Эрдэм шинжилгээний бага хурал боллоо
“Монгол Улс дахь Үндсэн хуулийн процессийн тулгамдсан асуудал: хууль тогтоох сонгуулийн болон төсвийн процесс” сэдэв эрдэм шинжилгээний бага хурал 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд амжилттай болж өнгөрлөө.Уг бага хурлыг Сонгуулийн Ерөнхий Хороо, ШУА-ын Философи, социологи, эдийн засгийн хүрээлэн, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийн харъяа Билиг дээд сургууль хамтран зохион байгуулсан юм.
Бага хурлыг нээж Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанжаргал хэлсэн үгэндээ: “Өнөөдрийн эрдэм шинжилгээний бага хурал улс орны амьдралын үндсийн үндэс болсон хууль тогтоох процесс, ардчиллын гол цөм болсон сонгуулийн процесс, ард иргэд, цаашлаад улс орны эдийн засгийн хөгжлийн тулгуур болох төсвийн процессын асуудалд анхаарлаа хандуулж, эдгээр асуудлын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжил, хандлага, анхаарах асуудлын талаар 20 гаруй илтгэл тавигдах юм.
Бага хурлын илтгэлүүдийн хүрээнд эдгээр асуудлыг дагнан судалж мэргэшсэн эрдэмтэн судлаачид, хуульч мэргэжилтнүүд, ажил хэргийн хүмүүс зэрэг өргөн бүрэлдэхүүн оролцсон энэ удаагийн бага хурал Монгол улсын хууль тогтоох, сонгуулийн болон төсвийн процессын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, тулгамдсан чухал асуудлуудыг шинжлэх ухааны онол, олон улсын жишиг болон Монгол орны өвөрмөц онцлогтой уялдуулан холбож бүх талаас нь нухацтай тунгаан хэлэлцэнэ гэдэгт найдаж байна.” гэж тэмдэглэв.