ЭМГЭНЭЛ
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүн Ганбаатарын Гэрэлт-Од нь 2014 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж хүнд гарз тохиолдлоо.
Г.Гэрэлт-Од нь 1963 онд Улаанбаатар хотын 1 дүгээр төрөх газар төржээ.
Тэрбээр 1987 онд ОХУ-ын Ростовын Улсын Их Сургуулийг, 1995 онд Япон Улсын Сейкей Их Сургуулийг тус тус дүүргэж, 1997 онд Япон Улсын Сейкей Их Сургуульд эдийн засгийн удирдахуйн ухааны магистр, 2000 онд эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан байна.
Талийгаач нь 1987-1993 онд МУИС-ийн Эдийн засгийн факультетад багш, 1993-2000 онд МУИС-ийн Эдийн засгийн факультетад аспирант, 2000-2004 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх, 2005-2008 онд Үндэсний Статистикийн Газрын дэд дарга, 2008 оноос Үндэсний Статистикийн Хорооны дэд дарга, Тэргүүн дэд даргаар, 2012 оноос Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүнээр томилогдон ажиллаж байв.
Г.Гэрэлт-Од нь Монгол Улсын сонгуулийн хууль тогтоомж, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох, Монгол Улсын Их Хурлын, Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Орон нутгийн Хурлын удаа дараагийн сонгуулийг зохион байгуулах хариуцлагатай ажилд идэвх зүтгэл гарган ажиллаж байсан юм.
Түүний хөдөлмөр зүтгэлийг Төр засгаас өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одонгоор шагнажээ.
Талийгаачийн эгэл даруу, хүнлэг, шулуун шударга, хариуцлагатай зан чанар нь бидний сэтгэл зүрхэнд мөнхөд орших болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөдөд гүн эмгэнэл илэрхийлье.
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО