан төдийгүй Киргиз Улс Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо сонгууль зохион байгуулж буй, сонгуулийн системийг боловсронгуй болгох, сонгуульд шинэ техник, технологи нэвтрүүлсэн талаар хийсэн ажил, арга туршлагыг илүү гүнзгий судлах сонирхолтой байна. Энэ бүхэн Киргиз Улсад сонгуулийг шударга, нээлттэй, ил тод болгоход тус дөхөм болгон гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.
Санал хураалтын автоматжуулсан системийг хэрхэн судалж, сонгож авсан, гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авч буй туршлага, иргэд сонгогчдын бүртгэлтэй холбоотой асуулт тавьж хариулт авахдаа, юуны өмнө сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулах ,автоматжуулсан систем нэвтрүүлэх, иргэд сонгогчдын бүртгэлийн нэгдсэн систем бий болгохыг зорьж буй учир Та бүхний санал, арга туршлагыг эдгээр ажилдаа тусгахыг хүсэж байгаагаа Элчин сайд хатагтай К.Бактигулова онцоллоо.
Энэ арга хэмжээнээс гадна өнөөдөр үдээс хойш дэлхийд нэр хүнд бүхий Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албаны өндөр, дээд хэмжээний төлөөлөгчид Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд зочилж сонгууль ажигласан ажиглалтын тайлангаа албан ёсоор гардуулах гэж байна.
2014 оны 06 дугаар сарын 17