Загвар болохуйц сонгууль болсныг тэмдэглэв

Монгол Улсын сонгуулийн шинэчлэл нь өндөр үнэлэхүйц, сонгуулиуд нь загвар болохуйц болсныг Бүгд Найрамдах Киргиз Улсын Тэргүүн шадар сайд Т.Д.Сарпашев Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнтэй өнөөдөр уулзах үеэр онцлон тэмдэглэв.

 

             Сонгуульд итгэх иргэд сонгогчдын итгэлийг бий болгосон нь Монголын сонгуулийн байгууллагын гол үр дүн юм. Тиймээс та бүхний хуримтлуулсан өвөрмөц  туршлагыг  ихэд сонирхож байгаа бөгөөд шинжээчдийн түвшинд тогтмол харилцах хүсэлтийг нь хүлээж авна гэдэгт итгэлтэй байгаагаа тэрээр илэрхийллээ.

 

            Ноён Т.Д.Сарпашев Киргиз Улсын Тэргүүн шадар сайдын  хувьд сонгуулийн байгууллага түүний дотор 2015 онд болох Парламентын сонгуульд сонгуулийн шинэ техник, технологи нэвтрүүлэх асуудлыг хариуцаж байгаа ажээ.

 

            Иймд Монгол Улс дахь сонгуулийн шинэчлэлийн явц, үр дүн, сонгууль зохион байгуулж буй арга туршлага, ялангуяа сонгуульд дэвшилттэй техник, технологийг хэрхэн сонгож, богино хугацаанд амжилттай нэвтрүүлсэн байдал, сонгуулийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны  зарчим, сонгуулийн эрх зүйн орчин, сонгуульд учирсан, учирч болохуйц хүндрэл бэрхшээл зэрэг өргөн хүрээний асуудал түүний сонирхолыг татаж байв.

 

            Киргиз Улсын Тэргүүн шадар сайдыг дагалдаж буй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус улсын Сонгууль, бүх нийтийн санал асуулгын Ерөнхий Хорооны гишүүн, Засгийн газрын дэргэдэх Улсын бүртгэлийн албаны төлөөлөл орсон нь санамсаргүй хэрэг огт биш ажээ.

 

            Бүгд Найрамдах Киргиз Улсад 2015 онд Парламентын, 2016 онд орон нутгийн, 2017 онд Ерөнхийлөгчийн сонгууль тус тус болох тул Тэргүүн шадар сайдаар ахлуулсан төлөөлөгчид Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд  тухайлан зочилж сонгуулийн асуудалд багагүй цаг зарцуулав гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

 

                                                 2014 оны 6 дугаар сарын 9