ХБНГУ-ын Ландтагийн парламентын аюулгүй байдлын хяналтын хорооны дарга, доктор Манфред Вайсс тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлага ХБНГУ-ын Бавари мужын Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн сайд асан, Ландтагийн парламентын аюулгүй байдлын хяналтын хорооны дарга, доктор Манфред Вайсс тэргүүтэй Бавари мужийн Ландтагийн Үндсэн хуулийн хяналтын хорооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтад СЕХ-ны удирдлагаас гадна ХБНГУ-ын ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга Вольф-Георг фон Богуславски нар байлцав.

Ноён Манфред Вайсс хэлэхдээ “Бид олон жил Монгол Улсын хөгжлийг ажиглаж ирсэн. Шилжилтийн эхэн үе болох 2000 онд анх Монголд ирсэн. Тэр үед би Хууль зүйн сайдаар ажиллаж байсан юм. Их зүйл өөрчлөгдсөнийг анзаарлаа. Та бүхэнтэй уулзаж Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл авах гэсэн юм. Ийм том нутаг дэвсгэртэй улсын сонгуулийг яаж зохион байгуулдаг нь их сонирхолтой байдаг.” гэснээр уулзалтаа эхлүүлсэн юм.

 

 

Бавари муж Улсын Ландтагийн Аюулгүй байдлын хяналтын хорооны дарга, доктор Манфред Вайсс сонгуульд тохиолддог гол бэрхшээл, хурууны хээгээр бүртгэдэг систем, гадаадад байгаа иргэдийн санал авах үйл явц, иргэний ухаалаг үнэмлэх, иргэд саналаа шуудангаар өгч болох эсэх, бүх нийтийн санал асуулга болж байсан эсэх зэрэг өргөн хүрээтэй асуулт асууж тодорхой хариулт авав.

Уулзалтын дараа сонгогчийн санал авах, тоолох төхөөрөмжийн ажиллагаатай танилцлаа.