Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнуудад зориулан Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын явцын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн сонгуулийн бэлтгэл ажл

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн санал авах ажил 6 дугаар сарын 26-ны Лхагва гаригт улс орон даяар 7-22 цагийн хооронд явагдана.

Энэ удаагийн сонгуулийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий аймаг, нийслэлийн сонгуулийн 22 хороо, сум, дүүргийн 339 хороо, хэсгийн 1896 хороо байгуулагдаж, тэдгээрт төрийн жинхэнэ болон үйлчилгээний нийт 15863 албан хаагч ажиллаж сонгуулийн бэлтгэлийг хангаж байгааг дурдлаа.

Мөн тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг автоматжуулсан системээр зохион байгуулж явуулах бэлтгэл ажлын талаар ярихдаа,  аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны дэргэд нийт 146 хүний бүрэлдэхүүнтэй Мэдээллийн технологийн 31 баг, 1896 хэсгийн хороонд мэдээллийн технологийн 2271 даамал, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн 2503 ажилтан сонгуулийн техник хэрэгслийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахаар бэлтгэгдсэн байгаа. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн 1896 хэсэгт ашиглагдах 2500 ширхэг санал тоолох төхөөрөмжийг Ажлын хэсэг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээжүүлж дууслаа. Өнөөдрийн байдлаар аймгийн сонгуулийн хороодод хүргүүлээд байна. Энэ сарын 21-ний өдөр санал тоолох төхөөрөмжийг шалган турших хүрээнд бүх хэсгийн хороод дээр туршилтын санал хураалт явуулах гэж байгаа тухай мэдээлэв.

 

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн цааш нь, УБЕГ-аас 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гаргасан судалгаагаар Монгол Улсын сонгуулийн насны 1.856.190 сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээд байна. Сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх, нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлыг улсын хэмжээнд Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /УБЕГ/ бие даан зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллаж байгааг цохон тэмдэглэв.

Гадаад улсад ажиллаж амьдарч байгаа иргэдийн санал авах ажлыг 6 дугаар сарын 14, 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулж явуулсан талаар тэрээр мэдээлэхдээ, Хилийн чанд дахь 39 Дипломат төлөөлөгчийн газарт нийт 169 хүний бүрэлдэхүүнтэй сонгуулийн 39 салбар комисс байгуулагдан ажилласан бөгөөд гадаад улсад амьдарч буй саналаа өгөхөөр бүртгүүлсэн 6233 иргэнээс 4248 иргэн буюу 68.2 хувь нь саналаа өгсөн тухай танилцуулав.

Энэ удаагийн сонгуулийг гадаадын ажиглагчид ихэд сонирхож байгааг  Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга дурдаад, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгуулагаас урт болон богино хугацааны ажиглагчдыг баг томилогдон ажиллаж байна. ОХУ, АНУ, Швед, Канад, ХБНГУ, БНСУ, Киргиз, БНУУ, Австрали, БНФУ, БНБУ, Дани, Норвеги, Швейцар зэрэг 34 улс орноос болон Олон улсын байгууллагаас 335 ажиглагч Сонгуулийн Ерөнхий Хороонд бүртгүүлж, ажиглагчийн үнэмлэх аваад байгааг тэмдэглэв.

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос зохион байгуулсан энэ арга хэмжээнд Улсын бүртгэлийн Ерөнхий газар болон  Гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах комиссын удирдлага оролцож мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.