МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ

         Австрийн Вена хотноо 10 сарын 17-нд болсон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Байнгын зөвлөлийн 967 дугаар хуралдаанаар 2013 оны 6 дугаар сарын 26-нд болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажигласан тус байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн алба /АИХЭА/-наас томилогдсон сонгууль ажиглах хорооны эцсийн тайланг хэлэлцэв. Тайлантай холбогдуулан Монгол Улсын төлөөлөгч Элчин сайд Г.Батжаргал үг хэлэв. Үүний хариуд АНУ, санаа нэгт орнуудын бүлгийг төлөөлж Швейцар Улсын төлөөлөгчид тус тус үг хэлсэн байна.

АНУ-ын Байнгын төлөөлөгч Даниел Баэр хэлсэн үгэндээ энэ удаагийн сонгуулийн ирц өндөр, ямарваа нэгэн будлиан, маргаангуй, шударга болсон нь Монгол Улс чөлөөт, шударга сонгууль явуулах ардчиллын зарчмыг үргэлжлүүлэн хөгжүүлж буйн тод илрэл гэж тэмдэглэв. 

Швейцарийн Байнгын төлөөлөгч Томас Гремингер, “Санаа нэг орнуудын бүлэг” болох Канад, Исланд, Норвеги, Лихтенштейн Улсыг төлөөлөн хэлсэн үгэндээ Ерөнхийлөгчийн сонгуулийг амжилттай зохион байгуулсан МонголУлсад баяр хүргэж, өнгөрсөн жил ЕАБХАБ-д нэгдсэн энэ шинэ улс байгууллагын өмнө хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж байгаагийн нэг илрэл нь энэ удаагийн сонгууль ил тод, шударга уур амьсгалд болсон явдал бөгөөд үүнийг АИХЭА-ны тайлан баталгаажуулсан гэдгийг тэмдэглэв.

Тайлан илтгэлд АИХЭА-аас томилогдсон ажиглагч нарт итгэмжлэл олгон хамтран ажилласан Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд талархал илэрхийлээд тайландтусгагдсан зөвлөмжүүдийг нарийвчлан бүрэн гүйцэд хэрэгжүүлэхэд Монгол Улс АИХЭА-наас зохих дэмжлэг авч, үргэлжлүүлэн хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэж тэмдэглэсэн байна.