Сонгуулийн Ерөнхий Хороо нэр дэвшигчдийг бүртгэсэн тухай шийдвэр гаргалаа
Ийнхүү нэр дэвшүүлсэн намууд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн тухай намын шийдвэр, тэмдэглэл, нэр дэвшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөл, нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг, өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг, эрх бүхий байгууллагын тодорхойлолт, ялгүй болохыг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт, сонгуулийн мөрийн хөтөлбөр, төрсний гэрчилгээ, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан тухай сум, хорооны Засаг даргын тодорхойлолт, нэр дэвшигчийн эцэг, эхийг нь Монгол Улсын харьяат болохыг нотлох иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичиг, эмнэлгийн дүгнэлт, нэр дэвшигчийн намтар, намын дүрэм зэрэг өөрсдийн намын нэр дэвшигчтэй холбоотой баримт бичгийг бүрдүүлж Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэн өгсөн билээ.
Сонгуулийн Ерөнхий Хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэхийг тэдэнд ирэх Лхагва гарагт олгоно.
Мөн өдрийн Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ажиллах аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хороодын дэргэдэх мэдээллийн технологийн багийн бүрэлдэхүүнийг баталлаа. Мэдээллийн технологийн нийт 31 багт 146 хүн ажиллахаар байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцсэн Сонгуулийн Ерөнхий Хорооны өнөөдрийн хуралдааны явцыг анх удаа гадаадын ажиглагчид биечлэн ажиглав. Тэд Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар хүрэлцэн ирсэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын ажиглагчдыг төлөөлж буй бөгөөд тус байгууллагын 30-300 ажиглагчид богино буюу урт хугацаагаар ирж сонгууль ажиглана гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.