166 мянган иргэн мэдээллээ шалгажээ
Улсын бүртгэлийн ерөнхий газраас өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдөр буюу сонгуулийн тухай хуульд заасны дагуу насанд хүрсэн нийт иргэдийн сонгогчдын нэрийн жагсаалтыг хуулийн хугацаанд өөрийн байгууллагын www.burtgel.mn цахим хуудаст байршуулсан билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар уг сайтаар 166074 иргэн хандалт хийж өөрийн мэдээллээ шалгаад байна.
Иргэн Та Улсын бүртгэлийн ерөнхий газрын дээрх цахим хаягаар орж нүүрэн хэсэгт байрлах “Ерөнхийлөгчийн сонгууль 2013” цонхны “ЭНД дарна уу” гэсэн хэсгийг дарж, нэвтрэн, регистрийн дугаараа оруулж зөвхөн өөрт хамааралтай мэдээлэлтэй танилцаж, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгана уу. Хэрэв таны мэдээлэл бүртгэгдээгүй юмуу зөрчилтэй байвал зөрчлийг арилгуулах талаар өөрийн оршин суугаа харъяа сум, дүүргийнхээ иргэний бүртгэлийн тасагт хүсэлтээ гаргах боломжтой. Мөн та Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу өөрийн болон өөрийн гэр бүлийн аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртэгдсэн байвал өөрийн болон гэр бүлийн гишүүдийн нэрийн өмнөөс санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагад бичгээр гомдол гаргах эрхтэй. Энэ талаар улсын бүртгэлийн нэгдсэн лавлах 1890 утсанд холбогдож өөрт хэрэгтэй зөвлөгөө, мэдээллийг авч болно.
ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДААС СОНГУУЛИЙН НАСНЫ ИРГЭДИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХУУЛИЙН ХУГАЦААНД ИРҮҮЛЭВ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуулийн 20.6 дах хэсэгт заасны дагуу эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, санал авах өдөр хорих газарт ял эдэлж байх, 60 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар гадаад улсад зорчсон, санал авах өдөр хилийн цэргийн харьяа тусгай анги, салбар болон зэвсэгт хүчний анги нэгтгэлд алба хааж байгаа боловч тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй сонгогчдын мэдээллийг УДШ, ШШГЕГ, ХХЕГ, БХЯ тавдугаар сарын 15-ны дотор тус газарт ирүүлэхээр заасны дагуу ирүүлээд байгаа бөгөөд одоогийн байдлаар улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санд тулган нягтлах ажлыг хийж байна гэж Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.