Сонгуулийн бэлтгэл ажлаар цахим хурал хийв


Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүд оролцсон цахим шууд хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Түүгээр Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа, тулгамдууд буй асуудал тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцав.

           

Цахим хуралд оролцсон Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн хэлсэн үгэндээ, сонгуулийн бэлтгэл ажил  үндсэндээ хангагдаж  улмаар дуусах шатандаа орсныг тэмдэглээд, сонгуультай холбоотой хууль, дүрэм, заавар, журмыг сайтар судалж нэг мөр ойлгож хэрэгжүүлэх нь чухал байна гэлээ.

           

Анхаарвал зохих олон асуудал байгаагийн дотор, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажлын бэлтгэлийг сайтар хангаж ялангуяа  хэсгийн хороод  зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналыг нь авах сонгогчдын нэрийн жагсаалт, санал авах чиглэл, хуваарийг гаргаж хуралдаанаараа хэлэлцэн батлах, санал авах ажиллагааны эхэнд тухайн хэсэгт зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн сонгогчдын тоог мэдээлж хайрцгийг нээн  саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж уншуулах ёстойг  тэрээр анхаарууллаа.

           

Мөн  зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргаж бүртгэлийн хэлтэст нэн яаралтай гаргаж өгөхийг  сонгуулийн хороодын дарга нарт үүрэг болгов.

           

Үүнээс гадна сонгогч санал өгөхөөр санал авах байранд очихдоо, зөвхөн иргэний үнэмлэхээр санал өгөх бөгөөд өөр бичиг баримт  тэднээс шаардахгүй гэдэгт цахим хуралд оролцогсдын анхаарлыг хандуулаад саналын хуудас нь хавтастай байх, харааны бэрхшээлтэй сонгогчдод саналаа өгөхөд зориулсан  саналын хуудсыг унших, саналаа тэмдэглэх тусгай зориулалтын брайль үсэг бүхий хавтас, бүхээг санал авах байр бүрд байх, санал авах байр нь тэргэнцэртэй сонгогч орох боломжоор хангагдсан байхыг  Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга  санууллаа.

           

Тэрээр цааш нь, энэ удаагийн сонгуульд өмнөх сонгуулиудаас 10 дахин их  гадаадын ажиглагчид   ирж байгааг  дурдаад гадаадын болон дотоодын ажиглагчдад  сонгуулийн явцыг ажиглах нөхцөл бололцоогоор хангахыг чухалчиллаа.

           

Мөн хэсгийн хороод санал тоолох төхөөрөмжөөс санал хураалтын дүнг хэвлэж авсны дараа  дүн мэдээгээ Сонгуулийн Ерөнхий Хороонд  нэн даруй  дамжуулах үүрэгтэйг  онцлон тэмдэглэхийн сацуу сонгуулийн бэлтгэл ажлыг хангахад бүх шатны Засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн Хуралтай  хамтран ажиллах, тэднээс туслалцаа дэмжлэг авах, сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцуулахад анхаарч ажиллах талаар  Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга ярив.

 

Цахим хуралд оролцсон  сонгуулийн хороодын дарга нар сонгуулийн бэлтгэл ажил хангагдсан талаар мэдээлээд, алслагдсан зарим  сонгуулийн хэсгийн хороо болон зэвсэгт хүчин, хилийн цэргийн  салбар ангиас зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, зарим газар үер усны гамшигтай байгаа, гоц халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон зэргээс шалтгаалан илүү зардал, арга хэмжээ авах зэрэгтэй холбоотой  тээврийн  нэмэлт зардал гарахаар байгаа, сонгуулийн хороодод ажиллаж буй албан хаагчдыг урамшуулах, сонгогчдын бүртгэлтэй холбоотой зэрэг асуудлаар тайлбар, тодруулга авлаа.

Цахим хуралд Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын удирдлага оролцож мэдээлэл хийж, асуултад хариу өгөв