Хяналтын тооллогын дүн автомат төхөөрөмжийн дүнтэй тохиров
УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн хороо энэ сарын 14-ний өдөр болсон дахин санал хураалтын дүнгийн тухай шийдвэр, түүний хамт санал хураалтын дүнгийн тайлан, дүнг хэлэлцсэн хуралдааны шийдвэр зэрэг баримт материалыг Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэн өгсөн билээ.Тэдгээрээс гадна тус тойргийн 42, 61 дүгээр хэсгүүдэд хуульд заасны дагуу хяналтын тооллого хийж, хяналтын тооллого хийсэн дүнгийн тухай протоколыг Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлжээ.
Хяналтын тооллого хийхэд тойргийн болон хэсгийн хорооны гишүүд, мэдээллийн технологийн даамал, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, цагдаагийн ажилтан, намуудын ажиглагч нарыг байлцуулан хийсэн байна.
Протоколд гараар тоолсон хяналтын тооллогын дүн нь санал авах, дүн гаргах автомат төхөөрөмжийн дүнтэй тохирсон болохыг тэмдэглэсэн байна гэж Сонгуулийн Ерөнхий Хорооны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.