Дэлхийн 140 орны төлөөлөгчид Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоог байгуулав
Тус Холбоо нь дэлхий нийтэд ардчиллыг хөгжүүлэх, олон улсын сонгуулийн удирдах байгууллагуудын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, сонгуульд ажиллагсдын чадавхийг нэмэгдүүлэх зорилготой ажээ.
Дэлхийн 140 орны сонгуулийн байгууллагын төлөөлөгчид, олон улсын сонгуулийн шинжээчид, бүс нутгийн сонгуулийн болон иргэний нийгмийн сүлжээнүүд, судлаач эрдэмтэд оролцсон энэ нэр хүндтэй арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлж Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн оролцов.
Монголын Сонгуулийн төв байгууллагын тэргүүн тусгай хөтөлбөрийн дагуу БНСУ-ын Сонгуулийн Үндэсний комиссын дарга, ноён Лий Ин-Буукийн урилгаар тус улсад айлчиллаа. Айлчлалын хүрээнд тэрээр БНСУ-ын Сонгуулийн Үндэсний комиссын дарга ноён Лий Ин-Бууктэй ажил хэргийн уулзалт хийж, хоёр орны сонгуулийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Хоёр тал сонгуулийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн үед эрчимтэй хөгжиж буйд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд энэхүү хамтын ажиллагааг Монгол Улс, БНСУ-ын Сонгуулийн төв байгууллагын хооронд байгуулсан Санамж бичгийн үзэл санааны дагуу улам хөгжүүлэхийн төлөө байна гэдгээ мэдэгдлээ.
Уулзалтын үеэр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн БНСУ-ын Сонгуулийн Үндэсний Комиссын дарга ноён Лий Ин-Буукийг ирэх онд Монгол Улсад айлчлахыг урьсан бөгөөд урилгыг тэрээр талархан хүлээн авав.