Олон Улсын сонгуулийн ажиглагчдын сургалтад хамрагдав
Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Ардчилсан институц, хүний эрхийн алба энэ оны 3 дугаар сарын 4-нөөс 6-нд Албани улсын Тирана хотноо сонгуулийн богино хугацааны ажиглагчдад зориулсан сургалтыг зохион байгууллаа.
Ардчилсан институц, хүний эрхийн алба аливаа сургалт, семинарт тухайн улсын төрийн байгууллага болон ТББ-аас төлөөлөл оролцуулдаг журамтай бөгөөд тус сургалтад Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо болон ТББ-ын тус бүр 1 хүний төлөөллийг сонгож, сургалтад хамрууллаа.
Энэхүү сургалтад Албани, Армени, Азербажани, Беларус, Босни Герцеговани, Хроват, Македонийн бүгд найрамдах Югослав, Гүрж, Казакстан, Киргизстан, Молдав, Монгол, Монтенегро, Серби, Тажикстан, Туркменистан, Украйн, Узбекстан зэрэг нийт 18 улсын төрийн болон төрийн бус байгууллагыг төлөөлж 36 хүн оролцлоо.
Энэ сургалтаар аливаа улсын сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар томилогдсон олон улсын ажиглагч сонгуулийг богино хугацаанд хэрхэн үр дүнтэй ажиглах, ажиглагчаар томилсон байгууллагадаа ажиглалтын тайлангаа ямар шалгуураар гаргаж өгөх, ажиглалтын явцын талаарх мэдээлэл солилцох, харилцан хамтран ажиллах журам болон сонгууль зохион байгуулагч улсын сонгуулийн төв, орон нутгийн байгууллагаас мэдээлэл авах, сонгуулийн үйл явдлын талаарх мэдээллийг холбогдох эх сурвалжаас авч хэрхэн анализ хийх, сонгуулийн богино хугацааны ажиглагчийн үйл ажиллагаандаа баримтлах ёс зүйн хэм хэмжээ зэрэг ойлголтуудыг зааж, сургалтад оролцогчдод сертификат олгосон болно.
ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн алба уг сургалтыг жил бүр зохион байгуулдаг бөгөөд Монгол Улсын төлөөлөгчдийг 2 дахь удаагаа оролцуулж байгаа юм байна. Цаашид ЕАБХАБ олон улсын сонгуулийн үйл ажиллагаанд Монгол Улсаас ажиглагч томилон оролцуулах боломтой юм.