Оросын 32 ажиглагч ирсэн нь автоматжуулсан системийг нэвтрүүлсэнтэй холбоотой аж

Энэ оны намар Австрийн Вена хотод болох Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хурлаар сонгуульд автоматжуулсан систем ашиглаж буй талаарх харьцуулсан судалгаа илтгэлүүдийг хэлэлцэхээр товлосон байх бөгөөд үүнд монголын энэ талын мэдээлэл, туршлага нь ихээхэн сонирхол татах болно. Чухамхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн явцыг ажиглах хүрээнд сонгуульд ашиглаж буй санал хураалтын автоматжуулсан системийн ажиллагаа, ашиглалт сонирхолыг нь ихэд татаж байна гэдгээ ОХУ-ын Сонгуулийн Төв Комиссын дарга В.Е.Чуров Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнтэй уулзах үеэр онцлон тэмдэглэв.

Сонгуулийн бүхий л үйл явцыг автоматжуулсан системгүйгээр төсөөлөхийн аргагүй болжээ. Тиймээс ОХУ-ын Сонгуулийн Төв Комиссоос төдийгүй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын бүрэлдэхүүнд багтаж, бас Монгол  Улс дахь Элчин сайдын яамны гээд нийт  манай 32 ажиглагч  ирж, танай арга туршлагыг маш анхааралтай  сонирхон ажиглах гэж байна  гэдгээ тэрээр илэрхийллээ.  Үүний зэрэгцээ гадаадад байгаа  иргэдийнхээ саналыг анх удаа авсан нь түүний сонирхолыг  ихэд татаж байв. Гадаадын олон оронд ажиллаж, амьдарч  буй олон сая орос иргэдийнхээ зөвхөн 400 мянга гаруй буюу 10  гаруй хувийнх нь  саналыг  авч байна. Бусад орны байдал мөн ийм байх төдий бөгөөд ер нь гадаадад байгаа иргэдийнхээ санал авах ажиллагаа  зардал их  шаарддаг гэдгийг  тэрээр энэ далимд  хэллээ.

           

Монголын сонгуулийн байгууллагын үйл ажиллагаа  нээлттэй, ил тод байгааг ОХУ-ын Сонгуулийн Төв Комиссын дарга тэмдэглээд зарим оронд сонгуулийн хэсгийн хороонд гадаадын  ажиглагч ажиглах байтугай орох эрхгүй байдгийг дурдлаа.

Тэрээр ярианыхаа төгсгөлд, сонгогчдынхоо эрх ашгийн төлөө сонгуулийг  улам боловсронгуй болгох нь бидний эрхэм үүрэг, хамтын ажиллагааны зорилго хэмээн үзэж байна гээд 2016 онд болох ОХУ-ын  Парламентын сонгуульд, түүнээс өмнө  энэ  онд  ОХУ-ын Буриад Улсад болох бүс нутгийн сонгуульд Монголын сонгуулийн төв байгууллагын төлөөлөгчдийг  ажиглагчаар урьж байна гэлээ.

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн  Ерөнхийлөгчийн сонгуулийн онцлог  түүний бэлтгэл ажлын явц ялангуяа сонгуульд автоматжуулсан системийг хэрхэн  ашиглаж буй  талаар  зочдод танилцуулав.  2009 онд Ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар манай хоёр орны сонгуулийн байгууллагын хамтын ажиллагаа  улам идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа  тэрээр илэрхийллээ.

           

Уулзалтын төгсгөлд , хоёр улсын сонгуулийн байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ОХУ-ын Сонгуулийн Төв комиссын дарга В.Е.Чуровт Монголын Сонгуулийн байгууллагын тэргүүний ажилтан хүндэт тэмдгийг гардууллаа. Тэрээр уг шагналыг хүлээн авч хэлсэн үгэндээ, миний өвөө   Монгол улсын тусгаар тогтнолын төлөө байлдаж, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж байсан. Манай гэр бүлээс миний бие энэхүү  монголын шагнал авч буй хоёр дахь хүн нь болсондоо баяртай байна гэлээ.

Оросын Холбооны Улсын Сонгуулийн төв Комиссын дарга В.Е.Чуров тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнгийн урилгаар  Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар хүрэлцэн ирсэн юм.