Сонгуулийн үйл явцын 99 хувь нь эерэг байлаа гэж гадаадын ажиглагчид дүгнэв

Сонгуулийн өдөр сонгогчид саналаа чөлөөтэй өгч байсан ба ажиглалт    явуулсан 99 хувийн тохиолдолд сонгуулийн үйл явц эерэг байлаа”  гэсэн дүгнэлтийг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн Газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах багийн удирдагч, Элчин сайд хатагтай Одрий Гловер хийжээ.

“Мөн сурталчилгааны өрсөлдөөнт уур амьсгалд явагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль нь үндсэн эрх, эрх чөлөөг дээдэлсэн байдалтайгаар явагдлаа. Сонгуулийн сурталчилгаа үндсэн эрхүүдийг хүндэтгэсэн орчинд өрнөсөн нь үзэл бодлоо илэрхийлэх  эрхийг хууль, эрх зүйн зохицуулалтаар бүрэн хангасантай холбоотой юм”  гэсэн дүгнэлтээ сонгууль ажиглах олон улсын баг нийтэд мэдэгдсэн байна.

“Энэхүү сонгууль нь шинэчлэн сайжруулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу зохион байгуулагдав. Хэдий тийм ч тодорхой бус зүйл заалт, орхигдуулсан зохицуулалт ихтэй байгаа нь хуулийг нэг мөр тайлбарлах, хэрэгжүүлэхэд бэрхшээл учруулж байсан”-ыг  тэд мэдэгдэлдээ цохон тэмдэглэсэн байна.
Европын  аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын  Ардчилсан институц, хүнийн эрхийн Газрын ажиглагчдын багийн  удирдагч, Элчин сайд хатагтай Одрий Гловер Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнтэй уулзах үеэр  “ажиглалтынхаа эцсийн илтгэлээ удахгүй гаргана. Тэрхүү илтгэлд монголын сонгуулийн системийг улам боловсронгуй болгох зөвлөмжүүдийг тусгах бөгөөд тэдгээрийг хэрэгжүүлэхэд техникийн туслалцаа үзүүлэхэд бэлэн байна” гэдгээ мэдэгдлээ.